Sunday, July 15, 2007

Харийн нутагт хамтдаа тэмдэглэсэн Монгол Наадам, Сан Франциско 2007

(Зурган дээр дарвал томорч харагдана)

Сан Франциско үргэлж манан дунд байдаг, Жангарын тууль дахь Бурхан Бумбын Орон л гэсэн үг. Бид наадмын талбайгаа засахаар өглөө ирэхэд их манантай байлаа. Наадам өндөрлөтөл манантай хэвээрээ дулаахан сайхан байв.

Наадмын өргөн дэвжээгээ ёслол төгөлдөр болгохоор үүд хоймроо эхлээд заслаа.

Энэ жилийн наадмаар гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа гурван газар гарлаа. Ганбаяр, Эрдэнэбаяр, Дашдорж (Бүүвэй) гээд мэргэжлийн зурагчид олон бий.


Наадмын хойморьт залрах эрхмээс эрхэм зүйл бол бидний монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэгдэл болсон алтан соёлбо, цэнхэр залаатай аранзал улаан туг билээ. Энэ тугийн суурийг Түвшин дүү сэтгэл, хөлс хоёроо шингээн байж урласан юм. Түшинг манай Бэй Аэриагийнхан Рагчаа начингийн дүү гэдгээр нь мэднэ ээ.

Авъяаслаг охин Т.Саруулдарь англи хэлэнд орчуулсан номоо наадамчдад сонирхуулахаар эрт иржээ. Г. Өнөржаргал саяхан бичсэн "Америкт 10 жил" нэртэй уянга найргийн номоо мөн олонд таниулав. Өөнөөг манайхан Золжаргал сэтгүүлчийн дүү гэдгээр нь сайн мэднэ..

Монгол Улсын дархан мэргэн харваач Мөнхцэцэг наадамдаа манлайлж ирлээ. Мэдээж их догдлоо болов уу даа.

Наадмын засуулууд. Баруун гараас Батжаргал, Отгонбаатар нар. Аль аль нь барилдаж явсан, бөхөд их хайртай улс.

Наадамчид хуран цугларсаар байна. Хоол ундны үйлчилгээ аль хэдийнээ эхэлжээ. Үнэхээр шуурхай байсан шүү.

Төв асрын ширээний тавгын идээ. Тавгыг Цэцэн ах сийлж, хэвийн бooвыг Монголчуудын Холбооны Хишигбаяр хийж, морины комиссын Бат-Очир чанасан юм. Есөн давхар өрсөн, үнэхээр сэтгэл шингэсэн сайхан тавгын идээ байна. Цэцэн ах Холбооны биднийг байнга дэмжиж ямар нэгэн юм хийдэг хүн. Энэ жилийнх нь сюприйз бол 12 жил сийлсэн тавга. Мөн шүүсний тавгыг бидэнд сийлж өгсөн.

Морин хуурын багш, шавь хоёр бэлтгэл хийхийн өмнө.

Дамшиг чинь асдаггүй шүү. Техникийг Түлхүүр, Цэрэндoрж, Сүхбаатар сонжиж эхэллээ.

Хөтлөгч Батсоёмбын дээлийг Загдаа, Нараа нар засч байна. Соёмбоо Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн редакцид нэвтрүүлэгч байсан.

Наадмыг Цогтбаяр, Батсоёмбо нар мэргэжлийн өндөр түвшинд хөтлөн явуулсан юм.

Төв асрыг авъяaслаг хайчилбарч Төрбурам хээлсэн юм. Төрөө маань Монголчуудын Холбоондоо олон сайхан юм их сэтгэл гаргаж хийж өгсөн дөө. Аль нэгэн юм болохоо байхаар Төрөөг дуудна. Бидэндээ амь тариа гэсэн үг.

Жил жилийн наадмын хүүхдийн барилдааныг барилгынхан маань ивээн тэтгэдэг. Гарын уртай хүмүүсийн урласан асар хүртэл өөр байгаа биз. Хүүхдийн бөхийн бай өрчихсөн, наадмын бэлтгэл нь жигдэрчээ.

Наадамчдад талбай тавчдаж, харин миний муу камерт багтахгүй хэсэг, хэсгээр зураг авлаа.

Бараг таньдаг хүмүүс дүүрэн байх чинь. Дугуйны спортын мастер Энхбаатар, Чөлөөтийн Баяраа, Бэй Аэриагийн бөх Болдcүх, Лос Анжелесийн бөх Эрдэнэбилэг, солонгос хэлтэй Билгээ дүү, цанын спортын мастер Рагчаа, мөрдөн байцаагч Ганзориг ба тэдний эхнэр хүүхдүүд байна. Шагайн асар наадамчдын ард далдлагджээ. Холбооны сайхан монгол асар бий. Конкордын Болдоо Холбоондоо авч өгсөн юм.

Гадныхан ч манай наадамд гайгүй олноор морилжээ. Монголчуудын найз нөхдийн хүрээ тэлэгдсэний илрэл гэж би үүнийг бодож байна.

Энэ жилийн наадмын хуушуур нь элбэг, үзмэр нь арвин, наадамчдынх нь магнай тэнэгэр байлаа.

Хүүхдийн бөхийн асарт Дамдинхүү, Оюунаа нар хүүхдийн шагайн наадaм хийснийг хэлэхээ мартжээ.

Монголчууд маань аль нэгэн бизнес эрхлээд Америкт аятайхам амь зууж байна аа. Наадам бол өөрийнхөө бизнесийг бусдад таниулах алтан боломжийн нэг. Зураг дээр Оакландын Шүдний эмчилгээний газрын зар харагдаж байна. Чинбатын асар болов уу. Харийн нутагт шүд өвдвөл харсан зүгтээ гүймээр л болно доо.


Наадмын туг залах мөч ойртож, Түвшин дүүгийн хийсэн тугийн суурь эзнээ үгүйлэх мэт энд харагдана. Гурав дахь жилийн Бэй Аэриагийн наадамдаа бид хэрэглэж байна.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны туг Монгол Улсын хоёр Eрөнхийлөгч, дөрвөн Ерөнхий сайдын уулзалтанд залагдаж байжээ. Энэхүү тугийг БХЯ-ны ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Жамбаагийн Зууннаст гуай, Монгол Улсын дархан мэргэн Ч. Мөнхцэцэг, Монгол Улсын Гарьд Болдын Жавхлантөгс, Ливермор хот дахь цөмийн лабораторын эрдэмтэн доктор, төслийн удирдагч Агваанлувсангийн Ундраа, "Шүрэн бугуйвч" хэмээх монгол туужийг англи хэлнээ орчуулсан авъяаслаг охин Түвшинтөгсийн Саруулдарь наадмын талбайд залж байна.


Улсын харцага Жавхлантөгсийг яаруулсаар дээлийг нь өмсүүлж амжсангүй, наадмын талбайд гаргалаа. Харцагыг дээлтэй байгаа зургийг үзэх хүмүүс манай өнгөрсөн жилийн наадмын цоморлогт зочлоорой.


Дархан мэргэн Мөнхцэцэг нумаа эвшээлгэлээ.


Дахиж зураг дарж амжаагүй байтал сумаа тавчихжээ. Харваачийн авхаалж самбаа гэж нүд ирмэх зуур ажээ. Эртний монгол харваачид ийм л хурдтай байсан байх даа.

Дархан мэргэн наадамчин олондоо сурын уухай өргөв. Аргагүй л өнгөтэй байгаа биз. Байт сурын харваанд тэнүүн газар хэрэгтэй тул төв талбайн зүүнтээ байгаа.

Хүүе, хүүе яадаг билээ, хэт яараад төрийн дууллаа эгшиглүүлэхээ мартжээ. Юу нь оройтох вэ. Тусгаар Монгол улсын иргэд гэдгээ мэдэрч байгаа нь.

Харьд өссөн монгол залуус монгол соёлоо мэдэрч, наадамдаж байна. Үүний төлөө л бид наадмаа хийсэн юм.

Энэ хүнийг Эрдэнэбаяр гэнэ. Ардчиллаар гарч ирсэн анхны Ерөнхийлөгчийн зурагчин байсан залуу. Харин бидэнд баригдаж, Бэй Аэриагийн Монголчуудын Xолбооны зураглаач болчихоод байна. Наадмын бичлэгийг олж авъя гэвэл Баяраагийн хөлд нь суудаг юм шүү.

Төрийн дуулал эгшиглэсээр... Энэ олон монголчууд дотроо эх нутаг, элгэн саднаа дурсан санаж байгаа биз ээ. Хүмүүсийн царайг ажиглавал хөнгөн гуниг илхэн байлаа. Хүний сэтгэлийн чавхдас чичрэх нэгэн агшин.

Энэ охины эцэг эхээр би бахархаж байна аа. Mонгол хүн ийм л байх ёстой. Цадиг түүхээсээ биднийг улаан залаат монгол хүн гэдэг билээ.

