Monday, January 22, 2007

“БАРИАЧ ТАРВАГА”-ЫН ЭРЛИЙЗ “ЧОНЫН ХYY” БУЮУ ОЮУНЫ ЄМЧИЙН ХУЛГАЙ

Зохиолч Л.Ширчин агсны хvv Ш.Алтайсайхан

Цэвэр цусны монгол хүнийг дээдлэн, эрлийзүүдийг төр нийгэмд байгуулсан гавъяаг нь үл харгалзан үзэн ядсан нийтлэлүүдээрээ алдартай Хон Хэрээдийн Энхбатын “Чонын хүү” хэмээх романыг МУНН “Монгол Улсын тусгаар тогтнол, газар шороо, уламжлал түүх соёлоо дээдэлдэг намын хувьд биотерроризмын нүдэнд үл үзэгдэх дайн явагдаж, үндэстний оршин тогтнохуйд аюул заналхийлж байгаа өнөө үед үр удмын генээ цэвэр ариунаар хадгалахын чухлыг энэхүү номонд яруу тодоор үзүүлсэнд талархан монгол хүн бүрийн ширээний номын нэг болохыг бэлгэдэн ивээн тэтгэв.” гэсэн сүржин ишлэлтэйгээр 2005 онд хэвлэн нийтэлжээ. Энэхүү тодорхойлолт үнэн бодит байдалтай нийцэж байгаа буюу монгол удмын санг цэвэр ариунаар уламжлан хадгалах санааг үнэхээр яруу тодоор илэрхийлж чадсан бол гишүүдийнхээ татвар хандиваар бүтсэн намын сан хөрөнгөөр ивээн тэтгэсний итгэл найдварыг хүлээж монгол хүн бүрийн ширээний ном бололгүй яахав гэж итгэн “Болсон бодит үнэн явдлаас сэдэвлэн бичсэн” гэж нуршаа үгээр романыхаа төрөл хэлбэрийг тодорхойлсныг нь эс тоож, уншсан боловч урам хугарав. Учир нь бичлэгийн хувьд ядуу, гаргах гэсэн санаагаа хэт нуршсан нь хуудас бүрт таарах бөгөөд хэл зүйн зөв бичих дүрмийн хувьд ёстой л холион бантан болсон нь зохиогчийн хайхрамжгүйнх уу, эсвэл бичих ур чадварын хувьд мааруухных уу? Нэмж засварласан гуравдахь хэвлэл гэж буйг бодоход анхны хэвлэл нь бүр ч хачин “юм” байсан байх даа. Хамгийн хачирхалтай нь уг зохиолд миний аав зохиолч Л.Ширчин агсны 1991 онд дангаар нь хэвлүүлэн гаргасан “Бариач тарвага” ном, сүүлд 2000 онд нийт зохиол бүтээлийг нь эмхтгэн хэвлүүлсэн “Түүвэр зохиол” номд багтсан чонын адал сонин явдлуудын тухай домог-өгүүллэгүүдийн утга санаа адил төдийгүй үг үсгээрээ ихэр юм шиг таарч буй нь зохиолын хулгай гэгч болжээ. Уншигч танд үүнийг ойлгуулахын тулд нэр дурьдсан хоёр зохиолыг харьцуулан үзүүлье. Хойшид дурьдагдах “Чонын хүү”-гийн хэсгүүдийг зохиолын үзэл санааг хэвээр нь хадгалж үлдэх үүднээс яг байгаа байдлаар нь, зөв бичих дүрмийн алдааг нь ч засварлалгүй оруулсан болно. Харин алдаа бүхий үг, өгүүлбэр зүйн бүтцийн гажиг зэргийг тодотгон ялгах зорилгоор налуулсан хэлбэрээр энд тусгалаа. Хоёр зохиолын давхардаж буй үг үсгийг доогуур нь зураастай тод хараар онцгойлон (блогт зохиолчийнxыг ногоон, хулгайлагдсан хэсгийг улаан єнгєєр оруулав) тэмдэглэв.
Хон хэрээдийн Энхбат абугай бээр бичихдээ:
“… Аав маань цэргээс халагдахад тэр үедээ нэг бярдан буу сумаар шагнасан ажгуу… Аав ч нутагтаа ирээд шагналынхаа шинэ бууныхаа цэцийг шалгаж хийморио сэргээхээр “хээрийн саарал”-ын анд мордсон аж.
- Тэгээд үүрийн гэгээнээр хоёр “хээрийн саарал” олж харан хаана хэвтэхийг нь харуулдан суужээ. Гэтэл тэр хоёр том боохой нэгэн уулын баруун суганд оржээ.
- Аав ч тэр боохойн үүрлүү гэтэн дөхөж явтал нэг том боохой нүхнээс ухасхийн гарч зугтаажээ. Харин дэлэн хөх нь сэрийсэн гичий боохой нүхнээс гарч ирүүт үүрнийхээ хажуу талын тогтоол устай хонхороос нэгэн юм зууж эргэн үүрэндээ ороод төдөлгүй бөөрөнхий хар юм зуун гар ч ирээд шилэн хүзүүн дээрээ тохон хаяаад ум, хумгүй зугтааж гэнэ.”
(Чонын хүү 27-р нүүр) гэжээ.
Дээрх хэсэг миний аав Л.Ширчингийн үүнээс арав гаруй жилийн өмнө буюу 1991 онд хэвлүүлсэн номд нь:
“… Аав цэргийн алба хааж, хангай нутагт цэргийн агт малладаг байжээ. Нэгэн шөнө олон агт морьдоо манаад үүр гэгээрэхээр шөнийн турш улилдсан хээрийн саарлуудыг (боохой) хаана хэвтэхийг харуулдан суужээ. Гэтэл Баянхайрханы баруун хамрыг даган хоёр том чоно шогшин явсаар том улаан хадныхаа үүрэнд ороод хэвтэв гэнэ. Аав адуугаа бэлчээчихээд отрынхоо майханд ирж, цэрэг найз Содномпилийгээ дагуулан нөгөө хоёр чононы үүрэнд дөхөж явтал том чоно нүхнээсээ ухасхийн гарч зугтаажээ. Харин дэлэн хөх нь сэрийсэн нэг жингэр (эх) чоно гарч ирснээ үүрнийхээ хажуу талын тогтоол устай хонхроос нэгэн юм зууж эргэн үүрэндээ ороод төдөлгүй бөөрөнхий юм зуун, шилэн хүзүүн дээрээ тохоод ум хумгүй зугтсан гэнэ” (Бариач тарвага 22-р нүүр) гэж байх нь өчүүхэн бээр ч эргэлзээгүйгээр Хон Хэрээдийн Энхбатад хулгайлагдсан болох нь тодорхой байна.
Хоёр өөр зохиогчтой атал хоорондоо үг үсэгчлэн таарч буйг тодруулсан харьцуулгаа цааш үргэлжлүүлье.
“…- Аав ч эргэн ухас хийж мориндоо мордоод морины хурдаар хойноос нь хөөн дөхөж хэд, хэд буудахуйд сандарсан нөгөө боохой нэгэн жалган дээгүүр харайж чадалгүй годройтон унаад босон нөгөө юмаа зуусаар цааш зугтан хурдалж гэнэ.
- Аав ч амжин буугаа сумлаад тэрхүү боохойг буудан унагаад давхин очивол нөгөө боохойн зууж явсан юм нь бөөн хар хамхуул байна гэнэ. Аав маань ихэд гайхан
- Энэ боохой үүрнээсээ бэлтрэгнүүдээ л зууж гарсан баймаар юм, хачин юм даа гэж бодсоор ийш тийш харан байснаа гэнэт нөгөө өлгөчин боохой шургачин унасан жалгыг санаж ойрхон үзэгдэх тэр жалга руу очвол малын нойтон гүзээн дотор нүдээ нээгээгүй нялх хэдэн бэлтрэгнүүд гийнан хөдлөж байсан гэдэг гээд сахлаа илэхүй Батаа хүү
- Сонин юм аа… Тэр боохой тэгээд малын гүзээнд бэлтрэгнүүдээ хийчихээд нуруун дээрээ тохон зугтаасан хэрэг үү? Гэхэд өвгөн тийм гэж толгой дохин
… - Саарал боохой барьсан том малынхаа гүзээг хаглалаггүй тэр хэвээр нь гарган сэвснээс нь салгаад усанд дүрж байнга нойтон хадгалдаг, усггүй газар бол тэр гүзээн дээр байнга шээж дэвтээж байдаг гэдэг бөгөөд тэгээд үүрэнд нь аюул тулгарахад нөгөө гүзээндээ бэлтрэгнүүдээ хийж зуун зугтаадаг зантай амьтан хэмээдэг домог үнэн болохыг аав минь тэгж мэдсэн юм гэдэг-16 … гээд ач хүүрүүгээ харсан өвгөн…” (Чонын хүү 28-р нүүр) гэсэн нь бүхэлдээ “Бариач тарвага” номын “Үхтэл үр харам” хэмээх домог өгүүллэгтэй үгчлэн таарч байгааг дараахь хэсгээс харна уу.
Энэ хэсэг “Бариач тарвага”-д:
“…Аав, Содномпил гуай хоёр ч түүний хойноос морины хурдаар хөөж, дөхөж очин хэд хэд буудвал нөгөө чоно тэвдэн эцсийнхээ чадлыг гарган харайж нэлээд холдоод нэг том модны дархин дээгүүр годройтон унаснаа босч, нөгөө юмаа зуусаар хурдлан гүвээ давахын сацуу Содномпил гуай буудан унагажээ. Тэр хоёр унасан чононы дэргэд давхин ирэхэд зууж явсан юм нь нарс модны өгөрч өмхөрсөн том ур байлаа.
- Энэ бэлтрэгнүүдээ л үүрнээсээ зууж гарсан байх ёстой, хачин юм даа. Модны дархинд тээглэж унасан нь учиртай байж юу магад гэж хэлэлцээд ойрхон харагдах нөгөө дархины хажууд ирвэл малын нойтон гүзээнд нүдээ нээгээгүй нялх бэлтрэгнүүд шуугилдан гийнаж байжээ.
