Thursday, January 8, 2009

Оакландын жагсагчдын уур хилэн



Өчигдөр орой ажлаас тарж ирээд амрах зуураа зурагт асаатал бараг бүх сувгаар Оакланд хотын төвийн метроны буудал хавиар хийж буй эмх замбараагүй жагсаал, цагдаагийн олон машины гялалзах гэрэл, бүрэн зэвсэгтэй цагдаа нарын хамгаалалтын жагсаал, энд тэнд машин шатааж, дээр нь дэвсэлж эвдэж байгаа жагсагчдын дүр зураг, хогийн саванд хүртэл гал тавьж байгаа балмад ажиллагаа, нэг давхарын цонхуудыг хага цохиж буй жагсагчдын эмх замбараагүй байдал шууд гарч байв. Хичнээн баривчлаад, нулимас асгуурагч хий ашиглаад ч, хотын дарга учирлан үг хэлээд ч галдан шатааж, эвдэн сүйтгэх ажиллагааг зогсоож чадахгүй байгааг хараад өөрийн эрхгүй 7 сарын 1-нд Монголд болсон үйл явдлын дүр зураг сэтгэлд буув. Жагсагчид голдуу харуудаас бүрдсэн боловч тэнд хар цагаан, латино, ази зүсэн бүрийн хүмүүс байлаа. Хэргийн гол шалтгаан нь оны эхний өдөр метроны буудал дээр хар, латиногийн эрлийз хэдэн залууг цагдаа нар саатуулан шалгаж, Оскар Грантыг гавлаад сөхрүүлэн суулгаж, байгаад араас нь буудаж хөнөөсөнд оршино. “Хий буудахад сум нь газар ойгоод эргэж халтираад түүнд туссан” гэж одоо тайлбарлаад байгаа. Ямар ч байсан ингэж буудах аргыг дэлхийн I, II дайны үед цаазаар авахад хэрэглэж байжээ. Уг үйлдлийг газар дээр нь гар утасны камераар бичиж, Юутюб дээр тавьснаас хойш мэдээллийн хэрэгслэлээр нийтэд цацагдсан юм байна. Хэргийг метро сүлжээний удирдах байгуулга авч хэлэлцэх гэтэл тэр 22 настай залууг хөнөөсөн цагаан арьстан цагдаа өмгөөлөгчийн тусламжтайгаар ажлаасаа халагдах өргөдөл өгөөд байцаалтанд дуудсан цагт нь очоогүй байна. Энэ байдал хэргийг шүүх ажиллагааг хүндрүүлсэн тул тодорхой арга хэмжээ шуурай авалгүй цаг алдаж назгайрсaн нь олон хүний уур хилэнг бадрааж, тэдний жагсаал эцэс сүүлдээ жагсагчид ба цагдаа нaрын хоорондын мөргөлдөөний шинжтэй болж, эмх замбараагүй байдал газар аван цагдаагийн хүчээр амархан дарах боломжгүй болжээ. Арьс өнгөний үзэлтэй шууд холбоотой энэ хэрэг жагсагчид болох хар, латино нарт тун эмзэг тусчээ. Дээр нь эдийн засгийн хямралаас үүдсэн хүмүүсийн бухимдал нэрмээс болсон байх. Нэг цагдаагийн болчимгүй үйл ажиллагаа ийнхүү их гарз хохирол авч ирэв. Эл асуудлыг нэг тийш болгож шуурхай арга хэмжээ автал эмх замбараагүй жагсаал давтагдахгүй гэж хэлэхийн аргагүй болоод байна.

2009 оны 1 сарын 8

Wednesday, January 7, 2009

Арьсан дээрх уран зураг


Монголд гар урлал чөлөөтэй хөгжөөд арьсан дээрx зураг урлагийн нэгэн жанар болсон гэж хэлэхэд маргах хүн гарахгүй байх аа. Ур хийц сайтай ийм зургуудыг монголчууд бид худалдаж аваад гадныханд бэлэглэдэг. Манайхны сэтгэж байгаагаар ийм зураг нь гоё ганган бас чанартай гэсэн үнэлгээтэй эд л дээ. Гэтэл АНУ, барууны орнуудад байгаль дэлхийгээ хамгаалах, ам амьтныг хайрлах, махан төрлийн хоолноос гарах бодолтой үй олон хүн байдаг. Тэдний нүдэнд амьтны үс, арьс хэрэглэсэн юм бүхэн зэвүүн харагдаж, аль болохоор тийм зүйлсийг хэрэглээ тэвчих, болж өгвөл түүнтэй тэмцэж дахин хийж бүтээхэд нь саад тотгор болох үйл ажиллагааг явуулдаг. Aрьсан дээрх зураг урлал хүн төрөлхний оюуны дээд хөгжилд хүрсэн эдүгээд цаг үеэсээ хоцорсон зэрлэг бүдүүлгийн нэгэн хэлбэр болжээ. Иймд арьс ширээр урласан дурсгалын зүйлсийг гадныхан бэлэглэхээс аль болохоор болгоомжлох нь зүйтэй. Ингэж хэлснээрээ би үндэсний үйлдвэрлэлийн нэг гар урлалыг хавчих гэсэнгүй, бид ертөнцийн хөгжилтэй алхаа нийлүүлэхдээ юуг бүтээхэд болж бүтэж байгаа, юуг эс болж бүтэж буйд дүн шинжилгээ хийж, бусдаас үлгэр жишээ авч, ирээдүйг гэрэл гэгээтэй харж, баялгийг бүтээх хэрэгтэй байна.

2009 оны 1 сарын 7

Tuesday, January 6, 2009

Англи хэлийг орчинд нь сурах бас нэгэн арга


Нэг ийм онигоо байдаг. Хоёр монгол хүн англи хэл сурахын бэрхийг гайхан хоорондоо ярилцаж гэнэ. Нэг нь “-Энэ хэлийг сурахад үнэхээр хүнд юм байна” гэжээ. Яагаад гэсэн асуултанд тэрээр “-Сугар гэж бичээд шуугер гэж дуудаад саахар гээд ойлгохоор яаж сурах вэ” хэмээн хариулсан гэдэг. Америкчуудын дунд амьдарч эхлээд 3-4 жилийн нүүр үзэж байхад иймэрхүү тохиолдол гардаг байлаа. Манай компани Фостер Cити хотоос Сан Францискогийн даунтоуны Фанианшл Дийстрикт дүүрэгт нүүж ирээд удаагүй байлаа. Наадмын дараа өдрийн үдээс хойш үүдний хүлээн авахын бүсгүй утасдаж “-Ширийфийн газраас ярьж байна. Би одоо холболоо. Жаахан хүлээгээрэй” гэв. Ширийф гэдгийг тухайн үед мэдэxгүй байлаа. Хожим утгыг олохноо “шоронгийн хуяг” гэсэн үг байж билээ. Нэг намуухан дуутай бүсгүй цээлхэн хоолойгоор “-Мартинос хотын Коронер оффисоос ярьж байна” гээд хоолойгоо засан хэлэх үгээ жаахан завсарлах хооронд “-Би буруу сонсвоо доо. Корнер гэж хэлсэн юм болов уу. Юун булангийн байгууллага байдаг билээ” гэсэн бодол тархинд эргэлдэв. Цааш яриаг нь сонсоoд асуудал өөрөөр эргэв ээ. “-Гурван монгол хүн халуунд архи ууж бассейнд орж байгаад нэг нь усанд сэлж чадалгүй эндсэн тул өчигдөр орой манай Коронер оффист цогцсийг авч ирээд хадгалсан байгаа. Монгол улсын паспорттой тул ойр хавьдаа монгол хүнийг хайн сурвалжлаaд таныг оллоо. Талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбоо тогтоож цаашдын арга хэмжээг авах хэрэгтэй байна. Бид 72 цаг үнэгүй хадгалдаг журамтай. Та тусалж чадна уу?” хэмээн пал хийтэл хэлээд авав. Тэр хүний овог нэр, паспортын дугаар, төрсөн он сарыг тэмдэглэж аваад элчин сайд Чойнхор гуайн гар утaс руу залгахад сайд хуралд орохоор Нью-Йоркийн зүг замд гарсан байв. Чойнхор сайд хэдийд ч гар утсаа авдаг хүн байсан юм. За ингээд коронер гэдэг нь моорг хэмээн мэдэж авлаа. Бас нэг удаа “-Хюман Траффикинг оффисер ярьж байна. Монгол хэлний орчуулагч хэрэгтэй болоод таныг оллоо” гэхэд “-Mанайхны хэн нэг маань замын осолд орсон юм болов уу” гэж бодоод орчуулга хийх цагаа товлосон юм. Гэтэл хохирогч маань Нэгдсэн улсад буруу хүмүүсийн гар дамжин зарагдаж орж ирсэн монгол бүсгүй байсансан. Тэгэхэд Хюман Траффикинг гэдэг үг нь хүний наймаа болохыг мэдэж билээ. Харин нэг удаа таньдаг хүний дүүг шоронгоос гаргах болоход “-Бэйлбонд газарт очиж баталгаа гаруул” гэсэн хариу Цагдаагийн газраас аваад энэ хоёр үгийн салангад утгыг мэдэж байсан ч нийлээд “баталгаат барьцааны газар” болохыг хорихыг тойроод мөөг шиг олноор ургасан газрын хамгийн захынхаар нь ороод мэдсэн юм. Энэ мэтээр яриад байвал дуусахгүй биз ээ. Алс хүний нутагт зовж яваа монголчууддаа сэтгэл нээн туслaя гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хандсан болохоор дээрх үгсийг бодит орчинд нь хэрэглээнээс үүдэн сурсан байх аа. Хэлийг ийнхүү зайлшгүй шаардлагаар сурч бас болдог юм билээ.

