Thursday, November 29, 2007

Бэй Аэриад “Алтан Хараацай” хvvхэлдэйн театр байгуулагдлаа



Монголын урлагийн алтан үеийн бие төлөөлөгч, МУГЖ Л.Чимэддорж гуай Бэй Аэриад сурч, амьдарч буй хүү дээрээ хоёр дахь удаагаа ирэхдээ “Алтан Хараацай” хүүхэлдэйн театрыг Америкийн баруун эрэгт байгуулах алтан боломжийг бидэнд олголоо. Сайн хүний хураасан буянаас хуваалцсaн энэхүү баярт үйл явдлыг та бүхэнд дэлгэрүүлэн хүргэхийг зорив.

50-иад жилийн турш хүүхэлдэйн театрын урлагийг Монгол оронд хөгжүүлж ирсэн тоотой цөөхөн хүний нэг нь Л.Чимэддорж гуай гэдгийг захын хүн мэдэх юм. Хийж бүтээснийг нь Монголын төрөөс үнэлж, “гавъяат олшироогүй байхад” гавъяат болгосон юм. Бага наснаасаа Чимэддорж гуай тоглосон хүүхэлдэйн жүжгийг амтархан үздэг нэгэн байв. Харин Чимэддорж гуайтaй танилцах завшаан олдсон нь арав гаруй жилийн өмнөх хэрэг. Монголчуудын хөлийн мөр хааяа нэг гардаг байсан Япон орны Ямаха компанид Чимэддорж гуайн бага охин 90-ээд оны дундуур ажилд орж, ажил хэргийн замаар арлын оронд үе үе ирдэг болсонтой холбоотой юм. Ямаха компани бидний амьдарч байсан Хамамацу хотод байдаг учир биднээс өөр монголчууд тэр хотод байгаагүйг хэлэх үү Чимэддорж гуайн охин манай хүндэт зочин болж билээ. Чимэддорж гуайн отгон хүү Оргилсайхан Сан Франциско хотноо суралцахаар ирсэн цагаасаа манай том хүүгийн морин хуурын багш болж, Бэй Аэриад миний зохиосон бa оролцсон арга хэмжээнүүдэд “Түмэн Эх” чуулгын эвэр бүрээчин, хөөмийчин Л.Өлзийсайханы хамт оролцсоор ирсэн юм. Оргилсайханы багш, миний дотнын найз, Ардын жүжигчин Ч.Батчулуун нь Чимэддорж гуайтай байрны хөрш найз гэнэ. Ингээд Монголд очих болгондоо Чимэддoрж гуайнхаар ордог болов. Тэгээд ч дотно танилцсан болохоор Чимэддорж ах гэж дууддаг билээ. Чимэддорж ахыг 2004 онд Америкт ирэхэд нь Бэй Аэриагийн хүүхдүүддээ тоглолт хийж өгөхийг хүссэн юм. Өвгөн ах маань “Алтан Унага” театрaa Америкт авчирч тоглолт хийлгэхээр бодож явсан боловч, санхүүгийн бa бусад бэрхшээлээс болоод амархан бүтсэнгүй.

Энэ жил хүүгийнхээ урилгаар Сан Франциско-д ирсэн Чимэддорж ах, түүний гэргий Удвал эгчтэй уулзахад сэтгэлийн гуниг ихтэй, уймруухан байв. Арга байж дээ, жил дараалаад том ач, ууган хүүгээ алдсан улс чинь сэтгэл санааны хувьд ямар олигтой байх билээ. "-Чамтай ярьж байснаараа хүүхдүүдээ баярлуулна aa, ямарч байсан" гээд нүднийхээ нулмисыг арчиж суусан нь гуравхан сарын өмнөхөн. Энэ гурван сарын дотор Чимэддорж ах толгой өндийх сөхөөгүй хөдөлмөрлөж, хүүхэлдэйн дөрвөн жүжиг бичиж, түүний гуравт нь зориулан утсан хүүхэлдэйнүүд урлан бүтээв. Завсарт нь долоо хоногийн хагас сайн өдөр бүр бяцxан шавь нартаа жүжгийн дүрийн үгийг нь цээжлүүлэх, хэллэгийг нь засах, жүжиглэлт заах, хүүхэлдэйг хэрхэн хөдөлгөх аргыг заах гээд даана ч завгүй байлаа даа. Чимэддорж ахын энэхүү их хөдөлмөрийг олон сайхан сэтгэлтэй хүмүүс дэмжин өгөөмөр гараа тэнийлгэн хэтэвчээ тэмтэрсэн юм. Замдаан сэтгүүлийн Цэрэндорж хамгийн түрүүнд дэмжиж, зар сурталчилгааг нь хийж олон нийтэд хүргэх болов. Цэрэндоржийн зарын дагуу Өсвөр Үе хүүхдийн байгууллагын тэргүүн Ц.Энхтуяа ажил хэрэгчээр оролцохоор ирэв. Угийн гавшгай дайчин Энхтуяа хүүхдүүдийг бүртгэж, сургууль хийхэд туслах ажлаас гараагаа эхэлсэн ба сүүлдээ хөтлөгч, хүүхэлдэйн жүжигчин болтлоо олон ажлыг амжуулж, өвгөн ахын арга барилыг эзэмшиж авлаа. Энхтуяа өөрийн найз рaдиoгийн нэвтрүүлэгч Оюунтуяаг хөл хүндтэй гэлтгүй энэхүү ажилдаа татаж оруулав. Энхтуяагийн оролцоогүйгээр хүүхэлдэйн жүжгүүдийг амжилттай сайхан болгоно гэж төсөөлөхийн аргагүй юм. Энэхүү ажил сэтгэлээ шингээж ажилласан Энхтуяа цаашид ч уг хүүхэлдэйн театрыг авч явах гол хүн нь байх болно. Хүүхэлдэйн театрын тухай зарыг хараад хамгийн эхэнд Номуун охиноо дагуулж ирсэн хүн бол хөөмийчин Өлзийсайхан билээ. “Боржигоны тал” хамтлагийн ахлагч Төмөрчөдөр хүү Чингүүнийхээ хамт оролцлоо. Урлагийнхны тогоонд удаан чанагдсан энэ хоёр маань уг арга хэмжээг дуусан дуустал маш сайн оролцсон доо. Энэ хоёр хүн бол шинээр байгуулагдсан хүүхэлдэйн театрын цаашдын тулах багана нь байх шаардлагатай байна. Төмөрчөдөр хөгжим тоглож, Эс-Олдох дуулж, Өлзийсайхан Баяраа хоёр хөшиг болоод бут сөөгийг хөдөлгөж өгсөн нь хүүхэлдэйн жүжгийн улам амьд сайхан болгов. Хүүхэд урлагийг мэдрэхэд чухал мэдрэмжийг тэд бүрдүүлж чадлaа.

Хүүхэлдэйн театрын тоглолт хийхэд учирсан ялимгүй нэгэн бэрхшээл бол анх Оакландын Христийн Монгол Сүмийн байрыг ашиглахыг ярьж тохирсон боловч яг тоглох мөч ойртсон байхад гэнэт “-Xурим хийх тул тоглолт хийлгэж чадахаа болилоо” гэсэн хариу авсан явдал юм. Сүмд явж буй монголчуудын маань гаргасан шийдвэр биш байсан ч хэлсэн амнаасаа буцна гэдэг бол тийм ч сайхан зүйл биш болохоор энэ тухай сүмийн удирдлагат манайхан бас сануулах хэрэгтэй. "Эрийг жаахан гэж бүү бас өсдөг юм, монголчуудыг Америкт чадалгүй гэж бүү бас сэхдэг юм" гэж сэтгэлдээ хэлж суусан юм шүү. Tус сүм саруулхан тул олон хүн ирэхэд тохиромжтой гэж дотроо бодож, битүүхэндээ баярлаж байсан маань талаар болж, Ажаа гэгээний хийдэд тайз засах давхар ажилтай боллоо. Тайз хийхэд нэлээд хэдэн төгрөг оров. Өөр байр хайхад нэгт цаг хугацаа шахсан, хоёрт санхүүгийн бэрхшээл нүүрлэсэн тул "лам олдохгүй бол буцахдаа чамайг зална" гэдгийн үлгэрээр Ажаа гэгээний цомцойхон төвдөө тоглолтоо даруухан шиг хийх боллоо. Сайхан зайчилбал сумын төвийн улаан булангаас багагүй тус төвд 150 орчим хүн багтдаг юм. Сүмийн Отгоогоос зээлж авсан тайзны гэрэл их хэрэг болсныг энд бас хэлэх хэрэгтэй. Шүтдэг бурхан шашин өөрч, өсөж төрсөн нутаг, үндэс угсаа нэг болохоор бид хүний газар бие биеийн дутууг нөхөж явахыг эрмэлздэг юм. Хамгийн сайшаалтай нь хүүхэлдэйн жүжигт хүүхдүүдээ оролцуулсан эцэг эхчүүдийн дэмжлэг их байлаа. Хандив цуглуулах зар олон нийтийн сүлжээгээр тавьсан боловч дэмжихээр ирсэн нь тийм ч олон байсангүй ээ. Буян номын хурал гэхээр багтаж яддаг байсан сүсэгтэн олон маань хаачихсан юм бүү мэд. Монголчууд маань өөр ертөнцөнд ирсэн болохоор өмссөн зүүснээ биш, дотоод сэтгэлээ жаахан ч гэсэн өөрчилмөөр болсон байна шүү.

Харин талийгаач Ичинхорлоогийн дурсгалыг мөнхжүүлэхээр байгуулсан Ико сангийн Баярсайхан, Уранчимэг, Ганхуяг нар бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авч хүрэлцэн ирсэн юм. Ико сангийн хувьд Бэй Аэриа дахь хүүхдүүдээ баярлуулсан хамгийн анхны арга хэмжээ болсон байж магадгүй. Ико сангаас жүжигт тоглосон хүүхдүүдэд мөнгөн урамшил үзүүлснээс гадна хүүхэлдэйн жүжгийг үзэхээр ирсэн 60 гаруй хүүхдэд чихэр тарааж давхар баярлуулав. Охиныхоо хийж бүтээгээгүйг бүтээх чин эрмэлзлэлээр байгуулсан Ико санг та бүхэн бас дэмжээрэй. Хүүхэлдэйн жүжгийн бэлтгэл ажлын үеэр Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны тэргүүн Лувсанжамбаа, идэвхтэн гишүүд Наранчимэг, Цэрэндорж, Хишигбаяр, Алтантуяа, Болдбаатар, Төмөрсүх, Ганбаатар, Төрбурам нар цаг нараа гаргаж маш их тус боллоо. Олны тусгүйгээр олигтой ажил яаж бүтэх билээ.

Монгол улс тунхагласны 83 жилийн ойн баяраар 2007 оны 11 сарын 25-ны нарлаг сайхан өдөр Оакланд хот дахь Ажаа гэгээний төвд Бэй Аэриагийн хүүхэд багачууддаа хүүхэлдэйн жүжиг тоглож өгсөн найруулагч, МУГЖ Л.Чимэддорж, авъяаслаг хүүхдүүд Ө.Номуун, Б.Тэмүүлэн, З.Банзрагч, С.Тодгэрэл, М.Өнөболд, Т.Чингүүн, Б.Наска, хөтлөгч Ц.Энхтуяа, Д.Оюунтуяа, хөжимчин Ц.Төмөрчөдөр, дуучин Эс-Олдох, тайзны туслагч Л.Өлзийсайхан, Баяраа нартаа үзэгчид болон үзэхээр завдаж байсан бүх хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. Дараа дараагийн арга хэмжээнүүд улам олон хүний сэтгэлийн эрч хүчээр улам сайхан болох болтугай.

2007 оны 11 сарын 29


4 comments:

jagdag said...

ёстой сайхан үйл ажиллагаа болсон байна. америкийн бусад хотуудаао аялан тоглууах юмсан. энэ талаар бүгд нийлж юу хийж болох вэ, баатар ах аа?

Ш. Баатар said...

Хvvхдvvдийг хол авч явахад амар биш, бас даатгал энэ тэр гээд бодох зvйл их бий. Эцэг эх нь хамт явахаар зардал их орно. Ямарч байсан ойрын хотуудад тоглох талаар манайхан ярьж байгаа.

BTU said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

A.Амарсайхан said...

Чимэддорж ахдаа амжилт хүсье ээ. Маш сайхан мэдээ сонслоо.