Thursday, March 10, 2011

ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ


АКИМЫГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАЖ,
ГЭР ХОТЛООР НЬ ХҮЙС ТЭМТРЭХИЙГ
САНААРХАЖ БУЙ ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ
ХАРИУ


Муусайн яргачин хийгээд алуурчид аа!
“Монголын мэдээ” хэмээх зуунаас урт ганцхан өдөр наслах шар сонины С.Энхзаяа хэмээх морь унасан толгойгүй хүн Г.Акимын аймшигтай гэмт хэргийг илрүүлэн нийтэлжээ. Тэр нь юу гэвэл Г.Аким гэгч зөнтөг луйварчин “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдан буй 108 боть Ганжуур, 226 боть Данжуурыг бүхлээр Орост гаргаад худалдчихсан” гэнэ. Тэгээд тэр “Манай улсын түүх, соёлын үнэт өвийн жагсаалтад дээгүүр бүртгэгддэг дээрх бүтээлүүдийг хууль бусаар харийнхны гарт өгч, үнэ цэнийг нь алдагдуулж, соёлоо худалдаалсан хэрэг…” үйлдсэн учир дээлээ толгой дээгүүрээ нөмрөх нь холгүй байна” гэнэ. Ингээд үүнд нь эрүү үүсгээд “нэрт соён гэгээрүүлэгч маань бүтээсэн ариун үйлсийнхээ эсрэг гутамшигт зүйл хийснийг хууль хяналтынхан удахгүй тогтоох” гэнэ. Ингэж нисгэсэн “хуурамч нугас” хүний мууд дуртай шар сонин, шар сайтуудын хувьд уухайн тас шүүрэн авч, алга үрчин дэлгэх сенсаац гээч болов. Ай, хөөрхий ч юмнууд бол доо! Үнэхээр аюумшигт гэмтэнг олж, үнэхээр аюумшигт гэмт хэрэг илрүүлсэн бол таануус үнхэлцэг баатарууд болно л доо! Харамсалтай нь, даан ч тиймгүй юм. Тийм ээ, таануус үнхэлцэг баатар ч болж чадахгүй. Учир нь…


Таануусын харийнхны гарт буюу Орост худалдсан 334 боть ном чинь Үндэсний номын сангийн Монгол судлалын номын тусгай хөмрөгт хадгалагдаж байдаг юм аа. Мөн хэдэн боть нь тус номын сангийн Үнэт ховор номын музейд тавиастай байдаг бөгөөд тус бүрдээ эрхлэн хариуцаж байдаг хүнтэй, дас дуран тавиастай, түүнийг нь номын сангийн харуулууд цахим тооцоолуур дээр хянаж байдаг юм аа. Ботиуд нь 80 орчим см урт, 30 орчим см өргөн, 25-40 орчм см өндөр, 17-25 орчим кг хүнд юм. Ийм 334 ботийг тусгай фонднуудаас өвгөн би зөөж гараад, лав л машинд ачих хэрэг гарна. Гэтэл эдгээрийг микроавтобус бол лав даахгүй, фургонд лав багтахгүй. Тэгэхлээр зил 130 машиныг Тэхийн зогсоолоос хөлслөн авч түүнд ачиж таарах байх. Тэгэж хөл болж байхад номын сангийнхан, харуул хамгаалалтынхан юу хийж байх вэ, хаана байж байх вэ? За тэгээд тэр их ачааг вогооноор л авч явахаас мэхгүй. Вогооны гуравны нэгийг эзлэх тэр их бөгөөд нандин ачааг Монгол Улсын хил, Орос Улсын хилээр гаргах асуудал гарна аа даа. Тэрнийг би яах бол? Хилчид хийгээд гаалийнхныг худалдаж авах уу? Тэд худалдагдах болов уу? За тэгээд би их аргатай зальтай учир гаргачихлаа гэж бодъё. Ягмонголд спирт, мөнгөн ус оруулж байгаа шиг. Тэгтэл оросууд бол бас монголнууд биш.Чингэж хулгайгаар орж очсон юмыг лав л Оросын эрүүл байгууллагууд авахгүй. Ингэхлээр би оросын мафийнханд л өгч таарсан. Үнэнд нь тэд хэдэн тэрбум амлах нь мэдээж. Гэтэл тэд тэр хэдэн борыгоо өгөхгүй намайг буудчихсан л байх болов уу. Өгсөн бол би тэр их мөнгийг аваад зугтчихсан, намайг Интерполоо эрэн сурвалжилж байх учиртай. Гэтэл нөгөө муу “гэмт хэрэгтэн” нь Монголдоо мэнд мэлтийгээд амьд алцайгаад, амьтанд ад, адсаганд год болоод л сууж байна. Байдал ийм. Иймэрхүү юм эрүүл хүний толгойд бол яав ч багтахгүй. Морь унасан толгойгүй хүмүүст бол болох байх. Учир нь толгойгүй юм чинь юугаа бодох билээ дээ.

