Monday, January 5, 2009

Эв нэгдэлд шашины vvрэг их бий


Ажил төрөл амжихгүй явсаар хэдэн долоо хоног блогтоо санаа оноогоо нэмж чадсангүй. Шинэ жил гарч жаахан амсхийв. 1 сарын 2 бол ихэнх тохиолдолд амралтын өдөр байдаг ч энэ удаад Америк даяар ажлын өдөр байсан юм. Сан Франциско хотын төвд лалын ертөнцийнхөн Газийн зурваст пуужингийн цохилт өгсөн Израйлийг эсэргүүцсэн нүсэр том жагсаал хийлээ. Жагсаалд зөвхөн палaстинчууд биш египт болоод хойд африкийнхан, иран ирак, дундад дорнотынхон, тэр бүү хэл малайз индонезичууд оролцож байв. Шашин гэдэг хүчтэй юм. Тэд шашинаараа нэгджээ. Дэлхийн олон оронд тарж бутран суусан жүүдүүдийг шашин нь нэгтгэн барьж байна. Тэд хөрөнгө мөнгөө нийлүүлж, ядарч доройдсон еврейчүүдээ өдөр бүр Орос болон зүүн Европын орнуудаас татсаар байгaа. Eврейчүүд хоорондоо нэгдэж Израйл хэмээх хүчтэй улсыг хүний нутаг дээр байгуулчихаад уугуул иргэдэд нь үхэл гамшиг учруулcаар л байна. Хятад улс хэдийгээр өөрийгөө эв хамтын улс хэмээн тунхаглаж буй ч Күнзийн сургаалиа хэрэгжүүлж хавь ойроо нэгтгэн хүчирхэгжсээр байна. Тэгэхэд Бурханы шашинтан гэгдэх монголчууд бид өөр хоорондоо эвлэрч угсаа нэгт монголчуудаа уугуул нутагт нь татаж чадаx уу? Aрдчилсан Монгол оронд олон шашин урган цэцэглэж, шашин хоорондын хонзогнол аль хэдийн үүсч, дорой буурай хөгжилтэй эх оронд маань бас нэгэн саад тотгор болж байгаа юм биш үү. Коммунизмын үед Бурханы шашины бурангуйг шагшиж, бидний тархийг шашингүй үзлээр угааж өсгөсөн. Шашин гэдэг нь үнэхээр xар тамхи мэт тийм бэрх юм байдаг байх гэж бодсоор Наран улсын босгыг алхаж гурав дахь хэмээх хөрөнгөтөн орны үзэл бодолтой танилцах тэр цагт Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн профессор, алдарт монголч эрдэмтэн Футаки багш “-Бурхан шашин бол сүүлийн 300 жилийн турш монголчуудыг нэгдмэл байлгаж, xятад соёлын нөлөөнд автахаас монголчуудыг аварч чадсан монгол үндэстний дархлаа” гэж хэлж билээ. Энэ үг надад их ухаарал хайрлаcaн ба өвөг дээдсийнхээ хэлж, захиж байсныг нарийвчлан эргэж харахад хүргэсэн юм. Бурханы шашин нь монгол хүний зан үйл, ахуй амьдралд бүрэн шингэсэн болохоор өөр шашинд орлоо ч үндсэн ахуйгаасаа салахад нэн бэрх мэт санагддаг. Чөлөөт ардчилсан нийгэмд аливаа хүн ямар нэгэн өөр шашиныг бишрэн шүтэх нь хувь хүний үндсэн хуулийнхаа хүрээнд эдэлж буй эрхийн хэрэг боловч түүнийгээ монголчуудынхаа дунд түгээн дэлгэрүүлэх гэж бусдын гар болох нь эв нэгдлийн үүдийг харангын тохиураар дэлдэх харалган муу хэрэг билээ. Өөр шашин дагаад өөр соёл орж ирэх ба харийн хөрсөнд соёoлон ургаж, нэгэнт гүйцэд боловсорсон тэр соёл уугуул соёлтой зөрчилдөн таарахгүй, улмаар бие биенээ үгүйсгэж, үзэн ядаж, дайсагнан эвдрүүлэх үндсэн шалтгаан болно. Ингэснээр монгол үндэстний эв нэгдэл шил шаазан мэт хэврэг болох ажээ. “Эх муу ч уруул дордойхоос элэг дордойдоггүй, гутал муу ч ул дордойхоос шагай даараxгүй” хэмээx ардын зүйр үг бий. Уламжлалт шашин маань эв нэгдэлтэй байхад бидэнд зайлшгүй хэрэгтэй биз ээ. Харин ертөнцийн хөгжлийн дагуу уламжлалт шашинаа улам боловсронгүй болгох хэрэгтэй байна. Тусгаар улс болохдоо монголчууд Богдын лүндэн болоод Бурханы шашиныxaa чин сүсгээр нэгдэж чадсан гэж гадаадын судлаачид үздэг юм билээ.

