Tuesday, September 25, 2007

Америк орон америк хvний нvдээр


Арав гаруй жил уулзаж учраагүй найзтайгаа утсаар өчигдөр ярилаа. Энэ хүн бол амьдралдаа би танилцаж нөхөрлөсөн хоёр дахь цагаан хүн. Aнхны америк найз маань Монголд Орбис гэдэг нисдэг нүдний эмнэлэг ирэхэд танилцсан Кэвин гэдэг залуу л даа. Хоёр дахь америк найз болох Давидтэй 16 жилийн өмнө Японд танилцсан юм. Индианагийн их сургуульд англи хэл судлалаaр доктор хийсэн тэрээр Японд миний очсон сургуульд англи хэлний багшаар ажиллаж байв. Хятад оюутныг бараг гадаад хүн гэж тооцдоггүй тэр сургуульд бид xоёр гадаад хүмүүст тооцогдож, нөхөрлөж, зүсрэх бороотой олон өдрийг хамтдаа өнгөрүүлж, түүх соёлын талаар маш нарийн зүйлийг ярьж маргадаг байв. Би түүнээс Маяа, Инка, Азтекийн соёл гэж юу байдгийг сурав. Түүнд би Moнголынхоо түүх соёлыг ярьж өгдөг байсан юм. Давид маань япон эхнэртэй, хоёр хүүхэдтэй ч дорнын соёлд дасч чадахгүй хэцүүхэн байсан цаг л даа. Нэлээд бүдүүн бараг зан нь малчин гаралтай монгол надад даан ч их таалагдана. Шалан дээр идэж байсан юм аа унагчихаад бушуухан аваад нэг үлээчихээд үмхчихнэ. "-Яаж байна аа" xэмээн худал гайхашрахад "-Гуравхан секунд болсон ш дээ" гээд хээв нэг хариулдаг байв. Би тоглоом, наадам хийгээд "-Өөрөө их xээгүй харагдах юм, америкчууд өөр шиг чинь ийм хүмүүс байдаг уу" гээд асуутал "-Тэгэлгүй яахав. Миний эхнэр Токиод төрж өссөн хүн. Би анх дагуулаад хөдөө гэртээ (Бостоноос нэлээд баруун тийш) очиход ээж маань модон дор хүндэрчихээд навч таслаад арчиж байxыг эхнэр маань харчихаад culture shock болж байлаа" гэж хариулсан юм. "-За ямарч байсан, Америкт очвол хээр гадаа морь харчихаж болдог юм байна" гэж бодоод өнгөрч билээ. Ийм олон дурсамжаар дүүрэн найз маань өнө удаан жилийн дараа ярив.

18 жил гадаадад суусан Давид маань 5 жилийн өмнө эх нутагтаа эргэж ирсэн боловч тогтвортой сайн ажил хайгаад олсонгүй гэнэ. Энэ тухайгаа "Хориод жилийн дотор Америк орон их өөр болжээ. Хүний харьцаа хөрч, компьютерээр дамжуулан харьцдаг болж. Хаа газрын боловсон хүчинд (HR) өргөдөл өгөхөөр "Манайх онлайн дээр анкет авна. Энэ URL хаягаар ороод шууд бөглөөрэй” гэх юм. Хэдэн зуун анкет бөглөлөө. Нэгнээс нь хариу ирэхгүй юм. Нас дөнгөж тавь гарсан учир тэдний програмчлагдсан шүүлтүүрийн нүхэнд нь тордоггүй бололтой. Уг нь энэ улсын Үндсэн хуулинд нас, хүйс, арьсны өнгөөр ялгаварлаж болохгүй гэж заасан байдаг ч тэр болгон амьдрал дээр хэрэгждэггүй бололтой. Уг нь над шиг туршлагатай хүнийг ажилд авахаар хайж байгаа газар олон байгаа ч боловсон хүчний компьютерийн программандаа захирагдаад намайг олoхгүй байна. Компьтерээс болж хүнтэй харьцах хүний нийгмийн нандин харьцаа алга болох нээ." гэж надад хүүрнэлээ. Сурсан мэдсэнээ тээгээд буцаад очиход Монгол орон маань ийм болчихсон байвал яана билээ. Арай ч үгүй байгаа. "-Үлгэрээс сурах юм ч их бий" гэдэг шиг найзын маань ярианаас авах юм байгаа мэт санагдаад үүнийг бичлээ.

2007.9.25

7 comments:

Tamir.J said...

Сайн байна уу,

Миний ажигласнаар хаа газар ажилд ороход сүлжээ (танил тал)-гээр дамжуулж орох тохиолдол их байдаг юм шиг байна лээ. АНУ-д манай дүү, нагац ах, эгч, найз нөхөд гээд 20 гаруй хүн ажиллаж, сурч байна. Тэд нарын яриагаар танилгүй бол ажилд ороход хэцүү гэж байна лээ. Таны найзын хувьд гадаадад удсан болохоор сүлжээ муутай болсон байх гэж бодож байна.

Энд 2 сарын өмнө Professional Employment Program хэмээх сургалтанд суухад лав нийт ажлын 60 хувь нь сүлжээгээр дамжиж олддог гэж байсан.

Таны хувьд өөрийн гэсэн сүлжээтэй ба өөрийгөө байгаа гэдгээ мэдрүүлж байгаа болохоор байдал өөр гэж бодож байна.

Амжилт хүсье,
Тамир

A.Амарсайхан said...

Гадаадынхан хээгүй байх сайхан. Саяхан Холгер гээд герман эртэй гайгүй сайн найз болоод байна. Монголжчихсон хүн гэж болно. Хорхогны мах идээд, чөмөг мөлжиж байгааг нь хараад их л сайхан сэтгэгдэл төрж билээ.
Төслийн том дарга хүн машиндаа нэг монгол ажилтныхаа ээжийг суулгачихаад байн байн зогсож салхилуулж дотрыг нь онгойлгоод, хэнэг ч үгүй "Би удах юм шиг байна. Та хэд түрүүлээд явж бай" гээд зогсож байх жишээтэй.

Г.Ганбат said...

Компьтерээс болж хүнтэй харьцах хүний нийгмийн нандин харьцаа алга болох нээ. гэдэг үнэний ортой байхаа.
Гэхдээ зарим үед бид хүний харьцаанаас болж их зүйлтэй учирдаг. Жишээ нь би монголд ямар нэг наад захын төрийн үйлчилгээ авах гэж үйл лайгаа үзээд дахиж зүглэхээс зүрхшээдэг шүү. Бүхэл өдөржин дугаарлана, яг ээлж болоод очихоор янз бүрийн шалтаг хэлнэ, гар харна, заримдаа ч хэцүү шүү

tumee 33 said...
This comment has been removed by the author.
tumee 33 said...

Таны энэ эмзэглэсэн зүйлд тань Монгол ч бас нээх удахгүй хамаардаг болох байхаа даа. Мобиком,МСиЭс зэрэг компанийн веб хуудсанд *Ажилд орох өргөдөл*тавьсан байдаг юм чинь, ажилд орох хүсэлтэй бол вэб дэх өрөгдөл эхлээд бөглөж явуулаа...гээд байдаг болохыг хэн байг гэхэв!

О.Батхvv said...

Tanii helsen unenii ortoi shu. Yagaad gevel bi mongoldoo ireed 2 sar orchim bolj bna. Ene niigemd ergeed bair suulri oloh gej basgui neleen temtsel boloh yum. Arga ch ugui biz de. Suurinaasaa hodolson chuluu ergeed hevendee ortloo 3 jil boldog gesen...

gegeen said...

tegeheer mgl ruugaa harihaasaa omno hiij, buteej, mgl-toigoo hariltsaatai baih talaar bainga sanaa tavih ni zov gedgiig l heleh geed bainaa daa. www.gegeen.com