Wednesday, November 14, 2007

Далай багшийн номлол болоод бусдын шашиныг хvндэтгэх vзэл



Далай багшийн номонд суух тутам айлтгал нь сэтгэлд улам хоногшиж, түүнийг бясалган бодоход ихээхэн ухаарлыг хайрладаг юм. Далай багш номлохдоо бусдын шашинд орох, бусдыг хүчээр шашиндаа оруулах нь туйлын буруу гэнэ. Өөрөөр хэлбэл Xристийн шашинтан бурханы шашинд урван орж ирэх нь тийм сайхан зүйл биш, бурханы шашинтай монголчууд бусад шашинд урван орох нь зан заншилаасаа салж хагацах бэрх сонголт хийх үйлийн үр гээд шашины мөн чанарын нарийн учрыг тайлбарлан айлддаг юм. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх үүднээс бусад шашинтантай хамгийн найрсаг харьцах нь чухал хэмээн бас айлтгадаг билээ. Энэ үзэл бодлоо илэрхийлэхийн тулд Далай багш хаа нэгэн газар айлчилж ном айлтгахдаа хaмгийн ойр орших Христийн болон Лалын сүм хийдийг сонгож, тэр сүм дээр бусад олон шашинтанг хуран цуглуулж харилцан залбирал үйлддэг. Далай багшийн энэ хүсэлтийг эсэргүүцэж байсан Xристийн сүм Америкт л лав байхгүй. Тэдгээр сүм хийдүүд олон шашинтны цуглаан хийхийг ихэд дэмждэг. Олон шашинтны цуглаан дээр Далай багш тэдэнд хандаж өөрийнхөө шашин, соёл уламжлалдаа үнэн ч байж, хайрлан хөгжүүлж, үр хүүхдэдээ өвлөхийг уриалдаг. Тэгэхээр уугуул шашинтай Монгол газар өөр шашиныг дэлгэрүүлэх гэж улайран хөөцөлдөж байгаа хэсэг бүлэг хүмүүс, ялангуяа солонгосчуудын энэ муйхар үйлдэл нь буруу гэж бид бодож явдаг юм. Далай лам хэзээ ч хуврагууддаа харийн оронд очиж бурхан шашинаа дэлгэрүүл гэж сургадаггүй. Түүний адил Ромын Поп ч мөн адил шавь нараа очсон газраа Загалмайтны шашин дэлгэрүүл гэж сургадаггүй нь лавтай. Лалын ертөнцийн имамууд ч тийм сургааль айлтгадаггүй. Гагцхүү шавь нараа өөрийн шашиндаа үнэн ч байхыг номлодог. Тэгэхээр Монгол оронд орж ирж байгаа шашины олон урсгал Монголыг хөгжүүлэх биш улам эв түнжингүй болгохын эх үүсвэрийг тавих бус уу. Манай улсад шашинаа дэлгэрүүлэх гэж яваа хүмүүс яавч бидний соёл уламжлал, эв нэгдлийг илт хүндэтгэхгүй байна. Ухаант хүн та эл байдлыг өөрийн толгойгоороо тунгаан үзнэ биз ээ.

Далай багшийн айлтгалаар Бурханы шашины мөн чанарыг танин мэдэх нь хамгаас чухал байна. Бурханы шашин нь хорвоогийн мөн чанарыг танин мэдэж гэгээрэх номлол юм. Сайн үйл үйлдэхийг буян гэж хэлэх ба буяны үйлийг "арга" хэмээнэ. Хорвоогийн учир шалтгааны хоосныг танин мэдэхийг "билэг" гэнэ. Арга билэг хослуулан байж Бурханы номыг ухан ойлгоно. Аль нэгэн тал руу нь хэлбийлгэж үл болно. Хорвоо дэлхийн бүх юм "байна", "байхгүй" хоёр туйлын хооронд орших тул хоосон чанартай. Балар эрт цагт ертөнц байгаагүй, алс ирээдүйд ертөнц мөхөж байхгүй болох учир ертөнц өөрөө мөнх бус чанартай. Хүн болоод амьтан хорвоод төрөхөөс өмнө байгаагүй, үхсэний дараа алга болдог учир хүн амьтан бас мөнх бус чанартай. Иймээс би гэдэг бол "би-үгүй би" юм. Энэ бүхэн хоосныг танин мэдэх билэгт хамаарна. Хүн хоосны мөн чанарыг мэдэж ойлгосноор сэжгийг тэвчиж атгаг санааг арилгадаг. Атгаг санааг арилгаснаар гасланг гэтлэх үүд нээгдэж байгаа юм. Үүнийг танин мэдсэнээр аливаа хүн дотоод ертөнцөө нээж сайн үйлийг хийх эрмэлзлэлтэй, бодь сэтгэлтэй болдог. Бодь сэтгэлийг ямагт тээсээр хүн гэрээлийг олдог. Бодь сэтгэлтэн аливааг энрэн нийгүүсэх нинж сэтгэлтэй байдаг. Эдгээр олон сургаалийг Блүүмингтонд айлдсан Бодь мөрийн зул номын айлтгалын үед Далай багшaac сонсон биширч суулаа.


2007.11.14

Tuesday, November 6, 2007

Эхийн элбэрэл хайр нинж сэтгэлийн vvдийг нээдэг


…Хорвоод хүн эхийн умайгаар дэмжин ирэхдээ бүгд нэгэн адил замыг туулна. Эхийн умайд бүрэлдэн тогтох тэр агшинаас эхлэн эхийн шимээр тэжээгдэж, эхийн зүрхээр амьсгалж, эхийн амьсгалыг хуваалцаж, эхийн сэтгэлийн жаргал зовлонг хамтдаа хуваалцдаг жамтай. Эхээс тасрахдаа ч хүний хамгийн анх барьж тэмтрэx зүйл бол эхийн хөх байдаг. Эхийн сүүгээр амлаж, эхийн элбэрэлийг хүн хорвоод анх мэдэрдэг. Эхийн элбэрэл хайр нинж сэтгэлийн үүд болдог юм. Эх хүн хамаг хайраа, хамаг нандин зүйлээ үрдээ зориулдаг учир уураг тархи нь нинж сэтгэлтэй хүн болoн тогтноход эх шиг чухал юм байхгүй. Иймээс хүний нинж сэтгэл үүсэн буй болоход эхийн үүрэг хамгаас чухаг билээ. Эхийг амгалан тайван байлгах нь түүнээс тутахгүй чухаг билээ. Эхийн энхрийлэл хайрыг амсч чадаагүй, эсвэл эхийн энхрийлэл хайрыг ямар нэгэн харьцаанд хүртээгүйгээс нинж сэтгэлийн үр суухгүй тохиолдол бий. Эх хүн үрээ хайрлах, энхрийлэх хамгийн хариуцлагатай нэгэн болдог юм. Хүн хорвоо дээр ирээд эхээсээ эхэлж нинж сэтгэлийг олж авдаг. Би ч мөн адил эхийн элбэрэл хайрыг сайн санаж байна. Ээжийн минь үнэр нь хүртэл дотно, эхийнхээ хайрыг би хүртэж өссөн. Хүнд нинж сэтгэл хадгaлагдан үлдэх нь түүнийг хүрээлэн байгаа орчин тойрноос шууд шалтгаалдаг юм. Хүн энэрэл хайраар бялхсан амьдралд бага насаа өнгөрөөвөл нинж сэтгэлтэй болон тогтож, насан туршдаа нинж сэтгэлийг тээж явдаг юм. Хэрвээ хүн бүр нинж сэтгэлтэй байж чадвал хүчирхийлэл, аллага хядлаг хаанаас гарах вэ. Нийгмийн гажуудлаас хүн цэвдэг сэтгэл, зэрлэг зан авирыг олж авдаг юм. Хэрвээ хүн төрөлхтөн бүгдээр нинж сэтгэлтэй байсан бол юунд бие биенээ алж, дайн дажин хийх вэ. Хүн бүр нинж сэтгэлтэй болсноор хорвоо дэлхийд амар амгалан цаг ирэх юм. Үүнийг бид энх тайван гээд байна. Залуус та нар үр хүүхдээ нинж сэтгэлтэй болгохыг хичээгээрэй. Та бүхний өмнө бүтэн шинэ зуун байна. Би бол өнгөрсөн зууны хүн учир өнгөрсөн зуунтайгаа хамт бай бай (баяртай) болж байна. 21 дүгээр зууны залуусaa, энэ зуун бол та нарын зуун шүү. Та нар нинж сэтгэлийг эрхэмлээрэй, үр хүүхдээ шинэ зуундаа нинж сэтгэлтэй болгоорой. Энэ эрмэлзлэл, мөрөөдөл бол өнгөрсөн зуунтайгаа дуусч яваа xөгшин буурал миний захиас шүү. Нинж сэтгэлээр энх тунхыг даян дэлхийд тогтоогоорой…

Висконсины их сургууль, Индианагийн их сургууль, Пүрдүгийн их сургуульд болсон Дээрхийн гэгээнтэн Далай Ламын олон нийтэд хандсан ярианд энэ жил гурвантаа суухад адил утгатай ийм нэгэн зүйлийг эрхэмлэн айлдаж билээ. Aйлтгалийг Далай багшаас дахин давтан сонссон учир сэтгэлд их гүн гүнзгий үлдсэн байна. Энэхүү айлтгалыг уншигч авхай танд чадан ядан, эвлүүлэн хүргэхийг зорилоо. Эрхэм таны нинж сэтгэл өдөр бүр дэлбээлэн дэлгэрэх болтугай.

2007.11.6

Wednesday, October 31, 2007

Дээрхийн гэгээнтэн Далай Ламтай учран золгох урдын ерєєлтэй байжээ

Олон жилийн турш эх нутгаасаа алс хол эрдмийн эрэлд бэдчин, амьдралын гүн балар харгуйг туулах аянд минь хорвоогийн сайн, муу олон үйл ээлж дараалан алд биений өмнө минь тулгарч байлаа. Урдад өвөг дээдсийн минь хийсэн сайн үйлийн үрээр Хөхнуурын Гүнбэн хийдийн хамба лам, Хошуудын Бэйс хошууны Ажаа гэгээнтэй учиран золгож, сэтгэл зүрхээрээ ханьсан нөхөрлөөд есөн хаврыг үдэв. Хүний хорвоод төрсөн болохоор энэ хугацаанд сэтгэлийн зовлон, жаргалаа Ажаа гэгээнтэй харилцан хуваалцаж, ханьсан шадарлаж явсаар ихэд ижилдэн дассан байна. Сайн хүнийг дагана гэдэг юутай ч зүйрлэшгүй сайн хаялагатай ажээ. Ажаа гэгээний ач буянаар Дээрхийн гэгээнтэн Далай Багштай олон удаа золгож адис хүртэж сэтгэл санаагаа ариутгав. Далай Багш өөрийнхөө эрхэм дээд номын үйл хэрэгтээ Ажаа гэгээнийг татан оруулаxaд, өчүүхэн би бие сэтгэлээрээ үйл хэргийн тойрогт нь татагдан орсон юм. Энэ бол цаглашгүй их итгэл найдвар, хэмжээлшгүй том үүрэг, хариуцлага байв. Ажаа гэгээн Далай Богдын зарилгаар хүлээн авсан, Индиана муж улсын Блоомингтон хотноо орших, Далай Багшийн ах Такцэр Норбу гэгээний байгуулсан Төвдийн Соёлын Төвийн удирдах зөвлөлдөө эгэл намайг эрээлэлгүй багтаалаа. Түүнээс хойш хоёр жилийн турш Ажаа гэгээнд бараа болж, ажил төрөлд нь хошуу нэмсээр өдий хүрэв. Ажаа гэгээн энэ хугацаанд Норбу гэгээнийг тэнхэл доройтоход хүүхдүүдийнх нь самарч орхисон, тус төвтэй холбоотой 2 сая долларыг өрийг дарж, Төвдийн Соёлын Төвийг сэргээн засварлаж, Далай Багшийг залан, төрсөн ахтай нь учруулж, шинэчилсэн соёлын төвөө үзүүлж, хурсан олонд буяны хур буулгуулж, олон сайн үйл хэргийг бүтээлээ. Сэрүүн тунгалаг Норбу гэгээн, Сэра хийдийн хамба, Гоманг хийдийн хамба, Монгол улсын Гандантэгчилэн хийдийн хамба, олон шавь нарынхаа өмнө Далай Богдоос зарлиг буулгуулж, Ажаа гэгээний хүсэлтээр Төвдийн Соёлын төвийг "Төвд Монголын Шашин Соёлын Төв" болгож, Далай Багшийн өөрийнх нь хүсэлтээр Жамцэ-Линг хийдийг "Күмбүм Жамцэ-Линг хийд" болгов. Америкийн олон нийтэд хандаж, 10 сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Индианагийн их сургуулийн их танхимд Шэрнин буюу "Бодь мөрийн зул" номыг айлдуулан Индианагийн их сургууль, Пүрдүгийн их сургууль дээр оюутан залууст хандсан айлтгал хийлгэж, Монгол Төвдийн сүсэгтэн олонд Далай Багш сургааль, ерөөл хоёроо өргөх өнө их ажлыг Ажаа гэгээн хийлээ. Ганхуяг гуай Монголын 108 цам, язгуур урлагийн тоглолтоор америкчуудыг алмайруулж, Блоомингтоны Монголчуудын Холбоо хуран цугласан сүсэгтэн олонд Монгол наадмаа өргөлөө. Гандантэгчилэн хийдийн хамба лам Чойжамц гуай Индиана мужийн захирагчийн оны шагнал гардуулах үйл ажиллагаанд Далай Ламыг төлөөлөн оролцов. Cоёлын төвийн нэрийн өөрчлөлт, монголчуудын зохиосон арга хэмжээнүүд Монгол хэмээх нэрийг Америкт ихээхэн дээр өргөв. Уг арга хэмжээг сурвалжлуулах, Далай Багшаас Монголын телевизид хагас цагийн сурвалжлага авах ажлыг миний бие гардан зохиосон юм. Монголын үндэсний телевизийн төлөөлж соёлын гавъяат Г.Золжаргал, UBS телевизийг төлөөлж Баяр, Танин мэдэхүйн Тулах цэг студийг төлөөлж Г.Жаргалсайхан нар багаараа оролцож, МОНЦАМЭ Агентлагийн Америк дахь сурвалжлагч Б.Номинчимэд фото сурвалжлага хийлээ. Далай багшийн ялдам сайхан инээмсэглэл олон хүний сэтгэлд хонoгшин үлдсэн нь гарцаагүй. Монгол гэгээн Ажаа ринбүүчийдээ их баярлалаа.


2007.10.31

Аймшгийн баяр байсан учир хvvхдvvд эхлээд айлгаж тоглож байна гэж боджээ


Аймшгийн (Halloween) баярын өдөр харамсалтайгаар бусдад хороогдсон Ичинхорлоо охины аав Баярсайханаас Өсвөр үе клубын тэргүүн Ц.Энxтуяа ярилцлага авч нийтэд хүргэхээр талийгаачийн гэрт үлдсэн юм. Монголчуудын Холбооныхон, Эрүүл мэнд төслийнхөн, талийгаачийн ар гэр, найз нөхөдтэй хамтдаа сууж Ико сан байгуулах нь зөв зүйтэй үйл хэрэг болно гэж тогтсон юм. Ингээд энэхүү харамсаар баршгүй эмэгнэлт үйл явдлын талаар гадуур яригдаж байгаа олон салаа яриаг нэгдсэн нэг ойлголттой болгохын тулд талийгаачийн эцэг эхээс Энxтуяагийн авсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Энхтуяа: За уучлаарай, охиноо алдсан таны сэтгэл тун хэцүү байгаа байх даа
Баярсайхан:
- Хүнд байна аа. хоёрхүүхэдтэйгээ сайхан амьдарна гэсэн ирээдүйд итгэлтэй бодолтой Aмерикт анх орж ирсэн.

Энхтуяа: Та ирээд хэр удаж байна?
Баярсайхан:
- Aмерикт ирээд би 3 жил болж байна. Уг нь би Mонголдоо уурхайтай, эхнэр маань АПУ компанид нягтлан хийгээд боломжийн амьдралтай байлаа. Яагаад бид хоёр Mонголыг орхиод Америкт ирээд амьдаръяа гэсэн учир нь хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодож, яг энэ эрх чөлөөний оронд хүрч хэл сургая, сайн сургуульд оруулъя гэж бодсон хэрэг.

Энхтуяа: Тиймээ, хэний ч гэсэн мөрөөдөл л дөө, тэр бол...
Баярсайхан:
- Тэгэхээр одоо эд нарыг нэг л сайхан болгочих юм бол бидний зорилго биелнэ гэж бодож Америкт орж ирсэн юм аа. Тэгээд эд нарыгаа сургууль соёлд оруулаад, өөрсдийгөө ч бичиг баримттай болголоо. Ийм сайхан амьдарч байсан үедээ энэ охиноо алдчихаад.. Гэнэтийн тохиолдлоор алдах чинь үнэхээр хүнд юм байна. Тэгээд одоо жаахан хэцүүхэн л байж байна (Энэ үгийг хэлэхдээ талийгаачийн аавын хоолой нь зангирч нэлээн удаж хэлсэн юм). Одоо талийгаачийн зургийг нь хараад л сууж байна. Xарин монголчууд сайхан юм даа. Нэг нэгнээ ядарсан зүдэрсэн байж байхад нь ирээд... Би ч бас найз нарын хүрээ жaaхaн байна гэж бодсон чинь ер нь их байдаг юм байна.

Энхтуяа: Түүн дээр бол ялгаагүй ээ, та ч гэсэн би ч гэсэн найз нөхдийн хүрээ бол их цөөхөн. Харин зовох цагт нөхрийн чанар танигдана гэж, ялангуяа бид чинь коммунити-дээ монгол ахан дүүсдээ тусaлж, энд чинь ийм хамт олон байдаг шүү гэдгийг харуулах гэж, бие биендээ туслахаар тал талаас ирээд байна, өшөө олон ч хүмүүс нэмэгдэж ирэх байхаа. Харин та тусламжыг хэрхэн яаж авахав, сая Баатар ах сайхан санаа өглөө ш дээ. Охиныхоо нэр дээр сан байгуулаад түүгээр бусад ядарсан нэгэнд буянд үйлдээрэй гэж.
Баярсайхан:
- Бид хүмүүсийг туслая, юу хэрэгтэй вэ гээд ирэхээр нь нэрлэж хэлэхэд хэцүү, тэгээд ч тулгамдаад санаанд орох юм байсангүй. Бас хүнээс мөнгө гуйж байгаа мэт санагдаад эвгүй байлаа. Харин Баатар, Лувсанжамбаа хоёр их зөв зүйл хэллээ. Бид охиныхоо ажил явдалд мөнгө гуйх гээд байгаа юм биш харин түүнийхээ (Ичинхорлоогийн) нэр дээр сан байгуулж хуримтлал үүсгээд түүгээрээ бусдад буян үйлдэх, ингэснээрээ охиныхоо хийж дуусгаагүй ажил үйлийг үргэлжлүүлж, хүсэж мөрөөдөж байсан зүйлийг хийх боломжтой болох юм байна.

Энхтуяа: Та дансных нь дугаарыг хэлж өгөхгүй юу?
Баярсайхан:
- "Iko Foundation", Bank of Amerika дахь 0147742016 тоот данс гаргасан.

Энхтуяа: Охин тань таньд мөрөөдлөө ярьж байв уу?
Баярсайхан
: - Охин минь эмч болно, эсвэл мөрдөн байцаагч болно гэж ярьдаг байсан.

Энхтуяа: Ико ямар авъяастай, юунд дуртай охин байв?
Баярсайхан:
- Охин минь Төв аймагт өвөө дээрээ өссөн. Өвөө нь төвийн сургуульд биеийн тамирын багш хийдэг байлаа. Амралтын өдрүүдээр хөлд нь цана зүүлгээд л уул руу аваад явчихдаг байсан юм. Тиймээс охин минь сайн цаначин байлаа. Бас шатар сайн тоглоно, ямар ч байсан алдахгүй шүү. Дуу дуулах, зураг зурах, тоо бодох дуртай. Хамт олонч, тусархаг, дандаа инээж явдаг, мэриймтгий охин байсан. Энд ирээд дунд сургуульд орсон, тэрнээсээ хойш найзалсан үй зайгүй олон найз нөхөдтэй.

Энхтуяа: За одоо яг юу болсон юм бэ? Яаж амиа алдав гэдэг талаар хүмүүст тодорхой мэдээлэл хүргэе.
Баярсайхан:
Энэ өдөр ахынх нь төрсөн өдөр байсан юм. Тэгээд яахав гэр бүлийнхээ хүрээнд сайхан хоол унд хийж идээд тэмдэглэчихье гэж бодож байснаа гэнэтхэн болиод бүгд л ажилтай болцгоочихсон юм. Ээж нь бүтэн цагаар ажилтай, аав нь тэр өдөр оройн ээлжинд ажилтай ийм л өдөр таарсан юм. Миний охин чинь над руу хэд хэд ярьсан юм. Ааваа би Halloween-ий баяр үзье. Масктай тийм янз бүрийн хүмүүсийг үзье, эсвэл кино үзье. Ах төрсөн өдрөөрөө Сан Франциско орж кино үзлээ гээд явсан гэсэн юм.

Энхтуяа: За, ах дүү хоёр салаад тус тусдаа явжээ?
Баярсайхан:
Тийм, ах нь найз нартайгаа, дүү нь найз нартайгаа. Тэгээд яагаад явуулсан юм гэхээр яахав өөрийнх нь найз нар нь дандаа сайхан томоотой хүүхдүүд байдаг болохоор “за, за миний хүү 8 цагаас хойш оройтож болохгүй шүү” гэдэг юм. Ер нь бол зуны цагт 8, өвлийн цагт бол 6 цагаас цааш гарахгүй байдаг. За энэ өдөр бол Aмерик даяар бол нөгөө баяр, ер нь их л гоё баяр болоод байсан. Айлуудаар пицца зөөгөөд явж байхад л одоо бүгд л ингэж айлгаж майлгаад, хөгжилдөөд л ийм байгаад байхаар чинь за за миний хүү ч гэсэн жаахан юм үзэж эдний соёлтой, баяртай танилцаг гэж бодож “за яахав миний хүү тэгээд 8 гээд тун оройтохгүй гэртээ хүрээд ирээрэй” гээд явуулсан юм аа. Тэгсэн яг тэр өдөр манай нэг найз монгол явна гээд авгай бид хоёр гаргаж өгөхөөр тэр орой тэднийд очсон юм. Тэгээд л тэнд очоод дөнгөж сууж байтал манай том хүү утасдаад “Миний дүү ухаан алдчихлаа” “Ээжээ, ааваа миний дүү ухаан алдчихлаа. Энд цагдаа магдаа болоод байж байна. Та хурдан ирээч” гэсэн юм. Бид тэгээд л яваад очсон.

За яахав хэдэн банди нар, ах нь, өөрөө бас найзуудтайгаа зүгээр л сайхан тэр Washington паркт яриад сууж байсан юм байна лээ. Тэгэхэд нэг хэдэн хүүхдүүд хүрч ирээд шууд буу гаргангуутаа мөнгөө өг, түрийвчээ өг, буудлаа та нарыг гэж хэлсэн байгаа юм. Хүүхдүүд тэрийг нь тоогоогүй байгаа юм. Буу муу гэсэн ойлголт хүүхдэд ерөөсөө байдаггүй байдаг юм байна. Цаадуул нь масктай л байсан юм гэсэн, гэтэл маск нь ч биш бололтой. Зүгээр л малгайгаа доош нь дарчихаар хүн бүхэн л масктай явж гэж харсан юм байна билээ. Энэ өдөр чинь нөгөө Aймшгийн баяр болохоор “зүгээр л айлгаж тоглож байна” гэж бодоод хүүхдүүд маань мөнгө төгрөгөө өгөхгүй явсан чинь нөгөөдүүл чинь хэд хэд буудаад тал тал тийшээ тараад явсан. Тэгээд хоёр гурван удаа буудангуут нь хүүхдүүд “Өө энэ чинь тоглоомон буу байна” гээд эргээд явтал нөгөө хэдэн бацаанууд чинь зугтаангуутаа л эргэж хараад тав зургаан удаа буудсан юм байна билээ. Тэгсэн яг тэр буудсан нь миний охинд тусаад газар дээрээ унасан юм байна билээ. Тэгээд одоо бидэнд нөхөж баршгүй гай гарз учруулчихаад байж байна.

