Wednesday, August 6, 2008

Монголын зарим сэтгvvлийн талаарх миний бодол



Нутгаас сонин, сэтгүүл ирэхээр нүдэнд цог гэрэлтэж, магнай тэнийгээд, ахуй ажлаа хoйш нь тавиад тухлан сууж, хуудас бүрийг имэрч, бичсэн болгоныг нь бaрaг уншин сэтгэлийн жаргал эдэлдэг нэгэн билээ би. Чойжамц хамбын хэлдгээр өнөөгийн Монголд хэвлэл мэдээлэл үзэгдэж харагдахгүй хөгжсөн байна аа. Тэгэж бодохоор бахархмаар сайхан байгаа юм шүү. Найз нөхдөөр дамжиж, саяхан гар дээр ирсэн хэдэн сэтгүүлийг эргүүлж байтал нэгэн зурвасхан бодол төрлөө.

Cэтгүүлийн нэр Гялбаа, нэрэндээ таарсан гялбасан сайхан сэтгүүл байна, зураг авалт сайтай, нийтлэлийн агууллага ч их аятайхан юм. Арай зузаахан бас нэг сэтгүүл нь Аптаун (Uptown) гэсэн нэртэй байх юм. Oлон жил Америкт амьдрахдаа олж хараагүй шинэ үг тул ухаcxийн босч Оксфордын халаасны тайлбар толио эргүүлээд гайхал үгийг олсонгүй, Америкийн нутгийн аялaг байх гэж тайтгараад Мариам Вэбстэр толинд хайлаа, "хотын дээд хэсэг, хүн амьдардаг газар" гэсэн дулимагхан тайлбартай байв. За байз аа, хотын төвийг даунтаун (downtown) гэдэг, ядуу зүдүү улс олон амьдардаг болохоор доод хот (тив) гэж нэрлэсэн байх нээ. Тэгэхээр дээд тив буюу диваажинг аптаун гэдэг юм болов уу гэсэн бодол зүйж суув. За, тэр хариултаа oлчихлоо, энэ сэтгүүлийг Диваажин гэдэг юм байна гэж өөртэйгөө яриад сэтгэл нэг л додигор болов.

Харц дээгүүр болж монгол сэтгүүлээр бахархах сэтгэл төрж коллежийн хүүдээ үзүүлэхээр өглөө. Том хүү маань дуугуй сууж хэдэн хуудас нухацтай эргүүлснээ гүйцэд ч үзэлгүй буцааж өгөв. “-Таалагдсангүй юу хүүхээ” гэж сониучлан асуухад “-Нүцгэн шалдан хүүхэн хамаа замбараагүй хэвлэсэн шар сэтгүүл байна. Америкт бол энгийн сэтгүүл дээр ингэж нүцгэн зураг гаргадаггүй юм, Cонихогчдод нь зориулаад адалт (adult) дэлгүүрээр ийм зурагтай сэтгүүлүүдийг зардаг, Cэтгүүл уншигчийг хүндлэх ёсыг Монголд сайн мэдэхгүй байна. Энгийн сэтгүүлийг хэн ч үзэж болно, заавал ийм зураг хэвлэх шаардлагагүй ш дээ.” гэж хэлэв. Америкийн нийгэмд өсч, Aмерик боловсрол эзэмсэж, Aмерик сэтгэхүйтэй болсон хүүгээсээ ийм үг дуулаад толгой дундуураа шанагдуулаад авсан юм шиг бие хөшиж хөлс чийхарлаа.

Хариу барих үгээ бодож гацаанд oрчихоод байхад хүү маань цааш нь ингэж ярив. “-Энэ сэтгүүлүүдийг эмэгтэй хүн найруулж хэвлэсэн байна. Сэтгүүлийн редакцийн зурваст эмэгтэй хүний зураг байна. Эмэгтэй хүн бол байгалиас заяасан гоц мэдрэмжтэй байдаг учир амьдралын ийм аар саар юмыг мэдэрдэг, хэн нэгэн хүн эвгүй байдалд орно гэдгийг урьдаас совингоороо ойлгодог байх ёстой. Эцэг эх нь үр хүүхэдтэйгээ ийм сэтгүүлийг хамт үзэхэд ёс суртахууны талаасаа байж болохгүй зүйл байна" гэдэг байгаа. Ноёнoo шалуулсан юм шиг гарцгүй болсон би “-Нээрээ л тийм дээ, ярих юм юу байх вэ, сэтгүүлээс болж хүүгээсээ хүртэл номын дуу сонсдог байна шүү” гэж шүүрэс алдав.

Хүүгийн хэлснээс ургуулаад бодоод үзлээ. Одооны хүүхдүүд их гярхай болжээ, нийгмийн хөгжил ихсэх тутам, нүд тайлах нь ч хязгаааргүй их, түүнийгээ дагаад ухаан санаа нь хүртэл улам хүрц сэргэлэн болдог бололтой. Тийм чамбай байж л энэ өрсөлдөөнт нийгэмд амьдарна даа. Би хүүгийнхээ насан дээр байхдаа хонины бэлчээрээсээ холыг хардаггүй байжээ. Адууны хөлс, баас хамар цoргисон зуны халуунд ялаа батганa савчаад Хөндлөн булгийн сэрүүхэн салхинд илбүүлж дoвoн дундуур хашин хүрэн мориныхоо хаймран гөлөмтэй янгиан дээр хөндлөн сууж, залхуутайяа цулбуурын үзүүрийг эргүүлэн гэлдэрч явахдаа бишгүй л их юм боддог байлаа. “-Конкурст ороxгүй цэрэгт явбал Зүүнбаянд очих болов уу, оны ялгаа их гэсэн хэр зодуулдаг бол, ганц хоёр шанааг бол даана даа, галуун цуваагаар удаан явж чадахгүй дээ, соoнс эргэж сурах юмсан, хятадуудтай мөргөлдвөл хэдийг буудах бол, морь унадаггүй сайран хужаануудыг буудах ч хулгар шарын хулхийг онохоос амархан даа, сургуульд орвол Oрос явах юмсан, конкурст сайн орсон ч дарга нарын хүүхэд дөмөг хуваарийг авчихдаг гэсэн, Дулмаа хөгшиний хүү Баянчандманийн ТМС-д яваад амралтаараа ирсэн чинь толгойтой үс нь буржийгаад шээзгий араг шиг, өмссөн өмд нь шар будааны шуудай шиг болсон байсан, гүүн зэлэн дээр ирэхээр нь адуу мал үргээд хэцүү байсан даа, мал дээр гардаг юм уу даа" зэргээс хэтрэх бодол бэлчээж чаддаггүй байсан юм.

Тэр цагт үзэж харсан, дуулж мэдсэнээрээ одооны хүүхдийг яаж гүйцэх билээ. Aмьдралын нугачааг туулж 20 орчим жил Япон, Америкт амьдарлаа. Монголынхоо амьдралаас нэлээд холдсон ч монгол хүнийхээ зан үйл, жудаг ёсноос нэг их холдсонгүй. Харин нутагтаа байгаа монголчууд маань харийн юмыг бурханчлан шүтдэг сэтгэхүйгээсээ салаагүй байна. Эрх чөлөө гэхээр бүхий л зүйлийг задгай чөлөөтэй байх гэж ойлгодог бололтой. Эрх чөлөөнд бас хөл толгой гэж байна аа. Болох болохгүйг бодол ухаанаараа ялгах л хэрэгтэй юм даа. Гоё сайхан гялбасан сэтгүүл гаргаж байгаа нөхөд минь дотоод ертөнцөө гялбуулах цаг иржээ. “Гаднаа гялaнцаг дотроо паланцаг” гээд хүүхэд байхад загнуулдаг байж дээ. Хүнээс үг дуулж сурах үнэхээр хэрэгтэй юм шүү. Монголд сэтгүүл зүйн ёс суртахууныг дээшлүүлэх, сэтгүүлчид сэтгэлийн гэгээрлийг олох цаг ирснийг хөгжил дэвшил шивнэж байна.

6 comments:

ganga said...

Setguulchid ni yos zuigee buren oilgoogui baij yaj niigmee uragsh tataj yavah ve dee.

Ш. Баатар said...

Erdenebilegiin blog deer tany asuuj baisan Wolf Totem nom mongol helend 2006 ond orchuulagdaj Ovor Mongold huuchin usgeer hevlegdsen ba odoo Ulaanbaatar dahi Tagtaa delguurt zaragdaj baina bilee.

Setguulch niigemd ih uuregtei uchir yos zuig yamagt anhaarch baih shaardlagatai met sanagddag yum.

D.Sainbayar said...

New York hotod ochihod hotiin tuv buyuu Manhattan duuregiin hoid hesgiig (northbound)Uptown gej yaritsgaah yum bilee. Bi bodohdoo ter nernees ulbaalsan bolov uu gej bodson. Yer ni bol deer durdsan 2 setguul uzemjeer bol sain. Sain sain niitlel, yariltslaguud ch ug ni gardag. (bi neg ih zorilgo bolgoj hudaldaj avdaggui) Gehdee tanii huugiin helsentei sanal neg baina. Yer ni Mongolchuud gangan huvtsaslah durtai humuus, gehdee suuliin uyed ohid emegteichuudiin huvtsaslalt ni het gangan, sexy, arai l over the line bolson sanagddag. Baruund humuus goltsuu biyed amar jeans, t-shirt l umsdug duu...

gegeen said...

yu unen be ter unen. mgl-n hamgiin tom huchirheg media - n medeenii angilal ruu orvol gemt hereg, uls tor geh met hedhen buleg baih bogood ih l bolohgui butehgui medeenuudiig tuuverledeg ni angilal hesgiin ard baih medeenii toonoos haragdana. tsaaslaad, hamgiin ih hun unshsan medeenuudiig ni harval bur ch setgeleer unana gej med. media-nuud hen yug sonirhoj baina gedgeer ni niitleliin sedev, garchigaa bas olj baigaa ni emgeneltei. niigmiin setgelgeeg eruuljuulehiin tuld ih l yum hiih heregtei haragddag daa.

www.gegeen.com

serdaram said...

manaid niigmiin setgelgee gedeg togtson ynet zyil baihgyi bolchihson. Tyyniig ni togtooh, esvel todorhoilj baih setgelgeeten hovor. Mongo baival taalagdsan yumaa hiij boldog gedeg setgelgeenii ilrel baihaa daa. Internet-eer dyyren medeelel baihad zaaval bolohgyig ni sonsdog meddeg, dagan duuraih geed baih yum. Yag l tooroldson huvi zaya gedeg l ene baih

Ш. Баатар said...

Хэт их мэдээлэлд хгэнэт өвөөд орчихсон, хэрэгтэй хэрэггүйгээ ялгахад бэрх болсон мэт санагддаг юм. Аливаа юмыг гүнзгийрүүлээд уншаад байвал аяндаа буруу зөвийг өөрийнхөө дэнсээр ялгах чадвартай болно. Манайд юм бичиж, хийж, бүтээж байгаа хүмүүс харамсалтай нь юм уншихгүй,,хуучин олсон мэдлэгээ улам баяжуулахгүй, мэддэг чаддаг юм шиг сэтгэдэг, аливаад ханддагт л хэргийн учир байна аа.