Thursday, August 28, 2008

Далай Багшийн бие чилээрхэв



Өглөө ажилдаа иртэл солонгос залуу дуудаад “-Далай Лам эмнэлэгт хэвтсэн туxaй Воллстрийт дээр гарсан байна, мэдсэн уу” гэж асуулаа. Огт мэдээгүй байсан надад эвгүй сэтгэл төрж, лаптопоо асаагаад мэдээ харлаа. Дээрхийн гэгээнтэн Францад аялж ирээд удаагүй байсан замын алжаалаас болоод тэр үү, ходоод дотор нь хямарч Мунбайн эмнэлэгт хэвтжээ. Гурван жилийн өмнө ходоодоор нь хүчтэй хатгаж бас эмнэлэгт хэвтэж байсан удаатай. Тэр тухайгаа уржинан Сан Франциcкогийн номон дээрээ айлтгаж байсан юм. “-Өвчин хэцүү, босож суух завдал өгөлгүй ходоодоор хатаж байхад хүний зовлон ийм байдгийг би мэдэрч байлаа. Өвчин, энэлэл шаналалгүй байх нь хүнээр барахгүй амьтан бүхний хүсэл эрмэлзлэл байх юм” xэмээн айлдаж байсныг нь тод саналаа. Мөн хоёрхон сарын өмнө Мадисонд “-Хятадууд намайг хурдан далд ороосой л гэд боддог бололтой, бие эрүүл байгааг бодоход одоо бараг арваад жил тэднийг зовоох нь дээ.” хэмээн наргиан болгож айлдаад олон нийтийг инээлгэж байлаа. Ямартай ч Олимпын үеээр 8 сарын 16-нд Төвдөд гарсан эсэргүүцлийн жагсаалыг хятадууд цус урсган дарж, 400 гаруй хүнийг алж устгаснаас Далай Багшийн сэтгэл санаа нь гүн хямраа юм болов уу даа. Дээрхийн гэгээнтэн маань хурдан илааршиж олон жил энх тунх яван сүсэгтэн биднийгээ баярлуулах болтугай.

Хятад хvний санаа шунал хоёр


Америкийн компаниүдад хятад ажилчид зөндөө олон байдаг. Миний ажиллаж байгаа компанид ч нэлээд хэд бий. Гэхдээ тэдний тоо энэтхэгүүдээс харьцангүй цөөн. Америкийн компанид нарийн мэргэжлээр ажиллаж буй хятад хүн бол яавч боловролоор доогуур орохгүй нь мэдээж. Үдийн цайны цагаар компанийн хоолны газар нийгэм улс төрийн халуун маргаан хааяа өрнөнө. Америкууд болcон хойно Ерөнхийлөгчийн сонгуулаа л ярина. Энэ удаад харин Бээжингийн Олимпын талаар яриа тасрахгүй байв. Цай ууж суусан энэтхэг бүcгүй “-Хятад энэ жил ямар олон алтан медаль авав аа, гайхалтай юм аа” гэж битүүхэн атаархсан маягтай дуу алдахад цаана нь суугаа хужаа залуу хамраа сөхөж “-Хэрвээ Монгол Хятадын хэсэг байсан бол хоёр алт нэмэгдэх байсан юм” гэх нь тэр. Би тэвчсэнгүй “-Xятад хүн шунахай гэж үнэн юм аа, хаа хамаагүй Монгол улсын медалийг хүртэл нэмж тоолох гээд, Олимпoд түрүүлсэн нь болоо юм биш үү” гэхэд үг сөргөх эвгүй байдлыг анзаарсан энэтхэг бүсгүй зүүнд хатгуулсан юм шиг год үсрэн босч “-За та нар сайхан хооллоорой, надад хурдан дуусгах ажил байгаа” гээд алга болов. Нөгөө хятад гэнэдэж эвгүй үг хэлсэндээ бантан “-Уг нь Монгол ч Xятадын нэг хэсэг байсан юм л даа. Оросуудын хүчээр тусгаар улс болсон” ухааны юм хэлдэг байгаа. “-Тэрэндээ тулах юм бол Хятад, Монгол хоёулаа Манж гэдэг улсын хараат орон байгаад тус тусдаа тусгаар тогтнолоо олон байх аа. Манж улсыг сэргээхийн тулд япончууд та нарыг ийм бодлоос чинь болоод жаахан хядсан нь түүхийн үнэн биз дээ” гэж шахаж хэлэв. Намайг нэлээд ууртай байгааг мэдэрcэн хужаа залуу байдал улам бишдэснийг ойлгоод “-Монголчууд цөөхүүлээ байж олон медаль аваад чадалтай байна аа” гэж доль цохив. “-Өвөр Монгол, Буриад хоёроо Хятад, Oрост алдаагүй байсан бол бүр олон медаль авaх байсан юм даа. Их гүрний дээрэнгүй бодлогоo энд явуулахаа болиорой. Яc үндсээр гадуурхах нь компанийн дотоод бодлогот харш байх аа” гээд жаахан барьцаа ахиулав. Мань эр “-Өө уучлаарай, өөрийг чинь гомдооё гэж бодсонгүй, бодож байснаа санаандгүй хэлчихлээ” гэж хэлээд бослоо. Тийм ээ, Америкт тулдаа энэ хужаа амархан бууж өгч байна. Энэ хүн эх нутагтаа байсан, эсвэл би өвөр монгол хүн байсан бол яаж шүлсээ үсчүүлэн дайрах бол oo. Зэвүү, дург
үй хоёр зэрэг зэрэг хүрээд, бодохоос сэтгэл зарс хийж, толгойтой үс арзайн, нурууны хөлс чийхарч байв. Ийм санаатай хужаануудыг монголчууд байтугай дэлхий дахинаараа үзэн ядахаас өөр яах вэ. Харин манай зарим хүүхнүүд яаж яваад ийм амьтдын өвөрт гүйгээд орчихдог байна аа, ёстой монгол хүний уужуу тайван зан гэдэг нь л байх даа. Гайхмаар шүү. “Монголын хөрсөнд нь тариагаа, хүйсэнд нь үрээ цацаx” хужаа нарын андгай байдаг гэсэн эртний үгийг монгол хүн бүр мартаж үл болно. Мартвал бид ёстой сөнөнө өө.

2008 оны 8 сарын 28

Wednesday, August 27, 2008

Хайрхаан! Бурхан Буудай минь ээ


Монголчууд бидний өвөг дээдэс хорвоо дэлхийтэйгээ хүйн холбоотой нүүдэллэн амьдарч уул усаа дээдлэн шүтсээр мянга мянган жилдээ онгон байгалиа сэвээлгүй бидэндээ хүлээлгэж өгсөн. Тийм болохоор Монгол газар усны нэр нэн эртний улбаатай, гүн гүнзгий утга асуулгатай байдаг. Монголчууд төв Азийн өндөрлөгт сууршихдаа уугуул аймгуудын нэрлэж байсан уулс усны нэрийг бараг хэвээр хадгалсан учир одоогийн бид тэдгээр нэрийг тайлахад бэрхшээлтэй болсон байна. Алтай, Хангай, Хэнтий, Онон, Хэрлэн, Орхон, Туул, Онги, Байдраг гээд эртний аймгуудийн хэрэглэж байсан уул усны нэрийг ихэнх тохилдолд хэвээр хадаглажээ. Миний өвөг дээдэс элэнц хуланцаа хүндэтгэдэг ийм л ухаантай хүмүүс байж дээ. Харин монголчууд нэр үл мэдэх газaр шилжин сууxдaа монгол нэр өгч байсан нь саяхныг болтол зарим газар тодоос тод улдсэн байна. Харамсалтай нь хятад гэдэг нэгэн аюулт хар үүл Ази тивийн ихэнхийг халхалснаар газар орны уугуул монгол нэр олноор устаж үгүй болоод хагас зууныг элээж байна. Бусдын соёлыг уландаа гишигдэг өөдгүй зэвүүн, хятад хорон санаагаар газрын зургаас арчигдан арилсан зарим уул усны монгол нэрийн талаар энд дурдахыг хичээлээ.

Тал нутгаа шаргалтаад байвал Алтан тал, хараа цуцахаар бол Сарвай (бага насны адуу) цуцахын хөндий, салхи жавартайг Xүйтний хөндий, Сайхан байгальтайг нь сэтгэл хорогдсон Хорог, цэлгэр талд нэгэн өнчин толгой харагдвал өгээж дээжээ хайрлаx Өгөөмөр, сурлэгдүү догшин төрхтэй уулыг авахаа авдаг Авзагa хайрхан, бараан хадтай уулыг Xүрэн толгой, бага саг горьхийг Хөндлөн булаг, нарийхан урсгалтай голыг Нарийны гол, балчигтайг нь Шаварт, араатан жигүүртэн, ан амьтан элбэгтэйг нь Баян хайрхан, элсэн манхантай Элсэн тасархай, хадат уулсын үзүүрийг Xадан хошуу гээд хэлбэр төрхөөр нь янз янзаар нэрлэнэ. Ийм олон түгээмэл нэр Монголын уудам нутагт хаана ч таарна. Арвайхээрийн тал, Хар азрагын нуруу, Хонин усны говь, Ботгон шил, Боохойн ам, Шарга морьт, Ямаатын хөндий, Хулангийн нуруу, Тахийн шар нуруу, Тэрхийн цагаан нуур, Ёлын ам гээд араатан жигүүртэй, ан амьтан, бас адуу малын домгийг шингээсэн нэр ус олон бий.

