Saturday, December 16, 2006

Их зохиолч Инжинаш

Монголчууд бол түүх, уран зохиолын баялаг өв уламжлалтай үндэстэн. XIII зууны үеэс өмнө түүх, уран зохиолын зааг ялгараагүй шахам байх үеэс түүхт үйл явдлыг уран сайхнаар чимэглэн өгүүлэх явдал монголчуудын дунд ихээр дэлгэрсэн. Энэ уламжлал XIX зуун хүртэл үргэлжилсээр ирсэн. Энэ зааг ялгааг тодруулж монгол түүхэн уран зохиолын гарааг эхлүүлсэн хүний нэг бол монгол үндэстний агуу их зохиолч Ванчинбалын Инжинаш (1837-1892) билээ. Түүний тууривсан "Их юань улсын мандсан төрийн хөх судар"-ыг Монголын уран зохиолын түүхэн дэх анхны түүхэн роман гэж үзэж болно. Тэрээр "Нэгэн давхар асар", "Улаанаар уйлах танхим" зэрэг хоёр цуврал роман бичжээ.

Их зохиолч Инжинаш 1837 онд Өвөр монголын Зостын чуулганы Түмэд баруун хошууны (одоогийн Ляонин мужийн Бэйпяо сяний Ся фу сян) "Шудрага бат хороо"-ны туслагч тайж Ванчинбалын долдугаар хүү болон төржээ. Түүний багын нэр нь Хасчулуу, хятад нэр нь Бао Хэншань, өргөсөн нэрийг нь Рүньтин гэдэг байжээ. Зостын чуулган нь XIX зууны үед Өвөр монголын олон чуулгануудын дотор, Манж Чин улсын нийслэл хотоос хамгийн ойролцоо оршдог мөртөө хятадын төв, зүүн хойт нутгийн гүүр болсон, монгол хятад иргэд холилдон сууршсан газар байжээ. Энэ байдал Зостын чуулганыг эдийн засаг, соёлын талаар дотор газартай нягт харилцаатай болгож, түмэд монголчуудын дунд хятадын соёлын болон амьдралын хэв загвар нэвтрэх нөхцөлийг бүрдүүлж, хурдан хятадчлагдах үүд хаалгыг нээж өгсөн ажээ.

Инжинашийн эцэг Ванчинбал өндөр боловсролтой, угсаа язгууртай тайж хүн байсан ба монгол, хятад, төвд, манж зэрэг олон хэлний ном судар цуглуулан хадгалж, түүх шастир судлан шүлэг зохиол туурвиж байсан болохоор багаасаа ухаан сэргэлэн Инжинашийн уран бүтээл зохион туурвихад энэ нь асар их нөлөөлсөн байна. Инжинаш монгол, хятад, төвд, манж хэлийг нэвтэрхий сурч, арваад наснаасаа шүлэг, дуу бичиж, бас түүндээ зориулан зураг зуран хавсаргаж байсан бөгөөд хорин хэдэн наснаасаа морин хуурын үлгэр тууль дуурайлган зохиож, харь хэлнээс ном судар орчуулах ажил хийж, утга зохиол, түүх шастир, шүлэг найргийн талаар онолын шинж чанартай өгүүллийг монголоор туувиж, уран бүтээлийнхээ гараагаа эхэлсэн байна. "Цагаан үүл", "Хөх хад" зэрэг шүлэг нь түүний залуу үеийн төлөөлөх чанартай яруу найргийн бүтээл нь болно. Инжинаш бас залуу насныхаа амьдралаас сэдэвлэж, "Улаан өнгөтний нулимс" гэдэг зохиол бичжээ.

Их зохиолч Инжинаш "Их юань улсын мандсан төрийн хөх судар", "Нэгэн давхар асар", "Улаанаар уйлах танхим" романаа бичихдээ монгол үндэстнийхээ уран зохиол болох уран домог, түүхэн үлгэр, ардын дуу, ерөөл магтаал зэрэг уламжлалыг өвлөн авсан үндсэн дээр хань үндэстний эртний сонгодог уран зохиол тухайлбал "Гурван улсын үлгэр", "Хүйтэн уулын бичиг", "Баруунтаа зорчисон үлгэр" романуудын үзэл санаа, бүтэц зохиомж, зохион бүтээх арга барилын сор содон зүйлсээс суралцан авч ашигласан онцлогтой юм шиг харагддаг.

Эцэг Ванчинбал нь "Их юань улсын мандсан төрийн хөх судар"-ыг эхлүүлэн бичиж 8 бүлэг тууривсаныг Инжинаш хожим нь үргэлжлүүлэн бичиж 69 бүлэг болгожээ. "Хөх судар"-т "Алтан товч", "Их юань улсын нууц судар" зэрэг монголоор бичигдсэн түүхийн сурвалж бичгүүдээс гадна бас "Юань улсын түүх", "Тун цзянь ган му бичиг" зэрэг хятадаар бичигдсэн монголын түүхтэй холбоотой олон ном сударыг ашигласан байна. Уг романд голцуу XIII зууны үеийн монголын түүхэнд үндэслэн Чингис хааны олон улс, аймгийг нэгтгэж хаан төрийг тогтоосноос Өгөдэй хааны үе хүртлэх үйл явдлыг уран сайхны аргаар чимэглэн өгүүлсэн байна. Иймэрхүү нүсэр их зохион бүтээх ажлаа хэрхэн гүйцэтгэсэн байдлаа Инжинаш: "-Унтах нойр идэх хоолгүйгээр өдөр шөнө залгалдан мунхаг оюуны хирээр чин үнэнээр арван анги сударуудыг анхааран нийцүүлж хослуулан эрсээр арай эс алмайтан солиурав…" хэмээн тэмдэглэсэн байдаг.

Өдүгэ шинэ монгол үсгээр Ш. Чоймаа доктор Хөх сударын гурамсан романыг хэвлэн гаргасан тул их зохиолчийн талаар нуршин дурдаж уншигч авхай таныг чилээсэн бол өршөөнө үү.

6 comments:

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Commentoo dutuu buguud oilgomjgui bichchihej. Uuchlaarai, dahij bichiye:

Injinash mongol nerneesee gadna hyatad nertei baisan ni anhaaral tatlaa. Ene ni bodvol bidnii odor tutmyin oilgolton dahi "duudah ner"-nees yalgaatai, hanz usgeer ilerhiilj bichih uyed heregleh shaardlagaar garsan baih gej taamaglav. Odoo ch zarim (magadgui ihenh?) ovormongolchuud mongol nerneesee gadna hanz nertei baidag ni mongol neree hanzaar bichiheer yu yugui urt bolj, bas ih sondgoi haragddagaas boldog yum shig baina lee. Unshigchid "hyatad ner" gehees iluu "durs usgen ner" gej bodoj unshval oi toind iluu zov buumaar yumuu daa.

Ш. Баатар said...

Ханз vсгийн онцлог нь “их нарийн утгыг vгийн тайлбаргvйгээр илэрхийлж чаддагт оршдог, зарим тохиолдолд тэр утга нь уламжлагдан vлдээгvй байдаг” гэж нэг хятад эрдэмтэн хэлж байсан. Жишээлбэл: vvр гэгээрэх, vvр хаяарах, vvр цайх, vvр манхайн цайх гээд єєр єєр vсгээр тэмдэглэддэг гээд байгаа. Тэгэхээр утгыг тєгс мэдэхгvйгээр уран сайхны гоо vзэмжийг нь мэдэрдэггvй юм гэсэн. Тиймээс дорнын соёл эзэмшсэн монголчууд хэл бичгийн тэр нарийн мэдрэмжийг хvлээн авч, єєртєє хятад нэр єгдєг, тvvндээ тайлбар єєрєє хийж vлдээдэг байсан гэдэг юм билээ. Зєвхєн дуулсныг хvргэв.

XACAP said...

Би энэ хүний нэрийг эртнээс дуулж байсан ч Өвөр Монгол хүн гэж санаанд орсонгүй. Баярлалаа мэдлэгт дусал нэмэр сайхан нийтлэл байна.

Ачболд said...

Boginohon ch gesen saihan oguulleg baina. Injannashiin Khokh Sudar-iig ene zun olj avah geed chadsangui. Nomiig delguuruuded alind ni ch alga, bas zun Mongold buh nomiin sanguud haalttai baih yum. Bur suuldee Ovor Mongolruu hun amitand zahidag yum biluu ch gej bodoj bailaa. Haanaas olj avah ve? Bas zaluudaa bichsen shulguudiig ni haanaas olj unshih ve?

Badral's personal blog said...

"Эцэг Ванчинбал нь "Их юань улсын мандсан төрийн хөх судар"-ыг эхлүүлэн бичиж 8 бүлэг тууривсаныг Инжинаш хожим нь үргэлжлүүлэн бичиж 69 бүлэг болгожээ."
Энд нэг залруулга эсвэл тайлбар нэмэхэд:
Дээхнэ үед герман хэл дээр "Эцэг Ванчинбал нь "Их юань улсын мандсан төрийн хөх судар"-ыг эхлүүлэн бичиж 8 бүлэг тууривсаныг Инжинаш хожим нь үргэлжлүүлэн бичиж 120 бүлэг болгосон бөгөөд Ц.Дамдинсүрэн ба түүний баг зөвхөн 69-г нь олжээ." гэж бичсэнтэй таарч байв... Үнэн худлыг бүү мэд дээ.