Бүжигчин Золжаргал. УАДБ Чуулга, Түмэн Эх Чуулга, Бүх цэргийн Ансамбельд бүжигчин явсан мэргэжлийн сайн бүжигчин гэж миний хажууд суугаа МИГ-21 сөнөөгч онгоцны нисгэгч Батжаргал надад хэллээ.


Бүжигчин Сугармаа. Бүжигчин Ганбаатарын гэргий, их уран хүн билээ. Бүжгийнхээ ихэнх хувцасыг оёсон гэж дуулдсан.


Мэндчилгээ бүжиг. Хуран цугласан наадамчин олондоо бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж байна.


Энэ хадгийг богинодуулсан нь миний буруу. Хоёр алдын бранзад хадаг байх ёстой байсан юм. Монгол хүн мөнх тэнгэрийн өнгөтэй цэнхэр хадгийг дээдэлнэ.


Бүжгийн хувцасыг цаг алдалгүй Монголоос тээж ирсэн Улаанбаатар хотын захиргааны Иргэдийн хурлын төлөөлөгчид Ганбаатар, Насанхүү нарт баярлалаа.

Дуучин Эс-Олдох. Ардын хоёр дуу "Хотгойдын унага", "Жонон хонгор морь". Үндэсний хөгжмийн цөөхүүл. Хөгжимчин Оргилсайхан, Уранчимэг, Эрдэнэтуул. Аливаа үндэстэний онцлогийг соёлоор нь мэдэрдэг. Соёлын мэдрүүлэгч нэгэн эд эс бол ардын дуу. Nанай нэрт яруу найрагч Лхагвасүрэн гуай "Уг нь би агсан тавих гэж очсон юм, Уртын дуундаа хүлээтэй суугаад чадсангүй" гэж хэлж билээ. Ардын дуунд монголчуудын олон зууны өнгө төрх нэвт шингэсэн байдаг юм.

Бүжигчин охин Цэцэнгийн Цэлмэгцэцэг. Монголчуудын Холбооны тавгыг сийлж Цэцэн гуай өв соёлоо үр хүүхдүүдээ өвлүүлэхэд их үлгэр жишээ болж яваа хүн. Монголын боловсролын cиcтемд олон жил ажилласан сурган хүмүүжүүлэгч таниар бахархаж байна.


Хөгжимчин Уранчимэг, Эрдэнэтуул нар шударга хөгжмөөр "Рондо" хэмээх европ аялгууг хүрэлцэн ирсэн америк андуудaд зориулан тоглож байна. Эрдэнэтуулын ээж уртын дуучин, МУГЖ. Банзрагч эгчийг олон хүн танина байх аа.


Манай зурагчид алтан агшиныг алдахгүй түүхийн хуудсанд буулгаж байна. Бат-Энх зурсан тайзаа харан нэгийг бодож байгаа бололтой. Монголын нийгэмд ихийг бүтээсэн ахмад үеийн эрхэм төлөөлөгч Жамбын Батмөнх агсаны үр сад гэнэ билээ.

Наадамчин олны царайг харахад сэтгэл нь үнэхээр тэнүүн байгаа бололтой.

Энэ олон наадамчид эх орондоо байгаа олон хүний амьдралыг залгуулж байгаа. Нэг өдөр алжаалаа тайлахад яах вэ.

Магнайдаа баяртай наадамчид Монгол орны хөгжлийн нэг тулгуур билээ.

Хорвоотой танилцах хүүгийн харц юун дээр тогтож байна вэ? Хорвоод хосгүй уран нугараа байжээ.

Нугараач Б.Сэрчмаа шавь нарынхаа хамт гурвалсан нугаралт хийж байна. Уран нугараач Буянжаргал, Болормаа.

Манай нугараачид Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа улс.


Нугараачид маань үндэснийхээ хувцастай тайзнаа гарах гэсэн боловч тэнгэрийн байдал тийм боломж олгосонгүй.


Сэрчмаа олон жил Америкийн алдартай шоу бизнест Mонгол орныхоо нэрийг гаргаж яваа бүсгүй. Түүний нөхөр Цогтбаяр наадмыг хөтөлж, саруул цээлхэн хоолойгоорой түмэн олноо баясгалаа.