Чоно барьсан малынхаа гүзээг хагалдаггүй, тэр гүзээг сэвснээс нь салгаад усанд дүрж байнга нойтон хадгалдаг. Усгүй газар бол гүзээн дээр байнга шээдэг гэнэ. Аюул гарцаагүй тулгарахад худлаа унаж, гүзээнд хийсэн бэлтрэгнүүдээ орхиод өөр юм зууж зугтан
анчныг хуурдгийн учрыг мэдэцгээн чононы ухаантайг бишрэн шогширолдоод өнчин хоцорсон нялх амьтдыг агтныхаа отрын гэрт авчран томоо болтол тэжээж билээ…” (Бариач тарвага 22-23-р нүүр) гэж гардгийг нарс модны өгөрч өмхөрсөн том ухрыг бөөн хар хамхуул төдийгөөр өөрчлөн бусдыг аанай тэр чигээр нь хуулбарлан бичсэн нь хэнд ч илэрхий байгаа юм.
Түүнчлэн “Үхтэл үр харамаа гэж хүнд байтугай адгуус араатанд хүртэл байдаг юм даа…” (Бариач тарвага 22-23-р нүүр) хэмээх хэллэгээр уг өгүүллэгийн гол санааг илэрхийлснийг эрхэм уншигч та ”Чонын хүү”-гийн 30-р талд дурайж байх:
“…өвгөн ам нээж
- Манай Монголчуудын “үхтэл үр харам” гэдэг энэ дээ-18 … гээд тоонруугаа харснаа …” гэснээс харж болно.
Х.Х.Б.Энхбат зохиолч *16 хэмээн ишилснийхээ тайлбарт “Анчин Ч.Лоожоо, Содномпил нарт тохиолдсон үнэн болсон явдал, мөн хөгжмийн зохиолч Соронзонболд ч иймэрхүү явдалтай тохиолдсон гэж хуучилдаг. Б.Э” гэсэн нь ердөө тухайн үйл явдлын санааг нь төдийгүй бүхэлд нь үгчлэн Л.Ширчингийн 1991 онд хэвлүүлсэн “Бариач тарвага” номноос шомбодсон болохоо өөрөө илтэд зарлаад байгаа хэрэг бус уу. Энд дурдагдаж буй Ч.Ложоо нь зохиолч Л.Ширчин агсны эцэг бөгөөд энэхүү шүүмжийг тэрлэгч миний өвөг эцэг болох хүн л дээ. Алс баруун хязгаарт төрж, өсч, нэг насаараа мал маллан, амьдарч байгаад бурхан болсон өвөг дээдэс маань хэдийд, ямархуу байдлаар Х.Х.Б.Энхбат абугайтай уулзан, өөрт “тохиолдсон” гэх явдлаа “ярихсан” билээ. Юманд учир шалтгаан гэж нэг юм бий. Энгийн логик үүднээс огт бүтэхгүй зүйлийг өөрт тохиолдсон эсвэл өөрт нь хүн хуучилж байсан мэтээр давсалж, бусдын оюуны бүтээлээс “шуусан”-аа далдлах гэж оролдсон нь ачир дээрээ далдлах бус илчилжээ. Нэр дурьдсан зохиолыг нийтэд тархсан хууч ярианаас сэдэвлэн бичлээ гэхэд өмнөх зохиолтой үг үсэгчлэн таана гэдэг байж болшгүй зүйл билээ.
“18-*** Энэ номыг зохиогчийг намайг бага байхад эмэг ээж Цэрэнбүтэдийн ярьж өгдөг байсан домогнуудаас авав. Б.Э“ хэмээн “үхтэл үр харам” гэх хэллэгийг ашигласнаа иш татан дор мөрөнд нь тайлбар сэлт зүүж байгааг нь харахад хулгайлснаа ёстой муу нуув гээч болов. Очиж очиж дээрх бүх зүйл бусдын зохиолд гардагтай үгчлэн таарч байхад эмэг эхээсээ бага ахуйдаа сонссон хэмээн хулгайгаа нуух гэж талийгаач эмэг ээжийнхээ нэрийг барьсан нь “муу хулгайч”-ийн инээдэмтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй явдал юм.
“Чонын хүү”-г цааш шүүрдэхэд аанай л:
“…Жишээ нь саяхан жолооч Ширчин ах нь (уг нь зохиолч Ширчин шүү дээ, өөр нэр өгчихөж болоогүй л юм байх даа) өвөөд нь нэг ийм түүх хуучилсан юм гээд хоолойгоо зассанаа
- Манай сумын “намын үүр”-ийн (МАХН-ын …-р үүрийг хэлж байна) дарга тээр жил чоно гөлөглөж байх үеэр нутгийн хашир анчин өвгөнөөр газарчлуулан өнгөрсөн жил нь чоно гөлөглөж байсан нүхийг олон очиж холоос дурдан харжээ.
- Тэгээд тэнд нь чоно гөлгөлсөн шинж огт илэрсэнгүйд шууд очиж нүхийг үзэхээр ярилцаад үүрэнд дөхөж явтал тэр газраас нэг том чоно гарч ум хумгүй зугтаажээ.
Ширчин ах нь тэр даруй машинаа зогсоож дарга өвгөн хоёр тэр чоныг дурандан ажиглаад гөлөглөсөн эсэхийг тааварлан ярилцав гэнэ Энэ үед өвгөн анчин
- Эргэж нэг ч харалгүй зугтаасаар далд орохыг бодоход гөлөглөсөн нь гарцаагүй боллоо. Хэрвээ гөлөглөөгүй чоно бол заавал эргэж харах, зам муруйх, хэвтэж нуугдах зэргээр олон янзын байдалтай болдог.
- Гөлгөлсөн гичий чоно л дайснуудыг хойноосоо шууд хөөлгөх, гөлөглөсөн энэ хаьвд үүр нь байгаа гэж сэжиг авахуулахгүйн тулд ингэж эргэж хардаггүй зугатдаг юм. Чоно ч их ухаантай амьтан даа… гэж хашир өвгөн анчин өгүүлжээ. Гэвч дарга нь энэ үгэнд итгэсэнгүй
- За за нүхэн (үүрэн) дээр нь очиж байж л таны үг үнэн эсхийг мэдье… гэснээр тэд чонын үүрэнд тулж очжээ. Тэгээд чагнавал, нүхний мухарт олон гөлөг гийнаж дуугаралдах нь тод сонсогджээ.” (Чонын хүү 28, 29-р тал) гэснийг харьцуулбал:
Чоно гөлөглөж эхэлсэн үе байлаа. … Ноднин жил чоно гөлөглөсөн нүх хаахна байлаа гэж даргыг асуухад:
- Энүүхэн гүвээг даваад хүрнэ гэж жолооч хариулав. Тэр хоёр давхиулсаар чонын үүрний ойролцоо ирээд мөр харж, байдлыг ажиглан дурандлаа. Чоно гөлөглөсөн шинж илэрсэнгүйд шууд очиж нүхийг үзэхээр ярилцаад үүрэнд дөхөж явтал нэг том чоно гар, ум хумгүй зугтаав. Жолооч машинаа зогсоож, тэр чоныг дурандан ажиглаад, гөлөглөсөн эсэхийг тааварлан ярилцав.
- Эргэж нэг ч харсангүй зугтсаар далд орохыг бодоход гөлөглсөн нь гарцаагүй боллоо. Хэрвээ гөлөглөөгүй чоно бол заавал эргэж харах, зам муруйх, хэвтэж нуугдах зэргээр олон янзын байдалтай болдог. Дайснуудыг хойноосоо шууд хөөлгөх, гөлөглөсөн сэжиг авахуулахгүйн тулд эргэж хардаггүй зугтдаг юм. Чоно их ухаантай амьтан даа гэж өвгөн жолооч ярина. Гэвч дарга итгэсэнгүй нүхэн (үүрэн) дээр нь очиж мэдье гэснээр тэр хоёр чонын үүрэнд тулж очлоо. Тэгээд чагнавал нүхний тухарт олон гөлөг гийнаж дуугаралдах нь тод сонсогджээ.” (Бариач тарвага 16-р тал “Хувинтай чоно” ) гэдэгтэй бас л ихэрлэн таарч буй. Цааш үйл явдлыг төдийгүй үг өгүүлбэрээр нь яг хуулсныг мөн доор харьцуулав.
“…Ингээд тэд маргааш өглөө үүрээр ирж том чоныг эхлэн отохоор болцгоон буцаж давхиулжээ.
Тэд маргааш өглөө нь үүр шөнийн заагаар босч машины хурдаар давхин нөгөө чонын үүрэнд дөхөж явтал тэдний замд нэг том чоно зугтаж яваа нь харагдав гэнэ. Тэд ч сайх чонын хойноос тоос татуулан хөөсөөр гүйцэж очтол нөгөө чонын хүзүүнээс том хувин зүүлттэй байхыг дарга жолооч хоёр харж гайхлаа.
- Юу вэ? Энэ чинь! гэж
Ширчин ах нь хэлээд хаазаа хасах төдийд даргын нь буун дуу тасхийж нөгөө чоно ч нам унав гэнэ. Тэгээд дарга жолооч хоёулаа тэрэгнээсээ бууж буудуулсан чонын дэргэд очвол наймын төмөр хувин хүзүүнээс нь дүүжлээстэй байх юм гэнэ.
- Дөнгөж сая амин газартаа буудуулан унасан дэлэн хөх нь сэрийсэн хөөрхий чоно урт улаан хэлээ унжуулан зууж, шүдээ ярзайн амьсгалаа хурааж байж.
- Гэтэл нөгөө хувин амь орж хөдлөх нь тэдний айдсыг хүргэжээ. Энэ үед улаан нялзрай долоон бэлтрэг нөгөө хувингаас уван цуван гарч иржээ
. Учирыг лавлавал тэр хавьд ирсэн хүмүүсээс хар авч зугатсан эх нь айлын нутаг дээрээс хөсрий хувин олж ирээд хүмүүсийн олсон үүрнээсээ өөрийнхөө бэлтрэгнүүдээ хийж, мөр буруулан зугтааж яваад тэдэнтэй халз таарсан нь тэр тэр байжээ. Ширчин ах чинь энэ түүхийг өвөөд нь яриад
- Чоно ухаантай гэдэг нь үнэн шүү! Ямарч үед үр төлөө аврах гэж зүтэгдэг юм гэж байсан юм-17 … гээд…” (Чонын хүү 29-р тал)
Маргааш өглөө үүрээр ирж отохоор буцаж давхиуллаа. Өглөө үүр шөнийн заагаар босч, жирийлгэсээр үүрэнд дөхөж явтал нэг том чоно зугтаж харагдав. Түүний хойноос тоос татуулан хөөсөөр гүйцэж очтол нөгөө чононы хүзүүнээс том хувин зүүлттэй байхыг дарга, жолооч хоёр харж гайхлаа.
- Юу вэ? Энэ чинь гэж
өвгөн жолооч хэлээд хаазаа хасах төдийд буун дуу тасхийн дуугарч, нөгөө чоно ч нам унах нь тэр ээ. Хоёулаа тэрэгнээсээ бууж, түүний дэргэд очвол наймын төмөр хувин хүзүүнээс дүүжлээстэй хэвээрээ байх юм. Дэлэн хөх нь сэрийсэн хөөрхий чоно урт улаан хэлээ унжуулан зууж, шүдээ ярзайн амьсгалаа хурааж байв. Гэтэл нөгөө хувин амь орж хөдлөх нь бүр айдас хүргэв. Улаан нялзрай долоон бэлтрэг нөгөө хувингаас уван цуван гарч ирлээ. Өчигдөр биднээс хар авч зугтсан эх нь айлын нутаг дээрээс хөсрий хувин авчраад гөлөгнүүдээ хийж, үүрээ буруулан зугтаж, бидэнтэй дахин
таарсан байжээ. Чоно ухаантай гэдэг нь үнэн шүү гэж миний нэгэн танил сонирхуулсан юм.” (Бариач тарвага 16-р тал “Хувинтай чоно” )
Энд хийсэн ажиглалтаас Х.Х.Б.Энхбат абугай хүний зохиолыг хуулан бичихдээ зарим газар нь өөрөө санаа нэмэхийг оролдсон боловч тэр нь нэг л өөриймшиж өгөөгүйгээр үл барам заримдаа утга гажуудуулан, найруулга зүйн алдаа гаргах үндэс болсон байна. Миний аав Л.Ширчингийн зурагласнаар дээрх өгүүллэгт үйл явдал нь дарга, туршлагатай хашир жолооч хоёрын хооронд болж буй хүүрнэл маягаар өгүүлэгдэж байтал Х.Х.Б.Энхбат абугай нэмж нэг өвгөн анчин “оруулж” хачир нэмсэн ч үйл явдлын өрнөл хэсэгт яасан нь бүү мэд алга болгож орхиж байгаа нь дээрх санааг дүрслэн гаргахад ойлгомжгүй, логик дэс дарааллын хувьд мадагтай болгожээ. Хуулахдаа сайжруулах бус муутгадаг нь зохиолч Х.Х.Б.Энхбат абугайн бичих ур чадвар хэр болохыг харуулна.
17 хэмээн тодотгоод “17-***Үнэн болсон явдлаас сэдэвлэн бичив.Б.Э” (Чонын хүү 29-р тал) хэмээн тайлбарласан нь Л.Ширчингийн “Бариач тарвага” номын 16-р тал, хожим 2000 онд хэвлүүлсэн “Түүвэр зохиол” номонд буй “Хувинтай чоно” домог өгүүллэгээс шууд авав гэдгээ огтхон ч зарлаагүй балмад явдлаараа бусдын оюуны өмчид нэн бүдүүлгээр халдан Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөнөө шууд тунхагласан мэт бөлгөө.
“Чонын хүү”-гийн будлиан үүгээр хязгаарлагдсангүй.
“… - Малчин эр тэмээ рүү очиход тэмээний бөхөн дунд нэгэн азарган чоно урд бөхийг нь урд хоёр хөлөөрөө тэвэрчихсэн сууж байх юм гэнэ. Тэр азарган боохой хойд хоёр хөлөө хавханд тасдуулсан байж.
Нөгөө зугтаадаг саарал боохой нь түүнийгээ тэмээ унуулаад өөрөө тэмээний бурантагнаас зууж хөтлөн явдаг байсан нь тэр ажээ.
- Тэгэж явах болсоор хэр удсаныг бүү мэд хөөрхий тэмээ нь бүр яс арьс болтлоо турсан байж. Малчин эрийг очиход тэмээ нь эзнээ таниад нүднээс нь нулмис бөмбөрөн гарсан гэнэ шүү! … тэр тэмээгээ “чонын улаан”гэдэг болсон байна лээ-34...
34 –Үнэн болсон явдал. ХХ зууны Монголын нэрт эсперанточ Ч.Догсүрэн энэ тухайгаа ярьсан бөгөөд зохиолч Л.Ширчин гэдэг хүн энэ явдлыг өөрийн нь төрсөн аавд тохиолдсон явдал гэж бичсэн байдаг.“ (Чонын хүү 67-р тал)
Өмнө дурьдсанчлан зохиолын санааг хэнээс авснаа анчин Ч.Лоожоо гэж аавынх нь нэрийг дурьдаж, жолооч Ширчин хэмээн “жого ургуулж” будилсаар адаг сүүлд нь арга буюу “Бариач тарвага” номын зохиолчийн нэрийг дурьдсан нь үнэнд гүйцэгдэх гэгч болжээ. Миний аав Л.Ширчингийн зохиол “Тэмээ унасан чоно” нь нэгэнт олон түмэнд танил болж, хилийн чанад хүртэл нийтлэгдэн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сурах бичигт орсны учир энд аргагүй л нэр дурьдагджээ. Гэвч зохиолч Л.Ширчин уг зохиолыг бичихдээ өөрийн эцэгт тохиолдсон явдал маягаар дүрсэлсэн нь яавч үнэхээр тохиолдон, болсон явдал хэмээн шууд муйхарлан дүгнэх нь учир дутагдалтай зүйл юм.