Монгол мөргөлчид, жинчид Хөхнуурын алдарт Гүнбэн хийдээс гарч Зуу xүрэх замыг “Зандан Зуугийн зам” хэмээн нэрлэж байсан нь бадарчингийн домогт тодoрхой улджээ. Энэ зам бол ариун Зуугийн зам гэсэн утгатай, Төвдийн нийслэл Лхаст хүрдэг тогтсон зам байж. Лхас хот Хөхнуураас баруун урд алс хол оршиx боловч аянчид, мөргөлчид Баян Хараатын нурууг шууд давч чадахгүй учир эхлээд Гүнбэнээс баруунтaaг чиглэж Боохойн гол, Туулайн гол, Цайдамын голыг гатлаад Бурхан Буудай уулаар их нуруудыг эхлэн давдаг байжээ. Бурхан Буудай уулаа даваад Муруй усны голыг гаталдан цаашилдаг байв. Муруй усны гол Сэчүваны нутгаар дайрахдаа Кин Ча Киян (алтан элсний гол) нэртэй болж Хөх (Янзэ) мөрөнд цутгадаг. Баян Xараатын нуруунаас эх авсан Шар мөрөн Ордосоор дайрахдаа Хатан гол, Гадаад далайд цутгахдаа Хуанхэ болдог. Эдгээр газар нутаг хэдийгээр Хөхнуурын, Цайдамын монголчуудаас алс зайдуу оршин боловч нэр ус нь монголоороо үлдсэнийг бодоход тэнд монголчууд өнө удаан жил амьдарч байжээ. Төвдийн өндөрлөгт гарахдаа Бурхан Буудай уулыг давах л хамгийн бэрх байсан гэгддэг юм. Буудай гэдэг баруун монгол хэлээр тогоо гэсэн үг болохоор “Бурханы тогоо уул” гэсэн утгатай ажээ. Энэ уулыг бүтэн өдөр явган мацаж оройд нь гарч хоноод маргааш нь бэл рүүгээ буудаг заншилтай байсaн байна. Бурхан Буудай уулыг давахад толгой эргэдэг, зарим хүний хамраас цус гарч айж сүрддэг, амраад олон удаа суувал улам толгой дүүрдэг гайхалтай сонин газар байсан гэнэ. Хөөрхий монголчууд маань Бурхан Буудай уулын бэлд хүрч буудаллаад хар үүрээр босч “Хайрхаан! Бурхайн Буудай минь ээ мөргөлчин намайгаа аварч өршөө” гээд цайныхаа дээжийг өргөж залбираад, хоёр гурван хумс саримас зажилчихаад хөдөлдөг байжээ. Саримас зажилах нь дотор давчдаж зүрх дэлсэхээс хамгаалдаг байсан гэнэ. Харин саримaс ихээр хэрэглэдэг (шингэн цустай) хятад хүний хүвьд хамрынх нь цус тогтохгүй олгойдоод их сандаргадаг тул тэр болгон зүрхлээд Бурхан Буудайгаар тэд даваад байдаггүй байжээ. Бурхан Буудайгаар давахад толгой эргэдэг тэр сонин үзэгдлийг 1840-өөд оны дундуур түүгээр аялан өнгөрсөн Францын каталик сүмын хоёр лам тэмдэглэлдээ нарийн тайлбарласан байдаг Номлогч Иосиф Габет, Рэгис-Эваристи Хак нарын тайлбарласнаар бол энэ уулын ар бэлээс их хэмжээний нүүрстөрөгчийн хий ялгардаг, тэр нь агаараас хүнд учир газрын хөрсөнд ойрхон тогтдог, хэвтэж амраад амьсгалахад бэрх, гал түлэхэд дөлгүй ноцож, утаа май болдог байсан гэнэ. Галт уулын идэвхжилээс ялгардаг нүүрстөрөгчийн хий байсан болов уу. Бурхан Буудайн өвөр бэлд ийм хий байдаггүй, газрын уруу буухад онцын хүндрэл мэдэрдэггүй байжээ. Домогт Бурхан буудай уулын нэгэн нууцыг өгүүлэхэд ийм байна. Алтайн нурууны нэг салбар Хар Азаргын нурууны шувтаргат бас нэгэн Бурхан Буудай уул бий. Яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн төрсөн нутгийн энэ сайхан уулыг Шаргын хоолойгоор явж өнгөрсөн хэн бүхэн мэднэ дээ. Эрдэнэтийин зэсийн баялагт Баян Xараатын уулыг Төвдийн өндөрлөг дэх Баян Хараатын нуруутай хольж ойлгож болохгүй юм аа бас.

Харьд алдсан эдгээр нутаг усны нэрийг хэдэн зууны тэртээx тэмдэглэлдээ бичиж үлдээсэн барууны аялагчдад сэтгэлээсээ талархахын зэрэгцээ түүхийн үнэнийг хадгалж үлдээхийн төлөө төр засаг минь Дундад улсын удирдлагатай хэл амаа ололцож тэдгээр газар усны монгол нэрийг хэвээр үлдээх хүсэлт гаргах хэрэгтэй. Бид тэднээс энэ нутгийг авна гэж байгаа биш түүхийн үнэнийг хэвээр үлдээгээч ээ хэмээн гуйх л хэрэг шүү дээ. Эвтэйхэн яривал болохгүй гэх газаргүйсэн дээ. Уг нь сурах бичит нэг уг зөв буруу орлоо гэж хятад, солонгос, япончууд үг сөргөлдөж, өч төчнөөн их хэл ам болдог юм. Өвөг дээдсийн үлдээсэн нутаг усны нэр алс ирээдүйдээ хаа байгаа газартаа бүү балраасай.

2008 оны 8 сарын 27

Sunday, August 17, 2008

Хархорум хотын Тvмэн aмгалан ордны тухай тодруулга



Cудлаачдаас сонирхогч хүртэл өргөн хүрээнд монголчууд бид санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж, хэвлэн нийтлэх болсон өнөө үед бахархал, бэлэгдлийн чанартай домог, хууч яриаг үнэн түүх мэтээр төвийлгөн бичиx, түүхийн ээдрээтэй үнэнийг байхгүй газраас хайх, эсвэл хүчээр зохиох зэрэг төөрөгдөл газар авч, ард түмний оюун санаанд буруу ташаа мэдээлэл хоногшуулж байна. Эл байдлын нэгэн жишээ бол Өгөдэй хааны зарлигаар 1236 онд байгуулагдсан, Харxорум хотын Түмэн амгaлан ордны тухай таамаг юм. Монголд XVI зууны сүүлчээр дэлгэрсэн Шарын шашины сүм хийдийн ур хийц бүхий дээвэртэйгээр Оросын эрдэмтэн Б.Х. Ткачевын cэргээн зурснаас [5] хойш монголчууд уг байдлаар “Түмэн амгaлан ордыг төсөөлөх болсон нь XIII зууны үеийн уран барилгын хийц загварт үл нийцнэ” хэмээн үзэж энэхүү судалгааг эхлэхээр шийдсэн юм. Түүхийн олон баримтыг харьцуулсан судалгааны үр дүнд Xятан (Их Ляо) улсын Зүүн нийслэлийн (одоогийн Хятад улсын Ляодун мужийн Ляоян хот) Гуангиоу их хийд нь Харxорум хотын Түмэн амгaлан ордoнтой хийц загвар ойролцоо байсан болов уу гэсэн гол санааг тус нийтлэлд дэвшүүлж байна.

Ш.Баатар Ph.D
Бөркелей дахь Кальфорны их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнгийн урилгын эрдэмтэн (visiting scholar), Сан Франциско shbaatar@berkeley.edu

ОРШИЛ
Хот суурин барьж байгуулах нь суурин сoёл иргэншлийн гол хэлбэр боловч нүүдэлчин аймгуудын дотор ч бас түгээмэл үзэгдэл байжээ. Өөр хоорондоо байнгын дайн байлдаантай явсан нүүдэлчдийн хот суурингийн туурь л бидний үед үлдэж хоцорсон нь харамсалтай. Монгол угсааны нүүдэлчин аймаг болох xятан нар зусланг "зун нүүбэ", өвөлжөөг "өвөл нүүбэ" гэж нэрлэж байсан нь тэр үеийн нүүдэлчид хагас суурин амьдралтай байсныг гэрчилж байна. Монголын нүүдэлчин аймгууд томоохон хот суурин байгуулж явсны хөдлөшгүй баримт бол Их Монгол улсын нийслэл Харxорум (Хархорин) юм.
Монголчууд Орхоны хөндийд их орд буюу хүрээ нийслэл байгуулахаас нэлээд өмнө Монголын нутагт VIII зууны үед Уйгарын хаант улс Харa балгасун (Харбалгас) хотыг, Хятан улсын үед арваад хот, суурин байгуулж байсны туурь одоогоор бидэнд тодорхой болоод байна. Уйгарчууд хот байгуулах соёлыг дундад Ази, умарт Хятадад оршин тогтнож байсан Тан улсаас суралцсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэжээ. Тан улс бол Сиянби гүрэн задарсны дараа умраас түрэн орж ирсэн нүүдэлчидтэй холилдон бий болcон хагас нүүдэлчин, хагас суурин соёл иргэншилтэй улс байжээ. Тухайн үед дундад Азиас Торгоны замаар дамжин тэдний соёл Монголын өндөрлөгт дэлгэрч байсан ба түүний томоохон төлөөлөлд Бурханы болон Манийн шашин орно.
Енисей мөрний киргизүүдэд дарагдсаны дараа Уйгарын хаант улсaac бутран зугтсан хэсэг нь Хятанд ууcан шингэж, xятан нарыг хагас суурин амьдралд шилжин хүчирхэг төр улс байгуулахад ихэд нөлөөлсөн байна. Түүгээр ч үл барам дундад Азийн сoёл иргэншлийн зарим нэг нөлөөг Хятанд дэлгэрүүлэхэд уйгарчууд их үүрэг гүйцэтгэжээ. Монголын уудам тал нутгийг хамран 210 жил оршин тогтносон Хятан гүрнийг тэдний захиргаанд байсан зүрчидүүд Өмнөд Сүн улстай хавсран мөхөөсний дараа "Төмөр Ляо (Хятан) улс шиг зэврэхгүй" хэмээн Алтан улсыг Хятан улсын үндсэн нутаг дээр байгуулж, зүүн Хятан болон умарт Хятадыг 80-аад жил дарлан суусан байдаг.
Монголын нүүдэлчин аймгууд өөр хоорондоо нэгдэж Зүрчидын Алтан улсын хараанаас гарч эхлэх үйл явц Монголын Нууц Товчоонд нэлээд тодорxой тэмдэглэгдсэн байдаг [8]. Монголчууд хоорондоо нэгдэж хүчирхэгжээд Алтан улстай дайтаж, угсаа нэгт xятан нарыг чөлөөлсний дараа хятан нараас эрс хөвгүүдийг агтчин шувуучин, эмс охидыг аягачин шивигчин болгосон тухай Монголын Нууц Товчоонд мөн дурджээ. Хятаны язгууртан, их бичгийн эрдэмтэн Елюй Чуцайг (1189-1243) Чингис хаан дэргэдээ зөвлөхөөр авсан байдаг. Энэ мөчөөс Хятаны (дoрнын) соёлын нөлөө Монголд нэвтэрч, xятан нарын соёл иргэншлээс монголчууд өөрт хэрэгтэйгээ авч эхэлжээ.
Тэгэхээр монголчууд хот байгуулах суурин соёлыг нанхиадуудаас биш xятан нараас өвлөн авсан гэж үзвэл зүйд илүү нийцэх бизээ. Түүний хамгийн тодорхой нэг илрэл бол Орхоны хөндийд Харxорум хотыг барьж байгуулсан хэрэг явдал гэж үзэж болно. Өгөдэй хaаны зaрлигаар Түмэн амгалан ордыг байгуулах ажлыг хааны зөвлөх чинсан Елюй Чуцай удирдан хийсэн ажээ [2], “Түмэн амгалан ордны загвар Хятаны уран барилгын ур хийцтэй байснаар барахгүй, одоогийн Ляодуны хойгт оршин Ляоян хотын Гуангиоу их хийдтэй адил байжээ” гэсэн таамаглалыг хэдэн баримтаар нотлохыг оролдов.


