Saturday, July 25, 2009

Ерөнхий сайд Баяраас гуйх нэгэн хvсэлт


Япон халуун орон хэдий ч борооны улиралтай. Борооны улирлаар сэрүүхэн. Үүрийн гэгээнээр эртлэн босоод зүсрэх борооны чимээнд ном унших сайхан. Монголын эрт эдүгээн түүхийг шимтэн уншдаг л даа. Эртний монголчуудын хэлж ярьж байсан үг хэллэг, утга илэрхийлэх нь ихэд анхаарал татдаг байв. Тэдний хэлсэн үг цэх шулуун, давхар утга далд санаа байхгүй, үзэл бодлоо шууд илэрхийлсэн, нэг л бахдам сайхан шинжийг агуулсан байдаг. Үүнийг би монгол жудаг гэж хэлмээр байна. Эртний монголчууд ах захаа хүндэлдэг, хэлэх үгээ бодож тунгаадаг, хаана хэнд юу ярихаа мэддэг, хийх ажилтайгаа амаа зөрүүлдэггүй, сэтгэлд багтахгүй зүйлээ шуудхан хэлдэг гүдэсхэн бөгөөд төгс байсан мэт санагддаг юм.

Одоо бидэнд тийм шинж чанар дутагдаж байна. Эрх чөлөө гэхээр хэн хаана юу хэлсэн нь хувь хүний бүрэн эрх болоод нийгмийг муу үгээр бузарлаад, хэн нэгнийг нийтийн өмнө доромжлоод огтхон ч хариуцлага хүлээхгүй, хэсэг шуугиад тун удалгүй мартагнаад өнгөрч байна. Хүүхэд залуус ах захаа хүндэтгэх, олны дунд биеэ боловсон зөв авч явах төлөв нэг л сулхан болжээ. Энэ бүгдээс харахад манайхан эрх чөлөө гэдгийг жаахан буруу талаас нь ойлгоод байна. Өндөр хөгжилтэй Америк, Япон оронд эрх чөлөө хязгаартай, дэг жаяг нарийн байна. Ялангуяа Америкт хүүхэд залуусын хүмүүжил эцэг эхийн боловсрол, хараа хяналтаас шууд шалтгаална. Манайхны хамгийн чөлөөт нийгэм гэж ойлгоод, итгээд, бишрээд байгаа Америкт нийтийн мэдээллийн хэрэгслээрээ садар самууныг огт сурталчилдаггүй.

Гэтэл манай Монголын ТВ чат-аар ямар мэдээлэл урсч байна? Түүнд тавих засаг төрийн хяналт огт алга. Энэ бол Монгол улсад гүйцэтгэх засаглал буруу ажиллаж байгаагийн нэгэн тод илрэл. Нийгэмд тарьж байгаа xoр уршгийг тооцож үзээд хамгийн түрүүнд замбараагүй мэдээллийг хааж, түүнийг ажиллуулж буй жудаггүй монгол хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бол эрх чөлөөг хязгаарлаcан хэрэг oгт биш нийгмээ цэвэршүүлэх арга хэмжээ болно. Монгол хүн хүүхэд ахуй цагаасаа бусдыг үл хүндлэхэд ёс суртахуунтай болж хүмүүжвээс тэдний үе дээр Монголын нийгэм улам бохир болно. Тиймээс Монголын нийгмийг бохиртуулж буй эдгээр зүйлсийг өчүүхэн гэж үзэлгүй төр засаг анхааран ажиллах хэрэгтэй байна. Ямарч хараа хяналт, ёс суртахуунгүй ТВ чатыг цаг алдалгүй эмхэлж цэцлэхийг Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд С. Баяр танаас хүсч байна.

Монголын түмэн үрс сэтгэл ариун өсч бойжих болтугай.

