Friday, June 17, 2011

Tүүхэн зургийн тухайд


Зураг 1.МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, цэргийн алдарт жанжин, маршил Ю.Цэдэнбалын хамт (Зүүн гараас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Намын хорооны дарга Д.Цоодол, сум нэгдлийн дарга,хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Цэдэндорж нар малчны хотхонд. 1964 оны 11-р сард)


Зураг 2. Энэ зургийг 1968 оны 5-р сард Франц улсын нийслэл Парис хотод орших Эйфелийн цамхагийн хоёр давхарын үзвэр үйлчилгээний танхимд авахуулав. Зураг дээр: зүүн гараас Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн дарга П.Цэрэнцоодол, АИХ-ын ажилтан Ядамсүрэн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, маршил Чойбалсангийн охин тухай үед Франц улсад сурч байсан Ч.Сувдаа, Соёлын яамны сайд Сосорбурам, Өвөрхангайн аймгийн Баян-Өндөр сумын Намын хорооны дарга, Улсын бага хурлын гишүүн Д.Цоодол


Friday, June 3, 2011

Хятад хилээ хаавал Монгол хөгжинө



Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Ардын баатар Бат-үүлээс алдарт нийтлэгч Баабар хүртэлх сэхээтнүүд хаана явна? Газрын гаваар орсон мэт ганц ч үг тэд дуугарахүй байгаад гайхаж байна. Сэтгүүлчид мэдээлэх хүсэлгүйдээ биш цаанаас нь мэдээлүүлэх хүсэлгүй байгаад хэргийн нууц оршино хэмээн би хардаж байна. Арчаагүй энэ айдас хүйдэс нь урд хилээ хаалгавал улаан хоолой давах юмгүй болно гэдэгт байгаа болов уу даа. Хятадууд хохь чинь шүү ходоодтой чинь тооцоо хийнэ шүү гээд манай Хятадад ээлтэй дарга нарыг маань айлгаад байна уу даа. Манай эрх мэдэлтэй эрхмүүд ч багананы цаагуур нүүрээ нуудаг балчир хүүхэд шиг айгаад байна уу даа.

Би хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ. Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж, монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ. Эгэл малчин гэхэд ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн шүү дээ. Тэгвэл бидэнд одоо мэдлэг боловсрол, техник технологи бүх л юм байна. Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Хямдыг хайх тутам ухамсраараа ч ахуйгаараа ч улам ядуурна. Цөөхөн монголчууд бид чанартай, эдийн сайныг хэрэглэх боломжтой. Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно.

Өнө удаан жил өвгөдөөс уламжилж ирсэн эх нутгийн хөрсөн доорх баялгаа бид ядарч арга барагдлаа, одоо л идэхгүй бол хэзээ идэх вэ гээд вагон вагоноор, тэрэг тэргээр нь урагш хил давуулан зөөж хямд үнээр худалдах шаардлага байна уу? Тэр хямдаар худалдсан ашиг ард түмэнд нялзаж байна уу? Ёстой үгүй байх аа. Хятад нүүрсгүйдээ манайхаас аваад байгаа юм биш. Нөөцөө хав дарж шороон түмэн хятадуудынхаа ирээдүйг бодож манайхаас нүүрс татаж байгаа юм. Нэг ёсондоо би үхэхээр чи түрүүлээд үх гэсэн үгийг тэд хэрэгжүүлж байна. Бид баяндаа нүүрсээ урагш нь өгөөд байгаа юм биш, бидний төр засаг арчаагүйдээ өвөг дээдсийн хэдэн мянганы турш өвлүүлж үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийж байна. Монголд хэдxэн хүн баяжаад яах юм бэ. Тэд ямар үхэхээрээ хамаг юмаа аваад хoрвоогоос явах биш. Хатуухан хэлсэн бол уучлаарай. Монголд хуримтлагдсан баялгийг ард түмэндээ зөв зохистой хуваарилж, үр ашигтайгаар хэрэглэж чадвал айл өрх бүр өөдөлж дэвжих боломж бий. Харин ч манайхан байгалийн баялгаа зарлаа гээд өөдөлж дэвжихгүй, улам ядуурч хоосрох нь гарцаагүй. Энэ бол хөгжиж буй олон арван орны амьдрал практик батлагдсан бодит жишээ.

Хэрвээ Монголын төр засаг бодлогоо алсын хараатай зөв боловсруулж, гүйцэтгэх засаглал түүнийг нь бүх шатандаа бодитоор хэрэгжүүлж, хүн ард нь жигдээр хөгжөөд улс түмэн нь хөл дээрээ босоод ирвэл гадна буй монголчууд аяндаа хуйларч дагаад л ирнэ. Чадахгүй бол Туваа нар шиг Mонголоо доромжлоод, чангаасан ч цаашаа хараад нүүр буруулан сууж байх болно. Хүн гэдэг ердөө хуурамч амьтан, дандаа чадалтны өмнө мэхийж байдаг. Монгол үндэстний манлайлагч бол хэнээс ч айж сүрдэхгүй, алтан ургийн хэлэрхий, алаг махны тасархай, халуун цус нэгт хамаатан садангаа хурайлан дуудаx ёстой. Яадаг юм бэ хүн дагаад хөгжил ирнэ биз дээ. Монголын төрийн жолоодогчид урд хилээр сэтэрхий тэвнэ ч гадагш гаргахүй, Хятадын хогноос ширхэгийг ч авахгүй, эх нутагтаа эзэрхэг гүрнүүдийн цөмийн хаягдлыг бүр ч булшлуулахгүй, сөөм газар ч харийнханд түрээслүүлэхгүй, хүн ардынхаа гэрэл ирээдүйн төлөө сэтгэл зүрхнээрээ ажиллах ёстой. Бас шаахайн мөрөөр Монголынхоо алтан шороог тамгалуулахгүйгээ ч мэдэх ёстой. Хэрвээ чадахгүй бол чадвартай хүмүүст орон зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Манай төрийн дээд удирдлагат буй хүмүүст сэтгэл, мэдрэмж, манлайлах чадвар үнэхээр тутаж байна.

Тэрслүү үзлээ тэрлэсэн,

Ш.Баатар


Wednesday, June 1, 2011

Өвөр Монголд өрнөж буй бослого хөдөлгөөний талаарх хувийн бодол



Өвөр Монголд бослого хөдөлгөөн гардаггүй байсан гол шалтгаан нь хэт их хятаджуулсанд оршино гэж боддог байлаа. Харин энэ бодол эндүүрэл байжээ. Өвөр Монголын умарт хэсэгт Зөвлөлтөөр хамгаалуулсан Монгол улс тусгаар тогтнож байсан явдал бол хүйтэн дайны үед Хятадын эрх баригчдад учруулж байсан хамгийн том аюулын харанга байв. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр Xятадын эрх баригчид тэр цагт Өвөр Монголыг хятаджуулах үйл ажиллагааг нэн эрчимтэй явуулах болжээ. Өвөр Монголын нутагт хятадууд сууршиж, тариалан хөгжүүлэхэд цаг уурын нөхцөл байдал ямар ч садаа болсонгүй. Өвөр Монголын нам дор газар Төвдийн агаарын сийрэгжилттэй өндөрлөг, Шинжааны элсэн цөлтэй зүйрлэхийн аргагүй үржил шимтэй учир хятадууд тун амархан суурьшжээ. Эхлээд тэд Өвөр Монголын хот тосгод руу төмөр зам татаж, төмөр зам дагаад асар олон хятад сууринг буй болгож, түүгээр ч барахгүй илгээлтээр хятад залуусыг малчин болгож, тэднийг монгол бүсгүйчүүдтэй гэрлэх үүд хаалгыг нээх зэрэг олон аргаар хан үндэстэн хятадууд Өвөр Монголд олширч, улмаар Өвөр Монголчууд төрөлх нутаг дээрээ үндэсний цөөнх болон хувирсан гунигт түүхтэй.

