Sunday, March 4, 2007

Гудиггvй монгол эр Бандиуш


Миний төрсөн нутгийг Өвөрхангай аймгийн Уянга сум гэж нэрлэх ба Халхад гэрийн модоороо алдартай, сарлаг үхрийн тоогоороо дээгүүрт ордог, хангайн нурууны бэл хормой газар. Хувьсгалын дараа нутаг орноо уул усаараа хэдэн жил нэрлэх хугацаанд Ханхөгшин уул аймгийн Ханхөгшин уулын хошуу нэртэй явсан ба түүнээс өмнө Халх дөрвөн ханы нэг Сайн ноён хан аймгийн Сайн ноёны өөрийнх нь хошуу явсан гэнэ. Тэр нутгийг гурав таслаад Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл гэж нэрлэжээ. Нутаг усанд маань Аргуй, Таац, Шуранга, Бөөрөлжүүт, Онгийн гол гээд хангайн нуруунаас эх авсан хэд хэдэн гол бий. Хангайн нуруунаас эх авсан ширүүн урсгалтай Аргуйн голыг гатлахад жижиг тэрэг хөвдгийг бодоход багаггүй устай гол болнo.

Тэр голын эхэнд Онолт баяных гэдэг их адуутай айл нэгдэл нийгэм болохоос өмнөхөн нутагладаг байсан тухай эмээ минь ярьдаг байлаа. Олон арван мянган адуутай Онолт гуай малд гярхай, адуугаа нутаг усныхандаа хуваагаад маллуулдаг, хавар, зун гүү унаглахаар адуугаа эргэж, унаганыхаа суганд чагт тавьж эдгээдэг заншилтай хүн байжээ. Алдуул мал гээд маргахад баруун сугандаа чагтан товчтой бол нутаг усныхан хэн нь ч Онолт гуайтай маргадаггүй байсан гэнэ билээ. Онолт гуайн адуу жин үдэд Аргуйн голын усанд ороход гол тасарч, доод үений айлууд ундны усгүй болдог учир өглөө эрт усаа авдаг байсан тухай одоогоор домог болгон ярьдаг юм. Олон адуу голын усыг уухаасаа илүү гатчаад тасалдаг байсан гэнэ. Онолт баяных Лхагваа, Бандиуш хэмээх хоёр хүүтэй байжээ.

Бага хүү Бандиуш нь бие чац сайтай, эмнэг хангалд эрэмгий нэгэн байгаад нэг өдөр голоод нь юм гүйгээд, эвхмэл хутга ирлэж аваад түрүүлээд гэрээс гарч хонуучин болжээ. Эхэндээ хүлж, багалж элдвийг үзүүлж байсан болохоор төрсөн ах Лхагваадаа сэтгэлээсээ хөрчээ. Зуны халуунд нэхий дээлтэй, хөлс нь урсаад явахад нутгийн хүмүүс "-Бандиуш аа, яагаад нэхий дээлээ тайлдаггүй юм бэ?" гэж асуухад, үнэн сэтгэлээсээ "-Би өвөл их даарсоон, зун даарахгүй шүү" гээд юу ч болоогүй, гэнэн цайлганаар хүүхэд шиг инээж хариулдаг байсан юм. Тэрээр өвөгчүүлийн айрган дээр ирээд гэрийн доод хатавчинд сууна. Настайчууд хэнийг хэн гэж ялгадаггүй тул "-Бандиуш аа хүүхээ дээшээ суу, айраг зоогло" гэхэд "-За би дээшээ суухгүй ээ, адуу мал ихтэй хүн айл дүүрэн бэлчээгээд амьтан хүнийг унтуулахгүй зовооно вий" хэмээн хариулсаар шүдлэн аягаар айраг гурав уугаад цааш ахина гэж байхгүй. Настангууд жаахан явуулаад "-Бандиуш минь уу уу, зундаа жаахан чөмөглөөд авахгүй бол өвөл хавартаа тэсэхгүй шүү" хэмээн айргаар шахахад "-Хүний юм хэмжээтэй, худгийн ус тогтоолтой, насны залууд эцгийн буяныг шингээж чадаагүй надад муу нохойн ходоодонд шар тос зохихгүй гэдэг болно." гэсээр намуухан хуучилж байснаа "-Иш манай муу Лхагваа даан ч зүдэг хүн юм аа, хойд улаан буланд харанхуй болохоор том пулемёт гаргаж тавиад хүмүүсийг шүршээд гарах юм" гээд кино механик ахдаа гомдсоноо үзсэн кинотойгоо хольдогсон. "-За тархи чинь муу амтай гэдэг нь, бэлэг дэмбэрэлгүй юм энэ сайхан айрагны хишиг өдөр яриад" гээд Дашдорж гуайг зандрахад намс гээд дуугүй болно. Хамрынх нь хөлс бурзайсан Бандиуш гуай "-За буруу юм буржээ, нутаг хол хүн нар эрт дээр төхье" гээд алгаараа өвдөглөөд гэрийн унинд толгой нь шүргэн босч гараад гэрийн хошилонд хавчуулсан шилбүүрээ үүрээд холдон оддогсон