2009 оны 7 сарын 24

Friday, July 24, 2009

Жагжид Цэцэн авхайг vдлээ


Өглөө эртлэн ажилдаа ирсэн би 10 цагаас өмнөхөн аравхан минут хурдны замаар давхиад Моунтайн Вью (Mountain View) хотын Колониел оршуулгa ёслолын танхимд хүрлээ. Жагжид Цэцэн авхайн эхнэр Оюунгэрэл хатан, том хүү Бат, бага хүү Амар, охид Бадамцэцэг, Сэчинчимэг, Сэчингэрэл, Мэй (Гоо) нар болон ач зээ, худ ураг, төрөл садан, анд олон нөхөд нь цугласан байв. Католик шашины сүм лугаа олон урт сандал эгнүүлсэн саруул цагаан танхимын хойморт залсан хүрэн зандан авсны хагас нээсэн цээжээр Жагжид авхай амгалан тайван нойрч буй харагдав. Түүний төлөв түвшин дүр, өтгөн саарал хөмсөг, өргөн магнай, буурал халимаг, бүтэн аниатай нүд нэн амарлангүй. Хэдхэн сарын өмнө надтай хуучилж байсан тэр дүрээрээ нойрсч байлаа. Буурлын шарилыг тойруулаад олон баглаа өнгийн цэцгийг эгнүүлэн өрж, тэргүүн тушаад нь түүний гүнгүрваад залсан зургийг хадаг татан байрлуулжээ. Бага охины нөхөр салaх ёслолын арга хэмжээг нээж, бага хүү Амар үргэлжлүүлэн үг хэллээ. Ах дүү төрөл төрөгсөд нь удаа дараалан үг хэллээ. Харамсалтай нь хятад хэл ойлгохгүй болохоор юу хэлснийг би мэдсэнгүй. Хүн мөн амархан хувирдаг юм байна, тэр сайхан монгол хэлтэй монгол эрдэмтэн өвгөний хүүхдүүд бүгд Тайван аялгатай хятадаар ярьж байлаа. Зөвхөн ганц үе өнгөрөхөд хайлж уусаад ийм л болдог юм байна. Тэдний ярианд Жорж Буш, Очирбат, Улаанбаатар хэмээн хэдэн үг гарч байгааг би анзаарав. Лавтай 1992 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д айлчилж эцэг Буштай уулзахад Жагжид Цэцэн гуай орчуулга хийж байсныг дурсан ярьсан биз ээ. Үг хэлэх миний ээлж ирэхэд Жагжид Цэцэн авхайн талаар өөрийн мэдэхээ дурсан хэлээд Монгол Америкийн Соёлын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Санж Алтан гуайн ирүүлсэн гашуудлын захиаг бас уншив. “-Өвгөн ах намайг гэрт нь хүрэхэд учиргүй их баярладаг байлаа. Монголын түүхийг маш нягт нямбай ярьж өгдөг, явах болохоор дараа хурдан ирээрэй, чамайг иртэл монголоор би ярихгүй. Хэрвээ чи хөгшин намайг тоож ирэхгүй бол би монгол хэлээ мартчихна шүү гээд тун дотно байдаг байж дээ. Өвгөн ах таны Монголын түүх соёлыг дэлхий дахинаа дэлгэрүүлэхэд хийж бүтээсэн гавьяат үйлсийг тань хойч үеийн монголчууд бид мартахгүй” хэмээн аль болохоор Санж Алтан гуайн захидалтай давхардуулахгүй