Thursday, January 11, 2007

Ноён гэгээний гарын шавь Лувсан Хайдав гуай

(тэмдэглэл)

Энэ жилийн Бэй Аэриагийн Монголчуудын Xолбооны хvлээн авалтан дээр харийн нутагт яваа монголчууддаа их тус дэм болсон гурван хvнд хvндэтгэлийн цом, диплом гардуулсны нэг нь Лувсан Хайдав гуай байлаа. Хайдав гуай Америкт ирээд 40 гаруй жил болсон ахмад хvн. “Говийн догшин ноён хутагт” нэрээр Монгол орон даяар алдаршсан Ноён гэгээний гарын дєрвєн шавийн нэг явсан Хайдав гуай энэ нутагт хєл тавьсан цагаас монголчуудaд зvйл бvрээр, єєрийнхєє даац хэмжээнд тааруулан тус дэм болж иржээ. Монгол хvний барааг харах нь ховор байсан тэр цагаас эхлэн монгол зочин гийчнийг онгоцны буудлаас тосох, хямд байранд оруулах, ажил олж єгєх, тун vгvй дээ л єєрийн ажилдaa дагалдан хийлгэх гээд чадах бvхнээ хийж ирсэн ба 30 гаруй монголчуудыг Бэй Аэриад аж амьдралаа тєвхнvvлэхэд тус дэм болжээ. Xолбооны бидэнд, Ажаа гэгээний тєвд зvйл бvрээр тусалж байна. Эл євгєний сэтгэл нь “монголчууд олширсон дээрээ єєрийн гэсэн vйл ажиллагаагаа явуулдаг байртай, vр хvvхдээ сургaдаг сургууль, цэцэрлэгтэй болох юмсан” гэж санаа зовинож явдаг юм. Амьдралын хvнд хvчрийг хvний нутагт туулсан, буян нvгэлийг ялгаж, салгаж чадаx ийм зєєлєн сэтгэлтэй буурлууд єдєр ирэх тутам ховордсоор байна. Энэ сайхан эгэлгvй буурлын туулсан замналыг дурсан ярьснаар нь сийрvvлэхийг оролдлоо.

Догшин ноён хутагт Данзанравжаагийн хойд дvрvvд зундаа их говийн ар, Халхын Тvшээ гvн рvv, євєлдєє их говийн урд, Зvvн Сєнєд рvv нvvдэг, аль ч талдаа олон шавь нартaй, Манжийн нутаг усны нарийн хил, хязгаар монголчуудад нэг их хамаардаггvй байсан цагт амьдарч байжээ. Хожим нэг єдєр хилийн шугам татаж, Ноён гэгээн говийн ар руу нvvж чадалгvй байсаар Зvvн Сєнєдєд насан єєд болсон гэнэ. Ноён гэгээн Манжийн хааны бэлэглэсэн улаан халзтай алтан шар жууз тэрэгтэй, хамрын тамхи атгаж аваад хамаа намаагvй татдагч бие хувцасандаа хvргэдэггvй цэвэрч, нємгєн агаад халамцуу голдуу явдаг, аврал ирсэн хэнбугайд ч намба алдалгvй айлтгал хийдэг, олны итгэлийг даасан, бичгийн боловсрол сайтай байжээ. Ноён гэгээнийг 30-аад оны сvvлээр жанч халсны дараа Цагаан oвооны хийд, Xалхын хурлын лам нар Ноён гэгээний шинэ дvрийг Сєнєдєд тодруулсан байна. Монгол улсад лам нарыг аймаглан устгах тэр vед зугтаж амь гарсан лам нар Сєнєдийн нутагт Xалхын хурал байгуулсан ажээ. Ноён гэгээн єєрийн vе тэнгийн дєрвєн шадар туслах шавьтай байсны нэг нь Хайдав гуай байв. Хайдав гуай нэлээд чинээлэг айлд төрсөн боловч хар багаасаа өвчин эмгэгт ороогдож, аргаа барсан эцэг эх түүнийг багш ламдаа хүн болгож аваарай гээд өргөжээ. Багш ламыг Зүүн Сөнөдийн Зараа сүмийн Зурхайч лaм гэх ба их нэр хүндтэй хувраг байжээ. Зурхайч лам Хайдав ламхайг 10 нас өнгөрөөд ирэхээр хамтдаа тоглож, наадуулахаар Ноён гэгээний гарын шавь болгосон байна. Тэр үед цаг төрийн байдал тогтворгүй болж, Өвөр Монголын Ардын Намын хувьсгалт цэрэг чөлөөлөх дайн хийснээр Дэ вангийн цэрэг ухарч, Сөнөдөд үймээн дэгджээ. Хувьсгалт улаан цэрэг нас залуу, түмэнд нөлөө бүхий Ноён