Sunday, October 12, 2008

“Хулангийн” махан хуушуур


Бурхан болооч Чулуунбаатар ламтны бичсэн цоож үлээгээд онгойлгодог Чогжав лам гуайн тухай уншаад багийн явдал дурсагдаж, Банжаагийнхаа тухай үе үе бодлоо. Банжаа маань угийн гарын дүйтэй, Уянгын урчуудын шавхаруу нь байв даа. Артельд ажиллаж явсны ач буянаар тэтгэвэр тогтоолгож, ганц бие хурааж хумьж явсных тавианы хэдэн малтай болохоор тогоо тослох тос өөх, цай бүгээрүүлэх сүү өрмөөр тасардаггүй, тооцоотой юм шиг мөртөө тогоo шанаг тасардаггүй, хөдөө гадаанаас хөл хөс ихтэй, дайраад гарсныг дайлаад өнгөрөөдөг, идээ ундаагаар элбэг дэлбэг нэгэн байж дээ. Цуулбар унь хээлүүлэх гэсэн нэг нь илүү унь авчраад өгчихнө, авдрын нүүрэнд арслан зуруулах нэг нь хөлдөөсөн тогоо сүүтэй бууна, гар хоосон юм гуйна гэж юу байхав. Тоолдог хэдээр тардуухан ч байгаагаа барьдаг нутийн зон олны гуйлга тасрахгүй, тэр тоолонгоор Банжаагийн босго мөлийдөг байлаа. Банжаа тэр болгоныг төвөгшөөгөөд байхгүй, барин тавин хийсээр нэг л өдөр түмний гуйлгыг ээлж дараагаар нь гүйцээгээд өгчихдөг, хийж байгаа үгүй нь мэдэгдэхгүй мөртөө хийгээд дуусгачихдаг, хэдийд нь бурхандаа мөргөж, гороогоо хийн эрхээ эргүүлдэг байсан юм бэ гэмээр л шалмаг өвгөн байлаа. Манай нутгийн маниас дээд үеийнхэн Сандаг өвөө гэхээр сайн мэднэ ээ.

Малгайлсан цас бударсан намрын нэгэн жихүүхэн орой Банжаа маань баруун байшингаасаа мяндасан шуудайнд хийсэн мах оруулж ирээд “-Шуранганы Халзан Ба нэг адуу унагаж, “хулангийн” мах халуун чанартай гээд хэсгийг авчирч өглөө. Xэдэн хуушуур хийгээтэхье.” гэсээр мах татаж, зэрлэг сонгино шалдалчихаад, эргэнэгний дээхэнтэйх үвхэгэн доторх ямааны арьсан туламтай гурилаас гурван хэрчим хонины хуршсан сүүл гаргаж татаад, махаа давс чинжүүгээр амтлав. Миний зуурсан гурилын өтгөн шингэнийг хуруугаараа имрэн үзэх зуураа “-Лүд чинь шингэдүүлсэн байна, алив хуурай гурил жаахан нэмээтэх, би хэд нухахаас” гэж бувтан цааш нь “-Нас ахиад ирэхээр хөдлөх бүрт хөшиж ядраад хүн зарах санаатай, надад зарагдаж байгаа нь энэ золиг” гээд үргэлжүүлэн үглэсээр суув. Тасалж өгсөн хэмжээгээр нь хуушуурын гурил элдэж, Банжаагийн нямбайлан чимхэxийг сурчих санаатай түр ажиглаж, бас дараагийнхаас нь хоцорчихгүйхэн шиг гурилаа амжуулан элдэж, нэг мэдэхэд бид хоёр ажлаа дууслаа. Банжаад шарвингийн тогоо гэж зуухан дээр тавьдаг хавтгай ёроолтой, сэнжтэй хар ширмэн тогоо байдаг юм, Түүнийгээ хонины сүүлээр тослонгоо галаа таaруулж, тогоо халахаар “хулангийн” махан хуушуураа жигнэж эхлэв. Жигнэж дууссан хуушуураа гуйлан царанд хийж таглаад гадаа пинд тавин хөргөв. Хуушуурын үнэрт хорxойссон би ганц нэгийг шоглочих санаатай Банжаагаас тэсэлгүй гуйхад “-Жаахан хүлээ хүүхээ, “хулангийн” мах халуун чанартай, сэрвээж байж зооглодог юм. Халуунаар нь идэх юм бол хамраас өнгөтэй шингэн гарч хөөрдөг юм. Хонины сүүл ямар царцах биш, гадаа жаахан байлгая. Тэр хооронд нь зулын голоо имэрч, гүцтэй тосоо гал дээр гэсгээж, зулаа хийж өргөөд хэдэн тарни уншья. Монгол хүн молор эрдэнийн толгойтой амьтандаа гар хүрэхээр уншдаг тусгай ном байдаг юм. Тэр болгон “хулангийн” мах зооглох биш. Хүний өгснийг ямар авахгүй гэлтэй нь биш. Баян дэлгэр дэлхий хангай минь өршөө. Арьяабал минь.” гэж залбиран хүрд эргүүлээд, гараа угаачихаад Бурхан тахилынхаа ажилд орсон доо.

