Wednesday, June 2, 2010

Хvннv гvрэн ба Их Ром улсын харилцаа


Хятан гүрний түүх соёлын улбааг хөөж судлаад суухаар эртний Греек, Ром, Кушаны иргэншилтэй олон сэжүүрээр тэд холбогдож байна. Тэр бүхэн заавал Хятадын торгоны замаар дамжиж умарт дахин дэлгэрсэн байх албагүй мэт. Хятад нөлөөгүй нүүдэлчдийн бие даасан тээвэр харилцаа урьд өмнөөс заавал байсан мэт санагдаж байна. Монголчуудын нүүдлийн соёлтой адил тэмээний соёлтой орон бол эртний Бактриан улс мөн. Дундад Ази дахь тэдний нутгаас олдсон эд өлгийн зүйлс дотроос гэрийн хоёр ханаар хомносон, хоёр бөхтэй тэмээний шаазан баримал хүртэл гарсан нь энэ бодлын минь нэгэн баталгаа болно. Хоёр бөхтэй тэмээг эртнээс Bactrian Camel гэж нэрлэж ирсэн нь үүнтэй туйлын холбоотой. Ямар ч тохиолдолд их Хүннү гүрэн хүчирхэг Ромын эзэнт улстай дайсаггналцаж байсан хятадын Хан улсаар дамжилгүй өөрсдөө бие даан шууд холбогдож ирсэн байх бүрэн үндэслэл байна. Тэгэж бодохоор зүүн Азийг Ромтой холбосон торгоны замаас гадна хойд Азийг бүслүүрдэн оршсон умарт тэмээн хингийн зам байсан нь үнэнд тун ойрхон тусах болов уу. Энэ талаар блогт минь та бүхэн санал бодлоо уралдуулахыг урьж байна.

2010.06.02

Wednesday, May 19, 2010

Хятан нарын тухай ярьсан минь


Ойрд зав муутай явсаар блогтоо шинээр мэдээлэл нэмж чадсангүй. Блүүмингтoнд Далай Ламын айлчлалыг зохиох ажилд явсан хойгуур манай Кальфорнын Монголчуудын Студиогийн Шинэ-Од, Эрдэнэбат нарын нэг сарын дундуур хийсэн ярилцлага бэлэн болж, Орлоо дээр тавигджээ. Зав чөлөө гараад өнөөдөр гүйцэд үзлээ. Хятан нарын тухай ярих гэснээ Монголын түүхийн сэдэв рүү хааяа хальтраад байсан юм шиг байна. Линк нь:

2010.5.19

Tuesday, March 9, 2010

Монгол соёлын хэрмийг хамтдаа босгоё


Халимагийн алдарт жангарч Окна Цагаан Замтай хийсэн ярилцлага

Монголд “Ээжийн дуу”-гаараа хит болсон жангарч Цагаан Замтай холбоо тогтооход тулсалсан Монгол Америкийн Соёлын Холбооны ерөнхийлөгч Санж Алтан ахад гүн талархснаа илэрхийлье.

Ш. Баатар
Америкийн Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан


Мэнд сайн, сар шинэ сайхан шинэлж байна уу? Америкийн Баруун Эргийн Монголчуудын сангийн хvн би Санж ахаас таны утсыг аваад ярьж байна. Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлдээ зориулж таньтай хэдэн хурам хєєрєх гэсэн билээ. Ямар хэлээр яривал та таалах бол?

Мэнд сайн байна аа. Сайхан шинэлж байна уу. Та монголоор, калимакаар, оросоор, англиар ярьж болно оо. Манай нютакаар сонин икэтэй, дэлгэр сайхан цагаалгана болж байна. Аав эжий, акан дүүстэйгээ золгож, цагаан сараа өргөн сайхан тэмдэглэж байна.

Таны алдрыг Владимир Окнаeвич Каруeв гэдэг. Гэтэл яагаад хvмvvс таныг Цагаан Зам гэж нэрлэсэн юм бэ?

