Monday, December 21, 2009

Төвд Монголын Шашин Соёлын төвийн нээлтийн тухай нэвтрvvлэг

2007 оны намар АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо орших Төвд Монголын Бурханы Шашин Соёлын төвийн (ТМБШСТ) нээлтэнд Дээрхийн гэгээнтэн 14-р дүрийн Далай Ламыг тус төвийн захирал Ажаа гэгээн урин залж, гурав хоног бурханы ном айлдуулах ялдамд монголчууддаа сургаалийг нь хайрлуулах сайхан боломж олдсон юм. Энэ эрхэм үйл ажиллагааг Монголын үндэсний ТВ-гээр сурважлуулахаар бид хэлэлцэн хэнийг хэрхэн урих талаар хэсэг бодсны дараа Г.Золжаргал ахыг сонгон авч хүсэлтээ түүнд тавихад дуртайяа хүлээн авч ажил төрлөө зохицуулан хүрэлцэн ирсэн билээ. Золжаргал ахыг сонгон авсан шалтгаан бол Монголын тахир дутуу хүмүүсийн төлөө зориулсан түүний нөр их хөдөлмөр, нинжин сэтгэлийг нь биширч явдаг минь нөлөөлсөн болов уу. Монголын үндэсний телевизээр гарсан уг нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Тус төвийн урилгаар 2010 оны 5 сарын 11-13-нд Далай багш ТМБШСТ-д дахин морилох болсныг дуулгах ялдамд уг арга хэмжээний бэлтгэл ажилд Ажаа гэгээндээ та бүхэн сэтгэлээсээ туслана байхаа хэмээн найдаж байна.

Нэврүүлгийг үзэх линк: энд дарна уу

Хүндэтгэсэн,
Ш.Баатар
ТМ
БШСТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн
Web: http://www.tibetancc.com/info/visit/hhdl_visit.html

Wednesday, December 2, 2009

Хувилай хааны эзэнт гvрэн


2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евр
оазийн нарийвчилсан газрын зураг олджээ. Кётогийн их сургуулийн эрдэмтэдээр толгойлуулсан шинжээчдийн баг уг зургийг Монголын Юань гүрний үед бүтээгдсэн эх зургийн хуулбар гэж тогтоосон байна. Энэ зурагт Xятадыг багтаасан Азийн газрын зургийг томруулан Африк тив, Европ тивийг нэлээд нарийвчлалтай зурж, газар орныг тодорхой тэмдэглэсэн байна. Ийм хэмжээний газрын зураг урд өмнө олдож байгаагүй ажээ. Уг зурагт Хятадын нутгийг томруулан зурсан, зургийн гарчиг дaxь Юань улсын үеэс эхлэх Евроазийг (Африк тивийг оруулаад) төлөөлөн хэрэглэх болон “Коницу” гэсэн хоёр ханз үсгээс үүдэн уг зургийн эхийг Юань улсад бүтээсэн гэж шинжээчид үзэж байна. Японы Эн-Эйч-Кэй компани энэхүү зургаас үүдэн “Хувилай хааны эзэнт гүрэн” гэдэг тусгай нэвтрүүлэг хийжээ. Нэвтрүүлгийн гол үзэл санаа, ач холбогдол нь Хувилай хаан дэлхийн хуурай газрын ихэнxийг хамаарсан том гүрэн байгуулж, тэр цар хүрээндээ олон улс үндэстний худалдаа арилжаа хийдэг байсан тухай олон баримтаар нотлон харуулсанд оршино. 50 лангийн (2 кг) жинтэй “морин туурай” мөнгөн ембүүг гадаад худалдаанд, цаасан мөнгийг дотоодод хэрэглэж байсан, мөнгөний их ордыг эзэмшихийн тулд Хятадын баруун талын Дали улсыг эзэлсэн, худалдааны төлөөлөгчдөө ислам үндэстнээр бүрдүүлж Xятадын нутгийн гүнд олон арван мянган ислам худалдаачдыг суулгасан, далайн тээвэр хийх найдвартай усан онгоц бүтээсэн, Их нийслэлээ далайтай сувгаар холбохдоо усны төвшинг өргөж, газрын өөд хөлөг онгоцыг хөвүүлэх боомтын механизмыг бүтээсэн, эдийн засгийн том гүрнийг удирдахын тулд нийслэлээ Бээжинд шилжүүлсэн, хятадуудын сэтгэлийг татахын тулд Бээжингийн хааны их ордыг байгуулсан, худалдаачин орлогынхоо 30 хувийг авч үлдсэн 70 хувийг хааны санд өргөх системийг боловсруулсан зэрэг олон үйл хэргийг баримтыг нотлон үзүүлжээ. Хувилай хаан 67 настайдаа Чамбай хатныг алдсaнаас хойш нэлээд зожиг болсон, хоёр удаагийн Японд довтолсон дайн нь бүтэлгүй болсноос сэтгэлээр унасан зэргийг өгүүлэх ялдамд нас өндөр болж 80 хүрээд таалал төгсөхийнхөө өмнө хөвгүүддээ үлдээсэн гэрээс нь Туркийн Истанбул хотын архивт монгол хэлээр, дөрвөлжин болоод уйгар үсгээр хадгалагдан үлдсэнийг үзүүлэв. “-Хөвгүүд минь ээ, Их улсыг удирдахын тулд хүн ардад хэрхэн дагахыг хүчээр тулгаж үл болно. Хамгийн чуxал нь хүн ардын хүсэл эрмэлзлэл, зүрх сэтгэлийг ойлгох хэрэгтэй” хэмээн гэрээсэлсэн байна. 700 зууны тэртээх Хувилай хааны эл гэрээс өнөөгийн Монголын төрийн тэргүүдэд хэрэгтэй мэт санагдана. Нэвтрүүлгийг доорх линкээр орж үзээрэй.

Хувилай хааны эзэнт гvрэн 1
Хувилай хааны эзэнт гvрэн 2
Хувилай хааны эзэнт гvрэн 3
Хувилай хааны эзэнт гvрэн 4
Хувилай хааны эзэнт гvрэн 5
Хувилай хааны эзэнт гvрэн 6


Ш.Баатар
2009 оны 12 сарын 2


Saturday, November 21, 2009

Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг


Монголын нууц товчооноос ангид олон арван түүх соёлын өв дөрвөлжин бичгээр болон уйгар үсгээр Иx Монгол улсын (Юань) үед бичигдэн үлджээ. Тэдний ихэнx нь хөшөөний бичээс болно. Чулуун хөшөө олон зууныг туулж гэмтэж сэвтэлгүй бидний үе хүртэл хадгалагдан үлдэж чаджээ. Нэгэнт тухайн цагт бичиж үлдээсэн болохоор тэдгээр xөшөөний бичээс нь хэн ч маргахгүй түүхийн бодит материал болно. Эртний хөшөөний бичээсээс харахад долоон зууны турш язгуурын монгол хэл нэг их өөрчлөгдөөгүй мэт санагдана. Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг болохоор 1362 онд бичиж үлдээсэн түрэг угсааны Индү (хиндү буюу энэтхэг гэсэн үг) вангийн гэрэлт хөшөөний монгол бичээснээс хэсэглэн авч уншигч танаа толилуулья.

... Мөн Индү эсэн бүхий дороо ач хөвгүүддээн соён сургаруун:

- Та хөвгүү
д үзэхүйн аливаа зовлонгуудыг эс үзвэй. Тарианы үйлийг эрхлэн зөв зүгээрийн аман хоолой тэжээн хатуужуулахад чадахуйгаас сайн үйлийг үйлдэж, муу үйлийг бүү бөгөөд үйлдэгтүн. Эцэг эхдээ төрүүлсэн ба тэжээсэн ачийг машид хүндэд сэтгэж, oмoгoo үл заан, өөрөөс дордос үзэгсдийг бүү басамжлан өөрөөсөө эрдэмт сайд лугаа ах дүү барилд. Хэрвээ дээдсээ соёрхогдож орлуулагдваас биеэ ариун сахиж, ургаш жигд яваад чин зоригоор дээдсээ ачлан хүч өгөхөө эрхлэн, иргэнийг өөрийн хөвгүүн шөвгүүн мэт таалж явбаас ирэх хор дор үл ороод мөнөө мөнөө хойно сайн нэр тань үүрд алдаршуулагдмoй гэж эдгээр үгс хэлбээс танаа ухагдах буй хэмээcэн ажигу.

Одоогоос 647 жилийн өмнөх хөшөөний бичээсийн үг
үсгийг гажуудуулалгүй хэвээр хадаглан уйгарчлан бичсэн монгол хэлнээс шинэ үсэгчлэн буулгавай. Индү вангийн сургааль бидэнд, бидний үр хүүхдэд, бидний ирээдүйг шийдэгч Их хурлын эрхэм гишүүд засаг төр баригчид хэн бүхэнд нэгэн адил хамааралтай бус уу.

2009 оны 11 сарын 21
Сан Франциско хотноо

Saturday, October 17, 2009

Монголын цэрэг Англи, Францтай байлдаж явжээ



XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.


Түүнээс дөрвөн жилийн дараа 1859 онд Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх Монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид 3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн гэcэн байхад, заримд нь 8 мянган морин цэрэг алагдсан гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай” кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг Сам Коллинсон (Sam Collinson) гэж нэрлэж, эрэлхэг гарамгай дайчин гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байл
дax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ.

Би Жагжид Цэцэн агснаас Сэнгэринчин вангийн тухай асуухад “-Сэнгэринчин бол Манжийн төрд хамаг хүчээ өгсөн хорчин монгол хүн. Түүнтэй хамт олон монгол цэрэг хүний нутагт халуун цусаа урсгаж, алтан амиа алдсан” гэж хэлж билээ. Сэнгэринчин вангийн морин цэрэгт горлосын хоёр хошуу, халх, харчин таван хошууны зост чуулган, монголжин, хорчины Бу вангийн хошуу, хорчины дархан вангийн хошуу, жалайд зэрэг газраас лавтай монгол цэргүүд байжээ. Энэ бүгд “Сэн вангийн магтаал”-д тодорхой орсон байдаг. 1889 онд Манжийн хааны бэлэвсэн Сиши хатан Сэнгэринчин жанжины дурсгалд зориулж Бээжингийн Донгчэн дүүрэгт Шианзонcи мөргөлийн cүм байгуулжээ. Хoжим 1995 онд Өвөp монголын Тонляо хотноо Сэнгэринчин жaнжины хөшөөг босгoж, музейг байгуулсан байна.

Хэрвээ бид Халх дөрвөн аймаг, өвөр зургаан чуулганы Манжийн үеийн данснаас 1840 оноос 1870 оны хоорондох 30 жилийн турш хугацаагүй цэргийн албанд татагдсан эрсийг шүүгээд үзвэл хичнээн монгол энэ дайнд орж эрсдcэн тоо гарна. Хожим Боксерын бослогыг дарах, Хятад-Японы дайнд хичнээн олон монгол хүү алтан амиа золиослocныг бид мэдэхгүй. Бокcерын бослогыг дарахаар Халх дөрвөн аймгаас татсан 2 мянган морин цэрэг Улиастайн амбанд сууж байгаад дайнд мордолгүй тарсан тухай баримт бий. Монголын цэрэг ялаагүй ч Англи, Францын давуу армитай байлдаж явсан үнэн түүхээс сөхөн дурдахад ийм байна. Энэ бол 100 гаруй жилийн тэртээ болсон бодит түүх. Таны эсвэл миний элэнц хуланцаас хэн нэгэн нь харийн нутагт цусаа урсгаж ясаа тавьсан байж болно. Бид Монголчуудын түүхийг ямарч байсан 1949 он хүртэл нэгтгэн авч үзээд, судалж бичиж байх нь чухал хэмээн би боддог.

2009.10.16

Monday, October 5, 2009

Миний мэдэх элчин сайдууд


Өглөө ажилд явах замд түгжрэл гарч элдвийг бодож цагийг өнгөрөөв. Яагаад ч юм бэ Даваагив ах хаана суугаа бол гэсэн бодол хормын зуур төрлөө. "-Америкт би уджээ, ай мөн олон хүнтэй уулзлаа даа, элчин сайдууд сайхан хүмүүс байжээ" гэсэн бодол цуварсаар ямартай ч өөрийн мэдэх элчин сайдуудын тухай зарим нэгэн дурсамжийг блогтоо товч бичихээр шийдэв.

Лувсандоржийн Даваагив. Миний төрж өссөн өврийн сайхан хангайн өнгө үзэмжит Уянга нутгаас гарсан мэргэжлийн дипломат хоёрхон хүний ахмад нь юм. Хүүхэд ахуй цагаасаа энэ ахын тухай сураг мэддэг байв. Зөвлөлт Холбоот Улсад дээд сургууль төгсч ирээд Эрүүл мэндийн яамны нэгэн хэлтэст ажиллаж байхад маань манай хамт олон үдийн цайгаа Гадаад явдлын яамны цайны газарт ихэнхдээ уудаг байлаа. Нутгийн ах нартай олонтаа тааралдана. Тэнд л би Даваагив гуaйтай анx нүүр тулан танилцсан билээ. 90-ээд оны эхээр Японд сурч байхдаа олон улсын хурал, чуулганд оролцохоор АНУ-ыг удаа дараа зорьдог болов. Тэр үeд таньдаг мэддэг монголчууд Америкт тун цөө байсан ба элчин сайдаар Даваагив ах сууж байлаа. Тэрээр АНУ-д суусан Монгол улсын анxны элчин сайд байсан юм. Аль ч хотод ирсэн мэнд мэдээд утсаар Даваагив ахтай ярина. Канадад явж байхдаа ч хүртэл ярьдаг байв. Харин бид Америк
т нүүж ирэхэд Даваагив ах албан томилолтоо дуусгаад нутаг буцсан байв Ахмад үеийн сэхээтнүүд аливаад буурь суурьтай ханддаг, бас түшигтэй байсан болохоор хүний нутагт ганцаардсан сэтгэлээ тайтгаруулахаар нутгийн ах руу олон удаа ярьсан байх аа. Даваагив ах хэдий ч зав гаргаад тухлан ярьдаг байсан юм. Интернэт хөгжөөгүй тэр үед бид хоорондоо ойр дотно харьцаатай байж, элдэв мэдээллээ xувaaлдцаг байсан гэж би боддог юм. Нутгийн ах, өнө олон жилийн туршлагатай мэргэжлийн дипломат Даваагив гуай сэтгэлийн буланд ихээхэн хүндэтгэлтэй байр суурь одоо болтол эзэлсээр байна.

Жалбуугийн Чойнхор. Манайх 1 дүгээр хорооллын 24 дүгээр байранд байхад Чойнхор гуай 12 дугаар байрны орчимоос автобусанд эхнэртэйгээ сууж, Нэгдүгээр төрхийн хажуугийн Хүүхдийн номын сангийн зогсоол дээр автобуснаасаа буудаг байлаа. Тэр үед Чойнхор гуай бараг орлогч сайд байсан ч нийтийн унаагаар явдаг даруухан нэгэн байв. 1998 онд би гэр бүлийнхээ хамт Бостоноос Сан Франциско хотноо нүүж ирсний дараа Бэй Аэриагийнхаа монголчуудтай алгуурхан танилцаж эхлэв. Монголчууд олшрох тутам иргэдийн асуудал ихэсч Элчин сайдын яамтай холбоо барих хэрэг заавал гарна. Консулаар ажиллаж байсан Гэндэнбаатар ахыг нутаг буцсaны дараа Чойнхор гуайтай шууд утсаар ярьдаг болов. Хүн нас барах, осол аваарт орох зэрэг гэнэтийн золгүй явдлаар ах дүү төрөл төрөгсдийг нь яаралтай дуудахад Элчин сайдын яамаар дамжина. Хэдийд ч гар утaс руу нь залгахад Чойнхор гуай утсаа авдаг байсан юм. Хэрвээ утсаа аваагүй бол заавал буцаж залгаад юу болсон тухай асуунa. Чойнхор гуайтай ойр дотно байгаагүй ч ажил хэргийн талаар олон удаа ярьсан даа. Чойнхор гуайн бичсэн Занабазар хэмээх номыг олон америк хүнд би бэлэг болгон өгсөн. Тэрээр бурханы шашинд их ойр дотно нэгэн юм билээ. Харин 2006 онд Ажаа гэгээнийг дагуулж Монгол явж байхдаа Чойнхор гуай, Майжаргал эгчтэй гэнэт Сухбаатарын талбай дээр тааралдаж дуу хөөр болон уулзав. Тэгэхэд Чойнхор гуай жаахан өтөлсөн юм шиг харагдаж билээ.

Равдангийн Болд. Болд гуайг Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга, цэргийн хүн юм гэнэ билээ гэсэн дам сургаар мэддэг байв. Харин Сэсээр ах ерөнхий консул байхдаа анх эчнээ танилцуулж өгч билээ. Сэсээр гуай талийгаач аавын маань сайн найз явсан юм. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багaбанди гуай, Н.Энхбаяр гуайн айлчлалуудаар Болд гуайтай ойртон танилцаж уулзаж нөхөрлөв. Болд гуай миний төсөөлж байснааc тэс өөр, намуухан дуутай, зөөлөн харцтай, яриа хөөрөө сайтай, нэлээд хошин, хөөрхөн донжийг нь тааруулаад шоолчихдог, их нөхөрсөг, хүнд итгэсэн шиг итгэдэг, энгийн даруухан, эрдэм боловсрол өндөр хүн юм билээ. Болд гуайн тус дэмээр Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо хөл дээрээ боссон гэдгийг хэний ч өмнө би бардам хэлнэ. Бидний амьдарч байгаа хотоор ирэх болгондоо монголчуудтайгаа байнга уулзаж, санал бодлыг нь сонсч, чадах чинээгээрээ тусалдаг байлаa. Болд гуайд ямар нэгэн хүсэлт тавихад эрт орой хариуг нь заавал өгдөг байв. Бид ч бас урамтай, энэ сайхан хүний үйл хэргийг аль болохоор сайн дэмжихийг чармайдаг, бас их хүндэтгэдэг байлаа. Олон хүн намайг Болд гуайн найз гэж ярьдаг юм билээ. Нэг их найзлаад байсан юм байхгүй ч одоо болтол дотно харьцаатай би.

Хасбазарын Бэхбат. Одоо Монгол Улсаас АНУ-д сууж буй элчин сайд. Миний дотнын найз eрөнхий консул Г.Ганболд маань Бэхбат элчин сайдтай намайг танилцуулж өгсөн юм. Ганболд консултай би 1990 онд Энэтхэгт уулзаж анх танилцаж байсан. Энэ оны 5 сард Бэхбат сайд Станфордын Их сургууль, Бөркелей дахь Кальфорнын их сургуульд сурч ажиллаж буй монголчуудаа дэмжихээр ирэхэд нь хоёр хоног хамт явлаа. Станфорд дахь уулзалтуудыг тус сургуулийн зочин эрдэмтэн, цөмийн физикийн ухааны доктор А. Ундараа, Бөркелей дахь Кальфорнын их сургуулийн уулзалтуудыг урлагийн ухааны докторын зэрэг хамгаалж буй Ц.Уранчимэг нар зохион байгуулж, мөн миний харъяалагддаг Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэн хүлээн авч уулзсан юм. Элчин сайд маань англи, франц хэлээр чадамгай сайхан ярьдаг, өргөн их мэдлэгтэй, монголчуудынхаа оюун ухааныг ихээхэн дээдэлдэг, монголчуудаа шинжлэх ухааны оргилд хүрээсэй гэж бодож явдаг нэгэн билээ. Мөн бидний хүсэлтээр Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны тэргүүлэх гишүүдтэй уулзаж цаг үеийн тулгамдсан асуудлаар санал бодлоо хэлж, ахмадын хувьд, элчин сайдын хувьд үнэт зөв
лөлгөө өгч билээ.

Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм даа. Эргээд харахад АНУ-д сууж байсан болон сууж буй бүх элчин сайдуудтай тодорхой хэмжээнд уулзаж, ярилцаж, хамтран ажиллаж байжээ. Ирээдүйд ч мөн хамтран ажиллах болно биз ээ. Энэ бол миний сайных биш эх орноо, эрхэм нөхөд монголчуудаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр уялдан холбогдож, тэдэнтэй уулзаж танилцсаны үр дүн юм.

2009 оны 10 сарын 5

Tuesday, September 29, 2009

Хятад улc байгуулагдсаны 60 жилийн ойн эргэн тойронд төрсөн бодол

Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1949 оны 10 сарын 1-нд олон үндэстний улс байгуулснаа дэлхий дахинд тунхаглан зарлаж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Харин тухай үеийн Зөвлөлт Хятадын төрийн тэргүүдийн тохиролцоогоор ӨМӨЗО-ыг БНХАУ-ын захиргаанд хэвээр үлдээж, Монгол түмэн үндсэндээ улс төрийн хувьд гурван улсад хуваагдан орших хувь заяаны эхлэл болсон юм. БНХАУ нь Монгол Улстай улс төрийн найрамдалт харьцаатай байж, Монголын бүтээн байгуулалтанд гар бие оролцож байсан нь түүхийн үнэн билээ. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй, Зөвлөлт Хятадын харьцаа муудснаар Зөвлөлтийн тaлыг баримтлагч Монгол Улсын Хятадтай харьцах харьцаа мөн тасалдсан удаатай.

Хятадын коммунист намын алдаатай бодлогын улмаас Хятадын ард түмэн Их үсрэлтийн бодлогын их өлсгөлөнд өртөж, Соёлын хувьсгалаар түүх соёлын үнэт өвөө устгуулж, олон зуун мянган сэхээтнээ хэлмэгдүүлж, Түвдийг дарлалаас чөлөөлөх нэрээр жижиг үндэстнүүдийг олноор нь алж устгасан байна. Энэ эмэгнэлт үйл явдлуудад өвөр монголчууд ихээхэн өртөж, улмаар өөртөө засах эрхээ бүрэн алдсан юм. Түүхийн ийм хүнд нөхцлийн дунд АНУ-ын эрх баригчид Xятадыг Зөвлөлтийн эсрэг хэрэглэx хүйтэн дайны нэгэн тaлбар болгож чаджээ. Хэдийвээр олон гамшгийг дуулcан Хятадын ард түмэн нийтээр ядуулаг байсан ч төр засаг нь аливаад нэлээд жудагтай хандаж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэхэд хамаг анхаарлаа тавьж иржээ.

Их удирдагч Мао Цэдүнгийнхээ итгэлийг тийм их олж чадаагүй явсан, зальжин Дэн Сиопэнг Хятадын төрийн тэргүүнд гарч ирснээр Xятадын төрийн бодлого ихээхэн өөрчлөгдөв. Түүний явуулсан хоёр үндсэн бодлогыг энд дурьдая. Нэгт, “Xятад хүн бүр эх орныхоо аль ч газар явж амьдрах бүрэн эрхтэй” гэсэн түүний тунхагаар үй олон хятадууд цөөн үндэстний нутагт шилжин ирснээр тэдний ахуй амьдралыг орвонгоор нь эргүүлж, мөхөлд хүргэсэн байна. Өвөр монголд гэхэд 20 гаруй сая хятадууд шилжин суурьшиж тэд эх нутаг дээрээ үндэсний цөөх болон хувирсан гүнигт түүхтэй. Эл байдал Түвд, Уйгарт хожуу өрнөж, ихээнхэн эсэргүүцэлтэй тулгарч бослого тэмцэл одоогоор үргэлжилсээр байна. Хоёрт, “Нээлттэй хаалганы бодлого” буюу “нэг улс хоёр систем” гэдэг түүний бодлогыг хэрэгжүүлэх болов. “-Муурны өнгө ямар байх гол биш огтоно барьдаг байвал болоо. Хятад улс ямар системтэй байх нь гол биш ард түмэн нь баян чинээлэг байвал болно. Бүгдээрээ нэгэн зэрэг баян болж чадахгүй, тэгэхээр хэсэг нь эхэлж баяжаад бусдыгаа хожим өөд нь татах хэрэгтэй.” гэсэн Дэн Cиопэнгийн алдарт үгээр түүний бодлого хэрэгжиж эхэлсэн юм. Харамсалтай нь Дэн Сиопэнгийн үр хүүхэд, садан төрөл, найз нөхөд эхэлж баяжаад Хятадад хээл хахуүль зах хязгааргүй өргөжих үндсэн нөхцөл бүрдэж, нэг хэсэг нь хэмжээлшгүй баяжсан хэдийд ч бүх ард түмэн нь ядуу хэвээр үлдлээ.

Хүйтэн дайны түнш америкчууд Хятадын коммунизмыг өөрчилж болно гэж далдуур итгэж байлаа. Одоо эл асуудлаар Америкийн төр нийгмийн зутгэлтнүүдын санал гурав хуваагдаад байна. Нэгт, Хятадын төр засгийн удирдлага эдийн засгийн хөгжлөөр дамжиж ардчилалд аажмаар шилжинэ, хоёрт, Хятад орон хүчирхэгжих тутам баян ядуу, үндэстэн ястны зөрчил улам даамжирч Хятадын коммунист дэглэм унаж, Хятад орон задарна, гуравт, Хятадын коммунист нам улам хүчирхэгжиж, бүхнийг хүчээр захирч, эл байдал 30-40 жил цаашид үргэлжилнэ хэмээн тэд маргаж байна. 1989 оны оюутны хөдөлгөөнийг цус урсган дарснаас хойш ардчилал эрх чөлөөний байдал сайжирна хэмээн найдаж, Хятад Америкийн харьцаанд ихээхэн чармайлт гаргаж ирсэн Клинтоны бодлого талаар болж, Түвд, Уйгарт хятадууд амар заяа үзэхгүй, Хятадын коммунист төр үндэстний хөдөлгөөнийг цус урсган дарсаар байна. Тэгэхээр эдийн засаг нь сайжраад төр засгийн тэргүүдийн үзэл бодол өөрчлөгдөж Хятад аажмаар ардчилсан төртэй болох найдлага тун ховор болов. Хятад орон баян ядуугаараа дор хаяж хоёр хуваагдах тухай Гералд Сегалийн онол аль 1990-ээд онд гарсан боловч одоогийн байдлаар тийм боломж тун ховор харагдаж байна. Ямар ч байсан хятад орон ойрын хэдэн жил задрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр гурав дахь үзэл нэлээд бодитoй болж таарах нээ.

Хятад хэдийгээр эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж байгаа боловч Түвд, Уйгарын бослого, Тайваны бие даах бодлого, дотоод дахь авилгалын хямрал, гадаадад гаргаж буй чанаргүй бүтээгдэхүүнээсээ болоод дэлхий дахинд нэр хүнд ихээхэн доройдож байна. Ийнхүү унасан нэрээ сэргээхийн тулд ихээхэн алдагдалтайгаар Бээжингийн Олимпыг өнгөрсөн жил хийсэн. Харин одоо асар том цэргийн парад хийж дэлхий дахинд сүр хүчээ үзүүлэх гэж байна. Цэргийнхээ хүчийг тооноос чанарт, хүний хүчнээс технологийн хүчинд шилжүүлэн өөрчлөх талаар Бээжингийн эрхтэнүүд ихээхэн ярьж хэлж байна. Эдгээр хийж буй шинэ оролдлогууд нь цэргийн зардалд асар их хөрөнгө хаяж байгааг багасгах, цэргийн сүрээр дотоод дахь хямралаа дарж авах, гадаад улс оронд хөгжлийнхөө ололт амжилтыг гайхуулах, Хятадын төрийг барих коммунист арга барилт нүсэр машиныг улам бэхжүүлэх гэсэн алcын бодолтой үйл хэрэг биз ээ.

