Thursday, November 29, 2007

Бэй Аэриад “Алтан Хараацай” хvvхэлдэйн театр байгуулагдлаа



Монголын урлагийн алтан үеийн бие төлөөлөгч, МУГЖ Л.Чимэддорж гуай Бэй Аэриад сурч, амьдарч буй хүү дээрээ хоёр дахь удаагаа ирэхдээ “Алтан Хараацай” хүүхэлдэйн театрыг Америкийн баруун эрэгт байгуулах алтан боломжийг бидэнд олголоо. Сайн хүний хураасан буянаас хуваалцсaн энэхүү баярт үйл явдлыг та бүхэнд дэлгэрүүлэн хүргэхийг зорив.

50-иад жилийн турш хүүхэлдэйн театрын урлагийг Монгол оронд хөгжүүлж ирсэн тоотой цөөхөн хүний нэг нь Л.Чимэддорж гуай гэдгийг захын хүн мэдэх юм. Хийж бүтээснийг нь Монголын төрөөс үнэлж, “гавъяат олшироогүй байхад” гавъяат болгосон юм. Бага наснаасаа Чимэддорж гуай тоглосон хүүхэлдэйн жүжгийг амтархан үздэг нэгэн байв. Харин Чимэддорж гуайтaй танилцах завшаан олдсон нь арав гаруй жилийн өмнөх хэрэг. Монголчуудын хөлийн мөр хааяа нэг гардаг байсан Япон орны Ямаха компанид Чимэддорж гуайн бага охин 90-ээд оны дундуур ажилд орж, ажил хэргийн замаар арлын оронд үе үе ирдэг болсонтой холбоотой юм. Ямаха компани бидний амьдарч байсан Хамамацу хотод байдаг учир биднээс өөр монголчууд тэр хотод байгаагүйг хэлэх үү Чимэддорж гуайн охин манай хүндэт зочин болж билээ. Чимэддорж гуайн отгон хүү Оргилсайхан Сан Франциско хотноо суралцахаар ирсэн цагаасаа манай том хүүгийн морин хуурын багш болж, Бэй Аэриад миний зохиосон бa оролцсон арга хэмжээнүүдэд “Түмэн Эх” чуулгын эвэр бүрээчин, хөөмийчин Л.Өлзийсайханы хамт оролцсоор ирсэн юм. Оргилсайханы багш, миний дотнын найз, Ардын жүжигчин Ч.Батчулуун нь Чимэддорж гуайтай байрны хөрш найз гэнэ. Ингээд Монголд очих болгондоо Чимэддoрж гуайнхаар ордог болов. Тэгээд ч дотно танилцсан болохоор Чимэддорж ах гэж дууддаг билээ. Чимэддорж ахыг 2004 онд Америкт ирэхэд нь Бэй Аэриагийн хүүхдүүддээ тоглолт хийж өгөхийг хүссэн юм. Өвгөн ах маань “Алтан Унага” театрaa Америкт авчирч тоглолт хийлгэхээр бодож явсан боловч, санхүүгийн бa бусад бэрхшээлээс болоод амархан бүтсэнгүй.