2009 оны 1 сарын 5

7 comments:

3apaa said...

Шашин хүмүүн төрөлхтнийг адгуусаас ялгах, зөв амьдралдруу залж залуурдан ач тус харамгүй үзүүлэгч үзэл сурталын том зэвсэг гэж санагддаг юм. Шашин энгийн шүтлэгтнүүдийн хувьд хамгийн эрхэм нандин үнэт зүйл болчихсон байдаг учраас ихэд эмзэг хандах нь тодорхой биз. Нэг шашинтай олон хүний эрх ашиг хөндөгдсөн учраас нэг цэгт огтлолцсон харагдаж байна.

Дээхнэ нэг Христийн сүмийг сонирхож яриаг нь сонсож суутал пастор нь Будда бурханыг чөтгөр шулам гээд элдэвээр хэлж эхлэхэд өөрийн мэдэлгүй хөмхийгээ зуугаад дайрахад бэлэн болчихсон байсан шүү.

ganga said...

Юуны өмнө, цахим ертөнцийн ахмад дайчиндаа “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе.
Гүн ухаан талаас нь ойлгоод явбал шашин нийгмийн ёс зүйг залаад явах дэвшилтэт үүрэгтэй байх. Зан үйл ёс заншлын цаад учрыг нь олохгүй хэлбэрдээд явбал улам хойш чангаах мухар сүсэг болох аюултай. Шашны ийм хэт даврагчид л үеийн үед үзэл бодлын ялгаанаас үүдсэн дайн самууныг өдөөж байсан.

Ш. Баатар said...

Зараад:

Саналаа үлдээсэнд баярлалаа. Христ шүтдэг хүн болгон Бурханы шашинд муу байдаггүй. Харин аль зүгийн ямар урсгалын Христийн шашинтан болохоосоо асуудал их өөр байдаг юм. Европынхон болон Америкийн ихэнх Христ шүтдэг хүмүүс Бурханы шашинд их ойр дотно хандаж сүм дээрээ хүртэл Бурхан шашины хурал цуглаан хийхийг уриалдаг байхад мормон, Солонсос зүгийн Христ шүтлэгтнүүдэд муулах, үзэн ядах хандлага их байдаг юм. Далай Лам Христийн шашинтай орнуудад айлчлахдаа заавал эхлээд Христийн сүмийн пастеруудтай уулзаж сүм хийд дээр нь шашины зан үйл явуулдаг. Үүнийг интерфэйз гэдэг юм билээ. Тэгэхээр Mонголд хэн ямар шашиныг хаанаас ямар зорилгоор оруулж ирэн хүчээр тулгаж юу юу хийж байгааг төрөөс харж хянаж байх хэрэгтэй.

Гангаа эгчид:
Баярлалаа. Мухар сүсэг бол зөвхөн манай Бурханы шашинд байдаг юм биш, дэлхийн ихэнх хүмүүст байдаг зүйл, өөрийн шашиныхаа үнэн мөн чанарыг олж чадаагүй хүмүүс мухар сүсэгт их автдаг. Энэ нь мусалман христ аль алинд нь байна. Монголд Бурханы шашиныг мухраар шүтэх биш яагаад өвөг дээдэс маань олон зуун жил юуны төлөө шүтэж ирэв гэдэгт их анхааралтай хандах хэрэгтэй. Хүний сэтгэлийн дотоод гурван хорлолыг номхтгож байхын тулд, боловсрон гэгээрэхэд нь Бурханы шашиныг ашиглаж байсан байна.

GB said...

