Wednesday, January 30, 2008

Элчин сайд Р.Болдын тухай


With President N.Enkhbayar, Fairmont Hotel, SF, 2005 by E.Erdenebayar


Ойрын үед Америкийн баруун эргийн хойгоор (Бэй Аэриа) бороо хуртай. Өчигдөр орой Станфордын их сургуулиас Сан Франциско орох хурдны 101 дүгээр зам дээр осол гарсан тул хагас цагийн дотор туулах газарт 3 цаг орчим мөлхлөө. Энэ урт хугацаанд элдвийг бодож явсныхаа нэгийг уншигч тантай хуваалцая.

Өнгөрсөн долоо хоногийн яг энэ өдөр АНУ-д 5 жил суусан элчин сайд Болд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, эх орондоо буцсан юм. Болд сайдын ажил үйлсийн талаар сонингуудаар хэрхэн бичих бол хэмээн битүүхэн тантаж байсан ч таг чиг байв. Бодоод байсан чинь хувийн зүгээс Болд сайдын талаар бичих юм зөндөөн ажээ. Америкт удсан миний бие энэ хүнийг анх ирэхэд нь дотроо тийм дотно хүлээж аваагүй юм. Нэгт, цэргийн хүн дипломат албанд тохирдог юм байхдаа гэж бодож байв. Хоёрт, Болд сайд Үндэсний аюулгүйн зөвлөлд байхдаа 9 дүгээр дүрийн Богд Жавзандамбыг албадан гаргахад биечлэн оролцсон тул сэтгэлд нэг л хол хөндий санагдаад байж билээ. Харин Ерөнхий консул Сэсээр гуайгаар дамжуулаад Болд сайдтай анх танилцсан юм. Бодож байснаас тэс ангид хүн болох нь даруй мэдэгдэв. Миний анхны мэдрэмжээр Болд сайд их оюунлаг, яриа хөөрөө сайтай, хэнтэй ч эвийг нь олоод харьцдаг, харилцааны болон оюуны өндөр боловсролтой сэхээтэн болох нь тодорхой байлаа.

АНУ-ын Төрийн Департаментад Монголын талаар зөвлөх хийдэг нэгэн ахмад насны америк хүн ийнхүү ярьж байсан юм. "-Энэ элчин сайд Болд цэргийн тухай нэг л юм аа зүтгүүлээд байх юм. Цэргийн хүн болоод тэр үү гэж хүртэл үзэж байв. Гэтэл тийм биш гэдгийг нь манайхан хожим ойлгосон юм" гэх дурсаж байх юм. Хэргийн учир нь ядуу буурай Монгол орон яаж энэ том гүрний анхаарлыг татаж болох замыг Болд сайд эрэн хайж, “Монголын цэргийн хамтын үйл ажиллагаагаар хоёр орны харилцааг сайжруулна” хэмээн бодож, зорьж явжээ. Энэ зорилго нь биелэлээ олж, Америк- Монголын харилцаа урд байгаагүй өндөр түвшинд өнөөдөр хүрсэнд Болд сайдын байгуулсан гавъяa их гэж би бодож байна. Төрийн хэргийн нарийн ширийнийг үл ойлгох надад бас нэгэн өнцгөөс нь харах боломж байна.

Америкт байгаа монголчууддаа хамаг боломжоороо тусалж, хамтран ажиллахыг урьтал болгож байсан нь Болд сайдын хийсэн, бүтээснээс бас тодорхой харагдаж байна. Бэй Аэриа бол Америкт монголчууд нэлээд төвлөрсөн цэгийн нэг болохыг та бүхэн мэдэж буй байх. Амьдралын төлөө зүтгэж яваа энэ олон хүнд тус дэм болох зорилготой байгуулагдсан Монголчуудын холбоог Болд сайд анхнаас нь дэмжиж, сэтгэл санааны болон санхүүгийн хүвьд ихээхэн тусалж, бидний зүгээс гаргасан санал хүсэлтийг цаг ямагт хүлээн авч, аль болох бүтэн талаас нь хөөцөлдөж ирсэн юм. Болд сайд жил бүр монголчууд олноор сууршиж байгаа хотуудаар явж, тэдэнтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, Монгол улсын төрийн бодлогыг тэдэнд өөрийн биеэр хүргэж явлаа. Болд сайдын яриа цуглааныг олон удаа монголчуудын дунд зохион оролцож байсан хүний хувьд би энэ талаар баттай хэлэх байна. Бэй Аэриад Монгол улсын хоёр ч Ерөнхийлөгчийн айлчлалын уулзалтыг Болд сайдын тусламжтайгаар зохиоход олон зуун монгол хүмүүс хүрэлцэн ирж байв. Консулын үйлчилгээний хураамжийг боломжийн хэрээр Америк дахь Монголчуудын холбоодод тараан өгч байснаас бид лав гурван удаа хишиг хүртсэн юм шүү. Энэ бүхнийг эргээд харахад Болд сайд "-Харьд суугаа монголчууд бол Монгол улсын томоохон капитал, энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг зөв шийдэж, үр хүүхдүүдийнх нь хэл соёлыг мартуулахгүй явбал ирээдүйд тэдний дотроос Конгресст суух Монголын лобби төрнө" гэсэн үзэл баримтлалтай болох нь тодорхой байна.

Ambassador нь монгол үг. язгуурын (сиянби, хятан) монгол хэлэнд амбан бол “төв, гол, чухал”, сайд нь “олон сайн үйлстэй хүн” гэсэн утгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл улсаа төлөөлсөн хамгийн чухал, итгэмжлэгдсэн сайн хүн "ambassador" юм. Болд сайд үнэхээр "итгэмжлэгдсэн сайн хүн" байлаа. Дараагийн элчин Болд сайдаас дутахааргүй сайн хүн ирэх болтугай. Монгол ардын зүйр үгэнд "Танилцаагүй байхдаа талын хaр гөрөөс шиг, Танилцсан хойноо тагнайн хоёр судас шиг явья" гэсэн мэргэн үг бий. Америкт байгаа олон монголчуудтай танилцаж нөхөрлөөд, хамтарч ажиллаад "тагнайн хоёр судас" шиг болсон Болд сайдaд баярлалаа. Таны ажил үйлс цаг ямагт өлзий хийморьтой сэтгэгчлэн бүтэж байх болтугай хэмээн Америкт суугаа эгэл олон монголчуудаа төлөөлөн ерөөе.

2008 оны 1 сарын 30, Сан Франциско хот

Tuesday, January 15, 2008

Хvн сударын баринтагийг тайлахуй


Нэрт тvvхч, Монгол эрдэмтэн Цэцэн Жагжид гуайтай уулзаж явсан боловч тухлан сууж тавтай хөөрч байсангvй. Энэ удаа Кальфорн мужийн Сан Хозэ хотноо амьдардаг 87 насны сvvдэр буулгасан ч тунгалаг саруул яваа Цэцэн Жагжид гуайн гэрт нь өдрийн сайнд гарын билэгтэй хvрч, бурхан шvтээнд нь хоёр алд хадаг татаад хөөрөг зөрvvлэх мөчид ийнхvv хуучлан суувай:

Таныг би өвөр Монголоос гарсан эрдэмтэн гэж сонссоноос цаашгvй. Аль нутагийн ямар угсааны хvн бэ та?
Би Харчин Монгол хvн. Хаалган хотоос бvvр цааш цагаан хэрмийн хавьд амьдардаг Монгол омог аймгийг харчин гэнэ. Хорчин нь бол тайчууд юм шvv. Уг нь харчингуудын ноёд нь урианхай угсааны хvмvvс боловч олон зуун жилийн турш Хятад Монголын хилийн заагт оршин тогтносоноор Хятадад их хайлсан улс. Би харчинаар ярих юм бол дvv минь ойлгохгvй. Миний төрсөн газар бол өвөр Монголын Зостын чуулганы (Одоогийн Улаанхад) харчин баруун гарын хошууны Шивээ голын хөвөөн дэх харчины вангийн ордон. Манай нутаг цагаан хэрэм даваад л залгадаг сайхан газар болохоор Манжийн хаан ав хийхдэг болсон. Тэгээд манж нарыг дагаж ирсэн хятадаар дvvрчихсэн юм. Одоогоор тэр газрыг “авын хороо” гэж нэрлэсээр байна.

Манжийн цэргийн Монгол жанжин Сэнгэринчин харчин хvн vv?
Yгvй, vгvй. Тэр хорчин хvн. Сэнгэринчин байдаг хvчээ Mанжид өгчихсөн хvн. Англичуудыг далай дээр барьж, Тайпэнгийн их тэнгэрийн бослогыг дарж явсан даа.

Жагжид гуайг би язгууртай хvн гэж сонсон юм. Удам угсаагаа тодруулан хэлнэ vv?
Yгvй, vгvй. Би харц хvн. Миний өвөө нар Манжийн хааны vед 8 vеийн хошуун захирагч хийж явсан улс. Захирагч бол дайчин улсын Монгол хошууны эгэл харчуудын хvрж болох хамгийн дээд тvшмэлийн зэрэг байсан юм. Миний аав Хаш-Очир айлын гурван хvvхдvvдийн дундах ба лам болон Лувсанчойжир гэдэг номын нар авч яваад сvvлдээ хар болсон. Миний аав гэрийнхээ сvмд анх лам болж шавилан сууж байсан. Манай гэрийн сvмийг харчинд зvvн сvм гэдэг. Цаана нь харчины дунд сvм, баруун сvм гэж байсан. Баруун сvм нь Вангийн сvм гэж алдаршсан өвөр Монголын хувь заяатай их холбогдсон сvм дээ. Аав тэгээд Вангийн сvмд шилжсэн суусан юм гэнэ лээ. Хошуу засаг Гvнсэнноров зарилаг буулган аавыг хар болгоод жасааг нь хошуунд хавсаргасан. Тэгээд харчин вантай эв муутай явсан гэж хэлцэг юм. Харчин ваны итгэмжлэлээр аав их хvрээнд Ар Богд хаан ширээнд суухад баяр хvргэн очиж халхын байдлыг сайтар мэдсэн хvн. Аав Шилийн голын Авга Да Вантай их шадарлаж явсан. Тэр vед Yзэмчин Ван их жаахан хvvхэд байсан. Да Ван бол жvн ван, vзэмчин хvvхэд ван бол чин ван. Тэгээд аав Манжийн хааны элчийг бараалхуулахад чин ван хvvхэд болохоор Да Ван тэвдэж байсан гэдэг. Тэгээд Да Вангийн хvсэлтээр тvvний туслах болсон гэсэн. Тэр vед Баруун сvнэдийн Дэ Ван залуу, ээж нь манай аавтай шадарлаж явсан улс болохоор бид багаас баруун сvнэдтэй их найртай байв.

өмнө та харчин хэл өөр тул намайг ойлгохгvй гэж хэллээ. Гэтэл Монголоор тун сайхан ярьж байх юм. Монгол хэлний бидний ярьдаг аялагийг хэдийд ингэж сурсан юм бэ?
Миний аав Харчин вангаас улсын тусгай гvнд өргөмжлөгдөж Бээжинд суун, Далай ламын төлөөлөгчийг хавсарч байсан болохоор Шилийн голын Монгол хоёд манайхаар байнга ирдэг байлаа. Багад тэд нар оройн цагаар хийх юм байхгvй тул надаар тохуурхан Монголоор ярьж тоглосоор байгаад Монгол хэлийг хvvхэд ахуйдаа сурсан юм. Сvvлдээ би Шилийн голд хошуун туслах тvшмэлээр ажиллах болсноор Монголоор өдөр тутам ярьдаг байлаа. Хэрвээ Бээжинд суугаагvй бол харчин хэлээр ярина шvv.

Бодвол танайх ном судар хөлгөлөсөн бичгийн их айл байсан байх даа. Та багадаа ямар сургуулиар дамжсан бэ?
Манай авга ах Алтан-Очирын хатан нь Инжинаашийн зээ охин байсан болохоор их зохиолчийн ном судар өвлөгдөн ирсэн. Тэгээд ч манайх гэрийн сургуультай болохоор тэндээ бичиг ном vзсэн. Гэрийн сургууль аравхан хvvхэдтэй, Шандунаас ирсэн багш хичээл заадаг байлаа. Бээжинд очоод Хой Уан гэдэг Амeрик бага сургуульд орсон. Улмаар Бээжингийн их сургуулийн хуулийн ухааны хvрээлэнгийн улс төрийн салбарт суралцсан.

Оюутан байх vедээ хийж явсан сэтгэлд тод vлдсэн юм юу байна? Заримаас нь та дурсан ярина уу?
Оюутан байхдаа Монголын тvvх, улс төрийг сонирхож ихэд сэтгэл гаргаж байв. 1933 онд Батхаалган дахь Монголын өөртөө засах хөдөлгөөн Дэммчигдонровын удирдлаган дор өрнөж оюутан сэхээтэн залуус тvvнийг дэмжин хvлээн авсан. Энэ өөртөө засах хөдөлгөөнийг Банчин Богд дэмжиж байсан ч Жанч хутагт эсэргvvцэж байлаа. Ингэхээр Жанч хутагтыг эсэргvvцэх хөдөлгөөн болж би тvvнд хvчтэй оролцож явав. Жанч хутагт их эсэргvvцэлтэй учирсан болохоор Батхаалганд очиж хөдөлгөөнийг дарж чадаагvй. Жанч хутагт уг нь Монгол хvн, “Монголчууд намайг хvндлэх нь хvv эцгээ асрах мэт. Хэрвээ харш санаатныг (Банчин Богдыг) арилгаваас шаргал зам аяндаан тодорно” гэж хэлж байсан.

Тэгэхээр та өвөр Монголын өөртөө засах эрхийн төлөө тэмцэлд гар биеэр оролцож явсан хvн юм аа. Таныг бvvр Дэ Ван Дэмжигдонровын туслах явсан гэж ярьдаг юм билээ. Энэ талаараа тодруулан хэлээч?
1937 оны 10 сард Хөх хотод “Монгол чуулганууд холбоолон өөртөө засах засгийн ордон” байгуулах хурал хуралдах vед хамт сурагчдынхаа хурлыг төлөөлөн оролцож уг их хуралд дэвшvvлсэн Монгол засгийн газрыг зохион байгуулах төсвийг гардан бичилцсэн. Бvгд л Дэ Ваны шууд удирдлаган дор Японы дэмжлэгтэйгээр явагдаж байсан юм. Японтой ийнхvv харилцаа тогтсон тул 1938 онд Японы Васeдагийн их сургуульд Япон хvмvvсийн дэмжлэгтэйгээр суралцсан. 1939 оны 9 сард Японоос Хаалганд буцан ирж, аавын хуучин найз Шилийн голын чуулган дарга Сvнчинваанчигийн дэргэд бичээчээр ажиллаа. 1943–1945 онуудад Шилийн гол чуулганы ерөнхий явдлыг эрхлэх газрын дарга, чуулганы ажилтан, эдийн засаг соёлын ажлыг давхар хавсарч байсан. Дэ Вантай ойр дотно явсан болохоор “Миний мэддэг Дэмчигдонров ванг хийгээд тухайн vеийн өвөр Монгол” гэдэг хоёр дэвтэр ном бичсэн. Хожим англиар “Монголын эцсийн ванг Дэмчигдонровын нэг нас хийгээд тvvний цаг vе” номоо гаргалаа. Дэ Ванг ингэж хэлсэн: “Хятадууд намайг урвагч гэдэг. Хэрвээ би хятад хvн байсан бол урвагч мөн. Гэхдээ би Монгол хvн болохоороо огтхон ч урвагч биш.”