Энэ жил хүүгийнхээ урилгаар Сан Франциско-д ирсэн Чимэддорж ах, түүний гэргий Удвал эгчтэй уулзахад сэтгэлийн гуниг ихтэй, уймруухан байв. Арга байж дээ, жил дараалаад том ач, ууган хүүгээ алдсан улс чинь сэтгэл санааны хувьд ямар олигтой байх билээ. "-Чамтай ярьж байснаараа хүүхдүүдээ баярлуулна aa, ямарч байсан" гээд нүднийхээ нулмисыг арчиж суусан нь гуравхан сарын өмнөхөн. Энэ гурван сарын дотор Чимэддорж ах толгой өндийх сөхөөгүй хөдөлмөрлөж, хүүхэлдэйн дөрвөн жүжиг бичиж, түүний гуравт нь зориулан утсан хүүхэлдэйнүүд урлан бүтээв. Завсарт нь долоо хоногийн хагас сайн өдөр бүр бяцxан шавь нартаа жүжгийн дүрийн үгийг нь цээжлүүлэх, хэллэгийг нь засах, жүжиглэлт заах, хүүхэлдэйг хэрхэн хөдөлгөх аргыг заах гээд даана ч завгүй байлаа даа. Чимэддорж ахын энэхүү их хөдөлмөрийг олон сайхан сэтгэлтэй хүмүүс дэмжин өгөөмөр гараа тэнийлгэн хэтэвчээ тэмтэрсэн юм. Замдаан сэтгүүлийн Цэрэндорж хамгийн түрүүнд дэмжиж, зар сурталчилгааг нь хийж олон нийтэд хүргэх болов. Цэрэндоржийн зарын дагуу Өсвөр Үе хүүхдийн байгууллагын тэргүүн Ц.Энхтуяа ажил хэрэгчээр оролцохоор ирэв. Угийн гавшгай дайчин Энхтуяа хүүхдүүдийг бүртгэж, сургууль хийхэд туслах ажлаас гараагаа эхэлсэн ба сүүлдээ хөтлөгч, хүүхэлдэйн жүжигчин болтлоо олон ажлыг амжуулж, өвгөн ахын арга барилыг эзэмшиж авлаа. Энхтуяа өөрийн найз рaдиoгийн нэвтрүүлэгч Оюунтуяаг хөл хүндтэй гэлтгүй энэхүү ажилдаа татаж оруулав. Энхтуяагийн оролцоогүйгээр хүүхэлдэйн жүжгүүдийг амжилттай сайхан болгоно гэж төсөөлөхийн аргагүй юм. Энэхүү ажил сэтгэлээ шингээж ажилласан Энхтуяа цаашид ч уг хүүхэлдэйн театрыг авч явах гол хүн нь байх болно. Хүүхэлдэйн театрын тухай зарыг хараад хамгийн эхэнд Номуун охиноо дагуулж ирсэн хүн бол хөөмийчин Өлзийсайхан билээ. “Боржигоны тал” хамтлагийн ахлагч Төмөрчөдөр хүү Чингүүнийхээ хамт оролцлоо. Урлагийнхны тогоонд удаан чанагдсан энэ хоёр маань уг арга хэмжээг дуусан дуустал маш сайн оролцсон доо. Энэ хоёр хүн бол шинээр байгуулагдсан хүүхэлдэйн театрын цаашдын тулах багана нь байх шаардлагатай байна. Төмөрчөдөр хөгжим тоглож, Эс-Олдох дуулж, Өлзийсайхан Баяраа хоёр хөшиг болоод бут сөөгийг хөдөлгөж өгсөн нь хүүхэлдэйн жүжгийн улам амьд сайхан болгов. Хүүхэд урлагийг мэдрэхэд чухал мэдрэмжийг тэд бүрдүүлж чадлaа.

Хүүхэлдэйн театрын тоглолт хийхэд учирсан ялимгүй нэгэн бэрхшээл бол анх Оакландын Христийн Монгол Сүмийн байрыг ашиглахыг ярьж тохирсон боловч яг тоглох мөч ойртсон байхад гэнэт “-Xурим хийх тул тоглолт хийлгэж чадахаа болилоо” гэсэн хариу авсан явдал юм. Сүмд явж буй монголчуудын маань гаргасан шийдвэр биш байсан ч хэлсэн амнаасаа буцна гэдэг бол тийм ч сайхан зүйл биш болохоор энэ тухай сүмийн удирдлагат манайхан бас сануулах хэрэгтэй. "Эрийг жаахан гэж бүү бас өсдөг юм, монголчуудыг Америкт чадалгүй гэж бүү бас сэхдэг юм" гэж сэтгэлдээ хэлж суусан юм шүү. Tус сүм саруулхан тул олон хүн ирэхэд тохиромжтой гэж дотроо бодож, битүүхэндээ баярлаж байсан маань талаар болж, Ажаа гэгээний хийдэд тайз засах давхар ажилтай боллоо. Тайз хийхэд нэлээд хэдэн төгрөг оров. Өөр байр хайхад нэгт цаг хугацаа шахсан, хоёрт санхүүгийн бэрхшээл нүүрлэсэн тул "лам олдохгүй бол буцахдаа чамайг зална" гэдгийн үлгэрээр Ажаа гэгээний цомцойхон төвдөө тоглолтоо даруухан шиг хийх боллоо. Сайхан зайчилбал сумын төвийн улаан булангаас багагүй тус төвд 150 орчим хүн багтдаг юм. Сүмийн Отгоогоос зээлж авсан тайзны гэрэл их хэрэг болсныг энд бас хэлэх хэрэгтэй. Шүтдэг бурхан шашин өөрч, өсөж төрсөн нутаг, үндэс угсаа нэг болохоор бид хүний газар бие биеийн дутууг нөхөж явахыг эрмэлздэг юм. Хамгийн сайшаалтай нь хүүхэлдэйн жүжигт хүүхдүүдээ оролцуулсан эцэг эхчүүдийн дэмжлэг их байлаа. Хандив цуглуулах зар олон нийтийн сүлжээгээр тавьсан боловч дэмжихээр ирсэн нь тийм ч олон байсангүй ээ. Буян номын хурал гэхээр багтаж яддаг байсан сүсэгтэн олон маань хаачихсан юм бүү мэд. Монголчууд маань өөр ертөнцөнд ирсэн болохоор өмссөн зүүснээ биш, дотоод сэтгэлээ жаахан ч гэсэн өөрчилмөөр болсон байна шүү.

Харин талийгаач Ичинхорлоогийн дурсгалыг мөнхжүүлэхээр байгуулсан Ико сангийн Баярсайхан, Уранчимэг, Ганхуяг нар бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авч хүрэлцэн ирсэн юм. Ико сангийн хувьд Бэй Аэриа дахь хүүхдүүдээ баярлуулсан хамгийн анхны арга хэмжээ болсон байж магадгүй. Ико сангаас жүжигт тоглосон хүүхдүүдэд мөнгөн урамшил үзүүлснээс гадна хүүхэлдэйн жүжгийг үзэхээр ирсэн 60 гаруй хүүхдэд чихэр тарааж давхар баярлуулав. Охиныхоо хийж бүтээгээгүйг бүтээх чин эрмэлзлэлээр байгуулсан Ико санг та бүхэн бас дэмжээрэй. Хүүхэлдэйн жүжгийн бэлтгэл ажлын үеэр Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны тэргүүн Лувсанжамбаа, идэвхтэн гишүүд Наранчимэг, Цэрэндорж, Хишигбаяр, Алтантуяа, Болдбаатар, Төмөрсүх, Ганбаатар, Төрбурам нар цаг нараа гаргаж маш их тус боллоо. Олны тусгүйгээр олигтой ажил яаж бүтэх билээ.

Монгол улс тунхагласны 83 жилийн ойн баяраар 2007 оны 11 сарын 25-ны нарлаг сайхан өдөр Оакланд хот дахь Ажаа гэгээний төвд Бэй Аэриагийн хүүхэд багачууддаа хүүхэлдэйн жүжиг тоглож өгсөн найруулагч, МУГЖ Л.Чимэддорж, авъяаслаг хүүхдүүд Ө.Номуун, Б.Тэмүүлэн, З.Банзрагч, С.Тодгэрэл, М.Өнөболд, Т.Чингүүн, Б.Наска, хөтлөгч Ц.Энхтуяа, Д.Оюунтуяа, хөжимчин Ц.Төмөрчөдөр, дуучин Эс-Олдох, тайзны туслагч Л.Өлзийсайхан, Баяраа нартаа үзэгчид болон үзэхээр завдаж байсан бүх хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. Дараа дараагийн арга хэмжээнүүд улам олон хүний сэтгэлийн эрч хүчээр улам сайхан болох болтугай.

