Tuesday, March 6, 2007

Монгол улсын Ерєнхийлєгчийг хvлээн авсан нь


2005 онд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-д албан ёсны айлчлал хийгээд буцахдаа Сан Франциско хотоор буугаад мордох завшaaныг ашиглан Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо Ерөнхийлөгч Н.Энхбаярыг албан ёсоор хүлээн авч монголчуудтай уулзуулахад Элчин сайдын яам тус холбоонд санхүүгийн туслалцаа үзүүлсэн юм. Монгол улсын төрийн тэргүүнд хүндэтгэл үзүүлэх үүднээс холбооны тэргүүлэгчид Сан Францискодоо хамгийн нэр хүнд бүхий Файрмонт Зочид буудлын Боолрүүмийг түрээслэн авч, бэлтгэл ажилдаа орлоо. Онгоцны буудалд Ерөнхийлөгчийг хэрхэн хүлээн авах, аль хаалгаар оруулж, аль хаалгаар гаргах, хаана туг байрлуулах, индэрт хэдэн хүний ширээ засах, уулзалтанд ирсэн хүмүүсийг хаана яаж суулгах, уулзалтыг ямар байдлаар явуулах зэрэг зохион байгуулалтын нарийн үйл ажиллагааг мэргэжлийн дипломат Д.Лувсанжамбаагийн заавраар Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж, холбооны тэргүүлэгч гишүүн Ц.Хишигбаяр, бид нар гардан хийсэн юм. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Соёлын яамны сайд явсан, Бурхан багшийн намтрыг орчуулсан, Монголын шашин соёлд онцгой хувь нэмэр оруулсан хүн гэж үзээд гадаадад амьдарч яваа монголчуудынхаа оюун ухааныг нь Монгол орны хөгжил дэвшилд ашиглаарай хэмээн бэлэгдэж, Майдар бурханы зурмал хөрөг (танка) бэлэглэхээр бид тогтлоо. Миний хувьд Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөхөн Аризона мужийн Туссон хотноо болсон Далай Ламын хичээлд, мөн Далай Ламын зарлан хуралдуулсан Төвдийн соёлын төвийн удирдах зөвлөлийн хуралд оролцож явлаа. Ажаа гэгээн тус хуралд сууж байсан учир Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын уулзалтанд оролцож чадахгүй боллоо гээд мэндийн цагаан хадаг, Богд Зонхивын алтан шуумал бурханы хамт намайг Ерөнхийлөгчид дамжуулж өгөхийг хүссэн юм. Ажаа гэгээн Гүнбэн хийдээс ирcэн дөрвөн шуумал бурханы нэгийг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болов. Ажаа гэгээн уг шуумал бурханыг хадгаар ороож байхдаа "-Энхбаяр Ерөнхийлөгч их буян заяатай хүн байна. Энэ бурхан тийм амар олддог эд биш. Эхний бурханыг Далай Богдод барилаа. Хоёр дахь бурханыг Монгол улсынхаа Ерөнхийлөгчид өргөж байна. Цаанаасаа ингэж бүтэх хувьтай байжээ. Юм учиртай, ийм хувь тохиолоо. Энэ бурханд Богд Зонхивын эдэлж явсан хэрэглэлээс сүншиг орсон юм. Намайг дараа амар мэнд уулзахын ашидын ерөөл тавилаа гэж энэ бурханыг өргөөрэй." хэмээсэн юм. Маргааш өдөр нь удирдах зөвлөлийн хурал болоход Далай Лам тун ойрхон заларлаа. Ерөнхийлөгчид өгнө гэж бодож явсан хоёр номон дээрээ Далай Багшаар мутарын үсэг зуруулаад авcaн нь бас гайхалтай, бэлэг дэмбэрэлтэй байв. Удирдах зөвлөлийн хурлаас гараад би шууд нутгийн зүг төмөр хүлгийн жолоо залж, 16 цаг яваад үдээс өмнө Сан Францискод ирлээ. Манай хэд ч уузалтанд жин тан бэлтгэсэн байв. Онгоц жаахан хоцроод товлосон хугацаанаасаа нэг цагийн дараа уулзалт эхэллээ. Уулзалт төлөвлөсөн ёсоор сайхан боллоо. Зарим хүмүүс, тухайлбал Чингис хаан пиво компаний захирал Ш.Энхбаяр (Энки), Гадаад яамны ажилтaн байсан Одноо эгч нэлээд ширүүн шүүмжилж, Ерөнхийлөгч маань шүүмжлэлийг намуухан хүлээн авч байлаа. Тэр нь эрх чөлөөний оронд эрх чөлөөгөө эдэлж байгаа хувь хүмүүсийн үзэл бодол болохоос төрийнхөө тэргүүнд хүндэтгэл үзүүлсэн холбооны болон Элчин сайдын яамны үйл ажиллагаатай огт хамаагүй зүйл юм. Уулзалтын орой Ажаа гэгээний мэндийн хадгийг Ерөнхийлөгчид гардуулах хүсэлтийг Элчин сайд Р.Болдод би хэллээ. Ерөнхийлөгч амрахаасаа өмнө намайг хүлээн авсан юм. Миний хажууд Элчин сайд Р.Болд, Ерөнхийлөгчийн садан, "Пасифик Маркетинг" компаний захирал М.Батжаргал байлаа. Ажаа гэгээний өргөсөн хадаг, бурханыг мэндийн үгтэй нь Ерөнхийлөгч Н.Энхбаярт бариад, урт удаан наслахыг ерөөн Далай Ламын мутарын үсэгтэй хоёр номоо сайн санааны бэлэгдэл болгож өргөлөө. Ерөнхийлөгч маань ямар нэгэн хүсэл байна уу гэж лавлан асуусан юм. "-Манай хотод Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах консулын газар байгуулахад туслаарай, бидний дунд амьдарч буй мэргэжлийн дипломат Д.Лувсанжамбааг шинээр байгуулах консулын газар ажиллуулахыг санал болгож байна" гэж хэлсэн юм. Эл асуудлыг дэмжинэ зөв зүйтэй санал байна, Ажаа гэгээнд мэнд уламжлаарай гэсэн үгсийг Ерөнхийлөгч надад хэлсэн. Бидний дунд өөр ямарч яриа болоогүйг хамт байсан хүмүүс маань гэрчилнэ байх аа. "Намайг консул болгож өгөөч" гэж гуйсан мэт явган яриа гадуур тарсан тул үүнийг би давхар хэлж байгаа юм. Америкийн нийгэмд өөрийн байр сууриа эзэлсэн би хаанаас тийм юм хөөцөлдөх билээ. Миний бодол бол хүний нутагт нэг монгол хүн боловч сайн яваасай, чадах чинээгээрээ зовсон, зүдэрсэн нэгэндээ туслах юмсан гэсэн хоёргүй нэгэн үзүүрт сэтгэл болнo.

Файрмонт зочид буудлын боолрүүм (зургийг томруулж харна уу)
Зурагчин Э.Эрдэнэбаяр

2007.3.6

3 comments:

xoc said...

ih tom ajil zohion baiguulj baijee. Wow nothing to say, u da man !!!

D.Sainbayar said...

Үзэл бодлын зөрүүтэй, зөрүүгүй байсан ч ерөнхийлөгчөө ирэхэд Монгол коммунититэй нь уулзуулж, харилцан үзэл бодлыг нь солилцуулах бололцоог хангана гэдэг сайхан хэрэг. Ер нь Америкад амьдарч буй Монголчууд гэж ийм хүмүүс бий, гадаадад суугаа монголчуудад монголын төрөөс хийж туслах зүйлс байна гээд байхгүй бол гадаадад суугаа монголчуудаа тэр чигээр нь мартчихдаг төр шүү дээ.

Зэлмэ said...

Таны блогийг бүгдийг уншиж үзлээ. Үнэхээр хүнд хэрэгтэй зүйлс ихийг бичжээ. Олны хар, цагаан хэл ам хэцүү шүү, тиймээ. Ямар ч хүн ерөнхийлөгчөөс шууд намайг консул болгоод өгөөч гэж гуйвал том ёс алдсан хэрэг болно биздээ. Таныг ийм юм хийхгүй хүн гэдэгт итгэж байна аа, итгэж байна