Сан Францисцо хот, 2008 оны 8 сарын 1
Ярилцсан: Бөрклэй даxь Кальфорны их сургуулийн урилгын эрдэмтэн Ш.Баатар
Хамба та тавтай морилж явна уу? Америкт та энэ удаа ямар ажил хэргээр айлчилж байна.
Сайн явж байна аа. Америкт дахь Төвдийн байнгын төлөөлөгч Лоди Гэри гэдэг хүний урилгаар Колорадо мужийн Аспен хотод болсон Төвдийн соёлын өдөрлөгт оролцоод буцаж байна. Их сайхан хурал болж, олон орны мэргэдийн хэлсэн үгийг дуулж, шинэ санаа бодол төрж байна. Энэ орны хөгжил дэвшил сайн сайхныг мөн харж байна. Аспен бол ихээхэн аглаг зайдуу газар байрлах амралтын газар мэт сайхан хот юм байна. Биднийг анх Аспенд очиход хүн амьтан ховор, сэлүүхэн харагдсан. Далай Багшийг морилсны дараа хувийн онгоцоор талбай дүүрсэн. Америкийн нийгмийг тодорхойлдог баячууд, алдарт жүжигчид, улc төрийн зүтгэлтнүүд олноороо ирсэн бололтой. Хуралд ирсэн хүмүүс Далай Багшийн сургаалийг их чармайн сонсож байгаа харагдлаа. Бурханы шашин гэж агуу юм байдаг юм байна, түүнийг амьдралдаа мөрдлөг болгосон бид ч Бурханы шашинaa түгээн дэлгэрүүлж, дэлхий дахинд ярьж явдаг Далай Багшийнхаа байдлыг харахад бахархалтай сайхан байлaа. Ийм сайхан арга хэмжээнд оролцсондоо ихээхэн баяртай явна.
Газар их хол, цагийн их зөрөөтэй Америк оронд ирснийх монголчуудтайгаа уулзан учирч, тэдэнтэйгээ жаахан зовлон жаргал хуваалцаж, амьдрал, аж байдалтай нь танилцаж, өөрийнхөө мэдэж чадаx юмaa хэлж, Бурханыхаа шашиныг тайлбарлаж, Монгол соёл уламжлалаа залуучууддаа танилцуулах зорилготой явна. Энэ зорилго маань сайхан биеллээ. Cүсэгтэн олон монголчуудтайгаа уулзах аяллаа Сакраменто хотоос эхэлсэн. Сан Франциско хотод ирж, Ажаа Ринбүүчийгийн гэрт байрлаж, төв дээр нь олон сайхан монголчуудтайгаа уулзсан. Их олон хүн ирсэн байна. Хөгжил дэвшилтэй энэ оронд ирсэн монгол хүмүүсийн юмыг сонсоx төрх байдал их өөр болчихдог юм байна. Монгол хүмүүс ер нь илтгэл, яриаг тийм их хичээнгүй сонсдоггүй юм. Харин энд бол нэлээд анхааралтай сонсч, хүнийг үгийг ялгаж, салгаж хүлээн авч байгаа нь харагдаж байна.