2007 оны 11 сарын 29


Wednesday, November 14, 2007

Далай багшийн номлол болоод бусдын шашиныг хvндэтгэх vзэл



Далай багшийн номонд суух тутам айлтгал нь сэтгэлд улам хоногшиж, түүнийг бясалган бодоход ихээхэн ухаарлыг хайрладаг юм. Далай багш номлохдоо бусдын шашинд орох, бусдыг хүчээр шашиндаа оруулах нь туйлын буруу гэнэ. Өөрөөр хэлбэл Xристийн шашинтан бурханы шашинд урван орж ирэх нь тийм сайхан зүйл биш, бурханы шашинтай монголчууд бусад шашинд урван орох нь зан заншилаасаа салж хагацах бэрх сонголт хийх үйлийн үр гээд шашины мөн чанарын нарийн учрыг тайлбарлан айлддаг юм. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх үүднээс бусад шашинтантай хамгийн найрсаг харьцах нь чухал хэмээн бас айлтгадаг билээ. Энэ үзэл бодлоо илэрхийлэхийн тулд Далай багш хаа нэгэн газар айлчилж ном айлтгахдаа хaмгийн ойр орших Христийн болон Лалын сүм хийдийг сонгож, тэр сүм дээр бусад олон шашинтанг хуран цуглуулж харилцан залбирал үйлддэг. Далай багшийн энэ хүсэлтийг эсэргүүцэж байсан Xристийн сүм Америкт л лав байхгүй. Тэдгээр сүм хийдүүд олон шашинтны цуглаан хийхийг ихэд дэмждэг. Олон шашинтны цуглаан дээр Далай багш тэдэнд хандаж өөрийнхөө шашин, соёл уламжлалдаа үнэн ч байж, хайрлан хөгжүүлж, үр хүүхдэдээ өвлөхийг уриалдаг. Тэгэхээр уугуул шашинтай Монгол газар өөр шашиныг дэлгэрүүлэх гэж улайран хөөцөлдөж байгаа хэсэг бүлэг хүмүүс, ялангуяа солонгосчуудын энэ муйхар үйлдэл нь буруу гэж бид бодож явдаг юм. Далай лам хэзээ ч хуврагууддаа харийн оронд очиж бурхан шашинаа дэлгэрүүл гэж сургадаггүй. Түүний адил Ромын Поп ч мөн адил шавь нараа очсон газраа Загалмайтны шашин дэлгэрүүл гэж сургадаггүй нь лавтай. Лалын ертөнцийн имамууд ч тийм сургааль айлтгадаггүй. Гагцхүү шавь нараа өөрийн шашиндаа үнэн ч байхыг номлодог. Тэгэхээр Монгол оронд орж ирж байгаа шашины олон урсгал Монголыг хөгжүүлэх биш улам эв түнжингүй болгохын эх үүсвэрийг тавих бус уу. Манай улсад шашинаа дэлгэрүүлэх гэж яваа хүмүүс яавч бидний соёл уламжлал, эв нэгдлийг илт хүндэтгэхгүй байна. Ухаант хүн та эл байдлыг өөрийн толгойгоороо тунгаан үзнэ биз ээ.

Далай багшийн айлтгалаар Бурханы шашины мөн чанарыг танин мэдэх нь хамгаас чухал байна. Бурханы шашин нь хорвоогийн мөн чанарыг танин мэдэж гэгээрэх номлол юм. Сайн үйл үйлдэхийг буян гэж хэлэх ба буяны үйлийг "арга" хэмээнэ. Хорвоогийн учир шалтгааны хоосныг танин мэдэхийг "билэг" гэнэ. Арга билэг хослуулан байж Бурханы номыг ухан ойлгоно. Аль нэгэн тал руу нь хэлбийлгэж үл болно. Хорвоо дэлхийн бүх юм "байна", "байхгүй" хоёр туйлын хооронд орших тул хоосон чанартай. Балар эрт цагт ертөнц байгаагүй, алс ирээдүйд ертөнц мөхөж байхгүй болох учир ертөнц өөрөө мөнх бус чанартай. Хүн болоод амьтан хорвоод төрөхөөс өмнө байгаагүй, үхсэний дараа алга болдог учир хүн амьтан бас мөнх бус чанартай. Иймээс би гэдэг бол "би-үгүй би" юм. Энэ бүхэн хоосныг танин мэдэх билэгт хамаарна. Хүн хоосны мөн чанарыг мэдэж ойлгосноор сэжгийг тэвчиж атгаг санааг арилгадаг. Атгаг санааг арилгаснаар гасланг гэтлэх үүд нээгдэж байгаа юм. Үүнийг танин мэдсэнээр аливаа хүн дотоод ертөнцөө нээж сайн үйлийг хийх эрмэлзлэлтэй, бодь сэтгэлтэй болдог. Бодь сэтгэлийг ямагт тээсээр хүн гэрээлийг олдог. Бодь сэтгэлтэн аливааг энрэн нийгүүсэх нинж сэтгэлтэй байдаг. Эдгээр олон сургаалийг Блүүмингтонд айлдсан Бодь мөрийн зул номын айлтгалын үед Далай багшaac сонсон биширч суулаа.