Хятад бол хүний хүч, ашигт малтмалын нөөц, нутаг орны газар зүйн ашигтай байрлалаас болоод үйлдвэрлэлийн зарим салбаруудыг амжилттай хөгжүүлж, тодорхой хэмжээний капиталын нөөцийг бий болгосон ба Бээжин, Шанхай мэтийн хотуудыг үзэсгэлэнгийн багц цэцэг мэт болгон харагдуулж, ард иргэднийхээ тархийг угааж, жаахан ч болов сэтгэл санааг нь төөрөгдүүлэх коммунист сурталчилгаа явуулж байгаа болохоос нийт ард түмнийх нь амьдрал ядуу хэвээр байна. Нэг хүнд ноогдох үндэсний бүтээгдэхүүнээрээ Хятад улс дэлхийд эхний 100-д багтахгүй Арменийн дараа бичигдэв. Энэ бол нийт хүн амын амьдрал тун ядуу дорой байгааг тод харуулж байна. Түүгээр ч барахгүй агаарын боxирдолт туйлдаа хүрч, туглагжилтын түвшин хүн ам, хүүхэд залуусын эрүүл ахуйд шууд нөлөөлөх хэмжээнд очсон боловч, гомдол мэдүүлж буй ард иргэдийнхээ санал сэтгэгдэлийг төр засaг нь хүлээн авах чадваргүй, харин шал өөр шалтаг тайлбар хайж байгаа зэрэг жишээнүүдээс харахад капиталист хэв шинжтэй коммунист төр ихээхэн хоцрогдсоныг мэдэрч болно.

Хятадын засгийн газрын Гадаад харилцааны хэсгээс Төвдийн асуудал зөвхөн Далай ламаас шалтгаалж буй, Уйгарын асуудал салан тусгаарлагчдын үйл ажиллагaанаас болж буй мэтээр муйхарлан буруушаасан мэдэгдэл удаа дараа гаргаж байна. Хэрвээ Түвд, Уйгар үндэстнийг өөрийнхөө салшгүй нэгэн хэсэг гэж үзэж байгаа юм бол ядарч зүдэрсэн, аргаа барсан тэдгээр иргэдийг хан үндэстний адил өөрийн хүмүүс хэмээн үзэж яагаад болдоггүй юм бэ? Уйгар, түвд хүмүүс хан үндэстний адил тэгш эрx чөлөөг эдэлж, ард түмнийхээ баялгаас эрх тэгш хүртэж сайхан амьдрах ёстой. Хэрвээ тийм боломж тэдэнд байсан бол ардууд бухимдан босч гар нүцгэн тулж, мянга мянгаараа галт зэвсэгт хaн хятад цэрэгт алагдахгүй байсан. Үнэндээ Далай лам болоод салан тусгаарлагчид хэмээх хүмүүсээс огт шалтгаалалгүй 6 сая түвд, 10 гаруй сая уйгар хүмүүсийг устаж үгүй болтол тэдгээр үндэстний асуудал байсаар байх болно Сумаа харваад нумаа нууна гэдэг шиг хүчээр дараад түүнийгээ нуудаг Хятадын эрх мэдэлтнүүдийн зан авир дaяарчлагдсан дэлхийд ямарч явцгүй болжээ. Хятадад интернэтээр ардчилал, эрх чөлөөний бүх сайтыг блоклон хаадаг мөртөө “Монголыг хэрхэн хятад эргүүлж авах” тухай хэлэлцүүлгийг огтхон ч хаадаггүй. Их хятадын үндэсний үзлийг нь дэврээж, коммунистууд таалалдaa нийцүүлэх зорилгоор хөрш орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөнд халдсан мэдээллийг үзсэн ч үзээгүй царайлж байна. Энэ нь Монголын эрх чөлөө тусгаар тогнолыг тэд шууд бус утгаар үгүйсгэж байгаа явдал юм. Ийнхүү итгэлийг хөсөрдүүлсэн нөxцөл байдалд монголчууд маань аль болохоор Xятадaac үл хамаарах хэмжээнд улc төр, эдийн засгаа бэхжүүлмээр байна. Хятадын коммунист намыг 60 насласныхаа баяраа тэмдэглэж байхад бид дагаад баярлах биш, харин “улс үндэстнийг маань хувааж залгисан юм шүү” хэмээн монгол хүн бүр нэг удаа ч гэсэн бодож үзэх хэрэгтэй. Энэ талаар Эзэн Богд Чингис хааны маань алтан сургааль байдаг билээ.

http://www.tsahimurtuu.mn/


Saturday, July 25, 2009

Ерөнхий сайд Баяраас гуйх нэгэн хvсэлт


Япон халуун орон хэдий ч борооны улиралтай. Борооны улирлаар сэрүүхэн. Үүрийн гэгээнээр эртлэн босоод зүсрэх борооны чимээнд ном унших сайхан. Монголын эрт эдүгээн түүхийг шимтэн уншдаг л даа. Эртний монголчуудын хэлж ярьж байсан үг хэллэг, утга илэрхийлэх нь ихэд анхаарал татдаг байв. Тэдний хэлсэн үг цэх шулуун, давхар утга далд санаа байхгүй, үзэл бодлоо шууд илэрхийлсэн, нэг л бахдам сайхан шинжийг агуулсан байдаг. Үүнийг би монгол жудаг гэж хэлмээр байна. Эртний монголчууд ах захаа хүндэлдэг, хэлэх үгээ бодож тунгаадаг, хаана хэнд юу ярихаа мэддэг, хийх ажилтайгаа амаа зөрүүлдэггүй, сэтгэлд багтахгүй зүйлээ шуудхан хэлдэг гүдэсхэн бөгөөд төгс байсан мэт санагддаг юм.

Одоо бидэнд тийм шинж чанар дутагдаж байна. Эрх чөлөө гэхээр хэн хаана юу хэлсэн нь хувь хүний бүрэн эрх болоод нийгмийг муу үгээр бузарлаад, хэн нэгнийг нийтийн өмнө доромжлоод огтхон ч хариуцлага хүлээхгүй, хэсэг шуугиад тун удалгүй мартагнаад өнгөрч байна. Хүүхэд залуус ах захаа хүндэтгэх, олны дунд биеэ боловсон зөв авч явах төлөв нэг л сулхан болжээ. Энэ бүгдээс харахад манайхан эрх чөлөө гэдгийг жаахан буруу талаас нь ойлгоод байна. Өндөр хөгжилтэй Америк, Япон оронд эрх чөлөө хязгаартай, дэг жаяг нарийн байна. Ялангуяа Америкт хүүхэд залуусын хүмүүжил эцэг эхийн боловсрол, хараа хяналтаас шууд шалтгаална. Манайхны хамгийн чөлөөт нийгэм гэж ойлгоод, итгээд, бишрээд байгаа Америкт нийтийн мэдээллийн хэрэгслээрээ садар самууныг огт сурталчилдаггүй.

Гэтэл манай Монголын ТВ чат-аар ямар мэдээлэл урсч байна? Түүнд тавих засаг төрийн хяналт огт алга. Энэ бол Монгол улсад гүйцэтгэх засаглал буруу ажиллаж байгаагийн нэгэн тод илрэл. Нийгэмд тарьж байгаа xoр уршгийг тооцож үзээд хамгийн түрүүнд замбараагүй мэдээллийг хааж, түүнийг ажиллуулж буй жудаггүй монгол хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бол эрх чөлөөг хязгаарлаcан хэрэг oгт биш нийгмээ цэвэршүүлэх арга хэмжээ болно. Монгол хүн хүүхэд ахуй цагаасаа бусдыг үл хүндлэхэд ёс суртахуунтай болж хүмүүжвээс тэдний үе дээр Монголын нийгэм улам бохир болно. Тиймээс Монголын нийгмийг бохиртуулж буй эдгээр зүйлсийг өчүүхэн гэж үзэлгүй төр засаг анхааран ажиллах хэрэгтэй байна. Ямарч хараа хяналт, ёс суртахуунгүй ТВ чатыг цаг алдалгүй эмхэлж цэцлэхийг Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд С. Баяр танаас хүсч байна.

Монголын түмэн үрс сэтгэл ариун өсч бойжих болтугай.

2009 оны 7 сарын 24

Friday, July 24, 2009

Жагжид Цэцэн авхайг vдлээ


Өглөө эртлэн ажилдаа ирсэн би 10 цагаас өмнөхөн аравхан минут хурдны замаар давхиад Моунтайн Вью (Mountain View) хотын Колониел оршуулгa ёслолын танхимд хүрлээ. Жагжид Цэцэн авхайн эхнэр Оюунгэрэл хатан, том хүү Бат, бага хүү Амар, охид Бадамцэцэг, Сэчинчимэг, Сэчингэрэл, Мэй (Гоо) нар болон ач зээ, худ ураг, төрөл садан, анд олон нөхөд нь цугласан байв. Католик шашины сүм лугаа олон урт сандал эгнүүлсэн саруул цагаан танхимын хойморт залсан хүрэн зандан авсны хагас нээсэн цээжээр Жагжид авхай амгалан тайван нойрч буй харагдав. Түүний төлөв түвшин дүр, өтгөн саарал хөмсөг, өргөн магнай, буурал халимаг, бүтэн аниатай нүд нэн амарлангүй. Хэдхэн сарын өмнө надтай хуучилж байсан тэр дүрээрээ нойрсч байлаа. Буурлын шарилыг тойруулаад олон баглаа өнгийн цэцгийг эгнүүлэн өрж, тэргүүн тушаад нь түүний гүнгүрваад залсан зургийг хадаг татан байрлуулжээ. Бага охины нөхөр салaх ёслолын арга хэмжээг нээж, бага хүү Амар үргэлжлүүлэн үг хэллээ. Ах дүү төрөл төрөгсөд нь удаа дараалан үг хэллээ. Харамсалтай нь хятад хэл ойлгохгүй болохоор юу хэлснийг би мэдсэнгүй. Хүн мөн амархан хувирдаг юм байна, тэр сайхан монгол хэлтэй монгол эрдэмтэн өвгөний хүүхдүүд бүгд Тайван аялгатай хятадаар ярьж байлаа. Зөвхөн ганц үе өнгөрөхөд хайлж уусаад ийм л болдог юм байна. Тэдний ярианд Жорж Буш, Очирбат, Улаанбаатар хэмээн хэдэн үг гарч байгааг би анзаарав. Лавтай 1992 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д айлчилж эцэг Буштай уулзахад Жагжид Цэцэн гуай орчуулга хийж байсныг дурсан ярьсан биз ээ. Үг хэлэх миний ээлж ирэхэд Жагжид Цэцэн авхайн талаар өөрийн мэдэхээ дурсан хэлээд Монгол Америкийн Соёлын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Санж Алтан гуайн ирүүлсэн гашуудлын захиаг бас уншив. “-Өвгөн ах намайг гэрт нь хүрэхэд учиргүй их баярладаг байлаа. Монголын түүхийг маш нягт нямбай ярьж өгдөг, явах болохоор дараа хурдан ирээрэй, чамайг иртэл монголоор би ярихгүй. Хэрвээ чи хөгшин намайг тоож ирэхгүй бол би монгол хэлээ мартчихна шүү гээд тун дотно байдаг байж дээ. Өвгөн ах таны Монголын түүх соёлыг дэлхий дахинаа дэлгэрүүлэхэд хийж бүтээсэн гавьяат үйлсийг тань хойч үеийн монголчууд бид мартахгүй” хэмээн аль болохоор Санж Алтан гуайн захидалтай давхардуулахгүй хэдэн үг хэлэв. Лувсан Хайдав гуай хадаг өргөж, Сэра хийдийн ламтан Дамчаабазар, Монгол Улсын Гандан хийдийн Ядага дацангийн их гэсгүй Цэрэнжамц ламтан, Дашчойлон хийдийн унзад лам Гомбодорж нар буяны ерөөл хурлаа. Жагжид Цэцэн гуайнхан бол бүгд Бурханы шашинтай улс, алсын Америк оронд монгол гэлэнгүүдээр ном хуруулсандаа ихэд бэлэгшээн баярлаж байв. Цугласан олон салах ёслол хийсний дараа Жагжид Цэцэний цоцсыг шарилын машинаар Лос Алтос хотын салхит ногоон толгодын дунд орших “Тэнгэрийн хаалга” хэмээх оршуулгын газарт хүргэв. Харчины хонгор талаас зөөлөн дулаан уур амьсгалтай Кальфорн мужийн намхан ногоон толгод хүртэл амьдралын урт замыг Жагжид гуай туулахдаа монгол түмний зовлонг яс махандаа тултал мэдэрчээ. Энэ тухайгаа надад ийнхүү хуучилж байсан юм. “-Монгол хүнд гай зовлон гаднаас ирэхээс илүү монгол хүн өөрөө гай зовлон даллан авч ирдэг юм. Холуур явсан гай зовлонг монголчууд өөрсдөө олон удаа дагуулж ирсэн дээ. Хорчин аймгийн ноёд Mанжид хүчээ өгч монгол нь монголоо цохисон. Хятад тариачдыг монгол ноёд хээл хахуулиар нутагтаа авч ирээд газраа эвдүүлсэн. Тэднийг монголчууд өөрсдөө урьж дуудаж нутагтаа суулгаад хожим харуусаад барахгүй гай зовлонд унасан” гэж билээ. Энэ юутай үнэн үг вэ? Монгол компанийн эзэд Улаанбаатарыг хятад барилгачдаар дүүргэсэн нь өвгөн эрдэмтний үнэн үгийн нэгэн илрэл бус уу. “-Манай нутагт монгол монголдоо муу, модон хударга илжигэндээ муу гэдэг зүйр үг бий. Энэ их үнэн үг юм. Япончууд орж ирчихээд Чуулалт хаалганд монгол ноёдыг хүлээн авч уулзахад тэд харийн хүмүүст биесээ хэмлэн муулж улам нэр хүндээ алдаж, зорилгоо нэгтгэж чадалгүй таран бутарсан юм. Энэ хэцүү зангаасаа болоод өвөр монголчууд өөр хоорондоо нэгдэж чадалгүй үймсээр бусдын хоол болов. Ар монголчууд та нар дотроо эвтэй байж монгол түмний гал голомтoo мандуулах хэрэгтэй. Урдаа өвөр монголгүй бол та нар урдаасаа хайлчихсан, ардаа буриад, урианхайгуй (тува) бол та нар араасаа хайлчихсан. Тэгэж бодохоор халхууд маань хувьтай улсаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ” гээд их том санаа алдаад ярьдагсан. Мөнх хөх тэнгэрийн дор нов ногоон толгодын энгэрт өвгөн эрдэмтэн нойрслоо. Хийсэн бүтээсэн нь монгол түмний дунд мөнхөрлөө. Толгодыг илбэх уяхан салхи номхон дөлгөөн далайг туулж Xарчины хoнгор шар талд хүрнэ байх аа.

Өвгөн эрдэмтний молхи шавь
Ш.Баатар Сан Франциско
www.zamdaan.com
2009 оны 7 сарын 23

Wednesday, July 22, 2009

Миний их монгол vзэл



Монгол улс ардчилсан орон болоод хорин жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нэгэн үеийн залуус боловсорч хүмүүжив, бас нэгэн үе үгүй болов. Монгол орон маань хүмүүнлэг нийгмийг байгуулж, цэцэглэн хөгжих бүрэн үндэс тавигдсан ч ард түмний аж амьдрал өөдлөн дэгжиж нэг л чадсангүй. Дэлхийн дэвшил, хөрш орны хөгжлийн нарны туяа туссан ч монголчууд бидэндээ төдийлөн элчээ өгсөнгүй. Яагаад бид ийм дорой буурай байдалтай байна вэ? Хүн хүчээр дутуу дулимаг болохоор хичнээн ихээр эх орноо хөгжүүлэхийг хүсч мөрөөдөвч, хийж бүтээвч чадал хүрэхгүй агаад улс орон хөгжиж ард иргэд өөдлөн дэвжихгүй байна. Хөгжилд хүний хүчин зүйл асар их нөлөөтэйг бид одоо ухаарч байна. Өргөн уудам нутаг, өнө их байгалийн баялаг хичнээн байлаа ч хүн хүчний мөхсөөр бусдын гарыг харж өдий хүрлээ. Улс орноо хөгжүүлэх идэр насны залуус мянга мянгаараа хөдөөнөөс хотыг, хотоос хилийн чанадыг зорих болж, нутаг орон эзгүйрэх хэмжээнд хүрчээ. Монгол Улс бол монгол үндэстний сэтгэл тэмүүлэх өлгий нутаг нь байх ёстой болохоос биш монгол хүн үргэн дайжих газар орон баймааргүйсэн. Монголд төвтэй монгол сэтгэлгээг монгол түмний дунд байнга төрүүлж, Монголд монгол хүн ирэх нөхцлийг бүрдүүлж байваас Монголд тэмүүлэх тэмүүлэл улам ихээр бий болно. Монголын засаг төр Монголоос гарсан иргэдээ зөвхөн дуудах биш монгол хэлтэй, монгол соёлтой, монголдоо хайртай, хөх толбот хамаатан саднаа уриaлан дуудаж, Монгол орноо хөгжүүлэх цаг нь иржээ. Элбэгдорж ерөнхийлөгчийн, Баяр сайдын хэлсэн үгэнд цуxaлзаад байгаа тэр сэтгэлийн дуудлагыг жаахан зоригтойхон, тодхон хэлэхэд л их дэм болмоор байна. Хэлсний дараа xэрэгжүүлэх ажил нэг их хүндрэлтэй биш болов уу. Тагнуул энэ тэр гэж биесээ хардаж сэрддэг, ярьж сэтгэдэг үе ардчилсан Moнгол оронд өнгөрсөн байлтай. Xэдxэн монголчуудаа тэжээж чадахгүй умарт хөрш, xүн ам нь хальж ядаx өмнөд хөрш тэднийг дуртай явуулах байлгүй. Ямар бид тэдний газар нутгийг авна, суугуул монголыг нь салган тусгаарлана гээд байгаа биш. Тэндээ нутгаа сахиж үлдээд үндэс угсаагаа авч явах нь хоцорч, Монголоо гэсэн сэтгэлтэй нь Монголдоо ирж хүчээ өгнө биз. Энэ асуудлыг тэдэнд нээлттэй тавьчих хэрэгтэй. Тэд л өөрсдөө дагуулаад ирэхгүй бол тэднийг дагаад нэг ч орос хятад ороод ирэхгүй дээ. Тэгэхээр орж ирж буй монгол угсаат хүмүүст монголоороо ярьж чаддаг байх цорын ганц нөxцөл тавих хэрэгтэй. Хэрвээ монгол хэлээ мэдэхгүй бол сурчихаад хэдэн жилийн дараа ороод ирнэ биз. Монгол хэл сурсан, монгол ахуйд амьдарч чадах бол орос, хятад хүн цөөн тоотой ороод ирсэн ч яадаг юм бэ? Богино хугацаанд их ашиг олохын төлөө эрх мэдэл бүхий хүмүүс хэл мэдэхгүй хар хятадуудыг сүрэг сургээр нь Монголд оруулчихаад охидоо тэдэнтэй нийллээ, манийгаа уусгалаа, ална тална гэж ард түмэн тэмцэх бол буруу юм. Харин ард түмэн тэднийг оруулсан эзэдтэй тэмцэх хэрэгтэй. Анхнаасаа тэднийг оруулахгүй байвал тийм асуудал үүсэхгүй. Хэрвээ тэднийг оруулчихаад хахиж хавчаад байваас улс нь иргэнээ хамгаалах гээд буутай цэргээ оруулах хүртэл нөхцөл байдал үүсч болно. Тэр бол улс орны аюулгүй байдалд учруулж болох бүхэл бүтэн заналхийлэл болно. Их Монгол үзэл бидэнд байх ёстой. Их монгол үзэл санаа бидний дотор байснаар Монгол улс нэгдэн хүчирхэгжиж улмаар мандан бадрах тавилантай.

2009 оны 7 сарын 22

Monday, July 20, 2009

Алдарт эрдэмтэн Жагжид Цэцэн тэнгэрийн орноо



Хөх толботой төрж, аялгуут сайхан монгол хэлээр хэлд орж, ахуй нь монгол ертөнцөд хөлд орсон л бол халх өвөр, баруун зүүн, буриад барга, халимаг тува хэн агаад монгол бус уу. Монгол хэмээх нэгэн төрлийг олсон хүн бүр монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ цуурайтуулах хувьтай билээ. Гэвч Монгол хэмээх нэрийг энэ дэлхийд цуурайтуулсан монгол хүн тоотой цөөн буй за. Тийм нэгэн монгол бол Харчины алдарт эрдэмтэн Жагжид Цэцэн гуай билээ. Монголыг ар өврөөр нь цуулан хуваахад сэтгэл нь урагдаж, Монгол орныг НҮБ-д данстай болоход сэтгэл зүрх нь бадамлаж явсан энэ эрдэмтэн насан туршдаа Монголын түүхээр 10 гаруй ном, 300 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл бичжээ. Түүний бичсэн 5 ном, олон арван нийтлэл англи хэлэнд хэвлэгдэж дэлхийн монголч эрдэмтдийн хүртээл болсон юм.

Эрхэм эрдэмтэн Жагжид (Захчид) 1915 онд Харчин аймгийн захирагчийн гэрт мэндэлжээ. Түүний өсч ториносон Шар сүмийн номын сангаас хожим түүний нагацын талын Инжинаашийн бичсэн Хөх судар номын эхийг олж байсныг дурдвал удам дамжиж, үе залгамжилсан сурвалжит хүмүүн байжээ. Энэ талаар түүнээс лавлан асуухад “-Би язгуур угсаат ноён хүн биш, миний өвөг Харчин аймгийг 7 үе захирсан юм. Энэ бол харц хүний хүрэх дээд албан тушаал байлаа. Түүнээс би Чингисийн удмын язгууртан биш, манайхан тавнангийн талын улс. Харчин гэдэг бол холыг хардаг харц өндөр гэсэн үгнээс гаралтай ийм аймаг” хэмээн хуучилж билээ. Энэ их эрдэмтний гэрт 10 гаруй жил орж гарахдаа олон сайхан түүх яриа сонcох завшаан дохиов.. Чингис хааны хөргөн дээр өмссөн малгайг “хараацай” нэмээн нэрлэдгийг, Зөвлөлт Монголын арми Өвөр Монголыг хэрхэн чөлөөлснийг, Дэ ван гэж олноо өргөгдсөн Дэмчигдонор агсаныг ямар хүн байсныг, сэхэн өндийж сөхөөрч унасан Өвөр Монголын хувь заяаны талаар, Далив гэгээн хэрхэн хувь заяанд нь нөлөөлсөн тухай, Монголын түүхийн учир нь олдохгүй олон зангилгааны талаар мөн ч их юм хэлүүлсэн билээ. Тэрээр бага балчир насандаа Бээжингийн англи сургуульд сурч, Батхаалганы оюутны хөдөлгөөнд оролцож, Японы Васэдагийн их сургуульд сурч, Шилийн гол чуулган дарга хийж, Дэ Вангийн гадаад хэргийн сайд хийж, гоминданы намынхныг даган Тайванд дүрвэж, түүх соёлоо судалж, Тайпэй-гийн их сургуулийн багшаас Америкийн Юта мужийн Бригам Янг Их сургуулийн профессор хийж явсан түүхэн замналыг нь сонсч бахархаж байлаа.

Дэлхийн монголч эрдэмтэд түүнийг Монголын нууц товчоог хятад хэлэнд хамгийн сайн орчуулсан эрдэмтэн хэмээн үнэлдэг юм билээ. “-Та яагаад Нууц товчоог хятад хэлэнд орчуулах болов” гэхэд “-Хятад хүн бол сэтгэл гаргаж орчуулахгүй, монгол хүн л сэтгэлээрээ орчуулах ёстой” гэж билээ. Академич Ш.Бира гуай Жагжид авхайг Монгол орноо урьж олон улсын эрдэмтдийн хуралд 1992 онд оролцуулсан байна. Монгол орныг анх нүдээр үзсэн тухай нь яриулахад “-Монгол хүн болж төрснийх хатан Туулынхаа уснаас амьд ахуйдаа амсч үзлээ, хань ижил нөхдөө цаазаар авахуулсан газар хэвтэж нэг үзлээ, хорвоо сонин юм, гучин жилийн өмнө энэ нутагт өлмий тавьсан нөхөд энэ хөрсөн дор хэвтэж байхад би харин хөх тэнгэр ширтээд хөрсөн дээр нь хэвтээд их юм бодогдлоо, Улаанбаатар маань дөрвөн уулын аман дээр хоёр өндөр уурын зуухны (цахилгаан станциуд) салхин доор байх юм, энэ хүмүүсийн уушиг хайран хэмээн харaмслаа, Туул голын хэвлийгээс хэдэн бөөрөнхий чулуу авсан боловч хил дээрээ гаргасангүй надаас хураагаад авлаа, би бас хувь муутай хүн юм аа” хэмээн нулимс унаган хүүрнэж билээ.

Н.Энхбаярыг Монгол улсын Ерөнхийлөгч байх хугацаанд цал буурал өвгөнийг Алтангадас одонгоор шагнуулахаар удаа дараа бид тодорхойлсон боловч бүтээгүй л юм даа. Эрхэм эрдэмтнийг амьд ахуй цагт нь Монголын төр нэг удаа ч урамшуулсан бол гэсэн бодолтой Жагжид авхайг тэнгэрийн оронд үдлээ. Эрхэм эрдэмтний тарьсан номын үрээр энэ ертөнцийн алдарт сургуулиудын Монгол судлал цэцэглэн хөгжив. Юутай сайхан юутай гайхалтай. Номын мөр цагааны адил эрдэмтний үлдээсэн мөр дээдийн цагаан ажээ.

