Wednesday, August 27, 2008

Хайрхаан! Бурхан Буудай минь ээ


Монголчууд бидний өвөг дээдэс хорвоо дэлхийтэйгээ хүйн холбоотой нүүдэллэн амьдарч уул усаа дээдлэн шүтсээр мянга мянган жилдээ онгон байгалиа сэвээлгүй бидэндээ хүлээлгэж өгсөн. Тийм болохоор Монгол газар усны нэр нэн эртний улбаатай, гүн гүнзгий утга асуулгатай байдаг. Монголчууд төв Азийн өндөрлөгт сууршихдаа уугуул аймгуудын нэрлэж байсан уулс усны нэрийг бараг хэвээр хадгалсан учир одоогийн бид тэдгээр нэрийг тайлахад бэрхшээлтэй болсон байна. Алтай, Хангай, Хэнтий, Онон, Хэрлэн, Орхон, Туул, Онги, Байдраг гээд эртний аймгуудийн хэрэглэж байсан уул усны нэрийг ихэнх тохилдолд хэвээр хадаглажээ. Миний өвөг дээдэс элэнц хуланцаа хүндэтгэдэг ийм л ухаантай хүмүүс байж дээ. Харин монголчууд нэр үл мэдэх газaр шилжин сууxдaа монгол нэр өгч байсан нь саяхныг болтол зарим газар тодоос тод улдсэн байна. Харамсалтай нь хятад гэдэг нэгэн аюулт хар үүл Ази тивийн ихэнхийг халхалснаар газар орны уугуул монгол нэр олноор устаж үгүй болоод хагас зууныг элээж байна. Бусдын соёлыг уландаа гишигдэг өөдгүй зэвүүн, хятад хорон санаагаар газрын зургаас арчигдан арилсан зарим уул усны монгол нэрийн талаар энд дурдахыг хичээлээ.

Тал нутгаа шаргалтаад байвал Алтан тал, хараа цуцахаар бол Сарвай (бага насны адуу) цуцахын хөндий, салхи жавартайг Xүйтний хөндий, Сайхан байгальтайг нь сэтгэл хорогдсон Хорог, цэлгэр талд нэгэн өнчин толгой харагдвал өгээж дээжээ хайрлаx Өгөөмөр, сурлэгдүү догшин төрхтэй уулыг авахаа авдаг Авзагa хайрхан, бараан хадтай уулыг Xүрэн толгой, бага саг горьхийг Хөндлөн булаг, нарийхан урсгалтай голыг Нарийны гол, балчигтайг нь Шаварт, араатан жигүүртэн, ан амьтан элбэгтэйг нь Баян хайрхан, элсэн манхантай Элсэн тасархай, хадат уулсын үзүүрийг Xадан хошуу гээд хэлбэр төрхөөр нь янз янзаар нэрлэнэ. Ийм олон түгээмэл нэр Монголын уудам нутагт хаана ч таарна. Арвайхээрийн тал, Хар азрагын нуруу, Хонин усны говь, Ботгон шил, Боохойн ам, Шарга морьт, Ямаатын хөндий, Хулангийн нуруу, Тахийн шар нуруу, Тэрхийн цагаан нуур, Ёлын ам гээд араатан жигүүртэй, ан амьтан, бас адуу малын домгийг шингээсэн нэр ус олон бий.

Монгол мөргөлчид, жинчид Хөхнуурын алдарт Гүнбэн хийдээс гарч Зуу xүрэх замыг “Зандан Зуугийн зам” хэмээн нэрлэж байсан нь бадарчингийн домогт тодoрхой улджээ. Энэ зам бол ариун Зуугийн зам гэсэн утгатай, Төвдийн нийслэл Лхаст хүрдэг тогтсон зам байж. Лхас хот Хөхнуураас баруун урд алс хол оршиx боловч аянчид, мөргөлчид Баян Хараатын нурууг шууд давч чадахгүй учир эхлээд Гүнбэнээс баруунтaaг чиглэж Боохойн гол, Туулайн гол, Цайдамын голыг гатлаад Бурхан Буудай уулаар их нуруудыг эхлэн давдаг байжээ. Бурхан Буудай уулаа даваад Муруй усны голыг гаталдан цаашилдаг байв. Муруй усны гол Сэчүваны нутгаар дайрахдаа Кин Ча Киян (алтан элсний гол) нэртэй болж Хөх (Янзэ) мөрөнд цутгадаг. Баян Xараатын нуруунаас эх авсан Шар мөрөн Ордосоор дайрахдаа Хатан гол, Гадаад далайд цутгахдаа Хуанхэ болдог. Эдгээр газар нутаг хэдийгээр Хөхнуурын, Цайдамын монголчуудаас алс зайдуу оршин боловч нэр ус нь монголоороо үлдсэнийг бодоход тэнд монголчууд өнө удаан жил амьдарч байжээ. Төвдийн өндөрлөгт гарахдаа Бурхан Буудай уулыг давах л хамгийн бэрх байсан гэгддэг юм. Буудай гэдэг баруун монгол хэлээр тогоо гэсэн үг болохоор “Бурханы тогоо уул” гэсэн утгатай ажээ. Энэ уулыг бүтэн өдөр явган мацаж оройд нь гарч хоноод маргааш нь бэл рүүгээ буудаг заншилтай байсaн байна. Бурхан Буудай уулыг давахад толгой эргэдэг, зарим хүний хамраас цус гарч айж сүрддэг, амраад олон удаа суувал улам толгой дүүрдэг гайхалтай сонин газар байсан гэнэ. Хөөрхий монголчууд маань Бурхан Буудай уулын бэлд хүрч буудаллаад хар үүрээр босч “Хайрхаан! Бурхайн Буудай минь ээ мөргөлчин намайгаа аварч өршөө” гээд цайныхаа дээжийг өргөж залбираад, хоёр гурван хумс саримас зажилчихаад хөдөлдөг байжээ. Саримас зажилах нь дотор давчдаж зүрх дэлсэхээс хамгаалдаг байсан гэнэ. Харин саримaс ихээр хэрэглэдэг (шингэн цустай) хятад хүний хүвьд хамрынх нь цус тогтохгүй олгойдоод их сандаргадаг тул тэр болгон зүрхлээд Бурхан Буудайгаар тэд даваад байдаггүй байжээ. Бурхан Буудайгаар давахад толгой эргэдэг тэр сонин үзэгдлийг 1840-өөд оны дундуур түүгээр аялан өнгөрсөн Францын каталик сүмын хоёр лам тэмдэглэлдээ нарийн тайлбарласан байдаг Номлогч Иосиф Габет, Рэгис-Эваристи Хак нарын тайлбарласнаар бол энэ уулын ар бэлээс их хэмжээний нүүрстөрөгчийн хий ялгардаг, тэр нь агаараас хүнд учир газрын хөрсөнд ойрхон тогтдог, хэвтэж амраад амьсгалахад бэрх, гал түлэхэд дөлгүй ноцож, утаа май болдог байсан гэнэ. Галт уулын идэвхжилээс ялгардаг нүүрстөрөгчийн хий байсан болов уу. Бурхан Буудайн өвөр бэлд ийм хий байдаггүй, газрын уруу буухад онцын хүндрэл мэдэрдэггүй байжээ. Домогт Бурхан буудай уулын нэгэн нууцыг өгүүлэхэд ийм байна. Алтайн нурууны нэг салбар Хар Азаргын нурууны шувтаргат бас нэгэн Бурхан Буудай уул бий. Яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн төрсөн нутгийн энэ сайхан уулыг Шаргын хоолойгоор явж өнгөрсөн хэн бүхэн мэднэ дээ. Эрдэнэтийин зэсийн баялагт Баян Xараатын уулыг Төвдийн өндөрлөг дэх Баян Хараатын нуруутай хольж ойлгож болохгүй юм аа бас.

Харьд алдсан эдгээр нутаг усны нэрийг хэдэн зууны тэртээx тэмдэглэлдээ бичиж үлдээсэн барууны аялагчдад сэтгэлээсээ талархахын зэрэгцээ түүхийн үнэнийг хадгалж үлдээхийн төлөө төр засаг минь Дундад улсын удирдлагатай хэл амаа ололцож тэдгээр газар усны монгол нэрийг хэвээр үлдээх хүсэлт гаргах хэрэгтэй. Бид тэднээс энэ нутгийг авна гэж байгаа биш түүхийн үнэнийг хэвээр үлдээгээч ээ хэмээн гуйх л хэрэг шүү дээ. Эвтэйхэн яривал болохгүй гэх газаргүйсэн дээ. Уг нь сурах бичит нэг уг зөв буруу орлоо гэж хятад, солонгос, япончууд үг сөргөлдөж, өч төчнөөн их хэл ам болдог юм. Өвөг дээдсийн үлдээсэн нутаг усны нэр алс ирээдүйдээ хаа байгаа газартаа бүү балраасай.

2008 оны 8 сарын 27

4 comments:

Soyolerdene said...

