Saturday, January 12, 2008

ШИРЧИНГИЙН БААТАР: БУРХАНЫ ШАШИНД МУХРААР СҮСЭГЛЭХЭЭС ИЛYY НОМЛОЛ СУРГААЛЫГ НЬ СУДЛАН ДАГАХ НЬ ЧУХАЛ ЮМ

2006-01-28

Ажаа гэгээн хүсэлтийг нь хүлээн авч Удирдах зөвлөлийг шинээр байгуулан үйл ажиллагаагаа эхэллээ. Дэлхийд нэртэй, энэ шашин номын ариун газрын Удирдах зөвлөлд анх удаа Монгол улсын иргэн сонгогдсон нь Сан-Франсиско хотын Монголчуудын Холбооны тэргүүн Ш. Баатар юм. Ш.Баатар шашин ном, Монголын түүх соёл хийгээд муж улсынхаа Монгол зоны ахуй амьдралын тусын тулд сайн дураар идэвхтэй ажилладаг нэгэн. Энэ удаад түүнтэй Төвдийн Соёлын Төвийн Удирдах зөвлөлд сонгогдсоных нь тул зөвхөн шашин номын чиглэлээр ярилцлаа.

Төвд улс, Бурханы шашны талаар багаасаа мэддэг байв уу?
Энэ талаар ярихаасаа өмнө нутгийнхаа тухай ярья. Манай нутаг Монголын төв хэсэгт байдаг, Өвөрхангай аймгийн Уянга сум, хуучнаар бол Сайн ноён хан аймгийн Сайн ноёны өөрийн нь хошуу. Онгийн хүрээ гэж тэнд байгаад дараа нь тэр хүрээний Бурхан зурдаг лам нараар сүмийнхээ суурин дээр артель байгуулж гэрийн мод, эдлэл хийж эхэлсэн нь сүүлдээ их алдартай Уянгын хийцийн гэр гэгдэx болсон юм. Намайг бага байхад тэр лам нараас олон хүн амьд байлаа. Тэр олон өвгөчүүлийн дунд өсөхдөө Жагарын орон (Энэтхэг), Цастын орон (Төвд) гэж юу байдаг, Онгийн хүрээ ямар байсан зэргийг тодорхой сонсч мэдсэн. Дээр нь манай өвөг дээдэс өөрсдөө их шүтлэгтэй, Зууд мөргөдөг, Утайд мөргөдөг, Гүмбүмд мөргөдөг, тэндээс Бурхан залж ирдэг хүмүүс байж. Тэдний яриа хөөрөө зэргээс анх Төвд орны тухай, шашин номын тухай ойлголт төсөөлөл маань бүрдэж, бага наснаас сэтгэлд хоногшсон билээ.

Төвд үсгийг анх хэрхэн үзэв?
Надад хамгийн анх төвд үсэг заасан номын багш бол Лодойсамбуу гэж гэвш байлаа. Багш маань дээхэн, 70-аад оны дундуур өөд болж дараа нь Балжинням гуай гэж Арвайн хүрээнд сууж байсан өвгөн ламаар заалгасан. Тангад 30 үсгээ үзэж дуусгаад уншлага үзээд орчуулга хүртэл сурсан юм. Тэр үед орчуулга үзэх их хэцүү, сайн толь байхгүй, Дорж гуайн гаргасан нэг сурах бичгийг л ахин дахин үздэг байлаа. Тэр зэргээс болоод зөвхөн уншлагатай л гарснаас биш орчуулга сурч чадаагүй юм. Бас дээр нь түүхч болно гэж их мөрөөддөг байсан. Тэгээд амьдралын салаа зам дээр ирээд техникийн мэргэжлийг дагалаа даа.

