Sunday, June 15, 2008

Язгуурын Монгол Эрдэмтэн

Жoнн Хангин Гомбожав нь Монголын ард тvмнийг барууны соёлд нэвтрэхэд, баруунд Монгол судлалыг хєгжvvлэхэд, Монгол Америкийн хооронд найрсаг харилцааг тогтооход, дэлхийн Монголчууд дунд Пан Монголист vзлыг тvгээн дэлгэрvvлж, тэднийг амьдралдаа єєдрєг явахад vнэлж баршгvй хувь нэмрээ оруулсан, насан туршдаа Монголын тєлєє зvрх сэтгэлээ зориулсан, язгуурын Монгол эрдэмтэн байжээ.

Тэрээр 1921 онд Цахарын Тайвс зvvн хошуунд язгууртан айлын хоёрдугаар хєвгvvн болон хорвоод мэндэлжээ. Гомбожавын євєг дээдэс олон vеэрээ Манжид хvчин зvтгэсэн язгууртнууд байснаас Манжийн хаанд нєлєє ихтэй Дvйпэн ноён элэнц нь, Наран амбан євєє нь гээд тоочиж болно. Одоогоор Гомбожавын хоёр дvv болох Сайчингуа нь Америкийн Кальфорн мужид аж тєрч, отгон дvv Баадай нь Тайванд багшилж байна.

Цаг тєрийн ээдрээтэй дэлхийн хоёрдугаар дайны vед Японы байгуулсан Манжгоо улсад хавсарга болж байсан Євєр Монголын Засгийн газрын Гадаад хэргийг тохинуулах сайд Сайнбаяр тэргvvтнvvд олон арван залуусыг Япон Улсын Васэдагийн Их Сургууль болон шилдэг их сургуулиудад эрдэм сургахаар илгээж байсан ба тэдний дунд Гомбожав орж явжээ. Японд боловсрол эзэмшсэн тэрээр Дэ Ван Дэмчигдoнрoвын Засгийн газарт нарийн бичгийн даргаар ажилласан байна. Гомбожавтай хамд Дэ Ванд хvчин зvтгэж явсан Цэцэн Жагжид гуай “-Гомбожав надаас насаар 5-6 дvv, Монголоо гэсэн агсам согтуу сэтгэлтэй, эрдэм номтой залуу байлаа. Хожим Америкт ирж, их алдартай монголч эрдэмтэн болсон. Амьдралынхаа сvvлийн жилvvдэд Ар Монголд олон удаа очиж, ихийг хийсэн хvн” хэмээн саяхан надад хууч хєєрсєн билээ.

Дэ Вангийн Засгийн газар ажиллаж байсан хvмvvс гоминданыхныг даган Тайванд зугтан гарсан байна. Ийм хувь заяа оногдсон Гомбожав Тайванд шилжсэн Гоминданы засгийн газарт Євєр Монголын асуудал хариуцсан тєлєєлєгч хийж байгаад Чин-Кай-Шигийн зєвлєх явсан Овен Латиморийн зvvн Aзийн хэргийн хєтєлбєрт хамрагдан 1947 онд Америкт хvрэлцэн ирэв. Тус хєтєлбєрийн дагуу Жонн Хопкины Их Сургууль, Бєрклийн Их Сургууль, Колумбийн Их Сургууль, Индианын Их Сургуульд тус тус суралцаж, улмаар Америкт Монгол судлыг хєгжvvлэх гол хvн болжээ.

Баруунд Монгол судлалыг эрчимтэй сонирхож эхэлсэн 50-иад оны vед Монгол судлаачид болон, Монголчуудын дунд тавигдсан нэн шинэ зорилт бол Англи-Монгол хэлний толь бичгийг бvтээх асуудал байв. Нэрт эрдэмтэн Фердинанд Д. Лессинг 20 мянган vгний Монгол-Англи толийг бичиж байгаад 1960 онд таалал тєгсчээ. Тvvний бvтээлийн эх нь Гомбожав болон бусад шавь нарын гар дээр vлдсэн ба тэд эмхтгээд хожим хэвлvvлжээ. Энэ толь бичиг уламжлалт Монгол хэлний арга барилд нийцсэн учир шинжлэх ухааны ололт тvлхэцтэй нэвтэрч байгаа орчин цагийн Монгол хэлэнд тааруулан тvvнийг єєрчилєх хэрэгтэй гэж эрдэмтэн Гомбожав шийдээд, 1963 онд Монгол Улсын ШУА-д энэ тєсєл дээр хамтран ажиллах хvсэлт тавьсан байна. ШУА хєрєнгє мєнгєний тєсєв батлагдаагvйгээс хамтран ажиллах асуудал удааширч, сvvлдээ Гомбожав уг тєслийг бvтэхгvй тул орхижээ. 1976 онд “Хvмvvнлэг ёсыг дэмжин, vндэсний эрх ашгийг хамгаалах” байгууллагаар уг тєслийг батлуулж, єєрийн нєхєр Жонн Круегер, бусад шавь нарын хамт 40 мянган vгтэй “Орчин цагийн Монгол-Aнгли хэлний толь бичиг”-ийг зохиов. 1986 онд уг толийг хэвлэгдтэл, 1970 онд “Англи-Монгол хэлний хураангvй толь”-ийг бvтээж, 1973 онд Лессингийн “Монгол-Англи Толь”-ийг бусад нєхдийн хамт эмхтгэн нийтийн хvртээл болгосон байна.

Индианын Их Сургуульд Монголын Нийгэмлэгийг (Mongolian Society) байгуулсан профессoр Гомбожав, Чойжив лам, шавь нарынхаа санаачилгаар Америкийн Монголчуудын Соёлын Холбоог (MACA) 1988 онд байгуулж, жил бvр Чингис хааны тахилгыг тэмдэглэх уламжлал тогтоожээ. Одоо тус холбооны ерєнхийлєгчєєр Санж Алтан гуай ажиллаж, эрдэмтэн Гомбожавын vйл хэрийг тасалдуулахгvй vргэлжлvvлж явна Америкийн Монголчууд АНУ дахь анхны Буддын шашны сvмvvдийг байгуулж, олон янзын соёлын сангуудыг vндэслэсэнч ихэнхи нь цагийн аяст vйл ажиллагаагаа зогсоосон ба бусдын мэдэлд очсон байна.

Эрдэмтэн Гомбожав алдар цуутай Монголч эрдэмтэн байснаар зогсохгvй Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцааг бий болгоход чухал vvрэг гvйцэтгэсэн ба хоёр улсын хооронд боловсролын холбогдолтой хэд хэдэн хамтын ажиллагаанд биечлэн оролцсон улс тєрийн зvтгэлтэн хvн.Эрдэмтэн Гомбожав олон арван шавьтай, Америкийн нэртэй их сургуулиудад багшилж байсан ч сэтгэл санаа нь байнга Монголдоо хорогдож, холоос эх нутаг руугаа гvйсэн гайхамшигт Монгол морь шиг ирэн очин явсаар 1989 онд Улаанбаатар хотноо 66 насны сvvдэр дээрээ хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ. Дээдсийнхээ хєрсєнд шингэх тавилантай тєрсєн язгуурын Монгол эрдэмтэн Жонн Хангин Гомбожавын товч намтар энэ болюу.

Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргvvн Ш.Баатар, Америкийн Монголчуудын "Замдаан" сэтгvvлийн 10 дахь дугаараас

Thursday, June 12, 2008

Пеликан шувууны амьдрах арга зам



70 оны сүүлчээр Сэсээр улсын зурагтын нэвтрүүлэг Арвайхээрт цацагдаж, хар цагаан дэлгэцээр Орбитын сувгыг хүлээн авах болсон нь Цорцоо уулыг нүхлэн суусан Орос цэргийн гарнизоныхны ач буян байсан биз ээ. Хэдэн балгасны хооронд гудамж метрлэж, цагаан ултай гутлын зулгыг хазгай гишгэдэг байсан бидний үеийнхэн зурагттай айлыг бараадаж, гадуур тэнэх нь ч багасч билээ. Оросын нэвтрүүлгээр балет, дуурь, уран гулгалт, хоккэйн тэмцээн гээд ертөнцийн соёлоор гийх нэвтрүүлэг олонтаа гарах боловч хэлийг нь мэдэхгүй бид бүлтийтэл хараад л суудагсан. Хамгийн сонирхолтой нэвтрүүлэг бол "Амьтны ертөнцөд" байсан санагдана. Танин мэдэхүйн энэ нэвтрүүлгээр хорвоогийн амьтдын тухай мэдлэгийн цар хүрээ маань тэлсэн юм. Түүнээс хойш зурагтаар амьтны тухай ямарч нэвтрүүлгийг шимтэн үздэг зуршилтай (инстинкт) болсон хэрэг Японд амьдарсан он жилүүдэд "В мире животных" нэвтүүлэгтэй тун төстэй "Амьтан ба ертөнц" (Икимоно чикюу кикоо) хэмээх Эн-Эйч-Кэй сувгын алдарт нэвтрүүлгийг үздэг болж билээ. Харин азтай тохилдлоор Эн-Эйч-Кэй сувгын Танин мэдэхүйн хөтөлбөрийн редакцид хагас цагаар ажилладаг болж, монгол оронтой холбоотой "Тогрууны нүүдэл", "Говьд баавгай үзлээ", "Азид хэн нь хэн бэ?" нэвтрүүлгийг бэлтгэхэд оролцож байв. Тэр үед бидний хажуугийн өрөөнд "Их Монгол" (Дай Монгору) хэмээх таван ангит түүхийн баримтат киног хийж байлаа. Америкт ирээд ч амьтны нэвтүүлэг үздэг зуршлаa хаясангүй, xарин хобби болох талдаа оржээ.