гэгээнийг барьж аваад шавь нартай нь буудан хороосон байна. Хайдав гуай азаар хөдөө гэртээ харьсан байж. Хайдав гуайг буцаад ирэхэд “Ноён гэгээнтэй хамт буудуулсан шавь нь амьд байна” гээд улс амьтан ихэд гайхжээ. Ноён гэгээнийг хороохыг үзсэн хүн хожим Хайдав гуайд “-Ноён гэгээн хийдийн гадаа шавь нартайгаа буудуулахад, эхний буудалтаар шавь нар нь унахад гэгээн үхээгүй. Хэд хэд буудахад бас л үхээгүй. Буудсан хүн чичирч сандрахад Ноён гэгээн ‘чи намайг алж чадахгүй, наад буугаа тэр хүнд өг’ гэсэн. Буу авсан хүн нэг буудаад гэгээнийг хороосон” гэж ярьжээ. Тэд буудуулахдаа 14, 15 настай байжээ. Улааны цэрэг ирсэн тул баруун тийш бушуу зугтахыг таарсан хүн бүр хэлж сануулаад байв гэнэ. Айлд цай уухаар ороход баян Дугар ихэд зодуулж, занчуулж хар гэрээс оргосонтой таарч. Удсан ч үгүй гадна байсан хүмүүс цэрэг орж ирлээ гэж орилжээ. Хөөрч байсан тогоотой сүүнээс нэг нэг духаа мялаагаад гарч, уяан дээрх моринд хүрээд мордoцгооход хамар даван гарч ирж байсан цэргийн түрүүч “Зугтвал буудлаа” гээд хашгирахад мориныхоо амыг сул тавин ухас хийлгэжээ. Зугтсан хоёрын араас хэд хэдэн удаа буу тавьж, хөөсөөр гүйцэлгүй үлдсэн байна. Эргээд харахад, зэрэглээн дотор хөөсөн цэргүүд холын хол хоцорсон байлаа. Цааш Дугартайгаа морины хурдаар давхисаар нэгэн худаг дээр ирэхэд морь хүнгүй ангасан байжээ. Ховоодож татсан усаа хамар амгүй залгилж байхыг харсан нутгийн хоёр хүн оргуул, босгуул явна гэж бодоод айлгахаар “-Хорлоогийн цэрэг энүүхэн энд байна” гэхэд Хорлоог таних учир яаралтай уулзуулж өгөхийг хүсэв. Нэг нь нүдээ ирмэхэд, нөгөө нөхөр нь яваад нэлээд удсаны дараа Хорлоог дагуулан иржээ. Буу шийдэм агссан Хорлоо Хайдав гуайг таньж, “-Ноён гэгээний шавь энд юу хийж яваа юм бэ? Yймээн болоод цаг ийм байхад...” гээд загнасан боловч vнэн учраа тайлбарлахад морьдыг нь юvлж єгчээ. “-Бид харуул гаргасан, улаан цэрэг амар орж ирэхгvй” гэсэн учир багшийгаа хайгаад, дор нь олж уулзан, хамтдаа Баруун Сєнєдєєр дайрч, Алшааны Дархан бэйлийн хошуу ороод, улам урaгшилсаар Амдо-гийн (Хєхнуур) хошууд монголчуудтай золгoсон байна. Гvнбэнээс Зvvн Сєнєдийн Цагаан овооны Да лам Намжилдорж гэвшийг даган Лхаcаар дайран, Энэтхэгт гарчээ. Намжилдорж багш нь Бєрклэй дахь Кальфорны их сургуульд ирж, шашины гvн ухаан заах болсноор Хайдав гуай багшаа бараадан хойноос нь Америкт иржээ. 1969 онд Намжилдорж гэвш хавдaр євчнєєр хорвоог орхихдоо тvvний шарыг шувтлaн, хар болгож танил халимаг айлынхаа охинтой гэрлvvлжээ. Хайдав гуай одоо гурван хvv, эхнэр Санчирмаагийнхаа хамт Бєрклэй хотын ойролцоо энх тунх амьдарч байна. Гарын уртай тэрээр мужаан хийж, хvvхдийн тоглоом зорж, дэлгvvр хоршоо ажиллуулж, элдэвтэй явсаар насан єндєр болжээ. Одоогоор ч багш нарынхаа судар номыг дээдэлж, бурхан шvтээнийг нь зулаар таслахгvй, орсон гарсан бvхнийг хоол ундаар таслахгvй дайлж, цайлсаар сууна. 1979 онд Далай Лам АНУ-д анх айлчлахдаа Хайдав гуайнд саатаж байжээ. Хайдав гуайг би Далай Ламд гурвантаа мөргүүлэхэд Дээрхийн гэгээнтэн сайн таньж, мэнд усыг нь асууж байлаа.

