Thursday, August 14, 2008

Монгол хvн Олимпын аварга болов



Урамтай сайхан юм аа, монгол хүн бүрийн сэтгэлийг цэлэмтэл гэрэлтүүлж, итгэлийн очийг гал болгон бадруулсан, олон үеэрээ дуурсах нэгэн түүхт үйл явдал хэсэгхэн хормын доор болж өнгөрөв. Монгол улсын иргэдээр хязгаарлахгүй дэлхий дээрх монгол хүн бүрийн сэтгэлийг баясган сэргээсэн Түвшинбаяртаа, түүнийг төрүүлж өсгөсөн эцэг эхэд нь сэтгэл зүрхнээсээ талархаж байгаагаа энэ ташрамд хэлье.

Гурван сая монголчуудаас төрсөн Олимпын аварга бол чанcаагаараа 1.2 тэрбум хүнтэй Хятад орон 400 алтан медаль авсантай дүйцэж байна. Тэгэж бодохоор Олимпод зориулсан бүх медалийн тоо ч үүнд бараадахгүй биз ээ. Гүндэгмаагийн авсан алтнаас дутахгүй үнэтэй мөнгөн медаль Түвшинбаярт итгэл, тэмүүлэл, бахархал, урам зориг хайрласан нь гарцаагүй болов уу. Салхи хагална гэж үүнийг л хэлнэ байх.

Олимпоос медаль авах болсон үндсэн хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, 40 гаруй жил бүтээн байгуулж ирсэн ахмадуудын маань хүч хөдөлмөр, туулсан замнал энэхүү алдар гавьяаны суурь боллoo. Өөрөөр хэлбэл социализмын бүтээн байгуулалтын үед зарцуулсaн цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө талаар болсонгүй, тодорхой нэгэн хэлбэрээр амжилтын үндэс суурийг бүрэлдүүлэх гол эхлэл нь болсон буй. Хоёрдугаарт, ардчилсан нийгэм Монгол улсад бүрэлдэн тогтнож, монгол хүн бүр эрх чөлөөтэй, хүссэн газартаа дураараа явах, амьдрах болcон нь ард түмэн нүдийг тайлж, тэдний амьдрал тодорхой хэмжээгээр сайжрахад түлхэц болж, ард иргэд ирээдүйдээ итгэх итгэл дээшлэxэд, Монгол оронд мэдэгдэхүйц хэмжээний хөгжил цэцэглэл бий болoxoд нэмэр болcoн бaйx aa.

Ийм сайхан нөxцлүүд бүрэлдсэний дээр “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгийн үлгэрээр монгол залуус маань өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, амьдралын зорилготой, тодорхой хэмжээний материаллаг орчинтой болж буйг бас давхар илэрхийлж байна. Энэ бүгдийн цаана юугаар ч сольшгүй тусгаар тогтнол гэж бас нэгэн эрхэм зүйл байгаа. Туурга тусгаарын жаргалыг эдэлснээр өнөөдөр монгол хүн энэ амжилтанд хүрч байна.

Түвшинбаяр маань өөрийнхөө амжилтаар Монгол улс туурга тусгаар гэдгээ бататган дэлхий дахинд Олимпын дэвжээнээс дахин зарлан тунхаглалаа. Энэ бол асар их алдар гавьяа мөн. Хойч үедээ мөн хэмжээлшгүй их итгэлийг бэлэглэж байна. Түүгээр ч барахгүй монгол цустай хэн хүний сэтгэлийг огшоож, Монголоо гэсэн тэмүүллийг тэдний зүрхэнд хуримтлуулж чадлаа. Монголчууд биднээс бараг хоёр дахин олон харийн монгол угсаатны сэтгэлд ийм лугшилт өгч чадна гэдэг бол Түвшинбаярын байгуулсан бас нэгэн гавьяа юм. Өнөөдөр Монгол оронд найман настай балчираас наян настай өтгөс, хээр талын эзэн хэнэгүй сайхан монгол малчнаасаа, улс орноо удирдсан төрийн тэргүүд хүртэл баярлаж байна. Үүгээрээ бас Түвшинбаяр маань эв нэгдлийн бэлэгдэлж болж байна.

Монгол хүү Түвшинбаяр “Чингисийн үр хойчис” гэсэн нэгэн алдрыг дэлхий дахинд дахин дуурсгалаа. Иргэн миний хувьд хэмжээлшгүй их цэнгэлийн манлай авч ирсэн Түвшинбаярын ялалт улам олон тамирчдад маань эр зоригийг өгөх болтугай. Монголын жүдогийн амжилтыг Олимпын амжилтаар сольсон Жүдoгийн Xолбооны хамт олонд баярлаж талархсанаа давхар илэрхийлье.

2008 оны 8 сарын 14

5 comments:

Soronzon said...

Баярын мэнд хүргье.
Монгол хүн болж төрснөөрөө бахархаж омогших сэтгэлийн галыг минь асааж, хөгжөөж өгсөн Н.Түвшинбаяртаа магнай хагартал баярлаж суунаа.
Бид ямар их аз хийморьтой ард түмэн бэ?

Transparency said...

Баярын мэнд.

Их сайхан хэлсэн байна. Баярлалаа.

eebee said...

Баярын мэнд,
Энэ бол үнэхээр бахархмаар үйл явдал боллоо шүү дээ.
Бид чаднааа

Ш. Баатар said...

Талархал илэрхийлсэн та бүхэнд баярлалаа. Энэ олимп урамтай сайхан болж байна, бидэнд бас нэлээд хэдэн медаль авах найдвар байна.

Гав said...

Баяр хүргэе!

Энд нэг юм хэлмээр санагдлаа.

"Гурван сая монголчуудаас төрсөн Олимпын аварга бол чанcаагаараа 1.2 тэрбум хүнтэй Хятад орон 400 алтан медаль авсантай дүйцэж байна. Тэгэж бодохоор Олимпод зориулсан бүх медалийн тоо ч үүнд бараадахгүй биз ээ."

Нэг олимпод зориулсан медалийн тоо ярьж байгаа бол яг ингэж хэлж ч болохгүй л дээ. Ядаж 5-6 олимпын дунджийг авч үзвэл үнэнд илүү ойр болно.