Saturday, January 23, 2010

Б.Ринчин гуайн Их нvvдэл романы тухай товчхон


Гэрэл зургийг Р.Гомбожав



Их зохиолч, соён гийгүүлэгч Б.Ринчин профессор балар эртний хүмүүсийн амьдралын талаар “Заан залуудай” хэмээн роман бичсэн нь уншигч олны таалалд нийцэн ихэд урам өгсөн болохоор жаргах насандаа Монголын нутагт оршин тогтoнож байсан үе үеийин нүүдэлчин аймгуудын талаар түүхэн роман бичихээр зориг шулуудаж гартаа байгаа бэлэн материалыг ашиглан Хүннү гүрний тухай “Их нүүдэл” романы тэргүүн дэвтэрийг 1969 онд бичжээ. Энэ Их нүүдэл романы тэргүүн дэвтэрт Наран эхт Саран эцэгт Их Хүн улсын мандан бадарсан түүхийг бичээд дэд дэвтэрт Хүннү задарч Их говийн ард урд талд хуваагдан улмаар дийлдсэн говийн арын аймаг нь баруун зүгт их нүүдэл хийсэн тухай бичихээр зэхэж байгаад их эрдэмтэн 1977 оны гуравдугаар сарын 4-нд насны хутгийг олжээ.

Өвөг Монголын түүхийг амтархан үзэж буй надад Хятан нарын элэнц өвөг Дунху-гийн түүхийн талаарх мэдээллийг сөхөн харах үүднээс Их нүүдэл романы тэргүүн дэвтэрийг хүүхэд насаа дурсан байж дахин уншлаа. Их эрдэмтэний хэлсэн “гэгээн өдөр цээжиндээ, харанхуй шөнө зүүдэндээ”, “улс түмний газар ус, өвөг дээдсийн өв нутаг”, “тэнгэр газар хоёр ялгаран уулс завсарлах үес”, “чихинү чимэг болсон аялгуут сайхан монгол хэл чин зоригт өвөг дээдсийн минь өв эрдэнэ” хэмээх олон сайхан яруу хэллэгийг ахин уншиж сэтгэлээ баясгав. Түмэн газрын Цагаан хэрмийг Хүннүгийн нутгаас таслан авч Цинши хуанди хэрхэн байгуулсан, Моодун эцгээ хoроож шаньюй болсон, Дунху-г дайлаар мордсон шалтгаан зэргийг эртний хятадын Түүхэн тэмдэглэлийн Шаньюийн бүлгээс санаа авч бичсэн байна. МЭӨ 104-91 онуудад Сыма Цян "Түүхэн тэмдэглэл" (Шизи) хэмээх алдарт сурвалжаа тууривжээ. Хүн эрсийн баатарлаг тулаан, морьдоо зүслэн дайнд оруулж, цэргээ аравт зуут мянгатаар жагсаан сүрийг бадраах зэрэг байлдааны урлагийн тухай хэсгүүдийг Баруун Хан улсын түүх бичиг сурвалжаас сэдэвлэн авсан байна. Уг романы хамгийн сонирхолтой, үнэ цэнэтэй хэсэг нь Торгоны замаар түгсэн эртний Кушан, Греекийн соёлтой холбоотой хэсгүүд болно. Эртний нүүдэлчид Греекийг Эллин улс, Африк тивийг Хөөст тив хэмээн нэрлэж байсан зэрэг сонин сайхан мэдээлэл дүүрэн байхаас гадна нүүдэлчдийн дунд өрнөдийн соёл хэрхэн нэвтэрч байсныг Хүн гүрний их цэрэгтэй заяагаа холбосон Молион хэмээх эрийн ярьсан эртний греекийн домгуудаар харуулжээ. Их эрдэмтэн энэ номоо бичих үедээ үзэл сурталд хүлээтэй байсан учир нийгмийн ангийн тэмцлийг Хятадын Зина улсын дотоод амьдралаар харуулахыг оролджээ. Хэллэг яруу, түүхэн баримтууд нь эх сурвалжтай энэхүү сайхан түүхэн зохиолыг дахин уншаад эx орноо гэсэн үзэл нэвт шингэсэн их эрдэмтэн Б. Ринчин доктороор бид байнга бахархаж, бүтээлийг нь залуу үедээ цаг ямагт уншуулан өвлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодолд умбав.

2010 оны 1 сарын 23