Зохиогч бээр төдөлгүй “Чонын хүү”-дээ дандаа л чонын тухай бичихээс уйдсан уу, яасан үндсэн сэдвээсээ хазайн, арай өөр өнгө аяс оруулмаар санагдсан уу бүү мэд миний аав Л.Ширчингийн “Бариач тарвага” номын “Бариач тарвага” хэмээх шог-хошин өгүүллэгээс шууд будаа идэж, зарим газар нь үг үсгийн зөрөөгүй буулгасан байх юм. Үүнийг дор харьцуулав.
“…Нэгэнтээ дөнгөж сая цадталаа тарвага зооглочихоод унтахаар үүрэглэж хэвтсэн Чонын хүү нөгөө том биетэй болхи тарваганы дош руу нэгэн тарвага сандарсан янзтай ирж үнэрлэн байснаа орж явчихийг, төд удалгүй саяын орсон тарвага эргэн гарч иэхүй араас нь нөгөө залхуу удирдагч тарвага гарч ирэхэд нөгөө тарвага нь хотос хэмээн хэвтэж өгөхүй залхуу тарвага түүн дээр ухас хийн мордож тарвага, тарвагаа унасаар зэргэлдээ энгэрт буй дош руу явахыг харж байвал зэргэлдээ энгэрийн дошин дээр нэг тарвага гэдэргээ харж хэвтээд тийчилж байхыг үзэв.
Нөгөө хоёр тарвага түүний дэргэд очин залхуу тарвага гэдэргээ харан хэвтээ тарваганы цүдгэр гэдсийг урд хоёр хөлөөрөө илж гарлаа.
Удсан ч үгүй дээш харан хэвтээ тарваганаас мөндөлүүд цувж үзэгдэв. Ай хөөрхий тэр тарвага зулзагалж чадахгүй тэвдэж байж л дээ-39
Тэгээд эмч тарвага урьж залсан нь тэр бололтой…”
(Чонын хүү 76, 77-р тал)
“39- Монгол анчин Чулуунбат ийм явдалтай учирсан тухайгаа ярьсан болой…” гэж зүүлт хийжээ. Үнэхээр Чулуунбат гэдэг анчин хуучилжээ, харин хэнд вэ? Л.Ширчинд үү, Х.Х.Б.Энхбатад уу? Чулуунбат хэмээх бие хүнийх нь хувьд дэндүү сайн мэдэх миний бие ёстой бага балчир ахуйдаа аавыгаа дагаж, Чулуунбат гуайнхаар олонтаа очсонсон. Аав маань тэр хөгшнөөр хууч хөөрүүлэхээр заавал хоног тааруулан очдогсон. Өвөрхангай аймгийн Уянга суманд сум, нэгдлийн дарга хийж байхдаа ч, түүнээс хойш ч ардын аман зохиолын баялаг сан гэмээр энэ хөгшнөөс аав Л.Ширчин маань их ч олон үлгэр, домог, хүн итгэмээргүй шог хошин аястай, давс хужир нь таарсан яриаг нь сонсоод, бичиг үсэгт буулгаж, ном зохиолдоо оруулан, “хамар” хэмээх Чулуунбат гуайг өөрийн бүтээлдээ мөнхжүүлсэн нь бий. Харин Х.Х.Б.Энхбат абугайн “ярьсан” хэмээн бүрхэгдүүлснийг эрхбиш өөрөө энэхүү зохиолоо бичсэн хэмээгээд, өөрт нь тэр “ярьсан” гэх хамаарах утгатай бичсэн бол харин дэндүү том “худал яриа” болох юм аа. Уянга сумандаа алс бөглүү гэгдэх Таацын голын эхэнд, Баруун гол, Хангайн нурууны ар бэлээр нэг насаар нутагласаар өөд болсон тэрбээр бас л ямар нэгэн рид хувилгаан хүчээр Х.Х.Б.Энхбат абугайтай уулзан хөөрөлдөхгүй юм бол өөрөөр яахин чингэж учрах билээ.
Энэ нь “Бариач тарвага”-д хэрхэн дүрслэгдсэнийг Х.Х.Б.Энхбат “Чонын хүү”-дээ хэрхэн буулгасныг дор дурьдсан хэсэгтэй харьцуулахад хангалттай.
“Гэтэл даан их удалгүй ахын сахиж харуулдан хэвтсэн нүхнүүдийн (дусаалын) цаад товгор дээгүүр нэгэн тарвага гүйж гарч ирснээ зогтусаж, ийш тийш хараад шууд сахисан дусаал руу чиглэн хурдаллаа. Дусаалын дошин дээр ирж, нүхний амыг үнэрлээд цааш орж явчихжээ. Төдөлгүй өнөө тарвага маань бас нэг том тарвага дагуулсаар гарч ирцгээв. Нөгөө тарвага нуруугаараа хотойж намхан болтол том тарвага түүн дээр ухасхийн мордлоо. Тарвага тарвагаа унасаар товгор давж, далд оров. Ах хойноос нь мөлхсөөр ил гарч ажиглалаа.