Таны энд бичсэн хамараас цус гарах тухай би багадаа өвөөгөөсөө сонсож байсан юм байна. Миний өвөөгийн аавын ах нь хар багадаа нутагаасаа ном үзэхээр гараад бараг 20, 30 жилийн дараа буюу одоо миний багцаалж байгаагаар 20-оод оны үед их номтой лам хүн болж ирээд Заяын хүрээнд сууж байсан гэдэг. Тэр ах лам нь явсан газар орны тухай ярихыг манай өвөө их багадаа сонсож байсныгаа бид нарт ярьсан юм. Тэгэхэд нэг айхтар том даваа давдаг хэдүүлээ явсанаас нэг нь ч билүү дээ хамраас нь цус гараад явж чадаагүй гэх мэт олон юм ярьдаг юм. Өнгөрсөн жил би өвөөгөө аваад Утай явсан юм. Тэгэхэд утайн наана байх тайханы нурууг өвөө бид 2 энэ нөгөө том даваа нь байх гэж ярилцаж явлаа. Таны энд бичнээс үзвэл бүүр Лхас хотын наана байдаг том даваа байжээ. Өвөөгийн маань ах лам 37 онд баригдаад буудуулсан. Харин өвөө маань өөрөө хөөцөлдөж байж ах ламынхаа хэлмэгдсэн баримт материалыг олж цагаатгуулсан юм. Олон жил багш, намын хороон дарга гэх мэт ажил хийсэн 80 гарсан нутаг усандаа энх тунх суугаа өвөөдөө таны энэ бичлэгийг хэвлэж аваад явуулья даа.

Ш. Баатар said...

Манайхан, Утайд мөргөх, Гүнбэнд (Күмбум) мөргөх, Зуунд мөргөх гэсэн үндсэн гурван мөргөлийн замтай байжээ. Утай (таван толгой) нь Монголд их ойр, Гүнбэн (Буман бурхант) нь Баруун Монгол, Төвд, Хятад гурван үндэстний зааг дээр нэлээд хол, Зуу (Зуугийн шүтээн) нь Төвдийн нийслэл Лхас хотод буюу асар хол байжээ. Ихэд хүндэтгэдэг байсан учир ариун Зуу буюу Зандан Зуу гэж монголчууд дунд алдаршиж байв. Бадарчингийн үлгэрт -Зандан Зуугийн замаар ороод занхар занхар алхаж явтал.. гээд гардаг нь яах аргаггүй байсан зүйл ажээ. Манай зарим лам нар одоо энэхүү бадарчин, мөргөлчний замыг судалж эхэлж байгаа дуулдана билээ. Араатан ихтэй, дээрэмчин олонтой, цаг агаар тэсвэрлэхийн аргагүй үйтэн учир олон монгол хүн замдаа өөд болдог байсан тухай их сонин яриа, домог, тэмдэглэл бий.

Oyuntugs said...

Ямар гоё юм бичдэг юм бэ???
Бүүр сэтгэлд нэг юм огшоод явчлаа. Өвөг дээдсээс үлдээсэн нэр усаа хамгаалж үлдэх юмсан гэсэн хэсэг бүр ч их таалагдлаа. Үнэхээр агуу түүхтэй, агуу өвөг дээдэстэй Монгол Улс ингэж жижгэрч шалдаа буух ч гэж. Хэдхэн зуун жилийн өмнө бүх үндэстнүүд Монголоор ярьж,бид дэлхийн эзэн байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр хэн ч мэдэхгүй шахуу, ядуу, арчаагүй хүмүүс л энд үлдсэн байна. Одооноос л залуучууд нь хамаг хүчээрээ чармайн ажиллах хэрэгтэй. Төвдүүд яаж эх орноо сурталчилж чадаж байна, бидэнд ч гэсэн хүсвэл тийм боломж байгаа шүү дээ. Гадаад харилцаандаа анхаарч эхлээд, ..., ... Сайхан блог байнаа, их таалагдлаа. Баярлалаа!

Munguu Munguu said...

Сайн байна уу? би баруун талд байдаг Бурхан буудай уулын өвөрт төрж өссөн хүн байгаа юмаа тэгээд шүтээн хайрханыхаа талаар мэдээлэл эрээд таны блогт зочиллоо. таны мэдээллүүд их таалагдлаа. тэр газар усны нэрээ хамгаалж үлдээх талаар би дандаа сэтгэл зовниж явдаг нэгэн. энэ чиглэлээр ажил хийх юмсан гээд бодоод л яваад байдаг. би бас нэг блогтой хүсвэл та зочилоорой.