Хуй салхинаас хурдан хулан таxь нь байтугай, хулмайж жороолох илжиг байхгүй хангайн газар юуныx нь хулангийн мах байхсан билээ. Эрдэнэт хүлгийн нэрийг нь хүртэл дурсдаггүй эртний монгол цээрийн ёс хүүхэд насанд минь байлаа. Өвгөд маань цээрийн үгийг хэдийд яаж хэрэглэх, ёс заншилаа хэрхэн сахих талаар их хатуу сахилгатай байж дээ. Халхдаа хурал тасраагүй шинэ цагтай залгасан Онгийн хүрээний лам нарын гараас хуушуур хүртэх азтай төрсөндөө олзуурхаж явдаг юм. Хэдэн жилийн өмнө Далай багш нэгэн айлтгалынхаа дундуур “-Миний багш монгол хүн байлаа. Намайг гавьжийн дамжаа бариад ирэхэд багш минь хуушуур хайрсан байв. Түүн шиг амттай хоол би амьдралдаа дахиж идээгүй явна.” гэж дурсахад Банжаагийн гэгээн дүр тэр агшинд сэтгэлд минь тодорч золтой уйлчихаагүй билээ.

2008 оны 10 сарын 12

8 comments:

Soronzon said...

Сайхан дурсамж байна.
Та бас ламтаны адил зураглаж бичдэг хүн юмаа.
Хууч яриа хэмээх уран зохиолын сайхан төрөл байдаг даа.
Академич Ц.Дамдинсүрэн гуай тэргүүлж, ардын уран зохиолч С.Дашдооров удаалж, Жагдалын Лхагва агсан хүч нэмэн баяжуулсан энэ төрлөөр "оролдвол" таны арслантай авдараас арвин юм гарах бололтой дог шүү.

blue fire said...

Dalai bagsh Mongol bagshtai gej yaridag ni ene hun baijee. Sain hunii tuhai unshihad setgel sanaa ch sergeed irdeg shuu. Bayarlalaa

Ш. Баатар said...

Соронзонд: За миний бичих гэж юу байхав. Нөгөө "хүн ядрахаараа уран, морь ядрахаараа жороо" гэдэг л болж байх шиг байна. Хууч яриаг тухайн үед нь тэмдэглээд авахад даан ч балчир гэнэн байжээ. Одоо тэгээд сонсож явсан зүйлээ их мартсан байна. Хааяа нэг сэтгэл санаад зурс орж ирэх үе байх юм даа.

Ш. Баатар said...

Блү Файрд: За хө, энэ өвөө маань Далай ламтай хамаагуй юм аа. Төвдөд олон монгол гэвш нар байсан, Далай ламын багш нь хүртэл монгол хүн байсан юм билээ. Лам наз хэзээнээс хуушуур сайхан хийдэг нэгэн тийм нийтлэг заншилтай байжээ. Багш шавийн ёсоор ном заалгана гэдэг Тагнын Урианхайд ч, Иволгын Буриадад ч, Шинэхэний Хаминаганд ч, Ляонингийн Монголжинд ч, Түмэдийн бэлчирт ч, Хөх нуурын хотгорд ч, Тарвагтайн элжигэнд ч, Ижилийн торгуудад ч гэсэн адил байсан юм гэнэ билээ.

mglaus said...

sonirholtoi bichleg bainaa. tnx

eebee said...

Одоо Лондонд монгол паб гэж бий. Тэнд Орос, дундад аз, төвдүүд ирж хуушуур, бууз иддэг. Төвдүүд муму гээд л иднэ шүү дээ. Ер нь хуушуурыг яг л манайхтай адилхан хийдэг юм байна лээ

Deegii said...

таны блог үнэхээр сайн лбог абйнааа би бүх зүйлийг нь уншлаа коммент үлдээх гэхээр хаанаас нь эхлэхээ мэдэхгүй олон олон бардамнал орж ирээд нэг л огшоод болгүэ хэ хэ тантай би бүрэгн дүүрэн санаа нхийл ж байна юм багаасаа эхэлдэг тиймээ би оюутан охин л доо хэн нэгэн миний комментийг ухараад за аа охин юм байж юун ч омголон юм дээ гэхвий гэж нэг айснаа заз за энэ блог руу оюуны маш өндөр чадамжтай Монгол хүний халуун цусаар боргилж оргилсон Монгол хүн л зочилдог байх гэж бодоод тайвширлаа дааа ах минь

Deegii said...

таны блог үнэхээр сайн лбог абйнааа би бүх зүйлийг нь уншлаа коммент үлдээх гэхээр хаанаас нь эхлэхээ мэдэхгүй олон олон бардамнал орж ирээд нэг л огшоод болгүэ хэ хэ тантай би бүрэгн дүүрэн санаа нхийл ж байна юм багаасаа эхэлдэг тиймээ би оюутан охин л доо хэн нэгэн миний комментийг ухараад за аа охин юм байж юун ч омголон юм дээ гэхвий гэж нэг айснаа заз за энэ блог руу оюуны маш өндөр чадамжтай Монгол хүний халуун цусаар боргилж оргилсон Монгол хүн л зочилдог байх гэж бодоод тайвширлаа дааа ах минь