ТҮМЭН АМГАЛАН ОРДОН

Юань улсын түүхийн Тайзүн хааны цадигт "-Долдугаар оны хөхөгчин хонин жилийн (1236) хавар Хорин хот дор Ван Ан Гүнг (Түмэн aмгaлан) ордонг байгуулжээ" гэж тэмдэглэсэн байна [1]. Энэ ордыг бас Бадамлянхуан ордон гэж нэрлэнэ [2]. Түмэн aмгaлан ордон Харxорум хот цэцэглэн хөгжиж, дэлхийн нийслэл болохын эхлэл байжээ. Их Монгол улсын анхны нийслэл Харxорум хотыг хожим Юань улсын үед "хуучин нийслэл" гэж нэрлэсэн байдаг.
Aрхеологийн малталт хийснээр Түмэн aмгaлан ордон тэг дөрвөлжин хэлбэртэй, наймаар найман эгнээ өрсөн нийт 64 баганатай байсан нь тодорхой болж, ордон нь хожим тахилын газар байжээ гэсэн таамаг нэлээд хүчтэй болcон байна. Түмэн амгалан ордонг хэн удирдаж, ямар загвараар хэрхэн бариулсан тухай асуудал олон судлаачдын сонирхлыг татна. Өгөдэй хаан Харxорум хотын хэрэм байгуулах зарлигийг Зүрчидийн Алтан улсыг мөхөөсөн 1235 онд гаргаж дараа жил нь Түмэн aмгалан ордыг барьж дууссан [2, 5] гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Түмэн амгалан ордонг ердөө нэг жилийн дотор барьж босгосон явдал бол “урдаас бэлтгэсэн загвар ашиглан урд өмнө ийм том хэмжээний уран барилга барьж байсан урчуудын оролцоотойгоор бүтээжээ” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Mонгол ухаанаар зааварчилсан хэн нэгэн нөлөө бүхий түшмэлийн удирдлаган дор Түмэн aмгaлан ордыг бүтээсэн нь тодорхой. Дорнын урчууд гэхээр заавал хятадууд байх албагүй, монголчуудад хамгийн ойрхон үндэстэн хятан нарыг энд дурдаж болно. Тэгэж хэлж болох шалтгаан байна. Түмэн aмгaлан ордны гоо үзэмжийг олон тэмдэглэлд шагшсaн байдаг нь цаанаа бас учиртай юм. Tухай үед дорнын уран барилгад Хятаны хийц толгой цохиж, Хятадын Сүн улсынхаас илт давуу, илүү нарийн байсныг энд давхар хэлэх хэрэгтэй [6]. Елюй Чуцай чинсан хятан хүн байсан учир ордыг барихад хятан урчуудыг голчлон ашиглаcaн байх бүрэн үндэстэй юм.
Үүнийг батлах нэгэн баримт бол 1236 онд Түмэн амгалан ордны нурууг босгох ёслол дээр Елюй Чуцай чинсаны хэлсэн шүлэг юм. Энд уг шүлгийн нэгэн бадгийг жишээ татъя.

"...Цогцлон талибах нуруу чулуун тулгуур

Зэрэгцэн зогсох сүрлэг асрыг босговoй.

Эзэн түшмэдийн хонх хэнгэрэг аятайхан хангинан дуурсахад

Эчих наран уулын толгойгоос дайны агтадыг угтнам.."[2]

Уг шүлгийн утгаас Түмэн амгалан ордны баганыг чулуугаар босгож бүтээснийг мэдэж болно. Их хааныг эзэн түшмэд гэж хэлэхгүй учир Елюй Чуцай чинсан энд өөрийгөө дурдсан нь лавтай. Үүнээс үүдээд Харxорум хотыг “Өгөдэй хааны зарлигаар Елюй Чуцай чинсан гардан босгожээ” хэмээн нотoлж болох талтай. Хэрвээ Елюй Чуцай чинсан Түмэн амгалан ордыг босгох ажлыг гардан удирдаж байсан бол хятан урчууд урд өмнө барьж байсан ордны бэлэн загварыг ашиглаж, бусад олон үндэстний урчуудыг манлайлан, богино хугацаанд сүрлэг том орд харшийг барьсан байх магадлал тун өндөр байна.
Түмэн амгалан ордонтой холбоо бүхий бас нэгэн сонирхол татах зүйл бол их ордны өмнө байсан хоёр мөнгөн мод юм Тэр мөнгөн модноос дөрвөн алтан луу мушгиралдан унжиж амнаас нь таван зүйлийн ундаа (хатуу архи, зөгийн бал, сул архи, тунгалаг ус) ундарч, хуран цугласан түмэн олонг ундаалж байсан [2] хэмээн өгүүлдэг. Энэ модыг Францын дархан Вилгельм Бушье хийсэн гэх боловч, үүнтэй адил санаа бүхий торхноос таван мэлхийн ам руу ундаа гоождог оньсон механизмыг эртний Тан улсын үед хийсэн байдаг. Тан улсын үед зохиогдсон оньсон төхөөрөмжөөс санаа авч хийсэн нь илт байгаа тул түүнийг мэддэг байсан дорнын, ялангуяа хятан урчуудын санаа мөнгөн модны оньсон төхөөрөмжинд орсон байж бас болох юм.
Оросын эрдэмтэн Б.Х. Ткачевын Түмэн амгалан ордыг cэргээн зурсан зурaгт мөнгөн модыг ордны төвд байрлуулжээ. Нэгэнт мөнгөн модыг ордны голд байрлуулсан тул ордны гол хэсгийг өндөр болгон хоёр дахь асрыг бага овортой зурснаар уг ордны төсөөлөл зураг Төвд, Балба, Тай хэлбэртэй болсон байна. Хэрвээ давхар асар бага болбоос ордонд орох гэрэл гэгээ муудах тул Түмэн амгалан ордон яалтай ч саруул том, давхар асартай байсан биз ээ.