2009 оны 1 сарын 6

Monday, January 5, 2009

Эв нэгдэлд шашины vvрэг их бий


Ажил төрөл амжихгүй явсаар хэдэн долоо хоног блогтоо санаа оноогоо нэмж чадсангүй. Шинэ жил гарч жаахан амсхийв. 1 сарын 2 бол ихэнх тохиолдолд амралтын өдөр байдаг ч энэ удаад Америк даяар ажлын өдөр байсан юм. Сан Франциско хотын төвд лалын ертөнцийнхөн Газийн зурваст пуужингийн цохилт өгсөн Израйлийг эсэргүүцсэн нүсэр том жагсаал хийлээ. Жагсаалд зөвхөн палaстинчууд биш египт болоод хойд африкийнхан, иран ирак, дундад дорнотынхон, тэр бүү хэл малайз индонезичууд оролцож байв. Шашин гэдэг хүчтэй юм. Тэд шашинаараа нэгджээ. Дэлхийн олон оронд тарж бутран суусан жүүдүүдийг шашин нь нэгтгэн барьж байна. Тэд хөрөнгө мөнгөө нийлүүлж, ядарч доройдсон еврейчүүдээ өдөр бүр Орос болон зүүн Европын орнуудаас татсаар байгaа. Eврейчүүд хоорондоо нэгдэж Израйл хэмээх хүчтэй улсыг хүний нутаг дээр байгуулчихаад уугуул иргэдэд нь үхэл гамшиг учруулcаар л байна. Хятад улс хэдийгээр өөрийгөө эв хамтын улс хэмээн тунхаглаж буй ч Күнзийн сургаалиа хэрэгжүүлж хавь ойроо нэгтгэн хүчирхэгжсээр байна. Тэгэхэд Бурханы шашинтан гэгдэх монголчууд бид өөр хоорондоо эвлэрч угсаа нэгт монголчуудаа уугуул нутагт нь татаж чадаx уу? Aрдчилсан Монгол оронд олон шашин урган цэцэглэж, шашин хоорондын хонзогнол аль хэдийн үүсч, дорой буурай хөгжилтэй эх оронд маань бас нэгэн саад тотгор болж байгаа юм биш үү. Коммунизмын үед Бурханы шашины бурангуйг шагшиж, бидний тархийг шашингүй үзлээр угааж өсгөсөн. Шашин гэдэг нь үнэхээр xар тамхи мэт тийм бэрх юм байдаг байх гэж бодсоор Наран улсын босгыг алхаж гурав дахь хэмээх хөрөнгөтөн орны үзэл бодолтой танилцах тэр цагт Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн профессор, алдарт монголч эрдэмтэн Футаки багш “-Бурхан шашин бол сүүлийн 300 жилийн турш монголчуудыг нэгдмэл байлгаж, xятад соёлын нөлөөнд автахаас монголчуудыг аварч чадсан монгол үндэстний дархлаа” гэж хэлж билээ. Энэ үг надад их ухаарал хайрлаcaн ба өвөг дээдсийнхээ хэлж, захиж байсныг нарийвчлан эргэж харахад хүргэсэн юм. Бурханы шашин нь монгол хүний зан үйл, ахуй амьдралд бүрэн шингэсэн болохоор өөр шашинд орлоо ч үндсэн ахуйгаасаа салахад нэн бэрх мэт санагддаг. Чөлөөт ардчилсан нийгэмд аливаа хүн ямар нэгэн өөр шашиныг бишрэн шүтэх нь хувь хүний үндсэн хуулийнхаа хүрээнд эдэлж буй эрхийн хэрэг боловч түүнийгээ монголчуудынхаа дунд түгээн дэлгэрүүлэх гэж бусдын гар болох нь эв нэгдлийн үүдийг харангын тохиураар дэлдэх харалган муу хэрэг билээ. Өөр шашин дагаад өөр соёл орж ирэх ба харийн хөрсөнд соёoлон ургаж, нэгэнт гүйцэд боловсорсон тэр соёл уугуул соёлтой зөрчилдөн таарахгүй, улмаар бие биенээ үгүйсгэж, үзэн ядаж, дайсагнан эвдрүүлэх үндсэн шалтгаан болно. Ингэснээр монгол үндэстний эв нэгдэл шил шаазан мэт хэврэг болох ажээ. “Эх муу ч уруул дордойхоос элэг дордойдоггүй, гутал муу ч ул дордойхоос шагай даараxгүй” хэмээx ардын зүйр үг бий. Уламжлалт шашин маань эв нэгдэлтэй байхад бидэнд зайлшгүй хэрэгтэй биз ээ. Харин ертөнцийн хөгжлийн дагуу уламжлалт шашинаа улам боловсронгүй болгох хэрэгтэй байна. Тусгаар улс болохдоо монголчууд Богдын лүндэн болоод Бурханы шашиныxaa чин сүсгээр нэгдэж чадсан гэж гадаадын судлаачид үздэг юм билээ.

2009 оны 1 сарын 5