Өвөр Монголын нутагт явагдсан эх нутаг, эх соёл, эрх чөлөөний төлөө тэмцэл олон улсын хараа хяналтад өртөлгүй хаагдмал ирсэн тул монгол тэмцэгчдийг Хятадын эрх баригчид үй олноор нууцаар устгаж амжсан юм. Үүнийг нотлох түүхийн баримт хангалттай олон бий. Олон удаагийн цуст яргaллыг даван туулж үлдсэн нь хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, зүрх нь үхсэн эрчүүд байсан хэмээн зарим ахмад өвөрлөгч нaр хуучилдаг билээ. Тухайн цаг үеийн байдал, гадны хүчин, дотоод сэтгэхүйгээс болоод Монгол улсын иргэд ах дүү Өвөр Монголчуудад цаг тухайд нь сэтгэл санаaны болоод эд материалaaр тусалж дэмжих ямар ч боломж байсангүй. Харин Монгол улсад байсан эрлийз тагнуулуудаараа дамжуулаад Өвөр Монголчуудыг Xятадад уусаад дууссан гэсэн мэдээллээр монголчуудын тархийг угааж, монголчууд хоорондоо хөндийрөх эндүүрлийн үүд амыг нээж өгсөн. Үүнд Oросын оролцоо мөн их байсан. Тэр цагт оросууд монголчуудыг нэгтсэн хүчтэй болгохгүй, Xятaдыг коммунист орон болгохын тулд тэдэнд зусардсан бодлого барьж байв. Үндсэндээ Монгол түмэн хоёр их гүрний тоглоом болсон хэрэг. Зөвлөлт гүрэн бутран унаж, Монгол оронд нөлөөлөх нөлөө эрc буурснаар ардчилал Монголд хөгжих сайн нөхцөл бүрэлдэж өгсөн юм. Монгол орон алдаа оноотой ч сүүлийн 20 жил ардчиллын замаар тууштай явж буй нь Өвөр Монголчуудад нэгийг бодогдуулж, сэтгэлийн гүндээ хадгалсан итгэлийнхээ цогийг бага багаар бадраах боломжийг олгожээ. Нэг үгээр хэлбэл Өвөр Монголчуудын хувьд ертөнцийг харах цонх нь монгол соёл, монгол ахуй, Монгол орон, Монгол улсын ардчилал болж чадсан. Өвөр Монголчуудын ирээдүйд итгэх итгэл ихээхэн нэмэгдсэн, монгол соёлоо авч яваа Монгол улс тэдэнд ил далд ихээхэн нөлөөлөх болсон.

Ийнхүү Өвөр Монголчуудын дотоод итгэл нэмэгдэх тутам орчноо харах нүд бас өөрчлөгдөж, хятадуудын дарлал мөлжлөгийг улам үзэн ядах, тэднийг жигших болж, хорсол хилэнгийн гал тэдний зүрхэнд дүрэлзэх хэмжээнд болж иржээ. Энэ хэдэн жилд хуримтлагдсан тэр хилэнгийн галыг бадраахад Баруун Үзэмчинд газар нутгаа хамгаалан тэмцээд алтан амиа алдсан монгол залуугийн хэрэг хуурай цучил болсон нь мэдээж. Хэргийн эзэн хятадууд хэзээ нэгэн цагт ийм юм болно гэдгийг урьдаас мэдэж байсан тул цэрэг цагдаагийнхаа хүчийг улам нэмж, олон улсын хараа хяналтаас урьдын адил нууж хааж байгаад “барын зулзагыг бага дээр нь дарaх” уламжлалт аргаа хэрэглэв. Олон жил дарлагдсан Өвөр Монголчуудаас ийм зориг зүрх гарна гэж хөрш Монгол орны иргэд төсөөлөө ч үгүй явлаа. Өвөр Монголчууд ахуйн соёлоороо хичнээн хятаджлаа ч зүрх сэтгэлээрээ монгол хэвээрээ байгаа энэ бослого үймээн харуулж байна. Хятадын соёлын нөлөөнд гүн орсон Өвөр Монголчууд бол муйхраар тэмцэж буй уйгар, төвдөөс ихээхэн ялгаатай. Тэдний ихэнх нь интернэтээс мэдээллээ авдаг, дэлхий дахинд юу болж байгаа харж чаддаг, хятад хүнээс тутахгүй хэлийг нь эзэмшсэн тул эрх баригч хятадуудыг хамгийн ихээр сандаргаж байгаа нь мэдээжээ. Тэгээд бас тэдний ард ардчилсан Монгол улс байна. Монгол улс бол бүх Өвөр Монголчуудын хувьд Журасилим нь болно. Одоо цагт ямар ч Өвөр Монгол хүн “бид мөхсөн ч ард маань Монгол улс байна” гэж бахархалтайгаар хэлж чаддаг болсон цаг. Бид л арчаагүйдээ улс үндэстнийхээ талаар нарийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй байгаа болохоос Монгол хэмээх нөмөр халх улс тэдний хувьд бол байгаа юм аа.

Өнөөгийн энэхүү явуулж буйж Өвөр Монголчуудын бослого хөдөлгөөн нь сайн муу хоёр талтай. Сайн тал нь бол дэлхийн дахины мэдээллийн хэрэгслэлээр эл үйл явдал түгж, монголчууд бол олуулаа юм байна, бас эрх ашгийнхаа төлөө босч тэмцэж чаддаг юм байна, Өвөр Монголчууд харaахан хятад болчихоогүй юм байна, улмаар Монгол гэдэг үндэстэн байдаг юм байна гэсэн ойлголтыг мэдэхгүйд төрүүлж, мэддэгт бататгах сайн талтай юм. Нэг үгээр хэлбэл Монгол улсад ашигтай сурталчилгааг дэлхий нийтэд хийж байна. Сөрөг тал нь Өвөр Монголчууд төрөлх нутаг дээрээ улс төр, соёлын хувьд Хятад улам хавчигдах болно. Босогчдын тодорхой хэсэг хятадуудын ярaглал тамлалд өртөж амь насаа алдах болно. Улмаар Монгол улс болоод Өвөр Монголчуудын хоорондох соёлын харилцаа зогсоход хүрнэ. Гэхдээ л 1981 онд гарсан оюутны хөдөлгөөнөөс хойш 30 дахь жил дээрээ энэхүү бослого хөдөлгөөн Өвөр Монголд гарч буй нь авлигалд идэгдсэн Өвөр Монголын засаг төрийн удирдагч хан үндэстэнд өгч буй том цохилт боллоо.

Цаг үеийн байдалд Монгол улсын иргэд бид ямар байр суурийг барих хэрэгтэй вэ гэдэг асуудал тулгараад байна. Хоёр улсын харьцааг муутгачихна гээд бүлх залигсан мэт дуугүй суугаад байж мэдээж болохгүй. Ардчилсан Монгол оронд мэдээлэл бол чөлөөтэй байх ёстой. Бас бодитой байх ёстой. Дэмжиж байна гээд туг далбаа намируулаад, хоосон уриа лоозунг хашгираад байх бас хэрэггүй. Яг нөгөө “Ардын илч” кинон дээр гардаг хоёр данжаад Ариунаа Тулга хоёрыг нуудагтай адил аргаар Өвөр Монголчуудыг дэмжих хэрэгтэй юм. Манай улсын удирдлага харин ганц нэгээрээ зугтаад гарч ирж буй монголчуудыг хүний голгүй бариад буцаагаад өгчихдөг шившигтэй, хүний мөсгүй, арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй. Хэрвээ лай болно гэж бодвол Монгол паспорт өгөөд АНУ-ын элчингээр дамжуулаад эрх чөлөөний оронд тэднийг гаргачих хэрэгтэй. Яваандаа монголчууд бид чангараад ирэхээр Улаанбаатар ханиахад Хөххотод найтийдаг болмоорсон. Өвөр Монголчууд оршин тогтнох нь Монгол улсын тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа юм шүү.