Wednesday, February 28, 2007

Торгон замын соёл


Дорныг өрнөтэй холбосон худалдаа, харилцааны энэ зам олон мянган жилийн өмнөөс оршин тогтнож ирсэнийг төв Азийн түүхэнд хамгийн их даяарчлагдсан эдийн нэрээр ТОРГОН ЗАМ гэж нэрлэжээ. Торгоны зам соёл түгээх даяарчлалын үүдийг нээн, хүн төрөлхтөний хөгжлийн нарийн жим болж, мянга мянган жил тогтнохдоо монголчууд бидний сэргэн мандалд үнэт хувь нэмрээ оруулжээ. Дорнын ертөнцөд хүний оюун ухаанаар нээсэн хvр хорхойн утсаар нэхсэн торгыг энэ замаар тээж, өрнийн соёлт Ромын эзэнт улсад хүргэж байсaн археологийн баримт нь сөнөсөн хотын тууринаас олдсон чулуун шалан дээр буй нимгэн торгон хувцасны цаанаас булбарай бие нь нэвт харагдаx бүжигчин бүсгүйн шигтгэмэл зураг болно. Эртний Персийн уламжлалт хээгээр чимсэн эмэгтэй хүний оо энгэсэгний хайрцaг Баруун Хан улсын Хараацай хатны оршуулгаас олсон нь Торгон замаар өрнийн соёл дорно дахинд түгснийг мөн илчилж байна. Гэтэл Такаламаканы элсэн цөлөөс гарсан нэгэн оршуулгаас тэмээгээ гэрийнхээ ханаар хомноод, ачаа ачсан нүүдэлчний шаазан баримал олдов. Энэ бол бидний өвөг дээдэс Торгоны замыг эрхшээлдээ оруулж, аюулгүй байдлыг нь хангаж байсны нэг илрэл болно. Эдгээр дурдсан археологийн дурсгалууд хоёр мянга гаруй жилийн тэртээх эд мөний баримт болж байна. Зүүн өмнөд нанхиадын эртний нийслэл Ши-ан хотыг өрнийн соёлт ертөнцийн төв Ромтой холбосон Торгон зам их говийн урд хормойг барин явсаар Такаламаканы усгүй цөлийн өмнө, хойгуур хоёр салан гарч Персийн нутаг дээр дахин хоорондоо нийлдэг байжээ. Элсний хормойг хажиж явах нь газрын бартаа багатай, зүг чигээ алдахгүй, булаг шанд, баян бүрд тасрахгүй таарах сайн талтай байсан болов уу. Тэмээн хөсөг цуварч, жингийн цуваа жигдэрсэн Торгон замын аюулгүй байдлыг тухайн бүсэд оршин тогтнож байсан их, бага хаант улсууд үе залган хангаж ирсэн ч хүчирхэг нүүдэлчдийн ширүүн довтолгооноос хэрхэн зайлж чадах билээ. Түүхэнд бичигдсэнээр Хүннү нар Торгон замыг эхлэн захирч, Их Монгол улсын үед аюулгүй байдал нь Пакс-Монголика нэрийн дор хамгийн дээд цэгтээ хүртэл хангагдаж байгаад Монголын задралаас хойш Торгон зам далайн тээвэрт халаагаа өгч улиран мартагдахад хүрчээ. Торгон замыг хүчтэй байх тэр цагт энэ замыг дагсан соёлын хөгжил бадарч байсан нь Гансугийн гарцны ойр орших Дунхуангийн агуйн зурaгнуудаас илт харагдана. Тэдгээр 400 гаруй агуйнуудаас хамгийн алдартай нь Магао хавийн агуйнууд билээ. Тэдгээр агуйн зурагнуудад Их Нирун улсын хуягласан нүүдэлчдийг маш тод зурсан байдаг юм. 1900 онд эдгээр агуйн хананд мянган жилийн өмнө нуусан 50 мянга гаруй эвхмэл, хуйлмал номнууд олдож, дэлхийн эрдэмтэдийн оюуны хүртээл болсон юм. 1000-1600 жилийн өмнө бичигдсэн тэдгээр бичгийн дурсгалуудын ихэнх нь Бурханы сургаал байв. Олзуурхууштай нь тэдгээр ном судар дотор уйгар үсгээр бичсэн хэд хэдэн судар олдсoныг нарийвчлан харахад Их Монгол улсын хаадын захидлуудтай бичлэг нь нэн төстэй. Эдгээр бичгийн дурсгалууд Англи, Францын томоохон номын сангуудад хадаглагдаж байдат тул манай эрдэмтэн залуус судлан үзэж. Монгол бичиг үсгийнхээ түүхийг бас нэгэн шатанд ахиулан хөгжүүлнэ биз ээ.


2007.2.28

No comments: