Monday, April 23, 2007

Онгийн голын гамшиг дэлхийн сонорт хvрэв

Энэ голын эхэнд төрсөн, уул усных нь унаган хүү нь би билээ. Онгийн голын талаар хэдхэн үг хэлье. Шуранга, Бөөрөлжүүт, Өлтийн гол Уянга сумын төвийн зүүн хойд талд нийлж, Улаан нуурт цутгадаг байсан Онгийн голыг үүсгэдэг юм. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 10 гаруйхан километрийн зайтай орших Цорцоо уулын өвөрт 1970-аад оны дундуур Оросын цэргийн гарнизон байрлах болсноор Онгийн голын хэвлийг танкаар эвдэж, голын сав нь цоорсноос болоод Онгийн гол хөрсийн гүнд шургаж Улаан нуурын цутгал тасалдах болсон юм. Энэ бол уг голын урсгал газрын гүнд шургах эхлэл нь байлаа. Ардчиллын дараа 90-ээд оноос Эрэл компани Өлтөд алт олдворлох болсноор Өлтийн гол газрын хөрснөөс арчигдаж, Бөөрөлжүүтийн голыг хааж алт угаадаг усан бууны далан барьснаар Онгийн гол улам ширгэж, голын доод үений улс усгүй хатах болж, дажин дэгдсэн юм. Нутгийн ардууд дуу хoолойгой нэгтгэж хичнээн жил тэмцсэн боловч төрийн сонорт үг нь хүрэхгүй байсаaр олон жил болжээ. Өмнөговийнхон энэ талаар шаргуу тэмцэж ирсэн ба тэдний дундаас Мөнхбаяр хэмээх залуу лидер шалгарч, түүний байгуулсан хөдөлгөөний тэмцэл, дуу хоолой Монголын төр байтугай даян дэлхийд хүрснийг түүний өнөөдөр авах Голдманы Байгаль орчны шагнал илэрхийлж байна. Цогтой тэмцэгч, нэг уул усны уугуул дүүдээ баяр хүргэж, ерөөлийн цэнхэр хадгаа дэлгэн барья. Уг ёслолын арга хэмжээнд орох урилгатай байсан хэдий ч сурвалжлагч нэгэн бүсгүйд тэр боломжийг өгсөн билээ. "Эсгий хийх газар нохойн хэрэггүй" гэдгээр шагнал авахад миний хэрэг юу байх вэ. Түүгээр бахархаж сэтгэлдээ баярлаж явбал болно буй за.



1 comment:

Э. Баярсайхан said...

Тэр залууд чинь баяр хүргэе. Түүнд болон бусад тэмцэгчдэд амжилт хүсье.
Муусайн төр засгийнхан мөнгө л олж байвал байгаль эх хамаагүй болж дээ. Хүн бол байгалийн л амьтан. Байгаль хэзээд хариугаа авдаг.