Thursday, October 21, 2010

Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайдтай уулзав



Өнөөдөр Кальфорн мужийн Сан Хозе хотноо гарч буй Чингис хааны үзэсгэлэнг Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайд Жонатан Эдлтон гуай ирж үзлээ. Уг үзэсгэлэнг зохион байгуулагчдын нэг зураач, баримaлч Нацагийн Ганхуяг ах намайг элчин сайдад музейн үзмэрүүүдийг тайлбарлаж өгөхийг хүссэн тул Жонатан Эдлтон гуайг дагуулан бүх үзмэрийг эргэж тайлбар хийж өглөө. Жонатан Эдлтон гуай эгэл даруу энгийн нөхөрсөг яриатай, хүний асуултанд товч тодорхой чамбай хариулдаг, зэгсэн боловсролтoй, Америкийн төрийн ухаантай дипломат хүн байна. Хоёр цаг орчим ярилцсаны эцэст түүнийг Монгол оронд, монголчуудад элгэмсэг дотно хайртай, Монголын түүхийг эрхэмлэн хүндэтгэдэг нэгэн болохыг олж мэдлээ. Жонатан Эдлтон гуайн хэлж ярьж байснаас ой тойнд бууж үлдсэнээс товч сийрүүлэн хэлье.

"-Би Ази, Европын олон орноор явж ажиллаж үзсэн. Миний явсан газар бүрт л монголчуудын ул мөр үлдсэн байсан нь надад их гайхалтай санагдсан. Монгол улс нь Орос, Хятад зэрэг
их гүрнүүдийн хажууд байгаа жижиг улс. Жижиг улс том гүрний хажууд зэрэгцэн оршиж болдгийг харуулсан бодит жишээ болох юм. Монголчууд бол гайхалтай түүх, соёлтой ард түмэн. Би "Алтайн магтаал" сонсох их дуртай. Америкчууд бид монголчуудын дунд, монголчууд америкуудын дунд орж ажиллах нь зүйтэй гэж би үздэг." гэх мэтээр Монголын талаар их өөриймсөг ярьж байлаа.

Монголын их гүрний Яса хуулийн танилцуулгыг үзэж байхад нэг ийм тайлбар хийсэн билээ. "-Монголчууд морин дэл дээр цаг хугацааг ихэнхдээ өнгөрөөдөг байсан тул хуулийг нарийн нягтлан тунгааж, аль болохоор богино хэллэгээр бүх хүнд ойлгомжтой байхаар бодож боловсруулдаг байжээ. Жишээлбэл нэгэн хуулийг би танд хэлье. Энэ бол татварын хууль юм. Америкт хүн үхэх, татвар төлөх хоёр үнэн гэж хошигнон хэлдэг шүү дээ. Тэгвэл Монголын татварын хууль ийм байсан байна. Хэрвээ иргэн хүн татвар төлөхгүй бол хөрөнгийг хураана. Хөрөнгө үгүй бол хүүхдийг авна. Хүүхэд үгүй бол эхнэрийг авна. Энхэр үгүй бол толгойг авна ." гэдэг байжээ хэмээн хэлсэн юм. Монгол цэргийн сэлэм, хуяг дуулга, эмээл, дөрөө зэргийн нарийн тайлбар хийж өгсөн.

Америкийн хятад иргэдэд зориулан хятад хэлээр гардаг Цинтао /Одны Арал/ хэмээх сонины сурвалжлагч хятад бүсгүй элчин сайдыг Монголын соёлд хайртай гэж хэл
сний дараа "-Та тэгвэл монгол хэлээр ярих уу?" гэж ороож асуухад нь "-Би монгол хэл мэдэхгүй. Харин та хөрш орныхоо хэлээр сайн ярих уу?" гэж хариу асуугаад таг суулгаж байна. Цахиурын хөндийн талаар намайг ярингуут "-Одоо саналаа. Цахиурын хөндийн талаар монгол сэтгүүлд ярилцлага өгсөн хүн өөрөө байна шүү дээ. Зураг нь яг мөн байна." гэж хэлэв. Их гярхай, мөн газар дээр нь хурдан шийдээд хариу барьдаг хурц ухаатай хүн байна даа.

Элчин сайд яриаг минь ихэд анхааралтай сонсч байсан тул чин сэтгэлээсээ тайлбар хийж өгөхийг би ихэд хичээнгүйлсэн билээ. Жонатан Эдлтон гуай бол миний уулзсан Монголд суугаа АНУ-ын хоёр дахь элчин сайд байв. Маргааш энэ эрхэм хүний яриаг Бөркелей дэх Кальфорны их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэн дээр очиж сонсоно оо.


7 comments:

BEREGU said...

Сайхан ярилцлага болсон байна..

Та бидэнд Монгол цэргийн сэлэм, хуяг, эмээл гээд хэрэглэдэг байсан эд зүйлсийнх нь хэрэглээ уялдааны талаар АНУ-ын элчин сайдад тайлбарласнаасаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Олон хүн энэ талаар мэдээлэл багатай байгаа байх...

xacap said...

saihan hun bna aa. Baatar ahaa tanii sudalgaanii ajild amjilt husii. Tanii nomiig bi zaaval unshinaa

Эрдэнэбаатар said...

Маш сайхан ярилцлага байлаа

Banjuu said...

Жон Аддлетон гуай 2001 оны үед Монголд ажиллаж байхдаа хүү Инн-ээрээ дамжуулан сургууль завсардсан хүүхдүүдэд зориулсан албан бус сургалтыг ивээн тэтгэж байлаа. Монголд элэгтэй хүн дээ.

Ш. Баатар таны бичлэгүүдээр өнөө оройжингоо аялалаа, сайхан бас бахархалтай санагдлаа. Улам улам амжилт хүсье.

Ms.Teerk said...

Таны бичлэгүүд их таалагдаж байна. Номыг нь хэвлэгдэн гарахыг хүлээж байя, амжилт хүсье!

btkhcgs said...
This comment has been removed by the author.
btkhcgs said...

Зөв хүний зөв үйлдэл үргэлж үлгэр дууриал байдаг.
"Сайн сэтгэлийн үзүүрт тос" ч гэдэг.
Ш.Баатар ахын судалгааг дэмжиж байна.