"Малчдын" гэсэн тодотголтой цагаан сар маань монгол түмний үндэсний нэгэн баяр билээ. Цагаан сараар монгол хүн эдийнхээ дээдийг өмсч, идээнийхээ дээдийг сөгнөж, гэр орноо цэвэрлэж, амьтан ах дүүтэйгээ золгож, шинэ ондоо сайн сайхан байхыг дор бүрдээ мэрийж баярлана. Хэвийн боов, банш бууз хийх, амьтан хүний гар дээр тавих бэлэг сэлт бэлтгэх гээд хэрдээ таарсан ажилд дарагдаж, баярын уур амьсгал ороод, нэг л сэтгэл өег болдог билээ. Хүний нутаг, гүний хошуунд амьдрал хөөж яваа бид ч гэсэн найз нөхдийн хүрээнд сүүлийн арваад жил ийм байдалтай, болж бүтэхээрээ чармайж, цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Харин сүүлийн таван жил Ажаа гэгээнээр цагаан сарын буяны ерөөл молом уншуулж, Гэгээний төв дээр цугласан хүмүүс хоорондоо золгож ирэв. Өнгөрсөн жил Монголчуудын холбооны санаа сэтгэл нийлсэн хэсэг нөхөд буяны хурлын дараа үр хүүхэд дээрээ ирсэн настан буурлуудаа цуглуулж цайллага хийгээд гарын бэлэг өгч, баярын магнайг нь тэнийлгэсэн юм. Олон сайхан хүний сэтгэлд хүрч чадсан энэхүү арга хэмжээгээ жил бүр уламжлал болгохыг бид бас зорьсон юм. Өгөөмөр сэтгэл гаргаж цайллага хийснээрээ бид сэтгэлийн тэнхээ нэмж, настангуудаа байрлуулж чадсан юм. Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог арван айл хоорондоо ярилцаж тохироод, цагаан сарын баярын бэлтгэл болох хэвийн боов, банш буузаа цугтаа хийхээр Ажаа гэгээний төв дээр энэ хагас өдрийн өглөө цуглаж, нэлээд хөгжөөнтэй нэг өдрийг өнгөрүүлэв. Хамтдаа бууз чимхэж, бэмбэ нухаж, боов чанан сэтгэлийн сайхан дурсамж үлдээсэн найз нөхдөдөө баярлалаа. Уншигч та ч гэсэн ах дүү, найз нөхдийнхөө хүрээнд цагаан сардаа сайн бэлтгэж, сайхан шинэлээрэй. Хүссэн хүн бүхэн Ажаа гэгээнээр цагаан сарын буяны ерөөлд ирээрэй, хаалга үүд маань нээлттэй шүү. Хэрвээ настан буурлуудаа хамтадаа баярлуулья гэвэл бидэнд эртхэн хандаарай. Хүнийхээ тоогоороо бэлгээ бэлтгэх юм аа. Настан баярлуулах энэхүү үйлсийг даган баясах өглөгийн эзэн болох хүсэлтэй хүн байваас бидэнд бас хандаарай. Одоогийн байдлаар Воолнат Грийкийн Түвшин, Загдсүрэн нар 60 доллар хандивлаад байна. Цагаан сарын тодорхой зарыг Замдаан сэтгүүлийн вэб хуудаснаас (www.zamdaan.com) уншаарай.
2007.2.3
2 comments:
Ta sar shinedee saihan shineleerei
Za bayarlalaa, sar shinedee saihan shinelj, shine ondoo amjilt buteeleer arvin duuren yavah boltugai.
Post a Comment