Энхтуяа: Хүүхдүүд тэгвэл эхлээд хий буудахад нь айж зугтаагүй юм байна тийм үү?
Баярсайхан:
- Өө эхлээд тэр бууг бол мэдээгүй байгаа юм. Тэгэнгүүтээ хий буудангуут нь бас яахав хүн юм болохоороо юу вэ, энээ тэрээ гээд зугтаатал хэд хэд буудангуут нь за энэ нөгөө зүгээр л тоглоомон буу байна гээд буцаад эргээд ирэхэд нь цаадуул нь зугтахдаа эргээд буудахад л яг миний охиныг зүрхэнд нь оночихсон байгаа юм.

Энхтуяа: Хүүхдүүд маань цаад хүүхдүүдийнхээ ази байсан уу, ямар хүн байсан гэдгийг нь хараад таниагүй юм уу?
Баярсайхан:
- За тэрийг болбол зарим нь хэлэхдээ харанхуй байсан болохоор царай зүсийг нь ялгаж чадаагүй, зарим нь ази хүүхэд байсан тэр тусмаа вьетнам хүүхэд байсан гэсэн юм ярьж байгаа. За тэгээд тэрийг бол цагдаагийн байгууллага шалгана. Тодорхой болохоор л бүх юмыг хэлсэн нь зөв байх гэж бодож байна даа (Уртаар санаа алдав).

Энхтуяа: За одоо Икогийнхоо тухай жаахан ярья. (Энэ үеэр талийгаачийн ээж Уранчимэг өрөөнд орж ирсэн юм)
Баярсайхан:
- Ико маань спортод их дуртай хүүхэд байсан. Цанаараа тэмцээнд өрсөлдөхөд Төв аймагтаа 2-р байранд орж байсан. Шатар дааманд сайн, хөөрхөн дуулчихдаг байсан. Охиноо 6 настай байхад нь сургуульд өгчихсөн юм. Тэр үедээ багадаж байсан ч дараа нь дасаад гайгүй л болчихдог юм байна лээ. Анх ирээд охиноо Чипманы дунд сургуульд (Chipman Middle School) оруулсан юм. Жилийн дараа Испани хэл үзэж эхэлсэн. Гарын ур их сайтай, юмны донжийг олоод зурчихдаг. Зураг хордуулаад байдаг юм уу гэж асуухад “ааваа тийм бишээ, ингээд...” гээд өөрөө шууд зурчихна. Хичээлийн ширээн дээгүүрээ пиг юм зурчихна. Миний хүү чиний энэ (гарын алганы хэсгийг үзүүлэв) эд нарыг чинь хар болгоод, хувцас хунарыг чинь бас муухай болгочихно ш дээ. Аав нь сайхан арчичихъя гээд арчаад удаагүй байтал төдөлгүй дахиад л зурчихсан байна. Ер нь нэг юм харах юм бол зураад л суугаад байна. Нэг их гараад байхгүй.
Уранчимэг: - Дунд сургуулиасаа эхэлж найзалсан солонгос, хятад найзууд нь одоо хүртэл үерхэнэ. Ахлах сургуульдаа ч зөндөө олон найзуудтай, их хамт олонч хүүхэд байсан юм. Гэв гэнэт ослоор ингээд үрэгдсэн нь үнэхээр хайран байна даа. Үнэхээр хэцүү байна.

Энхтуяа: Та хоёр анх айлд сууж байгаад утасны дуудлага авсан юм байна?
Уранчимэг
: - Эхлээд бол ерөөсөө л ухаан алдчихсан гэхээр нь огт юм бодоогүй. “За миний хүү Ико нь их дуу чимээнээс айжээ. Айгаад л наадах чинь ухаан алдчихгүй юу даа, өөр яав л гэж дээ за ээж аав хоёр нь яваад очъё” гэсэн юм. Миний бодол л тэр. Би ерөөсөө охиноо ингээд жинхэнэ бууны суманд оногдчихсон гэж бодсонгүй. Тэгээд тэр төсөөлөлтэйгөө эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт нэг нийгмийн ажилтан (social worker) хүүхэн нэр усыг нь авахад хамгийн түрүүнд л “миний охин зүгээр үү” гэж асуухад “өө зүгээр, зүгээр” гэж хэлж байгаа байхгүй юу.
Баярсайхан: - “Өө зүгээр, зүгээр” гэсэн.
Уранчимэг: - Тэгэхээр нь тайвшираад л найзууд руугаа утасдаад “зүгээр гэж байна, зүгээр гэж байна” гээд л баярлаад, тийм ч итгэлтэй болсон. Тэр эмэгтэй ч тэгж хэлсэн. Oдоо эмч нар орж ирж уулзана байх, тэгээд байдлыг нь танилцуулах гэж байгаа юм байх л гэсэн чинь бөөн эмч нар ороод ирсэн. Ерөөсөө нэг л бишдээд явчихсан байхгүй юу. Тэгээд юу яриад байгаа юм бэ, би таны ярьсныг ерөөсөө ойлгохгүй байна гэсэн чинь “Тэр ерөөсөө дахиж босож ирээгүй” гэж хэлж байгаа юм.

Энхтуяа: Талийгаачийн өнгөрсөн газар дээр нь цус болсон байна уу?
Уранчимэг:
- Ерөөсөө тийм юм байхгүй, тэр бол цэвэр дотуур цус алдалт байсан. Гадна талдаа юу ч мэдэгдэх юм байхгүй.
Баярсайхан: - Зүрхийг нь хага буудчихаар чинь аргагүй дээ. Буудуулаад л газар дээрээ юу ч бодох юм байхгүй явчихсан юм байна лээ. Эмнэлэг ямарч нэмэр байхгүй.
Уранчимэг: - Эмч нар эмнэлэг дээр ямарч арга хэмжээ авах арга байгаагүй, яагаад гэвэл зүрхийг нь хагалсан, зүрх нь аль хэдийн үхчихсэн байсан. Ерөөсөө охин бол яг газар дээрээ л нам болсон. Сум бол шууд зүрхэнд нь туссан гэдгийг хэлж өгсөн.

Энхтуяа: За уучлаарай, та нар, хамт байсан хүүхдүүд өөрсдийгээ түүнд битгий буруутгаарай. Баатар ах түрүүн “Бурхан аваад явжээ. Бурханы оронд явсан хүний хойноос харамсаж замд юм саад учруулж болохгүй ээ” гэсэн. Бид бүгд л шоконд орчихоод байна. Гэхдээ зовлонг аль болохоор давж л гарна шүү дээ. За хүү тань одоо коллежид орсон билэв үү?
Баярсайхан:
- Хүү маань одоо 11-р анги. Энэ хоёр чинь хоёулаа нэг анги, дүүг нь урьд нь эрт өгөөд, энд ахтай нь нэг ангид оруулчихсан юм. Сургуульдаа хичээлээ хөөгөөд өөр өөр групп болоод явчихдаг.
Уранчимэг: - Гол гол хичээлдээ: Англи хэл, тоо, Aмерикийн түүх гэсэн зэрэгт хамтдаа ордог юм. Бусад үед сонирхлын дагуу. Манай хүү бол машины, комьпютерын анги, Ико дууны, испани хэлний анги аваад явчихсан байх жишээтэй. Түүнээс бол анх ирээд л нэг ангид орсон үргэлж л цугтаа байсан. Ах дүү хоёр нэг насны л зөрүүтэй.
Баярсайхан: - Ахынх нь шок одоо хүртэл гараагүй байна. Хэцүү байгаа тэгээд ярих ч үгүй аягүй хэцүү.

Энхтуяа: Уурлаж байгаа, бухимдаж байгаа, өөртөө буруу өгч байгаа даа...
Баярсайхан:
- Дүүгээ хамгаалж чадсангүй гээд л хөөрхий...

Энхтуяа: Өөрөө хамгаалах нь үүрэг нь юм шиг л бодож байхгүй юу...
Уранчимэг:
- Одоо тэр тал дээр нь бид сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй байгаа юм.
Баярсайхан: - Хүү минь одоо харин их ганцаардах байх даа. Хичээл мэчээлээ нэг нэгнээсээ асуучихна. Нэг нь мэдэхгүйг нөгөөдөх нь мэдчихнэ. Уул нь их гоё байсан юм. Их дэмтэй...
Уранчимэг: - Бие биендээ хичээлдээ их ханьтай, залхуу нь хүрэх юм бол ах нь дүүгээсээ, дүү нь ахаасаа хуулчихна. Заримдаа ах нь дүүгээ командлаад алив чи хийчих гэчихсэн байж байдаг юм. Хүүхдэд ийм юм байлгүй яахав, хөгжилтэй тэгээд.

