Япон халуун орон хэдий ч борооны улиралтай. Борооны улирлаар сэрүүхэн. Үүрийн гэгээнээр эртлэн босоод зүсрэх борооны чимээнд ном унших сайхан. Монголын эрт эдүгээн түүхийг шимтэн уншдаг л даа. Эртний монголчуудын хэлж ярьж байсан үг хэллэг, утга илэрхийлэх нь ихэд анхаарал татдаг байв. Тэдний хэлсэн үг цэх шулуун, давхар утга далд санаа байхгүй, үзэл бодлоо шууд илэрхийлсэн, нэг л бахдам сайхан шинжийг агуулсан байдаг. Үүнийг би монгол жудаг гэж хэлмээр байна. Эртний монголчууд ах захаа хүндэлдэг, хэлэх үгээ бодож тунгаадаг, хаана хэнд юу ярихаа мэддэг, хийх ажилтайгаа амаа зөрүүлдэггүй, сэтгэлд багтахгүй зүйлээ шуудхан хэлдэг гүдэсхэн бөгөөд төгс байсан мэт санагддаг юм.
Одоо бидэнд тийм шинж чанар дутагдаж байна. Эрх чөлөө гэхээр хэн хаана юу хэлсэн нь хувь хүний бүрэн эрх болоод нийгмийг муу үгээр бузарлаад, хэн нэгнийг нийтийн өмнө доромжлоод огтхон ч хариуцлага хүлээхгүй, хэсэг шуугиад тун удалгүй мартагнаад өнгөрч байна. Хүүхэд залуус ах захаа хүндэтгэх, олны дунд биеэ боловсон зөв авч явах төлөв нэг л сулхан болжээ. Энэ бүгдээс харахад манайхан эрх чөлөө гэдгийг жаахан буруу талаас нь ойлгоод байна. Өндөр хөгжилтэй Америк, Япон оронд эрх чөлөө хязгаартай, дэг жаяг нарийн байна. Ялангуяа Америкт хүүхэд залуусын хүмүүжил эцэг эхийн боловсрол, хараа хяналтаас шууд шалтгаална. Манайхны хамгийн чөлөөт нийгэм гэж ойлгоод, итгээд, бишрээд байгаа Америкт нийтийн мэдээллийн хэрэгслээрээ садар самууныг огт сурталчилдаггүй.
Гэтэл манай Монголын ТВ чат-аар ямар мэдээлэл урсч байна? Түүнд тавих засаг төрийн хяналт огт алга. Энэ бол Монгол улсад гүйцэтгэх засаглал буруу ажиллаж байгаагийн нэгэн тод илрэл. Нийгэмд тарьж байгаа xoр уршгийг тооцож үзээд хамгийн түрүүнд замбараагүй мэдээллийг хааж, түүнийг ажиллуулж буй жудаггүй монгол хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бол эрх чөлөөг хязгаарлаcан хэрэг oгт биш нийгмээ цэвэршүүлэх арга хэмжээ болно. Монгол хүн хүүхэд ахуй цагаасаа бусдыг үл хүндлэхэд ёс суртахуунтай болж хүмүүжвээс тэдний үе дээр Монголын нийгэм улам бохир болно. Тиймээс Монголын нийгмийг бохиртуулж буй эдгээр зүйлсийг өчүүхэн гэж үзэлгүй төр засаг анхааран ажиллах хэрэгтэй байна. Ямарч хараа хяналт, ёс суртахуунгүй ТВ чатыг цаг алдалгүй эмхэлж цэцлэхийг Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд С. Баяр танаас хүсч байна.
Монголын түмэн үрс сэтгэл ариун өсч бойжих болтугай.
2009 оны 7 сарын 24