Америкийн азиуд дотроо япончууд хүн амын тоогоороо гуравт орох ба нийт 1.2 сая хүнтэй, үүний 400 мянга нь манай Кальфорн мужид амьдардаг. Япончууд өдөр дутмын “Nichi Bei Times”(Япон Америкийн Таймз), долоо хоногоор “Weekly Sports J”, Weekly Sport BaySpo”, “Үйлдвэрийн Мэдээ” сонин, “Weekly U.S. Frontline” сэтгүүлийг тогтмол үнэгүй гаргадаг. Хэвлэлийнхээ зардлыг зар сурталчилгаанаасаа олно. Хэвлэлээ япончууд олноор төвлөрсөн газруудынхаа хүнсний болон номын дэлгүүрүүдэд тавьдаг. Мэдээж Японы бүх сонин, сэтгүүл, шинэ ном зарагддаг. Агаарын шуудангаар ирдэг учир үнэ нь Японд зарагддагаасаа хоёр дахин их. Дээр дурдсан үнэгүй хэвлэлүүддээ дэлхийн, Америкийн, Японы улс төр, спортын мэдээг гаргахаас гадна Америкт хэрхэн амьдрах талаар ахуйн хэрэгцээний, Америк орны танин мэдэхүйн чиглэлээр олон төрлийн үнэтэй зөвлөлгөө, мэдээллийг өргөн цар хүрээтэй гаргана. Ялангуяа “Weekly U.S. Frontline” дээр АНУ-ын хуулийн өөрчлөлтийн талаар их тодорхой мэдээллүүд тавина. Хуулийн талаар төрөлжсөн 4,5 хуульч байнга зөвлөлгөө өгч иргэдээс ирсэн асуултуудад жишээтэйгээр маш сайн тайлбар хийнэ. Хамгийн сүүлчийн шинэ дугаарт оюуны өмчийг Америкт хэрхэн хамгаалдаг талаар хуулийн нарийвчилсан зөвлөлгөө өгсөн байв. Энэ дугаарын гол сэдэв нь “Таны эзгүй хойгуур Токио хотын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ” гэсэн нийтлэл байв. Энэ сэтгүүлийн бас нэг гол онцлог нь япон хүн Америкт хоол ундаа хэрхэн тохируулах, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаарх сэдэв юм. Япон хүнийг аль болохоор өөрийн орны хүнсний баталгаатай барааг хэрэглэх, болж өгвөл Америкийн хүнсний барааг хэрэглэхгүй байх, хятад хүнсний барааг бүр хэрэглэхгүй байхыг хичээнгүйлэн гуйдаг. Энэ сэтгүүлд шинэ ном, шинэ кино, шинэ техник, технологийг их тодорхой бичдэг. Мөн Америк ба Японы олон салбарт манлайлж яваа япон хүмүүсийн ярилцлагыг байнга нийтэлнэ. А3 форматын шохойтой цаасан дээр өнгөтөөр хэвлэн гаргадаг “Weekly U.S. Frontline” сэтгүүлийн чанар чансаа, цар хүрээ хөгжилтэй улсын иргэдийн шаардлагыг үнэхээр хангаж байна. Оросуудын Америкт гаргаж байгаа сонингуудын хэл нь орос ч логик нь еврей юм шиг санагддаг билээ. Бидний монголчууд Замдаан, Даяар Монгол, Монгол Мэдээ, Зүрхэн тольт, Америкийн Монголчууд сонин сэтгүүлүүдээ тал бүрээсээ дэмжиж, чадах чинээгээрээ, сэтгэлээсээ гар бие оролцмоор байна.
2007.2.4
No comments:
Post a Comment