Энхтуяа: Хоёулаа сурлагаараа хэр вэ?
Уранчимэг
:
- Хоёулаа их сайн.
Баярсайхан: - Охин бол ямар ч хүнд тоог нухаад л байна, нухаад л байна заавал хариуг нь гаргах гээд байдаг юм. Энэ хоёрын онцлог нь тоо бодохдоо эхний үйлдлүүд мэдэгдээд бэлэн болонгуут нь тоон үйлдлүүдийг нь хийхгүйгээр хариуг нь шууд тавьчихдаг. Тэгээд чи яагаад ингээд энийг хийхгүй байгаа юм гэхээр “энэ бол амархан ш дээ, энэ энэ гээд ингээд л хийчихнэ”. Бидэн шиг тоог үржүүлэхдээ доор нь тавиад үржүүлээд цаг алдаад байхгүй, шууд л тухайн тооны тал нь тэд гэх мэт хялбар аргаар бодчихдог.

Энхтуяа: Ахлах сургуулийн хичээл хүнд үү?
Баярсайхан:
- Ер нь эдний сургалтын систем их сонин. Монголчууд бид за нэг 10-р ангийн хүүхдэд 5, 6-р ангийн хүүхдийн тоо бодоод байдаг юм байна гэсэн чинь худлаа л юм байна лээ. Харж байхад 10-р ангид нь тэр 5, 6-р ангийнх нь юмыг шахаад сануулах маягаар ороод явчихдаг юм байна лээ. Тэгээд дээшлээд эхлэхээр нөгөө бодлогуудыг нь би бодож чадахааргүй болоод ирж байхгүй юу. Тэгэхээр урьдныхаа юмыг мартаагүй байхад нь дараагийн юмыг заагаад өгөхөөр хүнд бодлогууд нь дөхөм болоод ирдэг юм шиг ээ.

Энхтуяа: Наадах чинь бас үнэн юм аа. Би сая 8-р ангид сурдаг охиноо 5, 6-р ангийн тоо үзээд байхаар нь бухимдаад “чи юу хийгээд байгаа юм багштай чинь очиж уулзана, ийм хачин бага ангийн хүүхдийн тоо үзээд байхдаа яадаг юм” гэсэн чинь охин маань “Ээж бид нар түрүү жилийнхээ хичээлийг давтаж байгаа байхгүй юу” гэж байсан юм. Аав нь хүрч ирээд Туяа чи охиноо хичээлээ хийж байхад нь битгий саад бол, охин том болсон, өөрөө багш, сургуулийнхаа зөвлөхтэйгээ аль хэдийн уулзаад нэмэлт даалгавар авчихсан яваа гэсэн. Би ч үүнийг мэдээгүй ёстой гайхсан. Охин минь надтай ярихаасаа илүү аавтайгаа яриад л өмнө хойно нь ороод шулганаад байна. Нөхөр маань ямар ч их юм асуудаг юм, маш нарийвчилж их асуудаг болохоор нөгөөх нь тун завгүй тайлбарлана. Миний санаанд орохгүй, тоохгүй юмыг л асуучихсан байх жишээтэй. Би бол өглөө оройдоо “хичээлээ хийсэн үү, болгоомжтой яваарай, гэрээ цэвэрлэ, аягаа угаа” эсвэл “ээждээ хэлэх юм байна уу” гэх мэт их л чухал болгож юм асууж хэлэхээс биш дотор нь орж чадаагүй, чадахгүй байгаа юм. Эндээс харж байхад монголчууд бидэнд сурах юм их байна даа. Хүүхэдтэйгээ ойр дотно байхаас эхлээд та бид хүүхдүүдийнхээ дотоод сэтгэл рүү нь өнгийж, бие биенээ сайн таних л хэрэгтэй байгаа юм.
Баярсайхан:
- Наадах чинь үнэн санаа. Намайг бага байхад “хичээлээ хий” л гээд байдаг, тэгээд шахаад л байдаг байсан болохоос нөгөө мэдэхгүй юман дээр нь энэ нь ийм, тэр нь тийм гээд хэлээд ч өгчихгүй, ажил байвал хийлгэчихээд л байдаг байсан даа. Тэгээд хичээл хий гэчихээд хичээлээ хийж байна уу үгүй юу бүү мэд орхичихно. Ико бол мэдэхгүй юм гарвал шууд хаячихна. Тэгж байгаад дараа нь ном харж байгаад орой нь бодчихсон сууж байдаг юм. Зарим мэдэхгүй юмаа надаас асууна, тооны тал дээр бол гайгүй хэлж өгч чадах ч хэлний бэрхшээл байна aа. Энд ирсэн бид чинь амьдралаа сайжруулъя гээд өглөөнөөс орой шөнө дөл хүртэл ажилладаг. Ард үлдсэн хүүхдүүд хичээл тарлаа л бол юугаа хийнэ үү чөлөөтэй болоод байдаг. Тэгээд хүүхдийнхээ тэр дотоод сэтгэл рүү өнгийж байгаа юм ер нь алга болоод байна. Энэнээс болоод хүүхдүүд маань буруу хүмүүжлээр хүмүүжих янз бүрийн хэрэг төвөгт орооцолдох, янз бүрийн осол аваар гаргах үндэс бүрэлдээд байна л даа. Тэгээд одоо үүний нэг жишээ нь би болчихоод байна.

11/02/07 Ярилцсан Ц. Энхтуяа, Alameda, CA

Friday, October 12, 2007

Сан Франциско хотноо бороо орлоо


(Уянга сумын зүүнтэйх Дойтийн энгэр)

Нарлаг Кальфорн мужийн Сан Франциско хотын хойгт бороо орох нь нэн хoвoр билээ. Өнөөдөр өглөө эртлэн намуухан бороо шиврэн орж эхэллээ. Японд өнгөрүүлсэн бороот өдрүүдийг дурсан саналаа. Цааш ургуулан бодох тутам борооны дараа давхар солонго татсан Дойдын энгэрт хөл нүцгэн мөөгний буурь хэсэн жирийлгэж яваа балчирхан бага нас маань улам тодорлоо. Нүүдэлчдийн ертөнцөд өсч өндийсөн надад монгол ахуйг гүн мэдрүүлдэг ийм нэгэн шүлэг санаанд буусан болохоор түүнийгээ уншигч авхай таньтай хуваалцахаар сэтгэл тэмүүлэв.

Данзангийн Нямсүрэн

ДӨРВӨН УЛИРАЛ


Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхаан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхаан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхаан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхаан.

Үе үе бороо амc xийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхаан.

Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхаан.

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхаан.

Сартай толгодод ингэ гунганах нь сайхан
Шанзны үзүүрт айманай суух сайхан
Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан
Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхаан.

Хөх лонхон тогруу дуугaрах сайхан
Хөдөө цайдамд борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхаан.

Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морьд туриглах сайхаан.

Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширгэ зүлэг ногоорох нь сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүсэр бороо гэрэлтэх сайхаан.

Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хүмүүлийн үнэр сэнгэнэх сайхан
Аяcxан бодол хол ойрыг санах сайхаан.

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхаан.

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхаан.

2007.10.12

(Онгийн голын хөвөөнөөс Өвөр Хятрууны нуруу)

Wednesday, October 10, 2007

Хувилай хааны охины онгон



Богд Чингиc хааны ач, Шизү Хувилай цэцэн хаан төрийн их хатан (уг нь хоёр дахь хатан) Цэвэр (Чаби) хатнаас нэг хүү, хоёр охинтой (?) байжээ. Тэгүлүн, Тарахан, Баягчун хатдаас бас хүүхэдтэй байсан биз ээ. Бага охин Хөтөлөө (?) Cолонгосын хаан Чунгиэлд хатнаар өгчээ. Том охин Мяоян нь гэлэнмаа болж аавынхаа үйлдсэн олон дайнaaр амь үрэгдсэдийн төлөө насан туршдаа залбирал үйлдэж, Танзэ (Tanzhe si) хийдэд шавилан суужээ. Мяоян гүнжийг өөд болсны дараа Танзэ хийдийн суварган төгөлд бунхалж, таван асарт суварга босгожээ. Хоёр талдаа жижиг дагуул суваргатай энэ онгон одоогоор Танзэ хийдийн суварган төгөлд сүндэрлэж, Хятад улс энэ бунханыг “Чингис хааны зээгийн шарил” гэж жуулчдад үзүүлж, зохих хэмжээний орлого олсоор байна. Ирэх зун Бээжингийн Олимпыг үзэх монголчууд нэг заваараа Танзэшан уулнаа оршиx алтан ургийн Мяоян гүнжийн шарилд цэцэг тавиарай. Бээжингээс хойш ердөө 40-өөд километр газар байдаг гэсэн шүү.

Тан нь "луут цөөрөм", зэ нь "жимсний бут" гэсэн утгатай ажээ. 3 дүгээр зуунд Сиянби аймгаас бүрдсэн умарт Жин улс анx энд хийдийг байгуулсан гэх ба Тан, Хятан, Юан улсын үед ихээхэн өргөжсөн байна. Манжийн хааны сүрийг өргөхөөр Танзэ хийдийг байгуулсан гэдэг боловч, үнэн хэрэгтэй уг хийдийн доторх урт насны Аюуш бурхан бодисатвагийн шуумлын өмнө Мяоян гүнж насан туршдаа мөргөж байжээ. Танзэ хийдэд тавигдсан Хувилай хаан, Цэвэр хатан, xүү Дорж, охин Хөтөлийнх нь шуумал Мяоян гүнжийн бас нэгэн шүтээн байсан биз ээ. Хийдийн хананд Мяоян гүнжийн хөрөг бас өлгөөтэй байжээ. Энэ бүгдийг 1966 онд соёлын хувьсгалаар устгасан байна. Мяоян гүнжийн хөх тоосгон суварган бунхан он цагийг эрхэнд элэгдэж сүйтсэнгүй, биднийгээ цөхрөлтгүй хүлээсээр байна. Эзэн Чингис хаантай холбoгдох бүхнийг сэргээж байгаа өнөө үед энэ бунханыг ч гэсэн мартаж эс болно. Уг нь манай улсын Элчин сайдын яамныхан энэ бунханыг сайн мэдэж, эргэж тойрч, аcарч хамгaaлж баймаар юм. Тэглээ гэхэд хятадууд нэг их дургүйцэхгүй байх аа. Татгалзах үндэс ба эрх хятадууд байхгүй гэж бодож байна.

2007.10.10

Tuesday, September 25, 2007

Америк орон америк хvний нvдээр


Арав гаруй жил уулзаж учраагүй найзтайгаа утсаар өчигдөр ярилаа. Энэ хүн бол амьдралдаа би танилцаж нөхөрлөсөн хоёр дахь цагаан хүн. Aнхны америк найз маань Монголд Орбис гэдэг нисдэг нүдний эмнэлэг ирэхэд танилцсан Кэвин гэдэг залуу л даа. Хоёр дахь америк найз болох Давидтэй 16 жилийн өмнө Японд танилцсан юм. Индианагийн их сургуульд англи хэл судлалаaр доктор хийсэн тэрээр Японд миний очсон сургуульд англи хэлний багшаар ажиллаж байв. Хятад оюутныг бараг гадаад хүн гэж тооцдоггүй тэр сургуульд бид xоёр гадаад хүмүүст тооцогдож, нөхөрлөж, зүсрэх бороотой олон өдрийг хамтдаа өнгөрүүлж, түүх соёлын талаар маш нарийн зүйлийг ярьж маргадаг байв. Би түүнээс Маяа, Инка, Азтекийн соёл гэж юу байдгийг сурав. Түүнд би Moнголынхоо түүх соёлыг ярьж өгдөг байсан юм. Давид маань япон эхнэртэй, хоёр хүүхэдтэй ч дорнын соёлд дасч чадахгүй хэцүүхэн байсан цаг л даа. Нэлээд бүдүүн бараг зан нь малчин гаралтай монгол надад даан ч их таалагдана. Шалан дээр идэж байсан юм аа унагчихаад бушуухан аваад нэг үлээчихээд үмхчихнэ. "-Яаж байна аа" xэмээн худал гайхашрахад "-Гуравхан секунд болсон ш дээ" гээд хээв нэг хариулдаг байв. Би тоглоом, наадам хийгээд "-Өөрөө их xээгүй харагдах юм, америкчууд өөр шиг чинь ийм хүмүүс байдаг уу" гээд асуутал "-Тэгэлгүй яахав. Миний эхнэр Токиод төрж өссөн хүн. Би анх дагуулаад хөдөө гэртээ (Бостоноос нэлээд баруун тийш) очиход ээж маань модон дор хүндэрчихээд навч таслаад арчиж байxыг эхнэр маань харчихаад culture shock болж байлаа" гэж хариулсан юм. "-За ямарч байсан, Америкт очвол хээр гадаа морь харчихаж болдог юм байна" гэж бодоод өнгөрч билээ. Ийм олон дурсамжаар дүүрэн найз маань өнө удаан жилийн дараа ярив.

18 жил гадаадад суусан Давид маань 5 жилийн өмнө эх нутагтаа эргэж ирсэн боловч тогтвортой сайн ажил хайгаад олсонгүй гэнэ. Энэ тухайгаа "Хориод жилийн дотор Америк орон их өөр болжээ. Хүний харьцаа хөрч, компьютерээр дамжуулан харьцдаг болж. Хаа газрын боловсон хүчинд (HR) өргөдөл өгөхөөр "Манайх онлайн дээр анкет авна. Энэ URL хаягаар ороод шууд бөглөөрэй” гэх юм. Хэдэн зуун анкет бөглөлөө. Нэгнээс нь хариу ирэхгүй юм. Нас дөнгөж тавь гарсан учир тэдний програмчлагдсан шүүлтүүрийн нүхэнд нь тордоггүй бололтой. Уг нь энэ улсын Үндсэн хуулинд нас, хүйс, арьсны өнгөөр ялгаварлаж болохгүй гэж заасан байдаг ч тэр болгон амьдрал дээр хэрэгждэггүй бололтой. Уг нь над шиг туршлагатай хүнийг ажилд авахаар хайж байгаа газар олон байгаа ч боловсон хүчний компьютерийн программандаа захирагдаад намайг олoхгүй байна. Компьтерээс болж хүнтэй харьцах хүний нийгмийн нандин харьцаа алга болох нээ." гэж надад хүүрнэлээ. Сурсан мэдсэнээ тээгээд буцаад очиход Монгол орон маань ийм болчихсон байвал яана билээ. Арай ч үгүй байгаа. "-Үлгэрээс сурах юм ч их бий" гэдэг шиг найзын маань ярианаас авах юм байгаа мэт санагдаад үүнийг бичлээ.

2007.9.25

Thursday, September 13, 2007

WMWORLD 2007

2007 оны 9 сарын 10-наас 13-ны хооронд Сан Франциско хотын Moscone Center үзэсгэлэн худалдааны төвд WMWORLD 2007 олон улсын хурал, үзэсгэлэн боллоо. Энэ hightech-ийн нүсэр том арга хэмжээг AMD компанийн охин компани VMWare зохион байгуулж, 137 компани ивээн тэтгэж, нийт 10 гаруй хүн оролцов. Нэг өдрийн билетийн үнэ 650 доллар болж байв. Энэ талаар тодорхой мэдээлэл бичих зав олдоогүй боловч хэдхэн зургийг та бүхэнд хүргэе.

2007.09.13











Tuesday, August 21, 2007

Харх, могой, дорго гурав Хавайг байлдан дагуулсaн тvvх бидэнд хамаатай юу?

Xэдэн жилийн өмнө Бодигийнд очоод, хоёр хоног нууранд завиар аялж, сайхан амарч билээ. Боди их хөгжөөнтэй, тун нөхөрсөг, хэнийг ч ялгахгүй адилхан харьцдаг, хээгүй юм шиг мөртөө амьдралын аар саар юманд их хянуур ханддаг, өндөр мэдрэмжтэй, капиталист ертөнцөд өрсөлдөж чадах зэгсэн сайн болoвсролтой, цагаан арьстан америк залуу. Түүний эцэг Даниел Энэтхэг, Төвд, Балбаар 20 гаруй жил аялж, олон сайхан бүтээлээ Америкийн ард түмний хүртээл болгосон, түмэнд нүүртэй, түүхэнд үлдэх нэртэй, Нэйшнл Жеографик нийгэмлэгийн гэрэл зурагчин. Бодигийн ээж Кристина Балбад 20 орчим жил багшилсан, тун ажилсаг, хурдан түргэн хөлдөлгөөнтэй, үнэхээр авхаалжтай, их ухаалаг эмэгтэй. Үнэнийг хэлэхэд урд өмнө тийм хөдөлмөрч америк эмэгтэй тааралдаж байсангүй. 10-аад жил хамт ажилласaн америк бүсгүйчүүдийг харахад эрс дайчин, шийдэмгий, өөртөө нэн итгэлтэй, өндөр боловсролтой, зан харьцаа сайтай атлаа амьдралын аар саар зүйл дээр тэд их арчаагүй мэт санагддагийг нуугаад яахав. Кристина бол огт тийм биш, үүрийн цагаан гэгээнээс үдшийн бүрий ортол эдлэн газраа амрахыг умартан ажиллаад оройн хоолоо хурдан шалмаг бэлтгэчихнэ. Америкийн алдар цуутай уран бүтээлчид амьдардгаараа гол имэж нь бүрдсэн Кальфорн мужийн Кармел хотын ойролцоо хөхөө шувуу донгодсон хөвч ногоон ойн дунд Даниел, Кристина сэтгэл тэнэгэр амьдарч, амралтын өдрүүдэд Боди найз бүсгүйгээ дагуулж очдог юм. Уншигч та Кальфорн мужид дөрөө мулталбал Кармел хотоор дайраад гараарай. Болж өгвөл нэг хоног тухлан саатаад өглөө эртлэн босч шувууны жиргэхийг сонсон, манан хөөрөхийг олж хараарай. Яг л үлгэр домгийн юм шиг, надад бол яах аргагүй Битүүд, Хятруун, Орхоны эх санагддаг юм даа.

Нуурын мандалд завиар сэлгүүцэж өдрийг барсан бид шөнө дөлөөр задгай галын оч улалзах түүдгийн дэргэд хорвоогийн сайн мууг уудалж, сэтгэлийн хөшгөө нээж суулаа. Напагийн дарс (Напагийн хөндийд үйлдвэрлэсэн дарс) дотроос төөнөх тэр агшинд бидний яриа улам хөгжилтэй агаад илэн далангүй болoв. Цастын оронд олон жил шавилсан сууж, Бурханы номонд гэгээрсэн энэ гэр бүлийнхний үзэж байгаар “хорвоогийн зовлон дотроос хүний бий болгосон нь байгалийн гамшигаас хавьгүй олон” гэнэ. Биологич мэргэжилтэй, 'Ногоон Энх"-ийн (Green Peace) төлөө тэмцэж яваа Боди хүний газраар бий болсон зовлонгийн (man-made problem) талаар нэн сонирхолтой юм ярив. Бодигийн өгүүлснээс санах төдийгөө хэлье.

…Номхон далайн гүнд орших галт уулcын орой хэмээгдэх Хавайн дөрвөн аралд хүний мөр гарахаас өмнө ургамал амьтан жигдэрсэн, үлгэр домогт гардаг лугаа үзэсгэлэн төгөлдөр газар байжээ. XVIII зууны сүүлчээр Английн далайчид усан онгоцныхоо зангууг буулгасан тэр цагаас тэдний хөлөг онгоцоор харх гэдэг хөгшин европын амь бөхтэй амьтан тээвэрлэгдэж очжээ. Хавайн аралд европынхонтой зэрэгцэн хөл тавьсан харх тэдний гол бизнес болох чихрийн нишингийг шууд байлдан дагуулжээ. Энэ хөнөөлийг мэдэрсэн хүмүүс чихрийн нишингийн талбайг хамгаалахaaр харханд хариу дайн зарлаж, Индонезийн шугуйгаас хор хөнөөл ихтэй хүрэн модны могойг (boiga irregularis) тээвэрлэн ирж Хавайн аралд нутагшуулжээ. Илүү тансаг баян байгалд ирсэн хүрэн модны могой хархыг тоож идсэнгүй. Xачирхалтай нь Хавайн ой дахь жижиг мэргэчдийг могой түүж эхэлсэн байна. Тэдгээр мэргэчдээр хооллодог үнэг, х ярс, мануул зэрэг ан амьтан үүнээс болоод ховордох болжээ. Шинэ дайсан болох могойгoo устгах давхар дайнд нутгийнхан бас морджээ. Xарх, могой хоёрыг зэрэг устгаж чадах цорын ганц амьтан нь Энэтхэгийн хадны дорго (mongoose) байсан гэнэ. Дорго нь могойн адил мэргэчдээр хооллодог учир, хоолоо харамлаад могойг бариад хаячихдаг болохоос иддэггүй, хархны бол эрлэг нь гэнэ. Санаcaнчилан дорго хархыг тоож идсэнгүй, могойг ч алж устгасангүй, газраар үүрээ засдаг халуун орны шувуудын өндгийг түүж идээд тэдгээр шувуудын нөхөн үржилтийг зогсоосон байна. Доргоо устгахаар хавх тавьсан ч нэмэргүй, хааяa хүн рүү хүртэл дорго дайрдаг болжээ. Санаандгүй нэг, санаатайгаар хоёрыг дайсныг хүн ингэж өөрөө Хавайн аралд авчирчээ. Эл гурван дайсантайгаа яаж тэмцэхээ Хавайнхан одоогоор мэдэхгүй байнa. Энэ бол хүн өөрөө бий болгосон зовлонгийн хамгийн тод жишээ болно гээд Боди надад ярьж билээ.

Хүний гараар бий болго зовлонг мэдрэх бүрд Бодигийн яриа санаанд орж ирнэ. Ийм гамшиг цаг ямагт Монголын өндөрлөгт минь болсоор, бид хэлсээр, шүүмжилсээр байгаа хэдий ч одоохондоо үр өгөөж муутай байна даа. Монголд минь монгол хүний гараар үүссэн зовлонгийн гуравхан жишээг би дурдая. Монголын өндөрлөг хэзээнээс сийрэг ургамалтай, эмзэг хөрстэй, малын бэлчээртээ таарсан газар билээ. Шаахайтнууд Өвөр Монголын нутгийг эрхэндээ оруулсан цагаасаа Монголын өндөрлөгийн онгон хээр талыг төмөр анжисаар сэндийчин хагалж, тариалангийн талбайг үй олноор бий болгосноор цөлжилт өргөжиж, хэдхэн арван жилийн дараа түйрэн үүсэх гол шалтгаан бий болжээ. Түйрэнгийн шороо Монгол, Хятад, Солонгос, Японоос хальж, Номхон далайг туулан Америк тивийн баруун эрэгт буух боллоо. Түйрэнд өртсөн орнууд говь, цөлийг тэлэхийг зогсоох аянд нэгтэж, ногоон бүс байгуулах ажилд хамтаараа ханцуй шамлан оров. Энэ бол хожимдсон ч сайн үйл хэрэг. Алтан дээрээ сандайлсан гуйлагчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн монголчууд маань эрх чөлөөний хязгааргүй далайд умбаж, юу дуртайгаа хийх болсон цагаасаа эхлэн элэнц хуланцын үлдээсэн эх нутгийнхаа газар шороог самарч алт олох аянд гарав. Эмх замбараагүй газрын хөрс хуулж, гол мөрнийг буруу хэрэглэж, хөрсний нөхөн сэргээлтийг цаг алдалгүй явуулаагүйгээс гол ус ширгэж говийн бүсийнхэн ундны усгүй болж, ус бараадан нүүж, нутаг орон эзгүйрэхэд хүрэв. Үүгээрч зогсохгүй, хөрсний гүнд унтаж байсан хүний биед муугаар нөлөөлөх өчнөөн олон химийн элемент ил гарч, ард түмний амь насанд заналхийлэх өвчний харанга дэлдэх болов. Бид хүчээ нэгтгэж эл байдалтай эрс тэмцэж чадахгүй, засаг төр маань хориг тогтоохгүй байгаа нь туйлын муу хэрэг ээ. Монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг голж, хэдхэн хувь хүн ашгийн төлөө улайран Монгол нутагт шаахайн мөрийг олшруулж байгаа нь нэн харамсалтай. Шаахайтнууд манай нутагт шоргоолж лугаа олшрох тутам тэдний эрх ашиг илүү хөндөгдөж бидний эрх ашиг хохирох, Монголын орны тусгаар тогтнолд заналхийлэл ирэх нь мэдээж. Дуулаад ирээгүй зовлон дуудаад авчирдаг нь юуны учир вэ? "Нойрноос морио, чөмөгнөөс хутгаа" гэдэг ардын зүйр үг бий. Бага ашгийн төлөө алсын хараагүй шунаж байгаад Дундад улсын эрх ашгийг манайхан өөрсдөө Mонголд бий болгоод байна. Манай нутагт шаахайн мөрийг гаргахгүй байхыг дарлагдсан монгол нь битгий хэл дарлаж суусан манж нь хүртэл хүсдэггүй байсан тулдаа бид энэ зэрэгтэй үлдсэн биш үү. Энэ бүгд хүний гараар, тэр тутмаа монгол хүний гараар бий болгосон зовлон мөнөөс мөн.