Та тэгвэл дайны жилvvдэд Шилийн гол аймагт ажиллаж байжээ. Чөлөөлөх дайн хэрхэн болж өнгөрсөн бэ?
Тэр vед бид нар нэг том урт хар vvл баруун хойноосоо нvvгээд зvvн ургашаа далд орохыг харсан юм. Тэр их хар vvлээр муу ёрийн совин татаж байснаа их тод санадаг. Зөвлөлт Монголын чөлөөлөх цэрэг ирээд чөлөөллөө. Оросууд хамаг юмыг нь хамаад аваад явсан, тэдний явсан газар аюул их нvvрлэсэн. Жийп машиндаа булааж тоносон ачаа нь багтахгvй болохоор айлын дээсэн хошлонг тас огтолоод тэнжээ хийгээд тэд арилдаг байлаа. Орос цэргvvд бол тааралдсанаа авна, архи хvvхэн хайна. Миний цагийг нэг орос цэрэг булааж авчихаад архи гарган канпай (хундаг тулгая) хийе гэж байсан. Юмаа булаалгасан амьтан чинь юун канпай хийж найрлах вээ дээ. Монгол нохой ухаантай. Морьтой хvн ирэхэд боргодог доо. Тэгтэл орос цэрэг ирэхээр нэг дуу ч гаргахгvй нам хэвчихдэг юм. Ямар их муу сvр байна. Нохой хvртэл мууг нь мэдчихээд нам хэвтээд байгаа юм. Хамгийн харуусалтай нь Бандид гэгээний хийд дээр хурал хураад сууж байгаа 120 гаруй лам нарыг орос цэргvvд бослогонд бэлтгэж байна гээд vнэсэн овоон дээр гаргаж байгаад шvршээд алчихсан. Тэгээд дотор нь Японы тагнуул байсан гээд зар тараачихсан. Би тэр vед Авга Вангийн газар хvрээд иртэл гэгээний хийд цусанд будагдсан байсан. Харин хурал номонд ирээгvй лам нар амьд гарсан даа. Бандид гэгээний сvмийн буурин дээр Шилийн гол аймгийн Шилийн гол хот байгаа. Дайны vед хэн нь монгол, хэн нь хятад, хэн нь япон, хэн нь дайсан гээд ялгахад бэрх, хvний чанар гэж бас огт байхгvй болно.

Монгол цэргvvд мөн тонуул дээрэм хийж байсан уу? Тэдэнтэй уулзаж учирч байв уу?
Монгол ах дvv нар бол нvvр халуун болохоор арай тийм биш ээ. Халхын цэрэг ирсэн газар бол аюулаас аврагдлаа гээд ардууд их баярлаж байсан. Бид нар өргөх бичиг vйлдэж өвөр Монголын ард тvмнийг чөлөөлж байгаад баяр хvргээд Зөвлөлт-Монголын цэрэгт элч илгээлээ. Тэгтэл нөгөө элчийг маань хамаг хувцасыг нь тайлж аваад нvцгэнээр нь нэг цамц нөмрvvлээд моринд мордуулаад буцаасан. Тоглож байгаа нь л тэр байх. Харин тэр захидал Монголын Yнэн сонин дээр гарсныг хожим мэдлээ. Би Монголын цэргийн даргын цацарт ороод элдэвийг хөөрч бvvр сvvлдээ дайлуулаад их удав. Тэгтэл гадаа хvлээж байсан нөхөд маань санаа нь зовоод, ингэж удахыг бодоход нэг юм боллоо одоо яандаа гэж байсан юм гэнэ лээ.

Оросын чөлөөлөх цэргээс айж байв уу? Яагаад тэдний vлдээсэн бараан мөрийг тvvхэн бичээд vлдээсэнгvй вэ?
Айлгvй яахав. Тэд чинь хvссэнээ хийнэ. Амыг нь харж аргыг нь олохоос өөр юм юу байхав. Нэг удаа орос цэргийн хvрээнд буусан юм. Цэргийн хээрийн чирдэг тогоонд хонь алаад толгойг нь аваад бvтнээр нь чанчихсан, сэвс нь хамт чанагдаад ногоон шөл болчихсон харагдсан. Яг мал шиг санагдсан даа. өөрсдийнхөө хэрэглэж яваа юм болгоноо “наш, наш” (манайх) гэнэ. Амeрикт хийсэн Жийп маркийн тэргийг хvртэл заагаад манайх л гэнэ. Манайх гээд байгаа лаазласан махан дээрх бичгийг нь хартал Амeрикт хийлээ гээд бичсэн байсан. Худлаа байна гээд зvрхэлж хэлж чадсангvй дуугvй л өнгөрлөө. Намайг ямар англи хэл сурсан гэж тэд мэдэх вэ, аягvй бол өөрсдөө ч уншиж чадахгvй хvмvvс л явсан байх. Тэдний яваад өнгөрсөний хойно ах дvv нар ирээд чөлөөлөөд явлаа гэж бичиж эхэлсэн. Yнэн зөвөөр нь бичвэл ах дvv орнуудын найрамдалд ан цав суулгалаа гээд улс төрийн алдаанд орно.

Чөлөөлөх дайны дараа таныг Хятадаас гартал өвөр Монголын байдал ямаршvvхэн байв даа.
Дайн төгссөний дараа Зөвлөлт Монголын улаан армийн хамгаалал дор “өвөр Монголын чөлөөлөх хурлыг” байгуулж байхад би гишvvнээр нь орсон. Xэсэг нь Гоманданынхантай, хэсэг нь Хятадын коммунист намынхантай нийлээд Монголчууд чинь Монголчуудаа зовоож гvйцсэн улс юм шvv дээ. Тэр vед тэмцэж байсан улсууд гоминданы хуулинд өөрчлөлт оруулж өвөр Монголын өөртөө засах эрхийг сэргээх гээд дийлээгvй. Тэр vймээний жилvvдээр би эхлээд Бээжинд хvрсэн. Самуун цагаас дайжиж харчиндаа очсон. Авгай хvvхдээ Тайван гаргачихаж байгаад хойноос нь 1949 онд өөрөө хvрсэн. Улс төрийн хөдөлгөөнөөс ангижирч соёл тvvхээ судлан гэртээ 7 жил сууж ном vзсэн. 1957 онд Тайпэй дахь Улс төрийн их сургуулийн хязгаар орнууд дахь төрийн бодлогын салбарт Монгол хэлний багшаар орсон. Дараан жилээс эхлэн арван жил Тайваны их сургуулийн утга зохиолын хvрээлэнгийн тvvхийн салбарт Монгол хэл зааж, эрдэмтэдтэй хамтран Юань улсын тvvх судлалын дугуйланг байгууллаа. 1963 онд нэг жил Лондонгийн их сургуульд Монгол хэл заасан.