Амьтдын дотроос нүүдэлчин монгол хүнд хамгийн ойрхон нь морь, нохой, шувуу гэж би боддог юм. Монголчууд бидний элэнц хуланц шувуудын адил нүүдэллэн амьдарч, шувууг өөртөө даcгаж, ан гөрөө хийж ирсэн ба зарим тохиолдолд шувууг бэлэгдэл болдгийг та бүхэн сайн мэднэ дээ. Харьд суугаа монголчууд ч бас нүүдлийн шувуудтай адил ажээ. Кальфорн мужийн нарлаг дулаан, далайн хойгийн чийглэг зөөлөн уур амьсгалтай нутгийг нүүдлийн шувууд дайран өнгөрнө. Янз бүрийн шувууны нүүдэлтэй таарч, зургийг нь татаж авах дуртай, би. Өнгөрсөн сард санаандгүй тохиолдлоор ижил сүргээcээ ямар нэгэн шалтгаанаар Мерсед нуурын хөвөөнд үлдэж хоцорсон пеликан (pelican) хэмээх шувуутай таарч зургийг нь авав. Загaсаар голдуу хооллодог пеликан нь хотон шувуутай адил ур хошуутай, нүдэндээ зовхитой, тас шувуу мэт том биетэй юм билээ. Пеликан нь хэдийгээр сүргээр амьдардаг боловч дэлхийд ховордсон шувуудын нэг юм. Аласкагаас Төв Америкийн дулаан арлууд руу нисэх замдаа Сан Францикогийн хойгоор буудаллаад өнгөрдөг ажээ. Энэ шувууны ховордсон шалтгаан нь угийн үр төл муутай дээрээ байгалийн бохирдол, дулааралтай холбоотой ажээ. Пеликан модны оройд, эсвэл хадан хясааны өндөрлөгт үүрээ засна. Нэг өндөглөхдөө долоо наймыг гаргаад дардаг. Олон өндөг гаргах нь хоёр талтай. Нэгт, тэдгээр өндөг нь амьдрах чадвар багатай, хоёрт онгон зэрлэг байгалийн хуулиар бусад амьтны хоол болох заяатай ажээ. Ангаахайнууд нь томроод ирэхээр үүрэндээ багтахгүй, аль ядарснаа нэгнээ өндөрт орших цаазын давцан мэт үүрнээс түлхэж унагана. Хэрвээ тэрээр газарт унасан л бол эцэг эх нь түүнийг тэжээхгүй, өлсч үхэх тавилантай. Энэ бол хэн ч зөрчихгүй байгалийн хатуу хуулийн нэг. Ангаaхайнуд томорч бие биенээ түлхэж унагасаар хамгийн сүүлд нэг үлдэнэ. Түүнийг эцэг эх нь тэжээнэ. Ийм учраас пелокан нь угийн цөөхөн. Пеликан ангаaхайнуудаа ангир шиг өөрөө цаазладаггүй ч байгалийн хуулиа дагаад ядарсан доройг тэжээдэггүй, хамгийн чадалтай ганцыг нь эх байгальд дасч чадаж магад хэмээн найдаад авч үлддэг заншилтай.

Үүнээс ургуулаад бодоход яс махны овог аймгийн зохион байгуулалттай нүүдэлчин монголчууд маань өрнөдөд хөгжсөн хөрөнгөтний ёсонд шунаж, өөр хоорондоо өрсөлдөн, амьдрах чадвар дорой хүмүүс олонх болж, амьдралын эрээн бараанд сандарч тэмтэчсэн зарим маань үр хүүхдээ гудамжинд гаргаж байгаа явдал бол пелокан шувуунаас ялгарах юм алга. Чадал чинээтэй төрийн түшээд, барууны соёлтонгууд нь түмэн үеийн дархлаа болсон төрөлх монгол хэлээ хаяхаар санаархаж байна. Тэд бол пеликан шувуу шиг амь зогоох гэсэндээ биш өөрсдийнхөө түр зуурын эрх ашгийг хоохойлохooр ядарсан ард түмнээрээ тоглож байгаа гэмт хэрэг мөн.