За тэгээд Генри шиг толгойгүй болчихсон улстай ч юугаа ярих вэ гэлтэй. Гэвч… Надад эрүү үүсгэсээн. Үүнийг би нуугаагүй. Түмэн олноосоо нуух юм над байдаггүй. Манай сэтгүүлчид юм уншдаг бол “Үндэсний шуудан” сонины 2011 оны 1-р сарын 8-ны 006 дугаарт “Чингисийн тэнгэрт хальсан нутгаар” замын тэмдэглэлийнхээ төгсгөлд би энэ талаар бичсээн. Хэдэн эрдэмтэд маань л уншаад юу болсныг асууж, зарим нь хүн хартай яръж өгъе” гэж хүртэл санал тавьж байсныг бодоход сайхан байна. Тэгэхэд нөхөр нь гэмт хэрэг үйлдээгүй учир та нар минь яриад яах вэ, үнэн юм үнэнээрээ гээд өнгөрсөн. Гэтэл надаас “эрүү үүсгэсэн” учрыг асуух болов уу гэж бодсон сэтгүүлч нараас маань ганц нь ганхийгээгүй. Еэ хөөрхий. Харин намайг гүтгээд, доромжлоод ирэхэд миний мууг үзэх гэж улай үзсэн хэрээ шиг шар сониныхон болон намайг үзэн ядагсад надруу өлбөлзөн сөлбөлзөн дайрч байна. 2001 онд Монголын засгийн газар, Энэтхэгийн засгийн газрын хооронд Монгол барламал, гар бичмэл номыг тоон(дижитал) хэлбэрт оруулах төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм билээ. Энэ нь харин аз болоход миний үед хэрэгжсэн юм аа. Тэгэхдээ төслийг эхлүүлэх Засгийн газрын ажлын хэсэг(комисс) байгуулагдаж, тэр үеийн БСШУ-ны яамны Соёл урлагийн газрын даргаар ахлуулсан, академич Төмөртогоо, академич Цэрэнсодном, доктор Нэргүй, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Баяраа болон бусад хүмүүсийн бүрэлдхүүнтэй байсан юм. Энд ямар номыг эхлэн тоон хэлбэрт оруулах, дижитал хэлбэрт оруулсан нэг хувийг Энэтэхэгийн талд өгөх асуудал ажлын хэсэг дээр яригдаж, гар бичмэл Ганжуур, шунхан Данжуур хоёрыг эхлэж тоон хэлбэрт оруулах, Энэтхэгийн талын хүсэлтийг ёсоор болгох шийдвэр уг хурлаас гарсан билээ. Энэтхэгийн тал хэдий хэмжээний долларын тоног төхөөрөмж оруулснаа над хэлээгүй боловч миний цээжний бангаар тооцоолсноор 100 гаруй мянган долларын тоног төхөөрөмж оруулж ирсэн. Учир нь эртний ном судрыг скайнардах Book eye скайнер гэхэд 70-80 мянган долларын үнэтэй гэдгийг би мэдэх юм. Яагаад вэ гэвэл энэ нь үнэтэй нарийн техник учир бөөнөөр үйлдвэрлэдэггүй, зөвхөн захиалгаар ганц нэгийг үйлдвэрлэдэг юм. Мөн тэр үедээ хамгийн сүүлчийн үеийн 3 компьютор, холбох нарийн төхөөрөмж нь тийм ч хямд зүйл биш байх аа. Үүндээ би баярладаг. Яагаад гэвэл энэ төхөөрөмжөөр Монгол судлалын хөмрөгт байгаа гар бичмэл, барламал бүх номыг тоон хэлбэрт оруулах боломжтой болсон бөгөөд одоо ч оруулсаар байгаа юм. Үүнийг Монголынхоо соёлд миний оруулсан хувь нэмэр гэж хэлэхдээ ер би ичихгүй. Өдгөө шоронд суух болж байгаа “өвгөн зөнөг” миний бие төслийг хэрэгжүүлэгчийн хувиар DVD-гийн нэг хувийг Засгийн газрын ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Энэтхэгийн Элчин Сайдын Яаманд өгсөн нь үнээн. Гэтэл Прокурорын газраас намайг мөн албан тушаалаа ашиглан, DVD-ийг Энэтхэгийн талд үнэгүйгээр дур мэдэн өгч, улсад асар их хэмжээний хохирол учруулсан хэмээн эрүү үүсгэсэн байлаа. Үүнд нэг л юмыг ойлгохгүй байгаа юм. Шар сониныхон болохоор намайг ном гаргаад