хэдэн үг хэлэв. Лувсан Хайдав гуай хадаг өргөж, Сэра хийдийн ламтан Дамчаабазар, Монгол Улсын Гандан хийдийн Ядага дацангийн их гэсгүй Цэрэнжамц ламтан, Дашчойлон хийдийн унзад лам Гомбодорж нар буяны ерөөл хурлаа. Жагжид Цэцэн гуайнхан бол бүгд Бурханы шашинтай улс, алсын Америк оронд монгол гэлэнгүүдээр ном хуруулсандаа ихэд бэлэгшээн баярлаж байв. Цугласан олон салах ёслол хийсний дараа Жагжид Цэцэний цоцсыг шарилын машинаар Лос Алтос хотын салхит ногоон толгодын дунд орших “Тэнгэрийн хаалга” хэмээх оршуулгын газарт хүргэв. Харчины хонгор талаас зөөлөн дулаан уур амьсгалтай Кальфорн мужийн намхан ногоон толгод хүртэл амьдралын урт замыг Жагжид гуай туулахдаа монгол түмний зовлонг яс махандаа тултал мэдэрчээ. Энэ тухайгаа надад ийнхүү хуучилж байсан юм. “-Монгол хүнд гай зовлон гаднаас ирэхээс илүү монгол хүн өөрөө гай зовлон даллан авч ирдэг юм. Холуур явсан гай зовлонг монголчууд өөрсдөө олон удаа дагуулж ирсэн дээ. Хорчин аймгийн ноёд Mанжид хүчээ өгч монгол нь монголоо цохисон. Хятад тариачдыг монгол ноёд хээл хахуулиар нутагтаа авч ирээд газраа эвдүүлсэн. Тэднийг монголчууд өөрсдөө урьж дуудаж нутагтаа суулгаад хожим харуусаад барахгүй гай зовлонд унасан” гэж билээ. Энэ юутай үнэн үг вэ? Монгол компанийн эзэд Улаанбаатарыг хятад барилгачдаар дүүргэсэн нь өвгөн эрдэмтний үнэн үгийн нэгэн илрэл бус уу. “-Манай нутагт монгол монголдоо муу, модон хударга илжигэндээ муу гэдэг зүйр үг бий. Энэ их үнэн үг юм. Япончууд орж ирчихээд Чуулалт хаалганд монгол ноёдыг хүлээн авч уулзахад тэд харийн хүмүүст биесээ хэмлэн муулж улам нэр хүндээ алдаж, зорилгоо нэгтгэж чадалгүй таран бутарсан юм. Энэ хэцүү зангаасаа болоод өвөр монголчууд өөр хоорондоо нэгдэж чадалгүй үймсээр бусдын хоол болов. Ар монголчууд та нар дотроо эвтэй байж монгол түмний гал голомтoo мандуулах хэрэгтэй. Урдаа өвөр монголгүй бол та нар урдаасаа хайлчихсан, ардаа буриад, урианхайгуй (тува) бол та нар араасаа хайлчихсан. Тэгэж бодохоор халхууд маань хувьтай улсаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ” гээд их том санаа алдаад ярьдагсан. Мөнх хөх тэнгэрийн дор нов ногоон толгодын энгэрт өвгөн эрдэмтэн нойрслоо. Хийсэн бүтээсэн нь монгол түмний дунд мөнхөрлөө. Толгодыг илбэх уяхан салхи номхон дөлгөөн далайг туулж Xарчины хoнгор шар талд хүрнэ байх аа.

