Thursday, July 10, 2008
Наадмын дурсамж
Баян хангайн нурууны бэлд миний төрсөн нутаг бий. Арцанд ариусч, алаг цэцгэнд дэнж нь бүрхэгдэж, адуу мал тааваараа бэлчих зуны дэлгэр цагт Онгийн голын эхийг хөвөөлдөн морьдоо уралдуулж, мaнaй нутгийнхан наадмаа хийдэг билээ. Морьдын гараа Ондилтоос эхэлж, Таримлын гол дээгүүр харайлган, Бааюуны хонгорын баруунтаа Шивээ овооны шилээр хэдэрч, сумын төвийн баруунтаaгуур, сургуулийн минь баруунтаагуур Уушхайн хөшөөний хажуухнаар гарч, Хадан хошууг ороогоод Цоохор дэнжийн хурдангийн овоонд морьдоо барьдагсан.
Хангайн тэнгэр догшин болохоор наадмын хоёр дахь өдөр ёс юм шиг, тэнгэр харанхуйлж, хуй дэгдэн, цахилгаан цахиж, гэнэт ширүүн мөндөрт шавхчуулж осгохыг алдана. Энэ нь яг гараанд хүрээгүй байхад болж өнгөрнө. Хоромхон зуур цайрч орсон бороон шуурганд нэвт нороод, тэнгэр цэлмэн, үүлэн чөлөөний нар дайрахад бээрээ гарсан ч хувцас хатдаггүй юм. Ай даа бялзуухай насны тэр дурсамж одоо ч гэсэн сэтгэлийн мухраас гарна гэж үгүй, сонин юм шүү.
Дойтын энгэрээр хонь дагаж, Долоон даваанаас ургаш гарч үзээгүй надад сумын наадам мундаг том баяр байлаа. Гараанд ойртох тутам, их насны морьдын хүүхдүүд уухай нэмж, улам хүчтэй гийнгоолно. Учирыг нь мэдэхгүй ч “умаа хээрий баадан даарий базар гордоо хааян харваа хуулуу хуулуу хунпаад, гийнгоо, гийнгоо, гийнгоо” гээд л гийнгоолно доо.
Гараанаас аль болохоор түрүүлж гарахыг хичээнэ. Учир нь хүлэг мордын туурайнд шидэгдэх шавар, чулуунаас зайлсхийх гэсэн сонин тэмүүлэл, эрмэлзлэл байдаг байсан юм. Ондилт уруудах тийм амар биш, олон агтны хөлс, энд тэндгүй тачигнах ташуурын чимээ, нулимас асгаруулж, магнай хагa ташуулах хуйтэн салхи, хүчтэй харайлтанд хонго хянгардах зайдан морины нуруу энэ бүхэн эхэндээ дасахад бэрхшээлтэй.
Ондилтын үлийнд бүдэрч, Таримлын голын шаварт хальтарч унахгүй л бол газар хатуурч, морьдын хүч буураад нэг талаараа унах аюулаас мултарна гэсэн үг. Морио хадууруулчихгүй, магнай тархи руу нь ороолгуулчиxгүй бол ч жолоог нь суллаад азийн тэнгэрт даатгаж, айргийн тавд орохыг хичээнэ.
Цоохор дэнжийн хүрмэн чулуун дундуур жирийлгэсээр барианы овоонд ойртоод ирэхэд морьдын эзэд хөдлөн сууж, хусуур юугаа гозогнуулсаар тоcч давxихыг яаравчилна. Барианд орсон морьд дээр улс амьтан шавах нь ёс оо. “Салхи хагaлаарай” гэж бачимдах уяачийн дуунаар бүчсэн олон ярагдаж өгнө. Шавар хөлсийг шавхаж эврээгээд эрдэнэт хурдан хөлгийн хондлой юуг айргаар мялааж, унасан хүүхдийн амны цангааг гаргана. Шанаа даган урссан хүлгийн шивтэртэй хөлс аяганы амсарт нийлээд айргийн амтыг шорвогтуулахыг анзаарах ч үгүй үндсэн xулийн ёроолыг харуулна даа. Хурдан морины хүүхдийн хамгийн жаргалтай мөч тэр үед л байдаг юм даа.
Шөвгийн дөрвөн бөхийг харахаар наaдмын талбай руу хатируулан дөрөөн дээрээ босоход хонго, цавь, шууныхаа хөндүүрийг сая л мэдэрдэгсэн. Насан багын наадмаа гэж жилдээ ганц хүлээлэгдэг нандинаас нандин зүйл байжээ. Тэр болгон олдоод байдаггүй сэтгэлийн жаргалыг эдлүүлдэг бага насны наадам сайхаан. Гар минь ганзаганд, ган дөрөөнд хөл минь хүрээгүй балчир насанд тэвчээр хатуужлыг бэлэглэсэн хүрдан морины уралдаан хожимын өдөр холын холд шандас заан амьдарч суугаа миний сэтгэлийн хать болно гэж яахан төсөөлөх билээ. Хорвоо дэлхий ч уужим юм, хүний төөрөг ч оньсгүй юм даа.
Sunday, June 15, 2008
Язгуурын Монгол Эрдэмтэн
Жoнн Хангин Гомбожав нь Монголын ард тvмнийг барууны соёлд нэвтрэхэд, баруунд Монгол судлалыг хєгжvvлэхэд, Монгол Америкийн хооронд найрсаг харилцааг тогтооход, дэлхийн Монголчууд дунд Пан Монголист vзлыг тvгээн дэлгэрvvлж, тэднийг амьдралдаа єєдрєг явахад vнэлж баршгvй хувь нэмрээ оруулсан, насан туршдаа Монголын тєлєє зvрх сэтгэлээ зориулсан, язгуурын Монгол эрдэмтэн байжээ.
Тэрээр 1921 онд Цахарын Тайвс зvvн хошуунд язгууртан айлын хоёрдугаар хєвгvvн болон хорвоод мэндэлжээ. Гомбожавын євєг дээдэс олон vеэрээ Манжид хvчин зvтгэсэн язгууртнууд байснаас Манжийн хаанд нєлєє ихтэй Дvйпэн ноён элэнц нь, Наран амбан євєє нь гээд тоочиж болно. Одоогоор Гомбожавын хоёр дvv болох Сайчингуа нь Америкийн Кальфорн мужид аж тєрч, отгон дvv Баадай нь Тайванд багшилж байна.