худалдчихлаа гэж хараагаад байдаг. Хуулийнхан болохоор DVD худалдсангүй гээд эрүү үүсгээд байдаг. Над удирдлагын тушаалгүйгээр тийм зүйлийг өгөх том толгой даан ч байхгүй. Үүнд Энэтхэгийн Элчин Сайдын Яам эрх биш хариу өгөх болов уу гэж найдаж байна. Ер нь бол Шунхан данжуурыг хэвлэх зөвшөөрлийг Юмжаагийн Цэдэнбал аль 60-аад онд Энэтхэгийн Рагу Вира гэдэг эрдэмтэнд өгч, Рагу Вира түүнийг нь гэрэл зургаар Америкад хэвлээд, дэлхийн номын сангуудад тараачихсан юм шүү. Худал гэвэл тэр хэвлэлийн нэг нь манай номын санд байж байгаа. Иймд над заавал эрүү үүсгэхийг шаардаад байгаа прокурор Ю.Цэдэнбалд эрүү үүсгэ л дээ. Харин “мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хүн” гэж намайг үзэн ядагчдын хэлж байгаа шиг би буяндаа бузар хийгээгүй, Монголын соёлын үнэт өврүү хүйтэн гар оруулаагүй гэдгээ омог бардам хэлнэ. Ер нь хүн өөрөөрөө өрөөлийг хэмждэг юм гэнэ билээ. Харин миний шуналтайг гайхаад байгаа этгээдүүд өөрснөө тийм юм биш биз? Тэгээд ч энэ орчлонд над шиг “бузар”, “шунахай”, “сэжиг хүрэм”, “зөнөг”, “хулгайч”, “тавьтаргүй” гээд есөн шид нь бүрдсэн амьтан үгүй бололтойдог оо. Хүнийг муу хэлэх ёстой бузар үгийг сонгохдоо та нар уургын морь юм аа. Гэтэл найруулсан өгүүлбэрт чинь ганц зөв найруулгатай өгүүлбэр алга. Монгол хэлний мэдлэгт чинь би бүгдэд чинь муу дүн тавьлаа. Тэр Энх заяа гэгч “Морь унасан толгойгүй хүн”-ийг намайг орчуулсан гэжээ. Үгүй юм аа. Д.Лодойдамба гэдэг нэртэй хүний зүстэй хүү орчуулсан юм. “Зуунаас ч урт өдөр”-ийг бас намайг орчуулсан гэжээ. Үгүй юм аа. С.Бадраа гэдэг гайхамшигтай дуун хөрвүүлэгч орчуулсан юм. Ийм л юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг амьтан миний гэмт хэргийг илрүүлж байгаа юм гэнэ. Ийм л юмнууд Монголын сэтгүүл зүйн ариун нэрийг буртаглаж байгаа юм. Харин намайг дайран давшилж байгаа, залуу хэмээн хаахалзагчдад хэлэхэд, та нар нэг л мэдэхэд зөнөнө шүү. Надаас ч дор, бүүр хүн алж байна хэмээн зүүдлэн зөнөж мэднэ. Харин шунахай бузар хийгээд тавьтаргүй хулгайчийн хувьд та нар минь өөрсдийгөө л хичээгээрэй. Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвс харах гэдэг мэргэн үг бий. Мөн арөөлийг хэлэхдээ хүрэн эрээн бүргэд шиг, өөрийгөө өмөөрөхдөө өндгөө дарсан шувуу шиг гэсэн үг ч бий шүү. Өнгөрсөн үерүүгээ чи гар буугаар буудвал ирээдүй чинь чамайг их буугаар буудна гэсэн бас нэг үг буй. Таануус мөн чиг аюумшигтай харгис хэрцгий хүмүүс юм аа. Хүн алж талах нь та нарын хувьд хорхой няц гишгэхийн дайтай аж. Хэзээ монголчууд ийм болчихов оо гэж үнэндээ өвгөн би гутарч сууна. NEWS.mn-нд ёстой бохир сайтад нэгэн зочин “Сэжиг хүрэм бузар амьтан бэ.