Luu buyu dragon-ii huvid jil garuin umnu National Geo-r matar-iin (crocodile) uvug garal gesen notolgoo gargaj baisan. Ene talaar tanii bodliig sonsmoor baina.

Ш. Баатар said...

Тэр нийтлэлийг уншсан юм байна. Харин тэр дэвшүүлсэн санаатай бол миний хувьд санал нийлэхгүй байгаа. Лууг тэнгэрийн амьтан гэдэг, үлгэрт домогт ч тэгэж гардаг, бэлэгдлийн хувьд ч тэгэж бэлэгддэг. Ортой ч байж болно. Хэдэн мянган хилийн өмнө тийм нисдэг амьтан байж байгаад устаж мөхсөн байх талтай. Тэгвэл хүн төрөлхтөн бичгийн соёлтой болтлоо домог яриа болгон хойч үедээ лүүны тухaй аман яриагаар үлдээсэн байж болно. Луу бол одоо Хятадын соёлын гол элемент болсон, хятадуудын бүр бэлэгдэл болж лууны дүрс харвал хятад гэсэн сэтгэгдэл төрдөг. Луу угтаа хятадын юм биш, нүүдэлчдээс тэдэнд очсон бэлэгдэл байх аа. 2 мянган жилийн тэртээ Хүннү нар ид хүчирхэгжиж нийслэл хотоо байгуулаад Луут хот гэж нэр өгсөн байдаг. Хүннүгийн эд өлгийн зүйлээс лууны дурс гардаг юм. Яг тэр үед Xятад орныг нэгтгэж Түмэн газрын цагаан хэрмийг бариулсан Шихуандийн бэлэгдэл нь луу байгаагүй ирвэс байсан юм. Тэр үеийн Xятадын археологийн олдворуудад лүү тийм том байр суурь эзэлдэггүй. Лууны бэлэгдлийг Хүннү Дунхугаас улбаатай Сияньби нар задрахдаа умарт хятадыг эзэлж, Вэй улсыг байгуулсан. Энэ улс Хятадын "Гурван улсын түүх" романд маш тодорхой гардаг. Тэр улсын үед лууны бэлэгдэл умарт хятадад нэвтэрсэн байх магдлал нэн өндөр. Бас нэгэн баталгаа нь 12 жил нүүдэлчдээс үүдэлтэй түүнд луу ордог нь үүнийг гэрчлэх мэт байна. Өвөг Монгол Хятан нар, тэдний харьяанд байсан зүрчидүүд лууг эрхэмлэдэг байв. Тэдний үр сад манжийн үед луу умарт азид хамгийн түгээмэл болсон, түүнээс хятадууд уламжилсан гэж би үздэг юм.

bikiman said...

шашин бол хувь хүн, үндэстэн, дэлхийн хувьд маш их нөлөөтэй зүйл. арга ч үгүй.
1. шашнууд оршин байгаа нь гарцаагүй
2. шашныг хэзээ ч нэгтгэж болохгүй
3. хүн бүр соншолт хийх эрхтэй
4. гол гарц нь өөр өөр шашинтай боловч хамт амьдарч сурах
5 үүнийг чинь л ардчилал гэдэг байх
6. бусад шашныг хүлээн зөвшөөрнө гэдэг нь номлолыг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш
7. энэ нь тухайн номлол оршин байх эрхийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш.
8. бусдын итгэлийг ойлгон гэдэг нь санаа нийлнэ гэсэн үг биш
9. харин тухайн зүйлд итгэх эрхийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
10. Бид шашныг улс төрөөс үргэлж хол байлгаж хувь хүний хүрээнд орхих хэрэгтэй.
11. жишээ нь монголчууд бид эв нэгдэлиэй байхын тулд буддист байх хэрэгтэй гэчихвэл бусад итгэл үнэмшилтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах өч төчнөөн шалтаг гарч ирнэ.
12. Тэгвэл бид эрээд ардчилласаа ухарч байна гэсэн үг

Munkhbayar said...

шинэ оны мэнд

Израйл чууд бас овоо гарууд юмаа гэхдээ үнэхээр хөдөлмөрч хүмүүс гэдэг нь тэр их элсэн цөлд байгаа ногоон хот шүү дээ