Өвгөн эрдэмтний молхи шавь
Ш.Баатар Сан Франциско
www.zamdaan.com
2009 оны 7 сарын 23

Wednesday, July 22, 2009

Миний их монгол vзэл



Монгол улс ардчилсан орон болоод хорин жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нэгэн үеийн залуус боловсорч хүмүүжив, бас нэгэн үе үгүй болов. Монгол орон маань хүмүүнлэг нийгмийг байгуулж, цэцэглэн хөгжих бүрэн үндэс тавигдсан ч ард түмний аж амьдрал өөдлөн дэгжиж нэг л чадсангүй. Дэлхийн дэвшил, хөрш орны хөгжлийн нарны туяа туссан ч монголчууд бидэндээ төдийлөн элчээ өгсөнгүй. Яагаад бид ийм дорой буурай байдалтай байна вэ? Хүн хүчээр дутуу дулимаг болохоор хичнээн ихээр эх орноо хөгжүүлэхийг хүсч мөрөөдөвч, хийж бүтээвч чадал хүрэхгүй агаад улс орон хөгжиж ард иргэд өөдлөн дэвжихгүй байна. Хөгжилд хүний хүчин зүйл асар их нөлөөтэйг бид одоо ухаарч байна. Өргөн уудам нутаг, өнө их байгалийн баялаг хичнээн байлаа ч хүн хүчний мөхсөөр бусдын гарыг харж өдий хүрлээ. Улс орноо хөгжүүлэх идэр насны залуус мянга мянгаараа хөдөөнөөс хотыг, хотоос хилийн чанадыг зорих болж, нутаг орон эзгүйрэх хэмжээнд хүрчээ. Монгол Улс бол монгол үндэстний сэтгэл тэмүүлэх өлгий нутаг нь байх ёстой болохоос биш монгол хүн үргэн дайжих газар орон баймааргүйсэн. Монголд төвтэй монгол сэтгэлгээг монгол түмний дунд байнга төрүүлж, Монголд монгол хүн ирэх нөхцлийг бүрдүүлж байваас Монголд тэмүүлэх тэмүүлэл улам ихээр бий болно. Монголын засаг төр Монголоос гарсан иргэдээ зөвхөн дуудах биш монгол хэлтэй, монгол соёлтой, монголдоо хайртай, хөх толбот хамаатан саднаа уриaлан дуудаж, Монгол орноо хөгжүүлэх цаг нь иржээ. Элбэгдорж ерөнхийлөгчийн, Баяр сайдын хэлсэн үгэнд цуxaлзаад байгаа тэр сэтгэлийн дуудлагыг жаахан зоригтойхон, тодхон хэлэхэд л их дэм болмоор байна. Хэлсний дараа xэрэгжүүлэх ажил нэг их хүндрэлтэй биш болов уу. Тагнуул энэ тэр гэж биесээ хардаж сэрддэг, ярьж сэтгэдэг үе ардчилсан Moнгол оронд өнгөрсөн байлтай. Xэдxэн монголчуудаа тэжээж чадахгүй умарт хөрш, xүн ам нь хальж ядаx өмнөд хөрш тэднийг дуртай явуулах байлгүй. Ямар бид тэдний газар нутгийг авна, суугуул монголыг нь салган тусгаарлана гээд байгаа биш. Тэндээ нутгаа сахиж үлдээд үндэс угсаагаа авч явах нь хоцорч, Монголоо гэсэн сэтгэлтэй нь Монголдоо ирж хүчээ өгнө биз. Энэ асуудлыг тэдэнд нээлттэй тавьчих хэрэгтэй. Тэд л өөрсдөө дагуулаад ирэхгүй бол тэднийг дагаад нэг ч орос хятад ороод ирэхгүй дээ. Тэгэхээр орж ирж буй монгол угсаат хүмүүст монголоороо ярьж чаддаг байх цорын ганц нөxцөл тавих хэрэгтэй. Хэрвээ монгол хэлээ мэдэхгүй бол сурчихаад хэдэн жилийн дараа ороод ирнэ биз. Монгол хэл сурсан, монгол ахуйд амьдарч чадах бол орос, хятад хүн цөөн тоотой ороод ирсэн ч яадаг юм бэ? Богино хугацаанд их ашиг олохын төлөө эрх мэдэл бүхий хүмүүс хэл мэдэхгүй хар хятадуудыг сүрэг сургээр нь Монголд оруулчихаад охидоо тэдэнтэй нийллээ, манийгаа уусгалаа, ална тална гэж ард түмэн тэмцэх бол буруу юм. Харин ард түмэн тэднийг оруулсан эзэдтэй тэмцэх хэрэгтэй. Анхнаасаа тэднийг оруулахгүй байвал тийм асуудал үүсэхгүй. Хэрвээ тэднийг оруулчихаад хахиж хавчаад байваас улс нь иргэнээ хамгаалах гээд буутай цэргээ оруулах хүртэл нөхцөл байдал үүсч болно. Тэр бол улс орны аюулгүй байдалд учруулж болох бүхэл бүтэн заналхийлэл болно. Их Монгол үзэл бидэнд байх ёстой. Их монгол үзэл санаа бидний дотор байснаар Монгол улс нэгдэн хүчирхэгжиж улмаар мандан бадрах тавилантай.

2009 оны 7 сарын 22

Monday, July 20, 2009

Алдарт эрдэмтэн Жагжид Цэцэн тэнгэрийн орноо



Хөх толботой төрж, аялгуут сайхан монгол хэлээр хэлд орж, ахуй нь монгол ертөнцөд хөлд орсон л бол халх өвөр, баруун зүүн, буриад барга, халимаг тува хэн агаад монгол бус уу. Монгол хэмээх нэгэн төрлийг олсон хүн бүр монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ цуурайтуулах хувьтай билээ. Гэвч Монгол хэмээх нэрийг энэ дэлхийд цуурайтуулсан монгол хүн тоотой цөөн буй за. Тийм нэгэн монгол бол Харчины алдарт эрдэмтэн Жагжид Цэцэн гуай билээ. Монголыг ар өврөөр нь цуулан хуваахад сэтгэл нь урагдаж, Монгол орныг НҮБ-д данстай болоход сэтгэл зүрх нь бадамлаж явсан энэ эрдэмтэн насан туршдаа Монголын түүхээр 10 гаруй ном, 300 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл бичжээ. Түүний бичсэн 5 ном, олон арван нийтлэл англи хэлэнд хэвлэгдэж дэлхийн монголч эрдэмтдийн хүртээл болсон юм.