Миний ээжийн өксөн нэр. 1957 онд Сибирийн цөллөгөөс Калимактаа буцахдаа би зам зуур төрсөн болоод Зам гэдэг нэртэй болж, нютактаа саадгүй буцахын баяртай сайхныг билэгшээж Цагаан хэмээн тодотгосон гэнэ. Би Икэ Бөксу Баактуудаас гаралтай. Манай удaмд Элан Уул гэж алдартай жангарч күн байсан.

Бvх Монгол туургатан таныг жангарч гэдгээр нь мэднэ. Та хэрхэн туульч болсон юм вэ?

Намайг кюүкэд байхад “бяцхан цагаан өвгөн” гэж хочилдог байсан. Би дандаа көгшдийн яриаг чагнаад суучихдаг, бусад кюүкдүүдтэй ер тоглодоггүй байсан болохоор л тэр. Би сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Тэгээд инжинер болоод ажилд орсон ч нэг л сэтгэл хангалуун биш байлаа. Ажил хийгээд ирээдүйгээ олж харсангүй. Жангартаа улам икэ дуртай, найз нөхдийн хүрээнд тууль хайлдаг байлаа. Тэгээд 1987 оноос олнa газар Жангар хайлж, 90 оны Жангарын баярт оролцсон. Тюүнээс өмнө бага наснаасаа би олон удаа хачин зүүд зүүдэлдэг байв. Нэг нь гэхэд цагаан өвгөн намайг “Жангар хайл” гээд үргэлж шаардана. Би ч тууль хайлах дургүй, тэгээд зүүдэндээ дахиад л шавдуулна. Олна өмнө гарч тууль хайлахaас их санаа зовно. Тэгээд ер бусын хүчний шахалтаар би олна өмнө тууль хайлах болсон. Жангарын баяр дээр надад жангарч цол өгсөн. Энэ нь миний албан ёсны цол болж хувирсан.

Та хаана хаана явж Жангарын тууль хайлсан бэ? Таны vзэгчид одоо хэн бэ?

Би нэлээд хэдэн оронд явлаа. Монголоос гадна Францад олон удаа очлоо. Одоо ч тэдэнтэй холбоотой ажиллаж байна. Калимакууд, буриадууд, монголчууддаа эхлээд тууль хайлж байлаа. Одоо олон улсын хэмжээнд хүртлээ өссөн гэж хэлж болно.

Та одоо Халимаг улсад ямар ажил хийж, юу эрхэлж байна вэ?

Би Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга, зөвлөх кийнэ, орнa соёлын ажил кийнэ. Калимaкийн жангарч Цагаан Зам гэхээр манай тэнд сайн мэднэ ээ. Дараа сард Mонголд очиж уртын дууны наадамд орох санаатай байсан, амжсангүй. Чөлөө таарвал наадмаар Монгол хүрмээр байна. 8-9 сард нэгэн хөгжмийн наадам Монголд болно гэнэ. Тюүнд намайг урина гэж байсан. Одоогоор сураггүй байна.

Таны уран бүтээлийн онгод ямар байна. Ээжийн дууны клипийг үзэхэд сэтгэлд нэг л дотно, тун сайхан байх юм. Та энэ клипийг 2-3 жилийн ємнє Монголд очихдоо хийсэн үү?

Бид хархираа хөөмийг сайн хөгжүүлмээр байна. Энэ жилдээ багтаж Калимакт Mонгол туургатны хархирaа хөөмийн баяр хийхээр бодож байна. Баярт 30-40 хөөмийчин, дуучин, туульч, уран бүтээлчид Монгол, Калимак, Тува, Буриадаас орох юм. Би өөрийнхөө хайлсан тууль, дууны CD-г Францын Будда Рекoрдинг Студийн Клауди гэдэг хүнээр бичүүлсэн. Нэлээд хэдэн дуутай энэ CD гарахаар Еврoпын орнуудад зарагдана. Удахгүй CD бэлэн болно. “Бөөгийн дуу” (Shamans Voice) нэртэй альбом гарна даа. “Ээжийн Дуун” бол Гайа гэдэг альбомд орсон байгаа. Өнгөрсөн оны 11 сард Монголд очоод энэ клипээ гүйцээсэн. Монгол хүнийг моригүйгээр яаж төсөөлж болох вэ.

Таны хамгийн эрхэмлэж явдаг нандин зvйл юу вэ?

Мoнгoлчууд, Калимакууд бид ядуу байна. Ядуугийн эрхэнд гадагш гарч амьдарч байна. Гадны нютакт амьдрахдаа өөрийн соёлоо эрхэмлэх хэрэгтэй. Би Mонгол соёлдоо хайртай. Соёлоо хайрлаж, соёлоо хадаглаж байхад буцаад хэзээ нэгэн цагт нийлнэ. Бид эзэн Чингисийн үеэс хадгалж, дээдэлж ирсэн эрхэм нандин өөрийн соёлтой хүмүүс. Yүнээс өөр нандин юм юу байна.

Дэлхийн олон оронд Монгол үндэстэн тарсан. Оросод Халимаг, Буриад, Тува, Алтай, Хятадад олон Монгол аймгууд бий. Энэ тархай бутархай монголчуудын эв нэгдлийн талаар ямар юм хиймээр санагддаг вэ?

Хамгийн чухал нь бид нийлж кэрэм босгох хэрэгтэй. Соёлын кэрэм босгож, босоогоороо оршин тогтнож, соёлоороо өөр хоорондоо холбогдох хэрэгтэй. Тэгэхгүй бол шал болно. Шалан дээр хэн ч гишгэнэ. Yүнийг бид мартаж болохгүй юм. Соёлоороо холбогдож байж, дотно харилцаа тогтооно. Сайн харилцаа тогтож байж, хамтдаа ажиллана. Тэгэж л бид гал голомтоо авч явах юм. Энэ соёлоо дэлгэрүүлэх юм бол Чингисийн соёл гэдгээр нь дэлхий дахинд биднийг мэднэ.

Амeрикт монголчууд олон бий. Хэрвээ хүсвэл та Амeрикт ирж тоглож чадах уу?

Урих юм бол очно оо. Тоглолт хийвэл ганцаараа очихгүй. Намайг дагаж явдаг нэг, хоёр хүн бий, тэдэнтэйгээ хүрнэ. Тэгээд хөтөлбөртөө тааруулаад урт, богино Жангар хайлан дундуур нь хархириа хөөмийн дуу оруулна.

Сар шинийн баярыг тохиолдуулж Монгол ах дvv нартаа юу хүсэх вэ?

Жилээс жилд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж, аав ээжийгээ ачилж, алтан ганжир шиг гялалзаж, олон нийтээрээ өвдөх өвчингүй энх амар яваарай.

Баруун Монголын уухайт түмний бамбарын оч мэт гэрэлтэн бадарч яваа цагийг эзэлсэн жангарч Цагаан Зам танаа Монгол тvмнээ тєлєєлж сайн бүхний дээжээс сэрчимлэн єргєе. Хурай. Хурай. Хурай.


Замдаан сэтгүүлийн 17-р дугаараас
2004 оны 1 сар

Monday, March 8, 2010

Бурханы шашин Монголынх уу?


Монголд Бурханы шашин Төвдөөс хамгийн сүүлд дэлгэрсэн нь үнэн. Манай өвөг дээдэс Бурханы шашныг дэлгэрүүлэх эхэн үедээ гүн ухааныг сургаалиудыг энгийн жижиг ном сургаалиас эхлээд их хөлгөн судар Ганжуур, Данжуур хүртэл монгол хэлнээ орчуулан ард түмэндээ хүргэж байсан хэдий ч, хожим Манж, Xятадын бодлогын нөлөөгөөр Монголд Бурханы шашныг зөвхөн төвд хэлээр дагнан дэлгэрүүлэх болсон байна. Ингэснээр лам нарт Бурханы шашны онолыг хурдан түргэн өндөр түвшинд сурах боломж нээгдсэн ч ард түмэнд хүрэхдээ ихэд бүрхэг болж, улмаар мухар сүсгийн тал нь давамгайлах болжээ. Гэхдээ сурч мэдэж ухаарах гэсэн хүн бүхэн өөрийн багшаараа дамжин Бурханы шашны гүн ухааны сургаалыг сурах боломжтой байв. Ийм болохоор сурч мэдэх, гэгээрч боловсрох гэдэг хувь хүнээс ихээхэн хамаарч байжээ.