Та тэгээд Тайванаас Амeрикт хэдийд ямар ажлаар ирсэн бэ?
1967 онд Юта муж дахь Brigham Young их сургуульд Fullbright-ийн судлаач эрдэмтнээр нэг жил ажиллаад Тайван руу буцсан. 1972 оноос Brigham Young их сургуулийн тvvхийн ангид профeссороор ажиллаж эхлэв. Мормоны сургуульд 10 жил багшлаад номонд нь орсонгvй ээ. Тэд нар их зөөлөн улс байдаг юм.

Дэ Ванг Монголд баригдаад бараг хороогдсон бололтой цуурхал байдаг. Yнэндээ манайхан барьж аваад Улаанхvvд тушаачихсан юм билээ. Энэ талаар та яриач?
Дэ Ван сvvл болтол шоронд байсан. Харин хамгийн том хvv нь Монголд зугтаж очсон. Тэр очихдоо их баярлаж байсан. Тvvнийг ч ихэд зочилон сvртэй хvлээн авсан. Чойбалсан ихэд найр тавьж байгаад дараа нь бариад алчихсан юм. Харин тvvний дvv нар нь Хятадад бий.

Та Ганжуурва гэгээний тухай ном бичсэн хvн. өвөр Монголын гэгээн хvн vv? Ямар гэгээн байсан талаар та хуучлаач?
өвөр Монгол хvн байсан гэж хэлж болно оо. Ганжуурва гэгээн бол Хөх нуурын Монгол хvн. Сvм нь бол Долнуур (Долоон нуур) сvм. Шавь нар нь Хөлөнбуйрын Барагт их олон байсан. Би их ерөөлтэй хvн дээ. Амeрикт явахаасаа өмнө Ганжуурва гэгээний намтарыг хэлvvлж аваад бичсэн. Сvvлд нь тэгээд ном болгоод гаргасан юм. Долнуурын сvмд оросууд орж ирээд бvгдийг vгvй хийчихсэн. Чөлөөлөх чөлөөлөхдөө гvйцэд чөлөөлөөд юу ч vгvй болгосон.

Та өвөр Монголын тvvхийн эгзэгтэй vесийг сайн мэдэх юм байна. Энэ талаараа өөрийнхөө vзэл бодлыг өвөр Монголчуудын дунд илэрхийлж байв уу?
Yгvй. Би хэлж болно. Тэгээд би яваад өгнө. Миний хэлсэн vгний золиосонд өчнөөн хvний амьдрал яаж ч өөрчлөгдөж, хохирох юм билээ. Би энэ талаар eр юм хэлдэггvй. Одоо хэллээ гэхэд нэгэнт оройтжээ.

Монгол оронд очиж vзсэн vv?
Монголынхоо талаар юу гэж бодож явдаг вэ? Монгол Улсад 1992 онд очиж Монгол судлалын 6 дугаар их хуралд оролцсон. Монгол гайхамшигтай сайхан орон. Монголчууд бидний зvрх сэтгэлийн аргамжаа болсон газар. Монгол бол өнөөдөр таран бутарч, зовж зvдэрсэн олон Монголчуудын сэтгэлийг тэвтээж итгэл авчрах ариун шvтээн нь. Хэрвээ өвөр Монголчууд байгаагvй бол Монгол хятадаар дvvрчихнэ. Буриад байхгvй бол Монгол Оросоор дvvрчихнэ. Энэ их аюулаа. өвөр Монгол Буриад хоёр байхгvй болчихбол Халх одоо байгvй байна шvv дээ. өвөр Монголчууд их тэмцэж байсны vр дvнд Халх хэвээр vлджээ. Yvнийг Монголчууд eр мартаж болохгvй. Монголын тусгаар тогтнол бол зуу зуун мянган Монголчуудын амьдралын золиосон дээр тогтсон зvйл. өвөр Монгол хэдийгээр бичгийн хэлтэй ч ярианыхаа хэлийг мартаж байна. Энэ тун тусгvй, хайлаад алга болчихно шvv дээ. Монгол залуус маань хаа явсан газраа өөрийн соёлоо авч дэлгэрvvлж явах хэрэгтэй.

Цас буусан мэт цал буурал толгойтой цаг vргэлж инээвхийлэн явдаг харчин аймгийн Цэцэн Жагжид гуай таны суу билгээр бvтсэн 18 ном 130 эрдэм шинжилгээний өгvvллvvдийг vзсэн дороо Монгол тvмэн бид ямагт адис хvртэж явъя. Ерөөлөөр учирсан таны насны буян бидэндээ ирэх болтугай.

Амeрикийн баруун хойгийн Mонголчуудын
Замдаан сэтгvvлд анх хэвлэгдэв.


Saturday, January 12, 2008

ШИРЧИНГИЙН БААТАР: БУРХАНЫ ШАШИНД МУХРААР СҮСЭГЛЭХЭЭС ИЛYY НОМЛОЛ СУРГААЛЫГ НЬ СУДЛАН ДАГАХ НЬ ЧУХАЛ ЮМ

2006-01-28

Ажаа гэгээн хүсэлтийг нь хүлээн авч Удирдах зөвлөлийг шинээр байгуулан үйл ажиллагаагаа эхэллээ. Дэлхийд нэртэй, энэ шашин номын ариун газрын Удирдах зөвлөлд анх удаа Монгол улсын иргэн сонгогдсон нь Сан-Франсиско хотын Монголчуудын Холбооны тэргүүн Ш. Баатар юм. Ш.Баатар шашин ном, Монголын түүх соёл хийгээд муж улсынхаа Монгол зоны ахуй амьдралын тусын тулд сайн дураар идэвхтэй ажилладаг нэгэн. Энэ удаад түүнтэй Төвдийн Соёлын Төвийн Удирдах зөвлөлд сонгогдсоных нь тул зөвхөн шашин номын чиглэлээр ярилцлаа.

Төвд улс, Бурханы шашны талаар багаасаа мэддэг байв уу?
Энэ талаар ярихаасаа өмнө нутгийнхаа тухай ярья. Манай нутаг Монголын төв хэсэгт байдаг, Өвөрхангай аймгийн Уянга сум, хуучнаар бол Сайн ноён хан аймгийн Сайн ноёны өөрийн нь хошуу. Онгийн хүрээ гэж тэнд байгаад дараа нь тэр хүрээний Бурхан зурдаг лам нараар сүмийнхээ суурин дээр артель байгуулж гэрийн мод, эдлэл хийж эхэлсэн нь сүүлдээ их алдартай Уянгын хийцийн гэр гэгдэx болсон юм. Намайг бага байхад тэр лам нараас олон хүн амьд байлаа. Тэр олон өвгөчүүлийн дунд өсөхдөө Жагарын орон (Энэтхэг), Цастын орон (Төвд) гэж юу байдаг, Онгийн хүрээ ямар байсан зэргийг тодорхой сонсч мэдсэн. Дээр нь манай өвөг дээдэс өөрсдөө их шүтлэгтэй, Зууд мөргөдөг, Утайд мөргөдөг, Гүмбүмд мөргөдөг, тэндээс Бурхан залж ирдэг хүмүүс байж. Тэдний яриа хөөрөө зэргээс анх Төвд орны тухай, шашин номын тухай ойлголт төсөөлөл маань бүрдэж, бага наснаас сэтгэлд хоногшсон билээ.

Төвд үсгийг анх хэрхэн үзэв?
Надад хамгийн анх төвд үсэг заасан номын багш бол Лодойсамбуу гэж гэвш байлаа. Багш маань дээхэн, 70-аад оны дундуур өөд болж дараа нь Балжинням гуай гэж Арвайн хүрээнд сууж байсан өвгөн ламаар заалгасан. Тангад 30 үсгээ үзэж дуусгаад уншлага үзээд орчуулга хүртэл сурсан юм. Тэр үед орчуулга үзэх их хэцүү, сайн толь байхгүй, Дорж гуайн гаргасан нэг сурах бичгийг л ахин дахин үздэг байлаа. Тэр зэргээс болоод зөвхөн уншлагатай л гарснаас биш орчуулга сурч чадаагүй юм. Бас дээр нь түүхч болно гэж их мөрөөддөг байсан. Тэгээд амьдралын салаа зам дээр ирээд техникийн мэргэжлийг дагалаа даа.

Тангад гэснээс Монголчууд Төвдийг Тангад гэж ярьдаг. Энэ хоёр адил улс мөн үү?
Өөр улс байх аа. Манайхан жишээ нь Хятад гэдэг үгийг Киданы олон тоогоор бүтээсэн. Кидан нь Монгол, Хятад хоёрын дунд байсан улс. Цаана нь чухам хэн байгааг мэдэлгүйгээр тэгж нэрлээд одоо Хятад гээд буруу тогтчихсон үг. Түүнчлэн одоогийн Төвд, Монголын хооронд Тангад гэж эртний түүхтэй улс байж. Судар номд Баруун, Зүүн Си Ся гэж гардаг, Торгоны замыг олон жил ноёрхож ирсэн, эртний түүхтэй орон. Манайхан 13-р зуунд тэднийг эзлэхэд тэд цааш зугтаж өндөр ууланд гарсан байдаг. Тэр уул нь одоо Төвдийн хойд талд байгаа Тангула хэмээх уул. Тэр үеэс л нийтэд нь Тангад гэж нэрлээд заншчихсан болов уу даа. Ямартай ч бүр Манжид эзлэгдэх үед Тангад гэж аль хэдийн Төвдийг нэрлэдэг болчихсон байсан нь тодорхой. Тухайлбал тэгэхэд Бээжинд Тангад хэлний сургууль гэж байсан нь Монголчуудад Төвд хэл заадаг сургууль байв.

Далай багш айлдахдаа Монгол-Төвд ихэр ард түмэн хэмээсэн. Ихэр хоёр ард түмний эрт эдүгээгийн харилцаанаас хуучлахад?
Торгоны замаар дамжаад Төвд Монгол их эрт үеэс харилцаатай байсан байх. Тангад улсыг эзэлсний дараа хамгийн анх шууд харьцаа тогтсон. Үүний дараачаас урд зүгийг түвшитгэсэн Годан хааны үеэс Төвдөөс эрдэмтэн мэргэд, гэгээн, лам нарыг залж, шашин ном, улс төрийн талаар ихэд сонирхолтой харьцаа тогтжээ. Үүний дараа үед Төвд дэх шашны гурван том урсгал хоорондоо эвдрэлцэж үймээн самуунтай үе ирсэн. Гурван том урсгал гэдэг нь манайхны эрт үед шүтэж байсан Сажагийн ёс, шарын шашин буюу Гэлүгва, улааны шашин буюу Нямава. Монголын бага хаадын үед алиныг нь дагахаараа бас эсрэгцэлдэж Төвдийн дотоод хэрэгт маш гүнзгий хутгалдаж эхэлсэн юм. Лигдэн хааны талынхан гэхэд л улааны талыг хүчтэй дэмждэг. Энэ үеэс өмнө шарын шашин Монголд маш хүчтэй дэлгэрсэн байлаа. Алтан хаан л гэхэд Сономжамц ламыг урьж 3-р Далай лам цол хайрласнаас хойш энэ цол бий болж, 4-р Далай ламаар Монгол хүн тодорч байсан. Энэ дэлгэрэлтийг Манжийн хаан улс төрийн зорилгоор ашиглаж болох юм хэмээн маш нарийн тусгаж авсан байгаа юм. Тэрийгээ ч нуугаагүй. Сэцэн Жагчид гуай надад энэ талаар их сонирхолтой юм ярьж байсан. Бээжинд Юн Хэ Гүн гэж Манжийн хааны үед байгуулагдсан Монгол сүм бий. Зуугаад Монгол ламтай уг сүмийн хаалганы хоёр хажуу талд бичээс байдаг дээр “Манжийн хаан миний бие Ар Өвөр хоёр Монголыг нэгтгэн захирахын тулд шарын шашныг дэлгэрүүлэв” гэж бичээтэй байдаг. Манайхан орж мөргөхдөө үүнийг ер анхаарч байгаагүй юм. Би хүртэл огт анхаарч байсангүй. Одоо нэг хүрэхээрээ зориуд уншъя гэж бодож байна.

Ажаа гэгээнтэй та анх хэрхэн танилцаж, хамтран ажиллах болсон юм бэ?
Ажаа гэгээн бол Монголчуудын хайрлаж явбаас зохих, Монгол түмнээс шашны хамгийн өндөр зэрэгт хүрсэн гэгээн хүн юм. Далай Богд, Банчин лам нартай их ойрхон явж ирсэн гэгээнтэн. Монголчуудын маш их очиж, шүтэн мөргөдөг Гүмбүм хийдийн хамба лам байсан, Хөх нуурын хошууд Монгол хүн. Анх намайг 1997 онд Бостонд ирэхэд Ажаа гэгээн Нью-Йоркт ирсэн байсан юм билээ. 1998 онд Сан-Франсискод шилжиж ирсний дараа Жамц гуайн хүү Палгий намайг анх Ажаа гэгээнд дагуулж очсон. Тэр цагаас хойш Гэгээний ажил төрөлд туслан, Монголчууддаа ойртуулах ажил зохиож явна.

Ажаа гэгээнтэй хамтран ямар ямар ажил зохиов доо?
Ажаа гэгээнтэй хамтран гэдэг юм уу, Ажаа гэгээний буянаар тэр хавийнхаа Монголчуудыг Далай ламтай гурван ч удаа золгууллаа. Бурханы шашинтан хүний хувьд Далай багштай гурав уулзана гэдэг тэр болгон олдох хувь заяа биш шүү. Үүнийг бизнес, шашны үйл ажиллагаа гэдэг утгаар нь бус харь улст яваа Монголчууддаа сэтгэлийн дэм өгөх талаас нь зохион байгуулсан юм. Хүмүүсээс цугласан хандиваар уулзалтын байрны хөлсийг төлөөд үлдсэн мөнгийг Далай багшид өргөл болгон барьсан. Үүнээс гадна манайхны өвдөх, нас барах бүх л зовлонд Ажаа гэгээн тусладаг. Би их гайхдаг юм. Олон хүний шарилыг чандарлахад Ажаа гэгээн байлцаж, хойтхыг нь уншиж өгсөн. Ийм том гэгээн хүнээр хойтхоо уншуулна гэдэг бас том хувь заяа шүү. Ажаа гэгээний нэг онцлог нь ямар ч Монгол хүний гуйлтад үгүй гэдэггүй. Нэр сүртэй хийдийн хамба явсан том гэгээн гэж өөрийгөө олноос тусгаарладаггүй. Миний нэг гол зорилго болох Ажаа гэгээнийг Монголчуудтай холбож өгнө гэсэн маань үндсэндээ биелсээн. Одоо гэгээнийг олон хүн мэддэг, цагаан сар болгоноор Ажаа гэгээний төв дээр золголт хийдэг, Молом ерөөл уншуулдаг болслн. Би гэгээнийг багш аа хэмээн дуудъя гэж санасан байтал гэгээнтэн Алдас болно гээд ах, дүү гэж нэгнээ бид дууддаг болсон. Тиймээс би гэгээнтнийг одоо хуурай ах шигээ бодож явдаг юм.

Монголчууд бид Төвдтэй харьцахдаа өөр гадаад улсын байр суурийг харах ч юм уу, ямар нэг хязгаарлалтай хандах хэрэгтэй юү?
Монголчууд бид Төвд ах дүү нартайгаа хамтран шашин, соёлынхоо үйл ажиллагааг сэргээн хөгжүүлж явах нь чухал. Улс төр, геополитик, эдийн засаг аль ч талаа бодсон Төвдүүдийн улс төрийн үйл ажиллагаанд оролцон хутгалдах хэрэггүй гэж боддог. Соёлынхоо харилцааг маш өргөн хүрээнд дэлгэрүүлэх нь зөв, үүнийгээ харин улс төржүүлж болохгүй.

Та саяхан Төвдийн Соёлын Төвийн Удирдах зөвлөлд сонгогдлоо. Бурхан номын энэ ариун газар Монголын соёлыг бас дэлгэрүүлэх боломж байна уу?
Байна аа. Ийм учиртай юм. Энэ ТСТ-г байгуулсан Норов ренбүүчи бол Далай ламын төрсөн ах. Индианагийн Их Сургуульд багшилж байхдаа Блүүмингтон хотноо энэ төвийг үүсгэн байгуулж, Далай лам ч үүнд нь идэвхтэй тусалж. Одоо Далай лам энэ төвийн үйл ажиллагааг цаашид сайн сайхан авч явахын тулд гурван зорилт тавиад байгаа юм. Нэгд, Сэра, Гома гээд Төвдийн 6 том хийд байдгаас ихэнх нь гадаадад сүм хийдээ байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн байгаа. Гэтэл Гүмбүм нь тэр 6 хийдийн нэг, Богд Зонхавагийн мэндэлсэн газар атлаа гадаадад үйл ажиллагааг нь дэмжих ямар нэг сүм, төв байдаггүй. Тэгээд энэ төвийг АНУ дахь шинэ Гүмбүм хийд болгохоор төлөвлөсөн. Далай багштанд Гүмбүм хийдийг тухайлан дэмжих олон шалтгаан бий. Норов ренбүүчи өөрөө Гүмбүм хийдийн хамба байсан, Ажаа гэгээн бас Гүмбүмийн хамба байсан. Далай лам өөрөө Гүмбүмтэй их ойрхон газар төрж, тэнд мөн шавилан сууж байсан юм билээ. Хоёрт гэвэл энэ төвийн үйл ажиллагаа сайжирваас Гүмбүм хавийн ард түмний ахуй амьдралд буяны зориулан буяны үйл хийх (ялангуяа мусалмануудад алдсан Шилинг гэдэг хотын Монгол, Тангад иргэдийг боловсруулах, хэл соёлыг нь сэргээхэд), гуравт, Норов ренбүүчи өөрөө он удаан жил Монголчуудтай холбоотой явж ирсэн, Монгол хэлээр ус цас хүн. Ажаа гэгээн бас Монгол хүн. Тиймээс энэ төвийг бас Монголын соёлын төв давхар болгох, ийм гурван лүндэнг Далай лам буулгасан юм. Тэгэхээр бид энэ лүндэнг биелүүлж, Монголын соёлын төв нээхэд энэ сүмийн хаалга нээлттэй байна. Дээр нь нэмж хэлэхэд ТСТ-ийн Удирдах зөвлөлийн 7 хүний 2 нь Монгол хүн байна гэдэг Монголчуудын нөлөө хир байгааг харуулж байна. Блүүмингтон, Индианаполис, Чикаго, Луйсвиль, Дэйтон болон бусад хотын Монголчууд өөрсдөө идэвх санаачлагатай байж, ажил хэрэгч саналууд дэвшүүлбэл бид дэмжинэ. Монголчууд бүх төрлийн үйл ажиллагаагаа явуулж болох сайхан байр, орчин бэлэн байна шүү.

Шарын шашны сүм хийдүүд их олон биш учраас АНУ-д ирсэн Монголчууд Христийн сүмд олноор явж байна. Энэ талаар таны бодол?
Бурханы шашин их либераль шашин шүү дээ. Өөр шашинд явахад араас нь хөөцөлдөж явахгүй, манайд орлоо гээд шагнаж урамшуулахгүй. Бүгдийг их философи талаас нь сэтгэн боддог. Бүхий л амьтан, хүнд тус болохын төлөө байдаг. Би ч бас тэр талаас нь бодож, Христийн сүмд яваа хүнийг заавал татах гэдэггүй юм . Гэхдээ зан үйл, хэл соёл аль ч талаас нь бодсон өвөг дээдсийн маань хайрлан хүндэтгэж, хөгжүүлж ирсэн тэр шашин л илүү байх нь дамжиггүй. Хөгжүүлж гэж тухайлан хэлж байгаа маань учиртай. Монголчууд энэ шашныг хөгжүүлсэн учраас Далай лам Төвдийн шашин гэдэггүй, Төвд-Монголын шашин гэдэг. Далай багшийн ихэр ард түмэн гэдэг ч бас нарийн учиртай үг. Ах дүү ард түмэн гэвэл хэн нэг нь ах, нөгөө нь дүү болж таарна. Бурханы шашинд оруулсан хувь нэмэр гавьяа нь яг адил учраас ихэр ард түмэн гэж байгаа хэрэг. Монгол лам нарын бүтээсэн ном судар, эрдмийн бүтээл асар их. Бидний өвөг дээдэс ухаан санаа мунхагтаа юм уу, сонголтгүйдээ энэ шашныг авсан юм биш. Бүр олон жилийн өмнө лалын, христийн сүмүүд Монголд байж л байсан. Гэтэл заавал тэр их философитой Бурханы шашныг зориуд сонгож авсанd их учир байдаг. Харин сүүлийн үеийн хүмүүс яг нарийн сургаал номыг нь шүтэхээсээ илүү мухар сүсгийн талаас нь биширдэг болжээ. Энэ бол муу юм. Сандрахаараа, айхаараа маань уншаад л болох бус жинхэнэ сургаал номлолыг нь судалж дагах нь чухал билээ.

За их баярлалаа. Шинэ албанд тань өндөр амжилт хүсье.

Ярилцсан М.Саруул-Эрдэнэ (Монгол Улсын Боловсролын Их Сургууль) Америкийн монголчуудын “Даяар Монгол” сонины 80, 81-р дугаараас