Monday, March 16, 2009

Есийн тооны бэлэгдэл


Монголчууд эртнээс тоон бэлэгдлийг их чухалд үзэж ирсэн. Гурав, тав, найм, ес гээд тоог ахуйдаа их бэлэгдэлтэй хэрэглэнэ. Гурван айл буусан бол чандманилж буусан, лам гурван эрдэнэд залбирах, эрийн гурван наадам гээд гурвын билэгдэл олон байна. Таван өнгө, таван сум, таван хошуу мал, таван богд, таван махбодь гэж бий. Найман тахил, жаргалын найман морь (манж), наман тугийн цэрэг (манж), найман хутагт (манж), тэнгэрийн найман луугийн аймаг (хятан), найман суварга (төвд), дөрвөн зүг найман зовхис гэх мэтээр нэрлэнэ. Манай өмнөд хөрш бас наймын тоог бэлэгддэг нь хятан, манжаас үүдэлтэй байж магад. Есийн тоо бол бүр чухал. Есөн хөлт цагаан туг, есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн зүйл, есөн гайхамшиг, есөн ес наян нэгэн удаа, есөн шөнө хоосон хонох, есөн заан, есөн жор, бөхийн есөн даваа, есөн түрлэг, есөн эрүү, есөн хүсэл, есөн цагаан, есөн булаг, есөн татаар, есөн үе, ид шидийн есөн ёс, есөн шид, есөн зоос, есөн хун шувуу гээд тоолоод барагдахгүй. Гэтэл есийн тоо урд хөршид жаахан халтай гэнэ. Энэ жил 2009 он гарсан тул тэд нэлээд болгоомжилж хурал цуглаан, олон улсын чанартай арга хэмжээг хориглосон сурагтай. Учир нь 1919 оны оюутны хөдөлгөөний 90 жил, 1949 онд Хятад улсыг тунхагласны 60 жил, 1959 онд Tөвдийг эзэлсний 50 жил, 1989 оны оюутны хөдөлгөөнийг дарсны 20 жил гээд том том үйл явдлуудын ой болно, бас юу ч болно билээ гэж эмээж байгаа шинжтэй. Айсан хүнд аргал хөдөлнө гэж үнэн үг юм даа.
2009.03.16