Saturday, May 28, 2011

Хуандийн зарлиг ба монгол бичиг


Монгол бичиг хичнээн чухал болох талаар нэгэн баримт дэлгэн учрыг хэлье. Ар Монгол Манж Чин улсад дагаар орохоос өмнө Төвдийг Ойрадын Хошууд аймаг захирдаг байсан тул Манжийн хаанаас Далай ламд явуулсан захидлууд шар торгон дээр монгол бичгээр бичигддэг байснаас нэлээд хэд нь бидний үе хүртэл уламжлагдаж ирсэн. Хятадууд Төвдийн өөрийн орны салшгүй нэгэн хэсэг болохыг нотлохоор эдгээр баримтыг нийтэд саяхан дэлгэн тавьсан билээ. Гарын дор байгаа нэгэн хятад номонд зургаар хэвлэгдсэн ийм нэгэн монгол бичгийн захиаг та бүхэнд толилуулья:

Хуандийн зарлиг:


Баруун этгээдийн үлэмж сайн амгаланд Бурханыг дэлхий дэх Бурханы сургаалийг эрхэлсэн, хамгийг мэдэгч Очир дарь Далай лам дор илгээвэй.

Тэнгэрийн ивээл дор энд энх амгалан. Хамгийг мэдэгч Далай ламын энх
амгалан мэндийг сонсож машид баясваа. Зар газар хэдий хол дэх бөхсөөр үргэлжид тасралгүй сайсаар сэтгэхийн тул, тэгэхээр тусалж, Цэрэн лам, Самдан гэлэн эднийг, мэндийг асуухаар илгээвэй.

Эвээр засагчийн арван дөрөвдүгээр он, Зуны сүүл сарын хорин дөрөвнөө.

/1657 оны 6 сарын 24/


Үүнээс үүдээд дүгнэн хэлэхэд:


1. 400-гаад жилийн тэртээх монгол хэл үндсэндээ хэвээрээ. Харин илүү яруу тод байна. Монгол бичиг байгаагүй бол бичгийн соёлын энэ амт шимтийг бид мэдрэхгүй байсан.


2. XVII зуунд Монгол хэл бол евроазид олон үндэстний харилцааны хэл байсаар байсан. Одоогийн англи хэлний үүргийг тухайн бүс нутагт монгол хэл бичиг гүйцэтгэж байжээ. Бидний өвөг дээдэс их хүчирхэг байсны үнэн баталгаа нь үнэн түүхийг тэмдэглэн үлдээсэн монгол бичиг болж байна.


3. Манжууд монгол бичгийг хуулан авч, Далай ламтан хүртэл монгол хэлээр, монгол бичгээр гадаад дэлхийтэй нэвтрэлцэж, олон улсын түүх монгол хэлээр бичигдэж байсан гээд бодохоор бид яавч монгол бичгээ сэргээх юмсaн гэсэн тэмүүлэл өөрийн эрхгүй төрж байна.


Өвөр Монголчуудын тухайд


Баруун үзэмчинд бослого хөдөлгөөн гарсантай холбогдуулан Өвөр Монголын тухай монгол бичгээр уншиж харснаа хэдэн үгээр товч хэлье.

Монгол Манжид эзлэгдэхээс өмнө Дөчин түмэн Mонгол, дөрвөн түмэн Ойрад гэж явсан бөгөөд Лигдэн хааны үед монголчууд нь зургаан түмэн болж задарсан ба хоорондоо Зүүн, Баруун Монгол (Oйрадыг үүнд хамруулахгүй) хэмээн хоёр хуваагдаж. Зүүн Монголд Халх, Урианхай, Цахар гурван түмэн, Баруун Монголд Ордос, Еньшэйбү, Түмэд гурван түмэн багтаж байгаад Урианхай түмнээс Xорчин аймаг Манжид урваж, Xарчин аймгаа дарж аваад Цахар аймгийн эсрэг босч тэднийг Mанжтай хавсарсан дарснаар, Цахар ялагдаж монголчууд эргэж буцалтгүй салж саринасан. Ингээд ээлж дарааллаар монголчуудыг манж нар өөр хооронд нь дайтуулах аргаар 1636 онд бүрэн эзэлж авахад Халх түмэнгээс бусад нь Манжийн эрхэнд орсон ба тэднийг 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуун-үдийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган Иргэн улс хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад иргэн улсын үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуун-Үд), Aльшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Альшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна. Үндсэндээ Өвөр Монголын тэн талыг хятадад уусган авч хятадаар ингэж нэрлэх болжээ. Монгол соёлоо сайтар хадгалж үлдсэн Шилийн гол аймаг нь 10 хошуунаас бүрдэх ба түүнд зүүн баруун сөнөд, зүүн баруун үзэмчин, 2 авга, 2 авга нар, 2 хуучид зэрэг орж байна.

Энэхүү Баруун үзэмчин нь малчид ихтэй монголоороо байгаа газрын нэг юм. Хэдэн жилийн өмнө үзэмчинд насаараа суусан Aян хэмээх харчин залуу National Geographic сэтгүүлийн фото зургийн уралдаанд шагналт байранд ороод АНУ-д үзэсгэлэнгээ гаргаж, Станфордын их сургуульд лекц уншихад нь уулзаж ярилцаж байхад "-Үзэмчингүүд сайхан монгол ахуйтай ч эрчүүд нь архиа ууж гуньж гутраад, хүүхнүүд нь амьжиргаа хайж хужаа нартай суугаад хайлж дуусч байна аа ах минь. Харуусаад харуусаад барахгүй уй гашуу биднийг нөмөрч байна даа. Ядарч доройтно гэдэг ямар их гутамшиг вэ. Ар монголын ахан дүүс маань ойлгодог болоосой" гэж халаглаж байсан юм.

Товчхондоо ийм байна. Өөрсдөө дэлгэрүүлээд хараарай.