Төмөрчөдөрийн зохиосон "Боржигоны Тал" аялгууг хуурын цөөхүүл тоглож байна. Төмөрөөгийн аав "Миний аав адуучин хүн" дууны аяыг зохиосон, олондоо нэртэй хөгжимчин хүн байжээ. Бага наснаас сэтгэлд хоногшсон энэхүү дууг Төмөрөөг харах бүртээ би дурсдаг юм. Төмөрөө Төв аймгийн чуулгын найруулагч байсан хүн. Төв аймаг гэвэл бараг л Улаанбаатар шүү ээ.

Дамдинхүү мэргэжлийн хөгжимчнөөр барахгүй баяр болгоноор шагай наадаж хүүхэд багачуудаа баярлуулж явдаг нэгэн. Хажууд нь суугаа залуу миний том хүү. Тайзан дээр хуураа бариад гарахаар би гэдэг хүн чинь харц дээш нь чулуудна аа. Саруулбуян ахын хүү ирсэнгүй, ажил нь болоогүй юм байлгүй. Уг нь хамт тогловол зүгээр байсан юм. Аав нь захидаг болохоор ийнхүү бодлоо.

Оргилсайхан Хөгжим бүжгийг морин хуураар төгссөн тоотой хэдэн хуурчдын нэг. Морин хуур чуулгыг байгуулсан МУГЖ Батчулуун гуайн шавь. Миний хүүгийн хуурын багш. Аав нь Хүүхэлдэйн театрын Чимэддорж гуай. Чимэддорж гуайн хүүхэлдэйг хараагүй өссөн хүүхэд Монголд байхгүй байх аа.

Бүх цэргийн Aнсамбелийн бүжигчин Болдоо, Ганбаатар, Бат-Өлзий, Сугармаа, Золжаргал нар "Адуучин" бүжгийг бүжиглэж байна.

Саальчин бүсгүйчүүдээ адуучин залуус угтаж байна.


Бэлтгэлгүй гээд байсан бүжигчдийн хурдыг гүйцэж зураг дарахад амаргүй байв. Сурсан юм шал өөр байх юм даа.


Өнгөрсөн жилийн наадмаар бүжигчид маань найз нөхдийнхөө хамтаар үзүүр, түрүүний бөхийн бай шангалыг даасан юм. Урлагийнхан сайхан санаатай сайхан улс байдаг юм. Олон жил харьцаж ирсэн болохоор тэднийгээ сайн мэднэ ээ.


"Хөх Тэнгэр" хамтлаг ая дууны мэндчилгээ өргөлөө. Баруун гараас: Айзам-2 хамтлагийн гитарчин З.Амартүвшин, УАДБ Чуулгын хуурч Ч.Оргилсайхан, дуучин Уранаа, дуучин Сүхбаатар, гитарчин Одон. Бөмбөрчний нэр орж ирдэггүй ээ (Жэфф Бровн). Гадаад хэл бол гадаад л хэл юм даа. Гитарчин Одонг Гадаад хэлний дээд сургуулийн Радуга хамтлагт 10 гаруй жил хөгжимчин хийснийг би мэднэ.

Уранаа бол Наран шиг хоолойтой дуучин билээ. Сүхбаатар маань Чингис хаан хамтлагийн дуучин МУГЖ Жаргалсайханы найз, өнгө стил ч ялгагдах юм байхгүй.

Наадамчид нээлтийн урлагийн тоглолтыг үзэж байна.

АНУ-д төрсөн Баттөгөлдөр хүүд үндэсний хувцас үнэхээр сайхан зохижээ. Дараа жилийн наадамд монгол хувцасаараа бүгдээрээ гангармаар байна!

Насаараа багшилсан Галия эгч сэтгэл их өндөр сууна даа.

Нээлтийн тоглолт өндөрлөж, үндэсний бөх эхлэхийн өмнөх талбайн байдал.

Сан Франциско хотын Батсуурийн Ганзориг хүүхэд багачуудаа гурав дахь жилдээ баярлууллаа.

Наадамчид талбайг тойрч элдвийг сонирхож байна.

Наадмын чимэглэлийн нарийн ажлын голыг нугалж өгдөг, уран хайчилбарч Төрбурам охиныхоо хамт. Сайхан пудволка хийсэн шүү. Олж авч чадаагүй хүмүүс Төрөөтэй холбоо тогтоогоорой.

Завхан аймгийн Нөмрөг сумын ах, эгч хоёр хүүхдүүд дээрээ ирчихсэн сэтгэл тэнэгэр наадаж байна.

Тэргүүн Лувсанжамбаа, бүжигчин Болдоо, наадмын бөхийн байг ивээн тэтгэгч Марал-Эрдэнэ.