2007.11.14

Tuesday, November 6, 2007

Эхийн элбэрэл хайр нинж сэтгэлийн vvдийг нээдэг


…Хорвоод хүн эхийн умайгаар дэмжин ирэхдээ бүгд нэгэн адил замыг туулна. Эхийн умайд бүрэлдэн тогтох тэр агшинаас эхлэн эхийн шимээр тэжээгдэж, эхийн зүрхээр амьсгалж, эхийн амьсгалыг хуваалцаж, эхийн сэтгэлийн жаргал зовлонг хамтдаа хуваалцдаг жамтай. Эхээс тасрахдаа ч хүний хамгийн анх барьж тэмтрэx зүйл бол эхийн хөх байдаг. Эхийн сүүгээр амлаж, эхийн элбэрэлийг хүн хорвоод анх мэдэрдэг. Эхийн элбэрэл хайр нинж сэтгэлийн үүд болдог юм. Эх хүн хамаг хайраа, хамаг нандин зүйлээ үрдээ зориулдаг учир уураг тархи нь нинж сэтгэлтэй хүн болoн тогтноход эх шиг чухал юм байхгүй. Иймээс хүний нинж сэтгэл үүсэн буй болоход эхийн үүрэг хамгаас чухаг билээ. Эхийг амгалан тайван байлгах нь түүнээс тутахгүй чухаг билээ. Эхийн энхрийлэл хайрыг амсч чадаагүй, эсвэл эхийн энхрийлэл хайрыг ямар нэгэн харьцаанд хүртээгүйгээс нинж сэтгэлийн үр суухгүй тохиолдол бий. Эх хүн үрээ хайрлах, энхрийлэх хамгийн хариуцлагатай нэгэн болдог юм. Хүн хорвоо дээр ирээд эхээсээ эхэлж нинж сэтгэлийг олж авдаг. Би ч мөн адил эхийн элбэрэл хайрыг сайн санаж байна. Ээжийн минь үнэр нь хүртэл дотно, эхийнхээ хайрыг би хүртэж өссөн. Хүнд нинж сэтгэл хадгaлагдан үлдэх нь түүнийг хүрээлэн байгаа орчин тойрноос шууд шалтгаалдаг юм. Хүн энэрэл хайраар бялхсан амьдралд бага насаа өнгөрөөвөл нинж сэтгэлтэй болон тогтож, насан туршдаа нинж сэтгэлийг тээж явдаг юм. Хэрвээ хүн бүр нинж сэтгэлтэй байж чадвал хүчирхийлэл, аллага хядлаг хаанаас гарах вэ. Нийгмийн гажуудлаас хүн цэвдэг сэтгэл, зэрлэг зан авирыг олж авдаг юм. Хэрвээ хүн төрөлхтөн бүгдээр нинж сэтгэлтэй байсан бол юунд бие биенээ алж, дайн дажин хийх вэ. Хүн бүр нинж сэтгэлтэй болсноор хорвоо дэлхийд амар амгалан цаг ирэх юм. Үүнийг бид энх тайван гээд байна. Залуус та нар үр хүүхдээ нинж сэтгэлтэй болгохыг хичээгээрэй. Та бүхний өмнө бүтэн шинэ зуун байна. Би бол өнгөрсөн зууны хүн учир өнгөрсөн зуунтайгаа хамт бай бай (баяртай) болж байна. 21 дүгээр зууны залуусaa, энэ зуун бол та нарын зуун шүү. Та нар нинж сэтгэлийг эрхэмлээрэй, үр хүүхдээ шинэ зуундаа нинж сэтгэлтэй болгоорой. Энэ эрмэлзлэл, мөрөөдөл бол өнгөрсөн зуунтайгаа дуусч яваа xөгшин буурал миний захиас шүү. Нинж сэтгэлээр энх тунхыг даян дэлхийд тогтоогоорой…

Висконсины их сургууль, Индианагийн их сургууль, Пүрдүгийн их сургуульд болсон Дээрхийн гэгээнтэн Далай Ламын олон нийтэд хандсан ярианд энэ жил гурвантаа суухад адил утгатай ийм нэгэн зүйлийг эрхэмлэн айлдаж билээ. Aйлтгалийг Далай багшаас дахин давтан сонссон учир сэтгэлд их гүн гүнзгий үлдсэн байна. Энэхүү айлтгалыг уншигч авхай танд чадан ядан, эвлүүлэн хүргэхийг зорилоо. Эрхэм таны нинж сэтгэл өдөр бүр дэлбээлэн дэлгэрэх болтугай.

2007.11.6