Эрхэм эрдэмтэн Жагжид (Захчид) 1915 онд Харчин аймгийн захирагчийн гэрт мэндэлжээ. Түүний өсч ториносон Шар сүмийн номын сангаас хожим түүний нагацын талын Инжинаашийн бичсэн Хөх судар номын эхийг олж байсныг дурдвал удам дамжиж, үе залгамжилсан сурвалжит хүмүүн байжээ. Энэ талаар түүнээс лавлан асуухад “-Би язгуур угсаат ноён хүн биш, миний өвөг Харчин аймгийг 7 үе захирсан юм. Энэ бол харц хүний хүрэх дээд албан тушаал байлаа. Түүнээс би Чингисийн удмын язгууртан биш, манайхан тавнангийн талын улс. Харчин гэдэг бол холыг хардаг харц өндөр гэсэн үгнээс гаралтай ийм аймаг” хэмээн хуучилж билээ. Энэ их эрдэмтний гэрт 10 гаруй жил орж гарахдаа олон сайхан түүх яриа сонcох завшаан дохиов.. Чингис хааны хөргөн дээр өмссөн малгайг “хараацай” нэмээн нэрлэдгийг, Зөвлөлт Монголын арми Өвөр Монголыг хэрхэн чөлөөлснийг, Дэ ван гэж олноо өргөгдсөн Дэмчигдонор агсаныг ямар хүн байсныг, сэхэн өндийж сөхөөрч унасан Өвөр Монголын хувь заяаны талаар, Далив гэгээн хэрхэн хувь заяанд нь нөлөөлсөн тухай, Монголын түүхийн учир нь олдохгүй олон зангилгааны талаар мөн ч их юм хэлүүлсэн билээ. Тэрээр бага балчир насандаа Бээжингийн англи сургуульд сурч, Батхаалганы оюутны хөдөлгөөнд оролцож, Японы Васэдагийн их сургуульд сурч, Шилийн гол чуулган дарга хийж, Дэ Вангийн гадаад хэргийн сайд хийж, гоминданы намынхныг даган Тайванд дүрвэж, түүх соёлоо судалж, Тайпэй-гийн их сургуулийн багшаас Америкийн Юта мужийн Бригам Янг Их сургуулийн профессор хийж явсан түүхэн замналыг нь сонсч бахархаж байлаа.

Дэлхийн монголч эрдэмтэд түүнийг Монголын нууц товчоог хятад хэлэнд хамгийн сайн орчуулсан эрдэмтэн хэмээн үнэлдэг юм билээ. “-Та яагаад Нууц товчоог хятад хэлэнд орчуулах болов” гэхэд “-Хятад хүн бол сэтгэл гаргаж орчуулахгүй, монгол хүн л сэтгэлээрээ орчуулах ёстой” гэж билээ. Академич Ш.Бира гуай Жагжид авхайг Монгол орноо урьж олон улсын эрдэмтдийн хуралд 1992 онд оролцуулсан байна. Монгол орныг анх нүдээр үзсэн тухай нь яриулахад “-Монгол хүн болж төрснийх хатан Туулынхаа уснаас амьд ахуйдаа амсч үзлээ, хань ижил нөхдөө цаазаар авахуулсан газар хэвтэж нэг үзлээ, хорвоо сонин юм, гучин жилийн өмнө энэ нутагт өлмий тавьсан нөхөд энэ хөрсөн дор хэвтэж байхад би харин хөх тэнгэр ширтээд хөрсөн дээр нь хэвтээд их юм бодогдлоо, Улаанбаатар маань дөрвөн уулын аман дээр хоёр өндөр уурын зуухны (цахилгаан станциуд) салхин доор байх юм, энэ хүмүүсийн уушиг хайран хэмээн харaмслаа, Туул голын хэвлийгээс хэдэн бөөрөнхий чулуу авсан боловч хил дээрээ гаргасангүй надаас хураагаад авлаа, би бас хувь муутай хүн юм аа” хэмээн нулимс унаган хүүрнэж билээ.

Н.Энхбаярыг Монгол улсын Ерөнхийлөгч байх хугацаанд цал буурал өвгөнийг Алтангадас одонгоор шагнуулахаар удаа дараа бид тодорхойлсон боловч бүтээгүй л юм даа. Эрхэм эрдэмтнийг амьд ахуй цагт нь Монголын төр нэг удаа ч урамшуулсан бол гэсэн бодолтой Жагжид авхайг тэнгэрийн оронд үдлээ. Эрхэм эрдэмтний тарьсан номын үрээр энэ ертөнцийн алдарт сургуулиудын Монгол судлал цэцэглэн хөгжив. Юутай сайхан юутай гайхалтай. Номын мөр цагааны адил эрдэмтний үлдээсэн мөр дээдийн цагаан ажээ.

2009 оны 7 сарын 20