Жамбаа, Маралаа бүжигчдийн хамт. Бусад урлагийнхан маань талбайгаар тараад олдсонгүй.

Дэлхийн 2-р дайнаас амь гарч чадсан халимаг монгол Борис Талгаров. Амьд яваа хүн алтан аяганаас ус ууна гэж үнэн үг юм шүү.

Наадамчид маань хүчид бөхийн барилдаанд анхаарлаа хандууллаа.

Манай наадамд аймаг, цэргийн цолтой 32 залуу бөх зодоглож, өсвөр насны 32 хүүхэд уран мэхийг уралдуулан барилдлаа.

Бөхчүүд том багагүй бусдын барилдааныг гярхай ажиглана.

Даваагаа хүлээсэн бөхчүүд.

Холбооны тэргүүлэгч гишүүн Хишигбаяр Дархан мэргэн Мөнхцэцэг, хурандаа Зууннаст гуайн хамт төв асарт дурсгалын зураг татуулав.

Нутгийн дүү Дамбаа, Холбооны тэргүүлэгч гишүүн Түвшинтөгс нар амьсгаа даран барилдааныг харж зогсоно.

Сумын заан Отгонбаатар энэ жил Болдсүхийн засуул хийлээ. Найранд гурван дуугараатай, наадамд гурван даваатай эр ээ.

Хүүхдийн бөхийн барилдааныг Улсын харцага Болдын Жавхлантөгс шүүж, Балсанжавын Баясгалан ахлагчтай барилгын хамт олон ивээн тэтгэж, бэлтгэл үйл ажиллагааг Цоодолын Ганболд, Эрдэнэбаатар (Полкийн Баатар), Конкордын Сайнбилэг, Мэкэйн Айбек тэргүүтэй залуус гардан гүйцэтгэлээ.

Наадамчид уулзсан дээрээ хууч дэлгээд тун завгүй.

Газар газрын наадамчид хуран цугларчээ.

Газар газрын наадамчид хуран цугларчээ.

Газар газрын наадамчид хуран цугларчээ.

Газар газрын наадамчид хуран цугларчээ.


Газар газрын наадамчид хуран цугларчээ.

Газар газрын наадамчид хуран цугларчээ.

Нутгийн ах нуруутай, нуган дүүдээ ээлтэй. Өвөрxангай аймгийн Бүрд сумын уугуул Батжаргал ах энэ наадмын нэгэн өнгө байлаа.

Энэ наадамд буриад, халимаг, төвд хүмүүс нэлээд ирсэн юм. Та нар хараад ялгасан уу?

Шөвгийн дөрвийн бөх зодог шуудагтай, засуулууд дээлтэй байвал Mонгол наадмыг улам өнгө үзэмжтэй болгоно.

Отгонбаатар сайн барилддаг залуу билээ.

Бөхийн хөлийн цэц. Зүүн гараас Ливерморын Цөмийн физикийн лабораторын залуу физикч Дашдорж, 25-р суваг ТВ-гийн сурвалжлагч, бөх тайлбарлагч Энхтөр, УАДБ Чуулгын хөгжимчин Отгонбаяр. Энхтөр миний мэдэхийн Бэй Аэриагийн бүх наадмын бөхийг хоёр Түвшингийн хамт тайлбарласаар ирсэн хүн.

Амараа найз Түлхүүрийн хамт. "Наадмын оройн пари нуруун дээр чинь байгаа шүү" гэсэн ухаантай дохио өгтөл "ок" хариу барив. Наадамд хэрэглэсэн бүх техник хэрэгсэл "Хөх Тэнгэр" хамтлагийнх. Түрээслэвэл муугүй их өртөг орно. Чадах чадахаа хариуцаад авдаг нь сайхан юм даа.

Энэ жилийн наадмаар амттай сайхан хуушуур, шорлогооор дайлсан, Монгол Хоолны Тайван, Сан Францискогийн Эрдэнээгийн найзууд, Сугараа, Ариунболд, Ганзориг нарт баярлалаа.

"Замдаан" сэтгүүлийн эрхлэгч Дэмбэрэлийн Цэрэндорж удирдан ширүүн өрсөлдөөнтэй нэгэн тэмцээн зохион явуулсан нь олс таталт байлаа.

Тус тэмцээнийг залуу доктор Дашдорж, Наранцогт нар ивээн тэтгэж хамтран зохиосон бөгөөд наадамчин олныг ханаруулан уухайлуулан байж Оакланд хотын Шонхоон ахлагчтай баг 1-р байр, Сан Францискогийн Жавхлан ахлагчтай баг 2-р байр эзлэн, ивээн тэтгэгчид болон "Замдаан" сэтгүүлийн нэрэмжит шагналыг гардан авав.


Морины комиссын Бат-Очир даагны уралдаанд оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулав.

Шагнал дааж эр болно доо.


Сан Франциско хотын Эрдэнэболор уламжлал болгон баян ходоод даагны шагналыг ивээн тэтгэлээ.


Өсвөр үеийн бөхийн үзүүр түрүүний барилдаан.

Хүүхдийн бөхийн барилдаанд Оакланд хотын Баасансүрэнгийн Төгөлдөр 2 дахь жилдээ түрүүлж амжилтаа бататган, Конкорд хотын Сайнбаярын Дөлгөөн мөн 2 дахь жилдээ үзүүрлэж, алт мөнгө медаль, өргөмжлөл, зохион байгуулагчдын тусгай шагнал болох хүүхдийн play station 2, унадаг дугуй байнд авав.

Мөн хүүхдийн барилдааны 8-10 насанд Сан Франциско хотын бөх Мөнхбатын Дөлгөөн түрүүлж өргөмжлөл, алтан медаль, play station 2 тоглоомоор шагнууллаа.

Жил бүр хүүхдийн барилдааныг удирдан явуулдаг, Монгол Улсын харцага Жавхлантөгст Холбооны тэргүүн Лувсанжамбаа өргөмжлөл бичиг, дурсгалын зүйл гардууллаа.

Олон жил наадмын дэвжээнд бөхийн засуул хийсэн нутгийн ах Батжаргалд өргөмжлөл бичиг, дурсгалын зүйл гардууллаа.


Бөхийн барилдааны бай шагналыг ивээн тэтгэсэн Марал-Эрдэнэд өргөмжлөл бичиг, дурсгалын зүйл гардуулав. Маралын ээж, уртын дуучин МУГЖ Банзрагч билээ.


Бэй Аэриагийн монголчуудын наадмын уухай үзүүр, түрүүний хоёр бөхийн дэвээнд шингэжээ.

Лос Анжелес хотоос ирж барилдсан аймгийн заан Эрдэнэбилэг, Бэй Аэриагийн гол найдвар бөх аймгийн заан Болдсүх нар өрлөө.

Зураг дарж амжих завдал өгөлгүй хурдан хугацаанд Болдсүх давж, Эрдэнэбилэг үзүүрлэлээ.

Бэй Аэриагийн наадамд 3 дахь удаагаа түрүүлээд байгаа аварга бөх, чөлөөт бөхийн спортын олон улсын хэмжээний мастер, аймгийн заан Болдсүх Холбооны тэргүүн Лувсанжамбаагаас шагналаа гардан авав.

Сан Франциско хотын Батсуурийн Ганзориг, Нэргүй нар ээжийнхээ нэрэмжит тусгай шагналыг түрүү бөхөд бас олголоо.

Энэ наадамд үзүүрлэсэн Лос Анжелесын бөх, аймгийн заан Эрдэнэбилэг шангалаа авлаа. Тэрээр урд өмнө Бэй Аэриагийн наадамд барилдаж түрүүлж байсан удаатай.


Талбайн дэг журам сахиулах "арван тавны цагдаа"-гийн ажил, үүрэг оногдсон учир миний бие дэвжээнээс холдож, бусад арга хэмжээний зургийг авч чадсангүй дээ хүлцэл өчье!

ДАРАА ЖИЛИЙН НААДАМД САЙХАН МОНГОЛ ХУВЦАСТАЙГАА ИРЖ НААДААРАЙ!

За бид нар харийн нутагт хамтдаа ийм нэгэн наадам хийлээ. Ийм олон Mонгол улсын иргэд хөрөст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт амьдран суугааг Монголын төр анхааран үзэж, нар шиг ивээлээ бидэндээ буулгаж, үр хүүхдэдээ уламжлал соёлоо өвлүүлэн өгөхөд тусална буй за. Гэгээн төрийн минь сүлд харь газар суугаа биднийгээ өршөөх болтугай.


2 comments:

Ш. Баатар said...

E.Erdenebayaryn gerel zurguudiig http://news.tsahim.tv deerees uzeerei. Mon naadmyn tuhai delgerengui medeelliig http://www.zamdaan.com deerees unshaarai

sanakae said...

Монголдоо байгаагаас сайхан наадсан байна даа. Энд ч үзэх юм байх бишдээ шороо хогонд булуулаад халтай.