Бандиуш гуай хорхойд хоргүй, түмэнд тустай тийм нэгэн хонуучин байлаа. Онгийн голын хөвөөн дээр нэхий дээлээ дэлгэчихсэн мал сүргээ бэлчээж байхад нь олон ч удаа таарсан даа. Намрын усан шуурга болсон нэг өдөр эмээгийнд минь ороод ирлээ. Сарлагийн сүүгээр самарсан өтгөн шаргал аяга цайнд сарлагийн хуруу зузаан өрөм нэг зүсмийг хөвүүлээд өглөө. Манай нутгийнхан бол ядуу зүдүү, хонуучин хэсүүл хүмүүст гар татддаггүй заншилтай улс. Аяганы хариу өдөртөө гэж бодсон уу, Бандиуш гуай "-Танай усыг төхүүлээд өгөх үү, ойрд хөгшнийхөөр орж ирсэн биш, та усны андуугаа суллаад өгөөрэй" гээд асууж гуйгаагүй байхад угтуулаад хэлдэг байлаа. Тэгээд цасан шамраганаар Онгийн голын жаврыг сөрж яваад нэг андуу ус авч өгөөд хүүхэд шиг баярладаг байв. Эмээ маань "-Хүүхдүүд өмсөхөө байсан нэг лоовуусан малгай байна." гээд Бандиушид аваад өгөхөд "-Буян нь дэлгэр, тосоороо гойж, насаа нэм, дайраад ирэхэд далай шиг бялхаж байгаарай" хэмээн ерөөсөөр авдагсан. Элий балай гэгдэж явсан хүн хүртэл нутаг усанд маань ийм л даруулгатай байлаа.

Бандиуш гуай намайг Орост оюутан байх он жилүүдэд Хайрхандулаан суманд хаврын тарчигт нэг малчин айлд ороод аяга цай уусны дараа "-Дотор жаахан муухайраад байна, гараад нэг амс хийгээтэхье" гээд гэрийн гадаа хаяанд завилж суусаар бурхан болсон юм гэнэ билээ. Хүний нутаг, гүний хошуунд тэнэж яваа болохоор энэ хүний тухай хааяа нэг санаанд буудаг юм. Өмсч зүүх, идэж уухаар тутахгүй чинээлэг сайхан амьдарч яваа хэдий ч хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Нутаг усныхан маань хүнийг сайн муу, баян тарган гэж нэгэн бээр ялгадаггүй байлаа. Монгол зоны минь мартагдашгүй нэгэн соёл бол хүнийг хүн ёсоор хүндэтгэх уламжлал билээ.

2007.3.4

3 comments:

Ш. Баатар said...

Энэ дурсамжийг нэлээд өмнө бичсэн боловч архивт байгаа зүйлсийг уудлах үзэхэд амаргүй юм шиг санагдаад ил гаргаж тоосыг нь нэг арчаад ил гарган тавилаа. Энэ мэтээр урд өмнө бичсэнээ хааяа нэг сэргээж байх болно.

jagdag said...

Өмнө уншиж байсан ч дахин уншихад сайхан шинэ мэт байна. Олон зүйл сануулж, бодуулсан нийтлэл болсны жишээ юм уу даа. Баярлалаа, улам ихийг бичээрэй!

Ш. Баатар said...

Заавал алдартай хүмүүсийн талаар бичих нь тийм их чухал биш, монгол хүн л бол энгийн хүний тухай ч атугай бичих сонирхолтой байдаг боловч мэдлэг мохосдож, чадал мөхөсдөж бичиж барахгүй юм даа. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд урамшин баярлав.