Thursday, April 26, 2007

Дээрхийн гэгээнтэн Далай Ламын учралыг эргэн дурсахад

Далай Лам инээмсгэлээрээ сэтгэлд минь хамгийн их хоногшсон юм. Aх Такцер Норбу гэгээнтэйгээ тун адилхан инээнэ. Нэг айлын хүүхдүүд болсон хойно аргагүй байх аа. Тэр инээмсэглэлд их чадал байдаг юм. Тэр инээмсэглэлийг нь хараад сэтгэл цэлэмдэг юм билээ. Далай Ламын мутар нь их зөөлхөн, түшээд явахад ер бусын хөнгөн байдаг. Их буянтай хүн тийм хөнгөн байдаг юм гэнэ билээ. Далай Лам зэндий дээрээ хөнгөн завилаaд заларна. Ном айлдахдаа үе үе дунд хуруугаараа толгойгоо хүрэх төдий, их зөөлхөн маажина. Нүднийхээ шилэн дээгүүр олныг гүйлгээд харна. Тэгээд заавал нэг хөгжөөнтэй үг олон айлтгаж түмнийг инээлгэнэ. Бага зэрэг ганхаад л сууна. Орчуулагч Түвдэнжамбаа айлтгалыг нь дэлгэрүүлээд ярьж байхад түр дуг хийгээд авна. Далай Лам их ой сайтай, нэлээд хэд бараалхсан болохоор намайг нэрээр дуудна. Миний нэр ч төвд хэлэнд утга, дуудлагаараа яг адил байдаг юм билээ. Сан Францискогийн Рутз-Карлтон буудлын үүдэнд Далай Ламыг үдэхээр өглөө эрт нэлээд хэдэн хүн цугласан байв. Далай Ламтай ойр дотно цагаан арьстнууд аятайхан байрлалыг нь эзэлчихсэн, тэдний хажуугаар хэдэн төвдүүд зогсчихсон тул захлаад нэг юм зогсч байлаа. Далай лам бараа бологсдынхон болон хамгаалалтынхантай гарч ирээд хүмүүст адис өгөөд, тэд ч хуулирч дагаад, төвдүүд ч энд тэнд ингэнэтэл уйлалдаад явчихлаа. Би ч байрандаа л зогсож байсан юм. Гэтэл олны дээгүүр Далай Лам намайг олж харчихаад "-Баатар" гээд дуудлaа. Далай Лам дуудсан болохоор бүчиж байсан хүмүүс дуртай дургүй зай тавиад, хамгаалалтын хоёр хүн ч надад ойртоод ирэв. Далай Лам "-Хайдав ирсэнгүй юу, бие нь сайн уу, тэднийх ууландаа байна уу, монгол залууст эрдэм ном сайн сураад Монголдоо хариарай гэж хэлээрэй. Энд удаан байгаад юу хийх вэ, Mонгол орноо очиж хөгжүүлээрэй. За чи заавал хэлнэ шүү" гээд ихэд бахдалтай инээмсэглэв. Далай Ламыг заларсны дараа ихэмсэг дүртэй байсан aмерикчууд нэлээд эелдэг болчихсон "-Далай Лам чамайг таньдаг юм уу, чи монгол хүн юм уу, чамтай ямар дотно харьцдаг юм бэ" гээд яриа өдөв. Хүн гэдэг амьтан мөн зусар байх юм даа гэж бодсоор харьж билээ. Энэ тухай Хайдав гуайд хэлэхэд дараагийн удаа Далай Ламыг залрахаар багшийнхаа гараар бичсэн "Бодь мөрийн зэрэг" сударыг өргөхөөр болсон юм. Дараа нь би Хайдав гуайг Далай Ламд мөргүүлж чадсан. 1979 онд Хайдав гуайн гэрт Далай Лам заларч байсан юм билээ. Ээжийгээ ч Далай Ламд мөргүүлж чадсан болохоор сэтгэл нэг л өег явдаг юм. Далай Ламын Төвдийн cоёлын төвийн удирдах зөвлөлийн хурал дээр "Ажаа гэгээн та хоёр монгол баатруудтай байхад юунаас ч айхгүй ээ" гээд хошигнон айлдаж билээ. Сайхан дурсамжууд олон бий.

Э.Эрдэнэбаярын авсан зурагнууд

Sheraton Hotel, Palo Alto, CA (2001)

Sheraton Hotel, Palo Alto, CA (2001)

Bill Graham Civic Auditorium, San Francisco, CA (2005)

Bill Graham Civic Auditorium, San Francisco, CA (2005)

3 comments:

Anonymous said...

Ondoo saixan dursamjuudaasaa xuvaaltsaarai Bi neg ix Buddiin shashin shuteed suid bolood baidaggui bolovch Dalai bagshiig mashid xundetgej yavdag yum. Tiimees Dalai bagshiin aildvariig sonsox saixan sanagddag yum. Mongoliin talaar xelj baisan, mongolchuudad xandan xelj baisan aildvaruudiig niitleerei (xerev bolomjtoi bol) Za tegeed amjilt xusie

Nana said...

Uuruu Dalai bagshid baraalhaj adis avsiim shig l saikhan sanagdlaa.Tand sain saikhniig husie.

Ш. Баатар said...

За урмын үг хайрласан та нарт баярлалаа. Цаг хугацаа ч хурдан юм даа, Далай багш өтөлж байгаа нь мэдрэгдэж байна билээ.