Тангад гэснээс Монголчууд Төвдийг Тангад гэж ярьдаг. Энэ хоёр адил улс мөн үү?
Өөр улс байх аа. Манайхан жишээ нь Хятад гэдэг үгийг Киданы олон тоогоор бүтээсэн. Кидан нь Монгол, Хятад хоёрын дунд байсан улс. Цаана нь чухам хэн байгааг мэдэлгүйгээр тэгж нэрлээд одоо Хятад гээд буруу тогтчихсон үг. Түүнчлэн одоогийн Төвд, Монголын хооронд Тангад гэж эртний түүхтэй улс байж. Судар номд Баруун, Зүүн Си Ся гэж гардаг, Торгоны замыг олон жил ноёрхож ирсэн, эртний түүхтэй орон. Манайхан 13-р зуунд тэднийг эзлэхэд тэд цааш зугтаж өндөр ууланд гарсан байдаг. Тэр уул нь одоо Төвдийн хойд талд байгаа Тангула хэмээх уул. Тэр үеэс л нийтэд нь Тангад гэж нэрлээд заншчихсан болов уу даа. Ямартай ч бүр Манжид эзлэгдэх үед Тангад гэж аль хэдийн Төвдийг нэрлэдэг болчихсон байсан нь тодорхой. Тухайлбал тэгэхэд Бээжинд Тангад хэлний сургууль гэж байсан нь Монголчуудад Төвд хэл заадаг сургууль байв.

Далай багш айлдахдаа Монгол-Төвд ихэр ард түмэн хэмээсэн. Ихэр хоёр ард түмний эрт эдүгээгийн харилцаанаас хуучлахад?
Торгоны замаар дамжаад Төвд Монгол их эрт үеэс харилцаатай байсан байх. Тангад улсыг эзэлсний дараа хамгийн анх шууд харьцаа тогтсон. Үүний дараачаас урд зүгийг түвшитгэсэн Годан хааны үеэс Төвдөөс эрдэмтэн мэргэд, гэгээн, лам нарыг залж, шашин ном, улс төрийн талаар ихэд сонирхолтой харьцаа тогтжээ. Үүний дараа үед Төвд дэх шашны гурван том урсгал хоорондоо эвдрэлцэж үймээн самуунтай үе ирсэн. Гурван том урсгал гэдэг нь манайхны эрт үед шүтэж байсан Сажагийн ёс, шарын шашин буюу Гэлүгва, улааны шашин буюу Нямава. Монголын бага хаадын үед алиныг нь дагахаараа бас эсрэгцэлдэж Төвдийн дотоод хэрэгт маш гүнзгий хутгалдаж эхэлсэн юм. Лигдэн хааны талынхан гэхэд л улааны талыг хүчтэй дэмждэг. Энэ үеэс өмнө шарын шашин Монголд маш хүчтэй дэлгэрсэн байлаа. Алтан хаан л гэхэд Сономжамц ламыг урьж 3-р Далай лам цол хайрласнаас хойш энэ цол бий болж, 4-р Далай ламаар Монгол хүн тодорч байсан. Энэ дэлгэрэлтийг Манжийн хаан улс төрийн зорилгоор ашиглаж болох юм хэмээн маш нарийн тусгаж авсан байгаа юм. Тэрийгээ ч нуугаагүй. Сэцэн Жагчид гуай надад энэ талаар их сонирхолтой юм ярьж байсан. Бээжинд Юн Хэ Гүн гэж Манжийн хааны үед байгуулагдсан Монгол сүм бий. Зуугаад Монгол ламтай уг сүмийн хаалганы хоёр хажуу талд бичээс байдаг дээр “Манжийн хаан миний бие Ар Өвөр хоёр Монголыг нэгтгэн захирахын тулд шарын шашныг дэлгэрүүлэв” гэж бичээтэй байдаг. Манайхан орж мөргөхдөө үүнийг ер анхаарч байгаагүй юм. Би хүртэл огт анхаарч байсангүй. Одоо нэг хүрэхээрээ зориуд уншъя гэж бодож байна.

Ажаа гэгээнтэй та анх хэрхэн танилцаж, хамтран ажиллах болсон юм бэ?
Ажаа гэгээн бол Монголчуудын хайрлаж явбаас зохих, Монгол түмнээс шашны хамгийн өндөр зэрэгт хүрсэн гэгээн хүн юм. Далай Богд, Банчин лам нартай их ойрхон явж ирсэн гэгээнтэн. Монголчуудын маш их очиж, шүтэн мөргөдөг Гүмбүм хийдийн хамба лам байсан, Хөх нуурын хошууд Монгол хүн. Анх намайг 1997 онд Бостонд ирэхэд Ажаа гэгээн Нью-Йоркт ирсэн байсан юм билээ. 1998 онд Сан-Франсискод шилжиж ирсний дараа Жамц гуайн хүү Палгий намайг анх Ажаа гэгээнд дагуулж очсон. Тэр цагаас хойш Гэгээний ажил төрөлд туслан, Монголчууддаа ойртуулах ажил зохиож явна.

