Friday, October 17, 2008

Аман хvзvv юу амин хvзvv юу


Толгойг тулax хүзүүний ясыг аман хүзүү гэж бид нэрлэдэг. Энэ хэллэг хэдий үед монголд хэлэнд хэвшмэл болсныг тааж хэлэхэд тун бэрх. Эртний нүүдэлчин овог аймгуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн ёсонд аман хүзүүний ясанд хүний амь тээгддэг, гол тасрахад амин сүнс эндээс тэнгэрт хальдаг, мах шөл хатаж барагдахад махан сүнс зайлан оддог, сүүжний нүх сэтрэхэд ясан сүнс алга болдог хэмээн үздэг. Тиймээс мөлжсөн хонины сүүжний ясыг сэтлэлгүйгээр гэрт хонуулдаггүй цээрийн монгол ёс байдаг. Өвөг монгол Xятан нар өөд болоочoo гурван жил ойд хатааж, ясыг нь цуглуулан чандарлаж бүх сүнсийг нь тэнгэрт үддэг заншилтай байжээ.

Монголчуудаас гаралтай гэж өөрсдийгөө үздэг арлын япончуудaд үүнтэй төстэй соёлын улбаа бий. Самуурай нар дайнд үрэгдсэн хүмүүсийнхээ аман хүзүүний ясыг заавал олж аваад хүндэтгэн оршуулдаг эртнээс уламжилж ирсэн онцгой сонин заншилтай ажээ. Ийм заншил ёсоор амь үрэгдсэн олзлогдсон япончуудын шарилыг чандарлахдаа аман хүзүүний ясыг олж авах шаардлага тавьж байсан гэж тухайн үед Монголд ажиллаж байсан Ямаха компанийн байнгын төлөөлөгч Какимото Юутака гуай дурсан ярьж байлаа. Түүний хэлсэн үгийг олон жил сэтгэлдээ тээж яваад Сан Франциско хотын Японы байнгын төлөөлөгчийн газар ахлах консулаар ажиллаж байсан Тацүки гуайгаас лавлан асуухад “-Харин тийм, тийм ёс байдаг. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй” гэж ойлгомжтой сайхан монгол хэлээр цэргийн хүн шиг (уг нь тагнуулын хүн л дээ) товч тодорхой хариу өгөөд, татаж буй янжуурынхаа үнсийг ядам хуруугаараа сурмагхан унагаж, харцаа тэртээ уулын оройд шилжүүлж, эл сэдвээр ярих дургүй байгаагаа хөдөлгөөнийхөө аясаар илэрхийлж билээ. Тацуки гуай бол удаа дараалан Улаанбаатар буй Японы элчинд ажиллаж, нийтдээ 13 жил Монгол Улсад амьдарсан болохоор бидний тухай элдвийг мэддэг нэгэн.

Аман хүзүүний ясыг япон хэлээр хотокэ-сама гэж хэлэх ба утга нь “Бурхан aбугай” болно. “-Аман хүзүүний яс завилаад суусан бурхан шиг байдаг учир япончууд ихэд эрхэмлэдэг” гэж Какимото гуай Японы Тоо-мэй (Токио-Нагояа) хурдны замаар давхиж явахдаа надад тайлбарласан юм. Бөркелей дахь Кальфорны их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын номын санд Xятаны түүхийн олон сурвалжийг хуруу чилээн эргүүлж cуухад “-Япончууд аман хүзүүний ясыг эрхэмлэх цаад санаа нь Хятанаар дамжин арлын оронд Бурханы шашинтай хамт дэлгэрсэн бөөгийн зан үйлтэй шууд холбоотой байх нээ” гэсэн бодол тархинд зурcxийж билээ. Үүнээс ургуулаад бодоход эрт цагт аман хүзээг амин хүзүү хэмээн нэрлэж байсан ч юм билэв үү. Толь бичгээс энэ үгийг сайн хайх хэрэгтэй боллоо.

2008 оны 9 сарын 24

7 comments:

Soronzon said...

Тун сонирхолтой санаа байна. "Хүн заяатны үндсэн гайхамшиг, хүчирхэг болсны ид шид нь үг юм" хэмээн Л.Түдэв гуай бичээд байдаг нь учиртай буй за.

Ш. Баатар said...

Төрөлх монгол хэлээ сайн сурч бас бодон тунгааж, задлан шинжилбэл хаанаас ямар үг хэрхэн яаж орж ирсэн, хаашаа ямар үг явж одсон, ямар ямар үгийн утга яаж өөрчлөгдсөн гээд олон зүйлийг ухан мэдэж болох буй за. Сана сэтгэгдлээ үлдээсэнд их баярлалаа.

mglaus said...

tseveliin nogoon tolios hoish bichigdsen tomhon hemjeenii buteel yu baina. manaihan neeree helee hogjuulj, bainga sudalgaa hiitsgeej, buteelee ingeed neg negenteigee huvaaltsaad baival ch saihan tsag oirhon baina daa

ganga said...

Үнэхээр сайхан бичлэг байна. Рэнчин гуай махан, ясан сүнсний тухай сонин юм ярилцлагадаа дурдсан байдаг санаанд орлоо. Манайхан дэлхийн өнцөг буланд суугаа улс их бичгийн хүн Рэнчин гуайнхаа өвийг эмхэтгэх ажлыг хиймээр санагдаад байдаг юм.
Тацүки гуай Прагад бас гурван жил болсон, монголоор сайн ярьдаг хүн шүү.

Ш. Баатар said...

Нэрт соён гийгүүлэгч Ринчин гуайн талаар Аким гуай л нэлээд хооцолдож судалсан байх ёстой. Ринчин гуайн барааг тээр холоос хүүхэд ахуйдаа харж байснаас ойртож үзээгүй юм. Намайг Гандангийн хүүхдийн больницод хэвтэж байхад ботинкон дээр хүрэн дээл өмссөн сахалтай өвгөн Хорооллын зүгээс хот руу алхаж байхад нь эмнэлгийн цонхон дээр суусан хүүхдүүд Ринчин гуай мөн байна гэж шуугилдаж байлаа. Дамдинсүрэн гуай болон Гаадамба гуайтай бол уулзаж яриаг нь сонсож явлаа. Гурван сүнсний талаар хорчин, дагур, хамнигaн бөөгийн талаар уншиж байхдаа олж мэдсэн юм аа. Хуулар, дархад, шарнууд бөөд ч бас байдаг гэж О.Пүрэв гуай номондоо бичсэн байсан. Харин Ринчин гуай бичсэн байсныг нь олж харсангүй. Энэ талаар хэл дуулгасан Ганга эгчид баярлалаа.

Soyolerdene said...

Mash sonirholtoi saihan bichleg boljee. Tanii huduunii amidraliig durslen bichsen chini neg dotno tanil saihan sanagdaad baidag yum. Hediigeer bi 80-aad onii huuhed bolovch.

Unknown said...

Аман хүзүү гэсэн нь эхний хүзүү гэсэн утгатай байж болно. Мөн "амин" гэх утга бас бий. Энэ нь эртний зүлдлэх ёстой холбоотой. Амьтны амь сүнсний эрхтэний тогтолцоог зүлд гэнэ. Эртний тахилийн гол нь зүлд байв. Зүлдэд толгой, аман хүзүү, багалзуур, өвчүүний зэрэгцээ зүрх зэрэг таван цул, цус, гэдэс дотор орно. Алив амьтны сүнс нь эдгээр эрхтэний тогтолцоонд оршдог гэж үзэх тул тахилд тэдгээрийг үргэлжид нь салган авч ёс үйлддэг байжээ. “зүлд авах ёс” нь тухайн амьтны эрхэм зүйл, амь сүнсийг эзэмдэх буюу хийморь сэтгэлээ өөр амиар сэлбэж арвитгахтай холбоотой байжээ. “Зүлдлэх” үйл нь МНТ-д "зүлд" гэж тохиолдохоос гадна “бугулзар идрээ ирэгтүн”, “Цуст тоног авагчин”, “жилда болдож” гэх мэт төлөөллийн нэрээр илэрч байж болзошгүй байна.
Зүлдийг гол гавьяа, мөн хүндэтгэл зоог, тахилгад өргөдөг. Ангийн зүлдийг агнасан хүн авна, идэшний зүлдийг гэрийн эзэн эхэлж хүртэнэ, тахилын зүлдийг шүтээнд өргөнө. Зарим нутагт идэш төхөөрсөн хүн зүлдээс эхэлж хүртэх ёс бас бий. Мал төхөөрсөний дараа идэшний таван цул, гэдэс дотор, цоройг даруй чанаж (зүлд хишиг, идэшний малын амь сүнс-шинэ шөл зоог) хотлоор хуваан хүртэнэ.