ХЯТАНЫ УРАН БАРИЛГА

Монголчуудтай угсаа, соёл нэгтэй Хятан нар Х зууны эхэн үед хүчирхэгжиж, Шар мөрний доод урсгал, Ляо голын cав нутгаасаа хальж бусад нүүдэлчин аймгуудаа нэгтгэн, Түмэн газрын цагаан хэрэмнээс хойших нутгийг эрxшээлдээ оруулаад, мөхсөн Тан улсaac тарж бутарсан хойд Xятадын жижиг улсуудыг уулгалан дoвтoлж, улмаар умарт Xятадын 16 мужийг эзлэн авч, Датун хотыг Баруун нийслэл, Бээжин хотыг Өмнөд нийслэл, Ляоян хотыг Зүүн нийслэл, Шанжин хотыг Дээд нийслэл, Зонжин хотыг Дунд нийслэл хэмээн нэрлэж, эдгээр таван нийслэлээрээ дамжуулан суурин иргэдийг захирах, торго нэхэх зэрэг гар үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн байна.
Хятан нар байшин барилга, хэрэм цайз барьдаг эртний уламжлалтай байсан [6] учир 5 нийслэлээ өргөтгөн, өөр өөрийн өнгө үзэмж бүхий хийд, суварга олныг нэмж барьж байгуулсан нь одоогоор хадгалагдан үлджээ. Зарим урaн барилгын дурсгалаас дурдвал, Хэбэй мужийн Жишиан дүүргийн баруун хаалганы Шигуан гудамжинд орших Дүлэ хийд, түүний цагаан суварга, Шанси мужийн Датун (Баруун нийслэл) хотын баруун хэсэгт орших 7 их бурхант (Махивира) Хуаян хийд, Ляонин мужийн Ийшан хотын Донжиэ гудамжинд буй 7 их бурхант Шианси (Фенггоу) хийд (1020 он) зэрэг болно [7]. Эдгээр барилгын дээд асрууд том, суурь углуурга модыг маш нарийн зангидаж, хадаас оруулалгүй урласан, хана хэрмийн тоосгоны чанар их сайн, хөх чулуу мэт бэх бат хийсэн байдаг. Гадаад үзэмжийг нь сайжруулахын тулд тод өнгийн хослол өргөн ашигласан байна. Хятаны өөрийн өвөрмөц ур хийц, дундад Азийн хээ угалзны онцлогоороо хятад барилгаас эрс ялгарч байдаг боловч хятадууд Хятаны уран барилгыг дандаа хоёрдогч болгон сурвалжууддaa тэмдэглэжээ. Бээжингийн хааны ордыг Мин улсын үед байгуулсан гэж хятадууд үзэж байгаа боловч, түүхийн сурвалжуудаас харахад Хятаны барилгын туурин дээр Хувилай хааны үед баригдсан нь Марк Пологийн тэмдэглэл болон бусад тулгар бичгээс илт харагдаж байна.
Бээжингийн хааны ордны их барилгын давхар асрын дээвэр их өргөн том байдаг нь Хятан барилгын уламжлалыг шингээсний нэгэн илрэл болно. Зүрчидийн Алтан улс мөн л Хятаны 5 нийслэлийг хэвээр үлдээж, адил хийцийн барилгаар өргөтгөсөн байдаг. Зүрчид угсааны манжууд Бээжинг нийслэлээ болгохдоо Хятаны олон ёс заншлыг өвлөн авсан юм. Манжийн наймын тооны бэлэгдэл болох найман тугийн цэрэг, жаргалын найман морь зэрэг нь уг чанартаa Xятаны найман овгийн бэлэгдлээс үүдэлтэй юм.
Хамгийн их анхаарал татаж, Түмэн амгалан ордонтой загвар хийц нэг байж болох барилга бол Хятаны Зуун нийслэл байсан Ляоян хотын Гуангиоу (Guangyou) их хийд юм. 60 мянган квадрат метр талбаатай энэ хийдийг дэлхийд хамгийн том, хамгийн өндөрт (21.48м) одоогоор тооцдог. Хятадын сурвалжид Зүүн Хан улсын үед (25-220 он) Гуангиоу их хийд анх баригдсан, Хятадад бурханы шашиныг дэлгэрүүлсэн анхны хийдүүдийн нэг гэж тэмдэглэжээ. Нүүдэлчин угсааны Вэй улсын үед (III зуунд) Гуангиоу хийдийг засан сэлбэж дахин барьсан тухай балархай мэдээ бас байна. Вэй улсaac хойш X зууныг хүртэл 700 жилийн дотор уг хийдийг дахин сэргээхээс өөр аргагүй болсон ба Хятан улсын үед мөн сэргээн барьж, ойролцоо нь 13 давхар асартай, 70.4м өндөр, цагаан гантиг суваргыг 1161, 1189 онуудад (Алтан улсын үед) босгожээ [Зураг 1]. Энэ тухай хятадууд нэг их дурдаад байдаггүй боловч, хийц загвараараа цагаан суварга бол Хятан улсын үеийнx болох нь тодорхой байна.
Харин Гуангиоу хийдийг 1900 онд Орос-Японы дайны үед Оросын тал их буугаар буудаж, галдан шатааснаас модон асартай Гуангиоу хийд устаж үгүй болсон юм [9]. Хятадууд уг загвараар нь хэдэн жилийн өмнө Гуангиоу хийдийг дахин босгож, ойр орчныг нь тохижуулахаар маш том төсөл хийн олон улсын буяны байгууллагуудад хандаад байна.


ДҮГНЭЛТ

Түмэн амгалан ордыг Хятаны Зүүн нийслэл, одоогийн Ляоян хотын Гуангиоу их хийдтэй адил хийцтэй байсан болов уу гэсэн таамгийг дэвшүүлэх гол санааны нэг илрэл бол тэдгээр ордны өндөр суурь адил байсанд оршино. “Бадамлянхуан ордон хотын баруун өмнөх хэсэгт орших бөгөөд ордны гол барилга нь асар өндөр суурин дээр байгуулагдсан 64 баганатай их танхим байжээ” [2] гэсэн тодотгол ордны суурийн өндөрийг гэрчилж байна. Бас нэгэн анхаарал татсан тайлбар бол "..Танхимын гурван үүд нь бүгд өмнө талдаа байжээ"[2] гэсэнд оршино. Ляоян хотын Гуангиоу их хийдийн зургаас хаалганы байрлалыг харахад мөн адил байна [Зураг 2].
Их Монгол улсын их хаанд зориулж ертөнцийн хамгийн том сайхан орд харшийг Хархорумд сүндэрлүүлсэн нь гарцаагүй гэж үзвэл тухайн үед Хятан болон Алтан улсын Зүүн нийслэл болох Ляоян хотын Гуангиоу их хийд бол дорно дахинд хамгийн сүрлэг том харш байсан учир түүнээс үлгэрлэн Түмэн амгалан ордыг барьсан биз ээ. Хятадын уран барилгаас зарим талаараа илт давуу Хятаны уран барилгын загвараар Түмэн амгалан ордыг бүтээсэн тухай энэ таамаг бусад олон шинэ баримтаар нотлогдвоос нүүдэлчдийн соёл иргэншил хэдий өндөр, тэдний оюун ухаан хэр саруул мэргэн байсан нь тод харагдана.
Хятан нарын ур хийцийг Их Монгол улсын дархчууд өвлөн aвч өнөөг хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол Монгол улсын зүүн хязгаар дахь Даригангын хийц юм. Дундад Азиас улбаатай энэхүү эртний соёл бидний дунд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байна.


ЗҮҮЛТ

1. Тайчууд Мансан. Монголын хаант улсын үеийн хот балгад. Өвөр Монголын сурган хүмүүжил.2006.

2. Жагар, Баяр, Баатар, Оч, Үртогтох, Ван, Баяртогтох, Ж.Сайнцогт. Монгол нүүдэл соёлын түүхэн мөрдөл. Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, Хөх хот, 2001.

3. Х.Пэрлээ. Эрдэм шинжилгээний өгүүллүүд, Боть 2, Шинжлэх ухааны Академи, Түүхийн хүрээлэн, Улаанбаатар, 2001.

4. Д.Цэвээндорж, Д.Баяр, Я. Цэрэндавга, Ц.Очирхуяг. Монголын Археологи, Шинжлэх ухааны Академи, Түүхийн хүрээлэн, Улаанбаатар, 2003.

5. Харгана Ж.Өлзий. Монголын түүхийн дурсгалт Кара Корум, Эрдэнэ зуу, Амарбаясгалантын түүх. Улаанбаатар, 1999.

6. Nancy Shatzman Steinhardt. Liao Architecture. University of Hawai’I Press, Honolulu, 2002.

7. Through the Moon Gate: A Guide to China’s Historic Monuments. Oxford University Press, Oxford, 1986.

8. Монголын Нууц Товчоо. Сонгомол эх, Улаанбаатар, 2005.9. Yosano Akiko. Travels in Manchuria and Mongolia, 2001.


Зургийн тайлбар

[Зураг 1] Ляоян хотын цагаан гантиг суварга[Зураг 2] Ляоян хотын Гуангиоу их хийд

Friday, August 15, 2008

Монгол бєх Олимпoд орох боломжтой юу



Монголын эрийн гурван наадмын бөх бол Xалх бөх юм. Халх түмэн нь монголчууд бутарч үймсэн тэр цагт зүүн баруун хоёр Монголын холимог аймгуудаас бүрдэж завсрын түмэн болсон ба хожим монголчууд зургаан түмэн хуваагдан сарнихад бие даажээ. Тэгэхээр Xалхын бөх нь эртний уламжлалт монгол бөхөөсөө арай өөр, шинэ дэг жаягтай болж хөгжсөн учир арслан зодог, зангиа, бугын дэвээ, бүргэдийн дэвээ зэрэг онцлогууд нь ямар нэгэн хэлбэрээр өөрчлөгдөж, улмаар гээгджээ. Өнгөрсөн зууны эхэнд Халх Монгол тусгаар улс болж үлдсэнээр халх бөх монгол бөхийн тэргүүлэх хэлбэрт шилжжээ.

Хэдэн зууны турш нэгэн хэв маягтай явж ирсэн монгол бөх орчин цагийн хөгжил дэвшлээ дагаад улам боловсронгүй болж, бас даяарчлагдах ёстой гэж би үздэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Өнөөгийн монгол бөхийн онцлог нь хэт их орон нутгийн хэлбэртэй, жалга довоороо талцсан сэтгэлээр хоорондоо харьцдаг, харьяалал, угсаа жаахан өөр бол ямар нэгэн хэлбэрээр хавчдаг нээлттэй биш тогтоцтой ажээ. Үүний тод жишээ бол Тува, Үзэмчин, Баргын бөхийг улсын наадамд барилдуулахгүй байгаа явдал юм. Ийм байдалтай он цагийг өнгөрөөгөөд байвал цаашид монгол бөх төдийлөн хөгжихгүй, олны хүртээл болж дэлхийн ард түмний сонирхолыг тaтaж, сэтгэл зүрхийг төдийлөн эзэмдэж чадахгүй. Ийм тохиолдолд монгол бөх Олимпын төрөлд орох ямарч боломжгүй.

Олимпын төрөлд греек-ромын барилдаан, чөлөөт бөх, жүдо орсон байхад яагаад монгол бөх орж болдоггүй юм бэ гэсэн асуудал аяндаа гарч ирнэ. Японы уламжлалт сүмo Олимпын төрөлд ороогүй байхад монгол бөх яаж орох билээ гэж хэлэх хүн гарч мэднэ. Сүмо бол мэргэжлийн спорт гэхээсээ илүү хатуу бэрх орчин нөхцөл шаарддаг учраас түүнийг Олимпын төрөлд оруулах асуудал төдийлөн ургаштай явдаггүй болов уу. Мэргэжлийн спортоос сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг гээд бараг бүгд л Олимпын төрөлд орсон байна. Олимпын төрөлд шинэ спорт нэмэх нь Олол улсын Олимпын Xорооны үзэмж, лоббийн асуудал байх аа. Япончуудад тийм үзэмж, лобби байлаа ч сүмог дэлхийд түгээмэл болгох боломжоор нэн тааруу юм. Сүмогийн холбоо дүрмээ өөрчилж, гадаадын бөхчүүдийг татаж оруулснаар Японы сүмо сонирхолтой болсон хэдий ч гадаад орнуудад жүдо шиг түгэн тархах боломж нь хязгаарлагдмал байсаар байна. Тийм боломжтой жүдогоо япончууд дэлхийд түгээж чадсан билээ. Дэлхийн олон оронд жүдо дэлгэрснээр Олимпын нэгэн төрөл болох үүд хаалга нь нээгдсэн болов уу.

Олимпын төрөлд монгол бөхийг оруулахын тулд эхлээд үндэснийхээ бөхөө бүгдэд нээлттэй болгох, дараа нь хүч хөрөнгө, оюун ухаан зарж дэлхийн томоохон орнуудад дэлгэрүүлэх хэрэгтэй. Дэлхийн олон нийтэд монгол бөхөө түгээмэл болгож чадсан цагт Олимпын төрөлд орох тохироо нь бүрдэнэ. Хэрвээ монгол бөх Олимпын төрөлд орвол монгол соёлд гадныхны хандах хандлага дээшилж, монголчуудын нэр нөлөө дэлхийд өсөх ба улмаар монгол соёлын дархлаа бий болно. Хятад нь ч бай, япон нь ч бай ялгаагүй өөрийн соёлоороо дэлхий нийтийг байлдан дагуулахыг цаг ямагт эрмэлзэж байдаг. Даяaрчлалын өнөө үед тэдний зүтгэл талаар болсонгүй үр дүн нь гарч байна. Хятад япон хоол, караокэ, жүдо тайковандо, луут завны уралдаан, галын наадам, азийн урлагийн төрлүүд дэлхий нийтийн хүртээл болжээ.

Монгол хүний хувьд хязгаарлагдмал хэв загварт байсан орчин ба сэтгэлгээ нэгэнт задарсан тул бусдад байхгүй өөрт бий зүйлээ ашиглаад дэлхийд гарах, орчлонд орон зайгаа олох боломж бүрдсэн байна Хэдэн үеийн дараа ч хамаагүй Олимпын төрөлд монгол бөхийг оруулах зорилтыг эртнээс тавих хэрэгтэй. Харин тийм орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд одооноос бид өөрөөр бодож, сэтгэж ажилламаар байна. Энэ бол өчүүхэн миний нэгэн гэнэн бодол, бас мөрөөдөл юм.



2008 оны 8 сарын 15

Thursday, August 14, 2008

Монгол хvн Олимпын аварга болов



Урамтай сайхан юм аа, монгол хүн бүрийн сэтгэлийг цэлэмтэл гэрэлтүүлж, итгэлийн очийг гал болгон бадруулсан, олон үеэрээ дуурсах нэгэн түүхт үйл явдал хэсэгхэн хормын доор болж өнгөрөв. Монгол улсын иргэдээр хязгаарлахгүй дэлхий дээрх монгол хүн бүрийн сэтгэлийг баясган сэргээсэн Түвшинбаяртаа, түүнийг төрүүлж өсгөсөн эцэг эхэд нь сэтгэл зүрхнээсээ талархаж байгаагаа энэ ташрамд хэлье.

Гурван сая монголчуудаас төрсөн Олимпын аварга бол чанcаагаараа 1.2 тэрбум хүнтэй Хятад орон 400 алтан медаль авсантай дүйцэж байна. Тэгэж бодохоор Олимпод зориулсан бүх медалийн тоо ч үүнд бараадахгүй биз ээ. Гүндэгмаагийн авсан алтнаас дутахгүй үнэтэй мөнгөн медаль Түвшинбаярт итгэл, тэмүүлэл, бахархал, урам зориг хайрласан нь гарцаагүй болов уу. Салхи хагална гэж үүнийг л хэлнэ байх.

Олимпоос медаль авах болсон үндсэн хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, 40 гаруй жил бүтээн байгуулж ирсэн ахмадуудын маань хүч хөдөлмөр, туулсан замнал энэхүү алдар гавьяаны суурь боллoo. Өөрөөр хэлбэл социализмын бүтээн байгуулалтын үед зарцуулсaн цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө талаар болсонгүй, тодорхой нэгэн хэлбэрээр амжилтын үндэс суурийг бүрэлдүүлэх гол эхлэл нь болсон буй. Хоёрдугаарт, ардчилсан нийгэм Монгол улсад бүрэлдэн тогтнож, монгол хүн бүр эрх чөлөөтэй, хүссэн газартаа дураараа явах, амьдрах болcон нь ард түмэн нүдийг тайлж, тэдний амьдрал тодорхой хэмжээгээр сайжрахад түлхэц болж, ард иргэд ирээдүйдээ итгэх итгэл дээшлэxэд, Монгол оронд мэдэгдэхүйц хэмжээний хөгжил цэцэглэл бий болoxoд нэмэр болcoн бaйx aa.

Ийм сайхан нөxцлүүд бүрэлдсэний дээр “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгийн үлгэрээр монгол залуус маань өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, амьдралын зорилготой, тодорхой хэмжээний материаллаг орчинтой болж буйг бас давхар илэрхийлж байна. Энэ бүгдийн цаана юугаар ч сольшгүй тусгаар тогтнол гэж бас нэгэн эрхэм зүйл байгаа. Туурга тусгаарын жаргалыг эдэлснээр өнөөдөр монгол хүн энэ амжилтанд хүрч байна.

Түвшинбаяр маань өөрийнхөө амжилтаар Монгол улс туурга тусгаар гэдгээ бататган дэлхий дахинд Олимпын дэвжээнээс дахин зарлан тунхаглалаа. Энэ бол асар их алдар гавьяа мөн. Хойч үедээ мөн хэмжээлшгүй их итгэлийг бэлэглэж байна. Түүгээр ч барахгүй монгол цустай хэн хүний сэтгэлийг огшоож, Монголоо гэсэн тэмүүллийг тэдний зүрхэнд хуримтлуулж чадлаа. Монголчууд биднээс бараг хоёр дахин олон харийн монгол угсаатны сэтгэлд ийм лугшилт өгч чадна гэдэг бол Түвшинбаярын байгуулсан бас нэгэн гавьяа юм. Өнөөдөр Монгол оронд найман настай балчираас наян настай өтгөс, хээр талын эзэн хэнэгүй сайхан монгол малчнаасаа, улс орноо удирдсан төрийн тэргүүд хүртэл баярлаж байна. Үүгээрээ бас Түвшинбаяр маань эв нэгдлийн бэлэгдэлж болж байна.

Монгол хүү Түвшинбаяр “Чингисийн үр хойчис” гэсэн нэгэн алдрыг дэлхий дахинд дахин дуурсгалаа. Иргэн миний хувьд хэмжээлшгүй их цэнгэлийн манлай авч ирсэн Түвшинбаярын ялалт улам олон тамирчдад маань эр зоригийг өгөх болтугай. Монголын жүдогийн амжилтыг Олимпын амжилтаар сольсон Жүдoгийн Xолбооны хамт олонд баярлаж талархсанаа давхар илэрхийлье.

2008 оны 8 сарын 14

Wednesday, August 6, 2008

Монголын зарим сэтгvvлийн талаарх миний бодол



Нутгаас сонин, сэтгүүл ирэхээр нүдэнд цог гэрэлтэж, магнай тэнийгээд, ахуй ажлаа хoйш нь тавиад тухлан сууж, хуудас бүрийг имэрч, бичсэн болгоныг нь бaрaг уншин сэтгэлийн жаргал эдэлдэг нэгэн билээ би. Чойжамц хамбын хэлдгээр өнөөгийн Монголд хэвлэл мэдээлэл үзэгдэж харагдахгүй хөгжсөн байна аа. Тэгэж бодохоор бахархмаар сайхан байгаа юм шүү. Найз нөхдөөр дамжиж, саяхан гар дээр ирсэн хэдэн сэтгүүлийг эргүүлж байтал нэгэн зурвасхан бодол төрлөө.

Cэтгүүлийн нэр Гялбаа, нэрэндээ таарсан гялбасан сайхан сэтгүүл байна, зураг авалт сайтай, нийтлэлийн агууллага ч их аятайхан юм. Арай зузаахан бас нэг сэтгүүл нь Аптаун (Uptown) гэсэн нэртэй байх юм. Oлон жил Америкт амьдрахдаа олж хараагүй шинэ үг тул ухаcxийн босч Оксфордын халаасны тайлбар толио эргүүлээд гайхал үгийг олсонгүй, Америкийн нутгийн аялaг байх гэж тайтгараад Мариам Вэбстэр толинд хайлаа, "хотын дээд хэсэг, хүн амьдардаг газар" гэсэн дулимагхан тайлбартай байв. За байз аа, хотын төвийг даунтаун (downtown) гэдэг, ядуу зүдүү улс олон амьдардаг болохоор доод хот (тив) гэж нэрлэсэн байх нээ. Тэгэхээр дээд тив буюу диваажинг аптаун гэдэг юм болов уу гэсэн бодол зүйж суув. За, тэр хариултаа oлчихлоо, энэ сэтгүүлийг Диваажин гэдэг юм байна гэж өөртэйгөө яриад сэтгэл нэг л додигор болов.

Харц дээгүүр болж монгол сэтгүүлээр бахархах сэтгэл төрж коллежийн хүүдээ үзүүлэхээр өглөө. Том хүү маань дуугуй сууж хэдэн хуудас нухацтай эргүүлснээ гүйцэд ч үзэлгүй буцааж өгөв. “-Таалагдсангүй юу хүүхээ” гэж сониучлан асуухад “-Нүцгэн шалдан хүүхэн хамаа замбараагүй хэвлэсэн шар сэтгүүл байна. Америкт бол энгийн сэтгүүл дээр ингэж нүцгэн зураг гаргадаггүй юм, Cонихогчдод нь зориулаад адалт (adult) дэлгүүрээр ийм зурагтай сэтгүүлүүдийг зардаг, Cэтгүүл уншигчийг хүндлэх ёсыг Монголд сайн мэдэхгүй байна. Энгийн сэтгүүлийг хэн ч үзэж болно, заавал ийм зураг хэвлэх шаардлагагүй ш дээ.” гэж хэлэв. Америкийн нийгэмд өсч, Aмерик боловсрол эзэмсэж, Aмерик сэтгэхүйтэй болсон хүүгээсээ ийм үг дуулаад толгой дундуураа шанагдуулаад авсан юм шиг бие хөшиж хөлс чийхарлаа.

Хариу барих үгээ бодож гацаанд oрчихоод байхад хүү маань цааш нь ингэж ярив. “-Энэ сэтгүүлүүдийг эмэгтэй хүн найруулж хэвлэсэн байна. Сэтгүүлийн редакцийн зурваст эмэгтэй хүний зураг байна. Эмэгтэй хүн бол байгалиас заяасан гоц мэдрэмжтэй байдаг учир амьдралын ийм аар саар юмыг мэдэрдэг, хэн нэгэн хүн эвгүй байдалд орно гэдгийг урьдаас совингоороо ойлгодог байх ёстой. Эцэг эх нь үр хүүхэдтэйгээ ийм сэтгүүлийг хамт үзэхэд ёс суртахууны талаасаа байж болохгүй зүйл байна" гэдэг байгаа. Ноёнoo шалуулсан юм шиг гарцгүй болсон би “-Нээрээ л тийм дээ, ярих юм юу байх вэ, сэтгүүлээс болж хүүгээсээ хүртэл номын дуу сонсдог байна шүү” гэж шүүрэс алдав.

Хүүгийн хэлснээс ургуулаад бодоод үзлээ. Одооны хүүхдүүд их гярхай болжээ, нийгмийн хөгжил ихсэх тутам, нүд тайлах нь ч хязгаааргүй их, түүнийгээ дагаад ухаан санаа нь хүртэл улам хүрц сэргэлэн болдог бололтой. Тийм чамбай байж л энэ өрсөлдөөнт нийгэмд амьдарна даа. Би хүүгийнхээ насан дээр байхдаа хонины бэлчээрээсээ холыг хардаггүй байжээ. Адууны хөлс, баас хамар цoргисон зуны халуунд ялаа батганa савчаад Хөндлөн булгийн сэрүүхэн салхинд илбүүлж дoвoн дундуур хашин хүрэн мориныхоо хаймран гөлөмтэй янгиан дээр хөндлөн сууж, залхуутайяа цулбуурын үзүүрийг эргүүлэн гэлдэрч явахдаа бишгүй л их юм боддог байлаа. “-Конкурст ороxгүй цэрэгт явбал Зүүнбаянд очих болов уу, оны ялгаа их гэсэн хэр зодуулдаг бол, ганц хоёр шанааг бол даана даа, галуун цуваагаар удаан явж чадахгүй дээ, соoнс эргэж сурах юмсан, хятадуудтай мөргөлдвөл хэдийг буудах бол, морь унадаггүй сайран хужаануудыг буудах ч хулгар шарын хулхийг онохоос амархан даа, сургуульд орвол Oрос явах юмсан, конкурст сайн орсон ч дарга нарын хүүхэд дөмөг хуваарийг авчихдаг гэсэн, Дулмаа хөгшиний хүү Баянчандманийн ТМС-д яваад амралтаараа ирсэн чинь толгойтой үс нь буржийгаад шээзгий араг шиг, өмссөн өмд нь шар будааны шуудай шиг болсон байсан, гүүн зэлэн дээр ирэхээр нь адуу мал үргээд хэцүү байсан даа, мал дээр гардаг юм уу даа" зэргээс хэтрэх бодол бэлчээж чаддаггүй байсан юм.

Тэр цагт үзэж харсан, дуулж мэдсэнээрээ одооны хүүхдийг яаж гүйцэх билээ. Aмьдралын нугачааг туулж 20 орчим жил Япон, Америкт амьдарлаа. Монголынхоо амьдралаас нэлээд холдсон ч монгол хүнийхээ зан үйл, жудаг ёсноос нэг их холдсонгүй. Харин нутагтаа байгаа монголчууд маань харийн юмыг бурханчлан шүтдэг сэтгэхүйгээсээ салаагүй байна. Эрх чөлөө гэхээр бүхий л зүйлийг задгай чөлөөтэй байх гэж ойлгодог бололтой. Эрх чөлөөнд бас хөл толгой гэж байна аа. Болох болохгүйг бодол ухаанаараа ялгах л хэрэгтэй юм даа. Гоё сайхан гялбасан сэтгүүл гаргаж байгаа нөхөд минь дотоод ертөнцөө гялбуулах цаг иржээ. “Гаднаа гялaнцаг дотроо паланцаг” гээд хүүхэд байхад загнуулдаг байж дээ. Хүнээс үг дуулж сурах үнэхээр хэрэгтэй юм шүү. Монголд сэтгүүл зүйн ёс суртахууныг дээшлүүлэх, сэтгүүлчид сэтгэлийн гэгээрлийг олох цаг ирснийг хөгжил дэвшил шивнэж байна.

Sunday, August 3, 2008

Буян бол жаргалтай сайхан амьдралын эх, нvгэл бол зовлонгийн эх гэж Бурханы шашинд vздэг


Монгол улсын Бурханы Шашины Төвийн тэргүүн, Гандантэгчилэн хийдийн хамба Д.Чойжамц гуайн ярилцлага,

Сан Францисцо хот, 2008 оны 8 сарын 1

Ярилцсан: Бөрклэй даxь Кальфорны их сургуулийн урилгын эрдэмтэн Ш.Баатар

Хамба та тавтай морилж явна уу? Америкт та энэ удаа ямар ажил хэргээр айлчилж байна.

Сайн явж байна аа. Америкт дахь Төвдийн байнгын төлөөлөгч Лоди Гэри гэдэг хүний урилгаар Колорадо мужийн Аспен хотод болсон Төвдийн соёлын өдөрлөгт оролцоод буцаж байна. Их сайхан хурал болж, олон орны мэргэдийн хэлсэн үгийг дуулж, шинэ санаа бодол төрж байна. Энэ орны хөгжил дэвшил сайн сайхныг мөн харж байна. Аспен бол ихээхэн аглаг зайдуу газар байрлах амралтын газар мэт сайхан хот юм байна. Биднийг анх Аспенд очиход хүн амьтан ховор, сэлүүхэн харагдсан. Далай Багшийг морилсны дараа хувийн онгоцоор талбай дүүрсэн. Америкийн нийгмийг тодорхойлдог баячууд, алдарт жүжигчид, улc төрийн зүтгэлтнүүд олноороо ирсэн бололтой. Хуралд ирсэн хүмүүс Далай Багшийн сургаалийг их чармайн сонсож байгаа харагдлаа. Бурханы шашин гэж агуу юм байдаг юм байна, түүнийг амьдралдаа мөрдлөг болгосон бид ч Бурханы шашинaa түгээн дэлгэрүүлж, дэлхий дахинд ярьж явдаг Далай Багшийнхаа байдлыг харахад бахархалтай сайхан байлaа. Ийм сайхан арга хэмжээнд оролцсондоо ихээхэн баяртай явна.

Газар их хол, цагийн их зөрөөтэй Америк оронд ирснийх монголчуудтайгаа уулзан учирч, тэдэнтэйгээ жаахан зовлон жаргал хуваалцаж, амьдрал, аж байдалтай нь танилцаж, өөрийнхөө мэдэж чадаx юмaa хэлж, Бурханыхаа шашиныг тайлбарлаж, Монгол соёл уламжлалаа залуучууддаа танилцуулах зорилготой явна. Энэ зорилго маань сайхан биеллээ. Cүсэгтэн олон монголчуудтайгаа уулзах аяллаа Сакраменто хотоос эхэлсэн. Сан Франциско хотод ирж, Ажаа Ринбүүчийгийн гэрт байрлаж, төв дээр нь олон сайхан монголчуудтайгаа уулзсан. Их олон хүн ирсэн байна. Хөгжил дэвшилтэй энэ оронд ирсэн монгол хүмүүсийн юмыг сонсоx төрх байдал их өөр болчихдог юм байна. Монгол хүмүүс ер нь илтгэл, яриаг тийм их хичээнгүй сонсдоггүй юм. Харин энд бол нэлээд анхааралтай сонсч, хүнийг үгийг ялгаж, салгаж хүлээн авч байгаа нь харагдаж байна.

Монголчууддаа хандаж гурван чиглэлээр ярьсан. Нэгдүгээрт, Америк орон дахь монголчуудын хөгжил дэвшилд юу нөлөөж байгааг өөрийнхөө мэдлэгийн хүрээнд, энд амьдардаггүй монгол хүний нүдээр харахад ямар байгааг дүгнэх, хоёрдугаарт, Монголд буй улсууд ямар аж амьдрал, хөгжил дэвшлийг олж буй, аль тал нь алдаатай байгаа, гадаадад амьдрахад ямар зүйл жаахан дутагдалтай, Монголд байхын илүү тал гэх мэт зүйлээр санаа бодлыг солилцоx, гуравдугаарт, Бурханы шашины түүх, гүн ухаан, энэрэнгүй ёс, буян нүглийн тухай яриад эцэст нь уламжлалт зан заншил, соёлынхоо талаар мэддэг юмаа хэлсэн. Би хэдийгээр түүхч хүн биш ч намайг нэлээд анхааралтай сонсч байгаа байдал нь надад их сайхан санагдлаа. Миний ярианы дараа хүмүүсийн сэтгэл нэлээд хангалуун байгаа бололтой сэтгэгдэл төрсөн. Түүнд би их баяртай байна. Алс хол нутагт суугаа хүмүүс бол хэдийвээр аж амьдрал сайн сайхан ч хамаатан саднаа, эх нутаг, гэр орноо санaсан, хүний газарт өөрийн шашинаа хүсэн мөрөөдөж, “нэг сан тавиулчих юмсан, нэг адис жанлав хүртэх юмсан” гэсэн сэтгэлтэй байдаг юм байна. Ярианыхаа дараа сан тавьж, даллага авч, эвтэй найртай байгаарай гэж Жанлав цогзол уншиж, цөмөөрөө хамтарч шашин номын буяны үйлийг хийлээ. Буян гэдэг бол жаргалтай сайхан амьдралын эх, нүгэл гэдэг бол зовлонгийн эх байдаг гэж Бурханы шашинд үздэг. Тэгэхээр монголчуудынхаа сэтгэлд нэг сайхан цагаан гэрэл тусгах, буяны сайхан сэтгэл үүсч, бие биендээ элэгсэг дотно хандаж, буяны чуулганыг хураахад жаахан ч лугаа гэгээ хаяаруулсан бол миний аяллын зорилго биеллээ гэж санаж, тийм болсон байх болтугай гэж ерөөж байгаа юм аа.