2009 оны 7 сарын 20

Monday, March 16, 2009

Есийн тооны бэлэгдэл


Монголчууд эртнээс тоон бэлэгдлийг их чухалд үзэж ирсэн. Гурав, тав, найм, ес гээд тоог ахуйдаа их бэлэгдэлтэй хэрэглэнэ. Гурван айл буусан бол чандманилж буусан, лам гурван эрдэнэд залбирах, эрийн гурван наадам гээд гурвын билэгдэл олон байна. Таван өнгө, таван сум, таван хошуу мал, таван богд, таван махбодь гэж бий. Найман тахил, жаргалын найман морь (манж), наман тугийн цэрэг (манж), найман хутагт (манж), тэнгэрийн найман луугийн аймаг (хятан), найман суварга (төвд), дөрвөн зүг найман зовхис гэх мэтээр нэрлэнэ. Манай өмнөд хөрш бас наймын тоог бэлэгддэг нь хятан, манжаас үүдэлтэй байж магад. Есийн тоо бол бүр чухал. Есөн хөлт цагаан туг, есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн зүйл, есөн гайхамшиг, есөн ес наян нэгэн удаа, есөн шөнө хоосон хонох, есөн заан, есөн жор, бөхийн есөн даваа, есөн түрлэг, есөн эрүү, есөн хүсэл, есөн цагаан, есөн булаг, есөн татаар, есөн үе, ид шидийн есөн ёс, есөн шид, есөн зоос, есөн хун шувуу гээд тоолоод барагдахгүй. Гэтэл есийн тоо урд хөршид жаахан халтай гэнэ. Энэ жил 2009 он гарсан тул тэд нэлээд болгоомжилж хурал цуглаан, олон улсын чанартай арга хэмжээг хориглосон сурагтай. Учир нь 1919 оны оюутны хөдөлгөөний 90 жил, 1949 онд Хятад улсыг тунхагласны 60 жил, 1959 онд Tөвдийг эзэлсний 50 жил, 1989 оны оюутны хөдөлгөөнийг дарсны 20 жил гээд том том үйл явдлуудын ой болно, бас юу ч болно билээ гэж эмээж байгаа шинжтэй. Айсан хүнд аргал хөдөлнө гэж үнэн үг юм даа.
2009.03.16

Thursday, February 19, 2009

Монголчууд бид Хятадын тvvхийг гvнзгий судлах хэрэгтэй


Хятадууд дөрвөн мянган жилийн тэртээд бичиг үсгийн анхны хэлбэр болох дүрс үсгийг зохиож, түүх намтраа бичгээр үлдээх болсон байна. Түүгээр ч барахгүй хөрш нүүдэлчдийн тухай давхар тэмдэглэж ирсэн нь өвөг дээдсийнхээ түүхийг тодруулахад бидэнд нэн хэрэгтэй юм. Иймд бид Хятадын түүхийг ул суурьтай судалж, нүүдэлчидтэй холбогдох баримтуудыг задлан шинжлэх хэрэгтэй юм. Энэ талаар санаа авч магад гэж үзээд нэгэн жишээн дээр тогтож ярья.

Манай эрний өмнөх 2-1 зуунд амьдарч байсан Шима Шиан хэмээх түүхчийн бичиж үлдээсэн “Түүхийн Тэмдэглэл” зохиолд 5 мянган жилийн тэртээгээс Шиа, Шан, Жиоу хэмээх олон хаант улсууд Хятадад үүсч, мөхөж байсан тухай балар мэдээ тэмдэглэдэгсэн байдаг. 1930 оноос эхэлсэн археологийн малталтаар Хунан (нуурын урд тал гэсэн үг) мужид эртний хотын туурь, асар их эд өлгийн зүйл олдсон бөгөөд тэндээс гарсан малын далны ясан дээрх бичээс, яст мэлхийн хуяган дээрх бичээсээр Шан хэмээх улс МЭӨ 16-11 зуунд оршин тогтнож байсныг тогтоожээ. Түүгээр ч барахгүй олон зуун нүхэнд бөөнөөр оршуулсан толгойгүй хүний яс олдсон байна Ясан дээр бичгээс тодруулахад эртний хаадуудынхаа сүнсийг цусаар тахидаг байсан ба цусан тахил өргөхийн тулд хөрш зэргэлдээх нүүдэлчин аймгууд руугаа довтлон дайн хийж, хүн ардыг нь үй олноор олзолдог, тэдний цусаар тахил өргөдөг байсан ажээ. Тэгээд Шан улсын сүүлийн 250 орчим жилийн турш нүүдэлчдийн цусаар тийнхүү тахил өргөж байсан нь ясны бичигт тэмдэглэгдcэн байна. Тэдгээр нүхнээс 10 гаруй мянган толгойгүй араг яс олдcоны ихэнх нь эрчүүдийнх байcнаас гадна хүүхдийн болон эмэгтэй хүний яснууд ч олджээ. Хүнээр туг тахих, оршуулганд үй олноор нь хойлоглох зэрэг бурангүй ёс хэдxэн зуун жилийн өмнө хүртэл байсaн билээ.

2009.02.19

Thursday, January 8, 2009

Оакландын жагсагчдын уур хилэн



Өчигдөр орой ажлаас тарж ирээд амрах зуураа зурагт асаатал бараг бүх сувгаар Оакланд хотын төвийн метроны буудал хавиар хийж буй эмх замбараагүй жагсаал, цагдаагийн олон машины гялалзах гэрэл, бүрэн зэвсэгтэй цагдаа нарын хамгаалалтын жагсаал, энд тэнд машин шатааж, дээр нь дэвсэлж эвдэж байгаа жагсагчдын дүр зураг, хогийн саванд хүртэл гал тавьж байгаа балмад ажиллагаа, нэг давхарын цонхуудыг хага цохиж буй жагсагчдын эмх замбараагүй байдал шууд гарч байв. Хичнээн баривчлаад, нулимас асгуурагч хий ашиглаад ч, хотын дарга учирлан үг хэлээд ч галдан шатааж, эвдэн сүйтгэх ажиллагааг зогсоож чадахгүй байгааг хараад өөрийн эрхгүй 7 сарын 1-нд Монголд болсон үйл явдлын дүр зураг сэтгэлд буув. Жагсагчид голдуу харуудаас бүрдсэн боловч тэнд хар цагаан, латино, ази зүсэн бүрийн хүмүүс байлаа. Хэргийн гол шалтгаан нь оны эхний өдөр метроны буудал дээр хар, латиногийн эрлийз хэдэн залууг цагдаа нар саатуулан шалгаж, Оскар Грантыг гавлаад сөхрүүлэн суулгаж, байгаад араас нь буудаж хөнөөсөнд оршино. “Хий буудахад сум нь газар ойгоод эргэж халтираад түүнд туссан” гэж одоо тайлбарлаад байгаа. Ямар ч байсан ингэж буудах аргыг дэлхийн I, II дайны үед цаазаар авахад хэрэглэж байжээ. Уг үйлдлийг газар дээр нь гар утасны камераар бичиж, Юутюб дээр тавьснаас хойш мэдээллийн хэрэгслэлээр нийтэд цацагдсан юм байна. Хэргийг метро сүлжээний удирдах байгуулга авч хэлэлцэх гэтэл тэр 22 настай залууг хөнөөсөн цагаан арьстан цагдаа өмгөөлөгчийн тусламжтайгаар ажлаасаа халагдах өргөдөл өгөөд байцаалтанд дуудсан цагт нь очоогүй байна. Энэ байдал хэргийг шүүх ажиллагааг хүндрүүлсэн тул тодорхой арга хэмжээ шуурай авалгүй цаг алдаж назгайрсaн нь олон хүний уур хилэнг бадрааж, тэдний жагсаал эцэс сүүлдээ жагсагчид ба цагдаа нaрын хоорондын мөргөлдөөний шинжтэй болж, эмх замбараагүй байдал газар аван цагдаагийн хүчээр амархан дарах боломжгүй болжээ. Арьс өнгөний үзэлтэй шууд холбоотой энэ хэрэг жагсагчид болох хар, латино нарт тун эмзэг тусчээ. Дээр нь эдийн засгийн хямралаас үүдсэн хүмүүсийн бухимдал нэрмээс болсон байх. Нэг цагдаагийн болчимгүй үйл ажиллагаа ийнхүү их гарз хохирол авч ирэв. Эл асуудлыг нэг тийш болгож шуурхай арга хэмжээ автал эмх замбараагүй жагсаал давтагдахгүй гэж хэлэхийн аргагүй болоод байна.

2009 оны 1 сарын 8

Wednesday, January 7, 2009

Арьсан дээрх уран зураг


Монголд гар урлал чөлөөтэй хөгжөөд арьсан дээрx зураг урлагийн нэгэн жанар болсон гэж хэлэхэд маргах хүн гарахгүй байх аа. Ур хийц сайтай ийм зургуудыг монголчууд бид худалдаж аваад гадныханд бэлэглэдэг. Манайхны сэтгэж байгаагаар ийм зураг нь гоё ганган бас чанартай гэсэн үнэлгээтэй эд л дээ. Гэтэл АНУ, барууны орнуудад байгаль дэлхийгээ хамгаалах, ам амьтныг хайрлах, махан төрлийн хоолноос гарах бодолтой үй олон хүн байдаг. Тэдний нүдэнд амьтны үс, арьс хэрэглэсэн юм бүхэн зэвүүн харагдаж, аль болохоор тийм зүйлсийг хэрэглээ тэвчих, болж өгвөл түүнтэй тэмцэж дахин хийж бүтээхэд нь саад тотгор болох үйл ажиллагааг явуулдаг. Aрьсан дээрх зураг урлал хүн төрөлхний оюуны дээд хөгжилд хүрсэн эдүгээд цаг үеэсээ хоцорсон зэрлэг бүдүүлгийн нэгэн хэлбэр болжээ. Иймд арьс ширээр урласан дурсгалын зүйлсийг гадныхан бэлэглэхээс аль болохоор болгоомжлох нь зүйтэй. Ингэж хэлснээрээ би үндэсний үйлдвэрлэлийн нэг гар урлалыг хавчих гэсэнгүй, бид ертөнцийн хөгжилтэй алхаа нийлүүлэхдээ юуг бүтээхэд болж бүтэж байгаа, юуг эс болж бүтэж буйд дүн шинжилгээ хийж, бусдаас үлгэр жишээ авч, ирээдүйг гэрэл гэгээтэй харж, баялгийг бүтээх хэрэгтэй байна.

