Аймшгийн (Halloween) баярын өдөр харамсалтайгаар бусдад хороогдсон Ичинхорлоо охины аав Баярсайханаас Өсвөр үе клубын тэргүүн Ц.Энxтуяа ярилцлага авч нийтэд хүргэхээр талийгаачийн гэрт үлдсэн юм. Монголчуудын Холбооныхон, Эрүүл мэнд төслийнхөн, талийгаачийн ар гэр, найз нөхөдтэй хамтдаа сууж Ико сан байгуулах нь зөв зүйтэй үйл хэрэг болно гэж тогтсон юм. Ингээд энэхүү харамсаар баршгүй эмэгнэлт үйл явдлын талаар гадуур яригдаж байгаа олон салаа яриаг нэгдсэн нэг ойлголттой болгохын тулд талийгаачийн эцэг эхээс Энxтуяагийн авсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Энхтуяа: За уучлаарай, охиноо алдсан таны сэтгэл тун хэцүү байгаа байх даа
Баярсайхан: - Хүнд байна аа. хоёрхүүхэдтэйгээ сайхан амьдарна гэсэн ирээдүйд итгэлтэй бодолтой Aмерикт анх орж ирсэн.
Энхтуяа: Та ирээд хэр удаж байна?
Баярсайхан: - Aмерикт ирээд би 3 жил болж байна. Уг нь би Mонголдоо уурхайтай, эхнэр маань АПУ компанид нягтлан хийгээд боломжийн амьдралтай байлаа. Яагаад бид хоёр Mонголыг орхиод Америкт ирээд амьдаръяа гэсэн учир нь хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодож, яг энэ эрх чөлөөний оронд хүрч хэл сургая, сайн сургуульд оруулъя гэж бодсон хэрэг.
Энхтуяа: Тиймээ, хэний ч гэсэн мөрөөдөл л дөө, тэр бол...
Баярсайхан: - Тэгэхээр одоо эд нарыг нэг л сайхан болгочих юм бол бидний зорилго биелнэ гэж бодож Америкт орж ирсэн юм аа. Тэгээд эд нарыгаа сургууль соёлд оруулаад, өөрсдийгөө ч бичиг баримттай болголоо. Ийм сайхан амьдарч байсан үедээ энэ охиноо алдчихаад.. Гэнэтийн тохиолдлоор алдах чинь үнэхээр хүнд юм байна. Тэгээд одоо жаахан хэцүүхэн л байж байна (Энэ үгийг хэлэхдээ талийгаачийн аавын хоолой нь зангирч нэлээн удаж хэлсэн юм). Одоо талийгаачийн зургийг нь хараад л сууж байна. Xарин монголчууд сайхан юм даа. Нэг нэгнээ ядарсан зүдэрсэн байж байхад нь ирээд... Би ч бас найз нарын хүрээ жaaхaн байна гэж бодсон чинь ер нь их байдаг юм байна.
Энхтуяа: Түүн дээр бол ялгаагүй ээ, та ч гэсэн би ч гэсэн найз нөхдийн хүрээ бол их цөөхөн. Харин зовох цагт нөхрийн чанар танигдана гэж, ялангуяа бид чинь коммунити-дээ монгол ахан дүүсдээ тусaлж, энд чинь ийм хамт олон байдаг шүү гэдгийг харуулах гэж, бие биендээ туслахаар тал талаас ирээд байна, өшөө олон ч хүмүүс нэмэгдэж ирэх байхаа. Харин та тусламжыг хэрхэн яаж авахав, сая Баатар ах сайхан санаа өглөө ш дээ. Охиныхоо нэр дээр сан байгуулаад түүгээр бусад ядарсан нэгэнд буянд үйлдээрэй гэж.
Баярсайхан: - Бид хүмүүсийг туслая, юу хэрэгтэй вэ гээд ирэхээр нь нэрлэж хэлэхэд хэцүү, тэгээд ч тулгамдаад санаанд орох юм байсангүй. Бас хүнээс мөнгө гуйж байгаа мэт санагдаад эвгүй байлаа. Харин Баатар, Лувсанжамбаа хоёр их зөв зүйл хэллээ. Бид охиныхоо ажил явдалд мөнгө гуйх гээд байгаа юм биш харин түүнийхээ (Ичинхорлоогийн) нэр дээр сан байгуулж хуримтлал үүсгээд түүгээрээ бусдад буян үйлдэх, ингэснээрээ охиныхоо хийж дуусгаагүй ажил үйлийг үргэлжлүүлж, хүсэж мөрөөдөж байсан зүйлийг хийх боломжтой болох юм байна.
Энхтуяа: Та дансных нь дугаарыг хэлж өгөхгүй юу?
Баярсайхан: - "Iko Foundation", Bank of Amerika дахь 0147742016 тоот данс гаргасан.
Энхтуяа: Охин тань таньд мөрөөдлөө ярьж байв уу?
Баярсайхан: - Охин минь эмч болно, эсвэл мөрдөн байцаагч болно гэж ярьдаг байсан.
Энхтуяа: Ико ямар авъяастай, юунд дуртай охин байв?
Баярсайхан: - Охин минь Төв аймагт өвөө дээрээ өссөн. Өвөө нь төвийн сургуульд биеийн тамирын багш хийдэг байлаа. Амралтын өдрүүдээр хөлд нь цана зүүлгээд л уул руу аваад явчихдаг байсан юм. Тиймээс охин минь сайн цаначин байлаа. Бас шатар сайн тоглоно, ямар ч байсан алдахгүй шүү. Дуу дуулах, зураг зурах, тоо бодох дуртай. Хамт олонч, тусархаг, дандаа инээж явдаг, мэриймтгий охин байсан. Энд ирээд дунд сургуульд орсон, тэрнээсээ хойш найзалсан үй зайгүй олон найз нөхөдтэй.
Энхтуяа: За одоо яг юу болсон юм бэ? Яаж амиа алдав гэдэг талаар хүмүүст тодорхой мэдээлэл хүргэе.
Баярсайхан: Энэ өдөр ахынх нь төрсөн өдөр байсан юм. Тэгээд яахав гэр бүлийнхээ хүрээнд сайхан хоол унд хийж идээд тэмдэглэчихье гэж бодож байснаа гэнэтхэн болиод бүгд л ажилтай болцгоочихсон юм. Ээж нь бүтэн цагаар ажилтай, аав нь тэр өдөр оройн ээлжинд ажилтай ийм л өдөр таарсан юм. Миний охин чинь над руу хэд хэд ярьсан юм. Ааваа би Halloween-ий баяр үзье. Масктай тийм янз бүрийн хүмүүсийг үзье, эсвэл кино үзье. Ах төрсөн өдрөөрөө Сан Франциско орж кино үзлээ гээд явсан гэсэн юм.
Энхтуяа: За, ах дүү хоёр салаад тус тусдаа явжээ?
Баярсайхан: Тийм, ах нь найз нартайгаа, дүү нь найз нартайгаа. Тэгээд яагаад явуулсан юм гэхээр яахав өөрийнх нь найз нар нь дандаа сайхан томоотой хүүхдүүд байдаг болохоор “за, за миний хүү 8 цагаас хойш оройтож болохгүй шүү” гэдэг юм. Ер нь бол зуны цагт 8, өвлийн цагт бол 6 цагаас цааш гарахгүй байдаг. За энэ өдөр бол Aмерик даяар бол нөгөө баяр, ер нь их л гоё баяр болоод байсан. Айлуудаар пицца зөөгөөд явж байхад л одоо бүгд л ингэж айлгаж майлгаад, хөгжилдөөд л ийм байгаад байхаар чинь за за миний хүү ч гэсэн жаахан юм үзэж эдний соёлтой, баяртай танилцаг гэж бодож “за яахав миний хүү тэгээд 8 гээд тун оройтохгүй гэртээ хүрээд ирээрэй” гээд явуулсан юм аа. Тэгсэн яг тэр өдөр манай нэг найз монгол явна гээд авгай бид хоёр гаргаж өгөхөөр тэр орой тэднийд очсон юм. Тэгээд л тэнд очоод дөнгөж сууж байтал манай том хүү утасдаад “Миний дүү ухаан алдчихлаа” “Ээжээ, ааваа миний дүү ухаан алдчихлаа. Энд цагдаа магдаа болоод байж байна. Та хурдан ирээч” гэсэн юм. Бид тэгээд л яваад очсон.
За яахав хэдэн банди нар, ах нь, өөрөө бас найзуудтайгаа зүгээр л сайхан тэр Washington паркт яриад сууж байсан юм байна лээ. Тэгэхэд нэг хэдэн хүүхдүүд хүрч ирээд шууд буу гаргангуутаа мөнгөө өг, түрийвчээ өг, буудлаа та нарыг гэж хэлсэн байгаа юм. Хүүхдүүд тэрийг нь тоогоогүй байгаа юм. Буу муу гэсэн ойлголт хүүхдэд ерөөсөө байдаггүй байдаг юм байна. Цаадуул нь масктай л байсан юм гэсэн, гэтэл маск нь ч биш бололтой. Зүгээр л малгайгаа доош нь дарчихаар хүн бүхэн л масктай явж гэж харсан юм байна билээ. Энэ өдөр чинь нөгөө Aймшгийн баяр болохоор “зүгээр л айлгаж тоглож байна” гэж бодоод хүүхдүүд маань мөнгө төгрөгөө өгөхгүй явсан чинь нөгөөдүүл чинь хэд хэд буудаад тал тал тийшээ тараад явсан. Тэгээд хоёр гурван удаа буудангуут нь хүүхдүүд “Өө энэ чинь тоглоомон буу байна” гээд эргээд явтал нөгөө хэдэн бацаанууд чинь зугтаангуутаа л эргэж хараад тав зургаан удаа буудсан юм байна билээ. Тэгсэн яг тэр буудсан нь миний охинд тусаад газар дээрээ унасан юм байна билээ. Тэгээд одоо бидэнд нөхөж баршгүй гай гарз учруулчихаад байж байна.
Энхтуяа: Хүүхдүүд тэгвэл эхлээд хий буудахад нь айж зугтаагүй юм байна тийм үү?
Баярсайхан: - Өө эхлээд тэр бууг бол мэдээгүй байгаа юм. Тэгэнгүүтээ хий буудангуут нь бас яахав хүн юм болохоороо юу вэ, энээ тэрээ гээд зугтаатал хэд хэд буудангуут нь за энэ нөгөө зүгээр л тоглоомон буу байна гээд буцаад эргээд ирэхэд нь цаадуул нь зугтахдаа эргээд буудахад л яг миний охиныг зүрхэнд нь оночихсон байгаа юм.
Энхтуяа: Хүүхдүүд маань цаад хүүхдүүдийнхээ ази байсан уу, ямар хүн байсан гэдгийг нь хараад таниагүй юм уу?
Баярсайхан: - За тэрийг болбол зарим нь хэлэхдээ харанхуй байсан болохоор царай зүсийг нь ялгаж чадаагүй, зарим нь ази хүүхэд байсан тэр тусмаа вьетнам хүүхэд байсан гэсэн юм ярьж байгаа. За тэгээд тэрийг бол цагдаагийн байгууллага шалгана. Тодорхой болохоор л бүх юмыг хэлсэн нь зөв байх гэж бодож байна даа (Уртаар санаа алдав).
Энхтуяа: За одоо Икогийнхоо тухай жаахан ярья. (Энэ үеэр талийгаачийн ээж Уранчимэг өрөөнд орж ирсэн юм)
Баярсайхан: - Ико маань спортод их дуртай хүүхэд байсан. Цанаараа тэмцээнд өрсөлдөхөд Төв аймагтаа 2-р байранд орж байсан. Шатар дааманд сайн, хөөрхөн дуулчихдаг байсан. Охиноо 6 настай байхад нь сургуульд өгчихсөн юм. Тэр үедээ багадаж байсан ч дараа нь дасаад гайгүй л болчихдог юм байна лээ. Анх ирээд охиноо Чипманы дунд сургуульд (Chipman Middle School) оруулсан юм. Жилийн дараа Испани хэл үзэж эхэлсэн. Гарын ур их сайтай, юмны донжийг олоод зурчихдаг. Зураг хордуулаад байдаг юм уу гэж асуухад “ааваа тийм бишээ, ингээд...” гээд өөрөө шууд зурчихна. Хичээлийн ширээн дээгүүрээ пиг юм зурчихна. Миний хүү чиний энэ (гарын алганы хэсгийг үзүүлэв) эд нарыг чинь хар болгоод, хувцас хунарыг чинь бас муухай болгочихно ш дээ. Аав нь сайхан арчичихъя гээд арчаад удаагүй байтал төдөлгүй дахиад л зурчихсан байна. Ер нь нэг юм харах юм бол зураад л суугаад байна. Нэг их гараад байхгүй.
Уранчимэг: - Дунд сургуулиасаа эхэлж найзалсан солонгос, хятад найзууд нь одоо хүртэл үерхэнэ. Ахлах сургуульдаа ч зөндөө олон найзуудтай, их хамт олонч хүүхэд байсан юм. Гэв гэнэт ослоор ингээд үрэгдсэн нь үнэхээр хайран байна даа. Үнэхээр хэцүү байна.
Энхтуяа: Та хоёр анх айлд сууж байгаад утасны дуудлага авсан юм байна?
Уранчимэг: - Эхлээд бол ерөөсөө л ухаан алдчихсан гэхээр нь огт юм бодоогүй. “За миний хүү Ико нь их дуу чимээнээс айжээ. Айгаад л наадах чинь ухаан алдчихгүй юу даа, өөр яав л гэж дээ за ээж аав хоёр нь яваад очъё” гэсэн юм. Миний бодол л тэр. Би ерөөсөө охиноо ингээд жинхэнэ бууны суманд оногдчихсон гэж бодсонгүй. Тэгээд тэр төсөөлөлтэйгөө эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт нэг нийгмийн ажилтан (social worker) хүүхэн нэр усыг нь авахад хамгийн түрүүнд л “миний охин зүгээр үү” гэж асуухад “өө зүгээр, зүгээр” гэж хэлж байгаа байхгүй юу.
Баярсайхан: - “Өө зүгээр, зүгээр” гэсэн.
Уранчимэг: - Тэгэхээр нь тайвшираад л найзууд руугаа утасдаад “зүгээр гэж байна, зүгээр гэж байна” гээд л баярлаад, тийм ч итгэлтэй болсон. Тэр эмэгтэй ч тэгж хэлсэн. Oдоо эмч нар орж ирж уулзана байх, тэгээд байдлыг нь танилцуулах гэж байгаа юм байх л гэсэн чинь бөөн эмч нар ороод ирсэн. Ерөөсөө нэг л бишдээд явчихсан байхгүй юу. Тэгээд юу яриад байгаа юм бэ, би таны ярьсныг ерөөсөө ойлгохгүй байна гэсэн чинь “Тэр ерөөсөө дахиж босож ирээгүй” гэж хэлж байгаа юм.
Энхтуяа: Талийгаачийн өнгөрсөн газар дээр нь цус болсон байна уу?
Уранчимэг: - Ерөөсөө тийм юм байхгүй, тэр бол цэвэр дотуур цус алдалт байсан. Гадна талдаа юу ч мэдэгдэх юм байхгүй.
Баярсайхан: - Зүрхийг нь хага буудчихаар чинь аргагүй дээ. Буудуулаад л газар дээрээ юу ч бодох юм байхгүй явчихсан юм байна лээ. Эмнэлэг ямарч нэмэр байхгүй.
Уранчимэг: - Эмч нар эмнэлэг дээр ямарч арга хэмжээ авах арга байгаагүй, яагаад гэвэл зүрхийг нь хагалсан, зүрх нь аль хэдийн үхчихсэн байсан. Ерөөсөө охин бол яг газар дээрээ л нам болсон. Сум бол шууд зүрхэнд нь туссан гэдгийг хэлж өгсөн.
Энхтуяа: За уучлаарай, та нар, хамт байсан хүүхдүүд өөрсдийгээ түүнд битгий буруутгаарай. Баатар ах түрүүн “Бурхан аваад явжээ. Бурханы оронд явсан хүний хойноос харамсаж замд юм саад учруулж болохгүй ээ” гэсэн. Бид бүгд л шоконд орчихоод байна. Гэхдээ зовлонг аль болохоор давж л гарна шүү дээ. За хүү тань одоо коллежид орсон билэв үү?
Баярсайхан: - Хүү маань одоо 11-р анги. Энэ хоёр чинь хоёулаа нэг анги, дүүг нь урьд нь эрт өгөөд, энд ахтай нь нэг ангид оруулчихсан юм. Сургуульдаа хичээлээ хөөгөөд өөр өөр групп болоод явчихдаг.
Уранчимэг: - Гол гол хичээлдээ: Англи хэл, тоо, Aмерикийн түүх гэсэн зэрэгт хамтдаа ордог юм. Бусад үед сонирхлын дагуу. Манай хүү бол машины, комьпютерын анги, Ико дууны, испани хэлний анги аваад явчихсан байх жишээтэй. Түүнээс бол анх ирээд л нэг ангид орсон үргэлж л цугтаа байсан. Ах дүү хоёр нэг насны л зөрүүтэй.
Баярсайхан: - Ахынх нь шок одоо хүртэл гараагүй байна. Хэцүү байгаа тэгээд ярих ч үгүй аягүй хэцүү.
Энхтуяа: Уурлаж байгаа, бухимдаж байгаа, өөртөө буруу өгч байгаа даа...
Баярсайхан: - Дүүгээ хамгаалж чадсангүй гээд л хөөрхий...
Энхтуяа: Өөрөө хамгаалах нь үүрэг нь юм шиг л бодож байхгүй юу...
Уранчимэг: - Одоо тэр тал дээр нь бид сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй байгаа юм.
Баярсайхан: - Хүү минь одоо харин их ганцаардах байх даа. Хичээл мэчээлээ нэг нэгнээсээ асуучихна. Нэг нь мэдэхгүйг нөгөөдөх нь мэдчихнэ. Уул нь их гоё байсан юм. Их дэмтэй...
Уранчимэг: - Бие биендээ хичээлдээ их ханьтай, залхуу нь хүрэх юм бол ах нь дүүгээсээ, дүү нь ахаасаа хуулчихна. Заримдаа ах нь дүүгээ командлаад алив чи хийчих гэчихсэн байж байдаг юм. Хүүхдэд ийм юм байлгүй яахав, хөгжилтэй тэгээд.
Энхтуяа: Хоёулаа сурлагаараа хэр вэ?
Уранчимэг: - Хоёулаа их сайн.
Баярсайхан: - Охин бол ямар ч хүнд тоог нухаад л байна, нухаад л байна заавал хариуг нь гаргах гээд байдаг юм. Энэ хоёрын онцлог нь тоо бодохдоо эхний үйлдлүүд мэдэгдээд бэлэн болонгуут нь тоон үйлдлүүдийг нь хийхгүйгээр хариуг нь шууд тавьчихдаг. Тэгээд чи яагаад ингээд энийг хийхгүй байгаа юм гэхээр “энэ бол амархан ш дээ, энэ энэ гээд ингээд л хийчихнэ”. Бидэн шиг тоог үржүүлэхдээ доор нь тавиад үржүүлээд цаг алдаад байхгүй, шууд л тухайн тооны тал нь тэд гэх мэт хялбар аргаар бодчихдог.
Энхтуяа: Ахлах сургуулийн хичээл хүнд үү?
Баярсайхан: - Ер нь эдний сургалтын систем их сонин. Монголчууд бид за нэг 10-р ангийн хүүхдэд 5, 6-р ангийн хүүхдийн тоо бодоод байдаг юм байна гэсэн чинь худлаа л юм байна лээ. Харж байхад 10-р ангид нь тэр 5, 6-р ангийнх нь юмыг шахаад сануулах маягаар ороод явчихдаг юм байна лээ. Тэгээд дээшлээд эхлэхээр нөгөө бодлогуудыг нь би бодож чадахааргүй болоод ирж байхгүй юу. Тэгэхээр урьдныхаа юмыг мартаагүй байхад нь дараагийн юмыг заагаад өгөхөөр хүнд бодлогууд нь дөхөм болоод ирдэг юм шиг ээ.
Энхтуяа: Наадах чинь бас үнэн юм аа. Би сая 8-р ангид сурдаг охиноо 5, 6-р ангийн тоо үзээд байхаар нь бухимдаад “чи юу хийгээд байгаа юм багштай чинь очиж уулзана, ийм хачин бага ангийн хүүхдийн тоо үзээд байхдаа яадаг юм” гэсэн чинь охин маань “Ээж бид нар түрүү жилийнхээ хичээлийг давтаж байгаа байхгүй юу” гэж байсан юм. Аав нь хүрч ирээд Туяа чи охиноо хичээлээ хийж байхад нь битгий саад бол, охин том болсон, өөрөө багш, сургуулийнхаа зөвлөхтэйгээ аль хэдийн уулзаад нэмэлт даалгавар авчихсан яваа гэсэн. Би ч үүнийг мэдээгүй ёстой гайхсан. Охин минь надтай ярихаасаа илүү аавтайгаа яриад л өмнө хойно нь ороод шулганаад байна. Нөхөр маань ямар ч их юм асуудаг юм, маш нарийвчилж их асуудаг болохоор нөгөөх нь тун завгүй тайлбарлана. Миний санаанд орохгүй, тоохгүй юмыг л асуучихсан байх жишээтэй. Би бол өглөө оройдоо “хичээлээ хийсэн үү, болгоомжтой яваарай, гэрээ цэвэрлэ, аягаа угаа” эсвэл “ээждээ хэлэх юм байна уу” гэх мэт их л чухал болгож юм асууж хэлэхээс биш дотор нь орж чадаагүй, чадахгүй байгаа юм. Эндээс харж байхад монголчууд бидэнд сурах юм их байна даа. Хүүхэдтэйгээ ойр дотно байхаас эхлээд та бид хүүхдүүдийнхээ дотоод сэтгэл рүү нь өнгийж, бие биенээ сайн таних л хэрэгтэй байгаа юм.
Баярсайхан: - Наадах чинь үнэн санаа. Намайг бага байхад “хичээлээ хий” л гээд байдаг, тэгээд шахаад л байдаг байсан болохоос нөгөө мэдэхгүй юман дээр нь энэ нь ийм, тэр нь тийм гээд хэлээд ч өгчихгүй, ажил байвал хийлгэчихээд л байдаг байсан даа. Тэгээд хичээл хий гэчихээд хичээлээ хийж байна уу үгүй юу бүү мэд орхичихно. Ико бол мэдэхгүй юм гарвал шууд хаячихна. Тэгж байгаад дараа нь ном харж байгаад орой нь бодчихсон сууж байдаг юм. Зарим мэдэхгүй юмаа надаас асууна, тооны тал дээр бол гайгүй хэлж өгч чадах ч хэлний бэрхшээл байна aа. Энд ирсэн бид чинь амьдралаа сайжруулъя гээд өглөөнөөс орой шөнө дөл хүртэл ажилладаг. Ард үлдсэн хүүхдүүд хичээл тарлаа л бол юугаа хийнэ үү чөлөөтэй болоод байдаг. Тэгээд хүүхдийнхээ тэр дотоод сэтгэл рүү өнгийж байгаа юм ер нь алга болоод байна. Энэнээс болоод хүүхдүүд маань буруу хүмүүжлээр хүмүүжих янз бүрийн хэрэг төвөгт орооцолдох, янз бүрийн осол аваар гаргах үндэс бүрэлдээд байна л даа. Тэгээд одоо үүний нэг жишээ нь би болчихоод байна.
11/02/07 Ярилцсан Ц. Энхтуяа, Alameda, CA
1 comment:
Saihan tom bolgood ingeed aldchihaar yamar sain baihav dee. Hoorhii doo, sain torold toroh boltugai.
Post a Comment