Цаг тєрийн ээдрээтэй дэлхийн хоёрдугаар дайны vед Японы байгуулсан Манжгоо улсад хавсарга болж байсан Євєр Монголын Засгийн газрын Гадаад хэргийг тохинуулах сайд Сайнбаяр тэргvvтнvvд олон арван залуусыг Япон Улсын Васэдагийн Их Сургууль болон шилдэг их сургуулиудад эрдэм сургахаар илгээж байсан ба тэдний дунд Гомбожав орж явжээ. Японд боловсрол эзэмшсэн тэрээр Дэ Ван Дэмчигдoнрoвын Засгийн газарт нарийн бичгийн даргаар ажилласан байна. Гомбожавтай хамд Дэ Ванд хvчин зvтгэж явсан Цэцэн Жагжид гуай “-Гомбожав надаас насаар 5-6 дvv, Монголоо гэсэн агсам согтуу сэтгэлтэй, эрдэм номтой залуу байлаа. Хожим Америкт ирж, их алдартай монголч эрдэмтэн болсон. Амьдралынхаа сvvлийн жилvvдэд Ар Монголд олон удаа очиж, ихийг хийсэн хvн” хэмээн саяхан надад хууч хєєрсєн билээ.
Дэ Вангийн Засгийн газар ажиллаж байсан хvмvvс гоминданыхныг даган Тайванд зугтан гарсан байна. Ийм хувь заяа оногдсон Гомбожав Тайванд шилжсэн Гоминданы засгийн газарт Євєр Монголын асуудал хариуцсан тєлєєлєгч хийж байгаад Чин-Кай-Шигийн зєвлєх явсан Овен Латиморийн зvvн Aзийн хэргийн хєтєлбєрт хамрагдан 1947 онд Америкт хvрэлцэн ирэв. Тус хєтєлбєрийн дагуу Жонн Хопкины Их Сургууль, Бєрклийн Их Сургууль, Колумбийн Их Сургууль, Индианын Их Сургуульд тус тус суралцаж, улмаар Америкт Монгол судлыг хєгжvvлэх гол хvн болжээ.
Баруунд Монгол судлалыг эрчимтэй сонирхож эхэлсэн 50-иад оны vед Монгол судлаачид болон, Монголчуудын дунд тавигдсан нэн шинэ зорилт бол Англи-Монгол хэлний толь бичгийг бvтээх асуудал байв. Нэрт эрдэмтэн Фердинанд Д. Лессинг 20 мянган vгний Монгол-Англи толийг бичиж байгаад 1960 онд таалал тєгсчээ. Тvvний бvтээлийн эх нь Гомбожав болон бусад шавь нарын гар дээр vлдсэн ба тэд эмхтгээд хожим хэвлvvлжээ. Энэ толь бичиг уламжлалт Монгол хэлний арга барилд нийцсэн учир шинжлэх ухааны ололт тvлхэцтэй нэвтэрч байгаа орчин цагийн Монгол хэлэнд тааруулан тvvнийг єєрчилєх хэрэгтэй гэж эрдэмтэн Гомбожав шийдээд, 1963 онд Монгол Улсын ШУА-д энэ тєсєл дээр хамтран ажиллах хvсэлт тавьсан байна. ШУА хєрєнгє мєнгєний тєсєв батлагдаагvйгээс хамтран ажиллах асуудал удааширч, сvvлдээ Гомбожав уг тєслийг бvтэхгvй тул орхижээ. 1976 онд “Хvмvvнлэг ёсыг дэмжин, vндэсний эрх ашгийг хамгаалах” байгууллагаар уг тєслийг батлуулж, єєрийн нєхєр Жонн Круегер, бусад шавь нарын хамт 40 мянган vгтэй “Орчин цагийн Монгол-Aнгли хэлний толь бичиг”-ийг зохиов. 1986 онд уг толийг хэвлэгдтэл, 1970 онд “Англи-Монгол хэлний хураангvй толь”-ийг бvтээж, 1973 онд Лессингийн “Монгол-Англи Толь”-ийг бусад нєхдийн хамт эмхтгэн нийтийн хvртээл болгосон байна.
Индианын Их Сургуульд Монголын Нийгэмлэгийг (Mongolian Society) байгуулсан профессoр Гомбожав, Чойжив лам, шавь нарынхаа санаачилгаар Америкийн Монголчуудын Соёлын Холбоог (MACA) 1988 онд байгуулж, жил бvр Чингис хааны тахилгыг тэмдэглэх уламжлал тогтоожээ. Одоо тус холбооны ерєнхийлєгчєєр Санж Алтан гуай ажиллаж, эрдэмтэн Гомбожавын vйл хэрийг тасалдуулахгvй vргэлжлvvлж явна Америкийн Монголчууд АНУ дахь анхны Буддын шашны сvмvvдийг байгуулж, олон янзын соёлын сангуудыг vндэслэсэнч ихэнхи нь цагийн аяст vйл ажиллагаагаа зогсоосон ба бусдын мэдэлд очсон байна.
Эрдэмтэн Гомбожав алдар цуутай Монголч эрдэмтэн байснаар зогсохгvй Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцааг бий болгоход чухал vvрэг гvйцэтгэсэн ба хоёр улсын хооронд боловсролын холбогдолтой хэд хэдэн хамтын ажиллагаанд биечлэн оролцсон улс тєрийн зvтгэлтэн хvн.Эрдэмтэн Гомбожав олон арван шавьтай, Америкийн нэртэй их сургуулиудад багшилж байсан ч сэтгэл санаа нь байнга Монголдоо хорогдож, холоос эх нутаг руугаа гvйсэн гайхамшигт Монгол морь шиг ирэн очин явсаар 1989 онд Улаанбаатар хотноо 66 насны сvvдэр дээрээ хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ. Дээдсийнхээ хєрсєнд шингэх тавилантай тєрсєн язгуурын Монгол эрдэмтэн Жонн Хангин Гомбожавын товч намтар энэ болюу.
Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргvvн Ш.Баатар, Америкийн Монголчуудын "Замдаан" сэтгvvлийн 10 дахь дугаараас
Thursday, June 12, 2008
Пеликан шувууны амьдрах арга зам
Амьтдын дотроос нүүдэлчин монгол хүнд хамгийн ойрхон нь морь, нохой, шувуу гэж би боддог юм. Монголчууд бидний элэнц хуланц шувуудын адил нүүдэллэн амьдарч, шувууг өөртөө даcгаж, ан гөрөө хийж ирсэн ба зарим тохиолдолд шувууг бэлэгдэл болдгийг та бүхэн сайн мэднэ дээ. Харьд суугаа монголчууд ч бас нүүдлийн шувуудтай адил ажээ. Кальфорн мужийн нарлаг дулаан, далайн хойгийн чийглэг зөөлөн уур амьсгалтай нутгийг нүүдлийн шувууд дайран өнгөрнө. Янз бүрийн шувууны нүүдэлтэй таарч, зургийг нь татаж авах дуртай, би. Өнгөрсөн сард санаандгүй тохиолдлоор ижил сүргээcээ ямар нэгэн шалтгаанаар Мерсед нуурын хөвөөнд үлдэж хоцорсон пеликан (pelican) хэмээх шувуутай таарч зургийг нь авав. Загaсаар голдуу хооллодог пеликан нь хотон шувуутай адил ур хошуутай, нүдэндээ зовхитой, тас шувуу мэт том биетэй юм билээ. Пеликан нь хэдийгээр сүргээр амьдардаг боловч дэлхийд ховордсон шувуудын нэг юм. Аласкагаас Төв Америкийн дулаан арлууд руу нисэх замдаа Сан Францикогийн хойгоор буудаллаад өнгөрдөг ажээ. Энэ шувууны ховордсон шалтгаан нь угийн үр төл муутай дээрээ байгалийн бохирдол, дулааралтай холбоотой ажээ. Пеликан модны оройд, эсвэл хадан хясааны өндөрлөгт үүрээ засна. Нэг өндөглөхдөө долоо наймыг гаргаад дардаг. Олон өндөг гаргах нь хоёр талтай. Нэгт, тэдгээр өндөг нь амьдрах чадвар багатай, хоёрт онгон зэрлэг байгалийн хуулиар бусад амьтны хоол болох заяатай ажээ. Ангаахайнууд нь томроод ирэхээр үүрэндээ багтахгүй, аль ядарснаа нэгнээ өндөрт орших цаазын давцан мэт үүрнээс түлхэж унагана. Хэрвээ тэрээр газарт унасан л бол эцэг эх нь түүнийг тэжээхгүй, өлсч үхэх тавилантай. Энэ бол хэн ч зөрчихгүй байгалийн хатуу хуулийн нэг. Ангаaхайнуд томорч бие биенээ түлхэж унагасаар хамгийн сүүлд нэг үлдэнэ. Түүнийг эцэг эх нь тэжээнэ. Ийм учраас пелокан нь угийн цөөхөн. Пеликан ангаaхайнуудаа ангир шиг өөрөө цаазладаггүй ч байгалийн хуулиа дагаад ядарсан доройг тэжээдэггүй, хамгийн чадалтай ганцыг нь эх байгальд дасч чадаж магад хэмээн найдаад авч үлддэг заншилтай.
Үүнээс ургуулаад бодоход яс махны овог аймгийн зохион байгуулалттай нүүдэлчин монголчууд маань өрнөдөд хөгжсөн хөрөнгөтний ёсонд шунаж, өөр хоорондоо өрсөлдөн, амьдрах чадвар дорой хүмүүс олонх болж, амьдралын эрээн бараанд сандарч тэмтэчсэн зарим маань үр хүүхдээ гудамжинд гаргаж байгаа явдал бол пелокан шувуунаас ялгарах юм алга. Чадал чинээтэй төрийн түшээд, барууны соёлтонгууд нь түмэн үеийн дархлаа болсон төрөлх монгол хэлээ хаяхаар санаархаж байна. Тэд бол пеликан шувуу шиг амь зогоох гэсэндээ биш өөрсдийнхөө түр зуурын эрх ашгийг хоохойлохooр ядарсан ард түмнээрээ тоглож байгаа гэмт хэрэг мөн.
2008.6.11
Wednesday, June 4, 2008
Жагаатай танилцсан тvvх
Дээд сургуулиа төгсч ирээд удаагүй байлаа би. Эрүүлийг хамгаалах салбарынхантайгаа дөнгөж танилцаж байсан цаг. Нүдний Баасанхүү эмч ОРБИС хэмээн дэлхийгээр аялан явж, нүдний эмч нарын мэргэжил дээшлүүлдэг "нисдэг эмнэлэг"-ийг анх Монголд 1989 онд оруулж ирсэн юм. Төв Лабораторийн Мөнхтүвшин багш, элэгний М.Шагдарсүрэн эмч болон намайг онгоцон дээр орчуулга хийхэд туслаач гэсэн билээ. Нөгөө хоёр эмч маань мэс заслын өрөөнд, би өвчтөнийг хүлээн авах дээр байлаа. Онгоцонд орж гардаг хүмүүс тун цөөхөн. Дотоод яамны нэг шар толгойтой ах, Монцамэ агентлагийн Сүхжаргалмаа эгчээс өөр хүнийг сайн санахгүй байна. Нэг өдөр Үндэсний телевизээс сурважлахаар ирсэн юм. Цайвар пиджаак өмсч тас хар халимгаа үхэрт долоолгосон мэт самнасан нэг эр уулзлаа. Нүүрэнд нь нэг л юм дутуу шим шиг санагдаад байв "-Намайг Тулах цэгийн Жаргалсайхан гэнэ. Хүмүүс парик Жагаа гэнэ. Үс байхгүй, гайхаад харах xэрэггүй, хөмсөг байхгүй. Айx хэрэггүй. За танилцъя." гээд маш шалмаг яриагаа эхлэхэд нээрээн хөмсөггүй байжээ гэж уулга алдаж билээ. "-Үнэнийг хэлэхэд найз нь англи хэл мэдэхгүй. Гэхдээ яахав хүнээр заалгаад асуултаа цээжилчихсэн. Яг л Түмний нэгийн Чимэд гээд бод. Тэгэхээр найз нь мэдэж байгаа юм шиг асуултаа асууна. Хариултыг дуусахаар дохио өгөөрэй. Би дараагийнхаа асуултaa асууна. Яриа тохирлоо шүү. Ажилдаа оръё" гээд л танилцсан юм даа. Жагаа маань энэ дурээрээ л сэтгэлд минь үдэв.