Монголчууддаа хандаж гурван чиглэлээр ярьсан. Нэгдүгээрт, Америк орон дахь монголчуудын хөгжил дэвшилд юу нөлөөж байгааг өөрийнхөө мэдлэгийн хүрээнд, энд амьдардаггүй монгол хүний нүдээр харахад ямар байгааг дүгнэх, хоёрдугаарт, Монголд буй улсууд ямар аж амьдрал, хөгжил дэвшлийг олж буй, аль тал нь алдаатай байгаа, гадаадад амьдрахад ямар зүйл жаахан дутагдалтай, Монголд байхын илүү тал гэх мэт зүйлээр санаа бодлыг солилцоx, гуравдугаарт, Бурханы шашины түүх, гүн ухаан, энэрэнгүй ёс, буян нүглийн тухай яриад эцэст нь уламжлалт зан заншил, соёлынхоо талаар мэддэг юмаа хэлсэн. Би хэдийгээр түүхч хүн биш ч намайг нэлээд анхааралтай сонсч байгаа байдал нь надад их сайхан санагдлаа. Миний ярианы дараа хүмүүсийн сэтгэл нэлээд хангалуун байгаа бололтой сэтгэгдэл төрсөн. Түүнд би их баяртай байна. Алс хол нутагт суугаа хүмүүс бол хэдийвээр аж амьдрал сайн сайхан ч хамаатан саднаа, эх нутаг, гэр орноо санaсан, хүний газарт өөрийн шашинаа хүсэн мөрөөдөж, “нэг сан тавиулчих юмсан, нэг адис жанлав хүртэх юмсан” гэсэн сэтгэлтэй байдаг юм байна. Ярианыхаа дараа сан тавьж, даллага авч, эвтэй найртай байгаарай гэж Жанлав цогзол уншиж, цөмөөрөө хамтарч шашин номын буяны үйлийг хийлээ. Буян гэдэг бол жаргалтай сайхан амьдралын эх, нүгэл гэдэг бол зовлонгийн эх байдаг гэж Бурханы шашинд үздэг. Тэгэхээр монголчуудынхаа сэтгэлд нэг сайхан цагаан гэрэл тусгах, буяны сайхан сэтгэл үүсч, бие биендээ элэгсэг дотно хандаж, буяны чуулганыг хураахад жаахан ч лугаа гэгээ хаяаруулсан бол миний аяллын зорилго биеллээ гэж санаж, тийм болсон байх болтугай гэж ерөөж байгаа юм аа.
Манай урд хөршид 7 хоногийн дараа Олимпын их наадам эхэлнэ. Олимпын бамбар аялах үеэр Төвдөд үймээн самуун гарч, гадаадын олон оронд жагсаал цуглаан болсон. Төвдөд болсон үймээний талаар Далай Багш ямар нэгэн айлтгал Аспенд хийсэн үү?
Энэ талаар Аспений хурал дээр онцын юм яригдаагүй. Миний мэдэж байгаагаар Далай Багш анх Японы онгоцны буудал дээр мэдэгдэл хийсэн. Тэр үед Төвдөд болсон явдлыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Европ, Америкт ид болж байлаа. Далай Багш дундаж үзэл баримталдаг, тогтуун тайван бодлогыг улс төрийн хэмжээнд ч баримталдаг болох нь тэр айлтгалаас надад мэдрэгдсэн. Далай багш “-Xятадын тэрбум гаруй хүн Олимп болно гээд баяр баясгалантай байхад тэдний хүсэл эрмэлзлэлийг бид хүндэтгэх хэрэгтэй, Хятадын ард түмэнтэй бид дайсагналцахгүй, аль болохоор эвтэй найртай байж, сайн сайхан, жаргалтай цэнгэлтэй, баяртай үйл явдлыг би хүлээн авч тэтгэн дэмжинэ. Хятадын ард түмний баяр цэнгэл дээр ус асгаж болохгүй” гэж айлтгасaн. Олимпыг Европт эсэргүүцэж байгаа явдалд харуусч байгаагаа мөн илэрхийлсэн. Би Далай Багшийн шавь болoхоороо үзэл бодлыг нь үнэхээр бодисатвагийн бодол юм даа гэж хүлээн авсан. Тийм болохоор Олимп болох үйл ажиллагааг зөв сайхан яваасай, Хятадын ард түмэн баярлаж цэнгээсэй, дэлхий дээр дөрвөн жилдээ нэг болдог Олимптоо олон хүн оролцоосой, гайхамшигтай баяр цэнгэлийг эдлээсэй гэж бодож байна. Хятадад болсон төвдүүдийн үйл явдал бол олон янзын шалтгаантай байсан байх аа, Хятадын төр түүнийг уужуу ухаанаар үзэж, төвд хүмүүсийн уламжлал ёсыг хүндэтгэж, тэдний аз жаргалтай амьдралыг хангаxын төлөө бодож, сэтгэнэ байхаа гэж би найдаж байна.
Сонгуулийн дараа Улаанбаатарт болсон жагсаал цуглаан даамжирч үймээн самуун болж хувирлаа. Тэр үед та Монголд байсан байх, уг үйл явдлын талаар таны бодол ямар байна вэ?
Сонгуульд монголчууд жилээс жилд суралцаж байгаа. Ер нь монголчууд сонгуулийг их эвлэгхэн өгдөг ерөнхий чиг хандлагaтай юм шүү дээ. Нэг удаагийн сонгуульд нэг нам хэтэрхий даврангуй авир гаргавал дараагийн сонгуульд огт байхгүй болтлоо сонгогдохгүй болчихдог ч юм уу, овоо сайн ажил хийвэл нэлээд дээшээ гараад ирдэг ч юм уу, иймэрхүү янзын хандлагатай байдаг. Ер нь гол хоёр нам эвгүйтвэл ард түмэн гурав дахь хүчнийг гаргаж, тэнцвэрийг нь хадгалcан тал руу чиглэсэн хандлагатай сонгууль өгч байсан үе бий. Нэгэнт л ардчилсан нийгэм болохоор ард түмний сонгууль байх, сонгуулийн үндсэн зарчим нь тэр. Сонгуульд ялсан нам олонхийн үзэл бодлыг авч явдаг. Нэгэнт сонгуульд ялсан бол их багагүй хүлээн зөвшөөрөх ёстой юм аа гэж ойлгодог. Саяын сонгууль ямар болсныг би мэдэхгүй л дээ, гэхдээ сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сонгууль xэрхэн болсон тухай бодит байдлыг би дүгнэж чадахгүй юм шиг байна. Сонгуулийн явцад маш олон янзын үзэл бодлыг уралдуулдаг. Хүний сэтгэл санааг татаж болoх янз бүрийн аргыг бодож сэтгэдэг ийм л шинж чанартай юм. Тэгэхээр сонгуулийн 45 хоногийн явцад сонгогчдын үзэл бодол өөрчлөгдөж болох талтай нь харагдлаа. Намууд дэндүү их амлалт өгсөн нь, ялангуяа мөнгө төгрөгийн амлалт өгсөн нь ард түмнийг буруу замд сургах, бэлэнчлэх, ажил хөдөлмөрт шамдахгүй хий горьдлого тавих зэрэг сул талтай болгох нэгэн чиг шугам харагдав. Түүний оронд ажил хөдөлмөрийн байртай болговол илүү их ирээдүйтэй, жаргалтай сайхан амьдралыг ард түмэн өөрсдөө бий болгох бололцоо гарах байх.
Япон, Солонгос зэрэг оронд ширхэг будааны төлөө тэмцэж байсан үе бий. Тэдгээр ард түмэн бүсээ чангалаад эх орноо бүтээн байгуулсны хүчинд өнөөдөр дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд орсон. Тэднийг хаанa ч явсан япончууд, солонгосчууд гээд дэлхий дээр хүндэтгэх хэмжээнд хүрсэн байна. Энэ бүхэн дан мөнгөөр бий болоогүй, оюун ухаан, боловсролоо ашиглан хөгжил дэвшлээ зүй зохисоорoo олсон гэж бодож байна. Улс төрийн сонгуульд ялахын тулд мөнгө амлaж байгаа явдал бол ард түмнээ дэндүү бэлэнчлэн сэтгэлгээнд хөтөлж болох буруу хандлагатай юм уу даа. Мөнгө амлах нь ард түмэн сэтгэлээрээ сонгуулиа өгдөг байдлыг алдагдуулдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Аль ч нам мөнгө амласан даа, сонгуулийн явцад тэр амлалт нөлөөлж, бэлэнчлэx сэтгэлгээ сонгуулийн үр дүнг нэлээд өөрчилсөн болов уу. Түүнээсээ үүдээд хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй юм болов уу. Тэгээд энэ үүссэн тэмцэл бол жинхэнэ сонгуулийн эрх ашгийн төлөө тэмцсэн тэмцэл биш болов уу даа гэж бодогдмоор. Үймээний үйл ажиллагаа бүх телевизээр гарч байсан. Ганц дан сонгуулийн юм болчихов уу, эсвэл юу ч болчихов доо, зохион байгуулттай юм хийж чадав уу, үгүй юу гэдэг дээр би эргэлзэж байгаа. Тийм юм дахин Монгол оронд битгий гараасай, өөрийн соёлын үнэт зүйлc, архивын үнэт зүйлcэд ихээхэн хор хөнөөл болсон доо. Хэдхэн хоногийн дараа Засгийн газрын хуралдаан болоход бидний амьдралын сайн сайханд зориулагддаг төсвийн мөнгө маань шал хэрэггүй хохирлыг нөхөхийн төлөө яриа болж байна билээ. Монголчууд өөрсдийнхөө юмыг сүйдлээд хэзээ ч бусдыг дийлдэггүй, ялагдал бол ард түмний нуруун дээр үүрэгддэг, xохирол бол улс орны хэмжээтэй эдийн засаг дээр буцаж бууж ирдэг юм байна. Тэгэж байж бүх юм ахиж, сэxэж, босох бололтой. Тийм учраас гаднын хохирогч байхгүй юм боллоо. Xохирогч нь монголчууд бид өөрсдөө болчихлоо гэсэн сэтгэгдэл төрсөн. Үүнээс хойш ийм зүйлийг гаргахгүй байхын тулд улс төрийн намууд, ард иргэд бүгдээрээ хичээх ёстой юм уу даа л гэж ойлгосон доо.
Монгол орон таны бодлоор хөгжиж байна уу?
Монголд хөгжил дэвшил их байна аа. Монгол орон үзэгдэж харагдахгүй их хөгжиж дэвшсэн гэж надад бодогддог. Би лам хүн учраас коммунизмын үед нэлээд дарамттай нийгэмд амьдарч байлаа. Эгэл иргэдээс илүү нийгмээ мэдэрдэг мэдрэмж надад хар аяндаа суусан юм шиг санагддаг юм. Лам улс маш их анхаарал, болгоомжтой байхгүй бол шашин, уламжлалт ёс заншлынхаа тухай ярьчихвал бишдэдэг байсан цаг л даа. Тийм учраас нийгмээ чагнаж сурсан болов уу. Tүүнээс хойшиx 18 жилийг харьцуулбал Монгол улс үзэгдэж харагдахгүй болтлоо хөгжиж, улс оронд маань олон сайхан зүйлүүд нэмэгдсэн. Сайн сайхан цаг ирж, хөгжил дэвшил шууд мэдрэгдэж байна. Гэхдээ болгоомжтой хандах зүйл олон бий, янз бүрийн үзэл бодол ч бий. Жишээлбэл, шашин соёлдоо хандах хандлага, нийгэмдээ, ард түмэндээ, соёл боловсролдоо хандаx хандлагыг их л ултай бодож, учиртай хандах хэрэгтэй юм. Өөрийн нийгмийн суурин дээр дүгнэлт хийж, юманд хандах хандлагаа өөрчилж, улс орноо эрэмбэ, дэс дараатай хөгжүүлмээр харагддаг даа.
Сайхан цаг эхэлсэн гээд нийгмийн хөрсөн дээр ургаагүй англи, америкуудын 60, 70-аад оны соёл болох кино ший, элдэв юмыг гэнэтхэн дуурайгаад, одоо Америкийн радио, телевизээр огт явуулахаа больсон зүйлс манайд шинэ сонин юм шиг, бүр нийтэд дэлгэгдээд, аав ээж, ахан дүүгийнхээ дэргэд зурагтaaр үзэхэд хэцүү зүйлийг энгийн юм шиг гаргаад байгаа энэ байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд ч урлаг, соёлын янз бүрийн зүйлийг хэтэрхий хэлбэрчлэн хуулж загварчилсны үр дүнд тийм эвгүй байдлууд үүсч байгаа юм. Би үүнийг яагаад чөлөөтэй ярьж байна вэ гэхээр Америкт байгаа хүмүүс өөрөөр хүлээн авна байх. Монголд ярихаар ойлгохгүй байна. Америкийн нийгэмд амьдарч байгаа монголчууд миний үзэл бодлыг ялгаж, салгаж ойлгоно л доо. Америкийн нийгэм дэx телевизийн өчнөөн суваг нь ажил хөдөлмөрт сургасан, үр хүүхдээ хүмүүжүүлсэн, сайн сайхан уриалсан байхаас биш бузар бусармаг зүйл нэг ч гаргахгүй байна. Гэтэл Монголд түүнийг ардчилал гэж үзээд дэндүү ихээр үзүүлж, түүнээс залуучууд ийм л байдаг байх гэсэн ойлголт аваад, янз бүрийн зугаа цэнгэл хөөx болж, жинхэнэ ардчилсан нийгэмд амьдарч байгаагийнхаа хэргийг гаргаж байна гэсэн ташаа бодолд төөрөөд байх шиг харагддаг юм. Тийм учраас аливаа нэгэн зүйлийг давруулж болмооргүй, аль нэгэн улсын нийгэмд байгаа зүйлийг харьцуулан, өөрийнхөө нийгэмд дүгнэлт хийгээд, гадаад орнуудын дотоод амьдралд орж, судалж сайн сайхан зүйлийг нь Монголдоо авч дэлгэрүүлэх л хэрэгтэй юм даа гэсэн бодол надад байдаг. Энэ талаар засаг төрийн дээдcүүд залуу үедээ чиглэсэн бодлого явуулахгүй, гадаад оронд ирж байшин барилгыг нь харчихаад их юм үзэж мэдсэн юм шиг “тэгдэг л байхгүй юу даа” гэж мэдэмхий царай гаргаад, буцаж очоод баахан хор уршигтай юмыг тарьчих гэсэн тийм л байдал харагддаг даа. Тэгэхээр ийм дэгс байдлаа засаад, жинхэнэ ул суурьтай, сайхан бодлоготой хүмүүсээ Их Хуралдаа гаргаад, улс орныг зөв залбaл хөгжил дэвшлийн ирмэг дээр бүр оччихоод байна даа.
Манайд Бурханы шашин хэр их дэлгэрч байна. Олон шашин зэрэгцэн орших болсон энэ цагт Бурханы шашин ямар бодлого барьж байх шаардлагатай вэ? Монголын Бурханы шашины төв, Гандантэгчилэн хийдын хамба таны байр суурийг сонсмоор байна.
Монголд Бурханы шашины ирээдүй их байна. Олон зууны турш дэлгэрсэн үндсэн шашин учир ард түмний дунд суурь сайтай юм. Гэхдээ манай монголчуудын сүүлийн үеийн хандлагат ажиглалт хийхэд Бурханы шашинаа хүлээн зөвшөөрч, шүтэж биширч буй хүмүүсийн тоо улам л ихэсч байгаа. Үүнд нэг л юмыг давхар бодууштай. Хүн шинэ юмыг хүлээж авах дуртай байдаг. Аль ч улсад адил хүмүүс шинэчлэлт өөрчлөлтөд их дуртай. Гэвч аль ч оронд өөрсдөө барьж байх ёстой шашин, соёл уламжлал гэж бий дээ. Наадам, цагаан сар бол Монголын ард түмний онцлогийг зайлшгүй тодорхойлж байдаг шинж чанартай баяр ёслол, цаашид барьж үлдэх ёстой зүйлc болно. Түүнийгээ жаахан анхаарах ёстой юм. Шашиныг хөгжүүлнэ гэдэг ганцxан лам нарын ажил биш, сүсэгтнүүдтэйгээ хамтран ажилладаг хүчин зүйл юм. Монголын нийгэм л үүнийг зөвхөн лам нарын хэрэг юм шиг боддог. “Лам нар яагаад байна” гэж сонжиж хараад байгаа нь коммунист халдвар юм даа. Хөрөнгөтний хөгжсөн нийгэмд сүсэгтнүүд голдуу сүм хийддээ хандаж өөрчлөлт шинэчлэлт хийж, шашинаа цаашид зөв сайхан авч яваx, сэргээж тэтгэх, хөгжүүлж дэвшүүлэх ажлaa нуруун дээрээ үүрдэг шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь монголчууд бодож сэхээрэх ёстой. Ийм зүйл л жаахан дутагдаж байгаа байх. Бурханы шашин 70 жил дарлагдаж эдийн засаг, боловсон хүчин, соёл боловсрол дээрээ дарамттай явж ирсэн учир гэнэтхэн хөгжих тийм боломжоор тааруу байна. Cүүлийн 18 жилийн турш Бурханы шашин манайд сууриа тавьcан. Боловсролтой хүмүүсээ Жагарт бэлтгээд авч байна. Тoдорхой хэмжээгээр хөгжил дэвшилд орж, сүм хийдээ сэргээн босгоx суурь нь сайхан тавигдаж байгаа. Хойшдоо хөгжиж дэвших их ирээдүй харагдаж байна. Cүсэгтнүүддээ хандсан олон арга хэмжээг Гандан хийдээс явуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас нэлээд үйл ажиллагаа явуулж эхэлcэн. Өнчин ядуу хүүхдийг сургуулийн нас хүртэл 24 цагаар асрaн хүмүүжүүлэx цэцэрлэг гаргасан. Хүүхдүүдийг ёс заншил, соёлоo өвлөхөд нь зориулаад Зайсангийн аманд мөн нэг цэцэрлэг нээсэн. Ирээдүйд бид тэдэнд шашинаа давхар заах хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа. Бясалгалын төв барьж эхлэх санаа дэвшүүлээд байна. Тэнд бол хар, шаргүй бүгдээрээ очоод бясалгал хийж сэтгэл зүрхээ амраадаг, тайвширдаг, насаа уртасгадаг ийм сайхан зүйлийг хийхээр олон ажлыг шийдээд явж байна. Цаашид Бурханы шашин Монголд дээшээ явах өнгөтэй, өөдтэй байна. Монголчуудад сайхан амьдрах заяа байна аа.
Далай Багш Америкийн олон нийтэд эхийн хайр элбэрлийн талаар, Бурханы шашины сүсэгтэн олонд сэтгэлээ жолоoдох, хоосон чанарыг ойлгох талаар түлхүү айлтгал хийх юм. Та учир шалтгааныг жаахан тодруулж өгнө үү?
Монголчууд хэзээнээс эцэг эхээ хайрлаж, эрхэмлэн хүндэтгэдэг. Эцэг эх хайрaa үр хүүхдэдээ шингээж чадсан учир үр хүүхэд нь эцэг эхээ эргээд энэрэн хайрладаг. Энэ бол жинхэнэ хайр юм. Хайр гэдэг сэтгэлийн элбэрэл юм. Эхийн хайрыг бүрэн амталсан амьтан зөөлөн сэтгэлтэй болдог. Бурханы номонд сэтгэлийг асрахын, нинж, бодь гэж гурав ялгана. Эцэг эх үрээ хайрлан өсгөх, эцэг эхээ өтөлсөн хойно үр хүүхэд нь өргөж тээх бол асралын хайр юм. Зовж зүдэрч байгаа амьтныг зовлонгооc түргэн гэтлээрэй хэмээн хайрлах нь нинж сэтгэл болно. Хорвоогийн амьтан хорхой шавьжнаас эхлээд бүгд амь голтой учир амь таслахыг тэвчин, нэг сэтгэлээр ялгалгүй хайрлах нь бодь сэтгэл юм. Энэ гурван сэтгэлийг тээж чадвал аядуу зөөлөн хүн болдог. Монгол хүн “хайртай шүү” гээд хэл амаараа хайраа илэрхийлэхээсээ илүү харцаараа, үйлдлээрээ сэтгэл зүрхнээсээ хайр энэрлээ илэрхийлж чаддаг гайхамшигтай. Бурханы шашинд бүхнийг үйлийн үр, шүтэн барилдлагаар тайлбарлана. Хоосон чанар нь мөн үйлийн үр, шүтэн барилдлагаар тайлбарлагдана. Бүх юм сайн, муу аль нэгэн үйлийн үрээр бүтнэ. Гэхдээ мөнхөд оршихгүй тул хоосон чанартай, хорвоогийн бүх юм өөр хooрoндoo шүтэн барилдлагатайгаар оршин тогтoно гэдгийг ойлговол зохино.
Та манай нутгийн хийдийн талаар өөрийн мэдэх сониноосоо дуулгана уу?
Онгийн хүрээ бол Монголын алдарт хийдүүдийн нэг, Сэра уншлагатай байсан гэнэ билээ. Онгийн хүрээний хийдийн ханан даxь Бурхан багшийн амьдралыг харуулсан зураг их алдартай байжээ. 50 гаруй жилийн турш нууц уншлага тасралгүй байсаар хамгийн сүүлд Дашзэвгэ гуай шинэ хийд нээгдэхэд залуу лам нартaa залгамжилж өгсөн түүхтэй. Монголдоо уншлагa тасраагүй цорын ганц хийд бол Онгийн хийд юм.
Таны нэрийг монголчилбол Номун Далай гэсэн үг болох уу?
Харин тийм.
Танд их баярлалаа. Монгол оронд маань Дандарын аймаг сэргэх болтугай гэж oлон үеийн Далай Ламын бичсэн энэхүү номыг танд өргөн барья.
За баярлалаа. Энэхүү номыг би Гандангийнхаа төв номын санд өгнө өө. Харийн нутагт хийморилог яваа та нарын буян нь дэлгэрч, үйлс нь цаг ямагт бүтэж яваарай гэж ерөөе.
Тэр ерөөл бат орших болтугай.
8 comments:
hehe, sonirholtoi bailaa. tun chuhal sedvuud hondjee. gegeersen huniig dergedees ni harna gedeg chini l ih tom uil yavdal gene lee shuu. zov saihan energy ni shingej ulddeg yum gesen shuu. Nomun gej mongol ugiig odoo cyrill-r buulgahaar nomiin boloh yum u. Nomun Dalai suljee maani Choijamts bolood yavchlaa shuu, sonin tohioldol baina, hehe.
Сайхан ярилцлага байна. Баатар ахаа. Монголчууд гадныхныг хэлбэрдэж дуурайдаг, Монгол улс өөрийнхөө нийгмийн суурин дээр үнэлт дүгнэлт өгч, тэндээсээ хөгжих ёстой гээд л олон чухал санааг гаргасан байна шүү.
Нэг бодлын хэрэв хөгжлийн "агуулгыг" мэдрэхгүй бол нөгөө хэлбэрдэж дуурайсан юмс маань эргээд хөгжилд садаа болох талтай юм байна гэж сая уншиж байхад бодогдлоо.
Ээбээ за баярлалаа. Хамбатай олон удаа уулзаж байлаа, нэгэн л зангаараа хэнбугайтай ч эвтэйхэн тааруулаад харьцдаг хэвээрээ байна. Хуучины олон хүнээс үг сонсож явсан болохоор сонин хачин их ярих юм. Би онгоцны буудал руу хамт явж байхдаа дээрх хэдэн асуултыг хам хум асууж тэмдэглэн авсан юм.
Mash saihan yariltslaga boljee. Baatar tanii bichsen zuiluudig unsihad taatai baidag shuu.
Онгоцны буудал руу явж байхдаа хам хум ярилцлага авсан гэхэд та маш чанартай юм бичсэн байна шүү, Баатар ахаа.
Уг нь надад нэг санаа байна. Таны бичсэн шашны талаархи бичлэгүүд шиг бичлэгүүдийг цуглуулаад (над бас 2, 3 байгаа)нэг ном гаргавал их тустай мэт. Лам хүмүүсийн биш харин та бид шиг энгийн хүмүүсийн бичлэг шүү дээ. Тэгвэл мухар сүсгийг арилгахад жаахан ч гэсэн тус болох байхаа
Уг нь сайхан л санаа байна. Яг тэгье гээд зорихгүй болохоор ном өөрөө бий болох биш дээ. Хэрвээ тийм ажил хийвэл сайн байна. Надад Далай ламын уулзалтууд болон Ажаа гэгээнтэй ярилцсан хэдэн хэдэн нийтлэл энэ блогийн эхээр байгаа л даа. Саруул-Эрдэнэ бас хэдэн сайхан нийтлэл бичсэн байх ёстой, уг нь олон хүн нэгдээд ийм өгүүллүүдээр ном гаргаж болох юм. Миний нэг нийтлэл аль дээр Гандангаас гарсан номонд орсон байсан, сул үг, марзан хошин агшинг (нюанцыг) нь хасаад оруулсан байна билээ. Хамба уг нь олон нийтэд цаг гаргантай маш сайхан яриа хийсэн, зарим хүмүүс видеогоор бичиж авсан байх аа, зав гаргаж бичлэгийг үзэж суугээд тэр сайхан яриаг нийтэд хүргэж болох юм. Ойрд маш заваар таруу байна. Соларис9 ОС-гээс Соларис10 ОС руу соурс кодоо шилжүүлж нэлээд ажилтай байна.
Соёл-Эрдэнэ-д, Чойжамц хамба их сайхан яриатай номон гийсэн хүн юм. Дээр үед нутгийн өвөгчүүл ийм хүнийг самжид (нүүрийн буян) хурсан хүн гэдэг байлаа. Манайхан яриаг нь их анхааралтай сонсож байна билээ. энд бол зам суур ярьсан зүйлийг оруулсан юм. олон нийтэд хийсэн уг ярианд гар хүрэх завгүй явна.
Saihan yariltslaga baina. Choijamts guai Pragued irj baisan. Saihan yaria huuruutei nomtoi hun baisan. Ebe-n sanal zuv shuu. Shashni talaar tani bolon Ebe-n bichsen zuiluudiig emhetgej nom bolgomoor.
Post a Comment