2008.6.11

Wednesday, June 4, 2008

Жагаатай танилцсан тvvх


Дээд сургуулиа төгсч ирээд удаагүй байлаа би. Эрүүлийг хамгаалах салбарынхантайгаа дөнгөж танилцаж байсан цаг. Нүдний Баасанхүү эмч ОРБИС хэмээн дэлхийгээр аялан явж, нүдний эмч нарын мэргэжил дээшлүүлдэг "нисдэг эмнэлэг"-ийг анх Монголд 1989 онд оруулж ирсэн юм. Төв Лабораторийн Мөнхтүвшин багш, элэгний М.Шагдарсүрэн эмч болон намайг онгоцон дээр орчуулга хийхэд туслаач гэсэн билээ. Нөгөө хоёр эмч маань мэс заслын өрөөнд, би өвчтөнийг хүлээн авах дээр байлаа. Онгоцонд орж гардаг хүмүүс тун цөөхөн. Дотоод яамны нэг шар толгойтой ах, Монцамэ агентлагийн Сүхжаргалмаа эгчээс өөр хүнийг сайн санахгүй байна. Нэг өдөр Үндэсний телевизээс сурважлахаар ирсэн юм. Цайвар пиджаак өмсч тас хар халимгаа үхэрт долоолгосон мэт самнасан нэг эр уулзлаа. Нүүрэнд нь нэг л юм дутуу шим шиг санагдаад байв "-Намайг Тулах цэгийн Жаргалсайхан гэнэ. Хүмүүс парик Жагаа гэнэ. Үс байхгүй, гайхаад харах xэрэггүй, хөмсөг байхгүй. Айx хэрэггүй. За танилцъя." гээд маш шалмаг яриагаа эхлэхэд нээрээн хөмсөггүй байжээ гэж уулга алдаж билээ. "-Үнэнийг хэлэхэд найз нь англи хэл мэдэхгүй. Гэхдээ яахав хүнээр заалгаад асуултаа цээжилчихсэн. Яг л Түмний нэгийн Чимэд гээд бод. Тэгэхээр найз нь мэдэж байгаа юм шиг асуултаа асууна. Хариултыг дуусахаар дохио өгөөрэй. Би дараагийнхаа асуултaa асууна. Яриа тохирлоо шүү. Ажилдаа оръё" гээд л танилцсан юм даа. Жагаа маань энэ дурээрээ л сэтгэлд минь үдэв.

Бас нэгэн мартдагдахгүй дурсамж бий. Дэлхий тойрч явахдаа Арлын Японд буугаад манайхыг зорьж ирээд багаараа нэг хоноод явсан юм. Миний том хүү тэгэхэд дөнгөж 3 настай байв. "-Ах нь парикаа авлаа, битгий айгаарай." гээд хүүхдийн цагаан инээдээр инээж билээ. Баярлах уцаарлах бүхэн нь нүүрэн дээрээ илэрдэг гэнэн цагаан Жагаа маань явчихна гэдэгт итгэхэд нэг л бэрх байна. Сүүлийн 10 жилд Сан Франциско-д Жагаа маань зөндөө ирсэн. Зөндөө ч уулзаж наргисан, заримдаа ч дүү наддаа бор дарснаас болоод загнуулж байсан. Үг авахдаа яг л хүүхэд шиг нэгэн байлаа. Хамгийн сүүлд уулзахдаа Жагаадаа нэлээд хатуу болзол тавьсан юм. Блүүмингтонд буухад нь "Амссан байх юм бол үнэртэх учраас Далай Багшийг сурвалжуулахгүй" гэсэн болзол байв. Гурав хоног үнэхээр амсаагүй дээ. Золжаргал ах бид хоёрын Далай Ламтай хийсэн уулзалтан дээр Жагаа маань хүссэн асуултаа дээрхийн гэгээнтнээс асууж, уулзалтын дараа Далай Ламтай зургаа авахуулсан юм. Найзыгаа Далай Багштай уулзуулсан даа одоо сэтгэлээ тайтгаруулж сууна. Анх уулзсан дүрээрээ сэтгэлд мөнхөрсөн Жагаа минь “Бусдыг баясгах гэнэхэн цагаан инээмсгэлээрээ тэнгэрийн дагинсыг баясуулах болтугай”.

2006 оны 6 сарын 4.