Tuesday, January 6, 2009

Англи хэлийг орчинд нь сурах бас нэгэн арга


Нэг ийм онигоо байдаг. Хоёр монгол хүн англи хэл сурахын бэрхийг гайхан хоорондоо ярилцаж гэнэ. Нэг нь “-Энэ хэлийг сурахад үнэхээр хүнд юм байна” гэжээ. Яагаад гэсэн асуултанд тэрээр “-Сугар гэж бичээд шуугер гэж дуудаад саахар гээд ойлгохоор яаж сурах вэ” хэмээн хариулсан гэдэг. Америкчуудын дунд амьдарч эхлээд 3-4 жилийн нүүр үзэж байхад иймэрхүү тохиолдол гардаг байлаа. Манай компани Фостер Cити хотоос Сан Францискогийн даунтоуны Фанианшл Дийстрикт дүүрэгт нүүж ирээд удаагүй байлаа. Наадмын дараа өдрийн үдээс хойш үүдний хүлээн авахын бүсгүй утасдаж “-Ширийфийн газраас ярьж байна. Би одоо холболоо. Жаахан хүлээгээрэй” гэв. Ширийф гэдгийг тухайн үед мэдэxгүй байлаа. Хожим утгыг олохноо “шоронгийн хуяг” гэсэн үг байж билээ. Нэг намуухан дуутай бүсгүй цээлхэн хоолойгоор “-Мартинос хотын Коронер оффисоос ярьж байна” гээд хоолойгоо засан хэлэх үгээ жаахан завсарлах хооронд “-Би буруу сонсвоо доо. Корнер гэж хэлсэн юм болов уу. Юун булангийн байгууллага байдаг билээ” гэсэн бодол тархинд эргэлдэв. Цааш яриаг нь сонсоoд асуудал өөрөөр эргэв ээ. “-Гурван монгол хүн халуунд архи ууж бассейнд орж байгаад нэг нь усанд сэлж чадалгүй эндсэн тул өчигдөр орой манай Коронер оффист цогцсийг авч ирээд хадгалсан байгаа. Монгол улсын паспорттой тул ойр хавьдаа монгол хүнийг хайн сурвалжлаaд таныг оллоо. Талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбоо тогтоож цаашдын арга хэмжээг авах хэрэгтэй байна. Бид 72 цаг үнэгүй хадгалдаг журамтай. Та тусалж чадна уу?” хэмээн пал хийтэл хэлээд авав. Тэр хүний овог нэр, паспортын дугаар, төрсөн он сарыг тэмдэглэж аваад элчин сайд Чойнхор гуайн гар утaс руу залгахад сайд хуралд орохоор Нью-Йоркийн зүг замд гарсан байв. Чойнхор сайд хэдийд ч гар утсаа авдаг хүн байсан юм. За ингээд коронер гэдэг нь моорг хэмээн мэдэж авлаа. Бас нэг удаа “-Хюман Траффикинг оффисер ярьж байна. Монгол хэлний орчуулагч хэрэгтэй болоод таныг оллоо” гэхэд “-Mанайхны хэн нэг маань замын осолд орсон юм болов уу” гэж бодоод орчуулга хийх цагаа товлосон юм. Гэтэл хохирогч маань Нэгдсэн улсад буруу хүмүүсийн гар дамжин зарагдаж орж ирсэн монгол бүсгүй байсансан. Тэгэхэд Хюман Траффикинг гэдэг үг нь хүний наймаа болохыг мэдэж билээ. Харин нэг удаа таньдаг хүний дүүг шоронгоос гаргах болоход “-Бэйлбонд газарт очиж баталгаа гаруул” гэсэн хариу Цагдаагийн газраас аваад энэ хоёр үгийн салангад утгыг мэдэж байсан ч нийлээд “баталгаат барьцааны газар” болохыг хорихыг тойроод мөөг шиг олноор ургасан газрын хамгийн захынхаар нь ороод мэдсэн юм. Энэ мэтээр яриад байвал дуусахгүй биз ээ. Алс хүний нутагт зовж яваа монголчууддаа сэтгэл нээн туслaя гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хандсан болохоор дээрх үгсийг бодит орчинд нь хэрэглээнээс үүдэн сурсан байх аа. Хэлийг ийнхүү зайлшгүй шаардлагаар сурч бас болдог юм билээ.

2009 оны 1 сарын 6

6 comments:

Soronzon said...

"Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан" болсонд тань баяр хүргэе.
Майл явуулсан авсан уу?

Ш. Баатар said...

За баярлалаа. Би ажлаа тараад харьж байгаад имэйлээ шалгана аа.

Г.Ганбат said...

"Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан" болсонд тань баяр хүргэе.

Ш. Баатар said...

Ганбатад баярлалаа. Санаанд ороогүй байхад ирсэн шагнал шүү. Манай салбарынхан сайнаар дурсч явдагт нь урамшин баярлав. Оны босгон дээр авсан болохоор монгол ёсоор бас бэлэгшээв.

xacap said...

Хожимдсон ч гэсэн таньд баяр хүргэе! Би бас яг иймэрхүү аргаар хэл суржил байна. Би таньд нэг и-мэйл явуулсан та авсан уу?

shizo said...

Сайхан сургамжтай өгүүлэл болсон байна. Нэг бяцхан алдааг залруулахад Sheriff гэж тухайн хэсгийн цагдаа, Coroner гэж шүүх эмнэлгийн задлан шинжлэгчийг хэлдэг шиг санагдана.