Монгол түмний ахуй амьдралд олон зуун жилийн турш нэвт шингэж ирсэн Бурхан шашны нөлөө бусад гадны соёлоос хэт давамгай байснаас бүх улбаа нь өнөөгийн бидэнд уламжлагдаж ирсэн. Тийм ч учраас бид өнөөдөр мэдсэн мэдээгүй олон янзын Бурханы шашинтай холбогдол бүхий зан үйлийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Эдгээр зан үйл нь Бурханы шашнаар дамжуулан хадгалж үлдсэн бөөгийн шашины уламжлалтай бас холбоотой. Үүгээрээ Төвдөд дэлгэрсэн Бурханы шашины зан үйлээс манай шашны уламжлал ялгаатай байна.

Коммунист дэглэм тогтсоноос хойш 50-60 жил Бурханы шашныг үндсээр нь арилгаж цэвэрлэх гэж оролдсон боловч, өдөр тутмын зан үйлээ хаях болон өмнөх нэг хоёр үеэсээ тийм амар салах боломжгүй байсан учир Бурханы шашин асуудал нууцлаг байдалд орж, хүн ардын ихэнхийн сэтгэл зүрхэнд хэвээр үлджээ. Ардчиллын дараахи жилүүдэд гадны шашин соёлын олон урсгалууд Монголд орж ирсэн хэдий ч өөрийн гэсэн үндэс cуурь муу учир Бурханы шашны дээр гартaл төдийлөн хөгжиж чадаагүй байна. Харин Бурханы шашинд улам дэлгэрэх өргөн боломж олджээ. Гэхдээ манайхан Бурханы шашныг дэлгэрүүлэхдээ, сүм хийд барих, суварга босгох, лам нарын тоог олшруулах зэрэг хэлбэрийн хувьд ихээхэн анхаарсан хэдий ч онол сургалт нь тийм хурдан сайжирч чадахгүй байна.

Энэтхэгт олон монгол залууc шавилан сууж, эрдэмтэй олон мэргэд бий болж байгаа нь ихээхэн сайн талтай боловч, Төвдийн нөлөө ихээхэн бий болохоос бас болгоомжлох нөхцөл байдал үүсч байна. Тухайлбал монголчууд маань урд өмнө судалж сонирхдоггүй байсан шүгдэн сахиусны асуудлыг нэлээд сөхөж үзэх болжээ. Энэ бол манайхан нэг их оролдоод байхаар зүйл биш, цэвэр төвдүүдийн дотоод асуудал гэж би боддог юм. Манайхан тэр байтугай юмаа сэргээж чадаагүй байна. Бас бид тусгаар улс, бидний зан заншил, ахуй өөр учир эцэг өвгөдийн уламжлалыг дагваас зохионо.

Монгол нутагт ирээд монгол оюунаар сэлбэгдэж, монгол зан үйлтэй уялдаа холбоотой болоод хэдэн зуун жил болсон учир Бурханы шашин бол Монголынx юм. Бурханы шашин анх пали хэлээр, дараа нь төвд, хятад, монгол, манж, бирма, тай, солонгос, япoн зэрэг олон хэлэнд дэлгэрсэн. Харин Ганжуур Данжуур орчуулагдсан нь төвд, хятад, монгол, манж хэл юм. Бурханы шашины ёсонд Ганжуур Данжуур аль хэлээр дэлгэрснээр нь авч үздэг. Манжууд нэгэнт Xятадад уусч алга болсон учир монголчууд бид MONGOLIAN BUDDHISM гэж хэлэx бүрэн үндэстэй. Tөвдүүд бас үүнд дургүй, харин тэд TIBETAN BUDDHISM IN MONGOLIA гэж үздэг юм. Төвдүүд нэгэнт тусгаар тогтнолоо бүрэн алдсан тул ийм бодлого явуулах нь зүйд огт нийцэхгүй. Хүссэн, хүсээгүй бодит байдал CHINESE TIBETAN BUDDHISM гэж хэлэхэд хүргээд байнa. Ингэхээр бид Монголын Бурханы шашин (MONGOLIAN BUDDHISM) гэж байнга хэрэглэж, гадна дотнын олон хэлээр буулгаж байх нь нэн чухал. Энэ бүхэн миний хувийн бодол юм шүү. Хувийн бодол алдаатай байж болох тул та бүхэн гэгээн ухаандаа тунгаан бодно буй за.

2010 оны 3 сарын 8

Saturday, January 23, 2010

Б.Ринчин гуайн Их нvvдэл романы тухай товчхон


Гэрэл зургийг Р.Гомбожав



Их зохиолч, соён гийгүүлэгч Б.Ринчин профессор балар эртний хүмүүсийн амьдралын талаар “Заан залуудай” хэмээн роман бичсэн нь уншигч олны таалалд нийцэн ихэд урам өгсөн болохоор жаргах насандаа Монголын нутагт оршин тогтoнож байсан үе үеийин нүүдэлчин аймгуудын талаар түүхэн роман бичихээр зориг шулуудаж гартаа байгаа бэлэн материалыг ашиглан Хүннү гүрний тухай “Их нүүдэл” романы тэргүүн дэвтэрийг 1969 онд бичжээ. Энэ Их нүүдэл романы тэргүүн дэвтэрт Наран эхт Саран эцэгт Их Хүн улсын мандан бадарсан түүхийг бичээд дэд дэвтэрт Хүннү задарч Их говийн ард урд талд хуваагдан улмаар дийлдсэн говийн арын аймаг нь баруун зүгт их нүүдэл хийсэн тухай бичихээр зэхэж байгаад их эрдэмтэн 1977 оны гуравдугаар сарын 4-нд насны хутгийг олжээ.

Өвөг Монголын түүхийг амтархан үзэж буй надад Хятан нарын элэнц өвөг Дунху-гийн түүхийн талаарх мэдээллийг сөхөн харах үүднээс Их нүүдэл романы тэргүүн дэвтэрийг хүүхэд насаа дурсан байж дахин уншлаа. Их эрдэмтэний хэлсэн “гэгээн өдөр цээжиндээ, харанхуй шөнө зүүдэндээ”, “улс түмний газар ус, өвөг дээдсийн өв нутаг”, “тэнгэр газар хоёр ялгаран уулс завсарлах үес”, “чихинү чимэг болсон аялгуут сайхан монгол хэл чин зоригт өвөг дээдсийн минь өв эрдэнэ” хэмээх олон сайхан яруу хэллэгийг ахин уншиж сэтгэлээ баясгав. Түмэн газрын Цагаан хэрмийг Хүннүгийн нутгаас таслан авч Цинши хуанди хэрхэн байгуулсан, Моодун эцгээ хoроож шаньюй болсон, Дунху-г дайлаар мордсон шалтгаан зэргийг эртний хятадын Түүхэн тэмдэглэлийн Шаньюийн бүлгээс санаа авч бичсэн байна. МЭӨ 104-91 онуудад Сыма Цян "Түүхэн тэмдэглэл" (Шизи) хэмээх алдарт сурвалжаа тууривжээ. Хүн эрсийн баатарлаг тулаан, морьдоо зүслэн дайнд оруулж, цэргээ аравт зуут мянгатаар жагсаан сүрийг бадраах зэрэг байлдааны урлагийн тухай хэсгүүдийг Баруун Хан улсын түүх бичиг сурвалжаас сэдэвлэн авсан байна. Уг романы хамгийн сонирхолтой, үнэ цэнэтэй хэсэг нь Торгоны замаар түгсэн эртний Кушан, Греекийн соёлтой холбоотой хэсгүүд болно. Эртний нүүдэлчид Греекийг Эллин улс, Африк тивийг Хөөст тив хэмээн нэрлэж байсан зэрэг сонин сайхан мэдээлэл дүүрэн байхаас гадна нүүдэлчдийн дунд өрнөдийн соёл хэрхэн нэвтэрч байсныг Хүн гүрний их цэрэгтэй заяагаа холбосон Молион хэмээх эрийн ярьсан эртний греекийн домгуудаар харуулжээ. Их эрдэмтэн энэ номоо бичих үедээ үзэл сурталд хүлээтэй байсан учир нийгмийн ангийн тэмцлийг Хятадын Зина улсын дотоод амьдралаар харуулахыг оролджээ. Хэллэг яруу, түүхэн баримтууд нь эх сурвалжтай энэхүү сайхан түүхэн зохиолыг дахин уншаад эx орноо гэсэн үзэл нэвт шингэсэн их эрдэмтэн Б. Ринчин доктороор бид байнга бахархаж, бүтээлийг нь залуу үедээ цаг ямагт уншуулан өвлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодолд умбав.

2010 оны 1 сарын 23

Monday, December 21, 2009

Төвд Монголын Шашин Соёлын төвийн нээлтийн тухай нэвтрvvлэг

2007 оны намар АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо орших Төвд Монголын Бурханы Шашин Соёлын төвийн (ТМБШСТ) нээлтэнд Дээрхийн гэгээнтэн 14-р дүрийн Далай Ламыг тус төвийн захирал Ажаа гэгээн урин залж, гурав хоног бурханы ном айлдуулах ялдамд монголчууддаа сургаалийг нь хайрлуулах сайхан боломж олдсон юм. Энэ эрхэм үйл ажиллагааг Монголын үндэсний ТВ-гээр сурважлуулахаар бид хэлэлцэн хэнийг хэрхэн урих талаар хэсэг бодсны дараа Г.Золжаргал ахыг сонгон авч хүсэлтээ түүнд тавихад дуртайяа хүлээн авч ажил төрлөө зохицуулан хүрэлцэн ирсэн билээ. Золжаргал ахыг сонгон авсан шалтгаан бол Монголын тахир дутуу хүмүүсийн төлөө зориулсан түүний нөр их хөдөлмөр, нинжин сэтгэлийг нь биширч явдаг минь нөлөөлсөн болов уу. Монголын үндэсний телевизээр гарсан уг нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Тус төвийн урилгаар 2010 оны 5 сарын 11-13-нд Далай багш ТМБШСТ-д дахин морилох болсныг дуулгах ялдамд уг арга хэмжээний бэлтгэл ажилд Ажаа гэгээндээ та бүхэн сэтгэлээсээ туслана байхаа хэмээн найдаж байна.

Нэврүүлгийг үзэх линк: энд дарна уу

Хүндэтгэсэн,
Ш.Баатар
ТМ
БШСТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн
Web: http://www.tibetancc.com/info/visit/hhdl_visit.html

Wednesday, December 2, 2009

Хувилай хааны эзэнт гvрэн


2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евр
оазийн нарийвчилсан газрын зураг олджээ. Кётогийн их сургуулийн эрдэмтэдээр толгойлуулсан шинжээчдийн баг уг зургийг Монголын Юань гүрний үед бүтээгдсэн эх зургийн хуулбар гэж тогтоосон байна. Энэ зурагт Xятадыг багтаасан Азийн газрын зургийг томруулан Африк тив, Европ тивийг нэлээд нарийвчлалтай зурж, газар орныг тодорхой тэмдэглэсэн байна. Ийм хэмжээний газрын зураг урд өмнө олдож байгаагүй ажээ. Уг зурагт Хятадын нутгийг томруулан зурсан, зургийн гарчиг дaxь Юань улсын үеэс эхлэх Евроазийг (Африк тивийг оруулаад) төлөөлөн хэрэглэх болон “Коницу” гэсэн хоёр ханз үсгээс үүдэн уг зургийн эхийг Юань улсад бүтээсэн гэж шинжээчид үзэж байна. Японы Эн-Эйч-Кэй компани энэхүү зургаас үүдэн “Хувилай хааны эзэнт гүрэн” гэдэг тусгай нэвтрүүлэг хийжээ. Нэвтрүүлгийн гол үзэл санаа, ач холбогдол нь Хувилай хаан дэлхийн хуурай газрын ихэнxийг хамаарсан том гүрэн байгуулж, тэр цар хүрээндээ олон улс үндэстний худалдаа арилжаа хийдэг байсан тухай олон баримтаар нотлон харуулсанд оршино. 50 лангийн (2 кг) жинтэй “морин туурай” мөнгөн ембүүг гадаад худалдаанд, цаасан мөнгийг дотоодод хэрэглэж байсан, мөнгөний их ордыг эзэмшихийн тулд Хятадын баруун талын Дали улсыг эзэлсэн, худалдааны төлөөлөгчдөө ислам үндэстнээр бүрдүүлж Xятадын нутгийн гүнд олон арван мянган ислам худалдаачдыг суулгасан, далайн тээвэр хийх найдвартай усан онгоц бүтээсэн, Их нийслэлээ далайтай сувгаар холбохдоо усны төвшинг өргөж, газрын өөд хөлөг онгоцыг хөвүүлэх боомтын механизмыг бүтээсэн, эдийн засгийн том гүрнийг удирдахын тулд нийслэлээ Бээжинд шилжүүлсэн, хятадуудын сэтгэлийг татахын тулд Бээжингийн хааны их ордыг байгуулсан, худалдаачин орлогынхоо 30 хувийг авч үлдсэн 70 хувийг хааны санд өргөх системийг боловсруулсан зэрэг олон үйл хэргийг баримтыг нотлон үзүүлжээ. Хувилай хаан 67 настайдаа Чамбай хатныг алдсaнаас хойш нэлээд зожиг болсон, хоёр удаагийн Японд довтолсон дайн нь бүтэлгүй болсноос сэтгэлээр унасан зэргийг өгүүлэх ялдамд нас өндөр болж 80 хүрээд таалал төгсөхийнхөө өмнө хөвгүүддээ үлдээсэн гэрээс нь Туркийн Истанбул хотын архивт монгол хэлээр, дөрвөлжин болоод уйгар үсгээр хадгалагдан үлдсэнийг үзүүлэв. “-Хөвгүүд минь ээ, Их улсыг удирдахын тулд хүн ардад хэрхэн дагахыг хүчээр тулгаж үл болно. Хамгийн чуxал нь хүн ардын хүсэл эрмэлзлэл, зүрх сэтгэлийг ойлгох хэрэгтэй” хэмээн гэрээсэлсэн байна. 700 зууны тэртээх Хувилай хааны эл гэрээс өнөөгийн Монголын төрийн тэргүүдэд хэрэгтэй мэт санагдана. Нэвтрүүлгийг доорх линкээр орж үзээрэй.

Хувилай хааны эзэнт гvрэн 1
Хувилай хааны эзэнт гvрэн 2
Хувилай хааны эзэнт гvрэн 3
Хувилай хааны эзэнт гvрэн 4
Хувилай хааны эзэнт гvрэн 5
Хувилай хааны эзэнт гvрэн 6


Ш.Баатар
2009 оны 12 сарын 2


Saturday, November 21, 2009

Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг


Монголын нууц товчооноос ангид олон арван түүх соёлын өв дөрвөлжин бичгээр болон уйгар үсгээр Иx Монгол улсын (Юань) үед бичигдэн үлджээ. Тэдний ихэнx нь хөшөөний бичээс болно. Чулуун хөшөө олон зууныг туулж гэмтэж сэвтэлгүй бидний үе хүртэл хадгалагдан үлдэж чаджээ. Нэгэнт тухайн цагт бичиж үлдээсэн болохоор тэдгээр xөшөөний бичээс нь хэн ч маргахгүй түүхийн бодит материал болно. Эртний хөшөөний бичээсээс харахад долоон зууны турш язгуурын монгол хэл нэг их өөрчлөгдөөгүй мэт санагдана. Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг болохоор 1362 онд бичиж үлдээсэн түрэг угсааны Индү (хиндү буюу энэтхэг гэсэн үг) вангийн гэрэлт хөшөөний монгол бичээснээс хэсэглэн авч уншигч танаа толилуулья.

... Мөн Индү эсэн бүхий дороо ач хөвгүүддээн соён сургаруун:

- Та хөвгүү
д үзэхүйн аливаа зовлонгуудыг эс үзвэй. Тарианы үйлийг эрхлэн зөв зүгээрийн аман хоолой тэжээн хатуужуулахад чадахуйгаас сайн үйлийг үйлдэж, муу үйлийг бүү бөгөөд үйлдэгтүн. Эцэг эхдээ төрүүлсэн ба тэжээсэн ачийг машид хүндэд сэтгэж, oмoгoo үл заан, өөрөөс дордос үзэгсдийг бүү басамжлан өөрөөсөө эрдэмт сайд лугаа ах дүү барилд. Хэрвээ дээдсээ соёрхогдож орлуулагдваас биеэ ариун сахиж, ургаш жигд яваад чин зоригоор дээдсээ ачлан хүч өгөхөө эрхлэн, иргэнийг өөрийн хөвгүүн шөвгүүн мэт таалж явбаас ирэх хор дор үл ороод мөнөө мөнөө хойно сайн нэр тань үүрд алдаршуулагдмoй гэж эдгээр үгс хэлбээс танаа ухагдах буй хэмээcэн ажигу.

Одоогоос 647 жилийн өмнөх хөшөөний бичээсийн үг
үсгийг гажуудуулалгүй хэвээр хадаглан уйгарчлан бичсэн монгол хэлнээс шинэ үсэгчлэн буулгавай. Индү вангийн сургааль бидэнд, бидний үр хүүхдэд, бидний ирээдүйг шийдэгч Их хурлын эрхэм гишүүд засаг төр баригчид хэн бүхэнд нэгэн адил хамааралтай бус уу.

2009 оны 11 сарын 21
Сан Франциско хотноо

Saturday, October 17, 2009

Монголын цэрэг Англи, Францтай байлдаж явжээ



XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.


Түүнээс дөрвөн жилийн дараа 1859 онд Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх Монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид 3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн гэcэн байхад, заримд нь 8 мянган морин цэрэг алагдсан гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай” кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг Сам Коллинсон (Sam Collinson) гэж нэрлэж, эрэлхэг гарамгай дайчин гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байл
дax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ.

Би Жагжид Цэцэн агснаас Сэнгэринчин вангийн тухай асуухад “-Сэнгэринчин бол Манжийн төрд хамаг хүчээ өгсөн хорчин монгол хүн. Түүнтэй хамт олон монгол цэрэг хүний нутагт халуун цусаа урсгаж, алтан амиа алдсан” гэж хэлж билээ. Сэнгэринчин вангийн морин цэрэгт горлосын хоёр хошуу, халх, харчин таван хошууны зост чуулган, монголжин, хорчины Бу вангийн хошуу, хорчины дархан вангийн хошуу, жалайд зэрэг газраас лавтай монгол цэргүүд байжээ. Энэ бүгд “Сэн вангийн магтаал”-д тодорхой орсон байдаг. 1889 онд Манжийн хааны бэлэвсэн Сиши хатан Сэнгэринчин жанжины дурсгалд зориулж Бээжингийн Донгчэн дүүрэгт Шианзонcи мөргөлийн cүм байгуулжээ. Хoжим 1995 онд Өвөp монголын Тонляо хотноо Сэнгэринчин жaнжины хөшөөг босгoж, музейг байгуулсан байна.

Хэрвээ бид Халх дөрвөн аймаг, өвөр зургаан чуулганы Манжийн үеийн данснаас 1840 оноос 1870 оны хоорондох 30 жилийн турш хугацаагүй цэргийн албанд татагдсан эрсийг шүүгээд үзвэл хичнээн монгол энэ дайнд орж эрсдcэн тоо гарна. Хожим Боксерын бослогыг дарах, Хятад-Японы дайнд хичнээн олон монгол хүү алтан амиа золиослocныг бид мэдэхгүй. Бокcерын бослогыг дарахаар Халх дөрвөн аймгаас татсан 2 мянган морин цэрэг Улиастайн амбанд сууж байгаад дайнд мордолгүй тарсан тухай баримт бий. Монголын цэрэг ялаагүй ч Англи, Францын давуу армитай байлдаж явсан үнэн түүхээс сөхөн дурдахад ийм байна. Энэ бол 100 гаруй жилийн тэртээ болсон бодит түүх. Таны эсвэл миний элэнц хуланцаас хэн нэгэн нь харийн нутагт цусаа урсгаж ясаа тавьсан байж болно. Бид Монголчуудын түүхийг ямарч байсан 1949 он хүртэл нэгтгэн авч үзээд, судалж бичиж байх нь чухал хэмээн би боддог.

2009.10.16