Ажаа гэгээнтэй хамтран ямар ямар ажил зохиов доо?
Ажаа гэгээнтэй хамтран гэдэг юм уу, Ажаа гэгээний буянаар тэр хавийнхаа Монголчуудыг Далай ламтай гурван ч удаа золгууллаа. Бурханы шашинтан хүний хувьд Далай багштай гурав уулзана гэдэг тэр болгон олдох хувь заяа биш шүү. Үүнийг бизнес, шашны үйл ажиллагаа гэдэг утгаар нь бус харь улст яваа Монголчууддаа сэтгэлийн дэм өгөх талаас нь зохион байгуулсан юм. Хүмүүсээс цугласан хандиваар уулзалтын байрны хөлсийг төлөөд үлдсэн мөнгийг Далай багшид өргөл болгон барьсан. Үүнээс гадна манайхны өвдөх, нас барах бүх л зовлонд Ажаа гэгээн тусладаг. Би их гайхдаг юм. Олон хүний шарилыг чандарлахад Ажаа гэгээн байлцаж, хойтхыг нь уншиж өгсөн. Ийм том гэгээн хүнээр хойтхоо уншуулна гэдэг бас том хувь заяа шүү. Ажаа гэгээний нэг онцлог нь ямар ч Монгол хүний гуйлтад үгүй гэдэггүй. Нэр сүртэй хийдийн хамба явсан том гэгээн гэж өөрийгөө олноос тусгаарладаггүй. Миний нэг гол зорилго болох Ажаа гэгээнийг Монголчуудтай холбож өгнө гэсэн маань үндсэндээ биелсээн. Одоо гэгээнийг олон хүн мэддэг, цагаан сар болгоноор Ажаа гэгээний төв дээр золголт хийдэг, Молом ерөөл уншуулдаг болслн. Би гэгээнийг багш аа хэмээн дуудъя гэж санасан байтал гэгээнтэн Алдас болно гээд ах, дүү гэж нэгнээ бид дууддаг болсон. Тиймээс би гэгээнтнийг одоо хуурай ах шигээ бодож явдаг юм.

Монголчууд бид Төвдтэй харьцахдаа өөр гадаад улсын байр суурийг харах ч юм уу, ямар нэг хязгаарлалтай хандах хэрэгтэй юү?
Монголчууд бид Төвд ах дүү нартайгаа хамтран шашин, соёлынхоо үйл ажиллагааг сэргээн хөгжүүлж явах нь чухал. Улс төр, геополитик, эдийн засаг аль ч талаа бодсон Төвдүүдийн улс төрийн үйл ажиллагаанд оролцон хутгалдах хэрэггүй гэж боддог. Соёлынхоо харилцааг маш өргөн хүрээнд дэлгэрүүлэх нь зөв, үүнийгээ харин улс төржүүлж болохгүй.

