Thursday, May 10, 2007

"Байлдааны монгол урлаг" ном удахгvй хэвлэгдэнэ


Монголын түүхийг перси, араб хэлнээс судалсан Давид Морган, Морис Росаби зэргийн алдарт монголч эрдэмтдийн замгамж үе болон гарч ирж байгаа Тимози Мэй гэдэн залуу эрдэмтэн "Байлдааны монгол урлаг" номыг бичиж дуусаад хэвлэлтэнд өгсөн юм. Энэ ном 2007 оны 5 сарын 31-нд нийтийн худалдаанд гарна. Зохиолч урд өмнө монголчуудын дундад Азид хийсэн дайн байлдааны талаар нэлээд сонирхолтой зохиолууд бичиж байсан ба түүний нэг нь Монголын Нууц Товчоонд гардаг Чурмахан Хорчийн тухай ном болно. Монголчуудын байлдааны урлагийг эртний греек, ромын сонгодог байлдааны аргаас эрс ялгаатай, орчины нөхцлөөс шалтгаалан бусдын санаанд оромгүй ов мэх хэрэглэн байлддаг байсан талаар энэ номондоо тодорхой бичжээ. Мөн монголчуудын эдэлж хэрэглэж явсан байлдааны зэр зэвсгийг Мэй судалж, энэ талаар сонирхол нийлж, харилцан санал солилцож байлаа. Одоогийн судлаачдын гаргасан материалуудад дундад зууны монголчуудын зэр зэвсгийг нэлээд алдаа мадагтай зурж дүрсэлсэн байдаг ба үүнийг засч залруулах талаар сэтгэл тавьж явдаг юм. Гэтэл хуучин зэр зэвсэг цуглуулагчид харин эсрэг байр суурьтай байдаг юм байна. "Хэрвээ түүхэн үнэнийг олонд мэдэгдвэл хуучин эдлэл зардаг хүмүүс үнээ нэмдэг учир үнэнийг нийтэд бүү хэл" гэсэн зэр зэвсэг цуглуулагчийн зөвлөмжийг сонсоод их гайхаж билээ. Одоо манайхан Их Монгол улсын үеийн тухай түүхэн кино хийхдээ сэгсийсэн үстэй, сэлэм нь махир цэргүүдийг дүрсэлж байна. Монголчуудын тухай археологийн олдвороос нарийвчлан харвал монголчууд гашуудлаас бусад үед үсээ давхар сүлжиж сураар боодог байсан (чулуун хөргөөс авахуулаад персийн зургуудад их тохиолдоно), шулуун сэлэм голдуу хэрэглэдэг байсан ("Mонголын нутгаас шулуун сэлэм ихэвчлэн олддог." Археологич, доктор Д.Баяр) зэрэг нь тогтоогдсон. Энэхүү шинээр гарч буй ном нь монголчуудын талаар жаахан ч атугай зөв ойлголт өгөхөд тусална биз ээ. Энэ ном www.amazon.com дээр мөн зарагдана.

The Mongol Art of War (Hardcover) by Timothy May (Author)
Hardcover: 232 pages, Publisher: Westholme Publishing (May 31, 2007)
Language: English, ISBN-10: 1594160465, ISBN-13: 978-1594160462

Wednesday, May 9, 2007

Шиба Рютарогийн "Татарын хар салхи" ном гарлаа


Нарангууд монголчуудад их элэгтэй. Тийм элгэмсэг занг япончуудад бэлэглэсэн хүмүүсийн нэг бол алдарт зохиолч Шиба Рютаро гуай болно. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд Өвөр Монголд байрласан Кавантуны (Кантоогүн) армид жагсаалын цэрэг явсан агаад дайны дараа Осакагийн их сургуулийн монгол хэлний ангид амьдралын эрхээр сурч (өөр сонголт байгаагүй гэж хэлж байсан) эрдэмтэн зохиолч болох гараагаа эхэлжээ. Японы түүхэнд хамгийн олон түүхэн роман бичсэн Шиба Рютаро гуай "Япончуудын өвөг дээдэс нь төв азиас ирсэн морьтон нүүдэлчид" гэсэн таамаглалыг археологийн судалгаанд тулгуурлан гаргаж, “Mонголчуудыг япончууд бидний шууд өвөг дээдэс болно” хэмээн тунхагласан юм. Манай нэрт орчуулагч Цэвэлмаа агсаны урилгаар Монгол оронд хөл тавихдаа Шиба Рютаро гуай "Хээр талын од" (Соогэн но хоши) өгүүллээ бичсэн ба энэ өгүүллийг уншсан япон хүн бүр Монголд сэтгэлээрээ соронзон мэт татагдах болжээ. Японд сурсан он жилүүдэд цав цагаан толгойтой цал буурал эрдэмтэн Шиба Рютаро гуайтай хааяа тааралдаж үг солих завшаан oлдож байлаа. Тэрээр Монголыг сэтгэл зүрхээрээ хайрласан хүн судар байжээ. Түүний бичсэн олон сайхан түүхэн романуудаас "Татарын хар салхи" түүхэн романыг Колимбийн их сургуулийн профессор Жошуа Фогел англи хэлнээ орчуулан олны хүртээл болгожээ. Их Монгол улс ээлж дараалан Mанжид эзлэгдсэн ээдрээтэй үеийн түүхэн үйл явдлуудыг энэ номондoo тодорхой өгүүлсэн байна. Манайхаар бол "Зүрхний хилэн", "Манан будан" романуудтай дуйцэх том хэмжээний түүхэн роман болно. Номны нүүрэн дээрх зураг Манжийн хааны дайчин алдрын танхимд байдаг хорчин, харчины монгол цэргийн хөрөг гэнэ билээ. Манжийн хаанд морь нохой мэт үнэнч зүтгэж, угсаа нэгт монголчуудаа цус урсган дарж явсан монгол хүмүүсийг ингэж алдаршуулдаг байжээ. Энэ номыг уншихыг хүсвээс www.amazon.com дээрээс захиалан авбал хямдхан байх болов уу.

The Tatar Whirlwind: A Novel of Seventeenth-Century East Asia (Hardcover) by Shiba Ryutaro (Author) , Hardcover: 656 pages, Publisher: Floating World Editions (March 25, 2007)
Language: English, ISBN-10: 1891640461, ISBN-13: 978-1891640469, Product Dimensions: 8.9 x 6.1 x 1.6 inches