Цаазаар аваачвал таарна” гэжээ. Бас СAAK гэдэг ёстой бузар сайтад “Акимыг олны нүдэн дээр цаазлаад, гэр бүлээр нь хүйс тэмтрэх юмсан” гэжээ. Ийм эрээчээс олон байна. Монгол улс чинь ардчилагдлаа л гээд байсан чинь Сталин, Гитлер, Мао, Чойбалсан, Цэдэнбалын харгислалын бурангуй хар үерүү эргэн орж байгаа юм биш үү? Та минь ээ, монголын сэхтээтнүүдээ, сэрэмжлэгтүн. Өнөөдөр эд намайг алахыг санаархаж байна, маргааш та нарруу орох нь байна шүү. Эд сэхээтнүүд, ялангуяа бүтээлч сэхээтнүүдийг үзэн яддаг нь эрээчснээс нь харагдаж байна. Энэ нь бүтээлч сэхээтнүүдийг авлах зохион байгуулалттай компанит ажлын эхлэл байна. Тийм ээ, үүнийгээ хүн алахыг уриалдаг ийм сайтуудаар дамжуулан явуулж эхлэлээ. Ер нь бол намайг дарамтлаж, миний амыг таглах, улмаар амь насыг минь хөнөөх гэж санаархаж буй бүлэг этгээд байна. Дээр ч байна, доор ч байна. Тэр нь Энхзаяа хэмээх морь унасан толгойгүй хүний “албаны эх сурвалж мэдээлсэн, нийслэлийн прокурорын газар гомдол ирсэн” гэж бичснээс нь тодорхой. Бүтээлч сэхээтнүүдийг цааш харуулах аяны эхлэл гэж өөрийн хэлснээ батлахад Баабар, Саруулбуян зэрэг нийтлэлч, зохиолч эдний үсэргэсэн шүлсний бай болжээ. Маргааш хэнрүү нулимах, хэнрүү шээсээ цацах вэ, ер бүтээлч сэхээтнүүдийн хэнийг нь намнан цааш харуулах вэ гэдгээ эд одоо төлөвлөж байгаа. Гэвч эд бол үнэндээ компьютор дотор нуугдсан бөөснүүд юм. Эдний хэн нь ч өөрийн нэрийг тавьж чадахгүй, өөрийн хаягийг нээж чадахгүй. Өөрөөр хэлбэл, бөөс ч гэж дээ, аймхай бөөсний хуурснууд юм. Тийм ээ, эд намайг өнөөдөр алахаар сүрдүүлж, үр үндсийг маань таслахаар заналхийлж байна. Тийм ээ, энд намайг заналхийлж байгаа таануусын төлөөний этгээдүүд л нэг хүүгий маань хөнөөсөн. Одоо тэр нь та нарт багадаад, миний үр ач зээ бүгдийг нь та нар хядах нь л дээ. Таанууст тийм санаа байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Хүний гараар могой бариулах гэдэг нь та нарын гэм биш зан. Гэвч хуульчдын гараар намайг егүүтгэх таануусын сачий хүрэх болов уу?. Монголд чинь шударга хуульч түм бум бий шүү. Тиймээс та нар намайг өөрснөө хөнөөх гэж санаархах болно. Яг хүүг маань алсан шиг. Тэгвэл жинхэнэ хулчгар алуурчдынхаа зангаар таануус чанх өөдөөс ирж алж чадахгүй, харанхуй орц, буланд араас минь хутга шааж мэдэх юм. Үгүй бол хүний нүд хариулж байгаад аяганд сэм хор хийж ч болзошгүй. Гэвч юу л бол. Компъютор дотроос гарч ирж чадахгүй ийм нуугдмал бөөснүүдийн хоншоор нь дутна даа дутна. Харин таануус дутуу хоншоороо цавиндаа хийгээд цагиргалаад хэвтэж байвал зүгээрсэндээ. Уучлаарай, би та нарын хэлээр л бичиж байгаа юм шүү. Монголын сэхээтнүүдийн хийж бүтээж байгаад бүү атаархаж үхэх гээд бай. Таануус юм бүтээж, ард түмнээ соён гэгээрүүлж, мэдэхгүйг нь мэдүүлж өгч хэзээ ч чадахгүй. Бид бол чадна. Таануусыг юу ч гэж заналхийлсэн, зүхсэн би хийхээ л хийнэ, бичихээ л бичнэ, орчуулахаа л орчуулна, Монголын соёлын төлөө, шударга ёсны төлөө үзэхдээ л үзнэ. Энд та нарын сачий бас л хүрэхгүй, заа юу! Би бас үр үндсийнхээ төлөө үхтлээ тэмцэнэ. Амиа ч өгнө. Идүүлсэн бут ургадаг. Идсэн эрүү хувхайрдаг гэсэн айхтар үнэн үг бий. Би ургана аа. Бардам хэлъе. Харин бөөснүүдийн эрүү л хувхайраад, толгойноос салаад унчихвий дээ гэж “зөнөг” өвгөн санаа зовж сууна.Эцэст нь хэлэхэд, монголын нийгэм монголынхоо төлөө бор зүрхээрээ зүтгэдэг хүмүүсээ мөн ч их тарчилган зовоож, алж шулсандаа, одоо тэднийхээ зовлонд цадах болоогүй юм байх даа.