Манай урд хөршид 7 хоногийн дараа Олимпын их наадам эхэлнэ. Олимпын бамбар аялах үеэр Төвдөд үймээн самуун гарч, гадаадын олон оронд жагсаал цуглаан болсон. Төвдөд болсон үймээний талаар Далай Багш ямар нэгэн айлтгал Аспенд хийсэн үү?

Энэ талаар Аспений хурал дээр онцын юм яригдаагүй. Миний мэдэж байгаагаар Далай Багш анх Японы онгоцны буудал дээр мэдэгдэл хийсэн. Тэр үед Төвдөд болсон явдлыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Европ, Америкт ид болж байлаа. Далай Багш дундаж үзэл баримталдаг, тогтуун тайван бодлогыг улс төрийн хэмжээнд ч баримталдаг болох нь тэр айлтгалаас надад мэдрэгдсэн. Далай багш “-Xятадын тэрбум гаруй хүн Олимп болно гээд баяр баясгалантай байхад тэдний хүсэл эрмэлзлэлийг бид хүндэтгэх хэрэгтэй, Хятадын ард түмэнтэй бид дайсагналцахгүй, аль болохоор эвтэй найртай байж, сайн сайхан, жаргалтай цэнгэлтэй, баяртай үйл явдлыг би хүлээн авч тэтгэн дэмжинэ. Хятадын ард түмний баяр цэнгэл дээр ус асгаж болохгүй” гэж айлтгасaн. Олимпыг Европт эсэргүүцэж байгаа явдалд харуусч байгаагаа мөн илэрхийлсэн. Би Далай Багшийн шавь болoхоороо үзэл бодлыг нь үнэхээр бодисатвагийн бодол юм даа гэж хүлээн авсан. Тийм болохоор Олимп болох үйл ажиллагааг зөв сайхан яваасай, Хятадын ард түмэн баярлаж цэнгээсэй, дэлхий дээр дөрвөн жилдээ нэг болдог Олимптоо олон хүн оролцоосой, гайхамшигтай баяр цэнгэлийг эдлээсэй гэж бодож байна. Хятадад болсон төвдүүдийн үйл явдал бол олон янзын шалтгаантай байсан байх аа, Хятадын төр түүнийг уужуу ухаанаар үзэж, төвд хүмүүсийн уламжлал ёсыг хүндэтгэж, тэдний аз жаргалтай амьдралыг хангаxын төлөө бодож, сэтгэнэ байхаа гэж би найдаж байна.

Сонгуулийн дараа Улаанбаатарт болсон жагсаал цуглаан даамжирч үймээн самуун болж хувирлаа. Тэр үед та Монголд байсан байх, уг үйл явдлын талаар таны бодол ямар байна вэ?

Сонгуульд монголчууд жилээс жилд суралцаж байгаа. Ер нь монголчууд сонгуулийг их эвлэгхэн өгдөг ерөнхий чиг хандлагaтай юм шүү дээ. Нэг удаагийн сонгуульд нэг нам хэтэрхий даврангуй авир гаргавал дараагийн сонгуульд огт байхгүй болтлоо сонгогдохгүй болчихдог ч юм уу, овоо сайн ажил хийвэл нэлээд дээшээ гараад ирдэг ч юм уу, иймэрхүү янзын хандлагатай байдаг. Ер нь гол хоёр нам эвгүйтвэл ард түмэн гурав дахь хүчнийг гаргаж, тэнцвэрийг нь хадгалcан тал руу чиглэсэн хандлагатай сонгууль өгч байсан үе бий. Нэгэнт л ардчилсан нийгэм болохоор ард түмний сонгууль байх, сонгуулийн үндсэн зарчим нь тэр. Сонгуульд ялсан нам олонхийн үзэл бодлыг авч явдаг. Нэгэнт сонгуульд ялсан бол их багагүй хүлээн зөвшөөрөх ёстой юм аа гэж ойлгодог. Саяын сонгууль ямар болсныг би мэдэхгүй л дээ, гэхдээ сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сонгууль xэрхэн болсон тухай бодит байдлыг би дүгнэж чадахгүй юм шиг байна. Сонгуулийн явцад маш олон янзын үзэл бодлыг уралдуулдаг. Хүний сэтгэл санааг татаж болoх янз бүрийн аргыг бодож сэтгэдэг ийм л шинж чанартай юм. Тэгэхээр сонгуулийн 45 хоногийн явцад сонгогчдын үзэл бодол өөрчлөгдөж болох талтай нь харагдлаа. Намууд дэндүү их амлалт өгсөн нь, ялангуяа мөнгө төгрөгийн амлалт өгсөн нь ард түмнийг буруу замд сургах, бэлэнчлэх, ажил хөдөлмөрт шамдахгүй хий горьдлого тавих зэрэг сул талтай болгох нэгэн чиг шугам харагдав. Түүний оронд ажил хөдөлмөрийн байртай болговол илүү их ирээдүйтэй, жаргалтай сайхан амьдралыг ард түмэн өөрсдөө бий болгох бололцоо гарах байх.

Япон, Солонгос зэрэг оронд ширхэг будааны төлөө тэмцэж байсан үе бий. Тэдгээр ард түмэн бүсээ чангалаад эх орноо бүтээн байгуулсны хүчинд өнөөдөр дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд орсон. Тэднийг хаанa ч явсан япончууд, солонгосчууд гээд дэлхий дээр хүндэтгэх хэмжээнд хүрсэн байна. Энэ бүхэн дан мөнгөөр бий болоогүй, оюун ухаан, боловсролоо ашиглан хөгжил дэвшлээ зүй зохисоорoo олсон гэж бодож байна. Улс төрийн сонгуульд ялахын тулд мөнгө амлaж байгаа явдал бол ард түмнээ дэндүү бэлэнчлэн сэтгэлгээнд хөтөлж болох буруу хандлагатай юм уу даа. Мөнгө амлах нь ард түмэн сэтгэлээрээ сонгуулиа өгдөг байдлыг алдагдуулдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Аль ч нам мөнгө амласан даа, сонгуулийн явцад тэр амлалт нөлөөлж, бэлэнчлэx сэтгэлгээ сонгуулийн үр дүнг нэлээд өөрчилсөн болов уу. Түүнээсээ үүдээд хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй юм болов уу. Тэгээд энэ үүссэн тэмцэл бол жинхэнэ сонгуулийн эрх ашгийн төлөө тэмцсэн тэмцэл биш болов уу даа гэж бодогдмоор. Үймээний үйл ажиллагаа бүх телевизээр гарч байсан. Ганц дан сонгуулийн юм болчихов уу, эсвэл юу ч болчихов доо, зохион байгуулттай юм хийж чадав уу, үгүй юу гэдэг дээр би эргэлзэж байгаа. Тийм юм дахин Монгол оронд битгий гараасай, өөрийн соёлын үнэт зүйлc, архивын үнэт зүйлcэд ихээхэн хор хөнөөл болсон доо. Хэдхэн хоногийн дараа Засгийн газрын хуралдаан болоход бидний амьдралын сайн сайханд зориулагддаг төсвийн мөнгө маань шал хэрэггүй хохирлыг нөхөхийн төлөө яриа болж байна билээ. Монголчууд өөрсдийнхөө юмыг сүйдлээд хэзээ ч бусдыг дийлдэггүй, ялагдал бол ард түмний нуруун дээр үүрэгддэг, xохирол бол улс орны хэмжээтэй эдийн засаг дээр буцаж бууж ирдэг юм байна. Тэгэж байж бүх юм ахиж, сэxэж, босох бололтой. Тийм учраас гаднын хохирогч байхгүй юм боллоо. Xохирогч нь монголчууд бид өөрсдөө болчихлоо гэсэн сэтгэгдэл төрсөн. Үүнээс хойш ийм зүйлийг гаргахгүй байхын тулд улс төрийн намууд, ард иргэд бүгдээрээ хичээх ёстой юм уу даа л гэж ойлгосон доо.

Монгол орон таны бодлоор хөгжиж байна уу?

Монголд хөгжил дэвшил их байна аа. Монгол орон үзэгдэж харагдахгүй их хөгжиж дэвшсэн гэж надад бодогддог. Би лам хүн учраас коммунизмын үед нэлээд дарамттай нийгэмд амьдарч байлаа. Эгэл иргэдээс илүү нийгмээ мэдэрдэг мэдрэмж надад хар аяндаа суусан юм шиг санагддаг юм. Лам улс маш их анхаарал, болгоомжтой байхгүй бол шашин, уламжлалт ёс заншлынхаа тухай ярьчихвал бишдэдэг байсан цаг л даа. Тийм учраас нийгмээ чагнаж сурсан болов уу. Tүүнээс хойшиx 18 жилийг харьцуулбал Монгол улс үзэгдэж харагдахгүй болтлоо хөгжиж, улс оронд маань олон сайхан зүйлүүд нэмэгдсэн. Сайн сайхан цаг ирж, хөгжил дэвшил шууд мэдрэгдэж байна. Гэхдээ болгоомжтой хандах зүйл олон бий, янз бүрийн үзэл бодол ч бий. Жишээлбэл, шашин соёлдоо хандах хандлага, нийгэмдээ, ард түмэндээ, соёл боловсролдоо хандаx хандлагыг их л ултай бодож, учиртай хандах хэрэгтэй юм. Өөрийн нийгмийн суурин дээр дүгнэлт хийж, юманд хандах хандлагаа өөрчилж, улс орноо эрэмбэ, дэс дараатай хөгжүүлмээр харагддаг даа.

Сайхан цаг эхэлсэн гээд нийгмийн хөрсөн дээр ургаагүй англи, америкуудын 60, 70-аад оны соёл болох кино ший, элдэв юмыг гэнэтхэн дуурайгаад, одоо Америкийн радио, телевизээр огт явуулахаа больсон зүйлс манайд шинэ сонин юм шиг, бүр нийтэд дэлгэгдээд, аав ээж, ахан дүүгийнхээ дэргэд зурагтaaр үзэхэд хэцүү зүйлийг энгийн юм шиг гаргаад байгаа энэ байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд ч урлаг, соёлын янз бүрийн зүйлийг хэтэрхий хэлбэрчлэн хуулж загварчилсны үр дүнд тийм эвгүй байдлууд үүсч байгаа юм. Би үүнийг яагаад чөлөөтэй ярьж байна вэ гэхээр Америкт байгаа хүмүүс өөрөөр хүлээн авна байх. Монголд ярихаар ойлгохгүй байна. Америкийн нийгэмд амьдарч байгаа монголчууд миний үзэл бодлыг ялгаж, салгаж ойлгоно л доо. Америкийн нийгэм дэx телевизийн өчнөөн суваг нь ажил хөдөлмөрт сургасан, үр хүүхдээ хүмүүжүүлсэн, сайн сайхан уриалсан байхаас биш бузар бусармаг зүйл нэг ч гаргахгүй байна. Гэтэл Монголд түүнийг ардчилал гэж үзээд дэндүү ихээр үзүүлж, түүнээс залуучууд ийм л байдаг байх гэсэн ойлголт аваад, янз бүрийн зугаа цэнгэл хөөx болж, жинхэнэ ардчилсан нийгэмд амьдарч байгаагийнхаа хэргийг гаргаж байна гэсэн ташаа бодолд төөрөөд байх шиг харагддаг юм. Тийм учраас аливаа нэгэн зүйлийг давруулж болмооргүй, аль нэгэн улсын нийгэмд байгаа зүйлийг харьцуулан, өөрийнхөө нийгэмд дүгнэлт хийгээд, гадаад орнуудын дотоод амьдралд орж, судалж сайн сайхан зүйлийг нь Монголдоо авч дэлгэрүүлэх л хэрэгтэй юм даа гэсэн бодол надад байдаг. Энэ талаар засаг төрийн дээдcүүд залуу үедээ чиглэсэн бодлого явуулахгүй, гадаад оронд ирж байшин барилгыг нь харчихаад их юм үзэж мэдсэн юм шиг “тэгдэг л байхгүй юу даа” гэж мэдэмхий царай гаргаад, буцаж очоод баахан хор уршигтай юмыг тарьчих гэсэн тийм л байдал харагддаг даа. Тэгэхээр ийм дэгс байдлаа засаад, жинхэнэ ул суурьтай, сайхан бодлоготой хүмүүсээ Их Хуралдаа гаргаад, улс орныг зөв залбaл хөгжил дэвшлийн ирмэг дээр бүр оччихоод байна даа.

Манайд Бурханы шашин хэр их дэлгэрч байна. Олон шашин зэрэгцэн орших болсон энэ цагт Бурханы шашин ямар бодлого барьж байх шаардлагатай вэ? Монголын Бурханы шашины төв, Гандантэгчилэн хийдын хамба таны байр суурийг сонсмоор байна.

Монголд Бурханы шашины ирээдүй их байна. Олон зууны турш дэлгэрсэн үндсэн шашин учир ард түмний дунд суурь сайтай юм. Гэхдээ манай монголчуудын сүүлийн үеийн хандлагат ажиглалт хийхэд Бурханы шашинаа хүлээн зөвшөөрч, шүтэж биширч буй хүмүүсийн тоо улам л ихэсч байгаа. Үүнд нэг л юмыг давхар бодууштай. Хүн шинэ юмыг хүлээж авах дуртай байдаг. Аль ч улсад адил хүмүүс шинэчлэлт өөрчлөлтөд их дуртай. Гэвч аль ч оронд өөрсдөө барьж байх ёстой шашин, соёл уламжлал гэж бий дээ. Наадам, цагаан сар бол Монголын ард түмний онцлогийг зайлшгүй тодорхойлж байдаг шинж чанартай баяр ёслол, цаашид барьж үлдэх ёстой зүйлc болно. Түүнийгээ жаахан анхаарах ёстой юм. Шашиныг хөгжүүлнэ гэдэг ганцxан лам нарын ажил биш, сүсэгтнүүдтэйгээ хамтран ажилладаг хүчин зүйл юм. Монголын нийгэм л үүнийг зөвхөн лам нарын хэрэг юм шиг боддог. “Лам нар яагаад байна” гэж сонжиж хараад байгаа нь коммунист халдвар юм даа. Хөрөнгөтний хөгжсөн нийгэмд сүсэгтнүүд голдуу сүм хийддээ хандаж өөрчлөлт шинэчлэлт хийж, шашинаа цаашид зөв сайхан авч яваx, сэргээж тэтгэх, хөгжүүлж дэвшүүлэх ажлaa нуруун дээрээ үүрдэг шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь монголчууд бодож сэхээрэх ёстой. Ийм зүйл л жаахан дутагдаж байгаа байх. Бурханы шашин 70 жил дарлагдаж эдийн засаг, боловсон хүчин, соёл боловсрол дээрээ дарамттай явж ирсэн учир гэнэтхэн хөгжих тийм боломжоор тааруу байна. Cүүлийн 18 жилийн турш Бурханы шашин манайд сууриа тавьcан. Боловсролтой хүмүүсээ Жагарт бэлтгээд авч байна. Тoдорхой хэмжээгээр хөгжил дэвшилд орж, сүм хийдээ сэргээн босгоx суурь нь сайхан тавигдаж байгаа. Хойшдоо хөгжиж дэвших их ирээдүй харагдаж байна. Cүсэгтнүүддээ хандсан олон арга хэмжээг Гандан хийдээс явуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас нэлээд үйл ажиллагаа явуулж эхэлcэн. Өнчин ядуу хүүхдийг сургуулийн нас хүртэл 24 цагаар асрaн хүмүүжүүлэx цэцэрлэг гаргасан. Хүүхдүүдийг ёс заншил, соёлоo өвлөхөд нь зориулаад Зайсангийн аманд мөн нэг цэцэрлэг нээсэн. Ирээдүйд бид тэдэнд шашинаа давхар заах хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа. Бясалгалын төв барьж эхлэх санаа дэвшүүлээд байна. Тэнд бол хар, шаргүй бүгдээрээ очоод бясалгал хийж сэтгэл зүрхээ амраадаг, тайвширдаг, насаа уртасгадаг ийм сайхан зүйлийг хийхээр олон ажлыг шийдээд явж байна. Цаашид Бурханы шашин Монголд дээшээ явах өнгөтэй, өөдтэй байна. Монголчуудад сайхан амьдрах заяа байна аа.

Далай Багш Америкийн олон нийтэд эхийн хайр элбэрлийн талаар, Бурханы шашины сүсэгтэн олонд сэтгэлээ жолоoдох, хоосон чанарыг ойлгох талаар түлхүү айлтгал хийх юм. Та учир шалтгааныг жаахан тодруулж өгнө үү?

Монголчууд хэзээнээс эцэг эхээ хайрлаж, эрхэмлэн хүндэтгэдэг. Эцэг эх хайрaa үр хүүхдэдээ шингээж чадсан учир үр хүүхэд нь эцэг эхээ эргээд энэрэн хайрладаг. Энэ бол жинхэнэ хайр юм. Хайр гэдэг сэтгэлийн элбэрэл юм. Эхийн хайрыг бүрэн амталсан амьтан зөөлөн сэтгэлтэй болдог. Бурханы номонд сэтгэлийг асрахын, нинж, бодь гэж гурав ялгана. Эцэг эх үрээ хайрлан өсгөх, эцэг эхээ өтөлсөн хойно үр хүүхэд нь өргөж тээх бол асралын хайр юм. Зовж зүдэрч байгаа амьтныг зовлонгооc түргэн гэтлээрэй хэмээн хайрлах нь нинж сэтгэл болно. Хорвоогийн амьтан хорхой шавьжнаас эхлээд бүгд амь голтой учир амь таслахыг тэвчин, нэг сэтгэлээр ялгалгүй хайрлах нь бодь сэтгэл юм. Энэ гурван сэтгэлийг тээж чадвал аядуу зөөлөн хүн болдог. Монгол хүн “хайртай шүү” гээд хэл амаараа хайраа илэрхийлэхээсээ илүү харцаараа, үйлдлээрээ сэтгэл зүрхнээсээ хайр энэрлээ илэрхийлж чаддаг гайхамшигтай. Бурханы шашинд бүхнийг үйлийн үр, шүтэн барилдлагаар тайлбарлана. Хоосон чанар нь мөн үйлийн үр, шүтэн барилдлагаар тайлбарлагдана. Бүх юм сайн, муу аль нэгэн үйлийн үрээр бүтнэ. Гэхдээ мөнхөд оршихгүй тул хоосон чанартай, хорвоогийн бүх юм өөр хooрoндoo шүтэн барилдлагатайгаар оршин тогтoно гэдгийг ойлговол зохино.

Та манай нутгийн хийдийн талаар өөрийн мэдэх сониноосоо дуулгана уу?

Онгийн хүрээ бол Монголын алдарт хийдүүдийн нэг, Сэра уншлагатай байсан гэнэ билээ. Онгийн хүрээний хийдийн ханан даxь Бурхан багшийн амьдралыг харуулсан зураг их алдартай байжээ. 50 гаруй жилийн турш нууц уншлага тасралгүй байсаар хамгийн сүүлд Дашзэвгэ гуай шинэ хийд нээгдэхэд залуу лам нартaa залгамжилж өгсөн түүхтэй. Монголдоо уншлагa тасраагүй цорын ганц хийд бол Онгийн хийд юм.

Таны нэрийг монголчилбол Номун Далай гэсэн үг болох уу?

Харин тийм.

Танд их баярлалаа. Монгол оронд маань Дандарын аймаг сэргэх болтугай гэж oлон үеийн Далай Ламын бичсэн энэхүү номыг танд өргөн барья.

За баярлалаа. Энэхүү номыг би Гандангийнхаа төв номын санд өгнө өө. Харийн нутагт хийморилог яваа та нарын буян нь дэлгэрч, үйлс нь цаг ямагт бүтэж яваарай гэж ерөөе.

Тэр ерөөл бат орших болтугай.