Tuesday, May 8, 2007

Далай багш Мадисонд заларлаа

His Holiness the Dalai Lama teaching, Veteran Memorial Coliseum, May 2-4, 2006

Veteran Memorial Coliseum, Madiscon, Wisconsin

His Holiness the Dalai Lama's public talk, Kohl Center, May 4, 2006

Few Thousand Tibetans, Madison Masonic Center, May 5, 2007

Tibetan Tsam Dancers for Wecome, Madison Masonic Center, May 5, 2007

Tibetan Young Singers for Wecome, Madison Masonic Center, May 5, 2007

His Holiness and Tibetan National Anthem, Madison Masonic Center, May 5, 2007

His Holiness Blessing, Madison Masonic Center, May 5, 2007

His Holiness Farewell, Madison Masonic Center, May 5, 2007

Tibetan National Flag, Madison City Hall, May 2-5, 2007

Висконсины их сургуулийн чөлөөнд гарсан профессор, Деер Парк дахь Бурханы шашины төвийн тэргүүн, гэвш Лхүндэв Собагийн урилгаар 2007 оны 5 сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээнтэн Далай багш Висконсин мужийн Мадисон хотноо залрав. Далай багшийн гавжийн дамжаа барих шалгалтыг авч байсан Лхүндэв Соба анх монгол гэвш Ванжилийн урилгаар АНУ-д ирж байжээ. Тэрээр Деер Парк дахь Бурханы шашины төвөө 1975 онд байгуулж, 1979 онд Далай багшийг залж, Америкт анх удаа Дүйнхoрын ван тавиулжээ. Далай багштай өнө удаан жил шадарласан гэвш Соба дэлхийд алдартай, нас өндөр болсон өвгөн лам ба монголчуудад их элэгтэй нэгэн билээ. Далай багшийн Төвдийн сoёлын төвийн удирдах зөвлөлийн хуралд дуудагдсан учир миний бие Мадисонд ирсэн бөгөөд хэдэн өдөр Далай багшийн номын дууг сонсох ховор боломж мөн таарлаа. Богд Зонхивын айлдсан "Ламрим дүйдон" (Бодь мөрийн зарлиг), "Догзод Дүнсэлма" (Ухаараxын зорилгын таниулахуй) номнуудыг Далай багш айлдан ногоон дарь эхийн авшиг тавилаа. Мадисоны Ахмад дайчдын дурсгалын цэнгэлдэх хүрээлэнд эдгээр номыг 3 өдөр айлдсан ба нийт 4 мянга орчим сүсэгтэн олон цугласнаас мянга гаруй нь төвдүүд байлаа. Далай багшийн зарилгаар санхүүгийн орлого зарлагaa зохион багуулагчид олон нийтэд зарлав. Энэхүү арга хэмжээний тасалбараас орсон орлого, хандив нийт 782 мянган доллар цуглаж, 275 мянга долларын зардал гарсан ба үлдэгдэл ашиг 506 мянган долларыг Далай багшид өргөн барилаа. Далай багш арга хэмжээг зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлээд, уг өргөлийн 300 мянган долларыг Деер Парк дахь Бурханы шашины шинэ хийдийн зардалд хандивлаж, үлдсэн 206 мянган долларыг зүүн өмнөд Энэтхэгт шинээр байгуулагдаж буй нэгэн дээд сургуульд өгөх боллоо. "-Энэтхэг орон бол миний амьдарч буй эх орон тул би Энэхтхэгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах нь зүй ёсны хэрэг" хэмээн Дээрхийн гэгээнтэн тайлбар айлдлаа. 12 мянган хүн цугласан Коэл төвд Далай багш "Нинж сэтгэл бол аз жаргалын үндэс" сэдвээр олон нийтэд цаг хагасын айлтгал хийхдээ хүүхэд өсөн хүмүүжихэд эхийн үүрэг асар их, бага насандаа амар тайван өссөн хүн насан туршдаа нинжин сэтгэлтэй зөөлөн байдаг, амар амгалан бол аз жаргалын түлхүүр, амаглан тайван байдал уур хилэнг дарж, орчин тойронд энхийг тогтоодог хэмээн айлдлаа. Дараа өдрийн өглөө Дээрхийн гэгээнтэн 3 мянга 600 гаруй төвдүүдэд тусгай айлтгал хийж, тэдний өргөсөн 100 гаруй мянган долларыг “-Соёлын төвтэй болоорой” гээд буцаагаад барьчихаж байна. Уг уулзалтанд 11 монгол оролцож адис зангиа хүртлээ. Тэндээс Далай багш Питскин фарм дээр зохиосон Чикагогийн төвдийн нийгэмлэгийн хүлээн авалтанд оролцсон ба түүнд 60 орчим монголчууд хамаарч чадлаа. Мадисоны монголчууд цөөхөн ч гэсэн хувь сайтай хүмүүс юм, ихэнх нь Далай багшаас адис авсан даа. Бид нар Удирдах зөвлөлийн хурлаар 10 сарын 23-наас 28-ны хооронд Индиана мужийн Блүүмингтон хотын Ажаа гэгээний тэргүүлдэг Шинэ Күмбум буюу Төвдийн соёлын төвд Далай багшийг залах хөтөлбөрийг баталж, Далай багш болон Төвдийн удирдлагаар зөвшөөрүүллээ. 10 сарын 27-ны өглөө Далай багш монгол төвдүүдэд айлтгал хийнэ. Харин хүн бүрт адис өгөх ямар ч боломжгүй гэсэн шүү.

2007.5.8