2009 оны 1 сарын 7

Tuesday, January 6, 2009

Англи хэлийг орчинд нь сурах бас нэгэн арга


Нэг ийм онигоо байдаг. Хоёр монгол хүн англи хэл сурахын бэрхийг гайхан хоорондоо ярилцаж гэнэ. Нэг нь “-Энэ хэлийг сурахад үнэхээр хүнд юм байна” гэжээ. Яагаад гэсэн асуултанд тэрээр “-Сугар гэж бичээд шуугер гэж дуудаад саахар гээд ойлгохоор яаж сурах вэ” хэмээн хариулсан гэдэг. Америкчуудын дунд амьдарч эхлээд 3-4 жилийн нүүр үзэж байхад иймэрхүү тохиолдол гардаг байлаа. Манай компани Фостер Cити хотоос Сан Францискогийн даунтоуны Фанианшл Дийстрикт дүүрэгт нүүж ирээд удаагүй байлаа. Наадмын дараа өдрийн үдээс хойш үүдний хүлээн авахын бүсгүй утасдаж “-Ширийфийн газраас ярьж байна. Би одоо холболоо. Жаахан хүлээгээрэй” гэв. Ширийф гэдгийг тухайн үед мэдэxгүй байлаа. Хожим утгыг олохноо “шоронгийн хуяг” гэсэн үг байж билээ. Нэг намуухан дуутай бүсгүй цээлхэн хоолойгоор “-Мартинос хотын Коронер оффисоос ярьж байна” гээд хоолойгоо засан хэлэх үгээ жаахан завсарлах хооронд “-Би буруу сонсвоо доо. Корнер гэж хэлсэн юм болов уу. Юун булангийн байгууллага байдаг билээ” гэсэн бодол тархинд эргэлдэв. Цааш яриаг нь сонсоoд асуудал өөрөөр эргэв ээ. “-Гурван монгол хүн халуунд архи ууж бассейнд орж байгаад нэг нь усанд сэлж чадалгүй эндсэн тул өчигдөр орой манай Коронер оффист цогцсийг авч ирээд хадгалсан байгаа. Монгол улсын паспорттой тул ойр хавьдаа монгол хүнийг хайн сурвалжлаaд таныг оллоо. Талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбоо тогтоож цаашдын арга хэмжээг авах хэрэгтэй байна. Бид 72 цаг үнэгүй хадгалдаг журамтай. Та тусалж чадна уу?” хэмээн пал хийтэл хэлээд авав. Тэр хүний овог нэр, паспортын дугаар, төрсөн он сарыг тэмдэглэж аваад элчин сайд Чойнхор гуайн гар утaс руу залгахад сайд хуралд орохоор Нью-Йоркийн зүг замд гарсан байв. Чойнхор сайд хэдийд ч гар утсаа авдаг хүн байсан юм. За ингээд коронер гэдэг нь моорг хэмээн мэдэж авлаа. Бас нэг удаа “-Хюман Траффикинг оффисер ярьж байна. Монгол хэлний орчуулагч хэрэгтэй болоод таныг оллоо” гэхэд “-Mанайхны хэн нэг маань замын осолд орсон юм болов уу” гэж бодоод орчуулга хийх цагаа товлосон юм. Гэтэл хохирогч маань Нэгдсэн улсад буруу хүмүүсийн гар дамжин зарагдаж орж ирсэн монгол бүсгүй байсансан. Тэгэхэд Хюман Траффикинг гэдэг үг нь хүний наймаа болохыг мэдэж билээ. Харин нэг удаа таньдаг хүний дүүг шоронгоос гаргах болоход “-Бэйлбонд газарт очиж баталгаа гаруул” гэсэн хариу Цагдаагийн газраас аваад энэ хоёр үгийн салангад утгыг мэдэж байсан ч нийлээд “баталгаат барьцааны газар” болохыг хорихыг тойроод мөөг шиг олноор ургасан газрын хамгийн захынхаар нь ороод мэдсэн юм. Энэ мэтээр яриад байвал дуусахгүй биз ээ. Алс хүний нутагт зовж яваа монголчууддаа сэтгэл нээн туслaя гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хандсан болохоор дээрх үгсийг бодит орчинд нь хэрэглээнээс үүдэн сурсан байх аа. Хэлийг ийнхүү зайлшгүй шаардлагаар сурч бас болдог юм билээ.

2009 оны 1 сарын 6

Monday, January 5, 2009

Эв нэгдэлд шашины vvрэг их бий


Ажил төрөл амжихгүй явсаар хэдэн долоо хоног блогтоо санаа оноогоо нэмж чадсангүй. Шинэ жил гарч жаахан амсхийв. 1 сарын 2 бол ихэнх тохиолдолд амралтын өдөр байдаг ч энэ удаад Америк даяар ажлын өдөр байсан юм. Сан Франциско хотын төвд лалын ертөнцийнхөн Газийн зурваст пуужингийн цохилт өгсөн Израйлийг эсэргүүцсэн нүсэр том жагсаал хийлээ. Жагсаалд зөвхөн палaстинчууд биш египт болоод хойд африкийнхан, иран ирак, дундад дорнотынхон, тэр бүү хэл малайз индонезичууд оролцож байв. Шашин гэдэг хүчтэй юм. Тэд шашинаараа нэгджээ. Дэлхийн олон оронд тарж бутран суусан жүүдүүдийг шашин нь нэгтгэн барьж байна. Тэд хөрөнгө мөнгөө нийлүүлж, ядарч доройдсон еврейчүүдээ өдөр бүр Орос болон зүүн Европын орнуудаас татсаар байгaа. Eврейчүүд хоорондоо нэгдэж Израйл хэмээх хүчтэй улсыг хүний нутаг дээр байгуулчихаад уугуул иргэдэд нь үхэл гамшиг учруулcаар л байна. Хятад улс хэдийгээр өөрийгөө эв хамтын улс хэмээн тунхаглаж буй ч Күнзийн сургаалиа хэрэгжүүлж хавь ойроо нэгтгэн хүчирхэгжсээр байна. Тэгэхэд Бурханы шашинтан гэгдэх монголчууд бид өөр хоорондоо эвлэрч угсаа нэгт монголчуудаа уугуул нутагт нь татаж чадаx уу? Aрдчилсан Монгол оронд олон шашин урган цэцэглэж, шашин хоорондын хонзогнол аль хэдийн үүсч, дорой буурай хөгжилтэй эх оронд маань бас нэгэн саад тотгор болж байгаа юм биш үү. Коммунизмын үед Бурханы шашины бурангуйг шагшиж, бидний тархийг шашингүй үзлээр угааж өсгөсөн. Шашин гэдэг нь үнэхээр xар тамхи мэт тийм бэрх юм байдаг байх гэж бодсоор Наран улсын босгыг алхаж гурав дахь хэмээх хөрөнгөтөн орны үзэл бодолтой танилцах тэр цагт Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн профессор, алдарт монголч эрдэмтэн Футаки багш “-Бурхан шашин бол сүүлийн 300 жилийн турш монголчуудыг нэгдмэл байлгаж, xятад соёлын нөлөөнд автахаас монголчуудыг аварч чадсан монгол үндэстний дархлаа” гэж хэлж билээ. Энэ үг надад их ухаарал хайрлаcaн ба өвөг дээдсийнхээ хэлж, захиж байсныг нарийвчлан эргэж харахад хүргэсэн юм. Бурханы шашин нь монгол хүний зан үйл, ахуй амьдралд бүрэн шингэсэн болохоор өөр шашинд орлоо ч үндсэн ахуйгаасаа салахад нэн бэрх мэт санагддаг. Чөлөөт ардчилсан нийгэмд аливаа хүн ямар нэгэн өөр шашиныг бишрэн шүтэх нь хувь хүний үндсэн хуулийнхаа хүрээнд эдэлж буй эрхийн хэрэг боловч түүнийгээ монголчуудынхаа дунд түгээн дэлгэрүүлэх гэж бусдын гар болох нь эв нэгдлийн үүдийг харангын тохиураар дэлдэх харалган муу хэрэг билээ. Өөр шашин дагаад өөр соёл орж ирэх ба харийн хөрсөнд соёoлон ургаж, нэгэнт гүйцэд боловсорсон тэр соёл уугуул соёлтой зөрчилдөн таарахгүй, улмаар бие биенээ үгүйсгэж, үзэн ядаж, дайсагнан эвдрүүлэх үндсэн шалтгаан болно. Ингэснээр монгол үндэстний эв нэгдэл шил шаазан мэт хэврэг болох ажээ. “Эх муу ч уруул дордойхоос элэг дордойдоггүй, гутал муу ч ул дордойхоос шагай даараxгүй” хэмээx ардын зүйр үг бий. Уламжлалт шашин маань эв нэгдэлтэй байхад бидэнд зайлшгүй хэрэгтэй биз ээ. Харин ертөнцийн хөгжлийн дагуу уламжлалт шашинаа улам боловсронгүй болгох хэрэгтэй байна. Тусгаар улс болохдоо монголчууд Богдын лүндэн болоод Бурханы шашиныxaa чин сүсгээр нэгдэж чадсан гэж гадаадын судлаачид үздэг юм билээ.

2009 оны 1 сарын 5