Wednesday, July 14, 2010

Энэ жилийн наадмын тухай миний бодол


Харь оронд суусан он жилүүдэд улсын баяр наадмаа интернэтээр л үздэг зуршилтай болсон билээ. Ойрын жилүүдэд интернэтийн технологи улам сайжирч, баяр наадмаа бараг Монголдоо гэртээ тухлан суугаад үзэж буйн адил цаг үе сайхан болжээ. Манай мэдээллийнхний дуранд өртсөнөөр их наадмаа үзсэн миний бие өөрт төрсөн хэдэн саналаа энд дурдан хэлье.


Монгол наадам маань бороо хуртай зуны дэлгэр цагаар бөх нь таавар эвдсэн, сур нь шинэ аварга төрүүлсэн, хурдан хүлэг нь эзнээ баярлуулсан бузгай сайхан баяр болжээ. Гадныхан ч наадам үзэхээр олноор ирсэн нь илт харагдав. Наадмын нээлт, хаалт сайхан болон өнгөрч байна. Энэ жилийн наадам өнгөлөг сайхан байна даа гэсэн сэтгэгдэл төрлөө.


Энэ жилийн наадмын нэгэн онцлог бол наадмын урд өдөр хийсэн Төрийн хүндэтгэлийн тоглолтын чанар чансаа илт сайжиржээ. Дорнын соёлтой Наран улсад удсан надад япончуудын адил ихэд хичээнгүй чанараар урлагийнхан маань эв эетэй оролцож, сайн бүхнээ дэлгэн харуулахыг сайтар зорьжээ. Өрнө дорнын хөг аялгууг донжийг нь тааруулан хоршуулсан нь үнэхээр сайхан байлаа. Энэ байдлаа цаашид хадгалж уран бүтээлдээ улам их амжилт гаргавал манай монголчууд сонгодог агаад ардын урлагаараа дэлхийд томоохон байр суурь эзлэх шинжтэй. Дуучин Төмөрбаатар гуайг хүндэтгэлийн тоглолтонд оруулсан нь ихийг бодогдуулав.


Наадмын бас нэгэн онцлог нь үндэсний өв соёлоо дээдлэх гэсэн бодол эрмэлзлэл монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд багтаж байгаа нь нэн бахархалтай. "Дэлхийд ганцхан миний монгол наадам" гэдэг үг их сайхан сонсогдож байв. Наадмын талбайн гадна монгол бүжгээ чөлөөтэй бүжиглэж байгаа нь сайхан харагдав. Энэ бол соёл түгэн дэлгэрэхийн нэгэн хэлбэр. Монгол дээлээрээ гоёсон нь нэн олон байлаа. Өнгө алаглаж, үнэхээр наадмыг чимэх шиг болсон байна. Өмсдөг дээлийг нь, өдөр тутам хэрэглэдэг соёлыг нь, цэнгэлийн манлай баяр наадмыг нь харийнхан нэр дээрээ бүртгүүлэх гээд байгаа өнөө үед монгол хүн бүр түүнийгээ хайрлаж хамгаалах хармын сэтгэлтэй бололгүй яахав.


Энэ наадмын бас нэгэн онцлог нь наадамчин олны хувийн соёл жаахан дутаж, ахуй орчноо хогоор бохирдуулсан явдал байлаа. Энэ бол нэг өдөр сураад хэвшчих амархан дадал зуршил биш л дээ. Сэтгэл зүтгэл байвал яван чангарах хувь хүмүүсийн мөн чанар байх аа. Архи дарc хэр их хэтрүүлж хэрэглэснийг нь мэдэх юм алга. Манайхан эрүүл мэндээ бодоод уухаа л жаахан татчих хэрэгтэй.


Наадам бол эртнээс уламжлалтай,эр бяраараа бахархсан төв азийн нүүдэлчин үндэстний гол баяр. Энэ баяр бол олон зуун жилийн тэртээгээс хүчтэй нь хүчгүйгээ мохоож ирсэн нүүдэлчдийн эрч хүчээ хадгалж сэлбэх, нэг ёсны цэрэг дайны бэлтгэл болсон баяр байжээ. Дэлхийн хөгжлийг даган хагас суурин амьдралд шилжсэн өнөөгийн манай монголчууд бид энэ баяраа монгол туургатны эв нэгдлийг бэхжүүлэх, монгол хүний өөртөө итгэх итгэлийг идэвхжүүлэх, монгол соёлоо хайрлах сэтгэлгээг өргөтгөх, монгол ухааныг улам хөгжүүлэхийн төлөө зориулах хэрэгтэй юм. Монгол ухаанaa дээдэлсэн олон сайхан тоглоомын уламжлалыг баяр наадмаараа сэргээх нь чухал байна. Шагайн харваа нь эдгээрийн нэг болно.


Энэ наадмаар илэрч буй монгол хүмүүсийн тэмүүллийг харахад манайхан наадмаа улам сайхан болгох гэж ихэд хичээнгүйлсэн нь илт байна. Наадам сайхан боллоо.


2010.7.14

3 comments:

Оогий said...

Би нэгэн адил интернетээр хүлээн авч үзсэн. Наадмын 3 өдөр хүссэн мэдээллээ дүрстэйгээр хүлээн авч үзэх нь үнэхээр сайхан байсан шүү. Монгол дээлээрээ гоёсон хүмүүсийг харахад бүүр ч сайхан байлаа. Эвхээстэй байгаа дээлээ өмсөөгүй ч дэргэдээ гаргаж тавьчихаад хамт үзлээ шүү дээ хэхэ. Дээл өмсөөд баярлаж байгаа хүмүүсийг хараад жаахан атаархах сэтгэл төрж байснаа нуугаад яахав. Монгол наааааадаааам гэж

Ш. Баатар said...

Сайхан сэтгэгдэл үлдээсэн Оогийдоо баярлалаа.

Tsetsgee said...

Таны бичлэгүүд их сайхан хүнд нэгийг бодогдуулсан асуудал дэвшүүлсэн байх юм. Дээл гэдэг бол бидний Монгол үндэстний гайхам сайхан хувцас билээ. Хүн бүр дээлээ дээдэлдэг бас өмсдэг байгаасай.
Цэцгээ