Monday, July 20, 2009

Алдарт эрдэмтэн Жагжид Цэцэн тэнгэрийн орноо



Хөх толботой төрж, аялгуут сайхан монгол хэлээр хэлд орж, ахуй нь монгол ертөнцөд хөлд орсон л бол халх өвөр, баруун зүүн, буриад барга, халимаг тува хэн агаад монгол бус уу. Монгол хэмээх нэгэн төрлийг олсон хүн бүр монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ цуурайтуулах хувьтай билээ. Гэвч Монгол хэмээх нэрийг энэ дэлхийд цуурайтуулсан монгол хүн тоотой цөөн буй за. Тийм нэгэн монгол бол Харчины алдарт эрдэмтэн Жагжид Цэцэн гуай билээ. Монголыг ар өврөөр нь цуулан хуваахад сэтгэл нь урагдаж, Монгол орныг НҮБ-д данстай болоход сэтгэл зүрх нь бадамлаж явсан энэ эрдэмтэн насан туршдаа Монголын түүхээр 10 гаруй ном, 300 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл бичжээ. Түүний бичсэн 5 ном, олон арван нийтлэл англи хэлэнд хэвлэгдэж дэлхийн монголч эрдэмтдийн хүртээл болсон юм.

Эрхэм эрдэмтэн Жагжид (Захчид) 1915 онд Харчин аймгийн захирагчийн гэрт мэндэлжээ. Түүний өсч ториносон Шар сүмийн номын сангаас хожим түүний нагацын талын Инжинаашийн бичсэн Хөх судар номын эхийг олж байсныг дурдвал удам дамжиж, үе залгамжилсан сурвалжит хүмүүн байжээ. Энэ талаар түүнээс лавлан асуухад “-Би язгуур угсаат ноён хүн биш, миний өвөг Харчин аймгийг 7 үе захирсан юм. Энэ бол харц хүний хүрэх дээд албан тушаал байлаа. Түүнээс би Чингисийн удмын язгууртан биш, манайхан тавнангийн талын улс. Харчин гэдэг бол холыг хардаг харц өндөр гэсэн үгнээс гаралтай ийм аймаг” хэмээн хуучилж билээ. Энэ их эрдэмтний гэрт 10 гаруй жил орж гарахдаа олон сайхан түүх яриа сонcох завшаан дохиов.. Чингис хааны хөргөн дээр өмссөн малгайг “хараацай” нэмээн нэрлэдгийг, Зөвлөлт Монголын арми Өвөр Монголыг хэрхэн чөлөөлснийг, Дэ ван гэж олноо өргөгдсөн Дэмчигдонор агсаныг ямар хүн байсныг, сэхэн өндийж сөхөөрч унасан Өвөр Монголын хувь заяаны талаар, Далив гэгээн хэрхэн хувь заяанд нь нөлөөлсөн тухай, Монголын түүхийн учир нь олдохгүй олон зангилгааны талаар мөн ч их юм хэлүүлсэн билээ. Тэрээр бага балчир насандаа Бээжингийн англи сургуульд сурч, Батхаалганы оюутны хөдөлгөөнд оролцож, Японы Васэдагийн их сургуульд сурч, Шилийн гол чуулган дарга хийж, Дэ Вангийн гадаад хэргийн сайд хийж, гоминданы намынхныг даган Тайванд дүрвэж, түүх соёлоо судалж, Тайпэй-гийн их сургуулийн багшаас Америкийн Юта мужийн Бригам Янг Их сургуулийн профессор хийж явсан түүхэн замналыг нь сонсч бахархаж байлаа.

Дэлхийн монголч эрдэмтэд түүнийг Монголын нууц товчоог хятад хэлэнд хамгийн сайн орчуулсан эрдэмтэн хэмээн үнэлдэг юм билээ. “-Та яагаад Нууц товчоог хятад хэлэнд орчуулах болов” гэхэд “-Хятад хүн бол сэтгэл гаргаж орчуулахгүй, монгол хүн л сэтгэлээрээ орчуулах ёстой” гэж билээ. Академич Ш.Бира гуай Жагжид авхайг Монгол орноо урьж олон улсын эрдэмтдийн хуралд 1992 онд оролцуулсан байна. Монгол орныг анх нүдээр үзсэн тухай нь яриулахад “-Монгол хүн болж төрснийх хатан Туулынхаа уснаас амьд ахуйдаа амсч үзлээ, хань ижил нөхдөө цаазаар авахуулсан газар хэвтэж нэг үзлээ, хорвоо сонин юм, гучин жилийн өмнө энэ нутагт өлмий тавьсан нөхөд энэ хөрсөн дор хэвтэж байхад би харин хөх тэнгэр ширтээд хөрсөн дээр нь хэвтээд их юм бодогдлоо, Улаанбаатар маань дөрвөн уулын аман дээр хоёр өндөр уурын зуухны (цахилгаан станциуд) салхин доор байх юм, энэ хүмүүсийн уушиг хайран хэмээн харaмслаа, Туул голын хэвлийгээс хэдэн бөөрөнхий чулуу авсан боловч хил дээрээ гаргасангүй надаас хураагаад авлаа, би бас хувь муутай хүн юм аа” хэмээн нулимс унаган хүүрнэж билээ.

Н.Энхбаярыг Монгол улсын Ерөнхийлөгч байх хугацаанд цал буурал өвгөнийг Алтангадас одонгоор шагнуулахаар удаа дараа бид тодорхойлсон боловч бүтээгүй л юм даа. Эрхэм эрдэмтнийг амьд ахуй цагт нь Монголын төр нэг удаа ч урамшуулсан бол гэсэн бодолтой Жагжид авхайг тэнгэрийн оронд үдлээ. Эрхэм эрдэмтний тарьсан номын үрээр энэ ертөнцийн алдарт сургуулиудын Монгол судлал цэцэглэн хөгжив. Юутай сайхан юутай гайхалтай. Номын мөр цагааны адил эрдэмтний үлдээсэн мөр дээдийн цагаан ажээ.

2009 оны 7 сарын 20

8 comments:

Миний блог said...

R.I.P. Сайн төрлийг олох болтугай.

Soronzon said...

Бурханы оронд төрөх болтугай.

Д.Цэрэнбат said...

Ergej Mongoldoo toeroh boltugai!

ganga said...

Эмгэнэл илэрхийлье.

Жагжид Цэцэнг манай төр засгаас үнэлчихгүй дээ, хөөрхий.

Odnoo said...

ご冥福をお祈りします

Naran said...

1982,83 оны үед Токиогийн гадаад хэлний их сургуульд сурч байхдаа энэ их хүнтэй уулзаж ойр дотно ярьж хөөрөг аз тохиож байж билээ.Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэж сонсоод ихэд эмэгнэж байна. Тэнгэрийн оронд залрах болтугай.

Ulzii said...

Hedii bi ene nomtoni tuhai endees l sonsoj baiga bolovch uurin uvuu shige hundleh setgel turj bn aa. Mun gun emgenel ilerhiiley.

ashita said...

ene ih hunii toloo emgenel ilerhiilie. Harin altan gadast yaaj todorhoiluuldag yum be? minii bagsh bas neg ovor mongol hun Yopond mongol sudlald mash ih huvi nemer oruuldag yum.