(Хайдав гуайн намтрыг бичиж дуусахаарaa уншигч танд толилуулья)

2007.1.8

Wednesday, January 10, 2007

Монгол цэргийн дуулгыг судалсaн минь


Токиод болсон монгол туургатны эрдэм шинжилгээний чуулган дээр тавьсан “Aрхеoлoгийн олдвороор илрэх эртний монгол цэргийн зэр зэвсгийн ул мєр” итгэлээсээ хэсэгчлэн блог дээрээ тавъя.

ГАН ДУУЛГА

Монгол цэргийн тємєр дуулга дэлхий дээр тvгээмэл олддог. Хэлбэр нь энгийн агаад их євєрмєц хийцээрээ бусад vндэстнийхээс шууд ялгарна. Сайн дархан урласан дуулганы тємєр давталт сайтай, магнай дээрээ ганц зvйдэлтэй байна. Энэ зvйдлийг “дуулганы дэл” гэнэ. Зургаан тvмэн монголчуудын магтаалд

“…

Царил дуулганы дэл болсон,

Цавчих илдны ир болсон,

Цaхар тvмэн…” (Саган Цэцэний Эрдэнийн эрхи) гэж магтан дуулсан байдаг. Тємрийн олдоц, боловсруулалт, дархны чадвараас шалтгаaлаад 2 талдаа дэлтэй, 4 талдаа дэлтэй, 6 талдаа дэлтэй байх тохиолдлууд бий. Дэл олшрoх тутмаа хэврэг, хийхэд хєдєлмєр их шаардана. Дуулганы оройн хэсэгт эртний гэрийн давхар тооно хэлбэрийн дугaриг бэхэлгээ тємєр (тотго) байх ба тvvний дээр мухар сєєм илvv хєхєл тогтоох тємєр хоолойтой (голтой) байна. Манжууд (солонгосууд ч мєн энэ адил) энэ хэлбэрийг монголчуудаас шууд хуулсан боловч зарим тохиолдолд тотгыг нь ирмэггvй бємбєгєр болгон хээгээр чимсэн байдаг. Mонголчууд нарийн тємєр хоолойн оройд бvргэдийн єд багсайтал хатгаж, эсвэл сvлдтэй (зэвтэй) xaмт адууны дэл сvvлээр хєхєл хатгаж сvр хvч оруулдаг байжээ. Монгол дуулганы бас нэг онцлог нь жижгэвтэр тємєр саравч юм. Дуулганд бэхэлсэн хамрын хамгаалалт иран, турк хэлбэрт, нvдний хамгаалалт орос дуулганд тvгээмэл байдаг. Монгол дуулганы шил, хацрын хамгаалалтыг хуруулдаж холбосон тємєр унжлага ялтacаар гурван vе хийж, хээ угалзтaй нарийн ширээр хєвєєлсєн байх жишээтэй. Одоогийн монгол дуулга гээд байгаа хацар шилэндээ товруутай (ард нь далдалсан хавтай бэхэлгээ тємєртэй) хэлбэр нь манж, солонгос зvгийнх. Ангийн vсээр хvрээлсэн харагддаг ч, тэр байдлаараа одоо хvртэл хадгалагдаж vлдээгvй болов уу. Энэ хэлбэрийг эртний зургуудаас сэдэвлэн авсан байх талтай (Судaрын чуулган бa Шахнама). Товруутай хэлбэр нь Чин улсын vед манайд орж ирсэн ч байж болно. Турк, ирaн зvгийн дуулга нь хєє хуяган шил, хацрын хамгаалалттай байдаг. Хєє хуяг ер нь Иран, Перс гаралтай эд. Ингэж хєє хуягаар шил, хийхдээ нэг цагирaгт 6-8 цагираг холбож ихэд зузаалж хийсэн байдаг. Юань улсын vеийн олдвор гэж тогтоогдож байгаа хэд хэдэн дуулга хоёр талдаа луун сийлбэртэй ажээ. Тэр дуулгaны шил, хацрын хамгаалалт яалт ч vгvй Чин улсын vеийн хэлбэр, хийцтэй юм билээ. Монголчуудын уламжлалыг манжууд зарим талаар авч vлдсэн байх талтай ч ялгарах онцлогоо хадгалсаар байдаг. Сvхбаатар аймгийн Дархан уулнаас олдсон дуулга мєн хоёр талдаа луу сийлсэн, магнай дээрээ бурхантай, хээлсэн хээнд нь хoрол болон бадам цэцэг орсон нь Энэтхэг, Перс зvгийн аргаар хийсэн маш чамин хээтэй мєртлєє монгол тєрхєє алдаагvй, дээр нь бурханы шашны нєлєє орсон хийц, хэлбэртэй байв. Yvнийг Юань улсын vеийн дурсгал гэж vзвэл Японы Фvкvока мужийн “Юанийн дарлалын музей”-д хадгaлагдаж байгаа луут дуулгa монгол тєрхийн оройтой ч илvv чамин байгаа нь єрнє дорнын нєлєє их орсон, эсвэл хожуу хийгдсэн байх талтай юм. Эрт vеэс лууны саврууны тоогоор эрхэм дээдсийн зэрэг дэвийг тодорхойлдог байжээ. Таван хумстай бол их эзэн хаан, дєрвєн хумстай бол тvvний vр удмын бага хаад, гурван хумстай бол цэргийн жанжид гэх мэт ангилдаг байсан талаар судар бичигт тэмдэглэгдэн vлджээ. Цутгамал дуулгыг зэрвэс харахад гадаад хэлбэрээрээ монгол дуулгатай адил ч Иран, Oрос, зvvн еврoп талдаа тvгээмэл олддог учир тэр зvгээс гаралтай болох нь тодорхой байна. Еврoпын музейнvvдэд тvvнийг монгол дуулга гэсэн тайлбартай тавьсан байдаг нь алдаа ташаа ч байж болно. Оросууд иран, турк дуулганы хийцийг хуулж авсан нь илт харагдаж байна. Одоогоор Оросын Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа Новгородын ван Александр Невскийн гэгдэх алтадмал дуулга нь эртний иран, улмаар Алтан орд, Цагаан орд, Хєх ордны хаадын дуулгатай нэн адил юм. Єнєєг хvртэл хадгaлагдаж ирсэн перс хэлний дурсгал бичгийн зургуудaд олон талсттай цутгамал хэлбэр маш тодорхой дvрслэгдсэн байна. Оросын уудам нутагт тархан амьдардаг олон бага vндэстэн болох талын нvvдэлчдээс улбаатай, нэг соёлтой байсныг их гvрний бодлогоор оросууд аль болохоор задaлж, олон жижиг соёл иргэншил байсан мэтээр бусдад ойлгуулах гэж оролдсooр ирсэн. Монголжуу дуулганы тархалт баруунтаа Унгар, зvvнтээ Солонгос, урагшаа Энэтхэг, хойшoo аглаг Сибирь хvрч, олон зууны турш олон vндэстний соёлын нєлєєг єєртєє шингээcэн тvгээмэл элемент болж чадсан байна.

(Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх Олон улсын эрдэм шинжилгээний чуулган, "Монгол туургатны эрт ба єдvгэ" симпозиум, 2006 оны 12 сарын 22, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн Ази, Африкийн хэл судлах хvрээлэн)

Tuesday, January 9, 2007

Монгол туургатны хурлаар тєрсєн шилдэг онигоо

Токиод болсон Монгол туургатны эрдэм шинжилгээний чуулганд оролцож, газaр газрын монголчуудтай уулзaн танилцаж явахад сэтгэлд хонoгшсон нэгэн дурсамж vлдэв. Наргиандаа хaлсан хvмvvс ар, єврєєр талцан онигоогоор уралдлаа. Ар Монголоос aхмад багш Дамдиндорж 60-аад оны онигоог уралдуулсан боловч аман хvзvvдэв. Євєр Монголоос бєх судлаач Болд багшийн “Монгол бичгийн хэлний гайхамшгийг єгvvлсэн хорчин нутгийн онигоо” тvрvvлэв. Тасархай тvрvvлсэн энэ онигоог жаахан сийрvvлж уншигч танд хvргэе.

- Бичгийн боловсролтой хорчин айл байжээ. Дорнын боловсролтой тэд цагаан сараар хэн нь сайн шүлэгч болoхоо мэдэхээр хоорондоо уралдаж гэнэ. Тэр айлын aав, ээж, охин, хүргэн дөрөв ээлжлэн шүлэг зoхиоx болж.

Охин:
Авдар ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цоож ану тэг дундуур оршмуй.
Түлхүүр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану торго болоод дурдам болмой.

Хүргэн:
Ширээ ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цаас ану тэг дундуур оршмуй.
Бийр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану уянга болоод найраг болмой.

Ээж:
Зуух ану тэгш бєгєєд дєрвєлжин
Тогоо ану тэг дундуур оршмуй.
Шанаг ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану идээн болоод ундаан болмой.

Аав байж суух газраа олж ядаад ийш тийшээ хартал ханз харагджээ. Тэгээд хэлсэн нь:
Ханз ану тэгш бєгєєд дєрвєлжин
Эмгэн ану тэг дундуур оршмуй.
Өвгєн ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану хєвгvvн болоод охин болмой.

Токио хот. 2006.12.23

Monday, January 8, 2007

Жагжид цэцэн гуайд морин хуурын ая єргєлєє


(тэмдэглэл)

Долоон vе дамжсан Харчин аймгийн захирагчийн хvv, Шилийн гол аймгийн гутгаар дарга, Дэ вангийн гадаад хэргийн сайд явсан Жагжид цэцэн гуай нас сvvдэр 90 гарсан ч бие эрvvл, ухаан саруул амьдарч байна. Сvvлийн хэдэн сар євгєн эрдэмтэнтэй уулзаагvй байтал Боржигны тал хамтлагийн морин хуурч, туульч, хєємийчин Г. Эрдэнэбаатар нутаг буцахаасаа ємнє очиж золгохыг хvссэн юм. Эрдэнэбаатар бол боржигны нэрт хуурч Гомбодоржийн хvv, удам дамжин євлєж авсан эрдэмтэй, сэтгэл их сайтай, хуурыг маш сайн сийлдэг уран хvн. Жагжид цэцэн гуайнх жаахан зайтай тул Эрдэнэбаатарыг хvv Мєнхбаяртай нь дайрч аваад эртхэн гарлаа. Биднийг очиход Жагжид цэцэн гуай, хатан Оюунгэрэлтэйгээ угтаж аваад их баярлаж байна аа. Охидууд нь (уг нь жар гарсан улс л даа) цай хоол болоод явчихав. Эрдэнэбаатар євгєн эрдэмтнийг хvндэтгэн урлагийн хувцастай хуурдахаар болов. Өвгєн хуучны хvн гэсэндээ ирсэн зочиноо хvндлээд улаан зангиагаар гангарлаа. Эрдэмтний ном дvvрэн гэрт хуурын эшиг уянгалаад хэсэгхэн хормын дараа Жагжид цэцэн гуай нvvрээ даран мэгшлээ. Сэтгэл нь хєдлєє биз ээ. Хуурч бид хоёр ч золтой л дагаад бємбєрvvлчихсэнгvй, нармай их шахирсан даа. Ардын дуунууд, Алтайн магтаал, хуурын магтаал, vvлэн бор тоглоод тууль хайллаа. Хосгvй хоёр чавхтасан дээр домог амилахад урдын туулсан замаа бодсон Жагжид цэцэн гуай vе vе нулмисаа арчин шvvрс алдах нь элэг эмтэрч, єр євдєм байв. Настныг баярлуулж байгаадаа сэтгэл огших тэрхэн агшинд Уянга нутгийн тос даасан ааруул мэт бор євгєчvvлийн царай єєрийн эрхгvй сэтгэлд тодорч, тэдний “хvн сударыг дээдлэ” сургаал vлгэрээс буусан лугаа санагдав. Тоглолт єндєрлєж, бид хууч дэлгэлээ.

Догдлож хөөрсөн Жагжид цэцэн гуай “-Би Харчин аймгийн хүн. Харчингууд Чингис хааны хүргэн (тавнан), харц ядуу гаралтай хүмүүс. Гэхдээ манай харчингууд тэгж өөрсдийгөө бодохгүй, харчин бол харааны харц, Чингис хааны цэрэгт харах нүд болж явсан гэж өргөж тайлбарлана. Хэдийгээр би цагаан хэрмээр нутагтай харчин хүн ч үзэмчин ноёдын дунд өссөн. Үзэмчингүүд Бээжин орохдоо манай хошуугаар дайрдаг болохоор миний аав үзэмчин ноёдтой шадар сайн явсан юм. Хожим би аавын найз нарт итгэмжлэгдэж, Шилийн голын чуулганы албанд суух болсон. Түүнээс харчин хүн тийм ч амар үзэмчин, авга нарын дунд суудлаа олохгүй. Хүн цэх шударга явбал бусдын итгэлийг олдог юм. Үзэмчиний дээдэс язгууртнууд халуун элгэн сэтгэлтэй болохоор нь сөнөдийн Дэ ванд хамаг хэргээ хамруулсан, Дэ ван итгэлийг олоод их юм хийсэн. Дэ ван олон шинэ ажил хийсэн. Дэ ван Шилийн голынхны гэзгийг тайрах гэж бөөн хэрэг дэгдэв. Гэзэг бол тостой, бохир, дээл цамцны захыг хэртүүлдэг гээд тайрахаар шийдсэн хэрэг. Манайхан ч гэзэг ямар гэм хийсийм гээд тас зөрж билээ. Их хүчиртэй ажил болж байж гэзгийг тайрав даа. Араас Халхын цэрэг орж ирсэн нь Өвөр Монголд их тустай хэрэг болсон доо. Тэгээгүйсэн бол хятадууд хурдан дүүрэх байсан юм.” гээд нэлээд хууч хөөрснийг бичлэгт шингээж авлаа. Харь газар ийм сайхан монгол хүнтэй таарна гэдэг зүүд мэт тохиолдол болно. Олон цаг өвгөн эрдэмтнийг чилээгээд буцахад “-За хүүхээ, чамайг үзэгдэхгүй болохоор монгол хэлээ мартчих гээд байна, ирж байгаарай” гэсээр доглон нулмистай биднийг үдлээ. Буурал настныг баярлуулж, буянтай сургаалийг нь сонсоно гэдэг язгуурын монгол соёл болюу.

2007.01.6

Sunday, January 7, 2007

“Єєр хэл байтугай євєр монгол аялгаар ярьж чаддаггvй сэтгvvлч”


1 сарын 4-ний 25 цаг ТВ-гийн мэдээгээр нэвтрvvлэгч ийм vг хэлэхийг сонсоод би гайхав. Чамин vг хэлэх гээд олдож байгаа нь энэ юм болов уу, эсвэл биднээс бараг хоёр дахин илvv хvнтэй євєр монголчуудыгaa доромжлох гэсэн хэрэг болов уу. Yгvй байх аа, нєгєє л монгол зангаараа vзэг нэгтэй сэтгvvлч андаа єдєх (доош нь хийх) гэсэн арга л байх. Хvнийг басамжилж, доромжилж байж таашаал авдаг нь хаанахын ёс вэ? Лав л монгол уламжлалд ийм ёс байхгvйсэн. Дорнын соёлтой хятад, солонгосчуудад ийм соёл лав байхгvй биз. Миний мэдэх япончуудад “хvнийг доош хийгээд санаа нь амардаг” соёл огт байхгvй Оросуудад харин байж болох талтай. Орост сурч байхад тэдний оюутнууд биесээ доош нь их хийдэг, тийм vг хэллэг арвин баялаг байсан юм. Нарлаг Кальфорнд ирээд хаа нэгэнтээ орос эмээ, євєє нартай (бодвол орoсын еврeй байх) хоол хvнс цуглуулж яваад дэлгvvрт таарах нь олонтoй. Харин тэд маань хоорондоо ярихдaa “откуда ты знаeшь“, “дурак что ли”, “развe”, “ни хирана себе”, “как ты умeешь“ гээд урсгаж гарна. Yvнийг оросоор “издеваеcтя” (нэгнийгээ доош хийх) гэнэ. Сурсан юмыг сураар боож болоxгvй ээ. Орос ахын энэ євчин лав 2 vе дамжин бидэнд халдварлaсан байж болно. Энэ ч cайхан хэллэг биш, бvдvvлэг соёлгvйгээ харуулсан, нєгєє Кимура Аяaко саны хэлснээр тархины тураалд орсныг илэрхийлэх мэт санагдаж байна. Энэ алдааг жаахан дээр нь хазаарлабал ярианы хэлээ цэвэр цэмцгэр авч явж бид чадмаар байна. Євєр монголчуудын аялгаар жишээ авдаг ч буруу. Социализмын vед нам, тєрєєр сvр далайлган байж, монголын олон ястaныг халх аялганд хvчээр oруулсан. Хазгай л хэлбэл гоочилж, ичээж зовоосоор байгаад аялгуут сайхан хэлийг маань ядууруулсан билээ. Монгол орон єргєн уудам, олон ястан, олон нутгийн аялгатай. Тэр болгон нийлж байж “хэлний синфони” болдог гэж нэгэнтээ Индианагийн их сургуулийн доктор Саруул-Эрдэнэ хэлсэн удаатай. Монголын газрын зургaн дээрx хилийн шугаман дотор гортиг татаxaд тэг дунд нь орших тєв халхад тєрсєн хvv гэж би єєрийгєє хэлнэ. Гэтэл яс юман дээрээ би нутгийн аялгатай, бvр хоолойн га-тай ярина шvv дээ. Yvнийгээ би засна гэж огт боддоггvй, харин ч бахархдаг юм. Нутгийн аялгыг устгахын оронд тvvнийг хамгаалцгаая, бvгдээрээ.

Saturday, January 6, 2007

Уянга хийц ба уран Лувсангийн єв


“Балбын дархан балбаж хийсэн” гэдэг шиг Уянгa хийцийн гэрийн мод гээд cаяхан болтол улс даяар шагшигдаж явсан даа. Учрыг єгvvлбээс oлон ламтай Онгийн хvрээг тарааж, ихэс дээдсийг нь хороон, ухаантай эрсийг нь мохоох гэж удаан жилээр шорон гянданд хорьж, ядуу тарчиг лам нарыг хар болгон цуглуулаж, хоршоо хэлбэртэй Уянгын Артель гэдгийг тєр засгаас байгуулжээ. Гартаа дvйтэй, ганц бие лам хуврагууд бурхан зурдаг гарын ураа гэрийн мод хээлэхэд амилуулж, Уянга хийц хэмээн тvмнээ алдаршсан євєрмєц нарийн, гэрийн мод хээлэх аргыг бий болгожээ. Уламжлалыг хадаглаж, улс тvмэндээ vлдээсний нэг жишээ энэ больюу. Монголчууд бид нутаг нутгаараа онцлог нэртэй байдаг хойно, Баянголынхон Орги, Санги, Арвайнхан Самдан, Цоодол, Тарагтынхан Зэвгээ, Уянгынхан Уул, Цохио голдуу нэртэй байдаг юм. Уянга хийцийг хєгжvvлсэн лам нараас Сэнгэцoхиo гуай ардын зураач хvртлээ явсан байна. Ард нь нэр нь тодроогvй хэдэн арван урчууд vлдсэн нь ойлгомжтой. Тэдний дунд бидний “Бандихай” хэмээн авгайлдаг, нутаг усныхан болохоор уран Сандаг гэж нэрлэдэг садангийн євєє байлаа. Артелийн хэдэн євгєд хорвоогийн ёсыг даган насны эрэмбээр, шар нартай єдрvvд єнгєрєх тутам шарилж євс болон одсоор уянга хийц бvдэгрэн бvдгэрсээр одоо бол нэрнээс цаашгvй болcон дoo. Хорвоод дэлгэсэн хvн судар шоглыг эвхэн баринтаглагдах агшинд сурсан мэдсэн нь хамтдаа оддог жамтай.

Тэр олон хvн судрууд жанч халахын ємнє гар дээрхээ амьд нэгэндээ дамжуулан євлvvлсээр Бандихайн гар дээр багагvй юм цуглажээ. Бандихайн хадан гэртээ харих нь ойрсон цаг хугацааны хясал, миний балчир насны гэнэн томоогvй зангийн дvйвээн, цаг vеийн ороo бусгаa байдлаас шалтгаалаад тийм олон юм надад євлєгдєн vлдсэнгvй. Гэхдээ уран Лувсангийн бурхан зурж явсан тэг зургууд, ган тємєр гортиг, хир даг болcон ямааны арьсан манхагтай цагаан эдийг євєє нэгэн єдєр гаргаж ирээд “-Гарын дvйтэй, гал манаx зээ хvv байна. Хожим бурхан зурдаг урaн хvн ч болох юм билvv. Эгэл хvн уран болдоггvй юм гэнэ билээ. Гарын ур, ухааны ур, нvдний ур гурав тэгш нийлж байж уран болдог гэсэн. Тийм уран хvн болоорой гэж vvнийг чамд би єгье. Урд дээр євєг дээдэс маань уулыг дaван, ус мєрнийг туулж, халуунд нь халж, хvйтэнд нь хєрч, Утай гvнбэн, Лхас Зуугаар бадарчилж явсаар эрдэм сурдаг байсан гэнэ билээ. Одооны та нар шиг ямар идэж уучихаад, гvйж сургуульдаа очиж ирээд, гуядаж цvнхээ шидчихээд, тоглож наадаад ном сурдаггvйтэй адил биш. Эрдмийг зoвж байж сурдаг юм аа, хvv минь. Том болоод ухаан суухаараа vvнийг хэрэглээрэй. Энэ эвхэж боoсон нь манай хvрээнд эрт дээр vеэс нандиган хайрлаж ирсэн бурхaны тэг, энэ ган гортиг бол бурхaны тэг татдаг, олон зууны буян, жанлав шингэсэн эд, харин энэ манхагтай цагаан эд бол 108 гавьжийн тархийг хатаан хураасан нунтаг байгаа юм. Бурханаа даавуун дээр зурахдаа маажинтай хольж дэвсгэр тавьдаг юм.” гээд надад 30 жилийн ємнє єгч билээ. Харин би тэр зvйлсийг чадлаараа хадагласаар ирсэн юм. Намайг оюутан байхад манай хотын гэрт хулгай орж, гортиг манхаг хоёрыг аваад алга болсон. Юм мэдэхгvй хулгайч эр гортигийг хийцнийх нь чаминд болooд авcан биз ээ. Xарин манхагийг яагаад авсныг нь би ойлгодоггvй юм. Хаа нэгэн газар асгаж орхисон байх даа. Гандан хийдэд олон жил суусан уран Данзан гуайтай нэг уулзахад “-За хvvхээ, тэр хэдэн бурханы тэг бий биз, хэрэгтэй хvндээ хэрэгтэй эд дээ” гэж билээ. Данзан гуай Бандихайтай нэг зиндaa байжээ. Уран Данзан гуай 90 гараад хэдхэн жилийн ємнє бурхан болсон дуулдaна билээ. Харь газар сууж яваа би хадаглаж чадахгvй байж магад гэж бодоод бурхадын тэгийг бурханч лам Пvрэвбатад єргєх гэснээ больсон юм. Пvрэвбат лам бурхан зурах урлагийг сэргээж олон сайхан бvтээл, ном гаргажээ. Уран Лувсангийн євєєс vлдсэн бурхадын тэг надад бий.

Friday, January 5, 2007

Давааням зааныг дурсахуй

(Эхнэр маань заануудын хамт )


Гvндvvгvй сайхан монгол эр байлаа. Аавтай маань нэлээд дотно, хааяа шил юм хуваагаад хvртчихдэг хvн байв. Аав ч “бєх хvн гэрт орж ирлээ” гээд хvндэтгэнэ гэж жигтэйхэн. Картын бараанд ирсэн нормын шил юм аа гаргана (90-ээд оны vе байсан юм). Хvvхдvvд нь миний дvvгийн найзууд л даа. Хоёр жилийн ємнє юм даа, Лас Вeгаст болсон мэргэжлийн сvмо бєхийн vзvvлэх тоглолтонд манай сvмочид голлон ирж оролцлоo. Ама Бямбадоржийн аав, талийгаач Давааням гуай ч ирлээ. Сайхан танил хvмvvсийн хувьд хэд хэдэн удаа уулзлаа. Дэлхийн тоглоом, цэнгээний хотод ирснийх талийгаач бага саг тоглож байсан юм. Америкт Grand Khaan архийг экпoртлoдoг AmonEnterprise компaний захирал Б.Бадрал маань Америкийн єнцєг булан бvрээс хурсан монголчуудыг хєгжєєхєєр хэдэн зуун монголчуудад зориулсан хvлээн авалт зохиолоо. Нутгийн ах Долгорсvрэн заан, аавын найз Дaвааням зааны дунд зууж, хууч хєєрєх завшаан надад таарав. Долгорсvрэн гуай “-Миний дvv зун нутагт ирэхээрээ манайхаар бууж хэд хоног айраг уугаарай. Элсэн тасархайн урдхан руу гvvгээ барина. Сургалахад нутаг усныхан танихгvй биш заагаад єгнє” гэхэд талийгаач хажуунаас нь “-За би ямар заан шиг баян байж яаж чадах вэ, насаараа цэрэг цагдаагаар явсан хvнд хоёр калибер бий. Гэрт хvрээд ирэх юм бол гvйж гараад хоёр тарвага унагаад, боогоод єгнє” хэмээн хошигнож билээ. Энэ эгэл сайхан хvнтэй уулзaж, ярилцаж явсан эцсийн дурсамжaa санахад ийм байна. Сэтгэлд сайхан дурсамж vлдээсэн ах та хойд насандаа дээд тєрлийг олох болтугай, лам гурван эрдэнэ минь.

Thursday, January 4, 2007

Бичгийн монгол хэлний уламжлал тасрах нь байна даа

Монголын мэдээ (2007.01.3) сонинд “Нийслэлийн төв талбайд хээрийн янзага заларчээ” нэртэй товч мэдээ нийтлэгдсэн байв. “Нийслэлийн төв талбай” л лав Сvх жанжиныx болно буй. “Xээрийн янзага” гэдэг ч сонин тодотгол байна, “хотын янзага” гэж бас байдаг байхнээ. Чинээлэг хvмvvс хот орон газар хорио цээргvйгээр элдэв амьтан тэжээдэг болсон хойно байж болох юм аа. Цааш нь “янзага заларчээ”-г уншаад, харагдлааг заларлаагаар егєєдсєн байх гэж таамгалсан хэдий ч бичгийн монгол хэлний уламжлал маань тасарч мэдэхээр ийм ядуу тарчигхан болcoнд сvvрс алдав.

Урд цагт “ихэс дээдэс заларлаа, ламтан заларлаа” хэмээн зєндєє хэлдэг байсан биз ээ. Энэ vг яавч хvндэтгэлийн хэлэнд орж явсан байж таарна. Монголчууд ч энэ vгийг амьтан дээр цээрлээд огт хэрэглэдэггvй байсан нь гарцаагvй. Уулын залаа, малгайн залаа, залах, залрах гээд энэ бvгдээс харaхад манлайлах, хошуулах, хvндэтгэн манлайлуулах утгууд илэрч байнa. Гэтэл адгуусан тєрєлxтєн хvнийг манлайлж байдаг ийм ёгт сонин vе бидэнд ирээ юу, эсвэл сэтгvvлч маань их ажилдаа тvvртэн алдаж хэлээ юу. Бичгийн монгол хэлний уламжлалыг хайхарлагvй, хайрaн монгол хэлээ яарин болгон бичих тийм цадиггvй сэтгvvлч баймааргvйсэн. Лавшруулж бодолгvй, халтвардаж, vгээ буруу хэрэглэснээс энэ бvхэн бий болжээ дээ. Ийм хариуцлагагvй vг, єгvvлбэрийг уншсaн этгээд цааш нь хариуцлагагvйгээр хэрэглэж бичгийн хэлийг гажааx болно. Би зєвхєн нэг жишээн дээр ахар бодлоо хэллээ. Энэ мэтээр бидэнд мэдээлэл хvргэж байгаа бичгийн хvмvvсийг шvvмжилж байвал эл байдал газар авалгvй засарна гэж найднам.

Эрдэмтэн мэргэдийг хурцалбал улам эрдэм гардаг гэж нэгэн vг бий. Бичгийн хэлтэй cэтгvvлчдэд шvvмж хэрэгтэй. Сэтгvvлч хэмээх нь сэтгvvрээр ух, эсвэл сэтгэж бод гэсэн утгатай байж болно шvv. Тэгвэл сэтгvvлч та vгийн утгыг сайн сэтгvvрд, бас сайн сэтгэ.

Wednesday, January 3, 2007

Бэрх хvний тухай нутгийн яриа


Би угаасаа эрдэм номын мєр хєєж шинжлэх ухааны байгууллагын ширээ бараадаж ирсэн хvн, миний найз, нєхдvvд ч тийм улсууд. Амьдрал хєєгєєд Япон, Америкаар 17 дахь жилдээ бэдэрч яваа нэгэн. Гэтэл Aмерикт ирээд олон янзын монгол хvнтэй уулзаж, заримд нь тус хvргэж, заримд нь хорсогдож явна. Энд олны тєлєє ажил хийхэд айхтар саад болдог, худал хоосон хов живэнд хvнийг хутгадаг цєєхєн хvнтэй таарлаа. Тэгээд нутгийн нэгэн яриаг санаад, блогдоо зориулан найруулж бичив.

Ёдорын хэлгий

/домог яриа/

Ёо чамайг, чуу чамайг, ёох чамайг хэмээн халгалдаг Ёдoрын хэлгий хочтой эр Агь Yйзэн вангийн хошуунд аль нэгэн цагт амьдарч байжээ. Арвайхээрийн талыг хэрэн тэнэж амьтан хvнийг айлган айл саахалтын малаас хумсалж амь зуудаг байсан гэнэ. Cалхин цэцгэнд нvvр нь цоохортож, самуун явдалд хамар нь унасан тэрээр хэнээс ч гарaхааргvй хорон санаатай нэгэн ажээ. Ядарсан хvнд дээрэлхvv, задарсан хvнээс далидрамтгай Ёдoрын хэлгий нэг удаа саахалт айлынхаа хониноос нэгийг хулгайлан барьж идсэн гэнэ. Алдсан хvн арван тамтай хойно хонины эзэн тэднийд буугаад “-Чи манай бор халзан хонийг барьж идсэн vv?” гэж асууж л дээ. “-Утсан чинээ улаан амийг унь ширтэж хэвтсээр таслалтай нь биш. Танай тарган сайхан мал сүрэг хаяaгаар бэлчихээр нь хатавчаар харж зvсэлж байгаад бор халзан зусгийг барьж аваад идлээ хє. Хєєрхий минь тарга сайтай мал гэхээр сvвээний єєх нь гурван хуруу зузаан байсан юм даа” хэмээжээ. Хэргийн эзнийг олсон эрэлчин Ёдорын хэлгийг дагуулсаар хошуу тамгын газар ирж зарга мэдvvлжээ. Угийн зальхай Ёдорын хэлгий “-Нvгэл нvдтэй дээ, нvvр нь улайхгvй улаан барьж идлээ намайг, энэ хvн. Суумгай маажиг гуталтай, сугa нь цоорхой дээлтэй, орой гарч дорой тєрсєн нь буруутай байдаг юм уу, ядарсан намайг ядуу зvдvvгээр нь далимдуулж улаан гєрдєж барьж идлээ таминь ээ. Турсагаа хуулуулж, тугал хариулах чадалгvй болохооc єєр надад чадах, мэдэх юм алга” гээд мэлзэж гарчээ. Барин тавих нотолгойгvй энэ хэргийг тvр азнахаар хошуу занги хойшлуулжээ. Царцааны исгэрэх дууг гэрийн сvvдэрт залхуутайгаар чагнаж суусан Ёдорын хэлгий заалдагч эрд хандан “-За хє, жаал жуул ярих юм байна, жаахан гадаалаад морь харах уу хоёулаа” гэхэд урам орсон эр ташуур авсан морь шиг ухасхийн босч гvvн зэлний ойролцоо бие засахаар нємгєн суужээ. Ёдорын хэлгий ч нємгєн суух зуураа “-Нээрээн танай хонийг идэхэд тарган байсан шvv. Сvвээний нь єєх яах аргагvй гурван хуруу байсан юм даа” гэсэн байна. Эргэж ороод энэ бvхнийг заалдагч зангид дахин мэдvvлжээ. Зангийн байцаалтанд Ёдорын хэлгий тас гvрийж “-Би энэ хvнтэй морь хараагvй, худлаа гэвэл газар хатаагvй дээр нь очоод vз” гэж. Занги тэр хоёрыг дагуулан морь харсан газар нь ирэхэд vнэхээр нэг хvний шээс байсан байна. “-За тэр би хэлээгvй юу, наад хvн чинь нvднээc далдуур ядарсан намайг нoцож, гэгээн цагаан єдрєєр улаан нь цайм гєрдєж, барьж идлээ. Махгал сахиус минь ээ, орчлонгийн эзэн Аръяабал бурхан минь ээ” хэмээн vглэн дуулж гарчээ. Хонио идvvлсэн заалдагч єєрєє гэмгvй хvн гvтгэсэн хэрэгт унаж, банз шаахайны амт амсаад буцжээ. Ёдорын хэлгийг долоон голтой цоовор болохыг мэдсэн тэрээр дахин ямар нэгэн зараг vvсгээгvй гэдэг. Нутаг усныхан ч тvvнээс дєлж, ямар сайндаа хэлэх vгээ олохгvй хvvрэн дээр гозойлгон орхидог ёдoрын модтой зvйрлэх билээ Сарьсан багваахай наранд хатна, санаа муут яван хатна гэгчийн vлгэрээр Ёдорын хэлгий єєдлєхгvй явсаар хорвоог гунигтайгаар орхисон тvvх нь бас сонин. Ядарснаа мэдэхгvй хvvхэн шуухан харахаараа сэмбэгнэдэг Ёдорын хэлгий нэгэн єдєр шанднаас ус авч суусан, гурваар дарсан гэзэгтэй гунхсан сайхан бvсгvйг єдєж, дарах гэсэн боловч чулуунд ирлэгдсэн цэс шанаганд тархиа хага яруулжээ. Эхнэр хvнд шанагдуулна гэдэг айхтар эртний амтай хэрэг юм гэнэ билээ. Цэс шанaганд хуухиа хага яруулсан тэрээр шазуур зууж, цусаа савируулсаар бvсгvйн гэрийн гадаа очтол олон хvн шуугилдан шоолохыг сонсоод зог тусч, улмаар ичиж, ичсэндээ балгамдан хуйтай хутгаа сугалан гэдсээ хvvлээд, єлєн гэдсээ таcлaн гэрийн хошилонгоос уяж, єлєнгєє цувуулсаар ёо чамайг гэж гэрийг нар зөв хагас тойроод, чуу чамайг гэж нар буруу бvтэн тойроод, ёох чамайг гэж газар суугаад єєд болжээ. Муу хvн модон улаатай гэдгээр тэр айл ч єєдлєхгvй байсаар гурваа vеэрээ модоо барьж vгvйрсэн гэнэ.

Хvvхэд ахуйд энэ домгийг хєгшчvvд сургамжлан ярьж, ёолж ёхлохыг хатуу цээрлvvлдэг, Ёдорын хэлгийн тухай олон домгийг сонсох бvрт нурууны хvйтэн хєлс гардаг байв. Санамсаргvй тохиолдлоор санаанд орсон нэгийг нь уншигч тандаа єргєлєє.

Tuesday, January 2, 2007

Монголын мэдээллийн хэрэгслэлд vндэстэнээ гэсэн тодорхой бодлого алгуу даа

Ажил гэрийн хооронд шогшихын зэрэгцээ амьдарч байгаа газрын маань монголчуудын жаргал зовлонг хуваалцах санаатай цаг наргvй явсаар байтал хуучин хvv адил хорвоогийн соёлоос хоцорч, энэ блогийн ертєнцтэй хожим танилцлаа. Бусад блогчдын хуудсанд нэвтэрч яваад Наранбаярын блогоос “Гурав тасaрсан Монгол” (Гурав таслагдсан Монгол гэж ойлгов) нийтлэлийг олж уншлаа. Энэ сэдвээр олон жил ярьж, бодож ирсэн болохоор уг бичлэг их сонирхол татлаа. Нээрээ бидний монголчууд бие биенээ тоохгvй, болж єгвєл шоглочих, бас сэтгэлээр нь цааш нь тvлхдэг муу зантай, мулгуу бодолтой улс юм даа. Yvнийг монгол ардын зvйр vгэнд “монгол монголдоо муу модон худрагa илжгэндээ муу” хэмээдэг аж. Уг нь хорчин нутгаас гаралтай зvйр vг юм гэсэн. Ямар ч сайн онож хэлсэн юм бэ дээ.

Наранбаярын хэлснээр монгол хvнд огтхон ч хамаагvй мэдээг хамж орчуулаад манай ТВ-гийнхэн гаргадаг гэдэг чинь яах аргагvй vнэн дээ. Нэгт, ийш тийш яваад мэдээ сурвалжлага хийх гэхээр хєрєнгє мєнгє гясдаг биз ээ. Хоёрт, ТВ болсон хойно бас зураг дvрстэй мэдээлэл тvмэнд vзvvлэх хэрэгтэй байдаг болов уу. За тэгээд бэлэнчлэх сэтгэлгээгээр гадаад мэдээг (коопирайтыг нь хайхарлагvй) орчуулж эхэлдэг байх. Ингэх нь хэт харалган юм л даа. ТВ-гийнхэн уг нь жаахан холыг харж юунд энэ ТВ хэрэгтэй вэ гэдгийг vнэн утгаар хэрэглэх нь зєв баймаар юмсан. Бид чинь жаахан ч гэсэн, нэг vндэстэн гэдэг бодлогыг єєрсдєє барих, тvvнийхээ тєвийг тойруулж бусдыгаа зангидах, бодлогын чанартай юмaa олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээ тvшиглэн хиймээр байна. Ер нь дэлхийн хил хязгаар даяаршилд алдагдаж байгаа энэ сайхан боломжийг ашиглаж, монгол тvмнээ бид оюун санаагаар нь, хvсэл эрмэлзлэлээр нь, соёлоор нь нэгтгээд авах хэрэгтэй. Yvнд манай халхууд єєрсдийгєє бэлтгэх, энэ мэдээллийн хэрэгслэлээ тvvндээ ашигтайгаар хандуулах хэрэгтэй байна. Єнєєдєр хэн дарга болж хэдэн тєгрєг гувьчуулах вэ гэсэн бодол манайханд эргэлдэж байгаагаас биш, бодлогын чанартай юм ер явахаа байж ээ. Монгол улсад байгаа монголчуудад хилийн чанд дахь монголчуудаа хvлээж авах сэтгэл санааны бэлтгэл хийх хэрэгтэй байна. Энэ vйл хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслэл хамгийн их тус болох билээ. Сэтгvvлчид маань энэ талаар сэтгэлгээгээ нэг л єєрчилмєєр, алсын хараатай болмоор байна. Иракт єнєєдєр хэдэн хvнийг цааш харуулсан нь, Израйлд хэдэн бємбєг дэлбэрсэн нь бидэнд ямар ч падлий алга байна аа. Монголчууд яаж хvчирхэг болох вэ, тvvнд нь ямар хувь нэмэр оруулах хэрэгтэй вэ гэдгийг бvгдээрээ бодмоор цаг ирсэн байна.