Бас нэгэн мартдагдахгүй дурсамж бий. Дэлхий тойрч явахдаа Арлын Японд буугаад манайхыг зорьж ирээд багаараа нэг хоноод явсан юм. Миний том хүү тэгэхэд дөнгөж 3 настай байв. "-Ах нь парикаа авлаа, битгий айгаарай." гээд хүүхдийн цагаан инээдээр инээж билээ. Баярлах уцаарлах бүхэн нь нүүрэн дээрээ илэрдэг гэнэн цагаан Жагаа маань явчихна гэдэгт итгэхэд нэг л бэрх байна. Сүүлийн 10 жилд Сан Франциско-д Жагаа маань зөндөө ирсэн. Зөндөө ч уулзаж наргисан, заримдаа ч дүү наддаа бор дарснаас болоод загнуулж байсан. Үг авахдаа яг л хүүхэд шиг нэгэн байлаа. Хамгийн сүүлд уулзахдаа Жагаадаа нэлээд хатуу болзол тавьсан юм. Блүүмингтонд буухад нь "Амссан байх юм бол үнэртэх учраас Далай Багшийг сурвалжуулахгүй" гэсэн болзол байв. Гурав хоног үнэхээр амсаагүй дээ. Золжаргал ах бид хоёрын Далай Ламтай хийсэн уулзалтан дээр Жагаа маань хүссэн асуултаа дээрхийн гэгээнтнээс асууж, уулзалтын дараа Далай Ламтай зургаа авахуулсан юм. Найзыгаа Далай Багштай уулзуулсан даа одоо сэтгэлээ тайтгаруулж сууна. Анх уулзсан дүрээрээ сэтгэлд мөнхөрсөн Жагаа минь “Бусдыг баясгах гэнэхэн цагаан инээмсгэлээрээ тэнгэрийн дагинсыг баясуулах болтугай”.
2006 оны 6 сарын 4.
Sunday, May 25, 2008
Хєх Нуурын дээд Монголчуус
Хїдэн хаан Хєх Нуурт нутаглаж тэндээс Тєвдийг захирч байсан нь Монголчууд тэнд суурьшсан тухай тїїхэн сурвалжид анх бичигдсэн. Yїнээс хойш Хєх Нуурт суурьшсан Монголчуусын тухай тїїхийн баримт хадаглагдан їлдэлгїйгээр Дєрвєн Ойрдын Тєрбайх хааны їеийг хїрдэг билээ. Тєрбайх хаан нь Чингис хааны тєрсєн дїї Хавт Хасарын 15 дїгээр їе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Тєрбайх хаан нь Хєх Нуурт харъяат ардуудаа аван нїїдэллэн ирсэн нь Манж хїчирхэгжиж баруун зїїн Монголын хооронд яс хаяж тїїнээс їїдэж улс тєрийн тэмцэл їїссэнээс залхан дайжсан гэж ойлговол їнэнд ойрхон буух мэт ажуу. Энэ їеийг одоогийн он тоололд шилжїїлбээс 1630-1640 оны хооронд болсон їйл явдал. Тєрбайх хааны албат 100 мянга байсан гэж їздэг. Удалгїй Хєх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зєрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хєх Нуурын Монгол, Тангадуудыг Тєрбайх хаан захирах болжээ. Улмаар тєвдїїдийг нєлєєндєє оруулж Лхасааг захиран суух болсон тул Тєвдийн Далай лам тїїнийг "гїїш хаан" гэж нэрийджээ. Гїїш нь "eсєн эрдэмд нэвтэрсэн" гэж Монгол хэлэнд бууна.
Тєрбайх хааны захиргаанд байсан Монголчуус нь одоогийн Хєх Нуурын 19 хошууны євєг дээдэс болно. Баруун Монголын хаан Галдан Бошигт Манжид ялагдаж тїїний тєрєл садан болох Цоросын Зодон Баатар, Зоригт хошууч нар Хєх Нуурт дайжин ирсэнээр одоогийн Цоросын хоёр хошууны євєг дээдэс болно. Торгуудын Бор Агалах, Манхай баатар нар нїїн ирж Торгуудын дєрвєн хошууг їїсгэсэн. Бойго єрлєгийн (Бор Агалах нь Кэрэйдийн Ванг хааны 6 дугаар їе Махач Мєнхийн хїї) 3 дугаар хїї болно. Кэрэйд аймаг нь одоогийн халхын тєв нутагт оршиж байгаад Нууц Товчоонд дурдсанаар Чингис хааны цэрэгт ялагдаж одоогийн Урайнхайн хязгаарт зугтан гараад сїїлдээ Торгууд аймаг гэж нэрлэгдэх болсон. Монголын эзэнт гїрний їед тэдгээр торгуудууд нь олон газарт цацагдан тарсан ба тэднээс Урайнхайн гурван аймаг Хар Мєрєн, Нун Мєрєн, Хатан голоор нутаглах болсоноор Харчин, Хорчин, Тїмэдийн євєг дээдэс болдог. Торгуудууд тухайн їедээ eврeй нар шиг хувь заяагаар Монголын єргєн нутгаар ихэд тарсан ястан билээ. Манжийн їед тэдний зєстэй эрс удаа дараа бослого гаргасан учир Манжийн эзэн хаан тэднийг єртєєгєєр цувруулан саринаасан байна.
Хєх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Кїмбум болно. "Кїм" нь Бурхан "бум" нь "10 мянган бурхан" (Монгол дуудлага "Гїнбэн") гэсэн тєвд їг агаад Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг їїсгэн байгуулагч Богд Зонхивын єлгий нутаг билээ. Хєх Нуурын баруун хэсгийг Хайсэ ("нуурын баруун") гэх агаад їїгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний єлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дїгээр дїр, "ажиа" нь тєвдєєр аав гэсэн утгатай їг билээ. Дээд Монголчуусаас Сэртэг номон хаан гэж бас нэгэн Монгол гэгээн тєрсєн тїїхтэй. Анх уулзахдаа Ажиа гэгээн баруун Монгол аялгаар ярьдаг байлаа. Би Монголчуудыг дагуулан очиж босгийг нь илээсээр байгаад харин одоо тєв халхаар ярьдаг болчихсон байна лээ. Нуурын ємнєд ("Хэнанг") хэсэгт амьдрах Монголчуус нь тєвдїїдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг тєвдєєр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь тєрєлх Монгол хэлээрээ ярьж "Цайдамын сонин", "Цэцэгт Цайдам" сэтгїїлїїд одоогоор гаргасаар байна.
Нїїдэлчин ёс заншлаа хаяагїй Цайдамын Монголчуус манайд нїїгээд ороод ирлээ гэхэд Алтайнханаас нэг их ялгагдахгїй биз ээ. Тэдний зуун хойд хаяаг дэрлэн орших Монголчуусыг "цастын Монгол" гэх ба тэд Гансу мужид амьдардаг. Хєх Нуурын дээд Монголчуудын тухай манай бандихай багад ингэж хуучилдаг байсан юм:- "Залуу байхад жинчин дагаад Утаа Гїнбэнд (Кїмбум) орох замд хуйхуй нар (хуйхуйз буюу лалын шашинтай хотонгууд) гээд тааралдсан хїнээ алдаг айхтар дээрэмчид олон бий. Уулсын бартаан дундаас тэднийг гараад ирэх вий хэмээн айдас тєрїїлэн эмээж явахад хааяа дээд Монголчуудтай тааралдана. Дээд Монголчууд их сїртэй. Цахиур бууныхаа хєлийг ургаш сойгоод їїрдэг болохоор тэр нь янгирын эвэр шиг сэрийгээд хїнээсээ ємнє толгодын дээгїїр цухуйгаад гараад ирдэгсэн" гэж хуучилдаг байлаа. Одоо дээд Монголын эрчїїд нь тєвд дээл, эмэгтэйчїїд нь торгууд хувцас ємсєж бургасан гэртээ сїїгээ хєєрїїлж єрмєє хураасаар амьдарч явна. Тєгсгєлд нь би "Монголчуус" гэдэг їгийг энд хэрэглэснээ тайлбарлая. Баруун Монгол буюу Хєх Нуурын аялганд "Монголчууд" гэдэг їгийг Монголчуус хэмээн дууддаг билээ. Алтайд мєн адил билээ.
Monday, May 19, 2008
Сэтгvvлч Оюундарь сургуулиа тєгсєв
2007 оны 5 сарын 18
Thursday, May 15, 2008
Баруун Монголын нvvдэл суудал
Баруун Монголын холбоо зvvнтээ Илийн хєндийгєєс баруунтаа Ховд, умрын Саяaнаас ємнийн Алтантагшийн нуруун хvртэл єргєн уудам нутагт Зуунгарын эзэнт улсаа байгуулж явлаа. Тогон, Эсэн хааны vед бvх Монголыг гартаа атгаж, нанхиадын Минг улсын хааныг олзолж, сvр хvчийг бадруулж байв. Тэр vеийн нанхиадын тvvхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон тvм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хvчин доройтоход Зvvн Монголд тэдний нєлєє буурчээ. Тvvнээс хойш 150 гаруй жил Зvvнгар дангаараа vлдсэн. 17 дугаар зууны эхээр Баруун Монголыг Хархул хаан нэгтгэн захирч, “Хунтайж хаан” гэж єєрийгєє нэрлэн суув. Тvvний хvv Баатар Хунтайжийн vед нэгдсэн Баруун Монголын ноёд эрх чєлєє хайж, євсний сєл даган, Хошууд, Торгууд аймгууд Зvvнгарын нутгийг тэлэхээр хоёр тийшээ салан нvvсэн байна.
Хошуудын Гvvш хаан Тєрбайх єєрийн албатаа авч, ємнє зvгт нvvж, Алтантагшийн нуруунаас зvvнтээ Цайдамыг туулан, Хєхнуурт хvрч, улмаар 1637 онд Лхасыг дайлаар мордон, Тvвдийг эрхэндээ оруулж, Шар малгайтан Гэлvгвагийн ёсыг єргєх боллоо. Цайдамыг тав хувааж, “Таван Цайдам” гэж нэрлэж байсан нь Хошуудын Хєхэт Бэйс, Хурлиг Бэйс, Баруун Засаг, Зvvн Засаг, Тэйнэр нарын таван нутаг юм. Тэд засаг захиргааны хувьд 21 хошуунд хуваагдах 2000 гаруй єрхєєс бvрдэж байв. Гас нуур, Тэйнэр нуурын хавьд нутаглаж байсан Монголчуудыг “дээд Монгол” ба Хєхнvvрын Монголчууд хэмээн хожим нэрлэх болжээ.
1618 онд Торгуудын Хоо Єрлєг (Бор Єрлєг ч гэдэг) таван мянган єрх албатаа дагуулан, баруун хойш нvvдэллэж, замдаа таарсан нvvдэлчин аймгуудыг арчсаар 1630 онд Уралын нурууг даван, Оросын тал руу цємрєн ороход, тvvний 6 хvv нь 25 мянган Торгуудыг удирдаж явжээ. Тэд цаашилсаар Ногай, Кипчак, Татарын зарим аймгууд, Oросын тосгодыг эрхшээлдээ оруулсаар Астарханд тулсан байна. 1643 онд Астарханыг эзлэх тулалдаанд хотын хананы гадна Бор Єрлєг алагдаж, тvvний хvv Шихир Дайчин хаан суув. Шихир Дайчины хvv Пунцагтай Оросын хаан найрамдлын гэрээ байгуулж, Ижил мєрний хєвєєгєєр тэднийг нутагшуулах болжээ. Ижилийн Торгуудууд хавь ойроо тvvвээсэн ч Оросын хаан мэдээгvй цариалж, мусалмануудтай ємнєд талдаа дайтаж, сэхээ муутай байж.
Баруун Монголын хvчин суларч, ємнєдєд Манж нар Монгол аймгуудыг эрхшээлдээ оруулж эхэлсэн тул 1640 онд дєчин дєрвєний цаазыг Баатар Хунтайж Халхтай нийлэн хийж, тvvнийгээ хотлоороо даган мєрдєх болжээ. Тэр цаазад Хоо Єрлєг, Гvvш хаан Тєрбайх нар тамгаа vлдээсэн нь лавтай тэд бvрэн салаад явчихаагvй байсныг харуулж байна. Баатар Хунтайжийн хvv Галдан (Бошигт) хаан ширээнд суугаад зєстэй эрсийн чадал, сурсан эрдэмдээ эрдэж, Халхыг дайлаар мордож, цусан далайд живvvлсэн. Одоогийн жуулчдын бааз байдаг Элсэн тасархайн ар талын Хєгнєхаан уулын нэр vvссэн домгийг дурдвал, Галдангийн цэрэг Халхын мянган ламыг энэ уулын євєр дэх хvрээн дээр мал мэт засаж, хєнгєлсєн учир эл уулыг Хєгнєхаан гэж нэрлэжээ. Хvчтний дэргэд хvчгvй нь буруутай хорвоо хойно Халхууд аврал ирэн зугтсаар Манжийн Энх-Амаглан хааны нємєрт очиж, єршєєл гуйжээ. Галдангийн хийсэн эл vйлдэл Монголыг Манжид эзлvvлэх нєхцєлийг хурдан бvрдvvлсэн. Халх аймгуудыг хєєсєн Галдангийн цэрэг Цагаан хэрмэнд дєхєж очоод, Манжийн их цэрэг, Монгол хаадын нэгдсэн цэрэгтэй тулж, их тулалдаан болжээ. Тэр тулалдаанд Зvvнгарын 125 мянган морин цэрэг 10 мянган тэмээгээр бамбай хийн дайралтанд орсон гэдэг. Манжийн цэрэг их буу хэрэглэж, Галдангийн тэмээн бэхлэлтийг vймvvлан сандаргаж, цэргийг нь дарахад, Галдан бvслэлтээс зугтан гарч, саринасан цэргээ цуглуулан Гэрэлчийн гол дээр Манжийн цэрэгтэй дахин тулалдаж ялагдах vед єєрийн хатан Анугаа алдсан. Галдан цєєн нєхдийн хамт зугтсаар Илийн хєндийд буцаж ирэхэд, тvvний ах, хорсолд автсан Цэвээнравдан Галдангийн амийг 1697 онд хороосон байна.
Цэвээнравдан Зvvнгарын эзэнт улсыг захирч байхдаа Манж, Халхтай олон удаа єгєє аваатай дайтсан. Манжийн Энх-Амаглан хаан 1719 онд их цэргээ явуулж, тvvний хvчийг ихэд сулруулжээ. 1727 онд Цэвээнравдан хорлогдож, хvv Галданцэрэн нь хаан суув. Галданцэрэн 1730 онд Халх Монголын нутгийг дайлаар эзэлж, цагаан хэрмэнд дахин тулсан байна. Гэвч тэд 1732 онд Халх, Манжийн хамтарсан цэрэгт хиар зохиулж, Баруун Монгол дахиж хєл дээрээ босч ирэхгvй болтлoo доройтов. Манжийн тvvхийн эх сурвалжид бичсэнээр Дєрвєн Ойрдын аравны есєн хувь буюу 6 зуун мянгыг устгасан хэмээн єгvvлдэг. Гэхдээ Баруун Монгол байсаар л байсан. Баруун Монгол доройтон доройтсоор Манжид нэгдэх ёслол 1754 онд Бээжинд болсны дараа Єєлдийн ноён Амарсанаа бослого гарсансан ч, тvvний холбоотнууд хvрэхээс ємнє Манжийн найман тугийн цэрэг Зvvнгарт хvрч, Амарсанаа давуу хvчинд автан, хойш зугтсаар замдаа улаан бурханаар єєд болжээ. Баруун Монголын тусгаар тогнолын тэмцэл vvгээр шувтарга болсон. Yнэнийг хэлэхэд vндэс угсаагаа хамгаалах гэхээсээ илvv єєр хоорондоо хэдэн ноёд тэмцсээр Монгол тvмэн бvхлээрээ Манжийн аманд унасан байна.
Харин Ижил мєрний Тогруудуудын хувьд тvvх єєрєєр бичигджээ. Шихир Дайчины хvv Пунцаг хаан сууж байхад Зvvнгарынхан олноороо Манжаас дайжин хvрсэн. Хошуудын Хєндлєн Убаш єєрийнхєє 3 мянган єрх албатаа дагуулан Ижилд хvрэв. Пунцагийн хvv Аюк хаан сууснаар хагас зууны турш Торгуудууд Еврoпт нэрээ мєнхєлжээ. Аюк хаан Далай ламтай холбоо тогтоож, Их Пeтeр хаан Ижилд ирэн, Аюктай золгосон. Торгуудын морьт хороо байгуулж, Оросын Оттман Тvрктэй хийсэн дайнд тэд жинхэнэ эрлэг нь болж явaв. 1707 онд Шведийн хаантай хийсэн дайнд Торгууд Монголчууд гарамгай гавьяa байгуулсан. 1714 онд Торгуудад Манжийн хаан элчээ илгээв. Манжийн элч тэднийг Зvvнгарынхаа говьд буцаж ирээд Манжид туслан, Цэвээнравдантай дайтахыг ятгасан. Єєрийн охиноо Цэвээнравданд сvй тавьж єгсєн Аюк хаан Манжийн ятгалгыг эрс эсэргvvцжээ. 1724 онд Аюк хааныг таалал тєгссєний дараа тvvний хvv Цэрэндoндoв хааны ор суусан боловч, том ах Дондог-Омбод хаан ширээгээ алдсан. 1741 онд Дондог-Омбыг тэнгэрт халихад, хvv Дондог тайж хааны ор суув. Дондог тайжийн vед Зvvнгарт явуулсан Манжийн харигслалаас зугтсан Хошууд, Дєрвєт, Хойд овгийнхон ихээр ирж Ижилд суурьшлаа. 1758 онд єєрийн хvv Увшийг хаан суулгав. Ижил мєрний сав нутагт хvчирхэгжсэн Увш хааны Торгуудууд хавь ойрынхондоо халгаатай байсан тул Оросын 2-р Елизабез тэднийг Козакуудаар хvрээлvvлэн эрх мэдэл, vйл ажиллагааг нь хязгаарлаж эхэлсэн. Оросууд Торгуудуудын Тvвдтэй холбогдох замыг зориуд тасалж эхлэв. Улмаар Козакууд Торгуудуудын ул мєрийг мєшгих болсон. Увш хаан энэ бvх vйл явдлыг сайтар мэдэж, Оросын мэхнээс удаа дараа мултран гарч, тэднийг "дєнгєтэй баавгай" гэж тохуурхаж байлаа. Тэрээр зориуд 30 мянган цэргийг 1768-1769 онуудад Тvркийн дайнд оруулж, их хэмжээний зэвсэг олзолж авсан. Ийнхvv урьдаас их нvvдэлд бэлтгэв. 1770 онд Ижил мєрний мєс хєлдєхийг хvлээж байлаа. Увш хаан 80 мянгаа цэргээ цуглуулж, Зvvнгарын зvг нvvхээ мэдэгдээд, Ижилийн хєвєєгєєр нутагласан бvх ардаа хурaах даалгавар тэдэнд єглєє. 1771 оны 1 сарын 5-нд их нvvдэл хєдлєхийн урд шєнє гайтай цасан шуурга дэгдэж, Ижил мєрний мєс цємєрсєнєєр баруун эрэгт нутаглаж байсан Монголчууд хааны тушаалыг биелvvлж чадалгvй тэндээ vлджээ.
Торгуудын энэ их нvvдэл 7 сар vргэлжилж, 4 мянган км замыг туулахдаа, Оросуудын тавьсан тvмэн бэрхшээлтэй учирч, зам зуурын таарсан цус урсгасан олон дайн, єлсєгєлєнд сульдан ядарч, vхэж vргэдсээр 4 зvvн мянган Торгуудаас зєвхєн 125 мянга нь Зvvнгарын говьд хєл тавьжээ. Наад зах нь гэхэд тэдний зам дахь бvх худгийг хордуулсан байсан гэдэг. Манжийн хаан тэднийг баяр ёслолын байдалтай угтаж аваад, Зvvнгарын говийг 10 мужид хувааж, Торгуудуудад захируулжээ. Ижил мєрний баруун эрэгт 15 мянган єрх буюу 70 орчим мянган Торгуудууд vлджээ. Орос Тvркийн хооронд єнє удаа хавчигдсан тэднийг Тvркээр “Калмак” гэж баруунд нэрийдэх болсон байна. Калмак буюу Халимагийг Монгол хэлэнд буулгаваас “vлдэгдэл” гэсэн vг болно. “Yлдэгдэл” улсын тvvхийг жич єгvvлье. Баруун Монголын нvvдэл суудал товчхондоо ийм болюу.
Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргvvн Ш.Баатар
Wednesday, April 30, 2008
Буриад Монголын Номч Мэргэн Агваан Доржиев
Буурал Европийн зvvн хаяаг дэрлэн орших Орос орны зулай нь болсон Санкт Петербург хотын ойролцоох намуухан нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад тvvнийг тэнхлэгдэн єнгєрєх Преморский Проспект (хуучин нэр нь Благогородний гудамж) хэмээх єргєн чєлєєнд Нева мєрний хєвєєнєєс холгvй дорнын нэгэн элгэн хvрэн эмжээртэй бор саарал дуган сvм намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн тvvхийг хvvрнэхээс эмээх мэт дvнсийн харагдахыг тvvгээр зєрєн гарсан хэн хvн vл анзаарах ажээ. Ортодокс шашны єлгий нь болсон Орос орны магнайн дээр яахаараа ийнхvv Бурханы сvм тодрон харагддаг билээ. Хэн хvний vр хэдий vед тvмэн бэрхшээлийг туулж мянган зангилааны учрыг тайлсаар тэрсvv номын тэр газар сvм дуган босгодог байна аа ?!
Тэр хvн болбоос Арын Монгол Буриадын ачит соён гийгvvлэгч, ариун сvсэгт номч мэргэн Агваан Лувсан Доржиев билээ. Тvвдээр Агваан Лувсан нь “Номын хаан, эсвэл номч мэргэн” гэсэн утгатай хэргэм цол билээ. Цагаан Оросын хоёр дугаар Николай хаантай шадарлаж, итгэлийг нь дааж, сэтгэлд нь эрхэмлэгдэн явахдаа хоёр давхар дуган дєрвєн давхар чогчинтой энэхvv Дvйнхорийн (Калчакра) Дацанг (Оросоор, Дацан Гvнзэчойнэй) Ортодокс кристяний нийслэлд бариулж чаджээ. Єдvгээд оршин vлдсэн уг сvмээр цаннид хамба Агван Доржиев хичнээн чадалтай суу билэгтэн байсныг тодорхой гэрчилж болно. Европоос дутахгvй єєрийн гэсэн соёл, шинжлэх ухаантай Хаант Орос улсын эзэн хаан нь ийнхvv vнэлж байсныг бодоход бидний бахархах нэгэн Монгол бол vйлийн vргvй Агваан Доржиев юм.
Буриадын нэгэн бєглvv гацаанд хvний хутгийг олон, Да хvрээнд номд гийж, 19 настайдаа єргєє хотоос жинчин даган Цастын цагаан барсын оронд очоод Дрэпvнг (Гоман сургуульд) хийдэд ном vзэн шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд лхарамбын дамжаа дvvргэн улмаар Тvвдvvдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар Далай Ламын номын багш (цэншаб, Монголоор цаннид хамба) болжээ.
Тvвдийг Манж лууны савраас салгаж Англи арслангийн аманд оруулахгvйн тул Орос баавгайн хvчийг ашиглах гэсэн Далай Ламын тєрийн бодлогын золиос болсон цэншаб Агваан Доржиев Хаант Оросод элчээр томилогдсон байна. Yvнийг тvvхэнд “Их Тоглоом”(Great Game) гэж нэрлэдэг.
Хаант Оросоос Тvвдэд зэвсэг нийлvvлэх, цэргийн хvч авах тєрийн бодлого явуулахынхаа зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа Николай хааныг уургалан барьж энэхvv тvvхт сvмээ барих эрхийг олж авсан байна. Арваан Доржиевын тооцоолж байснаар сvм босгоход 90 мянган алтан рубль орох агаад тvvний 50 мянгыг Дээрхийн Гэгээнтэн 13 дугаар Далай Лам, єєрєє 30 мянгыг, vлдсэн 10 мянгыг Кальмук Буриадын сvсэгтэн олноор гаргуулах бодолтой байж. Хэрэг дээрээ барилгын зардал 151,694 алтан рулбь болж Агваан Доржиев Монгол Улсын 8 дугаар Богд хаан Жавзандамба Хутагтад хандсан байна. Ар Євєр Монголын сvсэгтэн олны хандиваар бvтдэг Богд хааны сангаас vлдсэн 60 мянган алтан рублийг гаргажээ. Дvйнхорийн Дацанг босгох зардал ийнхvv Ар Євєр Монгол, Кальмук, Буриадын хандиваар хэдхэн жилийн дотор бvтэж 1909 онд эхлэн шавыг нь тавиад 1915 онд барьж дуусгажээ. Дуганы модон углуургануудыг Ринчин Зангадов, Дотоод зургуудыг Аги Осор Будаев, дуганы ерєнхий архитектурыг Гэлэггямц Цэвгийна нар урлан бvтээжээ. Энэ дуганы гол шvтээн Шагжамvни Буддагийн 2.75 м алтан шуумлыг (1938 оны их сvйтгэлийн жилvvдэд Елагинийн арлын цєєрємд хаягдсан) Дол Нуурт хувийнхаа алтаар Агваан Доржиев захиалан хийлгэсэн байна. Бас нэгэн зэсэн шуумлыг Сиамын 4 дvгээр Рама хаан бэлэг болгон Агваан Доржиевт єргєн барьсныг Банкокт байсан Хаант Оросын элчин Г.А. Плансоны єгсєн босоо Майдарын хамт дээд давхарын дугандаа залж байжээ. Дvйнхорийн Дацандаа чойрын номоо хурах хоёр дахь жилийн босгон дээр большивекууд тєрийн эрхийг булаан авч Зєвлєлийн засгийг тогтоолоо.
Большивекууд хэдийгээр шашныг vгvйсгэн, vзэн яддагч “шашны эрх чєлєєг” Зєвлєлт оронд зарлаж нєлєє бvхий лам нарыг єєртєє татах бодлого эхэн vедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгvй ёс суртахуун тухайн vеийн коммунистуудын vзэл бодолд ойрхон тусаж энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж тvvхэнд гардаг билээ. 1929 онд Сталин тєрийн тэргvvнд гарч тємєр нудрагаар улсын хэргийг зангидах болсоноор нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас Буриадуудаар арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэхvv дацан сvvлчийнхээ хурал номоо 1933 онд хурж 1938 онд бvрэн хаагджээ. Монголчуудын атаа чєтєє хэзээнээс барагдахгvй vргэлжилж ирсэн тул харьд олон жил суусан Агваан Доржиев Байгаль Нуурын нутагтаа хавчигдсаар 1934 онд Ленинградынхаа Дvйнхорийн Дацангийнхаа ойролцоох Олгино дахь дачи-даа буцан ирж 1937 он хvртэл амьдарч байжээ.
1937 оны одод тvгэх анир харанхуй шєнє Ленинград дахь сvмийн 3 гол ламыг Дотоод яамны комиссарууд баривчлан жанжин штабтаа аваачаад Эрvvгийн Хэргийн 58 дугаар тоотот зааснаар хоосон ял тулгаж тусгайлан бэлдсэн дуу намсгагч ханатай шоронгийн єрєєнд тэднийг аваачин, тэр шєнєдєє багтаан ар дагзанд нь макаров буугаа тулгаж тархинд тугалга зоосон энэ явдал хэнийг ч зочроосонгvй ертєнцийн цаг эргэж л байсан байна. Yvр хаяарахаас ємнє цусны vнэрт цадсан ярагчид тэдний шарилыг хотын хойд дvvрэгт орших Левашовогийн оршуулгын газар урьдаас бэлтгэсэн нvхэнд ёдрийн мод ч босголгvй булж хаясан аж.
Цаг тєрийн ширvvн байдлаас далдиран нутагтаа тvр саатсан Агваан Доржиевт Пан-Монголын дээрэмчдийн бvлгийг толгойлж байсан гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрvvгийн хэргийн 58 дугаар тоотоор яллан буудан алахаар товолжээ. Нас сvvдэр 84 шvргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгvй Буриадын нийслэл Улаан Yvд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны 1 сарын 29-ний vvрээр зvрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх vед ийм нэгэн бараан сvvдэр хэдэн зуун мянган сор болсон Монголчуудын лам харыг нь ялгалгvй дайрч єнгєрсєн гунигт vнэн тvvхийн хар толбот хуудас бий.
Номч мэргэн Агваан Доржиевын хэлж ярьж, хийж бvтээж явсан агуу зvйлс нь арчаад ч арилахгvйгээр дэлхийн тvvхийн хуудаснаа тодоор vлджээ. Монгол тvмний суу билгийн гэгээн дvр болон мєнхєрсєн Агваан Доржиевын vнэн тvvхээс учиглан бичвэй.
Friday, April 25, 2008
Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс
Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн єгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, ганц хvний театраараа гайхуулж яваа гавъяат жvжигчин Догмидийн Сосорбарам бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч єєрсдийгєє Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу.
1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлахчихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит тєр Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах нємруулж винтов буу бариулан, Енисэй мєрнийг єгсєн уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. Євдєг сєхрєн єндийх чадалгvй байсан Монгол Улс єєдєєс нь юу ч хэлж чадаагvй. Єєрєєр хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын єєрчилж бичих эд биш ээ.
Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бєгєєд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Єлєн нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мєрний хєвєєнд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд єргєж байсан нь мєн ийм учиртай.
200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мєрєн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бєгєєд тэд голдуу ойн анчид байсан бєлгєє. Баян Тайга, Мєнгєн Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан єршєє" гээд ангийнхаа дээжийг ууландаа єргєж байсныг єєрийнхєє тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий.
Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зєвлєгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс єєрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, єрєєлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Тєлєвлєгєєний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерєнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерєнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны тєлєє хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны ємнєєс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ.
Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давлгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хєдєлгєєн єрнєж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр єєрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мєн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хєдєлгєєн, таван жилийн тєлєвлєгєє гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ.
Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "Мєнгє Ол" Улс болохын даваан дээрх єнєє vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.