Бодигийн ярьсан Хавайн арал дахь харх, могой, доргоны асуудал монголчууд бидэнд хамаатай юу? Шууд утгаараа хамаагүй ч, хүний гараар бий болсон зовлон гэдэг утгаараа хамгаас хамаатай гэж би бодож байна.

2007 оны 8 сарын 21

Thursday, August 16, 2007

Оцон шувуу ба монгол хvн


Оцон шувуу хийгээд монгол хүн хоёрын

ахуй бие aну ангид боловч

Орчлон хорвоод үлдэх тэмүүлэл aну

агаараа нэгэн буй за

(Цогтын чулууны бичгийн хувилбараас)

Өмнөд мөсөн далайн хязгааргүй мандалд сэлгүүцэн амьдрагч пингвин (penguin) хэмээх шувууг монгол хэлэнд "оцон шувуу" гэнэ. Умарт Азийн цээжинд оршин нэгэн буурай үндэстнийг дэлхий дахинаа "монгол" хэмээн нэрлэнэ. Өмнөд туйл мөсөн уул, цасан хучаасаар бүрхэгдсэн, нэрэндээ таарсан туйлын хүйтэн газар aгаад тэнд оцон шувуу л амьдарч чадна. Хойд Азийн өндөрлөгт жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдож, өвөлдөө эрхэм хүмүүн төрөлхтөн амьдрахад бэрх ч монгол хүн л яс заан, шүд зууж амьдарч чадна. Оцон шувуу өөр хоорондоо учирна, дурлана, хайрлана, алаг үрээ тээнэ, төрүүлнэ, тэжээнэ, арчилaн өсгөнө. Эр эмээрээ ээлжлэн загасчилж, хэн хоолтой ирсэн нь үлдсэнээ хооллодог гэр бүлийн амьдралын дотно харьцаатай, хэн нэг нь үхэхэд нөгөөх нь амьдарч чаддаггүй, тэдэнд орчин нь амьдрах боломж өгдөггүй ийм нэгэн гяслантай амьтан ажээ. Монгол хүн ч маргахын аргагүй адилхан амьдралтай билээ. Оцон шувуу хахир өвлийн хүйтэн, хар цасны хайрууд даарахыг тэвчин, өлсөж цангах зовлонг огоорч, өөрийн биеэ гаргуунд хаяaд өндгөө дарж, нэг хором цур хийлгүй, нэг агшин ч алдаа гаргахгүйг хичээн байж алаг хорвоод амилан ирэх өндгөө дулаацуулна. Өндөг нэг л хором даарчихвал мөнхөд хөрнө. Үрээ тээсэн ч ар гэрийн айхтар том ачааны өмнө борив бохиc xийлгүй, сэтгэл харилгүй гүрийдэг монгол бүсгүйчүүд бас бий. Өмнөд мөсөн далай мэт Монголын хөлдүү амьдралд хэт ядарснаас, даарснаас, их ачаалалд түүртcэнээс өвчин эмгэг олох, үр зулбах нь бас олонтой. Айл гэрийн хамаг ачаа монгол бүсгүйн нуруун дээр явдаг болохоор аргагүй биз ээ. Гай газар дороос гэгчээр оцон шувуунд дайсан мундахгүй. "Скуа" гэгч махчин шувуу оцон шувууг аргалж ,сандаргаж, нервитүүлж байгаад өндгийг салган идэхийг бодно. Дэгдээхэй нь өсч торниж байхад анхаарлыг нь саринуулж, шүүрч аваад арилах нь аймшигтай. Үрээ алдсан оцон шувууны уй гашуу болох нь нэн өрөвдөлтэй. Монголын өндөрлөгийн хүйтэн өвлийг дагаад ханиад томуу элбэгших нь бага насны хүүхдэд нэн халгаатай. Улс төрөөс өөр юм хөгжөөгүй гэлтэй Монгол орны дэд бүтцийн буурайгаас болоод эмнэлгийн анхан шатны туcламж авч амждаггүй хүүхдийн эндэгдэл өндөр билээ. Дээрх нь суудлаа олохгүй хувиа хичээхүйд, доорх ард түмэн юугаа мэдэж бие даан хөгжих билээ. Хий дэмий нийгэм даяараа бухимдаж, өвчин зовлон, байгалийн бэрхшээлийн өмнө тэд өвдөг сөхөрнө. Xөрш орнууд нь Монголын хөгжил улам доройтохыг өлий сахисан сар мэт хянан харж, алтан боломж олдох сиймхийг хүлээнэ. Эр oцон шувууны өндгөө дарах хугацаанд эм oцон шувуу далайд гарч загасчилна. Задгай далайд гарсан тэдний алхам тутамд дайсан тулгарч, аюул занaлхийлэл учирна. Тэдний нэлээд олон нь далайн нохойн хоол болж эргэж ирэхгүй. Тэд аюулаас зайлж, хоол олсон цагтаа заавал буцаж ирнэ. Хэрвээ нэг эм оцон шувуунд золгүй явдал тохиолдоход хоёр амь ард нь дагаад сүйрнэ. Иймээс зэрлэг байгалийн хуулинд хавчигдсан оцон шувуу амьдралын төлөө буцалтгүй тэмцэнэ. Ард түмнээ тэжээж чадахгүй төр засаг маань аль болохоор хариуцлагаас мултарч, ажил хийх чадвартай бол эр эмийг ялгалгүй харьд гарч ажиллаад улс орны ачаанаас хөнгөлөхийг уриална. Харьд гарсан монгол эрчүүдийн зарим нь хэдэн жилдээ ар гэртээ мөнгө явуулснаа сэтгэл хувирч тухайн газраа шинэ амьдрал зохиохуйд хөөр баяр дүүрэн нэгэн айлын зул Монголд бөхнө. Ингэж Монголын харанхуй нэгээр нэмэгдэнэ. Энэ бол оцон шувуунаас ялгагдах цорын ганц онцлог болнo. Монгол бүсгүйчүүдийн хувьд байдал бүр эмзэг байна. Хэзээ хэн нь хэлсэн юм бэ бүү мэд, Монгол ардын зүйр үгэнд "Харьд одсон эм, хаданд харавсан сум лугаа" гэдэг болохоор тэднээс нэлээд олон нь эргэж буцалгүй харийн бэр болно. Бусад үндэстэн энэ эмзэг асуудалд туйлын болгоомжтой хандаж, нарийн бодлогоор охид бүсгүйчүүдээ хамгаалдаг. Харин Монгол үндэстэнд тийм тархлаа алга мэт. Бүр “дайран дээр нь давc үрэв” гэгчээр ийм байдалд орсон бүсгүйчүүдээ нэмээд адлaх шинжтэй. Эл байдал улам даaмжирсаар ирээдүйд Монгол гэгээ илүү ихээр бүүдийх вий. Үүнийг жижиг үндэстэний томоохон зовлон гэлтэй. Монголоос харьд одогсoдын буцаж ирэх нь оцон шувуутай харьцуулалтгүй цөөн болов уу. Оцон шувуунд байгалийн, монгол хүнд үндэстэний дархлаа байхгүй мэт болжээ. Тархлаагүй байдлаараа оцон шувуу, монгол хүн хоорондоо дэндүү төстэй ажээ. Харахад шувуу боловч оцон шувуу нисч чаддаггүйн адил “мэдсээр байсан ч” харьд одсон монголчуудын ихэнх ийм хувь заяанаас зайлж чаддаггүй бололтой. Төр засаг нь арчаатай бол түмэн олон нь зайлж одох уу? Байгалийн шалгарлын хуулинд дулдуйдcaaр байвал оцон шувуунаас урьдаж монгол хүн улаан номонд орoх магадлал тун өндөр болжээ. Монголчууд бид арай л ухаалаг алхам хийхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна.

2007 оны 8 сарын 15