Sunday, March 25, 2007

Технологи ба уламжлал



Япончууд техник, технологийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн ч уламжлал ахуйгаа хаядаггүй, харин ч технологийн дэвшлийг уламжлалтайгаа гайхалтай хослуулж чаддаг хүмүүс юм. Энэ зурган дээрх Шагжамуни Бурхан багшийн хүрэл шуумлыг бүтээхдээ оптик фиверийн шилэн утсыг шаталтанд бараг өртдөггүй хуванцар эдлэлийн дотуур гүйлгэж хэвэнд зутгаад химийн аргаар хүрлээр хучсан байна. Ингэж боловсронгүй аргаар, хялбар төхим материалаар ур загвар сайтай бүтээсэн бурханы шуумлыг Энэтхэг, Балбад гар аргаар урласан бурхадаас 2-3 дахин бага үнээр АНУ-ын зах зээл дээр тэд борлуулж байна. Энэ загвар бол VII-IX зуунд Афганаас Япон хүртэлх торгон замын зурваст түгэн дархсан сонгодог хэлбэр юм. Ийм нэгэн шуумлыг олж аваад Ажаа гэгээнийг Блүүлингтонд залрахаас нь өмнө өлзийтэй уулзах ерөөл хүсч өргөсөн юм. “Хувраг, дээдэст бурхан ном өргөж сэтгэлээ ариусгаж явах хэрэгтэй” гэсэн Уянгын өвгөдийн хагас жарны тэртээд өгүүлсэн бичигдээгүй нэгэн хууль сэтгэлийн мниь гүнд байнга хадаатай явах юм даа. "Уудам цэнхэр говийн хангайн" уугуул би өөрийгөө энэ байдлаар хорвоогийн соёлоос хоцорч гээгдсэн нэгэн хэмээн бодож явтал, нар мандах зүгийн орны техник, технологийн өндөр мэргэжилтэн хүмүүс ч гэсэн надтай адил бодол тээж явдаг юм билээ. Тийм болохоор дорны соёлын улбаанд яваа гэдгээ би мэдрээд сэтгэл нэг л уужирсан юм. Бидний амьдарч буй энэ зуунд уламжлал, технологи ийнхүү арга бэлгээр зохицож яваа ажээ.

2007.3.25

No comments: