Monday, October 18, 2010

Монголын уртын дуу, хөөмийн талаар хятадууд


Би хагас бүтэн сайнд боломж л гарвал Бөрклэй дэх Кальфорнын их сургуулийн номын сангуудад сууж, Хятаны талаар судалгааны ажлаа хийж, жаахан ахиулдаг зуршилтай юм. Хэрвээ ажлын өдрүүд бол ажлаа тараад холгүй орших Станфордын их сургуулийн номын сангуудад шөнө дөл болтол сууна. Сайн санаатай, сурах гэсэн хүнд ямагт тусалж байдаг өвгөн буурал профессоруудын буянд эдгээр сайхан сургуулиудын номын сангийн босгыг алхах завшаан олдон нь өчүүхэн надад асар их сэтгэлийн болоод ном эрдмийн тус дэм болж байгаа тул чадлын хэрээр би “эзэн хичээвэл заяа хичээнэ“ хэмээн хичээнгүйлдэг юм. Энэ бол монгол хүн бүрт олдоод байхааргүй ховор завшаан гэдэгт маргах хүн гарахгүй биз ээ. Миний судалгааны ажлыг гараас гарсан эсэхийг хүмүүс сэтгэл догдлон асууна. Зарим нь сонирхож унших, зарим нь гоочилж шүүмжлэх, зарим нь судалгаандаа ашиглах гээд олон санаа явж буй байх аа. Надад удаан хийх олон шалтгаан бий. Нэгт би мэргэжлийн биш, хоёрт би ажил хийж сурангаа ном бичиж байгаа, гуравт ихэнх материал дундад эртний хятад хэл дээр гээд унасан бөхийн шалтаг олон тул миний гараас нэг л сайн чанартай эд гарч өгөхгүй дуншаад л байна.

Энэ хагас бүтэн сайн өдөр Сан Францискод бороотой сэрүүхэн байсан тул Бөрклэйд ирж номын санд цагийг нөхцөөж, идэх уухыг умартан олон зузаан номын хуудсыг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эргүүлж, зарим нэгэн тэмдэглэл хийж суунгаа сэтгэлийн жаргалыг дангаар эдлэв. Нэг мэдэхэд гадаа харанхуй болж од мичид тэнгэрт түгжээ. Толгойгоо сэргээж, мэдлэгээ сэргээх зорилгоор Банкрофт хэмээх төв номын сангийн уншлагын саруул том зааланд орж, шинэ сэтгүүл гарчиглав. Энэ уншлагын заалны тааз өндөр, уран нарийн хийцтэй тул нүдний чилээг гаргаж, хааяа адар ширтэхэд нэг л сайхан, сэтгэл уучирдаг юм. Энэ удаа би урд хөршийн 59 дэх жилдээ гаргаж буй Өнөөгийн Xятад хэмээх өнгөт сэтгүүлийн хуудсыг имэрч, зургийг тайшааж, гарчиган дээгүүр хараагаа гүйлгэж аль нэгэн сонирхолтой материал олж уншихаар тэмүүлэв. 2010 оны 4 сарын дугаарын 72 дугаар хуудсанд “Умартын нүүдэлчдийн гайхамшигт уртын дуу” гэсэн гарчигийг ногоон толгодын наанa хуур татах монгол хүний эрхэм дүрийн хамт олж өөрийн эрхгүй хараа тогтоож хөмсөг буулгав. Сэтгүүлийн хоёр нүүр бичсэн энэ нийтлэлийн гол утгыг сийрүүлэн хэлье. Хятадын умартад нутаг олон мянган жил нүүдэллэн ирсэн монгол түмэн бол өөрийн өвөрмөц хэл соёлтой, тэдний ихэнх нь Өвөр Монголд аж төрөх ба Шинжаан, Хөхнуур, Гансу, Шинэн, Лияонин, Хөлөнбуйр мужуураар тархан суудаг гэжээ. Уртын дууны саруул цээлхнийг шагшин магтаад, уртын дуу нь хөөмийтэй нийлэхээрээ юунаас хосгүй сайхан урлаг болдог гэнэ. Уг зохиолчийн хэлснээр хөөмий бол Шинжааны монголчууд, Шилийн голын монголчуудын дунд эртнээс дэлгэрсэн хосгүй урлаг ажээ. Энэ урлагийн хүчинд монгол хүн ботгоо голсон ингийг богино хэлбэрийн уртын дуугаараа уяраадаг гээд Ингэний нулмис киног жишээ татсан байна. Хятадын төрөөс энэ сайхан урлагийг өмгөөлж хамгаaлахын тулд ЮНЕСКО-д уртын дуу, хөөмийг сэтгэл гарган бүртгүүллээ гэжээ.

Хятадууд бусдын соёлыг луйвардан ЮНЕСКОД-д өөрийн нэр дээрээ бүртгүүлж, монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч, дэлхийн түвшинд нэр хүндээ муутгаснаа ийнхүү хайцаалан цайруулах гэж оролдсон байна. Хачирхалтай нь умарт зүгт Монгол улс оршин тогтнож байгааг нэг үгээр дурдаагүй мөртөө Монгол улсын иргэн хүний бүтээсэн Ингэний нулмис киног ичих юмгүй дахиад л луйвардсан байна.

Зах зээлийн чөлөөт харилцаанд орсны дараа урд хөршид очиж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж манай урлагийнхан ихэд чармайж, тэдэнд хөөмий зааснаар огт үндэс суурьгүй газар хөөмийг хөгжүүлж энэ урлагаа их хятад алдсан нь үнэн. Өвөр Монгол хэдий алтан ургийн тасархай алаг махны хэлтэрхий ч туурга тусгаар бол танай манай гэдэг ёс үйлчилдэг энэ хорвоод хүний миний гэдгийн зааг бас баймаар юм. Эл байдалд өвөр монголын урлагийнхан ч гэсэн дэндүү ухамсаргүй, хятаддаа зулгуйдан хандсан байна. Урлаг соёлын дээл хувцсаа тэдэнд зарснаар Монгол улсын онцлогтой ардын язгуур урлагийн хувцас цөм Xятадад шилжжээ. Одоо өвөр, ар монголын урлагийн хувцас усны дусал мэт адил болж ар өврийн, ах захын, туурга тусгаарын ялаа огт гээгдсэн байна. Энэ бол цаанаa их гүрний идэх бодлого хамт явагдаж байгаагийн нэг илрэл мөн. За бидний монголчууд өнөө маргаашийг харж хэдэн төгрөгний хойноос явсны хариуд их зүйлийг урд хөршид ийнхүү алдaж байна. Бодох цаг үнэхээр ирсэн ажигуу. Цаашид монгол гэсэн эрхэм сайхан өөрийн өв соёлын онцлогоо (identity) алдах асуудал улам гаарах янзтай. Монголчууд минь ээ, эх соёлоо хамгаалах, өөрийн болгон баталгаажуулан дэлхийд түгээхийн тулд эв нэгдлийг эрхэмлэж хамтран ажиллах цаг болжээ гэж би үзэж байна.

5 comments:

serdaram said...

Saihan bichjee. Bid morin huuraa herhen ezemshij chadahaas morin huuryin tsaashdyin hogjil shaltgaalna. Morin huuryin beleg dursgalyin byteegdhuun bish heregleenii buteegdhuun bolgoh ni hamgiin chuhal yum daa. Sayahan Hong Kong-iin horongiin birj deer garsan MGL-uud 1 hyatad hund morin huur beleglej baina lee. Ter huur neg hujaagiin oroond olgootei heden jil ch baih yum bilee buu med! Morin huuryig belegleh bish egshig ayalguund ni sataaran sonsoh ni chuhal shyy dee

Өнөрбат.Х said...

Мөн Монгол гэрийг Хятадууд бас л өөрсдийн өв соёл гээд НҮБ -д бүртгүүлсэн гэдгийг уншиж байсийн. Монголчууд бид өөрсдийн соёл, уламжлал, ёс заншилыг бүр хүүхэд байхаас нь цэцэрлэг, сургуульд хичээл болгож заамаар санагддагийн. Гайхамшигт морин хуурыг бол хичээлийн хөтөлбөрт оруулсан ч болохоор. Монгол гэрийн үүх түүх, бүтэц хийц, барих, буулгах гээд бүх талаас нь хүүхдүүдэд зааж, өөрсдөөр нь бариулж, тэнд нь ёс заншилийн хичээлийг нь явуулдаг болгомоор бодогдоод байдагийн.

мөнх гал said...

Монгол урлаг бол дэлхийн урлаг, монгол соёл бол дэлхийн соёл мөн хэмээн америкийн нэгэн соёл судлаач хэлж байсан удаатай. Мөн хэдэн жилийн тэртээ оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу монголын хөдөө нутгаар судалгаа хийж байсан францын хэсэг оюутан нутаг буцахынхаа өмнө төвийн нэгэн сонинд ярилцлага өгөхдөө "Францын соёл бол дэлхийн соёл гэдгээрээ бид бахархдаг. Гэтэл монгол соёл ямар агуу том соёл вэ гэдгийг дөнгөж зах зухаас нь мэдэрлээ. Эрдэнэ нуусан арлыг цааш судлах асар их хүсэл, тэмүүлэлтэйгээр нутаг буцаж байна. Франц соёлыг дэлхийн түвшний соёл гэж нэрлэхэд хэтэрхий жулдах юм байна гэсэн анхны сэтгэгдэл төрлөө." гэж хэлснийг тодхон санаж байна.

Юун мөхөж устах, хадгалж хамгаалах, аврах тухай яриа вэ? Монголын соёлыг судалж шинээр нээн дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх тухай асуудал ид яригдаж байна шүү дээ. Хоцрогдсон, бүдүүлэг, харанхуй гэх мэт үгийн талаар дурсахын ч хэрэггүй. Шинэ мянгантай хөл нийлүүлж чадах хамгийн дэвшилтэт, боловсронгуй, төгс соёл. Шинэ давалгаанд манай хөрш улс нэгдэн орж байгаад бид баяр хүргэх ёстой болов уу. Дэлхий нийтийн хөгжлийн ерөнхий чиг хандлага, салхи хаашаа эргэж буйг тэд гярхай ажиглаж чаджээ.

cosmopolitan үгийн тодорхойлолт:

- of worldwide scope or applicability; "an issue of cosmopolitan import"; "the shrewdest political and ecumenical comment of our time"- Christopher Morley; "universal experience"
wordnetweb.princeton.edu/perl/webwn

- Widely diffused over the globe, found in many locations
huey.colorado.edu/diatoms/about/glossary.php

- widely distributed in many countries, with no obvious country (or region) of origin.
www.members.iinet.net.au/~weeds/western_weeds/glossary.htm

- (barbarisms: 'cosmopolitical', 'cosmopolitics') City or person defining itself from the point of view of the world and of all its movements. Cf. the work of Immanuel Kant (1724-1804). See also International and internationalism.
openhagen.net/tema/asyl-migration-og-by/article/preliminary-vocabulary-of-some

- consisting of a group of individuals from around the world
wiki.nwtresearch.com/(S(ic0a2l455xdf5v45zxuxva55))/glossary.ashx

M. Tuul said...

http://tuulmgd.blogspot.com/2010/04/amazing-voice-norovbanzad.html

www.gegeen.com said...

australia shavitai Mongol hoomiich, morin huurch - http://bukhu.wordpress.com