Үнэгүй үнэтэй зөвлөлгөө өгссөн Jerry MacDonald үнэн бичжээ. “Дээрх номнууд улсын төв номын санд байгаа бол гаргаагүй гэсэн үг. Харин байхгүй бол гаргасан гэсэн үг”/NEWS. mn/ гэжээ. Тэгвэл тэр номнууд Монгол Улсын Үндэсний Номын санд байгаа. Тоосонд дарагдсан даалимбан баринтагтай байсан тэр номнуудыг Монголын соёлд элэгтэй, номонд хайртай сайхан сэтгэлт хүмүүс, сүсэгтний хүчээр торгон баринтагтай болгон хөмрөгт нь залсан байгаа. Эдгээр ном номын санд хэдийд ирсэн бэ, тэр цагаас хойш тэндээс огт хөдлөөгүй байж байгаа. Харин миний шуналтайг гайхаад, Монголын соёлд хайртайгаа зарлаад байгаа эдгээр бөөснүүд ганц баринтаг номонд хийгээд өгсөн үү, өгсөн бол ёстой нохойн хошногноос цэцэг ургах байх аа. Таануус ёстой хоргосоо тоолоод тэгэж чадахгүй шүү дээ, алуурчин, яргачингууд аа.

Монголын нийгэмд ариун цагаан сэтгэлтэй хүмүүс, шударга явдалтай хуульч түм бум бий. Намайг шоронд хийж, алж, үр үндсийг минь таслана гэж заналхийлж байгаа алуурчингуудаас өвгөн намайг хамгаалсан, намайг Монголынхоо соёлын эсрэг нүгэл хэзээ ч хийгүй гэдэгт бат итгэж, сэтгэл санаагаар дэмжсэн уншигч түмэн, утсаар яригч, мессеж ирүүлэгч таних танихгүй нөхөд, дүү нартаа чин зүрхний угаас баярласнаа илэрхийлъе.

Монголд шударга ёс мандах болтугай!

Зүхэгдсэн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн,
доктор, профессор Хатагин Го. АКИМ