Том цагаан дошин дээр цэндгэр гэдэстэй нэг тарвага гэдэргээ харж, тээрцэглэн хэвтэв. Нөгөө хоёр тарвага хажууд нь очиж харагджээ. Том тарвага унаж явсан тарваганаасаа палцаган бууж, гэдэргээ харж хэвтээ тарваганы цүндгэр гэдсийг урд хоёр хөлийнхөө алгаар илж гарлаа. Удсан ч үгүй тэвдэж хэвтээ тарваганаас мөндлүүд цувчих нь тэр ээ. Ай хөөрхий төрж, мөндөллөж чадахгүй байж л дээ. Тэгээд бариач тарвага уригдаж очоод илж, барьж мөндөллүүлж байгаа нь тэр.
Тарвага ч хүртэл бие биедээ тус хүргэж байдаг юм шүү дээ. Хүүхээд! Бариач тарвага гэж байдаг юм шүү. Хөөрхийс гэж Чулуунбат өвөө ярьж муу мод толгойныхоо гуулин толгойгоор гутлынхаа хоншоор дээр тог тог хийлгэн тогшино.” (Бариач тарвага номын 24-р тал )
Энхбат зохиолч гол төлөв үйл явдлын утга санаа, өгүүлэгдэж буй арга хэлбэрийг нэг их өөрчлөлгүйгээр шууд шүүрэн авч “зохиол” гэгчдээ оруулсан агаад зарим нэг газарт нь ишлэл зүүж, бага балчир ахуйдаа эмэг эх Цэрэнбүтэдээс сонссон, анчин Ч.Лоожоо, Чулуунбат нарт тохиолдсон явдал гэх зэргээр өгүүлсэн нь хулгайн санаагаа нуух гэсэн явуургүй оролдлого болохыг өөрөө илчилж буй хэрэг юм.
Мөн миний аав Л.Ширчингийн “Чононуудын аян” (Бариач тарвага 20,21-р тал) хэмээх домог өгүүллэгт урд хоёр хөлөө хавханд хавчуулаад тас хазсан чоноо бусад нь хоол тэжээл бараадуулахаар алс газар нүүдэллэхдээ нарийн бургас мод зуулган, хоёр талаас өргөж, хойд хоёр хөл дээр нь шогшуулан зөөдөг байсан тухай сонирхолтой өгүүлдэг. Уг санааг мөн л Х.Х.Б.Энхбат “Чонын хүү”-дээ “…Тэгээд сайхь үхсэн чоноо нягтлан үзвэл тэр чоно урд хоёр хөл нь богтсоныхоо дээгүүр тас буудуулсан байлаа. Мөн түүний дэргэд хоёр талын үзүүр нь салбарчихсан метр гаруй урт нарийн мод байв…” хэмээн хуулбарлан “Бариач тарвага”-ыг “Чонын хүү” болгон хувиргажээ.
Энд илүүц нэгэн зүйл дурдахад Л.Ширчин агсны зохиол бүтээлүүдээс “Чонын хүү”-дээ авч хэрэглэхдээ үй түмэн үг үсгийн төдийгүй утга, найруулга зүйн асар бүдүүлэг алдааг мөр бүрт гаргасан нь эгээ л дов сондуултай замаар “амаржийн” муу тэргээр бүдчүүлэн тонгочуулахтай агаар нэг байна. Романыг редакторлосон Л.Түдэв абугай уншиж үзээд болж байна хэмээн ариутган шүүсэн гэх нь үнэнд хараахан үл нийцэх биз ээ. Тэр бичгийн их хүн, гүүш бээр ийм ядмагхан алдаанд яагаад ч сөхрөх хүн бишсэн. Харин Б.Энхбат гуай л тэрхүү өмнөтгөл үгээ өөрөө бичээд туучихсан байлгүй дээ. Монгол төдийгүй дэлхий дахинаа алдаршиж буй эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай “Чонон санаа хэмээх өөрөө мялаах цацал”-даа “Чоно ганц бэлтрэг төрүүлдэггүй. Зохиолч ганц номоор дуусдаггүй. Энхбат юм дуулганаа.” хэмээжээ. Бусдын зохиолоос энэ мэтээр хулгайлан, “Бариач тарвага”-ыг “Чонын хүү” болгон эрлийзжүүлсэн зохиолчийн бүтээл ганц номоор дуусахгүй байвал үнэхээр “Б.Энхбат юм дуулганаа”.
“Чонын хүү”-д тохиолдох олон алдаа мадгийг сийрүүлбээс:
Зохиолын эсрэг талын баатар, архинд толгойгоо мэдүүлсэн малчин ард Дорж хэмээх нь зохиолд дүрслэх гэж оролдсоноор ганц хүүтэй хүн ажээ.