Та саяхан Төвдийн Соёлын Төвийн Удирдах зөвлөлд сонгогдлоо. Бурхан номын энэ ариун газар Монголын соёлыг бас дэлгэрүүлэх боломж байна уу?
Байна аа. Ийм учиртай юм. Энэ ТСТ-г байгуулсан Норов ренбүүчи бол Далай ламын төрсөн ах. Индианагийн Их Сургуульд багшилж байхдаа Блүүмингтон хотноо энэ төвийг үүсгэн байгуулж, Далай лам ч үүнд нь идэвхтэй тусалж. Одоо Далай лам энэ төвийн үйл ажиллагааг цаашид сайн сайхан авч явахын тулд гурван зорилт тавиад байгаа юм. Нэгд, Сэра, Гома гээд Төвдийн 6 том хийд байдгаас ихэнх нь гадаадад сүм хийдээ байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн байгаа. Гэтэл Гүмбүм нь тэр 6 хийдийн нэг, Богд Зонхавагийн мэндэлсэн газар атлаа гадаадад үйл ажиллагааг нь дэмжих ямар нэг сүм, төв байдаггүй. Тэгээд энэ төвийг АНУ дахь шинэ Гүмбүм хийд болгохоор төлөвлөсөн. Далай багштанд Гүмбүм хийдийг тухайлан дэмжих олон шалтгаан бий. Норов ренбүүчи өөрөө Гүмбүм хийдийн хамба байсан, Ажаа гэгээн бас Гүмбүмийн хамба байсан. Далай лам өөрөө Гүмбүмтэй их ойрхон газар төрж, тэнд мөн шавилан сууж байсан юм билээ. Хоёрт гэвэл энэ төвийн үйл ажиллагаа сайжирваас Гүмбүм хавийн ард түмний ахуй амьдралд буяны зориулан буяны үйл хийх (ялангуяа мусалмануудад алдсан Шилинг гэдэг хотын Монгол, Тангад иргэдийг боловсруулах, хэл соёлыг нь сэргээхэд), гуравт, Норов ренбүүчи өөрөө он удаан жил Монголчуудтай холбоотой явж ирсэн, Монгол хэлээр ус цас хүн. Ажаа гэгээн бас Монгол хүн. Тиймээс энэ төвийг бас Монголын соёлын төв давхар болгох, ийм гурван лүндэнг Далай лам буулгасан юм. Тэгэхээр бид энэ лүндэнг биелүүлж, Монголын соёлын төв нээхэд энэ сүмийн хаалга нээлттэй байна. Дээр нь нэмж хэлэхэд ТСТ-ийн Удирдах зөвлөлийн 7 хүний 2 нь Монгол хүн байна гэдэг Монголчуудын нөлөө хир байгааг харуулж байна. Блүүмингтон, Индианаполис, Чикаго, Луйсвиль, Дэйтон болон бусад хотын Монголчууд өөрсдөө идэвх санаачлагатай байж, ажил хэрэгч саналууд дэвшүүлбэл бид дэмжинэ. Монголчууд бүх төрлийн үйл ажиллагаагаа явуулж болох сайхан байр, орчин бэлэн байна шүү.

Шарын шашны сүм хийдүүд их олон биш учраас АНУ-д ирсэн Монголчууд Христийн сүмд олноор явж байна. Энэ талаар таны бодол?
Бурханы шашин их либераль шашин шүү дээ. Өөр шашинд явахад араас нь хөөцөлдөж явахгүй, манайд орлоо гээд шагнаж урамшуулахгүй. Бүгдийг их философи талаас нь сэтгэн боддог. Бүхий л амьтан, хүнд тус болохын төлөө байдаг. Би ч бас тэр талаас нь бодож, Христийн сүмд яваа хүнийг заавал татах гэдэггүй юм . Гэхдээ зан үйл, хэл соёл аль ч талаас нь бодсон өвөг дээдсийн маань хайрлан хүндэтгэж, хөгжүүлж ирсэн тэр шашин л илүү байх нь дамжиггүй. Хөгжүүлж гэж тухайлан хэлж байгаа маань учиртай. Монголчууд энэ шашныг хөгжүүлсэн учраас Далай лам Төвдийн шашин гэдэггүй, Төвд-Монголын шашин гэдэг. Далай багшийн ихэр ард түмэн гэдэг ч бас нарийн учиртай үг. Ах дүү ард түмэн гэвэл хэн нэг нь ах, нөгөө нь дүү болж таарна. Бурханы шашинд оруулсан хувь нэмэр гавьяа нь яг адил учраас ихэр ард түмэн гэж байгаа хэрэг. Монгол лам нарын бүтээсэн ном судар, эрдмийн бүтээл асар их. Бидний өвөг дээдэс ухаан санаа мунхагтаа юм уу, сонголтгүйдээ энэ шашныг авсан юм биш. Бүр олон жилийн өмнө лалын, христийн сүмүүд Монголд байж л байсан. Гэтэл заавал тэр их философитой Бурханы шашныг зориуд сонгож авсанd их учир байдаг. Харин сүүлийн үеийн хүмүүс яг нарийн сургаал номыг нь шүтэхээсээ илүү мухар сүсгийн талаас нь биширдэг болжээ. Энэ бол муу юм. Сандрахаараа, айхаараа маань уншаад л болох бус жинхэнэ сургаал номлолыг нь судалж дагах нь чухал билээ.

За их баярлалаа. Шинэ албанд тань өндөр амжилт хүсье.

Ярилцсан М.Саруул-Эрдэнэ (Монгол Улсын Боловсролын Их Сургууль) Америкийн монголчуудын “Даяар Монгол” сонины 80, 81-р дугаараас

No comments: