Tuesday, March 9, 2010

Монгол соёлын хэрмийг хамтдаа босгоё


Халимагийн алдарт жангарч Окна Цагаан Замтай хийсэн ярилцлага

Монголд “Ээжийн дуу”-гаараа хит болсон жангарч Цагаан Замтай холбоо тогтооход тулсалсан Монгол Америкийн Соёлын Холбооны ерөнхийлөгч Санж Алтан ахад гүн талархснаа илэрхийлье.

Ш. Баатар
Америкийн Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан


Мэнд сайн, сар шинэ сайхан шинэлж байна уу? Америкийн Баруун Эргийн Монголчуудын сангийн хvн би Санж ахаас таны утсыг аваад ярьж байна. Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлдээ зориулж таньтай хэдэн хурам хєєрєх гэсэн билээ. Ямар хэлээр яривал та таалах бол?

Мэнд сайн байна аа. Сайхан шинэлж байна уу. Та монголоор, калимакаар, оросоор, англиар ярьж болно оо. Манай нютакаар сонин икэтэй, дэлгэр сайхан цагаалгана болж байна. Аав эжий, акан дүүстэйгээ золгож, цагаан сараа өргөн сайхан тэмдэглэж байна.

Таны алдрыг Владимир Окнаeвич Каруeв гэдэг. Гэтэл яагаад хvмvvс таныг Цагаан Зам гэж нэрлэсэн юм бэ?

Миний ээжийн өксөн нэр. 1957 онд Сибирийн цөллөгөөс Калимактаа буцахдаа би зам зуур төрсөн болоод Зам гэдэг нэртэй болж, нютактаа саадгүй буцахын баяртай сайхныг билэгшээж Цагаан хэмээн тодотгосон гэнэ. Би Икэ Бөксу Баактуудаас гаралтай. Манай удaмд Элан Уул гэж алдартай жангарч күн байсан.

Бvх Монгол туургатан таныг жангарч гэдгээр нь мэднэ. Та хэрхэн туульч болсон юм вэ?

Намайг кюүкэд байхад “бяцхан цагаан өвгөн” гэж хочилдог байсан. Би дандаа көгшдийн яриаг чагнаад суучихдаг, бусад кюүкдүүдтэй ер тоглодоггүй байсан болохоор л тэр. Би сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Тэгээд инжинер болоод ажилд орсон ч нэг л сэтгэл хангалуун биш байлаа. Ажил хийгээд ирээдүйгээ олж харсангүй. Жангартаа улам икэ дуртай, найз нөхдийн хүрээнд тууль хайлдаг байлаа. Тэгээд 1987 оноос олнa газар Жангар хайлж, 90 оны Жангарын баярт оролцсон. Тюүнээс өмнө бага наснаасаа би олон удаа хачин зүүд зүүдэлдэг байв. Нэг нь гэхэд цагаан өвгөн намайг “Жангар хайл” гээд үргэлж шаардана. Би ч тууль хайлах дургүй, тэгээд зүүдэндээ дахиад л шавдуулна. Олна өмнө гарч тууль хайлахaас их санаа зовно. Тэгээд ер бусын хүчний шахалтаар би олна өмнө тууль хайлах болсон. Жангарын баяр дээр надад жангарч цол өгсөн. Энэ нь миний албан ёсны цол болж хувирсан.

Та хаана хаана явж Жангарын тууль хайлсан бэ? Таны vзэгчид одоо хэн бэ?

Би нэлээд хэдэн оронд явлаа. Монголоос гадна Францад олон удаа очлоо. Одоо ч тэдэнтэй холбоотой ажиллаж байна. Калимакууд, буриадууд, монголчууддаа эхлээд тууль хайлж байлаа. Одоо олон улсын хэмжээнд хүртлээ өссөн гэж хэлж болно.

Та одоо Халимаг улсад ямар ажил хийж, юу эрхэлж байна вэ?

Би Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга, зөвлөх кийнэ, орнa соёлын ажил кийнэ. Калимaкийн жангарч Цагаан Зам гэхээр манай тэнд сайн мэднэ ээ. Дараа сард Mонголд очиж уртын дууны наадамд орох санаатай байсан, амжсангүй. Чөлөө таарвал наадмаар Монгол хүрмээр байна. 8-9 сард нэгэн хөгжмийн наадам Монголд болно гэнэ. Тюүнд намайг урина гэж байсан. Одоогоор сураггүй байна.

Таны уран бүтээлийн онгод ямар байна. Ээжийн дууны клипийг үзэхэд сэтгэлд нэг л дотно, тун сайхан байх юм. Та энэ клипийг 2-3 жилийн ємнє Монголд очихдоо хийсэн үү?

Бид хархираа хөөмийг сайн хөгжүүлмээр байна. Энэ жилдээ багтаж Калимакт Mонгол туургатны хархирaа хөөмийн баяр хийхээр бодож байна. Баярт 30-40 хөөмийчин, дуучин, туульч, уран бүтээлчид Монгол, Калимак, Тува, Буриадаас орох юм. Би өөрийнхөө хайлсан тууль, дууны CD-г Францын Будда Рекoрдинг Студийн Клауди гэдэг хүнээр бичүүлсэн. Нэлээд хэдэн дуутай энэ CD гарахаар Еврoпын орнуудад зарагдана. Удахгүй CD бэлэн болно. “Бөөгийн дуу” (Shamans Voice) нэртэй альбом гарна даа. “Ээжийн Дуун” бол Гайа гэдэг альбомд орсон байгаа. Өнгөрсөн оны 11 сард Монголд очоод энэ клипээ гүйцээсэн. Монгол хүнийг моригүйгээр яаж төсөөлж болох вэ.

Таны хамгийн эрхэмлэж явдаг нандин зvйл юу вэ?

Мoнгoлчууд, Калимакууд бид ядуу байна. Ядуугийн эрхэнд гадагш гарч амьдарч байна. Гадны нютакт амьдрахдаа өөрийн соёлоо эрхэмлэх хэрэгтэй. Би Mонгол соёлдоо хайртай. Соёлоо хайрлаж, соёлоо хадаглаж байхад буцаад хэзээ нэгэн цагт нийлнэ. Бид эзэн Чингисийн үеэс хадгалж, дээдэлж ирсэн эрхэм нандин өөрийн соёлтой хүмүүс. Yүнээс өөр нандин юм юу байна.

Дэлхийн олон оронд Монгол үндэстэн тарсан. Оросод Халимаг, Буриад, Тува, Алтай, Хятадад олон Монгол аймгууд бий. Энэ тархай бутархай монголчуудын эв нэгдлийн талаар ямар юм хиймээр санагддаг вэ?

Хамгийн чухал нь бид нийлж кэрэм босгох хэрэгтэй. Соёлын кэрэм босгож, босоогоороо оршин тогтнож, соёлоороо өөр хоорондоо холбогдох хэрэгтэй. Тэгэхгүй бол шал болно. Шалан дээр хэн ч гишгэнэ. Yүнийг бид мартаж болохгүй юм. Соёлоороо холбогдож байж, дотно харилцаа тогтооно. Сайн харилцаа тогтож байж, хамтдаа ажиллана. Тэгэж л бид гал голомтоо авч явах юм. Энэ соёлоо дэлгэрүүлэх юм бол Чингисийн соёл гэдгээр нь дэлхий дахинд биднийг мэднэ.

Амeрикт монголчууд олон бий. Хэрвээ хүсвэл та Амeрикт ирж тоглож чадах уу?

Урих юм бол очно оо. Тоглолт хийвэл ганцаараа очихгүй. Намайг дагаж явдаг нэг, хоёр хүн бий, тэдэнтэйгээ хүрнэ. Тэгээд хөтөлбөртөө тааруулаад урт, богино Жангар хайлан дундуур нь хархириа хөөмийн дуу оруулна.

Сар шинийн баярыг тохиолдуулж Монгол ах дvv нартаа юу хүсэх вэ?

Жилээс жилд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж, аав ээжийгээ ачилж, алтан ганжир шиг гялалзаж, олон нийтээрээ өвдөх өвчингүй энх амар яваарай.

Баруун Монголын уухайт түмний бамбарын оч мэт гэрэлтэн бадарч яваа цагийг эзэлсэн жангарч Цагаан Зам танаа Монгол тvмнээ тєлєєлж сайн бүхний дээжээс сэрчимлэн єргєе. Хурай. Хурай. Хурай.


Замдаан сэтгүүлийн 17-р дугаараас
2004 оны 1 сар

6 comments:

ganga said...

Халх, буриад, халимаг, харчин хорчин, даури уйгар гэх бүх л монгол туургатан соёлын хэрмээ хамтдаа босгомоор сон.

Цагаан Замен тоглолтыг Чехэд үзэж байсан, сайхан байсан.

Wolf said...

Амжилт хүсье :)

Оогий said...

Гоё ярилцлага байна шүү. Баярлалаа

Anonymous said...

"Монголын соёлын хэрэм". Чихэнд чимэгтэй сонсогдож байна шүү.

Билигсайхан said...

Манжийн хаанд бичиж байсан захиаж эмхэтгэсэн номыг хаанаас олох бэ? Нэр нь юу бэ?

Ш. Баатар said...

2004 оны үед Хятадын дотоод яамны нэгдүгээр нууцлалтай архивт 50-иад жил хадгалагдаж байсан Манжийн хаанд бичсэн болоод хаанаас явуулсан хариу захиануудыг эрдэмтэн мэргэдэд нээлттэй болгосон юм билээ. Тэгээд өвөр Монгол нөхдүүд Манжийн Энх-Амаглан хааны анхдугаар оноос хойших 60 жилийн дотор Манжийн хаантай Ар Халх, Өөлд улс, Хошууд аймгийн мэдэлд байсан Далай Ламын засгийн газартай харьцаж байсан монгол манж захиаг нэгтгээд 22 том боть ном болгожээ. Энэ номын нэр нь Дайчин гүрний Дотоод яамны Монгол бичгийн гэрийн данс болно. Нийт үнэ нь 4000 орчим доллар болж байсан. Томоохон номын санд хүсэлт гаргаж, худалдан авбал дээр байх. Хэрвээ төв номын санд байхгүй бол энэ номыг худалдан авах талаар төсөл боловсруулж тус номын санд туслах хэрэгтэй. Номын санд уг ном байна гэдэг нь нийтийн хүртээл болоход хялбар юм.