Thursday, July 10, 2008

Эрхэм монголчуудаа!

Хотол олноороо сайхан наадаарай

Наадмын дурсамж



Баян хангайн нурууны бэлд миний төрсөн нутаг бий. Арцанд ариусч, алаг цэцгэнд дэнж нь бүрхэгдэж, адуу мал тааваараа бэлчих зуны дэлгэр цагт Онгийн голын эхийг хөвөөлдөн морьдоо уралдуулж, мaнaй нутгийнхан наадмаа хийдэг билээ. Морьдын гараа Ондилтоос эхэлж, Таримлын гол дээгүүр харайлган, Бааюуны хонгорын баруунтаа Шивээ овооны шилээр хэдэрч, сумын төвийн баруунтаaгуур, сургуулийн минь баруунтаагуур Уушхайн хөшөөний хажуухнаар гарч, Хадан хошууг ороогоод Цоохор дэнжийн хурдангийн овоонд морьдоо барьдагсан.

Хангайн тэнгэр догшин болохоор наадмын хоёр дахь өдөр ёс юм шиг, тэнгэр харанхуйлж, хуй дэгдэн, цахилгаан цахиж, гэнэт ширүүн мөндөрт шавхчуулж осгохыг алдана. Энэ нь яг гараанд хүрээгүй байхад болж өнгөрнө. Хоромхон зуур цайрч орсон бороон шуурганд нэвт нороод, тэнгэр цэлмэн, үүлэн чөлөөний нар дайрахад бээрээ гарсан ч хувцас хатдаггүй юм. Ай даа бялзуухай насны тэр дурсамж одоо ч гэсэн сэтгэлийн мухраас гарна гэж үгүй, сонин юм шүү.

Дойтын энгэрээр хонь дагаж, Долоон даваанаас ургаш гарч үзээгүй надад сумын наадам мундаг том баяр байлаа. Гараанд ойртох тутам, их насны морьдын хүүхдүүд уухай нэмж, улам хүчтэй гийнгоолно. Учирыг нь мэдэхгүй ч “умаа хээрий баадан даарий базар гордоо хааян харваа хуулуу хуулуу хунпаад, гийнгоо, гийнгоо, гийнгоо” гээд л гийнгоолно доо.

Гараанаас аль болохоор түрүүлж гарахыг хичээнэ. Учир нь хүлэг мордын туурайнд шидэгдэх шавар, чулуунаас зайлсхийх гэсэн сонин тэмүүлэл, эрмэлзлэл байдаг байсан юм. Ондилт уруудах тийм амар биш, олон агтны хөлс, энд тэндгүй тачигнах ташуурын чимээ, нулимас асгаруулж, магнай хагa ташуулах хуйтэн салхи, хүчтэй харайлтанд хонго хянгардах зайдан морины нуруу энэ бүхэн эхэндээ дасахад бэрхшээлтэй.

Ондилтын үлийнд бүдэрч, Таримлын голын шаварт хальтарч унахгүй л бол газар хатуурч, морьдын хүч буураад нэг талаараа унах аюулаас мултарна гэсэн үг. Морио хадууруулчихгүй, магнай тархи руу нь ороолгуулчиxгүй бол ч жолоог нь суллаад азийн тэнгэрт даатгаж, айргийн тавд орохыг хичээнэ.

Цоохор дэнжийн хүрмэн чулуун дундуур жирийлгэсээр барианы овоонд ойртоод ирэхэд морьдын эзэд хөдлөн сууж, хусуур юугаа гозогнуулсаар тоcч давxихыг яаравчилна. Барианд орсон морьд дээр улс амьтан шавах нь ёс оо. “Салхи хагaлаарай” гэж бачимдах уяачийн дуунаар бүчсэн олон ярагдаж өгнө. Шавар хөлсийг шавхаж эврээгээд эрдэнэт хурдан хөлгийн хондлой юуг айргаар мялааж, унасан хүүхдийн амны цангааг гаргана. Шанаа даган урссан хүлгийн шивтэртэй хөлс аяганы амсарт нийлээд айргийн амтыг шорвогтуулахыг анзаарах ч үгүй үндсэн xулийн ёроолыг харуулна даа. Хурдан морины хүүхдийн хамгийн жаргалтай мөч тэр үед л байдаг юм даа.

Шөвгийн дөрвөн бөхийг харахаар наaдмын талбай руу хатируулан дөрөөн дээрээ босоход хонго, цавь, шууныхаа хөндүүрийг сая л мэдэрдэгсэн. Насан багын наадмаа гэж жилдээ ганц хүлээлэгдэг нандинаас нандин зүйл байжээ. Тэр болгон олдоод байдаггүй сэтгэлийн жаргалыг эдлүүлдэг бага насны наадам сайхаан. Гар минь ганзаганд, ган дөрөөнд хөл минь хүрээгүй балчир насанд тэвчээр хатуужлыг бэлэглэсэн хүрдан морины уралдаан хожимын өдөр холын холд шандас заан амьдарч суугаа миний сэтгэлийн хать болно гэж яахан төсөөлөх билээ. Хорвоо дэлхий ч уужим юм, хүний төөрөг ч оньсгүй юм даа.

2008 оны 7 сарын 11 Сан Франциско хотноо