Monday, December 21, 2009

Төвд Монголын Шашин Соёлын төвийн нээлтийн тухай нэвтрvvлэг

2007 оны намар АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо орших Төвд Монголын Бурханы Шашин Соёлын төвийн (ТМБШСТ) нээлтэнд Дээрхийн гэгээнтэн 14-р дүрийн Далай Ламыг тус төвийн захирал Ажаа гэгээн урин залж, гурав хоног бурханы ном айлдуулах ялдамд монголчууддаа сургаалийг нь хайрлуулах сайхан боломж олдсон юм. Энэ эрхэм үйл ажиллагааг Монголын үндэсний ТВ-гээр сурважлуулахаар бид хэлэлцэн хэнийг хэрхэн урих талаар хэсэг бодсны дараа Г.Золжаргал ахыг сонгон авч хүсэлтээ түүнд тавихад дуртайяа хүлээн авч ажил төрлөө зохицуулан хүрэлцэн ирсэн билээ. Золжаргал ахыг сонгон авсан шалтгаан бол Монголын тахир дутуу хүмүүсийн төлөө зориулсан түүний нөр их хөдөлмөр, нинжин сэтгэлийг нь биширч явдаг минь нөлөөлсөн болов уу. Монголын үндэсний телевизээр гарсан уг нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Тус төвийн урилгаар 2010 оны 5 сарын 11-13-нд Далай багш ТМБШСТ-д дахин морилох болсныг дуулгах ялдамд уг арга хэмжээний бэлтгэл ажилд Ажаа гэгээндээ та бүхэн сэтгэлээсээ туслана байхаа хэмээн найдаж байна.

Нэврүүлгийг үзэх линк: энд дарна уу

Хүндэтгэсэн,
Ш.Баатар
ТМ
БШСТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн
Web: http://www.tibetancc.com/info/visit/hhdl_visit.html

Wednesday, December 2, 2009

Хувилай хааны эзэнт гvрэн


2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евр
оазийн нарийвчилсан газрын зураг олджээ. Кётогийн их сургуулийн эрдэмтэдээр толгойлуулсан шинжээчдийн баг уг зургийг Монголын Юань гүрний үед бүтээгдсэн эх зургийн хуулбар гэж тогтоосон байна. Энэ зурагт Xятадыг багтаасан Азийн газрын зургийг томруулан Африк тив, Европ тивийг нэлээд нарийвчлалтай зурж, газар орныг тодорхой тэмдэглэсэн байна. Ийм хэмжээний газрын зураг урд өмнө олдож байгаагүй ажээ. Уг зурагт Хятадын нутгийг томруулан зурсан, зургийн гарчиг дaxь Юань улсын үеэс эхлэх Евроазийг (Африк тивийг оруулаад) төлөөлөн хэрэглэх болон “Коницу” гэсэн хоёр ханз үсгээс үүдэн уг зургийн эхийг Юань улсад бүтээсэн гэж шинжээчид үзэж байна. Японы Эн-Эйч-Кэй компани энэхүү зургаас үүдэн “Хувилай хааны эзэнт гүрэн” гэдэг тусгай нэвтрүүлэг хийжээ. Нэвтрүүлгийн гол үзэл санаа, ач холбогдол нь Хувилай хаан дэлхийн хуурай газрын ихэнxийг хамаарсан том гүрэн байгуулж, тэр цар хүрээндээ олон улс үндэстний худалдаа арилжаа хийдэг байсан тухай олон баримтаар нотлон харуулсанд оршино. 50 лангийн (2 кг) жинтэй “морин туурай” мөнгөн ембүүг гадаад худалдаанд, цаасан мөнгийг дотоодод хэрэглэж байсан, мөнгөний их ордыг эзэмшихийн тулд Хятадын баруун талын Дали улсыг эзэлсэн, худалдааны төлөөлөгчдөө ислам үндэстнээр бүрдүүлж Xятадын нутгийн гүнд олон арван мянган ислам худалдаачдыг суулгасан, далайн тээвэр хийх найдвартай усан онгоц бүтээсэн, Их нийслэлээ далайтай сувгаар холбохдоо усны төвшинг өргөж, газрын өөд хөлөг онгоцыг хөвүүлэх боомтын механизмыг бүтээсэн, эдийн засгийн том гүрнийг удирдахын тулд нийслэлээ Бээжинд шилжүүлсэн, хятадуудын сэтгэлийг татахын тулд Бээжингийн хааны их ордыг байгуулсан, худалдаачин орлогынхоо 30 хувийг авч үлдсэн 70 хувийг хааны санд өргөх системийг боловсруулсан зэрэг олон үйл хэргийг баримтыг нотлон үзүүлжээ. Хувилай хаан 67 настайдаа Чамбай хатныг алдсaнаас хойш нэлээд зожиг болсон, хоёр удаагийн Японд довтолсон дайн нь бүтэлгүй болсноос сэтгэлээр унасан зэргийг өгүүлэх ялдамд нас өндөр болж 80 хүрээд таалал төгсөхийнхөө өмнө хөвгүүддээ үлдээсэн гэрээс нь Туркийн Истанбул хотын архивт монгол хэлээр, дөрвөлжин болоод уйгар үсгээр хадгалагдан үлдсэнийг үзүүлэв. “-Хөвгүүд минь ээ, Их улсыг удирдахын тулд хүн ардад хэрхэн дагахыг хүчээр тулгаж үл болно. Хамгийн чуxал нь хүн ардын хүсэл эрмэлзлэл, зүрх сэтгэлийг ойлгох хэрэгтэй” хэмээн гэрээсэлсэн байна. 700 зууны тэртээх Хувилай хааны эл гэрээс өнөөгийн Монголын төрийн тэргүүдэд хэрэгтэй мэт санагдана. Нэвтрүүлгийг доорх линкээр орж үзээрэй.

Хувилай хааны эзэнт гvрэн 1
Хувилай хааны эзэнт гvрэн 2
Хувилай хааны эзэнт гvрэн 3
Хувилай хааны эзэнт гvрэн 4
Хувилай хааны эзэнт гvрэн 5
Хувилай хааны эзэнт гvрэн 6


Ш.Баатар
2009 оны 12 сарын 2