“… - Би одоо та нарыг толгой дараалан хядна даа! Ганц хүүгээ алуулсныхаа өшөөг авч, та хэдтэй тооцоогоо ч бодно шүү хэмээн чанга өгүүлээд…” (Чонын хүү 5-р нүүр)
Гэвч үйл явдлын өрнөлийн явцад:
“… Орой ач хүү нь хоёр нүдэнд нь нулимс цийлгэнэчихсэн амьсгаадан орж гүйсээр орж ирээд
- Өвөө, өвөө өдөр Дорж ахын отгон хүүг худаг дээр саарал боохой барих гээд ээрч байхад нь хотоос ирсэн мотоциколтой ах тэр чоныг буудан алсан байна” (Чонын хүү 21-р нүүр) гэж будилах нь эхлэн бичигчийн ч гаргах мадаг биш. Зохиогч маань баримтын, утгат хэсгийн уялдаа холбооны мадгийг хуудас болгонд гаргасан байх нь уг зохиолыг хам хум, хурдан шуурхай бичиж, боловсруулалт ч хийлгүй шүүрхийгээр нь хэвлүүлсэн “түргэн түүхий” гэгч болжээ. Баримтын ноцтой алдаа бүхий хэдэн жишээ дурьдъя.
“…Тэгээд нэг тугалыг нядлуулан өвчүүлж хот айлаас зайдуу “чонын гүйдлийн мөр” дээр тавиулан, тойруулж нилээд олон хавх тавив…” (Чонын хүү 109-р нүүр)
“…Тэр баян эрд арьсаа амьдаараа өвчүүлсэн чоныг суллан тавихуй улаан цурав мах болсон сайх чоно төрсөн уулынхаа зүг 1-3 км газар зориг заан явсаар аргагүйн эрхэнд туйлдан унажээ …” (Чонын хүү 115-р нүүр)
“…Үгүй нөгөө Төмөрийн хоточ халтар энэ жил хотонд дайрч орохоор ирсэн 30-аад чоныг барьсан байна лээ…” (Чонын хүү 116-р нүүр)
Зохиолын 113, 116-р талуудад дүрслэгдснээр нэг хэсэг эр чонын авд яваад хууч хөөрөлдөн, чонын тухай элдвийг хэлэлцэхдээ тоо баримтыг нэг бол 1974 оны нөгөө бол 1952 оны, бүүр халаад 1997 оны статистикаас иш татах нь “цаг хугацаа”-ны машинаар зорчих мэт холбичин, уншигчийг ёстой гайхшруулж орхино. Ийм байдлаар тоо баримтыг тун оновчгүй хэрэглэсэн нь зохиолч чухам юуг онцлон дүрслэх гээд байгаа санаагаа өөрөө ч ойлгохгүй тууж явааг харуулна.
“… Ямар сайндаа л Монгол Улсын хуулиар ямар ч үед яаж ч агнаж болохыг зөвшөөрсөн захирамж гаргасан ан нь чоно байхав дээ…” (Чонын хүү 113-р нүүр)
Энд баримтын ноцтой алдаа гаргаад зогсохгүй асуудалд маш хөнгөнөөр хандаж, илэрхийлэхийг чухалчилсан зүйлээ нухацтай судлалгүйгээр хялбарчлахыг (ихэвчлэн эхлэн бичигч нарт тохиолддог) зорьжээ.
Хуулиар аливаа харилцааг “зөвшөөрдөггүй”, харин хориглох маягаар харилцааны үл зөвшөөрөгдөх хэлбэрүүдийг тодорхойлж байдаг. Мөн хуулиар ямар нэгэн харилцаанаас үүссэн нөхцлийг зохицуулдаг болохоос элдэв захирамж гаргадаггүй юм аа. Дээр өөртөө итгэлтэйхэн шиг дурьдсанчлан уг зохиолч Монгол Улсын яг ямар хуулийн хэддүгээр зүйлээр чоныг алаад байхыг зөвшөөрснийг “олж”, “захирамж”-ийнх нь хамтаар зохих хариу болгон ирүүлж, мунхаг намайг болон мэргэн олон уншигчийг сэнхрүүлээсэй.
Ийнхүү хүний оюуны өмчид “гэгээн цагаан өдөр”-өөр шууд халдах нь сүүлгүй боохойд л тохиолдох явдал юм даа. Иймэрхүү хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, зохих хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн хэм хэмжээнүүдийг олон улсын төвшинд Оюуны өмчийн тухай болон патентын эрхийг хамгаалах гэрээ, конвенцуудаар, дотоодын төвшинд Зохиогчийн эрхийн тухай хуулиар тогтоосон байдаг.
Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 24-р зүйлд зааснаар ямар ямар арга хэмжээ авахыг тодорхой заасан байгаа. Түүнчлэн Монгол Улсын ХЗДХЯамны харъяа Оюуны өмчийн газар энэ бүхэнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж байдаг. Нэг нэгнийхээ бүтээлийг ямар ч зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн өөрийн болгоод байх нь ёстой л шударгаар “шудрах” гэгч л болно доо. Нэгэнт шударчихсан тохиолдолд хуулийн дагуу, шүүхийн өмнө зохих хариуцлага хүлээж, учирсан хохирлыг хуульд зааснаар барагдуулах нь иргэний нийгэмд амьдарч буй хүн бүрийн журамт үүрэг гэдгийг хэн бүхэн мэдэх болов уу.
“Чонын хүү” номын өмнөтгөлд
ХУЛГАЙЧ ЧОНОНООС ДОР
ХУДАЛЧ ХОРНООС ДОР…
(Чонын хүү 4-р нүүр) хэмээн өвөг дээдсийн захиас үгнээс иш татсаных нь учрыг мэргэд болгооно биз ээ.

2006.3.5

No comments: